Аймгийн Алдарт уяач Л.Батнацаг: Аавынхаа 40 жилийн хөдөлмөрөө зориулсан адуугаар наадаж хүү бид хоёр аймгийн Алдарт уяач цолыг хүртэцгээсэн
Уулзсан хүн бүр, орсон айл болгон түүнийг дарга хэмээн хүндэтгэнэ. Тэрээр Асгат сумын уяачид, хурдан хүлгүүдийн тухай бичигдэх “Тод магнай” сэтгүүлийн тусгай дугаарын бэлтгэлд өөрийн хувь нэмрээ оруулж, орон нутаг дахь зохион байгуулалтыг хийж яваа нь энэ юм. Тэр гэж хэн бэ гэж үү. Асгат сумын удирдлагаар 12 жил ажилласан, аймгийн Алдарт уяач Лхасүрэнгийн Батнацаг. Мориныхон бол түүнийг 2016 оны зүүн бүсэд саарал азаргаа аман хүзүүдүүлсэн гэдгээр нь илүүтэй мэднэ. Тэрээр бидэнтэй өөрийн түүхээ ийн хуваалцсан юм.
-Таны аав энэ нутгийн нэрт уяачдын нэг. Аавтайгаа өнгөрүүлсэн он жилүүд нандин дурсамж тээнэ биз?
-Тэгэлгүй яахав. Би хүний ганц хүү. Багаасаа л аавыгаа дагаж, адуу мал эргүүлэн, хурдны морь унаж хүн болсон.
-Олон жил хурдан морь унасан уу?
-Бие томтой байсан болохоор гурван жил унаад л хасагдсан. Тэр үед 32 кг хүрлээ бол мориноос хасагддаг. Одоотой адилгүй, морь унах хүүхэд элбэг. Бараг өөрөө “Би танай морийг уная” гээд гүйгээд ирдэг байсан. Өртөг хөлс ч гэж байсангүй. Хурдан адуутай айлын морийг унаад айрагдуулах нь юу юунаас илүү том шагнал. Эцэг эх нь ч гэсэн тэгж хүлээж авдаг байсан. Одоо бол өөрийн морь унах хүүхэдгүй бол уяад ч нэмэр алга.
-Санал нэг байна. Хөдөө хотгүй уралдаанч хүүхдийн хомсдол үүсээд байгаа. Та уралдаанчийнхаа хувьд ямар амжилт үзүүлж байсан бэ? Хэр овсгоотой байв?
-Хамгийн анх морь унасан жилээ аавынхаа уясан хүрэн хязааланг түрүүлгэсэн. Яаж уралдахаа мэдэхгүй хүүхэд холоо тасарчихсан байхад нь гуядаж байгаад аавдаа “Морь хол тасарчихсан байхад гуядаж байдаг. Амыг нь татаад тааваар нь амрааж явахгүй” гэж зэмлүүлсэн. Дараа жил нь соёолон унаж долоогоор давхиулаад, түүний дараа жилээ байх аа, азаргаа аман хүзүүнд давхиулаад хасагдсан даа. Хэдийгээр сургууль соёлын мөр хөөж, мориноос хэсэг хөндийрсөн ч зуныхаа амралтаар ирж аавдаа байнга тусалдаг. Аавтайгаа морь уялцангаа, уяаны эрдмээс нь суралцдаг байлаа. Аав минь хууч хөөрөх хэлбэрээр бидэнд мэдсэн сурснаа заадаг байж. Түүнийг нь өнгөрснийх нь дараа л мэддэг юм билээ.
-Ямар арга барилтай хүн байсан бэ?
-Миний эцэг хурдан адуу цогцлоосноос гадна сайн уяач байсан. Зун наадмын ар дээр хариу уяаг заавал хийнэ. Наадмаас долоо юм уу, 14 хоногийн дараа уяа морьдоо барьж уяад хунчир, царван, ганга өвсийг заавал өгнө. Мөн бороо шороо орвол морьдоо бариад уяачихна. Харин өвөл уях морьдоо ээлжилж унаад уулын оройгоор явна. Тийнхүү эртнээс зөв зөөлөн хөнгөрүүлсэн морьд тэр жилийнхээ уяанд сайхан тэнцдэг байсан.
Манай суманд Даарий гэж морь хатгадаг сайхан өвгөн байлаа. Би хүүтэй нь, аав Даарий гуайтай найз. Тэр үед одоотой адил машин тэрэг элбэг биш. Хаашаа ч явсан морьтой л явна. Хөгшчүүл морио унаад биенийхээрээ орж гарнаа. Түвшинширээгээс авдаг ногоон азарга нарны гэмтэй ирсэн юм. Аав түүнийгээ найз өвгөнөөрөө хатгуулна. Хатгаж хатгачихаад “Өвгөөн, одоо нэг хатгуулмаар байна аа” гэсэн чинь Даарий гуай “Одоо чиний ногоон азаргыг хатгах юм бол миний хүрэн азаргаас давчих гээд байна аа. Тэгэхээр би чадахгүй” гэж тоглоом шоглоомоор хэлж. Яг үнэн санаа ч байсан юм уу, үгүй ч юм уу. Тэгсэн хойтон жил нь манай суманд буруу зөв ташаагаараа нийлээд долоон азарга бөөн орж ирэхэд Даарий гуайн хүрэн азарга түрүүлж, манай ногоон азарга зургаалж байсан. Наадмын ар дээр аав Даарий гуайд “Муу моньд, чи нэг хатгаа дутуу хийсэн байна аа” гээд инээлдэж байсан.
-Уяач аавын удам залгах ганц хүү хэдий үеэс бие даан морь уясан юм бэ?
-2010 онд аавыг бурхан болсны дараагаас л өөрийнхөө нэр дээр морь мордуулсан. Түүнээс өмнө бол аавынхаа хажууд морь уяад айрагдахаар нь нэр дээр цоллуулдаг байсан.
-Аав тань адуу цогцлоосон гэж байсан. Түүгээр нь л наадаж байна уу? Эсвэл адуу малын наймаа арилжаа хийж, цус сэлбэж байна уу?
-Солих замаар гүү голдуу авч байна. Өөрийн сумаас гадна Сүхбаатар, Мөнххаан сумдаас ч авсан. Манайхны уяж сойдог адуунд гадны гүү нэлээн бий. Энэ жил гэхэд л хоёр ч гүү сольж авлаа. Цаг үеийн шаардлагаар бусдын жишгийг дагаад ганц нэг эрлийз адуу авлаа. Үүнээс гадна цөөн тооны азарга тавих адуу худалдан авч байна.
-Олон адуутай юу?
-250-иад адуу бий. Үүний 2-3 азарга нь адуу арай тусгайдуу. Чанаржуу гэх юмуу даа.
-Таныг хурдан хонгор азарганыхаа үр төлүүдээр сайхан наадаж байгаа гэх юм билээ. Хонгор адуунуудынхаа талаар яриач?
-Аав минь 1983 онд Түвшинширээ сумын Очирхуяг гэж хүнээс Тайж угшилтай ногоон азаргыг хязааланд нь 6000 төгрөгөөр авсан нь тухайн үедээ мотоциклийн ханш байсан. Хонгор азарга бол түүний төл. Уг нь хурдан адуу ч залуудаа хөлгүй болчихсон юм. Эцэнхий шүдлэн уяж 15-аар давхиулаад, хязааланд нь наймт оруулаад уяхаа байсан. Тэгээд хэдэн жил хөлийг нь хатгуулж тэнхрүүлж байгаад нэг өвлийн уралдаанд мордуулсан түрүүлсэн. Дараа жил нь хурдан байхаар нь суманд уралдуулсан долоод орсон юм. Тэгээд түүнээс хойш дахиж уралдуулаагүй ээ. Төл хонгор морь нь сумандаа хязааландаа найм, соёолондоо зургаа, хавчигтаа тав, долоотой гуравт давхиад наймтай жилээ хоёр түрүүлсэн. Тэгээд хойшоо зарагдсан даа. Тэр хонгор морины дүү хонгор соёолон бий. Уяж сойж үзээгүй. Эх нь Сүхбаатар сумын гүү байгаа юм.
-Аав хүү хоёр Сүхбаатар сумын ойд арван жилийн давтамжтай хязаалан айрагдуулсан байдаг. Тэр талаараа жаахан дэлгэрүүлээч?
-Сүхбаатар сумын 80 жилийн ойд миний аавын хар үрээ гурваар давхиж байсан бол яг 10 жилийн дараа 90 жилийн ойгоор нь миний саарал хязаалан гуравласан. Тэр болгон давтагдахааргүй түүх. Манай Сүхбаатар сум чинь хурдтай шүү дээ.
-Саарал хязаалан гэдэг нь зүүн бүсэд аман хүзүүддэг саарал азарга чинь мөн үү?
-Тиймээ. Дараа жил нь соёолон азарга Сүхбаатар сумын наадамд гурваар давхиад сумынхаа 90 жилийн ойд тархилж уралдсаар зургаалсан. Эхний 15-д ганцхан соёолон азарга орсон нь миний саарал. Дан морин соёолонгуудтай үзсээр байгаад арай баралгүй зургаалж байна гэхээр аргагүй хурдан байгаа биз.
-Тийм байна.
-Хавчиг азарга сумандаа түрүүлээд, Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Шинэ хүүхэд унасан байсан. Тэгээд ч Магнай халиун гэдэг аварга адуу л даа. Хоёр жил дараалан улсад түрүүлсэн азаргатай уралдаад аман хүзүүнд орно гэдэг чамлах юм биш.
-Тэгэлгүй яахав. Үнэхээр үзүүштэй уралдаан болсон. 2017 онд хэрхэн наадсан бэ?
-2017 онд сумандаа түрүүлээд, аймгийнхаа бүсийн уралдаанд 29-өөр давхисан. Уг нь хурдан байсан ч гавиагүй.
-Зүүн бүсийн уралдааныг дурсахдаа ямагт таатай байдаг байх. Түрүүлэх боломж байсан болов уу?
-2016 оны зүүн бүсийн уралдаан хүү бид хоёрын хувьд хамгийн сайхан дурсамжтай наадам. Саарал азарга сумандаа түрүүлсний дараа “бүсэд явах уу, Их хурдад явах уу” гэдэг шийдвэрийг гаргах даа Н.Жанцан ахтай зөвлөлдсөн л дөө.
-Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн үү?
-Тийм. Азарга түрүүлчихсэн, жаахан халамцуухан залгаад “Ахаа, би Их хурдад явдаг юмуу” гэсэн. “Өнөөдөр шийд гаргаад хэрэггүй. Бодож байгаад маргааш над руу эргэж яриарай” гэж байна. Өөрөөр хэлбэл намайг сэтгэлийн хөөрлөөрөө Их хурд руу явна гээд байна гэдгийг мэдэж байна шүү дээ. /инээв/Маргааш нь эрүүл болоод бодсон “шигшмэл морьдын Их хурд уралдаан гэдэг маньд том босго юм. Тэгээд ч өдийд яваагүй байгаа. Яаж амжилт гаргах уу”. Ингэж бодоод зүүн бүсэд уралдах шийдвэрийг гаргасан.
-Уралдааныг нь дагаж үзсэн үү?
-Тэгсэн. Дагахаас өөр арга байгаагүй л дээ. Шинэ хүүхэдтэй. Азарга маань хурдан байгаа. Тэгэхээр дагах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн. Саарал азарга доохно эргээд урагшилсаар байгаад 50 дотор ороод ирлээ. Эхний есөн азарга бүр хол тасарчихсан. Машинд суугаа улс “Энэ есөн азарган дотор байлдаан болно доо” гээд л. Азаргаа харсан урагшилж байнаа. Тэгсээр 10 хэдэд ороод ирлээ. Хэсэг явж байснаа зургаад ороод ирлээ. Эхний таван азарга нэлээд зайтай.Тэгсэн хүү “Хөл нь хэр байна” гэж байна. “Хөл гайгүй юм шиг байна” гэлээ. Тэгж байтал тавд явж байгаа азарганы хөл суларч байнаа. Энэний урд гарчих ч юм билүү” гээд дөнгөж бодож байтал юу юугүй нөгөө тав руу чинь ороод явчихлаа шүү.
-Шахуулаагүй байхад уу?
-Тийм. Бид холоос харж байгаа юм чинь. Тэгээд урагшилсаар байгаад халиун азаргатай очоод нийлчихлээ. Халиун азаргыг нэг хөтлөөд, нэг ард нь гараад л. Суучихвий гэж бодсон хэр нь ямар нэг алхам хийсэнгүй. Тэгээд давхисаар бариан дээр хүрээд ирлээ. Үгүй ээ, тэр хэдхэн хором ямар удаан өнгөрсөн гээч. “Суугаад тавгүй болчихсон юм болов уу” гэж байтал хүрээд ирлээ. “Хэд үү” гэсэн аман хүзүү гэнэ. Би чинь хөл, нуруу муутай хүн. Цагдаа нараас “Ахынх нь морь айрагдсан. Ах нь хөл муу, оруулчих” гээд гуйсан оруулчихлаа. Сайн том уяачдын хувьд энэ бол байдаг л наадам байх. Харин мань мэтийн энгийн уяачдын хувьд том боломж юм. Баяр хөөр бялхсан тэр үедээ “1999 оны Алтан овооны их тахилгад аав маань их морь айрагдуулчихаад ямар их баярлаж байсан бол оо” гэж бодсон.
-Аав минь энэ баярт мөчийг харсан ч болоосой гэж бодогдсон уу?
-Яг л тэгж боддог юм билээ. Гэхдээ “Тэнгэрээс аав минь харж байгаа даа” гэж бодоод “Аавдаа баярлалаа” гэж өөртөө шивнэсэн. Азарга барианд орсоны дараа нэг хэсэг “хаа байсан 100-д явж байсан миний муу азарга Монгол Улсын Манлай азаргатай уралдаад аман хүзүүдчихлээ гэж үү” гэсэн бодол төрж, нэг л итгэхгүй байсан.
Манай дээдчүүл хэдий үеэс ч юм, таван нүдний өлзий утсан тамгатай. Ийм тамга манай аймагт байхгүй. 2008 оны их шуурга айлуудын адуу малыг самарлаа шүү дээ. Тэгэхэд би өөрийнхөө содон тамгаар ихэнх адуугаа олж авсан.
-Ингэхэд саарал азарга Шөвгөр зээрдтэй нэг угшилтай гэдэг үнэн үү?
-Тийм. Аав минь Товуугийн Дугар гэж нутгийн сайхан өвгөнтэй насны хувьд зөрүүтэй ч нөхөрлөдөг байсан. Тэгээд “хоёулаа байдас сольё” гэж ярьж л дээ. Тэр ярианы дараахан Дугар гуай нас бараад, жил гаруйн дараа байхаа аав хүү Цогбаярынд нь очиж бор байдас сольсон юм. Саарал азарга тэр гүүнээс гарсан.
-Аав, хүү, ач хүү гурвуулаа аймгийн Алдарт уяачид. Гурван үеэрээ орон нутгийн дээд цолонд хүрсэн түүх тийм элбэг биш байх шүү.
-Аавынхаа 40 жилийн хөдөлмөрөө зориулсан адуугаар наадаж хүү бид хоёр аймгийн Алдарт уяач цолыг хүртэцгээсэн. Би 2015 онд, харин хүү маань 2017 онд цолоо авсан даа.
-Эрдэнэбат Алдартаас өөр морь уядаг хүн бий юу?
-Манайх таван хүүхэдтэй. Бага хүү маань бас морь уяна аа. Хонгор даага айрагдаж л байсан.
-Асгат суманд МСУХ-г үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг нь та. Сумынхаа МСУХ-ны түүхээс ярьж өгөхгүй юу?
-Миний унаган багын найз Дашдондог гэж моринд дуртай сайхан хархүү байлаа.1998 онд намайг сумын Тамгын Газрын даргаар ажиллаж байхад нэг өдөр орж ирээд “Аав тань моринд дуртай, чи бас дуртай. Хэдүүлээ сумандаа уяачдын холбоо байгуулъя. Чамайг тэргүүнээр тавина” гэсэн юм. Найз минь тийм сайхан юм яриад орж ирж байхад юу гэж “Үгүй” гэхэв. Тэгээд уяачдын холбоогоо байгуулаад “жил бүрийн 6-р сарын 1-нд хоёр насны морь уралдуулж байя. Үүнийгээ уламжлал болгоё. Харин ямар насны морьд уралдуулах уу” гээд ахмад уяачдаасаа зөвлөгөө авлаа. Тэгсэн хүмүүс “Жилийн ямар ч үед уяж болох адуу бол их нас, соёолон. Тэгэхээр их морь, соёолонгийн уралдааныг зохион байгуулдаг болъё” гэсэн санал гаргаад тэр дагуу зохион байгуулсан.10 хэдэн жилийн турш уламжлал болгон зохиогдсон. Эхний үед бид өөрсдөө мөнгө төгрөгөө олдог байлаа. Сүүлдээ оны алдартангууд гээд тухайн жилд сум, аймгийн Алдарт уяач , сум, аймгийн Сайн малчин, мянгат малчин цол хүртсэн улсаар ивээн тэтгүүлдэг болсон. Дээд талын морины бай 150 мянган төгрөг. Тэр үед одоотой адилгүй, байны их бага хамаагүй хүмүүс хурдан морьдоороо уралдах сонирхолтой. Хамгийн гол нь сайхан уралдаан зохион байгуулах ёстой. Холбоонд өөрийн гэсэн хөрөнгө мөнгө санхүү байхгүй тул ийнхүү уралдаан зохион байгуулж, хүмүүсийн хурдан морьдыг тодруулан гадны бизнесменүүд авах боломжийг бүрдүүлж өгсөн. Нэг хэсэг манай Асгат сумаас хүмүүс хурдан удмын адуу их авлаа. Дээд тал нь саяхан гэхэд 100 сая хүрсэн байх. Тэр л бидний гавьяа. Түүнээс одоогийнх шиг том байшин барилга бариагүй.
Үүнээс гадна сумын цолны болзол гаргаж, цол, тэмдэг хийлгэсэн. Бидний үед анх сумын Алдарт уяач цолыг олгож, дөрвөлжин тэмдэг олгож байлаа.
-Асгат сумын гурван үеийн төлөөлөл болсон сайн уяачдыг нэрлээч гэвэл?
-Ахмад сайн уяачид гэвэл хүрэн азарга нь 1990 оны Алтан овооны тахилгад түрүүлсэн Шагдаржав гэж сайн уяач байлаа. Морь сайн таньдаг Түвдэнгийн Батмөнх гэж сайхан өвгөн байлаа. Батмөнх гуай сумын наадмаас айраггүй буцаж байсан нь тоотой байх шүү. За мөн Шадавын Мажигсүрэн гэж морь нэг их уядаггүй ч сайн таньдаг уяач байсан. Айргийн тавд орох үгүйг хараад л хэлнэ. Товуугийн Дугар гэж морийг сайхан уядаг, сайн адуутай хүн байлаа. Одоо амьд сэрүүн байгаагаас Дуламрагчаа гуай байна. Хонгор мориор нь улс андахгүй ээ. Сайн уяачаас гадна сайн малчин. Улсын сайн малчнаар шалгарч байсан. За мөн Балдан гэж сайн уяач бий. Жамъянгийн Баярсайхан гэж сүүлийн үед морьд нь хурдалж байгаа хүн байна. Нэгэн үе Асгатын адууг тодорхойлсон Лутбаяр гэж өвгөнийг нэрлэхгүй бол болохгүй. Гэх мэтчилэн ярих юм бол 30 дотор сайхан ахмад уяачийг ярина шүү.
-Дунд үе буюу таны насныхны хувьд?
-Дашдондог найзыгаа нэрлэнэ. Моринд сэтгэлээ харамгүй зориулсан хүн. За тэгээд Бор-Ухнай, Дугарын Баяраа гээд олон бий. Сүүлийн үеийн залуусаас гэвэл Асгат саарлын эзэн Цагаанхүү, Шөвгөр зээрдийн эзэн Дугарын Цогбаяр, Эрдэнэсүрэнээ нар сайн уяж байна. Сүрэнээгийн хувьд дүүтэй нийлээд сайн адуу бий болгохоор зорьж байгаа улс. Бүр залуу үеийн төлөөлөл гэвэл Алтан-Эрдэнэ, Нанзадын Дашдондог, Э.Мандах нарыг нэрлэж болно. Ганц нэг хаягдсан хүн байхыг үгүйсгэхгүй.
-Асгат сумын хурдан морины хөгжлийг та хэрхэн зурагладаг вэ?
-Асгат сум бол хурдан адууны өлгий нутаг. Гэхдээ адууныхаа үндсэн цусыг алдалгүйгээр чанаржуулахад анхаарах хэрэгтэй.
-Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнхөд ивээгдэж яваарай.
-Баярлалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна