Уяач З.ДАВАА: Их үерийн жил Их хүрэн азаргаа түрүүлгэн анхны алтан медалийг хүртэж байлаа

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 08 -нд

Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул, уяач Загдын Даваа гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1955 оны намар Арбулаг хэмээх газар төрсөн тэрээр Онц тээвэрчин бөгөөд АХ-ын 80, 90 жилийн ойн медалиар шагнуулжээ.


-Гэсэрваань Манлайн хурдан хүрэн азаргыг унаж байсан юм байна. Чухам аль хүрнийг нь унаж, ямар амжилт үзүүлж байсан юм бэ?
Хамгийн анх Их хүрэн азаргыг нь унаж улсын баяр наадамд түрүүлгэж байлаа.
-1959 онд уу, 1966 онд уу?
1966 онд улсад хоёр дахиа түрүүлэхэд нь. Тэр жил анх удаа улсад түрүүлсэн морьдод медаль өгсөн юм. Тэгээд С.Гэсэрваань гуайн хүрэн азарга улсад түрүүлж, анхны алтан медалийг авчирч байлаа. Мөн тэр жил манай сумын З.Цэдэндамба гуайн хонгор шүдлэн түрүүлж, Г.Сундуй гуайн хонгор аман хүзүүдэн, манай сумын хоёр шүдлэн дараагаараа орж алт, мөнгөн медаль авч байлаа. 
-Манлай тэр жил хэдэн насны морьтой явсан юм бэ? 
Хойд Үхэртэд байсан улаан “нүдэн” Баасанжав гэж өвгөний хээр морийг уяж очоод 86-д давхиулсан билүү дээ. Их дээгүүр давхилаа л гэцгээж байсан санагдана. 
-Тэр үед одоотой харьцуулахад улсын наадамд олон морь морддог байсан биз? 
Олон, олон. Тэр жил лав их морь 700 шахаж мордлоо гэж дуулдаж байсан. С.Гэсэрваань ах урьд орой нь очиж бүртгүүлээд 512 гэсэн дугаар авчирч надад зүүж өгсөн юм даг. 
-1966 он гэхээр нөгөө айхтар үерийн жил байх нь ээ? 
Яг наадмын үеэр үер болсон шүү дээ. Бид Налайхаас есөнд хөдлөөд Зайсангийн араар гарсан юм. Тэгэхэд бороо жигтэйхэн ороод л байсан. Зайсангийн арын зам нарийхан. Ганц машин явах төдий. Би морьдоо хөтлөөд, С.Гэсэрваань ах морин тэргээ хөтөлчихсөн. Тэгж байсан урдаас нэг машин ирээд С.Гэсэрваань ах газрын дээд талд гарч, зам тавьж өгсөн чинь  жолооч нь бууж ирээд “Үгүй ээ ах аа, болох янзгүй ээ. Та ингээд  тойроод гарчих, би шахаад зогсож байя” гээд газрынхаа дээд талын эрэгт шахан зогсоод биднийг гаргаж байсан. Туул гол үерлээд улаанаар эргэчихсэн.Яармагийн зүүн талын модны хаяагаар уяачид уул руугаа өгсөөд буучихсан. Ногоон онгоцууд шат шиг юм унжуулж хүн буулгаад л, юм дэгээддэг юм уу яадаг юм, хэсэг байснаа яваад өгч байгаа харагддаг. Хүүхэд байсан болохоор бид  их сонирхоно оо. Хүн амьтан урсаж байна гэж сонсчихоод томчууд биднийг дэргэдээсээ холдуулахгүй./инээв/
-Та тэгэхэд хэдэн настай байсан бэ? 
13-тай. Тэр айхтар бороо яг азарга  уралдаж байхад сэвхийсэн. Одоотой адил гарааны төхөөрөмж гэж байсан биш. Хэдэн цэрэг зогсож байдаг. Тэгээд буудангуут пархийнэ. Тэр айхтар нойтон газар халтирч уначихалгүй эргэчихээд, Айдасын давааны орчим айхтар жалга тойрохдоо золтой л хажуулдчихаагүй. Азарга маань хөл сайтай тулдаа дөрвөн хөлөөрөө жаал сууж ирснээ ухасхийгээд л давхисан. Тэгээд давааны ар руу ороход бараг хоёрт явж байсан. 
-Өмнө нь хэний азарга явж байсан юм бэ?
Сайн мэдэхгүй байна. Айдасын давааны өврөөр долоо, найм дээр гарч ирсэн. Давааны ар руу тонгойход хоёр, гурав дээр явж байсан. Тэгээд Алдартолгой арай хүрээгүй байхад би өнгөнд гарсан. Цагдаа нар зогсчихсон “Болгоомжтой, болгоомжтой, морио сайхан ороолго” гээд л. Тэгж байтал үзэгчид харагдаад... 
-Өмнө нь улсын баяр наадамд морь унаж байгаагүй биз дээ?
Ганц нэг явсан. Туваанжав гэж С.Гэсэрваань гуайн хамаатны өвгөний морийг унаж бариатай давхиулж байсан юм. Тэр үед олон цэргүүд морь гаргадаг болчихсон. Би нэг цэрэгт гурван төгрөг атгуулж байж гарч билээ. 1966 онд хүрэн азаргыг түрүүлэхэд тэгээгүй ээ. Намайг барьж байсан цэрэг “За сайн яваарай, миний дүү” гээд хондлой дээр нэг алгадаад үлдсэн. Би ч ухасхийгээд давхиад алга болж өгсөн.
-Түрүүлээд ирэхэд Гэсэрваань гуай тосож байв уу?
Чанга яригчтай узелийн хажуугаар дөнгөж өнгөрөнгүүт тэд байж байсан. Сум орноос очсон уяачид хүний өөрийн гэлтгүй ирчихсэн хүлээж байна. Тэр үед Гэсэрваань гуай нас нь ахиад тэгсэн үү. Давсаг султай болчихсон. Азарга нэгд орлоо, хоёрт орлоо, одоо тасарлаа гэхээр хөөрхий минь уймраад шээс хүрлээ гээд гээд морьтойгоо явчихдаг байж. Тэгээд эргэж ирээд “Яаж байна, яаж байна” гэдэг байсан гэнэ лээ. Тэгээд “Таны азарга түрүүлээд ирж байна” гэхээр дуугүй болчихдог. Эргээд харахад явчихсан байдаг байсан гэдэг юм. Тиймээс намайг ихэвчлэн цуг явсан уяачид нь тосч авдаг. Гэсэрваань гуай болохоор цаанаас нүднийхээ нулимсыг арчаад ирж явдаг сан. 
-Таныг азарга түрүүлгэхэд хэн бэлэг өгч байв?
Самбуу даргаас бэлэг авч байсан. Том бор цаасанд боодолтой юм, дээр нь минчүү, нэг бүсний дурдан нугалаад тавьчихсан байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. 
-Бор цаасан боодолд юу байх уу?
Дандаа чихэр боов. Баавгайтай чихэр, алим, тэр үед ямар л гоё чихрүүд гарч байсан бүгд байсан санагдаад. Бидний үзэж сонирхоогүй гоё чихэр, печень лав байсан. Овоо том болчихсон хэр нь өргөөд явахад даахгүй шахуу байсан гэхээр нэлээд ихийг өгч байсан бололтой. Намайг даахгүй болохоор Гэсэрваань ах хажуунаас дэмнэж байлаа. 
-Гэсэрваань гуай ямархуу хүн байсан бэ?
Намайг хүүхдүүдтэй нэг их нийлүүлэхгүй. Шөнө морь мал манахдаа байнга дагуулж явна. Өөрөө айдаг байсан уу, үгүй бол юм сураг гэж бодсон уу. Тэгээд майхан хэсэхээр “Хүүе нааш ир” гээд дуудна. “Яав” гэхээр “Хамаагүй юм идэж болохгүй, гэдэс гүзээ чинь өвдчихнө” гэнэ. Тэр үед дургүйцдэг байсан ч том болсон хойноо намайг л хайрлаад тэгдэг байсныг нь ойлгосоон. 
-Гэсэрваань гуай азаргаа өглөө мордоход “Өнөөдөр хүрэн азарга чинь түрүүлнэ шүү, эсвэл тэгж давхина шүү, тэр барагцаанд ирнэ” гэж хэлдэг байсан уу?
Би анзаардаггүй байсан болохоос хэлдэг байсан юм билээ. “За өнөөдөр миний хүү сайн уралдана шүү. Азаргаа болвол дээхнүүр гаргачихаарай” гэнэ. Дээхнүүр гаргаж чадвал сайн л давхина. 1966 онд улсад түрүүлж алтан медаль авах үед сумын наадам 18,19-нд болсон юм. Бид зүтгүүлсээр байгаад 16-ны шөнө сумын ар хошуун дээр ирж буугаад. Өглөө нь морьдоо хөтлөөд  Жанчивлангаар орж ирсэн бөөн дэрсэн дундуур орчихлоо. Дэрсэн дундуур туучуулж явснаас тэгсэн үү хүрэн азарга маань жаахан доголчихож. Шөнөдөө ирж хоноод  18-ны өглөө наадам эхлэх гэж байсан дарга нар  манай уяан дээр ирж алтан медалийг нь зүүлгэн азаргыг маань уяа тойруулж харж байгаад явчихлаа. Тэгсэн Гэсэрваань ахад “За таны хүрэн азаргыг явуулахгүй. Нэгдүгээрт, доголчихсон байна. Хоёрдугаарт, улсад түрүүлээд алтан медалиа авчихсан амьтныг дахин зовоогоод яах вэ. Тэгэхээр та морь барианы газар хөтөлж очоод тойруулангаа ард түмэндээ харуулчих. Тэгээд азарга цаашаа явахаар хөтлөөд буцаад ирнэ биз” гэсэн юм билээ. Ах надад “За, миний хүү уралдахгүй нь ээ. Түрүүлсэн гэж бод” гэж хэлсэн. Тухайн үед манай энд Эрдэнийн гурван хүрэн гэж алдаршсан мундаг азарганууд байлаа. 
-Улсад түрүүлдэг Александрийн хүрэн...
Найдангийн хүрэн. Нөгөө мундагууд бүгд иржээ. Дарга нар ч ирж. Азарга мордоод явах болсон чинь намайг үлдээхгүй гээд уяачид бариад авсан. Тэгсэн Гэсэрваань гуай ууртай маягтай гүйж ирээд “За миний хүү яв, яв. Ах нь олмыг нь чангалж өгье” гэж хэлээд хоёр олмыг минь чангалж өгөнгөө “Ширүүхэн сайн хатируулж очоод хөлсийг нь сайн гаргаад эргээд гуядчих, миний хүү. Наадах чинь торох юм байхгүй” гэсэн юм. Би хэлснээр нь л хийсэн. Очихдоо ганц ч цогиулаагүй жирийтэл хатируулсаар байгаад эргээд тархинд нь гараад амыг нь татчихсан. Тэгээд морь барианы адаг, Цэцэг толгойн өврөөр наашаа гарч байхад Хайлаастын урд талын ам руу аман хүзүүний азарга орж ирж байсан. Яг бариан дээр ирэхэд тэр улс жаахан маргаад нэг нь намайг өргөж авч буулгаад, нөгөө нь эмээл хуулаад. Хөлс хусангаа харахад хоёр дахь, гурав дахь азарганууд ирж байсан. 
-Хол түрүүлж. Аргагүй аугаа адуу юм аа.
Их хол түрүүлсэн. Тэгээд Дунд хүрэн нь, Бага хүрэн нь залгаад Их хүрэн уралдахаа байсан даа. 
-Гэсэрваань гуайн танд захиж хэлсэн үгнээс санаанаас гардаггүй нь... 
“Миний хүү ямар ч байсан настай хүний үгийг сайн хүлээж авч бай” л гэдэг байсан. Энэ ч мундаг сургаал юм даа. “Зөв хүний үгээр явж, зөв уралд. Өөр яриа байхгүй” гэнэ. Бид хоёрын яриа бол тэр. Би морийг нь уралдуулна. Тэр хүн морио уяна.
-Хүрэн азаргануудын-хаа үр төлийг харин ч нэг тараасан юм билээ. Танд  өгсөн үү?
Өгсөөн. Их хүрний төл хоёр, гурван ч даага өгсөн. Тэр үед Гэсэрваань гуайн адуу Сэрүүн булагаар голдуу  өвөлждөг байсан болохоор унага, даагыг нь чоно тэсгээдэггүй байсан юм билээ. Ганц нэгийг нь би өөрөө авчраад айлын адуунд тавьсан.
-Ингэхэд та өөрөө морь уядаг уу?
2000 оноос хойш хоёр, гурван жил дараалан  морь уясан. Эхний хоёр жил 20-д багтаад байсан. 2003 онд нэг хязаалан үрээ сумандаа  айрагдуулсан. Түүнээс хойш дахин морь уясангүй. 
-Бидний урилгыг хүлээн авч, сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа.
Та бүхний ажилд амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна