“Гурван хүрэн” МСУХ-ны дэд тэргүүн, сумын Алдарт уяач Л.ЭРДЭНЭБААТАР: Эр хүн сайн адуу авч өөрийгөө улам чангалах ёстой юм билээ

Сэтгүүлч
2018 оны 8-р сарын 30 -нд

-Эрдэнэ сумын “Гурван хүрэн” МСУХ-ны үүсгэн байгуулагчдын нэг нь та. Энэ ч утгаараа холбоо үүсгэн байгуулагдсан үүх түүхээс яриагаа эхэлье гэж бодлоо?
-Бидний хайрлаж хүндэтгэж явдаг Г.Пунцагбалжир агсан, Галын Баттөмөр гуай, Даваахүү гуай, Онон зэрэг хүмүүс Боржигоны бор талд адуучны бор гэрт морины тухай ярилцаж байгаад ММСУХ-г үүсгэн байгуулсан түүхтэй. Харин манай Эрдэнэ сумын МСУХ-ны хувьд тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан, малын их эмч Батсүмбэр үүсгэн байгуулж, тэргүүнээр нь сонгогдон,  миний бие нарийн бичгийн даргаар ажиллах болсон юм. Улмаар 2000 онд сумынхаа МСУХ-г “Гурван хүрэн” хэмээн нэрийдэхээр тогтож, миний бие тэргүүнээр, тухайн үед сумын орлогч даргаар ажиллаж байсан Энхбат дэд тэргүүнээр сонгогдсон. Үүнээс хоёр, гурван жилийн дараа тэргүүлэгчдийн хурлаар бид хоёр албан тушаалынхаа байрыг сольж, дараагийн хурлаар нэгдүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан, аймгийн Алдарт уяач Нэргүйн Мөнхбат тэргүүнээр, би дэд тэргүүнээр улиран сонгогдсон. 2014 оны уяачдын хурлаас манай нутгийн уугуул, ХАА-н дэд сайд асан Цэвэгдоржийн Тувааныг тэргүүнээр сонгож, би дэд тэргүүнийхээ ажлыг үргэлжлүүлэн хийж байсан. Одоогоор С.Гэсэрваань Манлайн зээ хүү Ш.Гэрэлт-Од тэргүүнээр, Н.Энхбат дэд тэргүүнээр сонгогдож ажиллаж байна.
“Гурван хүрэн” МСУХ-ны үүсгэн байгуулагдсан түүхийн хувьд бид аймгийн болон улсын МСУХ-ны дүрэм журмыг харж байгаад өөрсдөө дүрмээ боловсруулж, батлуулсан. Бид өнгөрсөн хугацаанд морь, хүүхэд, уяач гурвын эрх ашгийг хамгаалах, нутгийн уяачдынхаа хөдөлмөрийг улс даяар үнэлүүлж, цол авах, уралдаанч хүүхдүүддээ ч мөн цол урамшуулал олгох, сумын онцгой хурдан хүлгүүдээ гадагш нь гаргаж, улс, бүсийн чанартай уралдаануудад оролцоход нь дэмжлэг үзүүлэх зэрэг уяачдын холбооны үндсэн зорилгод нийцсэн ажлуудыг хийсээр ирсэн. Мөн бид Засаг даргын Тамгын газар, сумын удирдлагуудтайгаа нягт хамтын ажиллагаатай ажиллаж, сум орон нутагтаа морин спортыг хөгжүүлэх үйлсэд хамтран зүтгэж байна.
Манай сум өмнө нь дөрөв, таван аймгийн Алдарт уяачтай байсан бол холбоо байгуулагдсанаас хойш аймгийн Алдарт уяач цолтон 10 гаруй нэмэгдлээ. Манай сумаас хамгийн анх 11 хүн Улсын Алдарт уяач цол хүртэхэд 4 номерын үнэмлэх авч байсан Сампилын Гэсэрваань гуай бол манай сумаас төрсөн Монгол Улсын анхны Манлай уяач цолтон юм. Ийм сайхан хөдөлмөрч хүнтэй нэгэн голд морьдоо уяцгааж, үг сургаалийг нь сонсож байсанаараа бид ямагт бахархдаг. 
Бид одоогоор сумын Алдарт уяач цолны болзол хангасан 40-өөд залуу уяачид цолыг нь гардуулж өгөөд байна. 
-Эрдэнэ сумын хэмжээнд одоогоор хурдан морины уяа сойлго тааруулдаг хичнээн хүн байна вэ?
-Ерөнхийдөө 200-гаад хүн уяж байгаагаас тогтмол уяж байгаа нь 100 гаруй хүн байна.  Манай сумын баяр наадамд л гэхэд 170-180 морь уралддаг.
-Эрдэнэ сумын дээхнэ үеийн алдарт сайн хүлгүүдийн угшилтай адуунууд одоо ч хурдалсаар л байгаа байх?
-Тийм шүү. 1960 хэдэн онд манай сумын гурван хүрэн азарга улсын баяр наадамд түрүүлж айрагдаж байсан талаар адуу судлаач, доктор 
А.Баярмагнай гуай “Түмний эх” гэдэг номдоо бичсэн байдаг. Тэд нь С.Гэсэрвааний хүрэн, Багаагийн Александрын хүрэн, Жадамбын Найдангийн хүрэн гурав юм. Тэдний үр төл нь одоо өсөж үржсээр, эздийнхээ нэрсийг орон даяар цуурайтуулсаар л байна. 
Үүний дараа 1988 онд Галсаннамжилын Даваасүрэнгийн улсын наадамд аман хүзүүдсэн сайхан хонгор азарга гарч ирсэн. Тэр хонгор азарга нь Баяндэлгэрийн Санжаа даргын хээр буюу хүүхдүүдийн халтар азарганы удам. Хонгор азарга Баяндэлгэр, Эрдэнэ сумын 60 жилийн ой, мөн улсын баяр наадамд аман хүзүүдэж, сумандаа олон удаа айрагдаж, түрүүлэн «Одон хонгор» хэмээн алдаршсан юм. Түүний үр төлүүд болох Дөнөн хонгор, Сартай хонгор, Макс Ганбаагийн Жигүүр хул, Сэргэлэн сумын Хэрлэнгийн хоёр хонгор зэрэг улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүдийг морь сонирхогчид андахгүй биз ээ. Үүнээс гадна  Эрдэнэ, Баяндэлгэр, Архуст сумдад түрүүлж, айрагдсан 10 гаруй хурдан азарга гараад байна. 
-Удам дамжсан уяачид олон бий биз?
-Дээр үеийн уяачдаас Монгол Улсын Манлай уяач С.Гэсэрваань, мөн улсын цол аваагүй ч улсад морьд айрагдуулж байсан “цагаан” Дугар нарын хүүхдүүд одоо бас морь уяцгааж байна. Мөн Багаагийн Александр, Александрын Лхагвасүрэн нарын морьд сайхан давхиж байна. Гурав дахь хүрэн азарганы эзэн Жадамба, түүний дүү шар Найдан, хамар Самбуу, Самбуугийн Дамдингомбо, төрсөн дүү Жамсран, Жамсрангийн дүү халзан Даш, Малийн Бат-Очир, Хоролын Дэмбэрэл, Ишгэнхорлоо, арзгай Бадрах, Н.Гочоо, Б.Цэгмид, Х.Дашзэгвэ, Д.Ганжуур, П.Ичинхорлоо гээд сайхан хөгшчүүл байлаа. 
Дунд үеийн уяачдын төлөөлөл болсон Гочоогийн Хийл, Багаагийн Александр, Содномцэрэнгийн Сүхбаатар нар бидэндээ үг сургаалаа хайрлаад л сууж байна. Мөн Содномцэрэнгийн  Дүүдийхүү,  С.Дүйсээ, Чиндээний Жамъянсүрэн, Очирын Лхасүрэн, Цагаанбандийн Рүүжин, Дэмчигийн Цогтжаргал, С.Загдгарав, Намбарын Тэрбиш, А.Авилбай, Б.Сэргэлэн, Г.Өлзийбат гэх мэт олон сайн уяачийг нэрлэж болно. Миний хувьд С.Сүхбаатар, С.Даш,  Б.Алагаа ах зэрэг олон сайхан хүмүүсийн дэргэд өсч, моринд дуртай болсон бөгөөд нагац ах «мацаан» хэмээх Жамба өвгөн намайг өдий дайны уяач болгосон. Энэ хүн ганц намайг гэлтгүй хамаатан садангийнхаа 20-иод айлыг удирддаг мундаг өвгөн байлаа шүү дээ. Тэгж л биднийг мал маллах, морь уях дөртэй болгосон юм. 
-Таны үеийнхнээс нутгийнхаа нэрийг гаргаж байгаа сайн уяачид гэвэл хэн, хэнийг нэрлэх вэ?
-О.Цогтсайхан, П.Жаргалсайхан, Г.Бий-Эрдэнэ, Г.Энхжаргал, М.Лхагвасүрэн, Б.Нямдорж, Тогтохбаатар, Б.Самдан, Ц.Батболд, Г.Болд, бидний дараа үеэс Н.Мөнхбат, Ш.Гэрэлт-Од, Нацагдоржийн Мөнх-Эрдэнэ, Лхагвасүрэнгийн Даваадорж, Цолмон, Намсрайн Золзаяа, Жаргалсайханы Даваадалай, Алтангэрлийн Бат-Эрдэнэ, Дашцэрэнгийн Гэрэлт-Од, Загдбазарын Гэрэлт-Од, Базарын Жаргалсайхан, Жанчивын Хадбаатар, Жамъянсүрэнгийн Эрдэнэбаатар, Х.Нямтөмөр, Л.Мягмардорж, Б.Отгонсүх, А.Аскар, Д.Берболд, Ц.Доржсүрэн, Г.Батжаргал нарын залуучууд  морьдоо сайн уяж, хурдлуулж байна.
-Уяач хүн морь шинжиж танихаас эхлүүлээд хурдлуулах, эмгэг засах, адуугаа хайрлах, хамгаалах, залуучууддаа зааж зөвлөх гээд олон зан чанараараа нутгийнхандаа үнэлэгддэг юм болов уу гэж боддог. Таны хувьд нутгийнхаа ахмад уяачдаас хэнийг нь илүү үнэлж хүндэтгэдэг вэ?
-“Цагаан” Дугар гуай, Манлай уяач С.Гэсэрваань, “Чаа” хэмээх Лхасүрэн гуай нар хамгийн түрүүнд санаанд бууж байна. Өөртэйгөө арай ойр, айл саахалт байсан учраас тэр биз ээ. Миний мэдэхгүй сайн уяачид ч манай нутагт олон бий. Жишээ нь, улсад морь түрүүлгэж байсан “сахал” хэмээх Болд гуай, өндөр Цогоо, М.Хишгээ, М.Нэргүй гуай, Цэрэндорж, Ар, Өвөржанчивлангаар нутагладаг олон уяач бий. Би тэдэнтэй ойр дотно байгаагүй болохоор их зүйл ярьж мэдэхгүй байна.
-Хоёулаа нутаг орныхоо шандаст хүлгүүд, сайн уяачдын талаар багагүй ярилцлаа. Одоо Эрдэнэбаатар гэдэг хувь хүний амжилтын талаар ярилцъя?
-За тэгье.
-Та ч бас удам дамжсан уяач уу?
-Миний аав Лувсан морь уяж байгаагүй юм билээ. Намайг долоо, найман настай байхад л бурхан болсон. Бид ээж, эмээ хоёртойгоо өнчин хоцорсон. Нэгэн үе нэгдлийн мал маллаж байгаад сумын төв рүү орж ээж маань сургуулийн болон эмнэлгийн тогоочоор тэтгэвэрт гартлаа ажилласан. 
Ээжийн ах Жамба адуу мал сайтай, хөрөнгө чинээтэй хүн 
байлаа. Бид зуны амралтаараа тэднийд очиж морь унана, хонь хурганд явна. Жаахан томорсоноосоо хойш өвс хадаж, мод чулуунд явж, хашаа хороо барих, хөрзөн ховхлох, мал маллах ажилд нь тусалдаг болсон. Жамба ах бол биднийг дагуулж, хөдөөний ажилд сургасан хүн л дээ. Зуны цагт бүдүүн морь унуулахгүй. Үрээ, байдас л унуулна. Эмнэг даага сургуулна. Тэгээд өвөл, хаврын хахир цагт бүдүүн морьдоо унаж, малдаа явцгаана. Ах маань хурдан морь уядаг байсан тул бид багаасаа морьдыг нь унаж уралддаг байлаа. 
-Ямар, ямар хурдан морь унаж байсан бэ?
-Би ах лам Зундуй гэдэг хүнээс авсан таван цагаантай хээр халзан морийг нь унадаг байлаа. Мөн мангар Цэрэндорж гэдэг хүний их насны зээрд морийг унадаг, хүү Мягмар, охин Гэнэндулам нарыг тавьж өгдөг байлаа. Том биетэй болохоор бага адууны цээжийг авчих гээд байдаг байсан юм. Тиймээс давхил сунгаанд явна, морины ажил хийнэ, адуу манана. Социализмын үед айл бүр цөөхөн хэдэн бодтой байлаа шүү дээ. Жамба ахынх хоёр, гурван азарга адуутай байсан. 
-Жамба ахаас тань өөр морь уяж байсан хүн бий юу?
-Манай ээжийн аав адуучин байсан юм гэдэг. “Дархан Чин вангийн адуучин дэлдэн Дарам, гэзэгт Мандал, бух Дэмбэрэл гэдэг гурван эр байсан. Гэзэгт Мандал нь танай өвөө байгаа юм” гэж Зууны манлай малчин Алтан Мажиг гуай надад ярьж байсан юм. Би өвөөгөө сайн мэдэхгүй. 
Мөн Мөнгөнморьтын наад талд 1000 ламтай Зүүн хүрээ гэж байсан юм гэнэ лээ. Тэр хүрээний дээд зиндааны гурван лам нь миний эмэг эхийн төрсөн ах нар нь байсан гэдэг. Тэдний нэг нь хэлмэгдэлтээс өмнө насны доройтлоор бурхан болж, нөгөө хоёр нь их хэлмэгдэлтээр баривчлагдаж сураг алдарсан. Тиймээс манай талынхан хүргэнээ ламд ч, намд ч ойртуулаагүй гэдэг. 
-Аавыг тань уу?
-Тийм ээ. Тэгээд намайг адуу мал сонирхохоор адуучин хүний охин болохоор ээж маань битүүхэндээ их  баярладаг байсан. Их сургууль төгсөөд ирэхэд манайх арваадхан адуутай. Би физикийн багш хийж, илүү цагийн мөнгө их авдаг байлаа. Үеийн найзууд мотоцикль унаад давхиж байхад би даага, шүдлэн л авдаг. Тэгээд Жамба ахыгаа бурхан болсноос хойш хэдэн адуу ялгаж О.Цогтоодоо тавьж, маллуулж байгаад дараа нь Хийл ахынд аваачиж хэдэн жил болгосон.  Хийл ах, хүү Х.Нямтөмөр нар адууг минь сайхан өсгөж өгсөнд баярлаж явдаг. 1991 оноос багшлахаа больж, хөдөө гарч морио уяж, малаа малласаар 2004 онд 200 адуу тоолуулж Эрдэнэ сумын тэргүүний адуучин болж байлаа. 
-Хаанахын угшилтай адуунуудыг голчлон цуглуулсан бэ?
-Хамгийн түрүүнд Манлай уяач С.Гэсэрваань ахын Дунд хүрний төлүүдээс хоёр хүрэн хонгор азаргатай болсон. Нэг нь манай найз И.Ганбатын хүрэн хонгор азарга. Нөгөөг нь би худалдаж авсан юм. Энэ хүрэн хонгор азарга хаврын наадамд нэг түрүүлж, дөрөв айрагдсан. Хадам аав Ж.Мөнхтогоо, Дашням гуайн адууны хээр халзан гүүг Хулгар хүрэнд тавьж, хоёр хээр азарга гарсны ахыг нь миний хүүд бэлгэнд өгсөн. Энэ хээр азарга төл сайтай байсан бөгөөд нэг голын найз Г.Даваасүрэндээ зарсан. Төл нь одоо хурдалж байгаа Баянжаргалангийн Б.Саранхүүгийн хээр халзан морь юм. Дүү хээр азаргыг нь би хадам ааваасаа худалдан авч,  1991 онд хязаалан сумын баяр наадамд түрүүлсэн нь миний анхны түрүү юм. 
-Өмнө нь уяж байгаагүй адуу юм уу?
-С.Гэсэрваань ах 1989 онд дааганд нь уяад Сэргэлэн суманд түрүүлгэж, улсын баяр наадамд 11-ээр давхиулаад, шүдлэнд нь долоод оруулсан. Тэгээд надад ирсэн. 1991 онд хээр азаргаа суманд түрүүлгэчихээд маш их урам орсон. Түүнээс хойш  морьд маань ч сайхан давхиж, нутгийн найз Даваасүрэнгээс авсан хонгор морь, хонгор азарга хоёр хэд хэд айрагдсан. 1996 онд Эрдэнэ суманд хоёр хээр хязаалангийн нэг нь түрүүлж, нөгөө нь айргийн дөрөвт хурдалж, дараа жил нь улсын баяр наадамд ирж 14, 26-аар давхисан. Энэ дашрамд би П.Ичинхорлоо гуайгаа дурсмаар байна. Учир нь, тэр хүнээс авсан их насны хонгор морь байтай наадамд зургаан удаа айрагдсанаас сумын баяр наадамд нэг түрүүлж, нэг айрагдаж, Архустайн сургууль комбинатын 40 жилийн ойгоор  аман хүзүүдэж, хавар, намрын жижиг уралдаануудад дөрвөн ч удаа айрагдсан. 
-Пунцагбалжир агсны нэрэмжит хаврын уралдаанд айрагдсан нь аль хээр нь вэ?
-Том хээр нь. Би Манлайн адууны угшилтай дөрвөн азаргатай, Баяндэлгэрийн Эмнэг сургалтын спортын мастер “монжиго” хэмээх Дуламсүрэн гуайн адууны хонгор халзан азаргатай байсан. Сүүлд Хэнтийн Мөрөн сумаас Давгын Гэрэлт-Од гэдэг найзаасаа бэлэвсэн хээр, Сүхбаатарын Түмэнцогтоос бор, Дорнодоос аймгийн Алдарт уяач Даш гэдэг хүний адууны угшилтай хонгор азарга тус тус авч тавьсан. 
-Танайхан шинэ цагийн адуу олонтой юм билээ. Танд тэр талаар бодсон зүйл бий юу?
-Түлш эрчим хүчний дэд сайд асан Т.Энхтайван англи азарганы үр, морин тойруулгын эхтэй ухаа халзан азарга өгч, надаас суманд гурав айрагдсан Элбэг хээр гэдэг монгол азарга авсан. 
-Тэр нэрэмжит хаврын уралдааны талаар эргэн дурсвал?
-Г.Пунцагбалжир агсны нэрэмжит наадам сум, суманд ээлжилж болж байсан юм. Баянжаргалан, Архуст, тэгээд Эрдэнэ суманд болсон. Манай суманд болоход нь миний хээр азарга, манай ангийн Б.Баатархүүгийн хонгор морь хоёр айрагдаж, нутгийнхаа нэрийг гаргаж байлаа. Эрдэнэ хайрханы өвөрт болсон тэр наадамд барагцаалбал 300-гаад азарга уралдсан. Г.Пунцагбалжир агсны хүүхдүүд, Манлай уяач Гүрбазарын Батчулуун, Бандгаа Тод манлай, Г.Василь, Ё.Балжинням, Манлай С.Гэсэрваань, шар Найдан ах нар, Н.Загдрагчаа, Б.Пүрвээ, П.Батсайхан, С.Идэрбат зэрэг зэргэлдээ сумын уяач залуу дүү  нар ирж, морь, хүн цугласан сайхан наадам болж билээ. Би тэр жил таван азарга, гурван их насны морь уясан юм. Манай уяан дээрээс мордсон дөрвөн азарга дараалан айрагдаж байлаа. Тодруулбал, Багануурын Лхагвадоржийн хээр түрүүлэн, Баянжаргалангийн Ж.Доржпүрэвийн бор аман хүзүүдэж, Баяндэлгэрийн Б.Энхбаярын халзан гуравлаж, Налайхын «Ноост»-ын Түмэнбаярын цавьдар азарга дөрөвлөж, манай хээр айргийн тавд хурдалсан.
-Танай өвөлжөөнд цугласан хүмүүс бүгд таны танилууд уу?
-Манай мориныхон холын хүнийг сайхан хүндэтгэнэ, таньдаг, таньдаггүй хамаагүй цайлж дайлна.  Хашаа саравч, өвс тэжээл гээд хэрэгтэй бүхнээр тусална. Малынхаа буянаар хийморио сэргээж яваа улс чинь дэм дэмэндээ байдаг шүү дээ. Тэгж олонтойгоо явахад өөрийн сэтгэл ч сэргээд, сайхан байдаг юм. 
-Таны уяж хурдлуулснаас хамгийн шандастай нь ямар адуу байсан бэ?
-Намайг анх моринд дурлуулсан хээр азарга л их хурдан байсан даа. 
С.Гэсэрваань ахын гурав дахь хүрэн азарганы төл. Би хязааланд нь авч, сумын наадамд түрүүлгээд, соёолонд нь буруу уяж мулталчихсан. Хавчиг жил нь аймгийн ойн наадамд очсон ч айрагдуулж чадаагүй. 
Долоотой  азарга Эрдэнэ сумын 70 жилийн ойд 32-оор давхиад, наймтай өнжсөн. Мөн Шинэ хээр гэдэг азаргаа 1996 онд суманд түрүүлгээд, 1997 онд улсын баяр наадамд 14-өөр давхиулж, 1998 онд хавчиг азарга улсын баяр наадамд өнгөлж зарлуулж яваад Буянт-Ухаад эндчихсэн. Үнэхээр харамсалтай. Өөрийгөө муу уяач гэж чамлаж явдаг даа.
Уг нь эр хүн сөрж, сайн адуу авч байж л өөрийгөө улам чангалах ёстой юм гэнэ лээ. Буурлууд маань алдаж болно, хүчээ сааруулж л болохгүй гэж захидаг. Тэднийхээ зөвлөгөөгөөр өнөөг хүртэл морио уяад л явж байна. 
-Одоо өөрийн унаган адуугаар л наадаж байгаа биз дээ?
-Унаган адуугаар л голдуухан уралдуулж байна. Найз нөхдийн өгсөн болон худалдаж авсан адуугаа хаа нэг уяж, давхиулдаг л юм.
-Хүүхдүүд тань морь малд хэр сонирхолтой байна?
-Хүү маань хотод ажилтай. Гэвч моринд их дуртай. Одоо ах, дүү нарын хүүхдүүд залгамжлаад уядаг юм. Манай ахын хүү Буян-Эрдэнэ л гэхэд миний морьдыг 10 гаруй жил уяж байна. 
-Та багш мэргэжилтэй, Эрдэнэ сумын олон багачуудыг эрдэм номд сургасан хүн. Шавь нараас морь уяж байгаа нь хэр олон байна?
-Би их сургууль төгсөж ирээд зургаан жил багшилсан. Хоёр жил хичээлийн эрхлэгч, дэд захирлаар, нийтдээ найман жил шахам сургуульд “амьдарчээ”. Энэ хугацаанд гурван удаа 10  дугаар анги дааж төгсгөсөн. Тойргийн зургаан сумын хүүхдүүд суралцдаг байсан болохоор манай сургууль 1000-аад сурагчтай байсан. Олон ч ангид хичээл заадаг байлаа. Хөдөө гарч морь уяж буй залуучууд Баяндэлгэр, Мөнгөнморьт, Баянжаргалан, Архустад цөөнгүй бий. Зарим нь аймаг, сумын цолонд ч хүрчихсэн байна. Холбоо харилцаатай л байцгаадаг юм.
-Бидний ажлыг хүндэтгэн тусалж дэмжсэнд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт тань амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 59.153.114.177

    Манай Л.Эрдэнэбаатар маань сайхан дурсамж бичүүлжээ.Адууны тэнгэр ивээх болтугай.Одоо сумын маань зуун жил болох гэж байна.Улсдаа түрүүлж давхиж байсан 3 хүрэнгийнхээ хөшөөг босговол сайхан ажил болох болов уу .Энэ бол түүх шүү.

    Reply
  • 202.126.90.82

    Гурван хүрэн азарганы зурагаа хуваалцаач

    Reply
  • 64.119.22.112

    Л.Эрдэнэбаатар бол миний хуурай дүү юм.Адууны соел,морь уяж сойх талаараа гарамгай,тэр талын сонирхол нь дийлээд багшийн ажлаасаа хөндийрч байж билээ.миний унадаг хонгор халзан морь хойшоо доголоод явж чадахгүй болсныг нь дүүдээ үзүүлэхэд сүүжний хар судсыг олж харгаж 2-3 дусал цус гаргавал зүгээр болдог юм гэсэн,би олох болов уу,ер хатгаж үзээгүй гэхэд нь хатга гэж байгаад хатгуулсан.Хэлснээр нь 2 дусал цус гарсан. тэгээд адуундаа тавиад маргааш нь харахад зүгээр болсон байсан шүү.арьснаас цааш 2-3 см-т байгаа судсыг олж хатгасан гэсэн үг!(2000-оноос өмнө). манай хүүхдүүд ч дагаж уяач болсон юм. Нэг нь одоо нийслэлийн алдарт уяач байгаа. Эрдээ дүүдээ баяр хүргэе! манайх 3-4 азарга адуутай болж байсан нь чиний нөлөө их байсан шүү!

    Reply