Аймгийн Алдарт уяач П.Дамдинжав: Даатгал хээр онцгой төрсөн адуу

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 12 -нд

Сайн хүлэг гэдэг унаган эзэн, уясан уяач, унасан хүүхдээ алдаршуулж, улс хотлоо цэнгүүлдэг буянтан амьтан. Тийм буянт хүлгүүдийн нэг бол төрийн наадмын түрүү, шигшмэл морьдын “Их хурд” уралдааны аман хүзүү, зүүн бүсийн уралдааны түрүү Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Буян-Өлзийн Жаргалсайханы Даатгал хээр азарга юм.



Улс, бүс, Их хурд уралдаанаас хоёр түрүү, дөрвөн айраг хүртэн уяач эзнээ Алдарт цолонд хүргэсэн Даатгал хээр Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм хоёрдугаар багийн харьяат, аймгийн Алдарт уяа Пяранлайн Дамдинжавын унаган адуу юм. Бид П.Дамдинжав Алдарттай уулзан, хээр азарга болоод бусад хурдан хүлгүүдийнх нь талаар ярилцсанаа хүргэж байна.  

-Моринд хайртай монгол түмэн таныг төрийн наадмын түрүү Даатгал хээр азарганы унаган эзэн гэдгээр тань эчнээ танина. Ярилцлагаа энэ цуут хурдан хүлгийн удам угшлын талаар эхэлье?

-Миний унаган адуу биш. Адууны удмыг худлаа хэлэх шиг том нүгэл байхгүй гэлцдэг. Юм үнэн зөвөөрөө сайхан. Эцэг нь Халзангийн “нүгэл” Буд гэдэг хүний хээр азарганы төл гэнэ лээ. Манай хүргэн Ням тэднийхээс хээр азарга авсан юм билээ. Тэр хээр азаргыг би дүүгийнхээ адуунд аваачиж тавьсан юм. Тэгэхэд манай адууны нэг хар байдас хураагдсан юм билээ. Даатгал хээр бол тэр хээр азарга, хар хязаалан байдас хоёрын төл.

-Будын хээр гэдэг нь уягдаж байсан азарга уу?

-Халзандаа сайнд тооцогддог адуу гэсэн.

-Тэгвэл дүүгийн чинь авчирсан хээр азарга уягдсан уу?

-Уягдаж аймгийн наадамд нэг айрагдсан санагдана. Хүргэний төрсөн ах Шаравдорж гэдэг хүн дээр нь байсан юм. Манай хүргэн ирэн очин байдаг хотын хүн.

-Хээр азарганы анхны төл Даатгал хээр. Түүний дараа... 

-Даатгалын хээрийн дээр нэг ах бий. Манай хүргэн Нямаагийн азарга, одоо ч бий. Манай хээрийн дараа нэг эр хээр унага гарснаар азарга тавиад, суманд хоёр ч удаа айрагдуулсан байх. Харамсалтай нь 3-4 жилийн өмнө үхчихсэн. Даатгал хээрийг авсан Жаргалсайхан азаргаа эндүүлчихээд дүү хээр адууг нь аваад явсан.

-Эцэг эх нэгтэй дүүг нь үү?

-Тийм. Хурдан хээрээ үхүүлчихээд, манай хүргэн Нямаас дүү хээр азаргыг нь авсан гэнэ лээ. Одоогоор том наадамд айрагдлаа гэж дуулдахгүй л байна.

-Даатгал хээр хэдий үеэс уягдсан юм бэ?

-За байз, 1999 онд даага уяагүй. 2000 онд шүдлэн үрээ анх уяж суманд түрүүлгэсэн. Хязаалан аймагт болсон бооцоот уралдаанд түрүүлж ирээд хадуурч зургаалсан. Тэгээд тэр жил ахиж уралдуулаагүй. 2002 онд соёолон болдог өвлөө Шовдолд болсон уралдаанд түрүүлээд Жаргалсайхан гэдэг хүн авсан даа.

-Жаргалсайхан Алдарттай би уулзаж байсан юм. Тэгэхэд хээр азаргыг “Монгол даатгал” компанийн Сүхбаатар аймаг дахь салбарын дарга байсан хүн надад бэлэглэсэн гэж байсан. Та “Монгол даатгал”-д ажилладаг байсан юм уу?

-Манай ээжийн төрсөн дүү Төмөр л дөө. Соёолон өвөл нь ирээд “Хээр азаргыг чинь ах нь авъя. Хүнд өгье” гэсэн юм. Нагац ах тэгэхээр нь би “үгүй ” гэж хэлж чадаагүй. Тэгээд л аваад явсан даа.

-Янз нь танд зарах сонирхол байгаагүй юмаа даа.

-Заръя баръя гэж бодож байгаагүй ээ. Нэг өдөр танихгүй залуу дагуулж ирээд  “Эзэн нь энэ байгаа юм аа” гэсэн. Тэгээд авч яваад Онгуу Манлайд үлдээсэн байна лээ. 2002 оны зун нь улсын наадамд аваад очсон шүдний будилаантай гээд хасагдчихсан байсан.

-2003 онд анх улсад айрагдаад давхар уяагаар зүүн бүсэд түрүүлсэн байдаг.

-Тийм байх. Гурваар давхилаа дуулдаж байсан. Түүнээс хойш улсад түрүүллээ, Их хурдад айрагдсан. Тэгээд нэг сурагласан эндсэн гэсэн. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор түрүүлэхэд би очиж уулзаад баяр хүргэсэн. Түүнээс хойш дахин холбогдолгүй байгаад 2015 онд сумын 90 жилийн ойг угтаж, хурдан азаргануудын хөшөө босгоно гэхээр нь ярьж санал болгосон. Ирээгүй, босгоогүй. Тэгээд л ер нь сураг тасарсан даа.

-Хээр азаргыг авах үед “За хүү минь, энэ азаргыг мөнгө төгрөгний төлөө битгий уралдуулаарай” гэж захисан. Түүнийг нь зөрчих гэж байгаад азаргаа гэмтээсэн тухай Б.Жаргалсайхан гуай ярьж байсан юм. Тэр үгийг та хэлээгүй болж таарах нь ээ дээ.

-Би хэлээгүй. Нагац ах маань л хэлсэн байх. Эсвэл Нацаг гуай ч хэлсэн байж мэднэ. Аймагт байдаг Сүхбаатар сумын хүн л дээ. Манай хээр азаргатай чацуу ахын Алтан овоонд айрагддаг улаан үрээг тэр өвгөн их сонирхоно оо. “Энэ хоёр хачин адуу юм аа” гээд л. Бид юугаа мэдэх вэ. Даатгал хээрийг 800 жилийн ойгоор түрүүлэхэд нь би хоёр морь уяад очсон байсан юм. Баяр хүргэх гээд уяан дээр нь очтол тэр өвгөн сууж байсан. Тэгээд би “Хашир өвгөнийг авчирч уяулж дээ” гэж бодсон юм. Магадгүй тэгэхэд Нацаг гуай хэлсэн байж болох юм.

-Хээр азарганы сэлдий нь мурий түүнээс болоод төл муутай байсан хэмээн уяж байсан залуу нь ярьж байсан. Та анзаарч байсан уу?

-Манай дүүгийн адуунд байсан болохоор дааганд нь сургаад уяагүй юм. Тэр жил өөрийнхөө адуунд байснаар нь бүрлээч ахынхаа хоёр бор даагыг уяж, нэгийг нь Алтан овооны тахилгад гурваар оруулсан. Хээр үрээгээ бол шүдлэн анх уяж түрүүлгээд, хязаалан түрүүлж ирээд зургаалахад нь хурдан юм байна гэдгийг нь мэдсэн. Тэгээд соёолондоо зарагдсан. Ний нуугүй хэлэхэд би сэлдийг нь харж байгаагүй юм байна. Надаас авч явахдаа  “Нэг номхон гүүтэй авъя. Гүүг нь эргүүлж өгнө өө” гээд авсан. Ирэхгүй гурван жил болохоор нь би дүүгээ явуулж авахуулсан Даатгал хээрийн төл гээд сарвай дагаад ирсэн. Түүнийг нь манай дүү Нэргүйбаатарт өгсөн. Нэргүйбаатар хойшоо зарсан гэнэ лээ.

-Даатгал хээрийн ах дүү нь хурдан уу?

-Хүрэхгүй ээ. Тэр хэдээсээ онцгой адуу байсан. Төрсөн дүү хээр азарга суманд хэд айрагдаад эндсэн гэж би дээр хэлсэн шүү дээ. Нэг эцэг эхийн төлүүд хэр нь Даатгал хээрээс галбир, хийц гээд бүх юм нь өөр. Ах хар азарга нь ч ялгаагүй өөр. Даатгал хээр азарга бол онцгой төрсөн адуу. Харин сүүлд Жаргалсайхан азаргаа эндүүлчихлээ гээд авсан хээр адуу бол төстэй шүү.

-Ингэхэд та хэдий үеэс морь уяж байгаа билээ. Дээдчүүл тань хурдан морь уяж байв уу?

-Өвөөгөө морь уяж байсан гэж дуулаагүй. Аавын сумандаа хэд хэд айрагдсан цавьдар морины зураг надад бий. Өвлийн уралдаанд бол хоёр гурван ч удаа түрүүлсэн юм гэнэ лээ. 1960 хэдэн оноос өмнөх явдал болохоор ах нь нарийн сайн мэдэхгүй юм. Мэдэхгүй байж худлаа яриад яах вэ. Хээр азарга, хээр шүдлэн, нэг даага гэх мэтийг нь бид унаж л байсан. Миний хувьд цэргээс халагдаж ирээд 1977 оноос хурдан морь уяж байна. Тэр жилээ хүрэн соёолонгоо  түрүүлгээд, түүнээс хойш бараг арваад жил айраг, түрүү тасраагүй. 1978 онд саарал соёолон гурваар давхиулж байлаа. Морь уяснаас хойшхи 40 гаруй жилийн хугацаанд бүдүүн морь л түрүүлгэж үзээгүй юм билээ. Түүнээс бусдыг нь түрүүлж, айрагдуулаад л байсан байдаг юм. 10-аад түрүү, 40-өөд айрагтай.

-Аймгийнхаа наадамд морь айрагдуулсан уу?

-Аймаг руу олон яваагүй ээ. Алтан овооны тахилгад ганц нэг удаа явсан. Ахын бор дааганаас өөр айрагдаагүй ээ. Голдуу сумандаа л нааддаг хүн. Гадагшаа гарч  наадсан нь гэвэл Наранд суманд очиж их насны морь түрүүлгэн, даага аман хүзүүдүүлж, Уулбаянд ганц азаргатай очоод аман хүзүүдүүлсэн юм байна. Нэгдлийн адуу малладаг байсан болохоор тэр болгон гарч уралдаад байж чадахгүй л дээ.

-Тантай хамт найр наадамд явдаг байсан энэ нутгийн сайн уяачдыг нэрлээч?

-Дээхнэ үеийн сайн уяачид олон л доо. Дугар, Ням-Осор, Махбуриад, Рэнцэн гээд эрдэм мэдлэгтэй улс олон байлаа. Тэр үед нь мэддэггүй байж. Одоо эргээд бодохоор үнэхээр мундаг уяачид байж.

-Даатгал хээрээс өөр гарч уралдсан ямар хүлгүүд байгаа билээ?

-Улсад гурвалсан “Авзага”-ын Мэндбаярын саарал даага байна. Зургаан сард суманд болсон уралдаанд түрүүлээд байхад нь Батнацаг дарга зуучилж өгөөд хойшоо зарагдаж байлаа. Мөн  Батцоожийн ухаа халзан морь байна. Энэ халзан морины эцэг бүрлээч ахын минь улаан азарга. Эх нь ухаа халзан гүү байсан юм. Батцоожийн авга ах “Мон хурд”-ын захирал Батмөнх бид хоёр сайхан найзууд л даа.

-Халзан морь танд байхдаа ямар амжилт үзүүлсэн юм бэ?

-Сайн л байсан. Гэхдээ айрагдуулж чадаагүй. Даагандаа Өвгөн ноёны наадамд очоод гуравт явж байгаад хадуурч зургаалсан. Суманд бас зургаалсан.

-Төмөр замын дэд дарга асан Халтарт очдог чинь ямар зүстэй билээ?

-Хүрэн. Шүдлэн үрээ суманд түрүүлээд, хязаалан болдог жилээ  төмөр замын Халтар гэдэг хүнд очсон. Манай сумын, миний найз Мэлс гэж хүн тэдний галд байсан юм билээ. Одоо бурхан болсон л доо. Тэр найз маань ирээд “Хүрэн үрээг чинь аваад явъя” гээд аваад явсан. Тэгээд Халтар гэдэг хүн өгсөн юм билээ. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн 2-3 сунгаанд түрүүлээд, наадамд 20 хэдээр давхисан гэсэн. Соёолон адуу өвөл нь уяж байгаад сунгалтанд барьж уралдах адуу алга, гээд хаашаа гэлээ аваад явсан. Очоод эндчихсэн гэнэ лээ. Тэр жил Халтар гэдэг хүн өөрөө ирээд надад ярьсан юм. Энэ хүрэн үрээнээс гадна Баянхонгор луу хоёр даага гарсан нь олон айрагдсан гэсэн.

-Гарсан адуу давхиад л байдаг юм байна?

-Би заръя гэж сүйд болдоггүй ээ. Хүн ирээд гуйхаар нь адилхан моринд дуртай улс гэдэг утгаар нь өгдөг юм.

-Төрийн түмэн эх тодорсон адуун сүргийг тань маллаж, уяж сойн хурдлуулах залуучууд бэлтгэгдэж байна уу?

-Би найман хүүхэдтэй. Хөдөө байдаг хоёр хүү, хоёулаа оролддог. Одоогоор учиргүй давхиулж гийгүүлсэн юм алга. Алсдаа зүгшрэх байлгүй дээ.

-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Ярилцлагаа морь уясан он жилүүдэд тохиосон хамгийн сайхан наадмын дурсамжаар тань өндөрлөе.

-Наран суманд их нас, даага хоёртой очоод морио түрүүлгэж, даагаа аман хүзүүдүүлэхдээ их баярласан юм. Тэрний дараа Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор даага, их насны морьтой очиж төрийнхөө наадамд 20 хэдээр давхиулах сайхан л юм билээ.

-Ийм бахдалт наадмууд олон тохиох болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-Энэ хүртэл зорин ирж хөдөө орон нутгийн уяачид биднийг алдаршуулж байдаг “Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо ажлын амжилт хүсч, хурдан морины босоо цагаан хийморьт мөнх ивээгдэж яваарай хэмээн ерөөе.

-Баярлалаа.
А.Тэлмэн

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.9.42.252

    Ахдаа баяр хүргэё. Мундаг бна амжилт.

    Reply
  • 66.181.160.50

    шал буруу хүнд өгч дээ.Шудрага өрсөлдөөний газрын дарга жаргалсайхан,Улсын нөөцийн дарга бямбаноров Эрдэнэтийн ганзориг батэнх ТӨХ_ний сугар,Автозамын Буд, ХХААХҮя-ны Пэрэнлэй,ГИшүүн Улаан гээд түмний хөрөнгөөр гараа угаасан лаларууд зугаагаа гаргаж бн

    Reply