Аймгийн Алдарт уяач Т.Даваасүрэн:“Аавын чинь морь л ингэж хол тасархай түрүүлдэг байсан даа” гэсэн үг их урам хайрласан

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 06 -нд

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Даваасүрэнгийн ярилцлагыг уншигчиддаа хүргэж байна.

 Ямархан учрал тохиолоор хурдан морьтой холбогдов доо?
-Миний аавыг Самбарын Тэрбиш гэдэг. 1952 онд өмч нэгтгэж байсан үеэс 15 наснаасаа нэгдлийн агт хариулж эхэлсэн. Тэндээсээ хээр, бор хоёр морь уяж орон нутагтаа уралдуулан аман хүзүү, түрүү авч байсан юм гэнэ лээ. Би багаасаа адуун дээр өсөөгүй боловч аавынхаа тэр яриаг л сэтгэлдээ бодож явсан юм шиг байгаа юм.
 Аав тань өвөг дээдсийнхээ үүх түүхийг хэр ярьдаг вэ?
-Тэр талаар нэг их ярьдаггүй юм. Манай аав ээж, дүүгийнхээ хамт амьдардаг байсан болохоор адуу мал, гадуурх ажлаа зохицуулдаг байсан юм билээ. Адуу малд эрэмгий, эмнэг догшиныг гарамгай сургадаг байсан. Хүүхэд байхдаа зуны амралтаараа 100 даага сургаж, өндөр урамшуулал хүртэж байсан ч гэдэг.
 Аав тань нэгдлийн адууг хэдэн жил малласан юм бэ?
-Цэргээс ирмэгцээ цөөн жил нэгдлийн адуу малласан. Цэрэгт байхдаа токарийн мэргэжил эзэмшсэн учир тэтгэвэрт гартлаа аймагт мэргэжлээрээ ажилласан юм.
 Нэгдэлд ажилласан цөөн жилдээ л морь уяж, уралдуулж байсан гэсэн үг үү?
-Тиймээ. Уяж байсан хоёр морь нь манай унаган адуу байсан юм гэнэ лээ. Дараа нь би аймгийн 90 жилийн ойгоор хязаалан, соёолон хоёр уралдуулахад, хол тасархай түрүүлж байлаа. Тэр үед нутгийн нэгэн хөгшин “Аавын чинь морь л ингэж ирдэг байсан. Түүнээс хойш ийм хол тасархай түрүүлж байгаа адуу харалгүй удсан байна” гэж билээ.
 Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Долуулаа. Хоёр охин, таван банди. Гэрийнхнээсээ би ганцаараа морь уях өв соёлд суралцах, Монгол сайхан уламжлалдаа өөрийн чадах чинээгээр хувь нэмрээ оруулахаар зүтгэж явна. Харьцангуй шинэ залуу уяач л даа.
 Харьцангуй шинэ залуу уяач. Аймгийн Алдарт уяач хүний хувьд өөрийгөө тун даруухан тодорхойллоо. Ингэхэд таныг моринд “дурлахад” хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?
-Монгол хүний генид л байдаг юм байна. Би хурдан морины уралдаан үзэх дуртай.
Уг нь би бизнес эрхэлж явсан хүн. Эхлээд “нэг сайхан хурдан морьтой болъё” л гэж бодсон юм. Тэгээд онжав Алтанхуягтайгаа уулзсан. Онжав маань гүүнүүд авчирчихсан зарж байсан юм. Би адуу сайн мэдэхгүй учир халтар азаргатай Ням гэдэг хүнээс шинжүүлээд, хөгшин хээр гүү худалдаж авсан. Тэгж л эхлэл нь тавигдсан даа.
Дараа нь Тайширын Чилхаасүрэн гэдэг найзаасаа халтар азарга авсан. Түүнээс хойш гүүнүүд цуглуулж эхэлсэн юм. Дүүтэйгээ ярилцаж байгаад “Макс” группийн захирал Ганбаа ахтай уулзаж, тэдний уяан дээрээс ухаа үрээ худалдаж авсан. Ухаа үрээ маань ирсэн даруйдаа буюу 2010 оны хаврын уралдаанд түрүүлсэнээр би моринд орсон доо.
 “Макс”-ынхан ч морь бүр дээрээ л удам угшил ярьдаг даа. Таны худалдаж авсан тэр ухаа үрээ хаанахын ямар угшилтай адуу байв?
-Таван цагааны төл хээр гүүнийх нь халзантай цус нэгтэй. Шинэ цагийн битүү шүдлэн үрээ байсан юм.
 Тэжээж, уяхад бэлтгэчихсэн байсан уу?
-Тийм ээ, тэгээд л анхны уралдаандаа хол тасархай түрүүлж, надад урам зориг хайрласан хэрэг.
 Хаврын уралдаан гэж зургадугаар сарын 1-нд болдог бага насны морьдын уралдааныг хэлж байна уу?
-Тийм. Дараа нь, шууд даншигт уралдсан боловч туршлага дутаад, 15-аар ирсэн. Би сунгаагаа арай дутуу хийсэн юм болов уу гэж боддог. Түүнээс биш өнгөлж гарч ирээд тархинд их сайн явсан юм. Дөхөж ирээд л суусан.
Тэр жилдээ Баян-Уулын сургуулийн 90 жилийн ойгоор очиж түрүүлсэн. Дүү Мөнхдэлгэрийн маань шарга үрээ даага байсан юм. Тэр үед Ховдын Ганданпунцаглин хийдийн нээлтийн ёслолын ажиллагаа бүсийн уралдааны хэмжээнд зохион байгуулагдсан. Тэр наадамд шарга даага, ухаа шүдлэн, дүүгийн маань шарга азарга гурав түрүүлсэн. Шарга даага ч бас Ганбаа ахын дүүд маань бэлэглэсэн хурд л даа. Манай дүүд ирсэн жилээ гурван ч удаа түрүүлсэн.
 2011 онд гэсэн үг үү?
-2011 онд хязаалан үрээ болчихсон байсан. Тэр үеэс шинэ цаг уралдуулахгүй гэсэн журам гарсан учир аймагт уралдаагүй учир аавынхаа нутаг Эрдэнэд аваачиж уралдуулсан. Соронзонболд Зааны наадамд хязаалан үрээг соёолонд тавиад их хол түрүүлж ирсэн. Мөн 2014 онд Эрдэнэ сумын 90 жилийн ой болж азарганд бас хол тасархай түрүүлсэн.
 Бүсийн бусад уралдаанд оролцож байгаагүй юмуу?
-2013 онд Завханы даншигт уралдаж, арван хэдээр ирсэн. Барианы өмнө суулгаад татуулчихсан юм.
 Айрагдах боломж байсан гэж боддог уу?
-Тиймээ. Удам сайтайгаас гадна орон нутагт ганцаараа шинэ цагийн адуу гэдэг утгаараа давхих чадвар илүү. Даанч би ганцааранг нь сунгаад, ажлаа хийгээд л явсан. Өөрөөр хэлбэл, олон адуутай нийлүүлж, сунгаж үсэргэж үзээгүй. Дүйж уралдах адуутай цуг бэлтгэл хийсэн бол байдал өөр байсан байх гэж боддог.
 Сэтгэл зүй бас нөлөөлсөн гэж үзэж байна уу?
-Тийм.
 2014, 2015 онуудад Дүнжингаравт ирж уралдсан. Хэр хурдалсан бэ?
-Завханд уралдсаныхаа өмнөх жил Дүнжингаравын хурдад ирж, зарлагдаж байгаад суусан.
 Ухаа азарга тань одоо хаана байгаа вэ. Үр төлүүд нь хурдалж байна уу?
-Ухаа азарга маань энд \хотод\ байгаа. Өөрийн нутгийн угшилтай Монгол гүүнүүд хураалгаж байна. Төлүүдээс нь одоогоор уяж үзээгүй л байна.  
 Ухаа азарга хэдэн хувийн цустай адуу вэ?
-50 хувь.
 Илт мэдэгдэх үү?
-Буддёный цустай болохоор үүлдэрлэг байдлаараа мэдэгдэх юм байхгүй.
 Ухаа азарганаас гадна хүрэн морь таны нэрийг нэлээд гаргасан байх аа?
-Баасанбазарын Сувдан зээрдийн ойрын төрөл болох хүрэн үрээг би найзаараа Чойроос авахуулж байлаа. Ирсэн даруйдаа буюу 2011 онд хаврын уралдаан, аймаг, улсын наадмаар  арваар ирсэн. Аймгийн анхны шигшмэл хурдад аман хүзүүдэж байлаа. Тэр уралдаанд даага маань бас түрүүлсэн.
 Алтайн шигшмэл хурдын хоёр дахь нь 2008 онд болсон гэж хүмүүс яриад байсан санагдах юм?
-Тэр нь “Алтайн бахархал” л даа. Шигшмэл хурдыг Дашдорж, Энхбаяр гишүүн хоёр анх зохион байгуулсан юм. “Алтайн бахархал” түүнээс ч өмнө болж байсан.
 “Говь-Алтайн шигшмэл хурд”-д түрүүлсэн даага нь хаанахын угшилтай адуу вэ?
-Хэнтийн гаралтай, исгэлтэй бор даага. Зургадугаар сарын 1-ний уралдаанд гурав, аймагт 22, Тайширт гурваар давхиж, Соронболд Зааны наадамд аман хүзүүдэн, “Шигшмэл хурд”-д түрүүлсэн. Даагандаа л гэхэд энэ мэт зургаа, долоон наадмаас айраг, түрүү авсан юм. Гэвч шүдлэндээ гүентээд, гүенг нь эвгүй авчихсан юм шиг байна лээ. Түүнээс хойш уяагүй.
 Та голдуу авмал адуугаар нааддаг юм байна. Өөрийн унаган адуу түрүүлж, айрагдахад их өөр мэдрэмж төрдөг байх даа?
-Мэдээж. Би эхний жилүүдэд Пүрэвдоржийн Алтансүх найзтайгаа зөвлөлдөж уядаг байлаа. Дээр яриад байгаа даагаа өөрөө гардаж сургаад, уяа сойлгыг нь ч бие дааж хийсэн. Унаган адуу  маань наадамд дээгүүр давхина гэдэг аргагүй өөр мэдрэмж төөрүүлдэг юм билээ.
 Бага насанд нь ганц, хоёр жил уралдуулаад л больчихоод байжээ. Ямар шалтгаантай юм бэ?
-Заримыг нь ч “одоо болно оо” гэж боддог юм. Заримынх нь хувьд албан ажил ихтэй болоод, гардаж уяж амжаагүй.
 2010 оноос морь сонирхож эхэлмэгцээ эхний жилүүдэд их идэвхитэй байжээ. Сүүлийн жилүүдэд хот хүрээ бараадаад, ажил төрөл гээд хурдан морины уяанаас жаахан алсраад байна уу?
-Сүүлийн нэг жил завсарласан. Гэвч одоо ч морьдоо уяж сойж байгаа. Ухаа азарганыхаа төлөөр уралдчих санаатай уяж байна. Одоохондоо аймагт давхичих хэмжээнд хараахан хүрээгүй л байна.
 Хэдэн онд аймгийн Алдарт уяач болсон бэ?
-2012 онд. Олон сайн морьдын буянаар хоёрхон жилийн дотор аймгийн Алдарт уяачийн болзол хангасан.
 Хурдан морь авмагцаа л гурван ч наадмын түрүү авчихаж. Тэгэхээр “морь уяна гэдэг бас хийж болмоор ажил байна шүү” гэж бодогдов уу?
-Үгүй ээ, тийм бодол төрөөгүй. Өөрөө гардаж уяад, тэжээгээд эхлэхээр морь уяна гэдэг амаргүй. Алхам тутамдаа суралцаж байдаг тун нарийн арга ухаан шүү.
 Адуутай нөхөрлөснийх дээлэндээ багтахгүй баярласан наадам хэзээ, хаана тохиов?
-Соронзонболд Зааны наадамд ухаа азаргаа нэлээд зайтай ирэх болов уу гэж таамаглаж байсан. Ухаа азарга маань өмнө нь хамгийн холдоо 12 км-т л уралдаж байсан. Тэр наадамд анх удаа 22 км-т уралдсан юм. Манай нутаг алсаараа их өгсүүр газартай шүү дээ. Газар дээр нь очоод багагүй эргэлзсэн боловч ухаа азарга маань соёолон насныхнаас хол тасархай түрүүлж ирсэн. Бахархаж, баярлахын сайхныг тэнд л мэдэрсэн дээ.
 Аав тань залуудаа морь уяж байсан хүн. Наадам болохоор хүүхэд шиг л догдолдог байлгүй. Тэр сайхан наадмуудыг хамт үзсэн үү?
-Аймгийн 90 жилийн ойгоор аавтайгаа хамт очиж, азарганы түрүү авсан. Тэгэхэд аав минь их баярласан. Түүнээс хойш аавыгаа морьдоо хамт дагая гэхээр “би огшоод чадахгүй ээ, сууж байя” гэдэг болсон. Бариан дээр л их баяр хөөртэй ирдэг юм. Аавыгаа надаас илүү баярлаж байгааг харах их сайхан шүү.
 Одоо таны адуу хаана байгаа вэ?
-Говь-Алтайд.
 Аймгийн Алдарт уяачийн цолны болзол хангачихсан юм чинь одоо энэ хавиараа наадаж, улсын цолонд хүрэх эсвэл өндөр чансаатай наадмуудад оролцох зорилго тавьж байна уу?
-Бодол байна. Ялангуяа унаган адуугаараа уралдах, цусыг нь сэлбэж, угшлыг нь сайжруулахыг зорьж байна. Ухаа азарганыхаа төлийг авч ирээд сойж байна. Наадамд уралдуулахыг яарахгүй байна. Ер нь уяа нь ханаагүй байхад наадамд уралдуулъя гэсэн бодол төрдөггүй. “Дийлж уралдана даа” гэж бодсон үедээ л уралдуулдаг болоод байна.
 Өөрөөр хэлбэл, одоо харьцангуй хор дарагдаж байна гэж үзэж болох нь ээ. Энэ бол уяач хүний хамгийн эрхэм чанар гэдэг шүү?
-Магадгүй тийм байх. Ер нь зорьсон наадамдаа л морьдоо эртнээс бэлтгэж байгаад уралдуулах нь зүйтэй санагддаг байгаа.
 Говь-Алтай аймгийнхан жороо морьдоороо алдартай. Зарим нь уралдуулах, зарим нь гангарах зорилгоор жороо морьд авч байна. Та гангарааны морьдтой юу?
-Бий, бий. Бор морио хайрлаад, уяж уралдуулахгүй байгаа юм. Дүүхэлзсэн сайхан морь болно доо. Ухаа азарганы маань төл жороо хээр үрээ байна. Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтдаг гэдэг шиг алсдаа сайхан жороо морьд бэлтгэх бодол бий.

ТОД МАГНАЙ сэтгүүл №86 Говь-Алтай аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна