​Аймгийн Алдарт уяач Л.Нарантогтох: ИХ ХУВЬ ЗАЯАТАЙ ХҮН Л ЗУРГААН НАСНЫ АДУУ ТҮРҮҮЛГЭДЭГ ГЭДЭГ ДЭЭ

Сэтгүүлч
2018 оны 8-р сарын 28 -нд

Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач, аймгийн заан Лувсандагвын Нарантогтохтой дэлгэрэнгүй ярилцлаа. 1985 онд аймгийн заан, 2005 онд аймгийн Алдарт уяач цолоо хүртсэн тэрээр 1956 оны намар Баяннуур сумын нутаг Данхын худаг хэмээх газар айлын ганц хүү болон мэндэлжээ.
Гавьяа шагнал:
-АХ-ын 50 жилийн ойн медаль
-2007 онд мянгат малчин


-Тун ч цэгцтэй бичиг баримтууд байх чинь. Энэ тэмдэглэлд түүх хэзээнээс эхэлж бичигдсэн байгаа вэ? 
-Энэ бүх дипломыг олон хоногийн нойр хоолоо хасч, хөлс хөдөлмөрөө урсгаж авсан болохоор хайрлаж хямгадахгүй байхын аргагүй. Хожим өөрөө үзэж суухад ч, өрөөлд үзүүлэхэд ч баримт нотолгоотой юм. Үзэх бүртээ тухайн морьтойгоо холбоотой дурсамжаа эргэн санаж, алдаа оноогоо цэгнэнэ гээч. Би чинь удам залгасан уяач хүн. Манай эцэг Хамартын Лувсандагвыг баруун аймгийнхан андахгүй дээ. Адуучин хүн. Хар хамарт гэж овог нь байгаа юм. Би дөрөвдүгээр ангиа төгсөөд л эцэг эхдээ морь малд нь элбэлцэх, одоогоор бол яваачийн үүрэг гүйцэтгэж тусалдаг байлаа. Тэгээд 13,14 нас хүрэхэд аав маань үрээ зүсэлж өгч, тэрийгээ сумынхаа баяр наадамд уралдуулан  уяачийн гараагаа эхлүүлсэн юм. Дээхнэ үед жижиг баярууд олон болно. Болоогүй бас шинэ жилээр дулаахан байвал морь давхиулчихна. Аз од гийвэл ганц хоёр айраг, түрүү хүртчихнэ. Энэ бүхэнд их урамшдаг байлаа.  
-Багадаа бас морины зураг цуглуулдаг байжээ? 
-Тийм шүү. Морины зураг их цуглуулна. Дээр үед Самдан жолоочийн алдартай халзан хүлэг байлаа. Одоо ч хүмүүс мэдэхээ больсон байна билээ. Тэр халзангийн түрүүлж, аман хүзүүдэж байсан үеийн зураг байна. Бас улсын наадамд тоосоо өргөсөн Бороохой Готовын бор үрээ, бор азарга, Данзанням гуайн хурдан хээр морины зургийг ч цуглуулгатаа багтааж амжсан. Эднийг чинь би байсхийгээд л гаргаж ирж харна. Өөр морьтой зүйрлүүлж бас харна. Гэхдээ ахынх нь морь шинжих гэж юу байх вэ. Тэгэхэд дээхнэ үеийн улс морио байтугай анч нохойгоо хүртэл шинждэг байлаа шүү дээ. 
-Аав тань насаараа адуу малласан хүн үү?
-30-40 жил адуу малласан. Аав маань нэгдлийн сайн, муу /малины адуу/ аль алийг нь маллаж явсан юм. Ингэж нэгдлийн адуу маллахын зэрэгцээ морь уяна. Төв аймгийн Баянцагаан сумаас гаралтай нэг хүрэн азарга, бас хар, бор хоёр морьтой. Хар морь нь Баянцогтын адуу. Улсын наадамд цээжинд гурав, дөрвөөр гарч ирсэн ч хүүхдээ булгиад харамсалтай нь уралдаанч хүү эндчихсэн гэнэ лээ. Түүнээс нь болоод хүмүүс сэжиглээд уяхгүй байхаар нь манай аав худалдаж аваад, улсын наадамд мордуулж байсан. Бас л хээгүй гүдэсхэн хүн байсан байгаа юм шүү. Хожим сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Жанибеков баатрууд ирж, Булган аймгийн Гурванбулаг суманд наадам хийхэд манай эцэг Сансар хүрэн мориороо түрүү хүртэж байлаа.  
-Өөр ямар уралдаануудад оролцож байсан бол оо? 
-1952 онд болсон эхний нийгэмчилгээгээр хот руу ганц хоёр удаа явсан шиг байгаа юм.  Гэвч очоод айраг, түрүү хүртэж чадаагүй болохоор зориг нь жаахан мохсон юм байгаа биз. Явахаа больсон. Би нэг сайн хээр морио 1983 онд Булган аймагт түрүүлгэсэн. Дараа нь улсын наадамд аваад явах гэтэл аав “Ээ чи барахгүй, чам шиг морины гэдэстэй муу ноцолдож уядаг хүн морьгүй болж ирнэ. Хээр морь чинь Төв аймгийн Лүн сумын Нацагийн Авирмэд гэдэг хүний адуу. Тэр нутагт нь очиж уралд. Манай сумаас ийм хурдан морь гарч байна гээд улс амьтан хараг” гэж зөвлөсөн юм. Би ч аавынхаа үгэнд орж улсын наадамд яваагүй ээ. Одоо бодоход аавынхаа санаанд хүртэл уядаггүй л байсан юм болов уу. “Сайн морь хүнд олон заяах биш, гайгүй сайн морь заяасан дээр нь явбал муу гэдсийг нь нарийдуулаад эндүүлчихнэ, хөдөөгүүр жаахан уралдаг” гэж бодоо биз. 
Тод манлай уяач Даваахүү гуай нэг удаа надад ярьсан юм. Данзанням гуай, хар халзан морьтой Чойжилсүрэн гэдэг хөгшинтэй “Баруун тийшээ морины ир дарагдсан үед гарч уралдвал тэр Хар Хамартын Лувсандагва гэдэг чинь нэр хөөдөөд баймаар хүн байна шүү. Би Булганы Баяннуурт уралдаад дийлсэнгүй. Миний хар халзан морь аман хүзүүдчихлээ, зээрд морь нь түрүүлчихлээ” гэж хуучилж суусан юм гэнэ лээ. Тэгэхээр аав маань морь сайн уядаг хүн байжээ л гэж боддог. 
-Аав хүү хоёрын хамтдаа үзсэн наадмууд олон л байх даа. Сайхан дурсамжаасаа хуваалцаач. 
-Манай аав чинь ардын хувьсгалын 50 жилийн ойгоор сумандаа таван насны адуугаар түрүү хүртэж байлаа. Тун их хувь заяатай хүн л зургаан насны адуу түрүүлгэдэг гэдэг биз дээ. Тэгэхэд нэг сайн уяач ирсэн юм аа. Даанч одоо нэрийг нь санахгүй байна. Тэр хүн “Би зургаан насны адуу л түрүүлгэчихэж чадахгүй байна” гэж ярьж байсан. Манай сум аймгийн төвөөс нэлээд зайтай, 200-гаад км морин тэргээр явж очдог.  Тээр жил /1983 он/ аав маань аймгийн наадмаа зорьж очоод хоёр түрүү, нэг аман хүзүү хүртсэн. Нэг үрээ түрүүлж ирээд ойчсон юм гэнэ лээ. Түүнээс гурван түрүү авах байсан гэдэг. 
Энэчлэн бахтай наадах бүрт нь аргагүй л сайн уяач юм гэж биширдэг байлаа. Нэг удаа би өвөл Төв аймгийн Эрдэнэсантад хүрэн морио аваачиж уралдуулаад, Базаррагчаа баатар гэж хүнээс хөөрхөн алхаатай ухаа зээрд үрээ байнд авсан юм. Тэгсэн манай багийн дарга өнөөхөд маань шунаад болдоггүй ээ. Би болохоор бэлгэ дэмбэрлээ бодоод байны морио хүнд өгчихмөөргүй байдаг. Нэг өдөр аав “Чиний байны моринд Пүрэвсүрэн дарга дурлаад байна аа. Хар гүүний хүрэн даагаар чинь сольё гээд хэлчих” гэлээ. Тэр хар гүү нь манай адуунд байсан юм. Аавынхаа үгнээс гарах аргагүй шүү дээ. Өнөөх нь навсайсан амьтан болохоор би битүүхэн голоод байгаа юм. Тэгтэл манайд ирсэн жилийнхээ зун түрүүлсэн. Түүнээс хойш их сайн давхисан. Дээхнэ үед чинь хашир уяачид хаврын оролтыг нь л харж шинждэг байж. Мөн цайралт гэж ярьдаг. Өвөлжингөө тэжээж сайн тарга тэвээрэг авахуулдагтай адилхан ногоотой газар явсан адууны хурдны шинж, цайралтыг нь хараад хурдан үгүйг нь мэдчихдэг байсан аж. 
-Та аав ээжээс хэдүүлээ юм бэ?
-Би айлын ганц хүү. Нэг эмэгтэй дүүтэй. 
-Багадаа аавынхаа уясан морьдыг унаж хурдлуулдаг байв уу?
-Би ч цөөхөн жил хурдан морь унасан. Төв аймгийн Заамар, Лүнгээр голдуухан уралдана. Бас нэг удаа Төв аймгийн Өндөрширээтэд цагаан морьтой уралдаад түрүүлж байсан. Би долоо арай хүрээгүй байсан санагдана. Тэгэхэд  аман хүзүүдсэн морины эзэн “Лувсандагва аа, чиний морины хурдан гэж юу байх вэ. Харин хүү чинь 2-3 жилдээ дийлдэхгүй юм байна” гэж их л уурсангуй хэлж билээ. Би бариа руу морийг нь жаахан хөндөлсхийгээд оруулчихсан юм болов уу даа. Үүнээс өөр нэг бэлгэшээлтэй зүйл болсон. Мөнхбат аварга улсын наадамд түрүүлээд, намар нь Өндөрширээт сумынхаа наадамд ирж барилдаад түрүүлсэн. Ингээд түрүүлсэн морь, бөхийн байны шагналд хар, бор хоёр даагыг тус тус өгч, бид авсан. Сайхан түүх байгаа юм. 
-Ингэхэд хэдий үеэс таны нэртэй морьд уралдаж эхэлсэн бэ?
-1971 онд Булган аймгийн эвлэлийн 50 жилийн ойн баяраас анхны түрүүгээ хүртэж байлаа. 
-Энд “Дашинчилэн сумын Баяннуур бригадын адуучин Лувсандагва овогтой Нарантогтохын их насны ухаа зээрд морь 50 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн тул хүндэт дипломоор шагнав” гэж байна. Ухаа зээрд танай унаган адуу юу?
-Үгүй ээ, авмал морь. 1966 оны усны үерийн жил Төв аймгийн Баянцогт сумын Гомбочингийн ухаа үрээ улсын наадамд дөрвөөр давхисныг худалдаж авсан юм. Тэр жил чинь анхны медаль гарсан. Иймээс анхны медалийг хүртсэн үрээ гэж бэлгэшээн худалдаж авч байлаа. Гэхдээ манайд ирээд улсад уралдуулаагүй. Төв аймгийн Заамар, Лүн, Өвөрхангайн Есөнзүйл сумдын наадмын түрүүг харин сайн түүсэн дээ. 
-Улсад айрагдсан үрээ тухайн үедээ ямар үнэ ханштай байх уу?
-Үнэтэй, үнэтэй. 3000 төгрөг хүрч байсан шиг санагдана. 
-Өөр таны нэрийг гарган хурдалсан ямар хурдан тууртууд байна вэ?
-1974 оны аравдугаар сарын 14-нд Булган аймагт болсон уралдаанд ухаа зээрд морь түрүүлгэсэн. Энэ чинь Жаргалантын адуу. Түрүүн ярьсан Гомбочин гэж хүнээс авсан юм. Дараа нь 1972 онд Булган аймагт хүрэн соёолон, 1979 онд алаг соёолон, 1983 онд хээр морь түрүүлгэж байлаа. Хүрэн соёолон бол Төв аймгийн Лүнгийн Цоохор Жигмэд гэдэг хүний үрээ. Соёолондоо манайд ирсэн юм. Аймагт түрүүлснийхээ намар нь Төв аймгийн Заамарт бас түрүүлсэн. Сумандаа ч мөн түрүүлсэн.  Харин алаг соёолон нь манай унаган адуу. Тодруулбал, Төв аймгийн Баянцагаанаас авсан хүрэн азарганы төл. Эх нь алаг гүү байсан юм. Хээр морь бол Төв аймгийн Лүнгийн Авирмэд гэдэг хүний адууны угшилтай, Гаваа гэдэг хүний морь. Тэр их айхтар адуутай хүн байсан шиг байна билээ. Энэ хээр морь надад ирсэнээсээ хойш олон жил түрүүлсэн. Улсын Манлай уяач сахал Нямдоржид нэг хээр морь байсан. Тэр бас Гаваагийн адуу. Нямдоржийн ярьж байгаагаар бол, тэр хээр морь өөрт нь сүрхий давхисан бол энэ хээр морь надад ирээд их хурдалсан гэдэг юм. 1997 онд болохоор аймгийн баяр наадамд азаргаа түрүүлгэж болоогүй бас хүрэн соёолонгоо түрүүлгэсэн. Хүрэн азарга Төв аймгийн Баянчандмань сумын Авгаандондов гэж хүний адуу. Хавчиг азарга Төв аймгийн Баянчандманьд аман хүзүүдэхэд нь тэндхийн малын эмч Алтангэрэл гэдэг хүнээс авсан юм. Надад ирснээсээ хоёр жилийн дараа Булган аймгийн наадамд түрүүлсэн. Суманд ч бас түрүүлсэн. Түүнчлэн 2006 онд хүрэн морь, 2015 онд бор азарга Булган аймагт тус тус түрүүлсэн. Хүрэн морь бол Төв аймгийн Заамарын цаад талын Долоон худагийн адуу. Би хавчиг морь авч байсан юм. Надад ирэхээсээ өмнө хүүхдийн үсний найрны уралдаанд дөрвөөр давхисан, битүү үрээ байлаа. Одоо эрлийз арабуудтай хотод уралдаж байгаа. Эрлийзүүдтэй уралдаад тавлаж байсан адуу байгаа юм даа. Түүнчлэн 2015 оны долдугаар сарын 25-нд бор азарга маань Булган аймагт болсон бүсийн уралдаанд мөн түрүүлсэн. Өмнөхөн нь буюу долдугаар сарын 15-нд Хүйн долоон худагт болсон анхны даншиг наадамд аман хүзүүдсэн юм. Өнгөрсөн жил Булган аймгийн шигшмэл хурд болон аймгийн баяр наадамд түрүүллээ. Одоо манай хүү Зоригоогийн нэр дээр уралдаж байна. 
Миний хувьд дээд насны морьдоор ойн баяр болон бүсийн уралдаанаас найман түрүү, долоон айрагтай. Үүн дээр өнгөрсөн жилийн шигшмэл хурдын түрүү, аймгийн баяр наадмын түрүү нэмэгдэнэ. Доод насных бол Булганд саарал шүдлэн аман хүзүүдүүлж байсан. 2015 онд хээр хязаалан гурваар давхиулсан. 1971 онд их насны морь түрүүлгэснээс хойш 100 гаруй түрүү, 200-гаад айрагтай болсон байна билээ. Гэхдээ хоёр, гурван жилийн өмнө тоолоход ийм тоо гарсан. Түүнээс хойш бас нэмэгдээд л байна.  
-Таны уяж байсан хүлгүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар адуу байна вэ?
-Миний хар азарга чинь их олон түрүүлсэн. Би 2011 онд Төв аймгийн Эрдэнэ сумын Аскараас соёолон үрээ авч байлаа. Сумандаа авчраад хол түрүүлгэх юм санаад уясан чинь зургаагаар давхичихдаг байгаа. Түүнээс хойш хүү маань уяж, олон ч түрүү хүртээд байна. Тухайлбал, 2015 онд Булганы ой, Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаан хоёрт тус, тус түрүүлсэн. 2016 онд Монголын есөн шилдэг азарганы нэгээр шалгарсан. Тэгээд Багануурын бүсийн уралдаанд аман хүзүүдэж байлаа. Одоо төлүүд нь ч сайн давхиж байна. Онцолбол, Төв аймгийн Заамарт уралдаад ирсэн хүрэн соёолон байна. Бас хүрэн хязаалан бий. 
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Морь уяна, өв соёлоо дээдэлнэ гэдэг нэг ёсны асар том хүмүүжил юм. Өөрөөр хэлбэл, морь уядаг айл дэг журамтай, хэрүүл маргаангүй, буусан газрынхаа байгалийг хүртэл бохирдуулдаггүй, настнаа хүндэлж, нялхсаа асарч халамжилдаг. Тийм учраас өнөөдөр энэ соёлыг тээж яваа залуу уяачдад талархдаг юм.  Ах нь уяаны салхин талаас очихоос ч эмээдэг хүн. Нөгөөтэйгүүр, хүмүүс түрүүлж, айрагдаад ирсэн морины дэл сүүлийг нь тасадчих гээд л дайрахыг яана. Дээхнэ үедээ хурдан морийг Говийн лха гэдэг байсан юм гэнэ лээ. Тэр  утгаараа хурдан мориндоо хамаагүй хүрэхээс ч цээрлэдэг гэдгийг энд сануулмаар санагддаг. 
Мөн сүүлийн үед эрлийз адууг ялгахад монгол адуу олноороо хэлмэгдэж байна. Олон жилийн хүч хөдөлмөр шингэсэн, бидний эцэг эхийн хурааж цуглуулсан адууны зарим төл том биетэй төрдөг. Гэтэл мал мэдэхгүй комиссын хэдэн залуус өндөр, том биетэй л болохоор нь хасчихдаг. Үүнээс болоод уяачийн бүтэн жилийн хөдөлмөр үнэгүйдэж байна. Арга ядсан уяачид том азарганаас том юм гарч мэднэ гээд засах, хөнгөлөх аргыг их хэрэглэх боллоо. Энэ нь адууны чанар чансаанд нөлөөлж байна. Уг нь адуугаа таньж мэддэг, мэргэжлийн хүнээр л ялгалтаа хийлгэмээр байх юм. 
-Ярилцсанд баярлалаа. Урт насалж, удаан жаргаарай.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна