Уяач Д.ОЮУНБАТ: САЙН МОРЬ ЭЗНЭЭ САЙН УЯАЧ БОЛГОДОГ ЮМ

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 15 -нд

-Монгол түмний үеийн үедээ өвлүүлэн үлдээсэн уламжлалаар өвөг дээдсийн тань талаарх асуултаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
Миний аав Дондог Худалдаа бэлтгэлийн газрын даргаар ажиллаж байсан. Тиймээс манай нутгийнхан “Дондог дарга” л гэдэг юм. Харин өвөг эцгийг Баагийн Цэрэнпил гэдэг. Аав маань “Баагийн хул алаг гэж их хурдан азарга байсан” гэж ярьдаг байсан. Тэгэхээр манай удмынхан тэр үеэс л морь уях эрдэмд шамдаж эхэлсэн улс юм болов уу гэж боддог. 
Ээжийн маань талд ч бас уяач удам бий. Манай өвөө Лувсандамдин багаасаа морины уяа эвлүүлсэн, их хурдан адуутай хүн байсан. Хошуу ноён Наваанмөрийн Пад гуайн түшмэл хийдэг байсан юм даг уу даа. Өвөөгийн маань хүрэн азарга, цавьдар үрээ зэрэг хурдан хүлгүүд Даншиг наадамд Пад гуайн нэр дээр аман хүзүүдсэн гэдэг. Цавьдар үрээ дааганаасаа соёолон хүртлээ тасралтгүй түрүүлсэн юм гэнэ лээ. Дашрамд сонирхуулахад, УИХ-ын гишүүн асан Дондог гуайн аав Долцон гэдэг хүн өвөөгийн маань морьдыг унадаг байсан гэдэгсэн. Манай өвөө 18-тай, Долцон гуай 12-той хүүхэд морийг нь унаж түрүүлж байсан гэдэг. Бид Лувсандамдин өвөөгөө Ажаа гэж авгайлдаг юм. Биднийг морь унуулж, уяулж сургасан хүн бол ажаа. Тэр хүний баримталдаг зарчмаар л ажиллаж, амьдарч яваа улс даа, бид. 
-Лувсандамдин гуайн тэр сайхан хурдан хүлгүүдийн удам угшил хаагуур тархсан бэ?
Манай адуунд л байна даа. Одоо цөөхөн хэдэн гүү үлдсэн. Өвөөгийнх хүрэн цавьдар голдуухан адуутай байсан юм. Одоо ч манайх голдуу тийм зүсмийн адуутай.
-Ажаа тань Баян сумын хаахнуур нутагладаг байв?
Баян сумын Зарлангийн хоолой гэдэг газарт Лувсандамдингийн худаг гэж байсан юм. Худаг ус хомсдолтой үед Ажаа худаг ухаж гаргасан учраас тэгж нэрлэсэн юм билээ. Ажаагийнх тэнд л нутагладаг байсан даа.
-Адуутай бага наснаасаа холбогдсон хүмүүс домог шастир, сонин содон түүх бүтээдэг дээ. Ажаагийн тань талаар одоо хүртэл яригддаг дурсамж яриа цөөнгүй биз ээ. Зах зухаас нь бидэнтэй хуваалцаач?
Долцон гуай өвгөн болсон хойноо хүртлээ цагаан сарын шинийн гурванд Ажаад ирж золгодог байсан юм. Тэр хоёр нийлээд суухаараа сонин хачин түүх их ярина аа. Нэгэн удаа хоёр цавьдар соёолонтой Төгрөгийн Егүзэр хангай уулын тахилга наадамд очжээ. Тэгсэн чинь 12 настай хүүхэд унаад мордох гэсэн чинь “Морь будилуулах гэж байна” гээд аваад үлдчихсэн байгаа юм. Ажаа морины даамалд очиж учирлаж байж мордуулж л дээ. Тэгээд арай эргээгүй байхад нь амжаад очтол морь тавьж байсан хүмүүс нь бас аваад үлдчихэж. Тэгээд бүр морьд гарсны дараа тавьсан гэдэг. Тэр үед ямар одоогийнхтой адил зам хөгжсөн байсан биш дээ. “Хаа сайгүй явсаар Төгрөгийн нуурын тойрмоор ороод арай гэж сүүлийн морины барааг харсан” гэж ярьж байсан. Тэгж сүүлдэж гарсан хэрнээ л өмнө гарсан морьдтой нийлж давхиад түрүүлчихсэн гэдэг юм даа. 
-Ярих юмгүй хурдан ажнай байжээ. Хүүхэд том байна гэдэг нь шалтаг ч байсан байж магадгүй юм?
Хүүхэд нь томдсондоо ч биш, тухайн үеийн баячуудын нугалаагаар л зориуд авч үлдсэн байх л даа. 
-Ээж тань эцэг, эхээс хэдүүлээ вэ. Лувсандамдин гуайг залгамжилж морь уясан хүн бий юу?
Ээжийн маань ээж Дундговийн хүн. Хошуу ноён өвгөн богтолж авах гэхээр нь оргож Баян суманд ирж суурьшсан юм гэнэ лээ. Их, Бага газрын чулуу хавиар нутаглаж байсан гэж өөрөө ярьдаг юм. Оросын шар Буд гэдэг нэрээр сураглавал л манай удмынхан тодорч гарч ирэх юм гэнэ лээ. Эмээ маань даанч биднийг багад бурхан болсон л доо. Миний ээж ганц охин нь байгаа юм. Аавтай гэрлээд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн. 
-Аавыг тань харин ах дүү олонтой гэж сонссон юм байна?
Тийм ээ, дээрээсээ хоёр дахь нь. Дороо найман дүүтэй, айлын ууган хүү. Багаасаа мал маллаж байгаад цэрэгт явж бие даан бичиг үсэг сурсан гэдэг юм. Улмаар цэргээс халагдаж ирээд Авдарбаян сумын нарийн бичгийн даргаар ажилласан. Түүний дараа насаараа буюу 40 гаруй жил Худалдаа бэлтгэлийн газрын даргын албыг хашиж байлаа. Худалдааны тэргүүний ажилтан цол тэмдгийг хоёр ч удаа хүртэж байсан. Үүний зэрэгцээ насаараа Баян сумын морины комиссын дарга хийсэн хүн. Наадмын өглөө аав маань сартай хонгор морио унаад л, туг бариад морьд гаргадаг байлаа. 
-Баян суманд хэний адуу хурдан хурцыг ч андахгүй л юм байна даа?
Манай сумынхан “Дондог дарга ирж буусан айлын морь заавал айрагдаж, түрүүлдэг” л гэлцдэг юм. Аав маань нэг бодолтой л асар барьж буудалласан газар нь очиж буудаг байсан юм байлгүй дээ.
Нэгэн удаа аав ярьсан юм. Хамар ус гэдэг газар хуучин Баян сумын төв байсан юм билээ. Тухайн үед Төв аймгийн Нялга, Баянжаргалан, Дундговийн Цагаандэлгэр, Хэнтий аймаг гээд үргэлжилсэн том наадам болсон юм байна. Дундговийн Содномпилынн өвөө Шаравжамц хоёр хүрэн азаргатайгаа очсон юм гэсэн. Бага хүрэн нь хавчиг, том хүрэн нь нас гүйцсэн азарга байсан юм шиг билээ. Тэр ч утгаараа Баян сум  түрүүгээ авч үлдэх хэрэгтэй болно оо доо. Тэр жил Даваанэрэн начингийн халзан азарга их хурдан байсан юм гэсэн. Батнасан гуайн хул азарга ч дажгүй хурдлаад байж. Ингээд манай аав Баян сумын уяачдыг цуглуулаад “Яаж түрүүгээ авч үлдэх вэ” гэж ярилцаж байгаад “Даваанэрэн гуайгаас л “Та халзан азаргаа зугтаалгаж өгөөч гэж гуйя” хэмээн тохирсон гэдэг. Яагаад гэхээр, Даваанэрэн гуайн халзан азарга тэр хоёр хүрэнгээс хөлийн хурдаар илүү учраас зугтаалгаад, ар дээр нь Батнасан гуайн хулаар дайруулъя гэж тохирсон юм байна л даа. Тэр ёсоор уралдуулахад барианы үзүүр дээр халзан азарга нөгөө хоёр хүрэнд баригдчихаж. Гэхдээ л хүмүүс алга ташаад эхлэхээр 16, 17-той хөгшин азарга товолзтол цогисоор түрүүлсэн гэдэг юм. Тэгж нутгийнхаа түрүүг авч үлдсэн түүхтэй юм билээ. Энэ бүхнээс харахад аав маань морь мэддэг хүн байсан байгаа юм.
-Ганчулуун гэдэг өвгөний адуунд Дондог даргын хоёр гүү явдаг байсан гэж дуулдсан. Дондог дарга адуу малын наймаа хэр хийдэг байсан юм бол?
Ганчулуун гэдэг чинь Доноодой гуайнхны Галын хүргэн л дээ. Хэнтий аймгийн хүн. Захиргаадалтын үед нэг айл 16 тооны бод малтай байх ёстой байлаа шүү дээ. Азарга тавьчихаар тэр тооноос давчих гээд байсан учир айлын адуунд цөөхөн хэдэн адуугаа тавьж малладаг байсан. Ганчулуун гуайн адуунд арав гаруй адуу тавьж байгаад хожим авсан юм.
-Дондог гуайн зургаан хүүхдийн хэд нь морины уяа эвлүүлж байна вэ?
Хамгийн том нь Оюун. Тэгээд Оюунбилэг, Оюунчимэг, Оюунбаатар, Оюунбат, Оюунтуяа. Гурван хүү нь гурвуулаа л морь уях гэж оролддог юм. Хамтдаа л явдаг байлаа. Билгээ ах хотод ажил хийдэг. Би Баян сумын эмнэлэгт ажилладаг. Тэр ч утгаараа хөдөөнийхнөө зохицуулна. Билгээ ах зундаа гарч ирээд морьдоо уяачихна. 
Дунд ах Москвад Төмөр замын дээд сургуульд суралцаж ирээд энд хэсэг ажиллаж байгаад Солонгос явсан. Адууны зургийг уран сайхны аргаар янзын сайхан зурна. Даанч харвачихсан болохоос биш дэндүү авьяастай хүн дээ. 
Эхэндээ бид сумандаа л уралдуулдаг байлаа. Айраг, түрүү ч авдаггүй, хамгийн дээд тал нь арваадаар л давхиулна. Засаг задарч, хүн бүр цөөхөн малтай болоод морь уядаг хүмүүс ч олширсон. Манайх ч бас жилийн жилд ганц, хоёр адуу сойчихоод л байдаг байсан даа. Ажаатайгаа нэг гэрт бөөндөө өссөн юм. Аав захиргааны ажилтай учир гэртээ бараг үзэгдэхгүй. Бид ч ажаагийн заавар зарчмаар өссөн дөө. 
-Морины ажилд ч бас тэр удирдлаган дор л ажиллана биз?
Тэгэлгүй яах вэ, Ажаа л бүхнийг удирдана. Би 1978 онд сургуульд орсон. 1983 онд тавдугаар ангийн хүүхэд тугалын хоёрхон охин даага унадаг байлаа. Есдүгээр сарын нэгэн болох гээд, даага уралдах гээд байдаг. Тэгсэн өвөө нөгөө хоёр даагыг маань гарч харчихаад “Цавьдар нь илүү махандуу юм байна. Чи энийгээ л ойр ойрхон унаад бай” гэдэг юм байна. Тэр маягаар уяаг нь зааж өгч уяулсан. Тэгэхэд би ганцаараа өөрөө хөтөлж очоод, өөрөө унаад уралдаж байлаа. Өвөө маань тэгэхэд 80 гарчихсан байсан л даа. “Тэгж унаарай” ч гэж хэлээгүй, би гараад л явсан. Зугтаасаар байгаад үзүүр дээр баригдаад зургаалчихдаг юм. Ирээд өвөөдөө хэлсэн чинь “Чиний хор болсонгүй дээ” гэж байсан.
-“Гурван хор нь дарагдаж байж морь айрагддаг” гэдэг дээ. Уяачийнх нь хор дарагдаагүй байна гэсэн санаагаар хэлжээ дээ?
Яг тийм. Өвөө бүх юмыг нь тааруулсан ч миний хор дарагдаагүй байсан юм болов уу даа. 
-Ингэхэд та хэдий үеэс идэвхтэй уяж эхэлсэн юм бэ?
Би ч талийгаач Билгээ ах, Буянтогтох нартай л хамт явдаг байлаа. Зам зуур нь “халтираад”, нөгөө юмтай найзлаад жаахан хөндийрсөн. Тэр үед Билгээ ах маань дунд давхилд намайг заавал авч очдог байлаа. Орой нь хоёулаа нэг гэрт хононо. “За Батаа, аль насны морь хурдан байна гэнэ” гээд яриа өднө. Их сонин, надаас морь гэж асуудаггүй, аль насны морь л гэж асуудаг байсан юм. Би ч тухайн жил хурдлах насны морийг хэлдэг л байлаа. 
Дунд давхил хийчихээд мориныхоо дэлийг засна. Би хайч бариад гарна. Билгээ ах “Наадах чинь ямар морины дэлийг түрүүлж засах нь уу, харж байгаарай” л гэдэг сэн. 
-Дэлийг нь түрүүлж зассан морь нь тэр жилдээ илүү хурдлах нь ээ дээ?
Яг тийм. 
-Удам дамжсан төрийн их хэргийг үргэлжлүүлэх үүрэг талийгаачаас хойш таны л нуруун дээр бууж байна даа. Та ч энэ үүргээ сайн гүйцэтгэж байна. Одоо та хэн хэний адууг уяж байна?
Би “Агт эрдэнэ” галд хамт явж байгаад, талийгаачийг өөд болохоос нэг жилийн өмнөөс тусдаа Төв аймагт морь уяж эхэлсэн. Анх Доржготов гэдэг хүний хэдэн адууг уяж байлаа. Тухайн жилдээ жаахан шинэдсэн ч юм уу, хоёр айраг авсан. 
-Сумын наадмаас уу?
Сумын баяр наадмаас нэг, багавтар уралдаанаас хоёр, гурван айраг авсан юм байна. Хойтон жил нь өөрийн 5-6, найз нөхдийн 10 гаруй адуу уясан. Билгээ ахыгаа бурхандаа одохоос гурав хоногийн өмнө би Өлзийт хороололд болсон сунгаанд очиж оролцсон юм. Тэр сунгаанд хул халзан морь маань түрүүлж байлаа. Тэгэхэд Билгээ ах маань “Чи чадаж байгаа биз дээ. Чадна. Чи уг нь  илүү шүү дээ” гэж байсан юм. Тэр цагаас хойш л би унаган голдуу адуугаа тасралтгүй уяж байна даа. Энэ жилийн хувьд Хэнгэрэгийн Цогтсайханы морьд над дээр уягдаж байна. 
-Цогоо ах та хоёр энэ жил хэрхэн наадав?
Сая л ирсэн юм. Би Билгээ ахаас хойш Төв аймагт даага түрүүлгэсэн, энд тэндхийн 90 жилийн ойн наадмаас олон ч айраг хүртлээ. 
-Унаган адуугаараа л уралдаад байна уу?
Тийм. “Хасу мегаватт”-ын Түмэн-Аюушийн морийг уяж Хэнтийн Галшар, Архангайн Батцэнгэл сумаас хэд хэдэн айраг, түрүү хүртсэн. Төв аймгийн баяр наадмаас унаган даагаараа түрүү хүртсэн.  Сөнгө даага түрүүлгэсэн хүн ховор л гэдэг юм билээ. 
-Сүмбэн зээрд, Сувдан зээрд, Цоглог зээрд гээд олон зээрд азарганы төл Билгээ ахынд байдаг байх гэж боддог. Тэдний удам угшил таны адуунд одоо бий юу?
Бүгдийнх нь төл бий. Сувдан зээрдийн төл хээр даага байна. 
Гэхдээ Билгээ ах, аав, бид гурав ярилцаж байгаад нутгийн гэсэн гайгүй азаргануудын төлийг нэлээд цуглуулсан юм. Жишээ нь, Даваанэрэнгийн халзангийн удамтай Баян сумын Чунаг гэдэг хүний хүрэн халзан азаргыг авсан. Вангүн гэдэг өвгөнөөс хоёр ч удаа азарга авч байлаа. Вангүн гэдэг чинь Нэрэнжимээгийн Төмөр шилбүүр гэж хүрэн азарганы удамтай адуутай хүн шүү дээ. Эхлээд 1500 төгрөгөөр аваад “Монголын нууц товчоо” бичигдсэний 750 жилийн ойн наадамд уяад алдчихсан юм. Хойтон жил нь цавьдар үрээ 3000 төгрөгөөр авсан. Тэгэхэд би эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажиллаж байсан. Гэртээ орж ирээд унтаж байтал Шаравдорж гуай тэргүүтэй нутгийн хэдэн өвгөд ирчихсэн, толгой дээр дүнгэнэтэл яриад байна. “Нутгийн адууг үнэд орууллаа. Чи хүүхдүүдээ арай ч буруу эрхлүүлж байна аа” гээд л аавыг загнаж байна аа. Гэхдээ тэгж адуу цуглуулсны буруу гэж байхгүй ээ. Олон сайхан төл өглөө шүү дээ. Ганцхан жишээ дурдахад л Дөлгөөн хонгорын эцэг Ам цагаан хул азарга байна.
-Уяач болгон л Ам цагаан хулыг ярих юм. Баян суманд үнэхээр зартай азарга бололтой?
Домог шүү дээ. Шарын цавьдар гэж үе дамжсан хурдан ажнай байна. Баянжаргалан сумын 90 жилийн ойн наадамд би их насны морь дагаад явж байсан юм. Эхний 11 морь тасрахад Шарын цавьдар гэж Ам цагааны дээд талын удмын долоон морь тархинд явж байлаа. 
-Адуу нь одоо тан дээр байна уу, Буянтоо дээр байна уу?
Талийгаачийн адуу над дээр байгаа. 
-Талийгаачтай бурхан болохоос нь гурав хоногийн өмнө уулзсан юм байна. Одоо эргээд бодоход захиас гэмээр зүйл ярьж байж уу?
“Чи ингээд л чадаж байгаа биз дээ. Чи хэнээс ч илүү шүү дээ” гэсэн нь сүүлийн хэлсэн үг нь байж дээ. Тэгж уулзаад салснаас хойш гурав хоног утсаар ярих гэсэн огт болохгүй байсан юм аа. Болдоггүй юм болохгүйгээрээ л дуусдаг юм билээ. 
 Билгээ ахаас авах юм их байсан гэж “Агт эрдэнэ”-ийнхэн ярьдаг. Тухайлбал, Буянтогтох нэгэн удаа “Манай галынхан эвтэй найртай, их амжилттай явж байсан нь Оюунбилэг гэдэг хүн тэр олон хүнийг нэгтгэн захирч, удирдан залж чадаж байсных л юм шүү дээ” гэж ярьж байсан. Таны хувьд Билгээ ахын ямар зан чанарыг хүндэтгэн дээдэлж, даган дуурайхыг эрмэлздэг вэ?
-Манай ээж, аав хоёр социализмын хүмүүжлээр хүмүүжсэн шулуун шударга хүмүүс. Бид ч “Хазгай гишгэж болохгүй” л гэсэн зарчмаар амьдарсан. Ерөөсөө тэр шударга зарчмыг баримталсан учраас манай ах “Агт эрдэнэ”-ийг бий болгож, барьж байсан гэж би боддог юм. Янз бүрийн илүү дутуу зан гаргаагүй, хүнээс илүү шунаагүй, хэн нэгнийг дорд үзээгүй, хэн нэгнийг дээр гаргаагүй, яг л ерөнхий төв шугамаа барьж байсан учраас “Агт эрдэнэ”-ийнхэн эвтэй найртай байсан байх. Манай ах их хөдөлмөрч хүн л дээ. Юмыг их хурдан сэтгэнэ, IQ өндөртэй хүн байсан. Ганц хэлдэг үг нь “Эзэн хичээвэл, заяа хичээнэ”. 
-Уяачийг хурдан морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Таны нэрийг олонд алдаршуулж, онцгой амжилт гаргасан шандаст сайн хүлгүүдийнхээ амжилтаас танилцуулаач?
Манайхныг моринд дөхөм болгож гаргаж ирсэн нь Сахал зээрд морь. Сайн морь муу хүнийг ч сайн уяач болгодог гэдэг дээ. Сахал зээрд морь, халзан азарга, Ам цагаан хул, хүрэн халзан азарга тэргүүтэй сайхан хүлгүүд байна. Байгалиасаа л хурдан заяасан амьтад. Уяа нь зөв ч байсан, буруу ч байсан давхиж л байдаг байлаа. Энэ хэд маань л биднийг уяач болгосон гэж боддог доо. 
  Одоо уяж байгаа хүлгүүдээс тань ямар адуу хурд хүчээр давамгайлж байна вэ?
Сувдан зээрдийн төл хээр азарга байна. Батжаргалын халтар морины удмын эцэгтэй, Дөлгөөн хонгорын угшлын эхтэй. Мөн хул халзан мориор минь намайг таньдаг хүмүүс ч бас олон шүү.
-Хамгийн анхны айраг хүртсэн мөч бол хэзээ ч давтагдашгүй сайхан мэдрэмж өгдөг биз. Тэр мөчийг эргэн дурсвал?
1995 онд элэг бүтэн сайхан байх үедээ сумынхаа баяр наадмаас гурван айраг хүртэж байлаа. Тодруулбал, хүрэн халзан азарга, Ам цагаан хул хязаалан, зээрд даага гурав маань гурвуулаа айргийн тавд хурдалж байлаа. Миний амьдралын хамгийн сайхан дурсамжуудын нэг. Тэр наадам л миний хувьд хамгийн бахтай сайхан санагддаг. 
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Тав дахь үеийн уяачид тэдний дундаас л төрнө дөө?
Би хоёр хүүтэй. Том хүү маань бага зэрэг сонирхоно оо. Бидний морьдыг унаж, мөн ч олон удаа айраг хүртсэн. 
Бага хүү маань одоо оюутан болж байна. Би багыгаа эрхлүүлээд адуу малд ойртуулаагүй юм аа. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа Эрүүл энх байж, урт удаан насалж, олон жил шандаст хүлгүүдийнхээ хурд хүчээр наадамчин олныхоо хийморийг сэргээж яваарай.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар

7 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.