Сумын Алдарт уяач Б.НАЙДОРЖ: Аав маань сумынхаа дархлагдсан уяачдын нэг байлаа

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 01 -нд


-Бидний бие, сэтгэлээс эхлээд мэргэжил, сонирхол, ажил гээд бүгд л эцэг, эхээс эхтэй байдаг шүү дээ. Энэ ч утгаараа тантай сайн танилцахын тулд эхлээд аавтай тань “танилцах” нь зүйтэй болов уу?
-Миний аав Наваанмөрийн Базарваань 1906 онд төрсөн. Төв аймгийн Баян сумын уугуул хүн. Улмаар нэгдэлжих хөдөлгөөн өрнөхөд хуучнаар Авдарбаян суманд амьдрах болсон юм билээ. Аав маань 1940-өөд оны үеэс морь уяж, сумын баяр наадмаас хэд хэдэн айраг, түрүү хүртсэн. Аймгийн наадамд ч бас хэд хэдэн удаа морь айрагдуулж, улсын наадамд ч оролцож байсан гэдэг. Миний дуулснаар аав маань 1947 онд Ардын хувьсгалын 26 жилийн ойн баяр наадмаар хээр соёолон таваар давхиулж, 1949 онд бор, зээрд хоёр морь нь түрүү болон аман хүзүүнд дараалан ирж байсан юм гэнэ лээ.
-Аавын тань морь уях эрдэм ааваас нь эхтэй бололтой?
-Би сайн мэдэхгүй юм. Ямартаа ч манай өвөө Давааны энгэр, Цантын бүсийн ойролцоо л амьдарч байсан юм гэнэ лээ. Манай аав Гочоо, Молом, Дашдулам гэдэг гурван дүүтэй, айлын ууган хүү. 
-Аав тань хаанахын угшилтай, ямар насны морьдоор голдуухан нааддаг байсан юм бол?
-Өөрийн унаган адуугаараа л Мөнгөнморьт, Давааны энгэрээр голдуухан нааддаг байсан юм билээ. Сүүлдээ Хэнтий аймаг руу явж, зарим нэгэн богино наадамд оролцдог болсон.
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Наймуулаа. Манай хамгийн том ахыг Рэгжээбүү гэдэг. Би айлын долоо дахь хүүхэд байгаа юм. Миний дүү нарыг Жамъянпэрэнлэй, Нямдорж, Хумаа, Божиг, Мөнхдэлгэр, Доржпүрэв гэдэг.
-Ардын хувьсгалын 28 жилийн ойгоор түрүүлж, аман хүзүүдсэн зээрд болон бор морьд хаанахын ямар угшилтай адуунууд вэ?
-Би 1950 онд төрсөн хүн шүү дээ. Тэгэхээр өмнөх зүйлсийг сайн мэдэхгүй л дээ. Гурван том хүүгийн дээр нэг эгч байсан юм. Тэр эгч маань бор морийг нь унаж түрүүлгэсэн гэдэг. Эгчийн унасан адуу бүр нь л өнгөнд гардаг байсан гэдэг юм. Мөн талийгаач ах маань зээрдийг нь унадаг байсан гэнэ лээ. 
-Аав тань түүний дараа 1953 онд Ардын хувьсгалын 32 жилийн ойгоор хар халтар соёолон таваар давхиулсан юм билээ?
-Тийм. Цагаан тамгат гэдэг их алхаатай, жаахан бөгтөрдүүхэн халтар морь байсан юм. Манай унаган адуу л даа. Аймаг болон сумын наадамд ч бас гайгүй давхиж байсан. 
Улсад түрүүлж, айрагдсан бор, зээрд, халтар морьд ер нь бүгд л аймгийн баяр наадмаас хэд хэдэн удаа айраг, түрүү хүртсэн дээ. 
-Монхор Базарваань гуай улсын баяр наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртсэн гэдэг?
-Тийм. Манай ах Рэгжээбүүгийн хээр соёолондоо билүү, хязааландаа улсын баяр наадамд айрагдсан юм.
-Нутгийн хөгшчүүл аавыг тань хэр уяач байсан гэж ярьцгаадаг вэ?
-Нэлээн хатуу чанга уядаг хүн байсан гэж ярьдаг юм. Мөн соёолон насны морьд сайн давхиулдаг байсан гэсэн. Монхор хээр гэдэг морийг нь манай талийгаач дүү унаж, сумын баяр наадамд айрагдуулж байсан юм.
-Монхорын хээр гэгдэж байгаад яваандаа Монхор хээр болчихсон юм болов уу?
-Тийм. Өөрөө ч монхор улаан хээр морь байсан юм. Бага насандаа сайн давхиж байсан. Би соёолонд нь унаж, улсын баяр наадамд өнгөний хэдэн морьтой давхиж яваад шавхайд унаж, будилж байлаа. 1963 онд шиг санагдаж байна. Түүнээс хойш аав маань улсын баяр наадамд яваагүй. Рэгжээбүү ах түүнээс хойш сумын баяр наадмаас хамгийн олон айргийг авсан. Огдой гэдэг хонгор халзан морь болон хул азарга хоёр нь хамгийн сайн давхидаг байлаа. Хоёр морь нь дараалан ирдэг байлаа. Дагдангийн унадаг байсан хул азарга бол сумын баяр наадамд олон удаа түрүүлсэн дээ. 
-Ах тань аавынхаа унаган адуугаар нааддаг байсан юм уу, эсхүл энд тэндээс сайн адууны угшил авч ирж, цус сэлбэсэн үү?
-Аав зүүн зүгээс ганц, хоёр адуу авч ирсэн л гэдэг юм. Гэвч дийлэнх нь өөрийнх нь унаган адуу даа.
-Зүүн зүгээс азарга авч ирсэн юм болов уу, эсхүл...?
-Манай аав моринд их дуртай хүн байсан юм. Сайхан морь байвал авч л байдаг. Авсан морьдоо ч сайн давхиулдаг байсан. Мөнгөнморьтын уяачидтай нэгдэж, одоогийнхоор бол бооцоотой уралдаан нэлээд зохион байгуулдаг байсан. 
-Ихэвчлэн хэний ямар адуутай бооцоотой уралдуулах уу?
-Манай энд Магж хээр, Цагаан далбаат хээр гэх мэт сайн морьд олон байсан юм. 
Магж хээр бооцоотой уралдаанаас нэг удаа зүүн талын арав гаруй адуу эзэндээ авч ирж байсан юм гэнэ лээ. Цагаат далбаат хээрийг Мөнгөнморьт болон Хэнтийн наад захын буриадуудтай хэлэлцэж байгаад л бооцоотой уралдуулдаг байсан гэдэг. Энэ хоёр мориор л манай нутгийнхан олон адуу бооцоонд авч байсан гэж ярьдаг юм. 
-Аав тань хаана цэргийн алба хаасан бэ. Төрсөн оноор нь барагцаалбал, эх орны дайны хатуу хөтүүг үзэж туулсан л хүн бололтой?
-1945 оны дайны үеэр арын албанд агтан дээр байсан гэж ярьдаг юм. Аав маань 1972 онд бурхан болсон болохоор одоо тэрийг нь мэдэх ч хүнгүй боллоо.
-Ээж тань аль нутгийн хүн бэ?
-Баянцагааны наад талын нурууг зогсоол Жаргалант гэдэг юм. Мөн Цантын усны баруун урд дээгүүр даваад, урагшаа гарсан амыг Жаргалантын ам гэдэг юм. Манай ээж бол зогсоол Жаргалантын Самбуу гэдэг хүний ганц охин.
-Базарваань гуай Рэгжээбүүгээ дагуулж, морь уяж сургасан байх. Та тэр үед ахынхаа морийг унадаг байв уу?
-Тийм ээ, би улсын баяр наадамд ганц л удаа хурдан морь унаж оролцсон юм. Сүүлдээ ч Рэгжээбүү ах маань өтөлсөн. Тэгээд Рэгжээ ахын хадам аав Пүрэв гуай надад уяаны эрдмээ зааж сургасан юм. Манай Хонхорын толгой цохидог уяачдын нэг шүү дээ. Рэгжий ах хүргэн нь. Манай энд Пүрэв гуай, Рэгжий ах, Цогтсайханы аав Хэнгэрэг гуай зэрэг асар дотор сууж байдаг, дархлагдчихсан юм шиг цөөн тооны хэдэн уяач байлаа шүү дээ.
-Аав тань нэгдлийн адуу маллаж байсан уу? 
-Нэгдлийн адуу хэдэн жил хариулсан. Дараа нь үхэр хариулж байлаа. Хувийн өмчтэй болсоноос хойш дандаа адуу маллаж байсан. 
-Рэгжээбүү ах тань ямар ажил алба хашдаг байсан бэ?
-Баян сумын Хүн намын гишүүн байсан юм. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөхөд хамгийн олон адуу авч малласан. Улмаар Нанзадын Пүрэвийн Должинням гэдэг ганц охинтой гэрлэж, моринд улам хорхойссон доо. 
-Аавыг тань малын наймаа болон бооцоот уралдаанд нэлээд сүйхээтэй хүн байжээ гэж ойлголоо. Рэгжээбүү ах тань энэ тал дээр хэр овсгоотой вэ?
-Ах маань морь сайн таньдаг хүн байсан шиг санагддаг. Учир нь, авсан морь болгон нь сайн давхидаг байсан юм. Огдой хонгор халзан морь, хул азарга хоёр сумын наадамд нэлээд хэдэн жилийн турш дархалчихсан юм шиг л сайн давхидаг байлаа.
-Ах тань хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд нь морь уяж байна уу?
-Дагдан гэдэг ганц өргөмөл хүүтэй. Цэргийн хүн болохоор морь уях зав гарахгүй л дээ. Саяхан тэтгэвэртээ гарсан. 
-Та өөрөө хэдэн оноос морь уяж эхэлсэн бэ? 
-Би олон жил морь уяагүй ээ. Тэтгэвэрт гарахынхаа өмнөхнөөс буюу 1985 оноос хойш л морь уяж, сум болон ойр хавиараа наадаж байна.
-Сумын баяр наадмын хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Нэг түрүү, аман хүзүү, 11 айрагтай. Тэдгээрийн найм, есийг нь Баянжаргалан, Архустайгаас авсан байх шүү. Тэгээд 2006 онд сумын Алдарт уяач цол хүртсэн. 
-Аавын тань унаган адууны угшлын адуунууд одоо танд бий юу?
-Бий, бий. Манайх халтар хээр голдуухан адуутай байсан юм. Аав маань хожим “дулаан” Дамдинжав гэдэг хүнээс улсын баяр наадамд гуравлаж байсан зээрд азаргыг нь худалдаж авсан. Атан тэмээгээр л авч байсан шиг санагдаж байна. Даанч сумандаа авч ирээд олигтой давхиулж чадаагүй юм. Түүнээс хойш манайх зээрд голдуу адуутай болсон. Тэр азарганы удмын адуунууд одоо ч манай адуун дунд бий.
-Адууныхаа цусыг хэр сэлбэж байна?
-Манай унаган адуу хурд сайтай. Би 2003 онд Сүхбаатар аймгийн Халзан сумаас зээрд халзан шүдлэн үрээ авч ирж, сумын баяр наадамд хоёр, гурав айрагдуулсан. Сүүлдээ ч буурал зүстэй болсон юм. Мөн хөл нь гэмтчихсэн азарга аваад Бандгай Ганхуягаар хатгуулж, эмнүүлээд уяж уралдуулж байлаа. Тэр азарганы төлүүд ч бас бий.
-Одоо хүүхдүүд тань уяачийн удмыг тань залгаад, морь уяж эхэлж байгаа бололтой?
-Би дөрвөн хүүхэдтэй. Хоёр хүү маань хоёулаа л ажлынхаа зав чөлөөгөөр морь уядаг юм.
-Таны уяаны багш тань Нанзадын Пүрэв гуай юм байна. Пүрэв гуай өөрөө удам дамжсан уяач уу?
-Би аавыг нь сайн мэдэхгүй. Пүрэв гуайг бол сайн мэднэ. Манай аавтай нас чацуу, жижигхэн биетэй өвгөн байсан юм. Аав тэр хоёр хар багаасаа нэг дор өсөж, сүүлдээ хамтдаа морь уядаг болсон юм гэнэ лээ. Пүрэв гуай “Өнөөдөр энэ адуутай уралдах адуу байхгүй ээ” л гэвэл тэр адуу үнэхээр сайн давхидаг байлаа. 
Нэг удаа саарал үрээ уяж байтал өвгөн уяан дээр ирж, нэг тойрчихоод “Өнөөдөр чиний хоншоор л мэдэх юм байна” гэсэн юм. Гэтэл тэр өдөр манай саарал өөр үрээтэй хошуу холбож ирэхдээ, буруу талаар нь ороод аман хүзүүдэж байсан юм даа.
-Пүрэв гуай ямар насны адууг хамгийн сайн давхиулдаг байсан бэ?
-Азарга л сайн уядаг байсан даа. Пүрэвийн хээр, хул гээд хоёр сайхан азарга энэ хавьдаа их алдартай байлаа. 
-Пүрэв гуайн хүүхдүүд морь уядаг уу?
-Ганц охинтой хүн л дээ.
-Пүрэв гуай танд юу гэж захиж сургамжилдаг байв?
-Уралдааны өмнөх шөнө л хамгаас чухал гэдэг байсан даа. 
-Морь уяхаас гадна өөр ямар эрдэмд гарамгай байсан бэ?
-Морь сайн шинжинэ. Морь мордохын өмнө өвгөн юу гэж хэлнэ, морь ч тэр зарчмаар л давхидаг байсан даа. 
-Ардчилсан хувьсгалаас хойш бүх юм чөлөөтэй болсон. Та улс болон бүсийн наадамд оролцож байгаагүй юм уу?
-Улс болон бүсийн наадамд оролцох зав чөлөө олдохгүй юм даа. Би ч тэтгэвэртээ гарч, хүүхдүүд ч томорчихлоо. Тэгэхээр унаач хүүхэд гэдэг нэг том асуудал гараад ирж байгаа юм. 
Одоо ч хүмүүс морьдоо тэжээгээд л уралдуулдаг болж. Би ямар тэжээл, тариа гэж мэддэг байсан биш. 
-Уяач хүнийг наадам бүр л догдлуулдаг байх. Хаанахын, хэдэн оны наадам таныг хамгийн ихээр догдлуулж байв?
-Манай унаган зээрд үрээ байсан юм. Угшлыг нь хөөвөл Баянцагааны Толбот борын удам л даа. Даагандаа болон шүдлэндээ сумын баяр наадамд аман хүзүүдсэн юм. Ойр хавийн наадмуудаас ч нэлээд хэдэн айраг хүртсэн. Хязааланд нь уралдуулж чадаагүй байж байгаад хулгайд алдчихсан юм. Тэр зээрд үрээ маань л намайг их догдлуулдаг байсан даа. Тиймээс ч түүндээ жаахан харамсаж явдаг юм.
Манай Мөнхдэлгэр ахын сайхан хул үрээ байсан. Би уядаг байсан юм. 2000 оны зудны жил Өндөртолгойн наадам болон сумын баяр наадамд түрүүлсэн. Өндөртолгойн наадамд дааган Ганаагийн улсын баяр наадамд гуравласан үрээтэй уралдаад түрүүлж байлаа шүү дээ. Соёолондоо гурван сунгаанд гурвууланд нь түрүүлсэн ч манай гэр бүлд гачигдал гараад уралдуулж чадаагүй юм. Даанч тэр жилийнх нь зуданд алдчихсан. 
-Одоо уяж байгаа адуунуудаасаа алинд нь хамгийн их найдлага тавьж байгаа вэ?
-Одоо ч би морь уяхаа бараг больсон доо. Өнөөгийн залуус морьдоо дандаа тэжээж уях юм. Би түүнийх нь арга эвийг олохгүй юм. Нөгөөтэйгүүр унаач хүүхэд олдохоо больчихож. Хүүхдүүд залгамжлаад уях байх л гэж харж сууна даа.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна