ЭГЭЛ БОРГИЛ АТЛАА ЭРХЭМСЭГ НАНДИН
БИД ЗӨРЖ УЧРААГҮЙ, ЗӨНГӨӨРӨӨ Л УЧИРСАН
Цөн түрж буй голын тохой, цас захлан цухуйх нялх яргуй, хүмүүний сэтгэл шиг цэлгэр уудам тал нутаг, уулсын тэргүүн дээгүүр суунаглан нүүх сэмжин цагаан үүлс, өндөрлөг дээрээс алган дээр байгаа юм шиг харагдах тэгш талын дунд тааваараа идээшлэх адуун сүрэг, ган дөрвөн туурайгаараа газар цавчлан молор эрдэнийн толгойгоо хаялан дүүхэлзэх Асгат саарлын удам...
Ажил үйлс, амьдрал ахуйгаа адуун хийморьтоо даатган залбирч, умарын нүүдэлчдийн хэдэн зуун дамжсан өв соёлыг дэлхийн тавцанд дархалж яваа уяачдын өнөр бүл... Зогсоо зайгүй хүмүүс орж гарцгааж, хурдан морины тухай яриа хөөрөө дэлгэх бөгөөд гал тогоо хавиар хүүхдүүд нь бужигналдаж, гэргий нь аагтай цай үйж, амтат хоол аягалан зочдодоо барих... талын монгол айлын амар амгалан нэгэн өглөө ийнхүү эхэллээ. Амар амгалан өглөө хийгээд өглөөний амар амгаланг мэдрэх л гэж энэ айлд зочлон саатсан мэт санагдахуйд монголчууд эрхэмсэг нандин, эгэлгүй сайхныг чухам яагаад “эгэл боргил” гэдэг тоймдуухан үгээр орлуулан нэршүүлснийг сая л ухаарав. Ухаарал, уяралаас үүдэлтэй ч юм уу, илэн далангүй урт яриа дэлгэхээсээ өмнө “Хатангоо” булангийнхаа эрхэм зочны талаар эргэцүүлэн бодох, эвцэлдүүлэн дүгнэх зүйлс цөөнгүй байлаа. Учир юу хэмээвээс, энэ удаагийн эрхэмсэг Хатангоо маань Монголын эгэл даруухан гэр бүлүүдийн нэг болох Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн гэр гийгүүлэгч Д.Эрдэнэчимэг билээ.
Дашдоржийн Эрдэнэчимэг нийтийн хоолны технологийн инженер мэргэжилтэй. “Макс” группийн “Берлинбургер” хоолны сүлжээний зөвлөх, мөн Монголын “Хоол урлахуй” нийгэмлэгийн тэргүүн. Улаанбаатар хотын унаган бүсгүй. Энэ ч утгаараа ханьтайгаа ханилсан цагаасаа л морь мал, хөдөөгийн амьдралтай танилцсан аж. Өдгөө тэрбээр “Хөдөөгийн амьдрал, тэр дундаа уяачийн гэргий байхын сайн сайхан бүхнийг эдэлж явна” хэмээн сэтгэл бахдан ярьж сууна.
Гэвч Д.Эрдэнэчимэг монгол л хүн болсон хойно монгол түмний хэдэн зууныг дамжин уламжлагдсан морь, түүнийг дагасан өв соёлоос яахан хол тасархай байх билээ. Түүний аав Дашдорж Ховд аймгийн Чандмань сумын харьяат бөгөөд өвгөн аав нь уяач хүн байжээ. Дашдорж гуай бусад хүүхдүүдийн нэгэн адилаар аавынхаа уясан морийг унаж өссөн бөгөөд “Олон жил морь унасан хүүхэд, олон жил уягдсан морь хоёр хэцүү. Уяагүй жил өөрөө өөрийгөө сойгоод зогсож байгаа морь, уяагаа сахиад зогсож байгаа хүүхэд хоёр хэцүү л харагддаг юм” хэмээн ярьдаг байсан аж.
Харин ээж нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул. Үндсэндээ бол Д.Эрдэнэчимэг ээжийнхээ нутагт бэр болон очжээ.
Дашдорж гуай 10 настайдаа, ээж нь худалдааны техникумд суралцаж байхдаа Улаанбаатар хотод ирж суурьшсан агаад оюутан ахуйдаа цэргийн хотхонд волейбол тоглож байгаад танилцан, дотносчээ. Д.Эрдэнэчимэг тэдний дөрөв дэх хүүхэд бөгөөд ах, эгч, хоёр эрэгтэй дүүтэй.
Он цагийн хүрд аажуухан эргэсээр хилийн чанадад суралцаж байсан Д.Эрдэнэчимэгийг тус улсад ажлын шугамаар очсон Д.Цэрэнжигмэдтэй танилцуулсан юм. Тэрбээр дөлгөөхөн зантай, жижигхэн шар залуутай 1988 онд танилцаж, ганцхан жилийн дараа амь, амьдралаа нэгтгэж, хойтон жил нь анхны нуган үрээ өлгийдөж авчээ. Нийтлэлийн маань баатар энэ тухайгаа “Би ханьтайгаа зөрж учраагүй, зөнгөөрөө л учирсан гэж боддог” хэмээгээд цаанаа л таатай зөөлөн инээмсэглэж сууна. Нөгөөтэйгүүр, “Хоёр талын аав, ээж нар маань “Хүн юу тарина, түүнийгээ л хураадаг” гэсэн сэтгэхүйгээр биднийг хүмүүжүүлсэн. Тэр хүмүүжил буруудаагүй учраас л өдгөөг хүртэл биднийг сайн сайхан руу замчилж яваа байх гэж боддог” гэх нь “хүмүүжил маань зөрөөгүй учраас бид хоорондоо сайхан нийцдэг юм” гэсэнтэй агаар нэг сонсогдов. Учир юу хэмээвээс, дийлэнхи хосуудын дунд гардаг бэрхшээл нь “Гэр бүлийн үзэл хийгээд хүмүүжил” мэт санагддаг юм. Өөрөөр хэлбэл, эрс тэрс үзэл бодол, хүмүүжилтэй хүмүүсийн сэтгэл эвлэсэн ч амьдрал нь эвлэж өгдөггүй. Харин ижил төстэй үзэл бодолтой хүмүүсийн сэтгэл, амьдрал хоёр эвийн хос загас шиг л төгс эвлэдэг гэлтэй. Магадгүй, хоёр талын аав, ээжүүд нь хүүхдүүддээ олгосон хүмүүжилд эргэлздэггүй учраас Д.Цэрэнжигмэд, Д.Эрдэнэчимэг нарыг өрх тусгаарлах, амьдралаа зохиоход төдийлөн “илүү хошуулаагүй” ч байж мэднэ. “Учрах тавилантай хүмүүс учирч, болох ёстой зүйлс болдог” жамаар залуу хосын амьдралын зам ч ёстой л зураг төөргийнхөө дагуу нийлчихсэн гэлтэй. Сүрхий хоёр биенийхээрээ орж гарч, аав ээжээсээ зөвшөөрөл авч гүйгээгүй ч нэг л мэдэх нь ээ, нэгэн дээвэр дор нэгдэж, дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болжээ. Тэд ууган хүүгээ төрүүлчихээд аавындаа хэдхэн сар амьдраад Сансарт хоосон хоёр өрөө байранд хамтын амьдралаа эхлүүлжээ. “Тухайн үед нийгэм, хүмүүсийн сэтгэхүй ч их өөр байжээ. Одоо бол бүсгүйчүүд “Энэ хүнтэй гэрлэвэл надад ямар ашигтай вэ?” гэдгийг тооцоолж байж ханиа сонгож байна. Бидний үед бол “Энэ хүн цаашид амжилтанд хүрэх үү, баяжих уу” ч гэж бодолгүй, зөвхөн сэтгэлийнхээ дуудлагыг л дагадаг байлаа шүү дээ” гэсэн хоёрхон өгүүлбэрээр тэрбээр заяаны ханиа хэрхэн сонгосноо товч бөгөөд тодорхой тайлбарлав. Сэтгэл зүрхний дуудлага нь ч түүнийг буруу сонголт руу хөтлөөгүй гэдгийг бид одоо бэлхнээ харж байгаа билээ. Чухамдаа бол “Буянтай эмэгтэйд бурхан сайн хань заяадаг” гэдэг л Д.Эрдэнэчимэгийн амьдралд биеллээ олсон бололтой. Мэдээж “Сайн ханьтай учирна гэдэг эмэгтэй хүний хувьд аз жаргалынхаа 90 хувийг олж байгаа” хэрэг.
Д.Эрдэнэчимэгийн хувьд хүний гэргий болж, хоёр хүүхдийн ижий болоод эзэмшсэн мэргэжлээрээ тун богино хугацаанд ажилласан ч “Мэргэжлээрээ ажиллаж амжсангүй, хамт олонтой болсонгүй” гэж гомдоллодоггүй. Ямар ч халуун дотно хамт олноос дутахгүй дулаахан уур амьсгалыг гэр бүлээсээ мэдэрдэг учраас л тэр биз ээ. Хожим тэрбээр амьдралын шаардлагаар ШУТИС төгсөж, нийтийн хоолны технологич инженер мэргэжил эзэмшжээ. Ийнхүү хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргээс нөхрийнхөө эхлүүлж буй хувийн бизнест туслах үүрэг рүү тэр зөнгөөрөө л шилжсэн байна. Эхний жилүүдэд тэрбээр ТҮЦ-нд хуушуур зарж, Хүүхдийн номын санд Цайны газар ажиллуулж, бизнесийн салбарт эзлэх орон зайгаа бүрдүүлэх оролдлогуудыг хийж байжээ. Ийнхүү уйгагүй зүтгэсний эцэст 1996 онд социализмын үед “58 дугаар гуанз” гэж нэрлэгдэж байсан газрыг өмч хувьчлалаар авч, одоогийн “Берлинбургер”-ийг байгуулсан юм.
Д.Цэрэнжигмэдийг морь сонирхон уяж эхлэхэд гэргий Д.Эрдэнэчимэг нь эцэг, эхээс олгосон хүмүүжлээрээ бас л илүү хошуулж, элдэв шүүмжлэл хэлсэнгүй. Магадгүй, “Бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд морь уяна, тэднийхээ хиймориор хийморио сэргээнэ гэдэг маш том амралт болдог”-ийг ойлгож ухаарсан учраас битүүхэндээ дэмжиж суусан ч байж мэднэ. Нөгөө талаар “Морь уяна гэдэг эр хүний асуудал. Эмэгтэй хүн энэ асуудалд оролцоод байх шаардлагагүй” гэж боддог учраас зөвхөн сайн ар тал байхыг л хичээсэн биз ээ.
Заяа тавилангийн хүрд аажуухан эргэсээр Д.Эрдэнэчимэг ч бас морь руу уусан орж, 2001 онд анх удаа уяачийн гэргийн журмаар наадмын талбайд очиж байжээ. Тэгэхэд худалдаж авсан гэрээ Яармагийн дэнж дээр цэмцийтэл барьж, 20 литрийн тогоогоор дүүрэн лапша хийж, аагтай цай чанаад орж гарсан хүмүүст өдөржин үйлчилж байснаа тэрбээр одоо ч тодоос тод санадаг аж. Магадгүй, эндээс л уяачийн гэргийд “санаа зовох асуудал их” гэдгийг ойлгож ухамсарлаж эхэлсэн болов уу. Гэвч Д.Эрдэнэчимэг тэр бүхэнд түүртэж төвөгшөөж байсан удаа үгүй. Харин ч хүний, өөрийн нийлсэн 14-15 уралдаанч хүүхэд, туслах уяачид, тусалж дэмжиж байгаа гэр бүлүүдтэй эгэл даруу, эелдэг боловсон харилцаж, ээжийн ёсоор санаа тавина. Түүгээр ч зогсохгүй, өөрийн гараар шарсан тахиа, солонгос хоол хийж өгч уралдаанч хүүхдүүдээ баярлуулах дуртай. Хүүхдүүд нь ч түүний хийдэг хоолны амтанд орчихсон, ирэхгүй удвал хүлээж тэсэхээ болиод утасдаж дуудна, үнэн худал ч хамаагүй шалтаг тоочиж байгаад аваачих арга хэмжээ авна.
Энэ бүхнийг ярьж суухдаа тэрбээр “Хүний хувь заяа гэдэг сонин шүү” хэмээн санаашрах нь эхнээсээ л баяр бахдал, инээд жаргалаар цалгиж байсан бидний ярианд огт өөр нэгэн салхи салхилуулсан юм. Тиймээс ч түүний хөнгөхөн санаа алдалтыг бичигч би бээр сүрхий анзаарсан ч байж мэднэ. Учир юу хэмээвээс, нийтлэлийн маань баатар хотын унаган охин. Аав, ээж хоёр нь амралтаараа хүүхдүүдээ дагуулан хөдөөг зорьдог байж. Гэвч Д.Эрдэнэчимэг ямар ч хувь төөргөөр юм бэ бүү мэд, ямагт хөдөө явахаас хоцорчихоод байдаг байж л дээ. Тиймээс ч эхний жилүүдэд нөхрийгөө дагаж хөдөө явах тун хэцүү санагддаг байсан гэнэ. Тэрбээр хамгийн анх 1997-1998 оны үед хоёр хүүхэд, хадам ээжийнхээ хамтаар нутагт нь очиж, арав хоножээ. Гадаад руу явж байснаас хөдөөг зорьж байгаагүй тэрбээр анх удаа Тээврийн товчоогоор гарч, хөдөө нутгийг зорьсон нь тэр. Өдөржингөө бүхэл мах идэж, өглөө, оройгүй айл хэсэх хөдөөгийнхний амьдралын нэгэн хэвийн хэмнэлийг ажаад “Хүмүүс энд яаж амьдардаг юм бол оо” хэмээн бодож байснаа ч нуусангүй. Сүүлдээ бүр Улаанбаатарын дэлгүүрүүд нүдэнд нь харагдаад, сэтгэл зүйн хувьд хүндхэн л байсан гэнэ.
Гэтэл он цагийн эрхшээл хүмүүнийг дасах ёстой зүйлд нь дасгаж, хийх ёстой бүхнийг нь хийлгэдэг жамаар тэрбээр одоо хөдөө л явахгүй бол тогтож сууж чадахаа больчихсон гэж байгаа. Энэ ч утгаараа нөхрөө дагаж, наадах газар бүрт нь очиж, гал тогоогоо барьж, халуунд нь халж, хүйтэнд нь хөрөөд явж байх нь л түүний хувьд дээдийн жаргал. Тиймдээ ч “Наадам болгон л сайхан. Хэдийгээр эр хүн шиг гүн рүү нь орж, кайф таашаал аваад байдаггүй ч гэр дүүрэн хүмүүс цуглаж, яриа хөөрөө болцгоогоод л, уралдаанч хүүхдүүд маань эсэн мэнд уралдаад ирэх шиг сайхан мэдрэмж хаана байх билээ. Тэр тусмаа азарга мордох өглөө хамгийн сайхан. 11-ний өглөө таван цаг өнгөрөөгөөд л ганцаараа машин дотроо дуу тавьчихаад наадмын талбай руу давхиж явах шиг тансаг таатай мэдрэмжийг өөр хаанаас ч олохгүй.
Байгаль дэлхий хүртэл цаг уурыг нь тохируулчихсан гэлтэй, нэг их сайхан нар тусаад л, бүх зүйл ер бусын амар амгалан болчихдог юм” хэмээн ярихдаа нүд нь гялтаганаж, хацарт нь үл мэдэг ягаан туяа тодорно.
Би хойч үеэ морь малтай зөв зохистой харьцаж сураасай, өвөг дээдсийнхээ үнэт өвийг хайрлаж хүндэтгэн өвлөж аваасай гэсний үүднээс хоёр бага хүүхдийнхээ ангийнхныг хаврын цагаар Өлзийт дэх хаваржаандаа дагуулж аваачдаг юм. Нохой, тугал хоёроо ч ялгахгүй хүүхэд олон байгаа нь даанч харамсалтай. Гэрт орж үзээгүй, өрөм, боорцог идэж үзээгүй хүүхдүүд ч олон байна. Гэвч хоёр удаагийн очилтоор л хүүхдүүд өөрсдөө “явъя, очъё” гэцгээгээд байдаг болчихсон нь бахархалтай. Энэ бүхнийг хараад “Бид ямар том хувь зохиолоор ийм сайхан ахуйн уламжлалтайгаа ойртож ээнэгшсэн юм бэ” гэж өөрийн эрхгүй л бодогддог. Есдүгээр ангийн охин маань л гэхэд хөдөөгийн ажилд гаргуун. Хааяа “Ээж ээ, та уяач хүний гэргий гэхэд адуугаа ч танихгүй” гээд намайгаа шүүмжилнэ. Тэгэхээр нь би “Ээжид нь бүх адуугаа таних шаардлага байхгүй ээ. Саарал азаргаа л таньж байхад болох нь тэр. Та нартаа болон орсон гарсан зочдоо сайхан хоол, цайгаар дайлаад сэтгэл хангалуун гаргах нь л ээжийнх нь үүрэг шүү дээ” гэдэг юм. Энэ мэтээр охин маань хүртэл адуу малын асуудлыг эрэгтэй хүүхэд шиг л сайн мэддэг болсон нь манай гэр бүлийн бас нэгэн бахархал шүү” хэмээн бахдангуй хүүрнэх нь түүнийг аль хэдийнэ уяачийн гэргий, “морины” хүн болсныг гэрчлэх мэт.
ЭГЭЛЭЭС ЭГЭЛ АМЬДАРЧ,
ЭРХЭМСЭГ НАНДИН ОРШИХУЙ
Нийтлэлийн эхэнд өгүүлсэнчлэн ажиллаж буй салбартаа өрнүүн амжилт гаргаж, амьдарч буй эрин үедээ өөрийн гэсэн тод мөрийг үлдээж яваа Монголын тэргүүлэгч гэр бүлүүдийн нэг нь Д.Цэрэнжигмэдийнх гэдэгтэй маргах хүн нэгээхэн ч үгүй билээ. Тэр дундаа Тод манлай уяач хийгээд түүний гэргийг эгэлийн эгэл мөн чанартай хүмүүс гэдгийг уулзаж учирсан, танилцаж дотноссон хүн бүр л ам уралдан ярьцгаадаг юм. Д.Эрдэнэчимэгтэй уулзан ярилцаж суухад ч тэдний байгаа бүхэндээ сэтгэл хангалуун эгэл боргилхон амьдралын дүр зураг нүдний өмнө илхэн байлаа.
Гэвч эгэл боргил гэдэг бол юу ч бодож сэтгэхгүй, амьдралыг бүтээгч нэгний зурсан зургийг даган урсгалаараа урагшилдаг хэнэггүй, хээгүй занг хэлдэггүй. Д.Цэрэнжигмэд, Д.Эрдэнэчимэг нар ч амьдралаа дээшлүүлж, зорьсондоо хүрэхийн төлөө цаг тутам шинийг сэтгэж, өдөр шөнийг ялгалгүй хөдөлмөрлөсний эцэст өнөөгийн амжилтандаа хүрсэн билээ. Тэр дундаа нэртэй төртэй эрчүүдийн эхнэрүүд нь хүртэл нөхөртэйгөө зэрэг дэв, алдар хүнд булаалдах болсон цагт гэргийн үүргээ нэр төртэй биелүүлж, өөрийнхөө л орон зайд чимээгүйхэн амьдардаг цөөхөн бүсгүйн нэг нь Д.Эрдэнэчимэг билээ. Гэлээ ч тэрбээр санахаа ч санаж, хэлэхээ ч хэлчихдэг, шулуухан зантай нэгэн аж.
Дээр дурдсанчлан “Уяачийн гэргийд санаа зовох зүйл цөөнгүй”. Тэр л жаягаар Д.Эрдэнэчимэг хатагтай ч бас морин спортын хөгжил дэвшил, түүнийг дагасан соёл, ёс зүй хийгээд уяачдад тулгамдаж буй асуудлуудын талаар санаагаа чилээж л суудаг бололтой. Тухайлбал, тэрбээр хурдан шандаст хүлэг нь төрийн наадамд торгон жолоо өргүүлэхэд эхнэр, хүүхдүүдийг нь Төв цэнгэлдэхийн хаалгаар оруулахгүй, хорьж цагддагт багагүй сэтгэл эмзэглэдгээ ч нуусангүй. Нөгөөтэйгүүр, “Уяачийн гэргийн үүрэг бол морины амжилтад санаа зовних бус уралдаанч хүүхдүүддээ анхаарал халамж тавих явдал юм” гэж боддог. Энэ ч утгаараа уралдаанч хүүхдүүдийнхээ ахуйн хэрэглээ болоод сэтгэл зүйд тун их санаа тавьж, эгч, ээж шиг нь халамжлахын зэрэгцээ сэтгэл зүйч шиг л зөвлөж, багш шиг нь зааварлан, зорилгынх нь оргил руу замчилдагаас нь бусад уяачдын гэргий нар ч үлгэр дуурайлал авдагаа нуулгүй илэрхийлцгээж байсан. Гэвч Д.Эрдэнэчимэг бас л өөрийн үүргээ давуулан магтахыг хүссэнгүй, харин түүний оронд олон мянганыг дамжин уламжлагдаж ирсэн нүүдэлчдийн байгаль дэлхийгээ хайрлан хүндэтгэх их өв соёл, ёс суртахууныг хэвээр хадгалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийн төлөө сэтгэлээ чилээж, хийж чадах бүхнээ ч хийсээр яваа нэгэн.
Түүнчлэн “Ааг омог нь дэвэрсэн ч юм уу, мөнгө санхүү нь илүүдсэн хүмүүс адуу малаар наадаад байна гэсэн шүүмжлэлийг би хувьдаа эсэргүүцдэг. Түүний оронд уяачид хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, сэтгэл зүрхээ монгол түмний сайн сайхны төлөө хийгээд өвөг дээдсийнхээ өвлүүлж үлдээсэн их уламжлалыг сэргээн бадраахад зориулж яваа гэдгийг нийгэм маань зөвөөр хүлээн аваасай, тэднийхээ амжилтаар бахархаж дэлхийд омогшоосой гэж хүсдэг”-ээс нь харахад л эгэлийн эгэл амьдрахын цаана ямархан эрхэмсэг нандин оршихуй нуугдаж байдаг нь илэрхий байлаа.
ТОД МАГНАЙ СЭТГҮҮЛ №97 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна