Аймгийн Алдарт уяач Б.Мөнхтүвшин: БАГА ЗАЛУУ БАЙХДАА ХОЁР МОРЬ УЯЖ УРАЛДУУЛААД АЙРАГ, ТҮРҮҮ ХҮРТЭЖ БАЙЛАА

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 06 -нд

Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бумбангийн Мөнхтүвшинг уншигч танаа уулзуулъя.

    Таны удмынхан хэдэн үеэрээ энэ нутгийн, тэр дундаа Баянжаргал сумандаа нутаглаж, хурдан шандас хүлгийнхээ тоосыг уул хангайдаа өргөж байна вэ?
Надаас дээшээ есөн үе, магадгүй түүнээс ч дээшхи өвөг дээдэс маань Төв аймгийн Нялга, Баянжаргалан суманд нутагласаар ирсэн. Миний аав, ээж хоёр Баянжаргалан сумын Эрдэнэ багт малаа малласаар ирсэн. Аав маань малчин хүн байсан боловч морь уяж байгаагүй. Харин аавын аавынх нь дүү Лувсандорж гэдэг сайн уяач байсан гэнэ лээ.
    Та эцэг, эхээс хэдүүлээ вэ. Ахан дүүс дотор тань танаас өөр морины уяа эвлүүлдэг хүн бий юу?
Бид эцэг, эхээс наймуулаа. Би долоо дахь нь. Миний ах Мөнхпүрэв морь уяж байна. Бас миний дээд талын ах морь уядаг байсан. Одоо хот руу орчихсон. Мөн дүү Мөнхболд маань саяхнаас моринд орж байна.
    Уяачдын дийлэнх нь удам дамжсан байдаг. Таны хувьд удам дамжаагүй, өөрийн сонирхлоор морины уяа эвлүүлж эхэлсэн юм байна гэж ойлголоо. Чухам хэдий үеэс, ямар учрал тохиолоор хурдан морьтой холбогдсон юм бэ?
Хүүхэд байхдаа хурдан морь унадаг байлаа. Улмаар 1998 оны сумын баяр наадамд нэгийг нь түрүүлгэж, нөгөөг нь айрагдуулж байлаа. Тэр жил нь Баянцагаанд Даваахүү гуайн наадам болоход сумандаа түрүүлгэсэн даагаа наймаар давхиулж байлаа. Түүнээс хойш сургууль соёл гэж адуу малаас хэсэг хөндийрөөд, 2011 оноос морьтойгоо эргээд холбогдсон доо.
    Даваахүү гуайн наадамд өөрийн унаган адуугаар уралдаж байв уу?
Хэнтий аймгийн Галшар сумаас авч ирсэн нэг хээр гүү байсан юм. Түүнээс гарсан даагыг уяж уралдуулсан. Эцэг нь манай унаган Хээр азарга.
Тэр наадам ч  тун өргөн дэлгэр болсон доо. Би тэгэхэд залуухан хүүхдээрээ байсан. Зуны амралтаараа “Даваахүү гуайн наадамд явчихаад ирье” гэж аавдаа хэлээд л даагаа уяад очиж байлаа. Айрагдуулчихъя л гэсэн зорилготой очсон юм. Даага маань ч хурдан байсан. Тэгээд наймаар давхиулчихаад байтал Хэнтий аймгийн Дархан сумын Доноодой гуай миний дэргэд ирээд “За дүү, залуу байна даа. Даагаа хар чийг цохиулаагүй бол айрагдуулчих л байж дээ. Цаашид сурч авах зүйл их бий дээ” гэж байсан. Тэгэхэд л би морь уяна гэдэг чинь маш нарийн ур ухаан, мэдрэмж шаарддаг ажил болохыг ухаарсан юм. Тэр ч утгаараа сургууль соёлоо дүүргэчихээд, буцаж ирээд морио уяна гэсэн зорилго тавьж буцсан.
    Тэр зорилгоо ч биелүүлжээ?
Тийм ээ, зорьсон бүхэн маань эхнээсээ биелээд л  сайхан байна.
    Нэгдэл нийгэм гээд хувийн өмчийг нийтийнх болгосноос хойш адууны удам угшлыг мэдэхэд их бэрх болсон доо. Та ингэхэд хаанаас ямар угшилтай хүлгүүд авч адууныхаа цусыг сэлбэв?
Баянцагааны наадамд наймаар давхиж, сумандаа түрүүлж байсан тэр халтар дааганы удам одоо манай өөрийн адууны удам угшил болоод явж байна. Энэ ч утгаараа манайх халтар голдуу адуутай.
Мөн би хамгийн анх Гарамжав гуайнхны Үст хүрэн азарганы төлийн төл болох хүрэн азаргыг авч байлаа. Энэ хүрэн азарга маань нийтдээ хорь гаруй айраг түрүү хүртсэн нь надад маш их баяр бахдал, урам зоригийг өгч билээ. Түүнээс хойш нэлээд адуу авсан. Хамгийн сайхан хурдалж байгаа нь хонгор халзан азарга байна. Эцэг тал нь Улсын баяр наадамд зургаалж байсан Энхболд гэдэг найзын маань Өсгий цагаан хар азарга. Эх нь Налайхын Батсайхан гуайн Жаргалант угшилтай хонгор халзан гүү. Миний адууны удам угшил энэ л сайхан буянуудаас эхлэлтэй дээ.
    Хонгор халзан азаргаа хэзээ авсан бэ?
Хонгор халзан азаргаа шүдлэнд нь авсан юм. Тэр жилдээ Дундговь аймагт зохион байгуулагдсан Төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Хязааландаа улсын баяр наадамд зургаалаад, Даншиг наадамд аман хүзүүдсэн. Соёолонд нь уралдуулж чадаагүй. Энэ жил хавчиг азарга “Дүнжингаравын хурд”-д 27, 28-аар давхиж, Багануурт болсон төвийн бүсийн уралдаанд тавлалаа.
    Уяачдын хүсэл нь төрийн наадамдаа үгүй юм аа гэхэд төрийн зарлигтай уралдаануудад хурдан хүлгийнхээ тоосыг өргөх байдаг. Та ч төрийн зарлигтай наадмуудад одтой л нааддаг хүн дээ?
Тийм ээ, миний хонгор халзан азаргаас гадна Төв аймгийн Шинэн гуайнхны адуунаас авсан хүрэн морь болон унаган зээрд морь маань ноднин Говь-Алтайд болсон баруун бүсийн урадаанд 11-ээр давхиж, өмнө нь Увсад болсон бүсийн уралдаанд наймлаж, одоо хавчиг морь урамтай сайхан хурдалж байгаа.
    Азарга, их насны морьдынхоо томоохон амжилтуудын талаар сая ярилаа. Одоо хоёулаа бага насны адуунуудынхаа болон сум орон нутгийн наадмуудын бусад амжилтуудаас товч ярилцах уу?
За тэгье ээ. Миний анх авсан хүрэн азарганы төл, зээрд морины маань дүү одоо соёолон болж байна. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас авч ирсэн гүүнээс гарсан юм. Тэр маань ноднин шүдлэндээ Баянхонгор аймгийн баяр наадамд айргийн дөрөв, Төв аймгийн наадамд зургаа, даагандаа Налайхын наадамд дөрөв гэх мэт өөр бусад сумдын наадмаас ч олон айраг, түрүүг аваад байна. Цавьдар үрээ маань Төв аймаг болон аймаг, сумдын тэгш ой нэлээд хэд тохиоход тэдгээрт олон ч айрагдсан даа.
Дээр дурдсан морьдоос гадна сайхан давхиж байгаа хавчиг загал морь, цавьдар үрээ, хар үрээ гэх мэт олон сайхан хурдан буянгууд маань жилийн жилд л сум орон нутагтаа наадаж айраг түрүүг алдахгүй сайхан наадаж байна.  
    Уяачид хамгийн түрүүнд нутагтаа наадаж, аавынхаа нэрийг гаргая гэж хүсдэг юм шиг ээ. Ингэхэд та анх хаана наадаж байв?
Тэгэлгүй яах вэ, тэр ч утгаараа би жил бүр нутагтаа наадахаас гадна ах дүүсээрээ Баянжаргаландаа  Бурхан багшийн Их бодь суварга барьсан юм. Түүнийхээ нэрээр жил бүр уралдаан зохион байгуулдаг. Өнгөрсөн онд найм дахь удаагаа зохион байгууллаа. Хүмүүс ч их цугладаг. Наадам ч жилээс жилд өргөн болж байгаа. Тиймээс энэ жилээс тэр наадмаа Төв аймгийнхаа зүүн бүсийн ч юм уу уралдаан болгох бодлыг дотроо тээж явдагдаа.
    Морин уралдаан улам л мэргэшээд байна. Энэ спортын ам бүлд багтахын тулд адуугаа сайжруулах, цус сэлбэж, шинэ цагийн адуу үржүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна гэж уяачид маань ярих болжээ. Та шат шатны уралдаануудад морьдоо мордуулдаг хүний хувьд үүнд бас анхаарал хандуулдаг л байлгүй?
Тэгэлгүй яах вэ. Би ч бас шинэ цагийн адууны үржил, хөгжлийг дэмжиж байгаа. Энэ чиглэлээр тодорхой зорилтот  шинэ цагийн адууны үржүүлэг ч явуулах төлөвлөгөөтэй байна.
    Адуун хийморьт шүтсэн он жилүүддээ хэзээ хамгийн их баярлаж, догдолж байв?
Жил бүрийн наадмаар баяртай байдаг. Хүйн долоон худагтаа гэрээ барьсанаас наадам өндөрлөх хүртэл л сэтгэл өөдрөг сайхан байдаг. Сүүлийн хэдэн жил манай морьд арвын дотор л давхиж байна. Морь айрагдчихвал бүр ч их баярлана. Хамгийн гол нь уламжлалт их баяраараа монгол түмний хэдэн зууны өв соёлыг хадгалсан морь, морин уралдаанаар наадаж, үр хойчдоо энэ сайхан ёс заншилыг үлгэрлэн харуулж байгаа нь л хамгаас сайхан шүү дээ.
    Ахан дүүсээрээ морь уядаг болохоор морьдоо хуваагаад,  уралдаануудаа хуваарилаад л гарцгаадаг байх даа?
Уралдаануудаа хуваарилаад л гарч өгнө шүү дээ. Би сүүлийн дөрвөн жил улсад наадлаа.
    Хонгор халзан азаргыг тань хэн уядаг вэ?
Манайх хоёр, гурван уяачтай. Төв аймгийн Ч.Энхболд ах маань уяж байгаа.
    Та энэ жил Засгийн газрын тогтоолт наадмаас хоёр дахь айргаа авав уу?
Тийм ээ, өмнө нь 2014 онд Дундговийн төвийн бүсийн уралдаанд хонгор халзан аман хүзүүдэж байсан. Орон нутаг, аав ээжийнхээ нэр усыг гаргаж явах л бүх эрчүүдийн хүсэл эрмэлзэл байдаг байх.
    Дундговийн төвийн бүсийн уралдаанаас айраг хүртэхэд аав, ээж тань байсан уу?
Байгаагүй. Тэр үед “Аав, ээж минь байсан ч болоосой” гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан шүү.
    Ер нь морьдоо мордуулах үед юу бодогддог вэ?
Морь, хүүхэд хоёр эсэн мэнд ирэх учиртай. Уралдаан ямар нэгээр дуусах биш, айрагдаж түрүүлээгүй байлаа ч дараагийн уралдаандаа хэрхэн уях тухайгаа эрэгцүүлнэ.
Баянжаргаландаа дөрөв уралдаж, хоёр түрүүлж, хоёр айрагдсан загал морь бий. Сүхбаатар аймгийн Асгатаас авч ирсэн юм. Хойтон жилээс улс, бүсэд уралдуулах бодолтой байна.
    Гэр бүлийн нэг гишүүн л хурдан морь сонирхохоор гэрийнхэн дагадаг. Танай гэр бүлийн хүн, үр хүүхдүүд моринд хэр сонирхолтой болж байна вэ. Аль нутгийн хүн бэ?
Миний гэргий Сэлэнгэ аймгийн уугуул хүн. Сүүлийн үед нэлээд сонирхолтой болоод байгаа шүү. Морь малыг ер нь мэддэг ч үгүй хүн байлаа. Надтай сууснаас хойш тэр морь тийм байна, энэ морь ивлэчихсэн байна гэж яриад байгаа юм. Одоо бол адууг тоонд нь биш, чанарт нь барих ёстой юм байна гэсэн санал хажуугаас хэлэх маягтай болчихоод байгаа.
Хүүхдүүд маань ч бас адуунд их дуртай. Том хүү маань багадаа хурдан морь унаж байсан. Одоо Солонгост оюутан. Сургуулиа төгсөж ирээд морины уяа эвлүүлэх байх. Би ч уяулна л гэж байгаа.
    Хүүхдүүдийнхээ нэр дээр зүслэсэн адуу илүү хурдлаад ч байх шиг. Сувдан зээрд, Дөлгөөн хонгор гэдэг шиг хүүхдийн нэртэй адуу, эсхүл уралдаанч хүүхдүүдийн оноосон нэртэй морь илүү хурдлаад байх шиг ажиглагддаг. Та хүүхдүүддээ морь зүсэлдэг үү?
-Зүсэлнэ ээ, дуртай нэг нь аваад явна биз. Нээрээ л хүүхдүүд нэрийг нь өгсөн адуунууд хурдлаад байх шиг санагддаг шүү. Жишээ нь, бүсийн уралдаанд 11-ээр давхисан зээрд морийг манай уралдаанч хүүхдүүд “гүзээ” гээд нэрлэчихсэн. Түүнээс хойш Гүзээ зээрд гэдэг болсон юм. Нөгөөдөх нь гүзээгээ чирчихээд жигтэйхэн хурдан. Бид ч бас “Хүүхдүүдийн өгсөн нэрийг өгмөөр юм байна” гэж ярьдаг юм.
    Чин сэтгэлийн яриа өрнүүлсэн танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үе удмаараа өнө мөнхөд ивээгдэж яваарай.

ТОД МАГНАЙ  сэтгүүлТөв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна