ААВ НУТАГ ХОЁР МИНЬ, АЖНАЙ САЙХАН ХҮЛЭГ МОРЬД МИНЬ (ахмад уяач, адуучин Тэгчингийн Сүрэнгийн тухай дурсамжаас)

Он цаг улиравч огт санаанаас гардаггүй сайхан дурсамж бол “Суман дэлтийгээ хослон унаад сумын төвөөс хатиран алсраад, зам тосох хараацайн жигүүр цуцааж харих хамгийн сайхаан “ гэж бичиж байлаа. Бидний аав Тэгчингийн Сүрэн 1924 онд Булган аймгийн Могод сумын нутаг Авзага хайрхан уулын баруун биед байх Ихэрийн өвөлжөөнд малчин ард Тэгчингийн дөрөв дэх хүү болон төрсөн байна. Уг хайрхны арын өвөлжөө, хаваржааны 16 хот айл бол ахан дүүсээрээ хамаатан садан хүмүүс байжээ. 

Т.Сүрэн нь  бага насандаа эцэг эхийн дэргэд мал маллаж байгаад цэрэгт мордон 1945 онд 21 насандаа чөлөөлөх дайнд оролцож, ОХУ-ын дээд шагнал СССР-ын “За победу над японией”, ”Бид ялав” медалиудаар тус тус шагнагдсан байна. Харин харамсалтай нь төрсөн ах Т.Пунцаг нь тулалдааны үед бие барсан мэдээ аавыг халагдаж ирэхээс өмнө ар гэрт нь дуулдсан байжээ.  
Ингээд 1948 онд цэргээс халагдаж ирээд тухайн үедээ бичиг үсэгтэй,  урлагт элэгтэй нэгэн байсан тул  сумын Улаан гэрт шинэ үсгийн багшаас эхлээд, клубын ажилтан, ухуулагч, сонин түгээгчээр ажиллаж байлаа. Бага залуугаасаа л ардын дууг эвлэгхэн дуулдаг, айлын шинэ гэрийн мялаалга, хүүхдийн сэвлэг үргээх найранд саахалтынхандаа /Баянгол, Хөшөөт, Уртын гол/  уригддаг, билэг дэмбэрэл, ёс зүйг эрхэмлэдэг нэгэн  байсан юм. Нутгийн зарим нь ерөөлч Сүрэн гэж авгайлна. Шагай  сайхан харвадаг байсан бөгөөд өдгөө нь үр хүүхдүүд бидэнд хашлага, сум нь хадгалагдан үлдсэн нь бий.  Бас аав, түүний дүү нар шаггүй барилдана. Сумын наадамд төрсөн дүү Нямаа, Зундуй, Шаравдорж, Совд, Түгж нар нь барилдаж наадамчин олноо баясгаж явсан тухай хөгшчүүл хуучилдаг юм. 
Миний багад аав Могод сумын өртөөний адуун сүргийг адуулан  маллаж, адуучин Монх, Пэлжээ, Дарам нарын  үе тэнгийн хүмүүстэй  хамтран ажиллаж байв. Аав маань өвөл отроор явах адуугаа намар Хулжийн голын цаахнатай хэд хоног бөөгнөрүүлэн хурааж, хонуулаад хомоолыг нь хавар мал тэнхрэхэд хэрэгтэй гэж байсныг тод санаж байна. 
Хот дүүрэн хоньтой, хурга ишгэнд явах багачууд ч байхгүй.  Мал, малын захтай тул аав маань үхэртээ нэг яваад л, хониндоо нэг шогшдог сон. Бас адуугаа эргүүлээд л тун ч завгүй өнжинө. Тэгээд зуны эхээр бараг мал ногоонд цадмагц,  морио тарлаж эхэлснээс хойшхи он жилүүдэд бид аавынхаа морь засал, уялгын ажилд тусалж ирсэн юм. Би зургаан настай сумын  сургуулийн хүүхэд тараагүй, ойр  айлгүй тул, аав хонины захад  намайг үлдээгээд, унаж явсан морио бариулаад өөрөө ойрын зайд үсэргэж морио хөлсөлдөг байлаа. Цэрэгт явах нутгийн залуус ирж их тус болдог сон. 
Манайх өөрийн цөөн тооны адуутай тул жил бүр л унагаа ногтолж гүүгээ барих, зарим жил багаас олон гүү өгч бүгдээрээ л зүтгэдэг байсан. Аав, ээж хоёр маань хоёулаа Могод сумын “Оч” нэгдлийн гишүүн байсан тул сум орон нутгаас зохион байгуулсан бүхий л ажилд идэвхи чармайлттай оролцдог улс байлаа. 
Манай аав бид хоёр намайг  бага байхаас л зүс нийлүүлж  морь унах дуртай байв. Ээж болохоор хорино оо. Данзанд өвөлждөг жил бид, хоёр алаг морио ижилсүүлэн унаж хотноосоо гарлаа. Хөндлөнгийн дээд ухаа дээр багийнхаа нэлээд олон морьтонтой тааралдаж, багачууд бид хөгшдийг орхин пархийлээ. Ойрхон зуурын ийм давхианд бол уургын алаг морь маань байнга түрүүлэх л дээ. Үдэш ирвэл ээж том болсон охин хүүхдийг уургын морь унуулж хөвгүүдийн өмнүүр дүүхэлзүүлээд гээд аавд зэмлэнгүй хандав. Харин аав над руу нүдээрээ ирмээд өнгөрөв. Сүүлд нь сум явахдаа миний эмээлийг номхон алагт тохоод, өөрийнхийгөө уургын алагт тохсоныг харсан ээж үгэндээ оруулав гэж итгэсэн байртай байх. Үнэндээ бид хоёр хүйдэстэй нуруу өнгөрч өвөлжөөний бэлд очоод морио солиод уначихна. Үүнийг хожим би эргэцүүлэн бодоод аавын мэдэрсэн жаргалыг ээж мэддэггүй юм гэж шүлэг бичсэн юм. Уургын морь бол биеэ сайхан татаж чаддаг, уран хөдөлгөөнтэй чухам тамирчин морь шүү дээ. Хүүхдэд их ээлтэй тийм л сайхан ажнайн нуруун дээр аавынхаа дэргэд жаргалтай явлаа даа .
Адуутай айл бүрт л охин, хүү  олон хүүхэд байх л даа. Гэхдээ охидоо айлын хөвгүүдээс дутахгүй овсгоо самбаатай, авхаалжтай, ажил мэддэг  төдийгүй морины наймаа, нас, шүд зүс мэдүүлж өсгөсөн, хөхиүлэн дэмждэг аавдаа бид үнэхээр шадар туслагч нь байв. Ингэж л малчин айлууд хүүхдээ бие даалгаж сургадаг байсан байх даа. Намайг сургуулийн амралтаас ирэх бүрийд аав ёс юм шиг адуугаа хураагаад ирнэ. Тэгээд “Тийм адуугаа ингэж зараад, түүнийг тэрэнд бэлэглээд, ирэх жил энэ, энэ гүү унагална” гээд тайлан тавьж гарна даа. Би эндээс л малын  наймааны учрыг олдог болсон юм. Бүүр сүүлд Эрдэнэтэд шилжиж ирсэн хойно ч, аавыг бурхан болсноос хойш ч ээж намайг очих бүрийд дүү нарыг адуунд мордуулан хашаандаа хураагаад оруулаад ирдэг сэн. Тэгээд сайхан арц уугиулан адуун сүргээ ариулаад тэчигнэтэл давхиад гарсаны нь хойно бэлчээр дээр, зэлэн дээрээ очсон юм шиг сэтгэл сэргэчихлээ, адуу гэдэг хийморь даллаж явдаг тэнгэрийн сахиустай хүлэг шүү дээ гээд их бишрэнгүй сүүгээ өргөөд араас нь хараа билчээж зогсдог сон. 
Аав маань зуны дэлгэр цагт хаана ч зусаж байсан Улсын наадмын өмнөхөн морьдоо хөтлөөд өөрийн төрсөн нутаг Авзага хайрханыхаа уулын тунгалаг булаг, усны цээлээс ундалж, хөхөөн дуу сонсгож  урмыг нь сэргээнэ гээд хэд хоногоор яваад ирдэг уламжлалтай  байв.  Уяа жузгаа айлуудаас нэлээд хол модны хормойн ойролцоо хийдэг сэн. Манай Могодын моринд хорхойтой хүүхэд бүрийн шохоорхдог сайхан хүлэг бол ухаа азарга маань байсан юм. Уяа нь таараад ирэхээрээ нэлээд шазруун ааштай болдог. Уяач хүний эрдэм, залуустаа сургаальтай явахын үлгэрийг аав маань бүр хархан багаас өөрийн болгосон хүн байв даа. Учир нь гэвэл аавыг 12- той байхад эцэг нь өөд болсон тул дороо таван эрэгтэй дүүтэй өрх толгойлсон эр хүн болон үлдсэн тул эцгийн үүргийг эрт ухаарсан, дүү нартаа халамжтай эр явлаа. 
Эрийн хийморь сэргээсэн морь уях эрдэм бол манай Могодынхны эртнээс уламжилж ирсэн сайхан заншил дадал юм.  
 Миний  багад Рэнцэнгийн Баасан багш /6дугаар ангидаа/, Сүрэндоржийн Гомбо, Очирбатын Даваасүрэн нарын залуус бараг цэрэгт явтлаа манай морьдыг унаж байсан. Уяа заслын эрдмээ хойч үедээ өвлүүлэх гэсэн мэрийлт, чармайлтын үр дүнд тэр үеийн хурдан морины хүүхдүүдээс УИХ-ын гишүүн асан  Монгол Улсын Манлай уяач  Цэгмидийн Цэнгэл хийморьтой, одтой сайхан наадаж нутгийн зон олныхоо нэрийг гаргаж явна аа.  Хөдөөд айл хот хол, цөөхөн болохоор хурдан морины хүүхэд гэдэг аавын минь хайртай, дотно, эрхэм хүмүүс байв даа. Тэр үед манай бүстэй дүү нар өсөж торниогүй байлаа. 
Гуравдугаар багт алдартай сайн уяачид, сайхан хүлгүүд олон байсан. Ашигноовын ногоон морь, том Доржсүрэнгийн шарга, жаал Доржсүрэнгийн  хүрэн, Ишийн хар,өндөр Лхагваагийн хүрэн, Могой ахын  Хар голтой хонгор азарга, ааг хэмээх Норовсүрэн ахын хээр, Сэнгийн хүрэн, Дармаагийн олон сайхан хүлгүүд гээд олноо алдартай сайхан аавууд, сайхан хүлэг морьд олон байсан. Морины уяа засал, хурдан морины хүүхдийн эв дүй, сэтгэлээс их зүйл шалтгаална. Зунжин хийсэн ажлаа бүтэлтэй байлгахын тулд мориныхоо юу идэж, яаж харж, яаж амарч  байгааг ч уяач хүн мэдэрдэг  байхаар хүлэг эрдэнэтэйгээ ээнэгшин дасвал, хурдан морь уяандаа ээнэгшиж, уяачаа таньж арга барилыг нь даахтай болдог. Морь их эмзэг,  ялангуяа уяа нь орж буй үедээ бол тэнгэрийн хүлгийн хийморь онгод нь ордог үе тул үргээж, цочоож, айлгах, балмагдуулах үйлдэл гаргаж болохгүй гэж аав маань уяаны цээр тогтоодог байсан.
Тэр үеийн хүүхдүүд эцэг, эхийн үгнээс гарах гэж байхгүй шүү дээ.  Тэр тусмаа уяаны морины дэргэд биеэ зөв авч явахыг хичээдэг байлаа. Яагаад гэвэл уяа сойлго нь жигдэрч буй морийг зүүрмэглэж байхад нь цочоовол сэтгэлд нь оёг тогтдог. Зан ааш нь эвдэрч, давхилт нь алдагддаг. Яг нялх хүүхэдтэй адилхан. Тийм учир маш тайван байлгах хэрэгтэй юм. Тэр ч байтугай “Хурдны морийг байнга сойздож, хөлс тоосыг нь буулгаж, дух хоолойг нь маажиж, нуруу хамрыг нь арчих ёстой. Хүүхэд шиг бөөцийл. Хэдийгээр адгуус ч гэлээ яах гэж уяж сойж байгааг морь хүнээс илүү ойлгодог. Олон жил уралдсан морь өөрөө өөрийгөө сойж эхэлдэг нь үүний нотолгоо. Сайн морь хот, зэлний мал гишгэсэн өвс иддэггүй гээд бод доо” гэх зэргээр сургадаг сан.  Зуны өдрийн халуунд уясан унагаа ээж минь хярамтай усаар ундаална. хошуугаар нь хуурч эхийн нь сүүг саагаад авсан тул ундаасч байгаа, унагануудаа усла гээд бид мөн дуртай зэл рүүгээ хүйтэн цийдэм бариад  явдаг сан.
Манай дүү С.Чулуунцэцэг 1972 онд  Эрдэнэтэд илгээлтээр ажилд орсон тул манайх Эрдэнэт хотод 1974 онд  шилжиж нүүв. Аав маань 1975-1983 он хүртэл Эрдэнэт хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Байгаль хамгаалах хэлтэст ойн байцаагчаар  амжилттай сайн ажилласан.
Уяач аавыг маань Эрдэнэтийн Морин Уяачдын холбооны анхны тэргүүн, Алдарт уяач Бадамдорж гуай “Эрдэнэт хот үүсэн байгуулагдсан цагаас морины комисс, уралдааны зам сонгох, морьдоо бүртгэх, морь барих  зэрэг олон ажилд биднийг  сургасан” гэж дурсан бичсэн байна. Манайх их насны хүрэн, шарга, цагаан шийртэй хар морь, алаг шүдлэн, ухаа  шүдлэн гээд миний багад нийлээд хэдэн морь сойдог байлаа. Алаг гүүний маань үр төлүүд жороо голдуу төрдөг байсан юм. 
Залуу наснаас хийж сурсан ажил болохоор аав маань хот суурин газарт ажиллаж байхдаа ч наадамчин олныг баясган цэнгүүлэх журамт үүргээ гүйцэтгэсээр Эрдэнэтийн наадмаас түрүү магнай хүртэж байсан нь одоо түүх болон үлджээ.
Могодын Сүрэн Булган аймгийн наадамд сайхан наадаж, азарга нь айрагдав. Улмаар Эрдэнэтийн наадамд наадахад нь Булганы Сүрэн гэдэг болов.  Аавын маань хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж, Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн хүндэт медалиудаар шагнасан юм. 
Аавын уясан цавьдар азарга Могод сумын наадамд 1971,1972,1974 онуудад түрүүлж, Булган аймгийн наадамд 1974 онд аман хүзүүнд ирж, 1975,1976 онд Эрдэнэт хотын баяр наадамд түрүүлж нутаг орныхоо нэрийг гаргасан баялаг түүхтэй сайхан хурдан буян байлаа.
Энэ хурдан буян нийт долоон удаа түрүүлж, төдий хэмжээний айрагдсан байдаг. Харамсалтай нь 1976 онд түрүүлж ирсэний дараахан буюу наадмаас хойш удалгүй  бусдад буудуулж өнгөрсөн нь одоо ч харуусалтай санагддаг. Тэр үед моринд хайртай монголчуудын сэтгэлийг гонсойлгосон харамсмаар үйл явдал болсон. Гэвч аав маань “Эр хүн, азарга хоёрыг элээх тавилан хаана байх вэ дээ. Олон сайхан аавуудын адуун дунд үр төл нь үүрсэж байгаа. Би олон эрэгтэй хүүхэдтэй хүн энэ хэргийг шалгуулж, өс өвөрлөж явахгүй” гээд Эрдэнэтийн цагдаа дээр шалгаж байсан баримтыг устгуулсан юм. Үнэндээ ухаа азаргыг халих тэр өдрүүдэд аав маань Эрдэнэтэд байгаагүй Булганд байв. Ээж, эмээ, өвөө, би дүү нартайгаа л байсан, эцгийн эзгүйд л ийм муухай хэрэг гарсан юм даа.  Ажнай сайхан хүлгээрээ ардын баяр цэнгэлд уралдаж, 20 дугаар зууны шилдэг бүтээн байгуулалт босгож байсан Эрдэнэт хотын анхны баяр наадамд Хулжийн голын хүлэг түрүүлсэн нь атгаг сэтгэлтэй хэн нэгний  атаархал, хорслыг төрүүлснээс унаган сайхан хүлгийн минь ар зоо нуруугаар калибр буугаар буудаад орхисон байв. Өглөө адуунд явсан дүү нар энд тэндээс унагатай гүүнийхээ заримыг хурааж ирсэн ч морьд  нь хаашаа хулжаад арилсан юм зэлэн дээрээ ирсэнгүй. Гэтэл Эрдэнэт хотын барьж эхэлж байсан төв замын тунелийн тэр гүн худагт хөөрхий минь урд хоёр хөл дээрээ унгалдаж байхыг цагдаа нар олсон юм.  Ийнхүү халуун зунаар гүүгээ тавьж, зэлээ эвхээд,  манайх нутаг сэлгэж, шинэ бууцанд буусан ч тэр жилдээ нууцхан уй гунигтай,  бүгдээрээ хурдан морины хүүхэд болон дэрвэж байсан миний хэдэн дүү бандид их хүндээр туссан даа.  Аав минь тэгээд Булганаас ирж, ажнай сайхан хүлгийнхээ уран сайхан толгойг одоогийн хурдан морины толгойд анх залж, Эрдэнэт хот уяачдын тахиж шүтдэг бяцхан толгойтой болсон юм.
Төрөлх Могод сумынхаа 20 жилийн ойн баяр наадамд түрүүлээд хурдан удмын хээр даагаар шагнуулан хөтөлж ирсэнээ аав минь дараа жилээс нь сойв. “Байны хээр” гэж дуудуулдаг тэр ажнай Эрдэнэт хотын олон наадамд амжилттай сайхан наадаж, уяач аавын минь сэтгэлийн шархыг нөхөж байсан юм.  Сайн эр хүн, сайхан хүлэг морин хүний санаанаас гардаггүйн хуучийг Могод сумын уяач Дэмчигийн Лхагвасүрэн ах надад хуучилж үнэмшүүлсэн юм. 1992 онд нөхрийнхөө хамт Могод суманд амарч явтал Дэмчигийн Лхагвасүрэн /жолооч/  гуайтай тааралдав. Тэрээр мэнд мэдэлцэн, цай ууж сууснаа бүснээсээ хусуур сойзоо авч надад нэлээд урт бөөн цагаан хялгас үзүүлээд “Таньж байна уу” гэв
Би  “Үгүй танихгүй” гээд толгой сэгсэрвэл,
-Танайхыг Эрдэнэт нүүхийн жил ах нь азарганд тань гүүгээ хураалгасан юм аа. Хурдан буяны хишиг тогтог гэж санаад дэл, сүүлний нь хялгаснаас авч хоцорсон нь энэ гэж тайлбарлаж өгөв. Тийм дээ, Ганжуур гуайн Мижиддорж хонинд явах бүртээ л “Аль хонь таргалж бэ” гээд хараад явдаг, танай аав ирж манайхаас шөлний хонь аваасай гэж хүсдэг гэхэд нь би гайхаж:
- Яагаад гэвэл, 
- Яах вэ, хэдэн гүүгээ азарганд тань хураалгая гэж гуйхгүй юу гэж байж билээ.  Тэгээд удалгүй Ганжуур гуай хоёр гүүгээ эдний адуутай хамт туугаад гаргачихаарай, аав нь аавтай нь яриад тохирчихсон юм гэж баярлуулсан тухай хуучилсан сан. 
Түүнчлэн энэ зууны эхээр  2000 он гараад  сумын наадмын тухай манай сургуулийн Д.Сампилноров ярихдаа : Аав, ах нарын жилдээ ганц уулздаг газар нь сумын наадмын талбай байлаа шүү дээ. Баг бүрийн уяа шузага багширсан олон морьдтой. Хэний морь түрүүлэх бол, хаанаас аль насанд шинэ битүү хүлэг уягдан ирж бэ?  гээд сонирхол татах юм олон. Уртын голоос танай аавын ухаа азарга, шарга морь,  буурал үрээ, Ашигноов гуайн ногоон морь, том, жижиг Доржсүрэн гуайн шарга морьд, Ишийн хээр гээд гол усандаа алдартай хүлгүүд ирдэг байв аа. Би чамайг бодвол арай том хөвүүн явсан  болохоор уяан дээгүүр явж томчуудын яриа чагнаж, бүсээ доогуур бүсэлж, цээжээ бага зэрэг хөндөлдүүлж эр болохын хүслэн асааж явав аа. Манай аав, танай аав хоёр уяаны ахлагчид шиг л санагдаж байсан. Угтаа азарга уядаг улсыг нутгийн ахан дүүс арай дотно илүү хүндэтгэдэг байсан юм  болов уу. Наадам өндөрлөхөд  уяаны найр азаргатай айлын майхнаас эхэлдэг байв. Би тэдний заллагын хэл хүргэгчээр явна аа. Ганц шил архи олох гэж хоёр аавын бичсэн өргөдлийг аваад гарна. Түүнийг нь сумын  Засаг даргаар цохиулаад, нягтлан бодогч  дээр очно. Ня-бо няравт бичиг хийж өгнө. Нярав нь баяраар амраад гэртээ сууж байх, няравынд очоод худалч хүнд хагас өдөр нааш цааш явж байж цохолтоор айл, айлын ганц шил архи олж ирнэ. 
Намайг ирэхэд нар баруун дээгүүр өгсөөд тэд майхан, гэрээ цэгцлээд уяа шузагаа бараг хураан, нүүж хөдлөх бэлтгэлээ хангаад байж байх. Тэгээд уяаныхаа хойно хэчнээн л эрчүүд байна бүгд тойрч суугаад нөгөөх архиа задалж, дөрвөн зүгийн хайрхадад өргөөд нэг, нэг амссан болоод л хойтон жилийн наадмаар уулзахын ерөөл тавиад тарцгаадаг сан.  Хэд хоног  сумын төвд  сойгдож өлдсөн  морь, хүн, хүүхэд гурав цэлгэр тал, цэнгэг усандаа яараад нутаг нутгийн зүг явдаг байв аа гэснээ, урьдын түүх санав бололтой, үгүй бол надад үүнийг ярина даа гэж олон зун бодсон бололтой  хултай айраг авч ууснаа ийн ярив. 
Нэгэн үе  Могодын Хүрэн дэнжийн наадамд доод бригадаас манай аавын Дожоогийн хүрэн азарга, Уртын голоос танай ухаа азарга хоёр л өнжөөд л өрсөж түрүүлдэг хуваарьтай юм шиг уралддаг байв даа. Би өсөж, эр болох гэж яарч явсан цаг. Морины ид хорхойтой үе маань шүү дээ.  Танайхыг хол нүүгээсэй тэгвэл жил бүрийн наадмаар манай хүрэн азарга түрүүлнэ гэж нуулгүй хэлэхэд өсөж яваа эрэгтэй хүүхдийн моринд хорхой ассан гэнэн зангаар далдхан хүсдэг болов.
Миний хүслийг бурхан таалсан мэт танайх Булган руу нүүж, тэндээсээ Эрдэнэт шилжив. Танайхыг нүүснээс хойш хүрэн азарга маань урьдын өрсөлдөгч нь холдсон учир өнгөлсөөр л байлаа: Гэтэл 1974 онд Могод сумын 20 жилийн ой болоод аав тань Эрдэнэтээс уяа дүүрэн морьдтой нэлээд хэдэн настай ирдэг юм.
Холоос морьд  ядарч ирлээ, гэвч яах вэ зорьж ирсэнийх уралдана аа гэж сууна. Маргаашийн түрүү азарганы тухай наадмын хорхой цээжинд бодогдоод би адуун дээрээ хонов. Морь гарлаа, морьд эргэлээ, танай ухаа азарга 200-аад км-ын  цаанаас ирж наадахдаа дахиад л наадмаа аваад буцсан юм. Аав тань харин нутгийн ахан дүүс, агаар, ус , хурдан  буяны хишиг даллалаа гээд их л бахтай буцсан даа гэж нийслэлд ирээд манайд хуучилж суув. Тийм ээ, хүмүүсийг эвлэлдүүлдэг, ид бах, омогшлыг төрүүлдэг, төрсөн нутаг, тэр дэнжийнхээ баяслыг далладаг нь алтан туурт хурдан буянууд мөнөөс мөн. Өнөө ч үүнийг бичиж суугаа нь нутаг ус, аав, хүлэг, ахан дүүсийнхээ найртай сайхан сэтгэлийг дээдэлж явдагийх юм даа. 
Нэгдлийн адуунаас 10 үрээ сургаж номхруулсаны шагналд нь сургасан үрээнүүдээсээ нэг үрээг авдаг журамтай байж. Энэ дагуу  цавьдар үрээ авсан нь хожмын алдарт хурдан хүлэг төрсөн түүхтэй.  Аавын завгүй их ажилд дүү нарыг өсөж торнихоос өмнө УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл ирж тусалж, манай ухаа азаргыг унадаг хүүхэд байв. Том ах Ц.Ашигноов гуайнтай манайх айл зусдаг байлаа. Могой ахын, Дашпэлжээ гуай, Доржсүрэн гуай, Иш гуай, Лхагва гуай, Цэдэн гуай, Жанчивдоржийн, малын эмч Гэндэн, малын эмч Бямбаа,  хоньчин Жигжид, Совд ахынх, Б.Сэнгэ гуай, Долгор эгч, Чулуун гуай, Н.Очирзавын, С.Ойдовын, Найдан багш, Хад, Дэнсмаа, Гал ах Цэнд-Аюуш, Дөмүү, Сандаг, Жадандорж, Сүрэндорж, Баясгалан,  Дамдинсүрэн, Маналжав,  Дагва, Лхагвасүрэн, Бужгар Шагдар, Цэнд авгай, налай Дорж, Шагдар, Доригмонх,  Дармаа,  Гандан ах, Жүгдэрийн гээд үе тэнгийнхээ олон сайхан хүмүүстэй аав, ээж хоёр минь ахай эгчээ болж айл саахалт зусаж, нэгэн өвөлжөөнд өвөлжиж, Урт, Санатахынхаа сэрүүн зунаар ажил хөдөлмөрөө нэгтгэж явсан даа. 
Нутаг орныхоо нэрийг наадмын дэвжээнд дуудуулсан морины хүүхдүүд бол манай төрсөн дүү С.Сүхбаатар, С.Төмөрбаатар, С.Дарханбаатар, С.Хуягбаатар нар юм. Өсгий цагаан хар морь, алаг морь, хүрэн үрээ, улаан буурал шүдлэн гээд нас насны унаган хүлгүүдээ өнөө эргэн дурсахад нэн таатай байна аа. Дүү  нар маань хүлгийн нуруун дээр дарцаглаж эр болсон бол, одоо зээ хүү маань моринд хорхойтой хүн боллоо. 
Унаган  цавьдар азарганы үр төл болох алаг даага 1975 онд Эрдэнэт хотын наадамд айрагдаж, 1976 онд хээр соёолон аман хүзүүнд, 1977 онд хүрэн даага аман хүзүү, 1979 онд хээр азарга айрагдаж, 1981 онд ардын хувьсгалын 60 жилийн ойгоор хүрэн азарга түрүүлж байв. 1978 онд Киевийн нийслэл Ташкент хотноо “Монгол Улс” үзэсгэлэн гарахад Алдарт уяач Т.Сүрэн абугай домогт цавьдар азаргатайгаа  зураг нь тавигдсан байна.  Хангалын гол, Эрдэнэт уулын орчмоор ухаа азарганы маань үр төл өнөө ч хурд хуваан хатирч яваа гэдэгт би эргэлздэггүй ээ. 1994 оны зун “Засгийн газрын мэдээ” сонины сурвалжлагч байхдаа Эрдэнэт хотын Хивсний үйлдвэр дээр наадмын сурвалжлагаар очлоо. Дарга нь Баасандай гэж хашир, туршлагатай хүн байна. Тэгээд Эрдэнэт уулын зүүн биеэр тойрон манай адуучныхаар очно гэв. Гүү барьсан айлд орвол, хивсний үйлдвэрийн адуучин эрийнх аж.  “Даргаа манайх 71 адуутай болсон шүү дээ. Саяхан азаргаа сольсон залуу ухаа азарга авсан” гэж байна. Айлын гэрийн баруунтаа сууж байсан би айраг уунгаа тэсгэл алдан:
-Танай азарга ямар зүстэй, ямар дэлтэй юм гэж асуулаа. Баасандай дарга, намайг үл тоон энэ шал дэмий юм асуух юм гэсэн байртай, энэ хотоос ирсэн сурвалжлагч хүүхэн, мал юу ч мэдэхгүй гээд яриан дундуур оров. Гэвч би асуултандаа хариулт авмаар санагдаад :
- Би ч уул нь Хулжийн голын хүн л дээ гэв. Удалгүй бид адуун сүрэг дээр нь очлоо. Тийм ээ, яг л миний долдугаар анги төгсөөд унаж уралдаж дүүтэйгээ хурд хуваан давхиж, Талын толгойн салхинд алчуур дэрвүүлэн, аавдаа загнуулахдаа загнуулж, аргадуулахдаа аргадуулж байсан ажнай хүлэг дүрээрээ урдаас  хараад зогсож байв. Би авч явсан ганц шил архиа, 10 рублийн хамт   адуучинд бариад, унасан унага бүр тань хурдан байг гэв. Тэнд хамт явсан Хивсний үйлдвэрийн малын эмч Пүрэвдорж гэдэг хүн:
- Чи Сүрэн гуайн хотод байдаг том охин нь юм аа даа. Танай удмын азарга яг биеэрээ зогсож байгаа биз. Тэр их эрсдэл болоход би Хангал сумын малын эмч байв. Эрдэнэт хот ч Хангал сумын нэг баг байлаа даа. Тэгээд ЦСХ-ээс дуудаж надаар үзлэг хийлгэн, акт тогтоолгосон юм. Хоёр морьтон ангаалдаж хашиж туугаад дийлэхгүй болохоороо галт зэвсэг хэрэглэсэн байсан даа. Аав тань харин уужуухан юм үзсэн хүн байсан тул өргөдөл чирэгдэл энээ тэр ээ гэхгүй ээ. Эрдэнэтэд ирээд удаагүй, олон банди нар өсөж байна.  Эрдэнэт хүлэг минь энд амьсгал хураах ёстой байж гээд нулимсаа арчиж суусан юм гэж хуучлаад аавын тань хэлдэг үнэн байгаа биз.
- 20 жилийн дараа гэхэд энэ Хивсний үйлдвэрийн ухаа азарга бол тэр л ажнай сайхан хүлгийн үр сад яваа хэрэг шүү дээ. Тэр хондлой, зоо, цагаан дэл, цагаан сүүлийг нь тэгээд биеэр жижгэвтэр яг л өвчөөд төрчихсөн юм шиг гээд “За сайн яваарай” гэж намайг үдэж өгч билээ.
Адуу, аав хоёрын түүх, намтар гэдэг дундардаггүй дэлгэрдэг тавилантай хорвоо.  
Аавынхаа хурдан буяны уяа заслын эрдмээс суралцсан хүүхдүүд нь өсөж хүү С.Дарханбаатар олон жил морь уяж, Монгол морийг Геннесийн амжилтад бүртгүүлэх 10000 морьтны жагсаалд найман морьтой, хүү Д.Наранбаатар, зээ хүү Гүнбилэгийн Тодсэцэн нарын хамт амжилттай оролцож, Булган аймгийн Алдарт уяач цолоор шагнуулсан юм. 
Түүнчлэн хүү С.Дарханбаатар, хүү С.Хуягбаатар, зээ хүү Болдбаатарын Гүнбилэг  нар нь удамт уяач аавынхаа нутгийн зон олныг баясуулах, морьдоо сойж уралдаж байсан нутагт нас насны морьтой очиж  уралдаад Б.Гүнбилэгийн их морь, шүдлэн хоёр  нь түрүүлж, даага нь айрагдаж сайхан наадацгаасан.  Эх нутаг, элгэн түмнээ гэсэн залуу уяачдын  чин сэтгэлийг нь Могод сумынхан бахархан ярьцгааж байна. 
Могодынхон мориндоо даанч их дуртай, монголчууд Могодын айрганд бүүр их дуртай. Хүлгийн төвөргөөн тачигнах уудам нутагтай, хүний хүсэл тэмүүллийг дэмжих хүн зонтой ийм сайхан нутгийн уугуул иргэд юм аа бид.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтгуай.
Сүрэнгийн ууган охин, сэтгүүлч, яруу найрагч С.Оюунчимэг 
2015.04.15

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна