Аймгийн Алдарт уяач Б.САРАНХҮҮ: ТӨРӨЛХ НУТАГ, ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ НЭРИЙГ ГАРГАН УДАМТ ХҮЛГҮҮДИЙНХЭЭ БУЯН ХИШГИЙГ ХҮРТСЭЭР БАЙНА

Сэтгүүлч
2018 оны 8-р сарын 29 -нд

Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бат-Очирын Саранхүүг уншигч тантай уулзуулж байна. 

-Хүний удам, адууны угшил гэдэг. Хоёулаа ярилцлагаа таны ураг төрлийн түүхээс эхэлье. Танайхан хэдэн үеэрээ Баянжаргалан суманд нутаглаж байгаа вэ?
-Миний мэдэхээр аав, өвгөн аав, өвөөгийн аав гээд хэдэн үеэрээ Баянжаргалан сум, Нялга уулаа бараадан нутаглаж байсан. Хуучнаар бол Боржигон Сэцэн вангийн хошууны улс. Өвөө маань Ардын хувьсгал ялахаас өмнө Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошууны Тамгын газарт ажиллаж байсан хуучин монгол бичигтэй, боловсролтой хүн байв. Намайг дунд сургуульд сурч байхад өөд болсон юм. 
-Тэгвэл та өвөөгийнхөө талаар бага сага зүйл мэдэх юм байна. Мэдэх зүйлсээ ярьж сонирхуулаач?
-Өвгөн аав маань Чимэдийн Батбаяр гэж хүн байсан. Чимэд нь Баясгалан гэдэг хүний ганц хүү байсан юм гэнэ лээ. Миний аав, өвөө, өндөр өвөө, холбоо өвөө гээд аавын тал маань гурав, дөрвөн үеэрээ айлын ганц хүү нар байсан юм гэдэг. Баясгалангийн Чимэд, Чимэдийн Батбаяр, Батбаярын Бат-Очир гээд. Харин бид бол эцэг эхээс 14-үүлээ. Миний өвгөн аав уг нь баялаг түүхтэй хүн л дээ.
-Түүнээс нь мэдэхээ хуучлаач?
-Өвгөн аав маань хошуу тамгын газарт ажилладаг байсан гэсэн. 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа шинэ засгийн газар байгуулагдаж бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар манай хошууны ноён н.Гомбосүрэнг Цэргийн яаманд дуудаж. Хуучин хошуу ноёдын ажлыг хүлээж аван, зарим нэгэн ноёныг шийтгэж байсан гэдэг. Манай хошууны ноён шинэ засгийн газар луу явахдаа өвөөг маань дагуулаад явж л дээ. Сүхбаатар жанжны өрөөнд ороод нэлээд удаж байгаад тун баяртай гарч ирээд үүдэнд нь сууж байсан өвөөд маань “Ямар ч байсан чамайг энд үлдээхээр боллоо шүү” гэсэн байгаа юм. Шинэ тулгар төрд бичиг үсэгтэй хүн хэрэгтэй байсан нь тэр болов уу. н.Гомбосүрэн ноён алтан ургийн хүн байсан нь нөлөөлөн, ямарваа нэг шийтгэлгүй өнгөрсөн байх. Түүнээс хойш өвөө маань Цэргийн яаманд ажиллах болсон. 1923 онд Улаанбаатар хотод Боржигон довонд Төв аймаг байгуулагдахад Цэргийн хэлтсийн даргаар нь томилогдон ажиллаж байгаад 1930-аад онд Дорноговийн Цэргийн хэлтсийн даргаар томилогдож, 1940 хэдэн он хүртэл ажиллаж байгаад нутагтаа эргэн ирж Нялга сумын даргаар хоёр ч удаа сонгогдон ажилласан. Харин тэтгэвэрт гарснаасаа хойш сумын төвдөө өвөлжиж, зундаа хөдөө гардаг болсон доо.
-Өвгөн аав тань болон түүнээс  дээд үеийнхэн нь морь уядаг байсан юм болов уу?
-Уялгүй яах вэ. Миний мэдэхээр өвөөгийнх маань цагаан, хар голдуу адуутай. Төв аймгийн 25 жилийн ойн баяр наадамд саарал морь нь түрүүлж байсан. Одоо миний морийг уяад байгаа Н.Эрдэнэболдын ээж манай аавын дүү байгаа юм. Бид Элгээ эгч гэж дууддаг. Элгээ эгч унаж түрүүлгэж байсан юм гэнэ лээ. Миний хөгшин ээж 1933 онд Нялга сумаас улсын наадамд анх удаа морь айрагдуулсан Доноодойн том охин Буянтогтох гэдэг хүн байсан юм. Улсын наадамд гурав түрүүлгэсэн хүрэн морины эзэн Гал гэдэг хүний эгч л дээ. Бид Ганга гэж авгайлдаг байсан. Мөн манай ээжийн аав Ганчулуун бас л морь уядаг хүн байсан. Өндөр өвөө Доноодойтой 1933 онд улсын наадамд анх оролцож, шүдлэн үрээ түрүүлгэчихээд буцаж байсан гэдэг. 1933 оны улсын баяр наадмын цуваан дээр байдаг юм.
Таны аавын хурдан хээр азарганы талаар Баянжаргалангийнхан их ярих юм билээ. Улсад очсон бол юм дуулгах адуу байсан гээд л... Хээр азарганы удам угшил хийгээд амжилтын талаар мэдэхээ хуучлаач? 
Аав маань 1960 хэдэн оны үед сайхан хээр азаргатай байсан юм. Сайхан том сартай хээр азарганы зураг одоо ч манай эгчийнд бий. Хээр азарга сумандаа гурван жил аман хүзүүнд давхисан гэдэг.
-Бат-Очир гуай хэдий үеэс хурдан морь уях болсон юм бол?
-Аав маань 1967 онд сумын наадмаас их нас, хязаалан, шүдлэн гурван насанд түрүү авч байсан гэдэг. Албан ажилтай байхдаа өвөөгөөр ганц, хоёр адуу уяулдаг байсан. Миний мэдэхийн Хэнтий аймгийн Дархан сумын Дэлэг гэдэг хүнээс 1973, 1974 оны үед байх аа, саарал даага мянган төгрөгөөр авч байсан. Тэр нь шүдлэндээ Баян сумын баяр наадамд түрүүлээд аав маань мотоцикльтой дагаж байсныг би их тод санадаг юм. Яг тууштай уясан нь тэтгэвэрт гарснаас хойш, Архустад очоод эрчимтэй уяж эхэлсэн. Хул азарга нь тэр хавийнхаа наадмуудаас нэлээд хэдэн айраг, түрүү авсан. 1990-ээд оны үед адуу нь ч овоо өсөөд, манай дүү нараас ганц нэг нь хамт морь уядаг болсон. Би  тэр үед морь мал сонирхдоггүй, сургуулиа төгсчихөөд Дорнод аймгийн геологийн экспедицэд ажиллаж байсан юм. Аав маань 2001 онд улсын баяр наадамд анх хул азарга уралдуулаад, 17, 18-аар давхиулаад жигтэйхэн л баяртай буцсан юмдаг. 
-Уяачдын өнөр бүлд өссөн хүү хурдан морь унадаг л байсан байлгүй. Хэр адтай унаач байв?
-Ганчулуун өвөөгийнхөө морьдыг ихэнхдээ унадаг байлаа. Өвөө маань сумандаа л голдуухан нас насны хоёр адуу уяж нааддаг байсан юм. Хурдан шарга адуутай, сумын баяр наадмаас олон ч айраг, түрүү хүртэж байлаа. Манай дээд талын ахыг хөнгөн жинтэй, илүү сэргэлэн гээд дөмөгхөн морьдоо унуулна. Ахын унасан болгон нь л айраг, түрүү хүртэнэ. Харин миний унасан морьд жаахан хойхнуур л ирнэ /инээв/. Ахыгаа бодвол лагсдуухан биетэй хүүхэд байсан болохоор гурван жил хэртэй унаад л хурдан мориноос хасагдсан даа. 
-Бусдын жишгээр сургууль соёл гэж яваад хэсэгтээ адуу малаас хөндийрсөн байх, тийм үү?
-1981 онд Баянжаргаланд наймдугаар анги төгсөөд, аймгийн төвд аравдугаар ангиа дүүргэсэн. Дараа нь Политехникийн дээд сургуульд элсэн орж сургуулиа амжилттай төгсөөд, Дорнод аймгийн геологийн экспедицэд инженерээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн юм. Геологийн ажил ерөнхийдөө улирлын шинжтэй, зуны цагт хааяахан л наадам үзнэ. 1996 онд компаниа байгуулан 10 жилийн турш ажил ихтэй, чөлөө завгүй л зүтгэж байлаа даа. Компанийн маань үйл ажиллагаа жигдрээд, ажил төрөл бүтэмжтэй, орлого ч гайгүй болоод ирсэн. Тэгээд нэг л өдөр морьтойгоо эргэн холбогдохоор шийдсэн дээ. 
-Морьтойгоо эргээд холбогдоход тань чухам юу нөлөөлсөн бэ?
-Аав маань нас дээр гарч, морь мал уяхаа больчихсон. Хэдэн адуу маань Ц.Чулуунаа ах дээр Архустад байдаг байлаа. Тэр үеэс л өөрийн нэр дээр морь мордуулъя гэдэг бодол төрсөн дөө. Тэгээд 2006 онд  Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой болдог жил нутгаа зорин очиж Төв аймгийн наадамд түрүүлсэн хээр халзан даага Д.Баярсайхан гэдэг хүнээс авч улсын наадамд мордуулж байлаа. Энэ маань одоо миний хээр халзан морь шүү дээ.
-Хээр халзан мориныхоо угшлыг танилцуулаач? 
-Баянжаргалангийн Бөөрөлжүүтийн голын унага. Эцэг нь Д.Баярсайханы өөрийн хээр азрага. Эх нь Баянжаргалангийн уяач н.Нямаалан гэдэг өвгөний буурал гүү. 
-Хээр халзан морины хамгийн хурдан, уяа нь зөв ивлэсэн жил нь хэдэн он байсан юм бол?
-2013 онд Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд таваар давхисныг санаж байгаа байх. 540 гаруй морь уралдахад шандас зааж тавласан даа. Том наадмын довтой морь олон ирсэн шүү. Түүний дараа монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх Гиннесийн уралдаанд нийт уралдсан морьдоосоо 16-д, өөрийн бүсдээ айргийн гуравт давхисан. 2017 онд бас хурдан байлаа. Сумандаа их хол түрүүлж, Багануурт болсон төвийн бүсийн уралдаанд долоолоод, уяачдын баярт дөрөвлөсөн. Ер нь бол уралдсан наадам болгоноосоо айраг, түрүү хүртдэг морь доо.
-2013 оноос өмнө хаанахын ямар наадмуудад хэрхэн уралдуулж байсан бэ? 
-Архуст сумын наадамд хоёр түрүүлсэн. Өнгөрсөн зун Баянжаргалан сумын наадамд түрүүллээ. Мөн “Дүнжингаравын хурд”-д 11-ээр давхисан. Архуст, Баянжаргалан сумдад болдог суварганы наадамд гурав ч түрүүлсэн. Өнгөрсөн хавар гэхэд Төв аймгийн “Цэцээ гүний хурд”, Баяндэлгэрийн “Хушингын хурд”-д айрагдаад, сумын баяр наадамд түрүүлсэн. Тэрний өмнөх жил Архуст сумандаа аман хүзүүдсэн. 
-Миний нутгаас төрийн зарлигт наадмын анхны хишгээ хүртэж байсныг тань санаж байна. Тэр талаараа дурсаач?
-Би өөрийгөө 2008 оноос л моринд орсон гэж боддог юм. Тод манлай уяач Ц.Дуламсүрэн надад Хэнтий аймгийн Галшар сумын Лувсангомбо гэдэг хүний унаган адуу, ухаа морь авчирч өгч байлаа. Нутагтаа хэрхэн давхиж байсныг нь мэдэхгүй. Харин 2008 онд Хэнтий аймгийн наадамд айрагдаж, долдугаар сарын 28-нд болсон Цагдаагийн баярт түрүүлсэн гэдэг юм. Би өөрөө ч харж аваагүй л дээ. Дууяа над руу залгаад “Хоёр морь авч ирсээн, чи алийг нь авах юм. Нэг нь хар халзан, нөгөө нь ухаа зээрд. Ирээд үзээч” гэсэн. Би тухайн үед зав муутай байсан болохоор үзэж амжаагүй, Галшарын угшилтай гэхээр нь ухаа морийг нь авъя гэсэн юм. Тэгээд дараахан нь Н.Түвшинбаяр Аваргын мялаалга наадамд уралдаад айрагдаж чадаагүй дуулдсан. Ажил амжихгүй явсаар бүр өвөл болсон хойно би анх удаа ухаа морио харж байлаа.
Тэгээд дараа зун нь Хүйн долоон худагийн сунгаанд М.Мөнхбаясгалангийн Бүлтэн халтар, “Сонор”-ын Б.Энхболдын Егүзэр хээр хоёрын ар дээр, Дорноговийн н.Мандахын улсын баяр наадамд түрүүлдэг Балдандоржийн хонгортой холбоотой яваад байсан. Тэгээд үзүүр дээр манай ухаа морь дийлж гуравт орж байлаа. Сунгааны маргааш нь хаашаа яаж уралдах вэ гээд л төлөвлөгөөгөө ярина шүү дээ. Тэгэхэд Дууяа “Чиний ухаа морь энэ хоёр морины ар дээр ирнэ гэдэг бол улсын наадамд сайн давхих юм бол 7-8, 9-10-даар ирнэ гэсэн үг. Түүний оронд сумандаа аавынхаа нэрийг сайхан гаргаад түрүүлгэчихээд ирэхгүй юу” гэдэг юм байна. Тэр жил Архустын 50 жилийн ой болж байсан юм. Тэгээд намайг явахад Дууяа мэдсэн юм шиг “Морь будилвал ухаа морио битгий мордуулаарай” гэж захисан. Нээрэн ч тэр жил манай сумын наадам будилж, би ухаа морио сумын хэдэн морьтой хамт төхөөрөмжийн ард авч үлдээд, бүр хойноос нэхүүлсээр дөрөвт оруулсан, бариагүй юм. Дараа нь давхар уяагаар Баянхонгорт очоод 30 гаргаж давхисан. Харин миний Архустын Д.Эрдэнэбат гэдэг залуугаас авсан хязаалан үрээ 2009 онд Баянхонгор аймагт болсон Ламын гэгээний даншиг наадмаар айрагдаж, төрийн зарлигт наадмын анхны айргийг авчирч байлаа.
-Тэр хавьдаа их хурдан адуу байсан гэдэг байх аа?
-Тэр хавьдаа даагандаа долоо, шүдлэндээ зургаа ч билүү түрүүлсэн их хурдан хүлэг байсан юм. Шүдлэнд нь тэр хүүгийнд очоод “авъя” гэсэн чинь “Дүү нь ямар ч байсан ирэх жил сумынхаа ойн наадамд түрүүлгэчихээд танд өгье” гэж билээ. Тэгээд сумын ой ч болсон, залуугийн хэлснээр түрүүлсэн, би ч авсан. Надад 13 алтан медальтай адуу ирээд би Дууяад аваачиж өгсөн юм. Тод манлай ч эхэндээ нэг их ойшоогоогүй байх. Бүсийн наадамд явах замдаа Хархорины орчим ногоо цагаа сайтай газарт хэсэг амрааж байгаад Архангайн Суварга хайрханы наадамд мордуулаад түрүүлсэн юм билээ. Тэгээд Баянхонгорт очиж, Ламын гэгээний 370 жилийн ой, хангайн бүсийн наадам хязаалангийн уралдаанаар эхэлж байсан юм. Тэгэхэд хүрэн үрээ маань шөнө нь ачигдаж ирээд олигтой ч амарч чадалгүй мордож дөрвөөр давхисан даа.
-Дуурсахын хөндий үзүүр дээр нь нэлээд өгсүүлж байгаа биз дээ?
-Зам нь жижигхэн чулуу ихтэй, яг эргээд гардаг их эвгүй замтай. 
-2010 онд яаж наадлаа?
-2010 онд суманд саарал азарга түрүүлсэн. Тэр онд нь манай сумын Засаг дарга Г.Бямбадорж надад хязаалан саарал үрээ бэлэглэсэн юм. Тэр үрээ маань 2010, 2011 онд Архустад дараалан түрүүлсэн. Ц.Чулуунаа ах уяж байсан даа. 
Би үндсэндээ саарал азарга, ухаа, хээр халзан, хүрэн үрээ гэсэн дөрвөн адуугаар л наадаж байгаа хүн. 2010 онд Түвшинширээд түрүүлсэн халтар азаргыг хязааланд нь аваад хойтон жил нь Дорноговийн бүс рүү явж наадсан. 
-Батбадрах ахын хонгор халзан морь улсын баяр наадамд айрагддаг жил үү?
-Тийм ээ, улсын баяр наадамд айрагдчихаад Дорноговийн бүсийн уралдаанд түрүүлсэн жил. Тэгэхэд Д.Мөнхцогийн Цоглог зээрд азарга айрагдаж, ухаа халзан морь түрүүлээд, Д.Түмэнжаргалын Дэгдээхэй хээр аман хүзүүдэн миний халтар соёолон долоолсон юм. Би халтар азаргаа арай эрт шахуулчихсанаас болоод айрагдаж чадаагүй. Машинд хамт явсан Г.Буянтоо “Арай л болоогүй байсан юм даа, Сараа ах аа” гээд л үглээд явсан. Би болохоор нэг уяанаас мордсон гэдгээр нь Дэгдээхэй хээрээр багцаалдчихгүй юу. Сунгаан дээр Дэгдээхэй хээртэйгээ ойр яваад байсан болохоор шахаж аваачаад нийлүүлчихсэн чинь үзүүр дээрээ суучихсан. Хязааланг бас дагасан чинь Алтанширээгийн хонгор халзан үрээ дөрөв дээр л яваад байсан, хүүхэд нь л олигтой явуулахгүй байгаа бололтой. Тэгж явсаар хадуураад, арван хэдээр орсон. Г.Буянтоо ч “Явуут дундаа шилгээгээд л, хурдан адуу байна даа. Та сонирхохгүй юм уу” гэдэг юм байна. Тэгээд сураглаад үзсэн чинь Я.Батсуурийн хамаатан н.Анхбаяр гэдэг залуугийн адуу байсан. Уулзаад, наймаа тохироод авч байлаа. Шүдлэн, хязааландаа хурдан байсан юм гэнэ лээ. Тэр намар нь Д.Оюунбилэгийн Манлай уяач цолны мялаалга наадам болж хонгор халзан маань түрүүлсэн дээ.
-Соёолондоо  Дүнжингаравын хурдад айрагдсан...
-Тэгсэн, Өлзийтийн Далангийн уралдаанд түрүүлээд, Дүнжингаравын хурдад тавлаад, улсын наадамд зургаалсан. Түүнээс хойш Өвөрхангай, Өмнөговийн бүсийн уралдаануудад долоолоод, дандаа л 10-ын дотор давхисан даа. 
-2013 онд өнжөөчихсөн юм уу?
-Тийм. Талийгаач /Манлай уяач Д.Оюунбилэг/ маань “Наадах чинь соёолондоо олон уралдсан, хавчиг өнжөөвөл зүгээр дээ” гэж зөвлөсөн юм. Тэгээд л зургаа, долоотойд нь өнжөөгөөд, наймтайд нь уясан, таргадаад няцраад болоогүй. Тарган уралдуулж няцлаад хөлд нь жаахан сэв суулгачихаад байгаа юм. Одоо 11-тэй болчихож байна. Энэ жил ч бас өнжөөчихлөө. 
-“Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд айрагдсан хээр шүдлэнгийнхээ талаар яриач? 
-Англи эцэгтэй, ерөнхийдөө шинэ цагийн монгол адуу. Ирландаас ирсэн цэвэр цусны англи азаргыг би  2013 онд авч байсан юм. Түүний л үр төл дөө. 
-Эх нь?
-Эх нь миний өөрийн зээрд халзан, монгол гүү бий. 
-Бүсийн уралдаанаас таван айраг хүртчихсэн юм байна. Улсын цолонд  дөхөж л байгаа юм байна даа?
-Уяачдын холбооны 20 жилийн ойн уралдааныг оруулбал зургаан айраг болчихож байгаа юм. Одоохондоо улсын наадмаас айраг хүртэж чадаагүй л байна. 
-Одоо та уяа морьдоо хоёр хуваачихаад байгаа юм аа даа?
-Тийм. Архустад аймгийн Алдарт уяач Ц.Чулуун ах дээр нэг хэсэг нь, нөгөө хэсэг нь Өлзийт хороололд нийслэлийн Алдарт уяач Н.Эрдэнэболд дээр бий. 
-Өөрийн тань унаган тамгатай адуу сум орон нутгийн наадамд дээгүүр давхиж байгаа дуулддаг. Ер нь хаа хаанаас хурд сэлбэсэн бэ? 
-Ламын гэгээний даншигт айрагдсан миний хурдан хүрэн азарганы төлүүд гайгүй давхиж байна. Сүхбаатарын Түвшинширээ сумаас авсан халтар азарганы төлүүд ч сайн давхиж байгаа. Дарьгангаас нэг зээрд үрээ аваад, хавчиг азарга улсын баяр наадамд уралдаж байгаад хөлөө гэмтээсэн. Түүний төлүүд бас дажгүй давхиж байна. Уг нь эндээ хоёр сунгаанд түрүүлсэн юм.  Ер нь  унаган адуунууд маань гайгүй давхиад байгаа шүү. 2017 онд сумын баяр наадамд хоёр шүдлэн дараалж ирсэн. Нэг нь хүрэн азарганы маань төл, аман хүзүүдсэн нь халтарын маань төл. Баянжаргаланд бас манай унаган соёолон аман хүзүүдсэн. Мөн манай уяач Баянжаргалангаас гурван түрүү авлаа. Г.Баттөмөр ахын дүүгийн хүүгийн хээр азарга түрүүллээ. Их насны дөрвөн ч морь дараалж ирлээ. Мөн аавын маань хул азарганы охин төлөөс гарсан даага энэ жил улсын баяр наадамд айрагдлаа. Архустын Б.Баярбаатар гэдэг залууд би эхийг нь өгсөн юм. 
-Тод манлайн адуу гэж бодож байлаа?
-Улсад айрагдсан хул дааганы эзэн Б.Баярбаатар нь манай аавыг морь ид уяж байхад долоо, наймдугаар ангийн хүүхэд хамт морь уяад явдаг, манай айлын хүү дүүгийн маань найз байсан. Аав нэг адуу бэлгэнд өгсөн байна лээ. Тэр нь энэ дааганы эх, шарга гүү шүү дээ. Сүүлд надаас ирж авсан юм.
Түрүүн жүчээ сонирхож явахад Сайдын халзан хэмээн онцолж байсан үрээ ямар учиртай адуу вэ?
Энэ халзан үрээний удам нь гэвэл манай аавын хурдан хул азарганы охин төлөөс гарсан байгаа юм. Баян сумын Шарын Мөнхөө гэж хүний Ам цагаан хул азарганы талаар дуулаа байлгүй дээ. Аав нь Бат-Өлзий гэж хүн байсан юм. Манай аав тэднийхээс нэг хул үрээ авсан юм билээ. Тэр нь өөрөө ч хурдан байсан, гарсан төлүүд нь ч сайн давхисан. Одоо ч давхисаар байна. МУ-ын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг манай унага тамганы найран дээр таарч, ирэхэд нь энэ халзан үрээг бэлэглэсэн юм. Өнгөрсөн зун Багануурын бүсийн уралдаанд 17, 18-аар давхилаа. Уяа нь нэг л таарч өгөхгүй байх шиг санагддаг юм. Уг нь хурдан адуу л даа. 
-Танайх их мундаг жүчээтэй юм байна шүү?
-2009 оны аравдугаар сард эхлүүлээд, цагаан сарын өмнөхөн дуусгаж байлаа. Тэгээд уяаныхаа нээлтийг эндээ хийж байсан юм.
-Та өнгөрсөн жил аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Төв аймгийнхан ч цолондоо нэлээд чанга улс юм аа?
-Би бүсийн уралдааны дөрвөн айрагтай. Тэр нь наймаар тооцогдоно. Цаана нь дөрөв дутаад байсан юм. Булганы бүсэд нэг хонгор соёолон аман хүзүүдээд, 2012 онд Нийслэлийн хурдад хар үрээ маань айрагдаж, өнгөрсөн  хавар Төв аймгийн зүүн бүсийн “Цэцээ гүний хурд” уралдаанаас нэг  айраг хүртэж, 12 айрагтай болоод аймгийн Алдарт уяач цол хүртсэн дээ. 
-Бас л чардайж байж авчээ. Аймгийн Алдарт уяач цолыг ингэж утгаар нь олгож байгаа аймаг ч бас цөөхөн шүү?
-Ер нь манай аймгийн уяачдын холбооны цол зэргийн зөвлөл дүрмээ нэлээн сайн баримталдаг даа.
Чанга юм аа. Гэхдээ энэ нь үлгэр дуурайлал болууштай  мэт санагдаж байна?
Тийм шүү. Үндсэндээ минийх ч бас тэгж л орсон. Би чинь өмнөх жил нь л сумын Алдарт уяач цол хүртсэн хүн шүү дээ. Сумын Алдарт ч бас босго өндөртэй. 
  Ийм өндөр босго давж хүртэж байгаа учраас авч байгаа хүндээ ч үнэ цэнэтэй байж чаддаг байх даа?
Аймгийн Засаг даргаасаа очиж цолоо авч байлаа шүү дээ. Сайхан л санагдаж байсан.
-Танайх таван хүүхэдтэй. Хүүхдүүд  тань моринд хэр сонирхолтой байна вэ?
Тийм ээ, манайх дөрвөн хүү, нэг охинтой. Ач охиноороо морь унуулж үзсэн. Моринд их дуртай, гэхдээ хурдан морь унах арай л болоогүй байна. Би ч хүүхдүүдээ яаран моринд оруулъя гэж боддоггүй юм.
-Яагаад?
-Залуу байгаа дээрээ ажил, амьдралаа бодсон нь дээр. Дөч гарахаараа хүссэн, хүсээгүй л моринд орно шүү дээ. 
-Танайд орж ирсэн цагаас хойш морины дүрстэй энэ сувинерууд л хараа булаагаад байлаа. Гэргий тань таны хоббиг сайн дэмждэг юм аа даа?
-Тийм ээ, эхнэр маань л энд тэндээс морины дүрстэй бэлэг дурсгалын зүйлс авч ирж, надад бэлэглэдэг. Адуу мал айрагдахаар найз нөхөд ч бас бэлэглэдэг л юм. Ажил дээр ч бас нэлээд бий шүү.
-Ажил гэснээс та ММСУХ болон аймгийнхаа МСУХ-ны тэргүүлэгчээр ажиллаж байгаа. Хэдий үеэс холбооны удирдлагаар ажиллаж эхэлсэн бэ?
-2011 онд ММСУХ-ны тэргүүлэгчээр сонгогдсон юм. Мөн 2012 оноос хойш таван жил “Дүнжингаравын хурд”-ын зохион байгуулах комиссын гишүүнээр оролцож байлаа. 
-“Дүнжингаравын хурд”-ын олон асуудлыг танай компанийг зохицуулдаг гэж сонссон?
-Тийм ээ, зочид болон комисс, сэтгүүлчдийн гэр, гал тогоо, цахилгаан хангамжийн асуудлыг манайх хариуцдаг. Гэхдээ ноднин өнжсөн.
-Хоёр холбооны тэргүүлэгчээр ажиллаж байгаагийн хувьд зарим асуудлыг цэгцлэх талаар бодож тунгааж явдаг зүйлс байдаг л байлгүй. Зах зухаас нь сонирхуулаач?
-Төрийн наадамдаа болж өгвөл монгол адуугаа уралдуулчихмаар байна. Төрийн наадам гэдэгт сум, аймаг, улсын баяр наадмыг хамруулж байгаа юм шүү. Бүсийн уралдаануудад гэхэд Сүхбаатар, Өвөрхангай, Дундговь аймгуудад эрлийз адууг сайн хасч байна. Харин хотод ойрхон болж байгаа бүсийн уралдаануудад доод гурван насыг айхтар ялгаад байдаггүй, ялгахад ч хэцүү болчихож дээ. 50, 25 хувийн болон хоёр, гурав дахь үеийн цустай гээд л яриад байна. Дөрөв дэх үеэс нь эхлээд л ялгагдахаа больчихож байгаа юм. Ер нь бүсийн уралдаануудад доод гурван насыг сэрвээний өндрөөр нь ч юм уу, хасаад л уралдуулчихмаар санагддаг юм. Хоёрдугаарт, медалийг цэгцэлмээр санагддаг. Миний медалиудыг л гэхэд бичгийг нь л уншихаас нааш хэзээ, хаанаас авсныг нь мэдэх аргагүй байна шүү дээ. Энэ медаль улсынх, тэр нь бүсийнх гээд шууд хараад л таньчихдаг болгомоор байгаа юм. 
-Миний асуулт жаргаж байна. Уулзсан хүн бүрээсээ асуудаг асуултаараа ярилцлагаа өндөрлөе. Таны хувьд сэтгэл догдлуулсан хамгийн сайхан наадам хэзээ тохиож байв? 
-2009 онд Баянхонгор аймагт Ламын гэгээний нэрэмжит уралдаанд хүрэн үрээгээ айрагдуулсан. Тэгэхэд л маш их баярлаж билээ. Газар газрын сайн хүлгүүд ирсэн, тэр ч утгаараа нэлээн чанга уралдаан болсон. “Макс”-ын Сөнгө зээрд, Б.Мөнхтөр Манлайгийн бор үрээ, Баянхонгорын Д.Жаргалсайханы бор азарга гээд шандаст хүлгүүдтэй уралдаж, айраг хүртэж байлаа. Надад ч сайхан хурдан адуу заяасан л даа. Төлүүдээс нь түрүүч нь өнгөрсөн жил сумын наадамд түрүүллээ. Унаган адуунууд маань энэ жил  сумын наадмаас нэг түрүү, бүсийн наадмааснэг айраг хүртлээ. Цаашид ч олон сайхан хүлэг гарах байх.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Тун удахгүй төрийн хишигтэй уяач болоорой.
-Баярлалаа. Ерөөл бат оршиг ээ.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.