МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Б.ЦЭНДБААТАР: ХААНА ХАМГИЙН ХУРДАН ХҮЛГҮҮД БАЙНА, ХҮРЧ ОЧООД УРАЛДУУЛЧИХМААР ОМОГШИЛ Ч ХААЯА ТӨРНӨ ШҮҮ
Хүн бүр өнгөрөгч оны алдаа, оноогоо дүгнэж цэгнэн, ирэх жилийн зорилт зорилгоо дэвшүүлж буй энэ цаг дор тэнгэрлэг алтан тууртнуудын шандсыг сорьж, Ар Халхын торгон ногоон дэнжийг эзэгнэсэн нэгэн эрхмийг сэтгүүлийнхээ тэргүүн хойморт залж байна. Энэ бол Дорнод аймаг болоод Матад сумын нэрийг төрийн их баяр наадамд мөн ч олон удаа дуудуулж моринд дуртай түмнийхээ сонорыг сортолзуулж яваа Монгол улсын Алдарт уяач Бат-Очирын Цэндбаатар юм. Тэрбээр өөрийн хүлгүүдээс гадна Тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ, Манлай уяач Н.Хүрлээ, Тод манлай уяач Ц.Батсайхан, Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжав нарын хурдан буянуудын уяа сойлгыг тааруулж, Тугал ухаа, Яруу саарал, Сартай зээрд, Eмбүү хээрийг улс, бүсийн наадамд олонтаа цоллуулсан. Уяан дээрээс улсын Алдарт, Манлай уяач нэг, нэгийг төрүүлсэн гээд ярих зүйл ч ихтэй уяач билээ.
НУТГИЙН МИНЬ УУЛ ОВОО ИВЭЭЖ ТҮШСЭН УЧРААС Л ОЛОН АЙРАГ, ТҮРҮҮ ХҮРТСЭН ГЭЖ БОДДОГ
-Анх дөрөвдүгээр ангид байхдаа сумын наадамд хязаалан аман хүзүүдүүлж, уяачийн хувиар анхны айргаа хүртэж байсан гэсэн. Их л багаасаа адуутай нөхөрлөжээ дээ?
-Манайхан удмаараа л малчин улс. Би долоотойдоо анх хурдны морь унаж байлаа. Тэгээд л нэг их удалгүй морь уяад эхэлсэн дээ.
-Таны өвөө Хоршоо Самбуу гэдэг мундаг уяач байсан. “Хоршоо Самбуугийн хоньтой нь уралдсан ч гүйцэгдэхгүй” л гэдэг байсан юм билээ. Та өвөөгийнхөө тэр гайхамшигт хурдан буянуудыг унадаг байв уу?
-Үгүй ээ. Засаг ноён гээд захиргаадалтын үeд хамаг малыг нь хураагаадавчихсан юм билээ. Би нэгдлийн адуунаас л үрээ, даага сургаж, түүнийгээ сумандаа уядаг байсан юм. Гэхдээ өвөөгийн минь тэр сайхан буянуудын удам угшлын адуунууд Матад сумандаа бол одоо хүртэл байгаа л гэж боддог. Учир нь, 1990 оны эхээр засаг нийгэм задрахад олон суурь адууг хувьчлалаар нутгийн ард иргэдэд тарааж өгсөн. Тэдний дунд өвөөгийн маань хурдан адуунууд явж л байсан байх.
-Таны хувьд тэр хүлгүүдийн талаар үлгэр домог, яриа сонсож л өсчээ дээ?
-Тийм ээ. Өвөө маань хурдан хар морьтой байсан юм билээ. Хөлсөлгөөнд явахдаа чоно хөөгөөд гаднаа ирдэг тийм хурдан морь байсан гэсэн. Ойр тойрныхоо наадамд олон ч түрүүлсэн юм гэнэ лээ. Мөн Баян Өндөр уулын тахилгын уралдаанд дандаа л манай өвөөгийн адуу торгон жолоо өргүүлдэг байсан гэдэг юм. Өвөөгийн уясан морьдыг аав л голдуухан унадаг байсан юм билээ. Аймгийн Алдарт уяач Цэрэндорж гуай бас өвөөгийн минь талаар их сайхан ярьж өгдөг байлаа. Одоо даанч бурхны орондоо явчихсан л даа.
-Өвөө тань ер нь ямар арга барилаар морины уяа эвлүүлдэг байсан юм бол?
-Морь уяхад тухайн хүний дур сонирхлоос гадна мэдрэмж их нөлөөлдөг. Мөн удам дамждаг арга ухаан юм байна гэж боддог. Аав маань “Уналгаа эдэлгээг нь зөв хийж байх ёстой шүү” л гэж захидаг байсан даа. Аавынхаа захиасыг би одоо ч байнга л бодож явдаг.
-Аавынхаа тэр захиасыг өөрийн олж авсан туршлагаар баяжуулаад л явж байгаа байх. Ингээд бодохоор уяач гэдэг өсөхөөсөө өтлөх хүртлээ суралцдаг яндашгүй баян эрдэм соёл юм даа?
-Тийм ээ, би ч дөрөвдүгээр ангиасаа морь уяж эхлээд, улмаар 1988 онд наймдугаар анги төгсөж, илгээлт авч мал дээр гарсан юм.
1990 оноос засаг нийгэм чөлөөтэй болсноор уул овооны тахилга сэргэж эхэллээ шүү дээ. Тэгэхэд би 17-18-тай хүүхэд Эрдэнэцагаанаас Дашцэгмидийн бор гэдэг морийг худалдаж аваад тахилга наадамд дөрвөөр давхиулж байлаа. Тэгэхэд Бүүвэй, Чадраа гуай тэргүүтэй нутгийн өвгөчүүд “Цэндбаатар хүү ч аятайхан бор морь аваад ирчихжээ. Моринд дуртай, яггүй хүүхэд гарах нь дээ” гэж урам өгч байлаа. Түүнээс хойш би идэвхтэй морь уяж эхэлсэн. Залуу хүүхэд байхдаа ч нарийн ширийн зүйлийг мэдэхгүй, барагцаагаар л уяа эвлүүлдэг байлаа. Цаг хугацааны эрхээр туршлага сууж байна. Ер нь морь уях эрдэм гэдэг тухайн хүний дур сонирхол, мэдрэмжээс л шалтгаалдаг зүйл дээ.
-Уяач хүн хаана ч явсан аав ээж, нутаг усныхаа нэрийг өөрийнхөө алдартай хамт дуудуулдаг. Энэ ч утгаараа аав ээж, нутгийнх нь уулс үргэлж дагаж явдаг гэж монголчууд бэлгэшээн сүсэглэдэг. Та ч бас морь мордуулахын өмнө уул усандаа залбирдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Явсан газар бүртээ л уул ус, газар шороо, лус савдагтаа залбирна. Нутгийн минь уул овоо хаа ч явсан надтай хамт явдаг л гэж боддог.
Би хамгийн анх 2008 онд Тулга ухаагаа хязаалан байхад нь төрийн наадамд түрүүлгэчихээд Төв цэнгэлдэхэд орж байлаа. Тэгэхэд аав ээж, нутаг орныхоо нэрийг Монгол орон даяар цоллуулж байгаадаа үнэхээр их бахдан баярлаж байв. Мөн би морьдоо барьж уямагцаа л унаачаа дагуулаад уул овоондоо гарч, мөргөдөг юм. Төрийн болон бүсийн олон наадмаас айраг, түрүү хүртэхэд нутгийн минь уул овоо намайг ивээж түшсэн л гэж боддог.
ТӨРИЙН НААДАМД ИХ НАСНЫ МОРЬ ГАНЦЫГ АЙРАГДУУЛЧИХ ЮМСАН
-Уяачид уясан хүлгээ уралдуулж, өөрсдөө сайхан наадахаас гадна нутгийнхаа адууны угшлыг сайжруулах давхар үүрэг хүлээдэг. Таны хувьд адууныхаа удам угшлыг хэр сайжруулж байна вэ?
-Бидний хамгийн гол үүрэг л тэр шүү дээ. Муу адууг хүн уяад сайн давхиулна гэж байхгүй. Сайн адууг л сайн уяж сайн давхиулна. Жишээ нь, би төрийн наадамд олон айрагдаж, түрүүлсэн Алтангэрэлийн Бага хүрэн азаргыг аваачиж хоёр, гурван жил тавилаа. Үр төлийг нь авлаа. Улс халзан, Тугал ухаа азарганы төл, морин тойруулга угшилтай азаргануудаас гадна гадаадаас импортоор орж ирсэн адууны үр төлүүдээр адуундаа цус сэлбэж, угшлыг нь сайжруулах ажил нэлээд хийж байна.
Очиж уралдсан газар бүрт найз нөхөд хурдан буянуудаа бэлэглэнэ. Би ч бас угшил бүрээс л ядаж нэг адуу авчихъя гэж хичээдэг. Сүүлийн үед өөрийн унаган ганц хоёр адуу ч гайгүй давхиж эхэлж байна. Цаашдаа ч гайгүй давхих байх.
-Цуглуулсан адууныхаа үр төлийг нутаг усныхандаа сайн тараадаг уу?
-Зөвхөн өөрийнх гэж өмчирхөлгүй, нутгаараа сайхан адуутай болъё гэсэн зорилго л тээж явдаг даа.
-Өөрийн уясанууд ч торгон жолоо өргүүлнэ, өрөөлд өгсөнүүд нь ч тод магнайд хурдална. Уралдаан бүр л цээж дүүрэн баяр бэлэглэдэг биз ээ?
-Тэгэлгүй яах вэ. Өмнөговь руу нэлээн хэдэн хүнд адуу өгсөн. Сайн давхиж байна. Тугал ухаа азарганы минь төл ноднин гэхэд гурван бүсийн наадамд орсон. Тодруулбал, Монгол Улсын Тод манлай уяач Ганхуягийн хүрэн халзан даага Эрдэнэтэд аман хүзүүдэж, улсын Алдарт Батзоригийн хүрэн даага Дундговьд айрагдаж, Зүүн бүсийн уралдаанд Тугал ухаагийнхаа төл халзан үрээг би өөрөө уяж айрагдууллаа. Хурдан буян минь торгон жолоо өргүүлэх бүрт л өөрийн эрхгүй огшино шүү дээ.
-Монголчууд ч гадагшаа огшиж чаддаггүй хүмүүс дээ. Ингэхэд та омогшил, огшилтоо хэрхэн илэрхийлдэг вэ?
-Би ч даруухан хүн шүү дээ. Үгээр илэрхийлэхийн аргагүй л сайхан мэдрэмж төрдөг юм. Хүнд хэлж боломгүй, тэгсэн хэрнээ цээжинд багтамгүй л омогшил төрнө шүү дээ. Тэр мэдрэмжээ ихэвчлэн дотроо л хадгалдаг. Гадагшлууллаа гэхэд хүнтэй гэхээсээ илүү уул устайгаа л хуваалцаж, талархан залбирдаг даа.
Мөн төрийн наадамд их насны морь ганцыг айрагдуулчих юмсан л гэж бодож явдаг даа. Хүсэл минь нэг л өдөр биелэх байлгүй.
-Сайн хүлэг, сайн уяач хоёр биeсээ хайж явдаг гэдэг. Чухамдаа л бид тэгж биeсээ хайж олсон юм гэж хэлэх хурдан буян олон бий юу?
-Нэгэн намар би Төв аймагт хэдэн адуу зарах санаатай Гантөмөр найзындаа очсон юм. Анх очиход л адуун дундаас нь нэг жаахан хул даага нүдэнд туссан. Зун нь хусран байж байгаад намар нь ширгэчихсэн, олон уралдаад нэлээд эцэнхий болчихсон, пөмбийсөн жаахан амьтан байсан юм. Нутаг орондоо олон ч түрүүлсэн юм гэнэ.
Адуугаа зарчихаад, хотод ирсний дараа ч тэр даага л бодогдоод болдоггүй. Тэгээд л буцаж очоод “найз нь тэр хул даагыг чинь авъя” гэж хэлсэн дээ. Гантөмөр маань ч нэг их цааргалалгүй өгсөн юм. Тэгэхэд би Дорнод аймгийн төвд жүчээтэй байлаа. Өнөөх даагаа тэндээ аваачаад л хийчихлээ. Өөрийн эрхгүй л омогших сэтгэл дотроос хатгаад, хүн бүрт л ярьж, харууллаа. Гэтэл үзсэн хүн бүр л “тугал шиг юм” гээд голонгуй байсан даа. Ойшоож байгаа хүн eр алга аа. Тэгж байтал Батзориг маань давхиад ирлээ. Би нөгөө хул даагаа үзүүллээ. Тэгсэн чинь “Миний найз ч аргагүй л Халхын хурдан буян авч дээ” гэдэг юм байна. Eрдөө ганцхан хүн ойшоосон нь Батзориг маань байсан юм. Манай Зоригоо ч eр нь их мэдрэмжтэй л дээ. Би ч найзынхаа үгэнд урамшаад, тэр жилдээ аймгийн наадамд уралдуулсан. Гэвч айрагдуулж чадалгүй, зургаагаар оруулчихсан юм. Тэгэхэд манай Зоригоогийн ногоон үрээ түрүүлж байлаа. Дараа нь Халх голд болсон То вангийн нэрэмжит уралдаанд би Тугал ухаагаа давхар уяагаар сойж, шүдлэнд нь анхны түрүүг нь хүртэж байлаа. Хязааланд ч тэр хавьдаа олон уралдуулсан. Тав уралдаад тав түрүүлсэн. Улмаар төрийн наадамд ирж нэг жилийн дотор зургаан түрүү авсан. Ингээд хязаалан, соёолон, хавчиг азаргандаа улс, бүсийн наадамд нийт найман удаа айрагдсан.
-Та ч зөн совингоороо аргагүй л таньж дээ. Ингэхэд “Тэр жижигхэн хул дааганы чухам юу нь миний сэтгэлийг тэгтлээ татсан юм бол” гэж бодож үзэж байв уу?
-Төв аймгийн баруун урд зарах хэдэн адуугаа идээшлүүлээд байж байтал хашаанаасаа гарч яваа хэдэн адууны хамгийн сүүлд нэг цодойсон хул даага явж байсан юм. Биднийг хажуугаар нь өнгөрөхөд сүргээсээ тасраад л миний машин дээр хүрээд ирнэ. Эрхдүүхэн ч амьтан байсан даа. Анхнаасаа л тэгж нүдэнд туссан болохоор надад ирэх л учиртай буян байсан юм байлгүй гэж боддог.
-Таны зөн совин ч эзнээ хуурсангүй, төрийн наадмын түрүүг авчирсан. Eр нь, төрийн наадамд түрүүлж, айрагдсан адуу уяач, эзний мэдлээс гарч ард түмний данстай болчихдог. Та ч түмний данстай адууны уяаг ганц хоёроор тогтохгүй л эвлүүлсэн дээ?
-Тийм ээ, Хүрлээгийн хүрэн соёолон Дорнод аймгийн Матад сумын унаган адуу. Надад ирсэн жилдээ 1.5 саяын бооцоот уралдаанд аман хүзүүдээд, “Дүнжингаравын хурд”-д гурвалсан. Ер нь бол Хүрлээ ахын хэдэн сайн адуу бий. Хүрэн халзан азарга нь байна. Хавчигтаа улсын наадамд 21-д давхиж, “Говь Шанхын хурд”-д түрүүлж, Молор-Эрдэнийн мялаалганд гурвалсан Яруу саарал ч бас над дээр уягддаг.
-Мэдрэмж тань олон сайхан хурдан ажнайг тантай учруулаа биз?
-1990 онд Дашцэгмидийн бор морийг авч байлаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын адуу л даа. Тэгэхэд би хүүхэд ч байлаа. Будчулуун ахын адуун дундаас тэр бор морь л нүдэнд тусаад болдоггүй. Хэлсэн чинь “таван адуугаар өгнө” гэсэн юм. Надад тэр таван адуу нь ч байсангүй, нэгдлийн 20 гаруй адууг л малладаг байлаа.
Тэгэхэд би ахындаа туслах малчин байсан юм. 800-1000 хонь суурилна. Хавар хонио төллүүлчихээд буцахдаа “Би араас хонио туугаад очъё” гэж ахдаа худал хэлээд, хөсөгнөөсөө хоцорч үлдсэн юм. Тэгээд л нөгөө хэдэн адуугаа хашчихаад, Будчулуун ахынд давхиад очсон. “Бор морио авъя, таван адуу өгье” гэсэн чинь “Ахдаа хэлсэн юм уу” гэж байна. Би ч “зохицуулна” л гэлээ. Тэгж л нэгдлийн таван адуугаар бор морио сольж авч байлаа. Гэхдээ хөл нь шал хазгар. Гахай нь тулаад л доголоод байсан юм билээ л дээ.
-Ахдаа их зэмлүүлсэн үү?
-Өө, тэгэлгүй яах вэ. Гэхдээ аав маань амьд сэрүүн байсан болохоор нэгдлийн даргатай ярьж хөөрөөд зохицуулж байлаа.
-Бор морь ч тэр жилдээ л ид шидээ үзүүлсэн гэдэг байх аа?
-Тийм шүү, Матад уулын тахилга их будантай, бороотой өдөр болсон юм. Тэр уралдаанд Пологийн улаан гэдэг хурдан бор морь түрүүлж, Жадамбаагийн халтар морь аман хүзүүдээд, “жаахан” Чадраалбалын шарга морь гуравлаж, миний бор морь дөрвөөр давхисан юм.
-Бор морь хэлбэр хийцийн хувьд ямаршуу адуу вэ?
-Зээрэн толгойтой, мундаа сэрвээ гоётой, аргагүй л хурдан ажнай байсан даа. Түүнээс хойш уул овооны тахилга, хүүхдийн даахины найранд түрүүлж л байлаа.
-Таныг сумын баяр наадмын айраг, түрүүг олноор нь хүртсэний дараа Дорнод аймгийнхаа баяр наадам руу 10 жил морь хөтөлж очиж байж анхны түрүүгээ хүртэж байсан гэдэг?
-Тийм ээ, би 1992 оноос хойш Дорнод аймгийнхаа баяр наадам руу 10 жил адуугаа газраар хөтөлж очсон юм.
Ер нь монголчууд “агтны бийд газар үз, аавын бийд хүнтэй танилц” гэдэг шүү дээ. Сум орон нутгийнхаа нэрийг гаргая, газар үзье, хүмүүстэй танилцъя гэсэн хүсэл тээж, чухамдаа бол өөрийгөө нээчих л санаатай явсан хэрэг. 130-140 км газар хөдөө хээр, эзгүй хаваржаа, саравчинд хоноод л явдаг байлаа. Буцахдаа морьд маань бүр ядраад явахаа больчихно. Аав маань хүртэл “Миний хүү битгий ингэж өөрийгөө зовоо. Сумандаа л сайхан наадаж бай” гэж байсан даа. Би ч өөрийнхөөрөө л зүтгэсэн. Ингэж 10 жил зүтгэсний хүчинд 2002 онд миний даага, соёолон хоёр, хүргэн ахын маань цагаан морь гурав аймгийн баяр наадамд түрүүлж байлаа.
-Аймгийн наадмын анхны түрүүг авч ирсэн даага, соёолон хоёр тань хаанахын угшилтай адуунууд вэ?
-Даага нь Сүхбаатарын угшилтай. Даагандаа аймгийнхаа наадад түрүүлчихсэн байсан юм. Би түүнийг Тэрбиш гуайгаас авч байлаа.
Харин нөгөөх нь хонгор халзан соёолон. Бас л Сүхбаатар аймгаас гаралтай. Юндэн гэдэг хүний хөгшин хонгор азарганы төл. Би тэр хөгшин хонгор азаргыг ч бас их түүхтэй авч байлаа.
-Тэр түүхээ сонирхуулаач?
-Манайхны нэгдүгээр бригадын Адуу Баяраа гэж насаараа адуу малласан хүн байсан юм. Би тэр хөгшин хонгор азаргыг тэр ахаас найман адуугаар авч байлаа. Гэвч морь хасдаг азарга байсан болохоор хоёр жил хэртэй гүү хураалгаад хүнд зарчихсан юм. Тэгтэл Сүхбаатарын хэдэн эрэлчин манайхны Онги гэдэг ахынд хоноглодог юм байна. Тэгсэн чинь тэд “Манай Сүхбаатар сумын Юндэн гуайн адууны Өвгөн хонгор гэж их сайн азарга наашаа гарсан даа. Танайхны Баяраа гэдэг хүн энд авч ирсэн байх учиртай. Тэр азаргыг авсан айлд ч аргагүй л хурд заяана даа” гэж ярьдаг юм байна. Би ч тэр яриаг сонсмогцоо л Өвгөн хонгорыгоо буцаан авч, азарга тавьж байлаа. Аргагүй л сайхан азарга байсан.
АДУУ ТАМИР ТЭНХЭЭГЭЭ БАЙГАЛИАСАА АВАХ ЁСТОЙ
-Жижиг завь эргээсээ нэг их холддоггүй гэдэг шиг уяачид сум, аймаг, улмаар улс гээд дэвжээгээ шат шатаар л томруулж байдаг. Тэгж ахисаар манай уяачид дэлхийд уралдах анхны шангаа ч татчихлаа. Та ч бас уяачийн хувиар том зорилго тээж явдаг байлгүй. “Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг” гэдэг дээ?
-Одоохондоо миний хувьд хамгийн том дэвжээ бол төрийн наадмын дэвжээ л байна даа. Олон ч айраг, түрүү авч, энэ сайхан дэвжээний буян хишгийг хүртэж явна. Улс халзан маань л гэхэд хоёр ч удаа төрийн наадмын тод магнай боллоо. “Их хурд”-д ч түрүүллээ.
Мэдээж тамирчин хүн бүр л дэлхийн дэвжээг мөрөөддөг шүү дээ. Түүнтэй л адил уяачид маань ч бүгд л өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн энэ сайхан өв соёлоо дэлхийн хэмжээнд гайхуулж, нутаг орон, аав, ээжийнхээ нэрийг гаргахыг хүсч байгаа. Гэвч тэр ч бас тийм ч хялбархан зүйл биш ээ.
-Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэдэг байх аа?
-Тийм ээ, зорьж яваа цагт бүтэж л таарна. Манайхан ч эхнээсээ зорьсондоо хүрч л байна.
-Ер нь таны бодлоор морин спортын хөгжил хэнээс илүүтэй шалтгаалж байна вэ?
-Уяач, унаач, морь сонирхогчид, төрийн түшээд гээд бүх хүнээс л шалтгаална. Төр засаг маань бодлогоор дэмжих ёстой. Бид ч бас монгол ахуйгаа дээдэлж, хайрлан хамгаалж, үр хойчдоо өвлүүлэх үүрэгтэй.
Морин спортыг дэмжих зорилгоор уралдаан тэмцээн ч олноор нь зохион байгуулж байна. Гэтэл төр засаг, хүүхдийн төлөө байгууллага гээд олон газраас уралдаануудыг хориглож байна. Бас эрлийз, хурлийз гэж ялгаварлаж байна. Үнэндээ бид монгол адууныхаа удам угшлыг сайжруулж, хурд хүчийг нь нэмэгдүүлэх зорилгоор л адуундаа үржил хийж байгаа юм шүү дээ. Үүнийг хаа, хаанаа ойлгож, дэмжээсэй гэж хүсч байна. Уяачдын холбоо маань ч их идэвхжсэн. Төр засаг маань ч бас дэмжээд, Монголын морин спорт дэлхийн хэмжээнд хүртлээ хөгжих байх л гэж итгэдэг дээ.
-Монголчууд таван хошуу малаа өөрөөсөө илүү хайрладаг. Энэ ч утгаараа уяачид маань ч хүүхэд, морь хоёроо өөрийн хүүхэд шиг л хайрладаг. Энэ бол монгол хүнд байгалиас заяагдсан сэтгэхүй, гeн. Даанч манайхан үүнийг мэддэг хэрнээ л мэддэггүй юм шиг аашлах юм аа?
-Хэдэн зууны турш малынхаа буянаар л аж төрж ирсэн нүүдэлчин ард түмэн юм чинь аргагүй шүү дээ. Цаашдаа ч бид мал аж ахуйгаа л түшиглэх учиртай болов уу. Гэтэл дэлхий нийтээрээ даяаршиж байгаатай холбоотойгоор манайд харийн соёл нэвтэрч, сүүлдээ өөх тос, малын гаралтай бүтээгдэхүүн идэж, хэрэглэж болохгүй гэх нь холгүй л юм ярих болж. Гэтэл манай оронд 3000 орчим төрлийн эмийн ургамал ургадаг. Манай Матад суманд л гэхэд 20 гаруй төрлийн эмийн ургамал ургаж байна. Энэ бүхэнд байдаг эрдэс бодисыг бид малынхаа түүхий эдээр л дамжуулж авч байгаа юм шүү дээ. Энэ ч утгаараа би малын гаралтай бүтээгдэхүүн бол цэвэр эко эм, эрдэс л гэж ойлгодог.
Малд хэрэглэж байгаа зүйлд ч ялгаагүй. Уяачид маань хүртэл гадныхныг дуурайгаад сайн гэсэн бүхнийг адуу малдаа хэрэглэдэг болчихож. Гэвч аливаа эм тариаг зөв хэрэглэхгүй бол хор болдог. Адуу эрүүл биш бол уралдах боломжгүй болно. Тиймээс хурдан адуугаа эрүүл байлгах хэрэгтэй.
-Хурдан адуунд нэмэлт витамин өгөх, тариа хийхийг ойшоодоггүй байх нь ээ?
-Уяаны үeэр адуу хөлсөөр дамжуулж шингэн их алддаг учраас дусал бол хийдэг. Гэхдээ зөвхөн уяаны үeд тамир тэнхээ алдсан адуундаа л шингэн хийнэ. Тэжээлийг нь өгнө. Түүнээс биш витамин нэг их хэрэглэдэггүй. Eр нь би адуу тамир тэнхээгээ байгалиасаа л авах ёстой гэж үздэг.
УЯАЧ ХҮН ХҮНДЭТГЭЛ, АТААРХАЛ ХОЁРЫГ ДААХ НОЁН НУРУУТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
-Бизнесменүүд болон улстөрчид бүгд л нэр дээрээ морь уралдуулдаг боллоо. Ихэнх хүн үүнийг дур сонирхол гэхээсээ илүү зугаа цэнгэл, алдар нэр хөөсөн үйлдэл гэж хүлээж авдаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Монгол хүний цусанд байдаг зүйл л дээ. Бүгд моринд чин сэтгэлээсээ хайртай. Гэвч нийгэм хөгжиж, хүмүүс хот суурин газар төвлөрөн суурьших болсноор хөдөө нутагтаа мал ахуйтайгаа ойр байх боломж нь хумигдаад эхэлсэн. Нэгэнт мэргэжил эзэмшиж, суурин амьдралтай болчихсон хүмүүс түүнийгээ орхиод хөдөө гарна гэдэг хэцүү шүү дээ. Жишээлбэл, би зүрхний Баасанжав эмчийн морьдыг уядаг. Баасанжав эмч маань моринд үнэхээр дуртай. Гэвч тэр мундаг эмч хүн ажлаа орхиод, хөдөө гарчихвал өвчтөнүүд нь хэцүүднэ биз дээ.
Энэ хүмүүс баян цатгаландаа бусдаар морио уяулаад байгаа юм биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Би ч сэтгэлээрээ морьдыг нь уяж, тэр хүн ч сэтгэлээрээ намайг дэмждэг. Бидний ажил ийм л зарчмаар өрнөдөг. Түүнээс биш аагаа багтааж чадахгүйдээ ч юм уу, мөнгөө үрж ядсандаа хурдан морь худалдаж авч, уралдуулдаггүй л байх гэж бодож байна.
-Та улсын Алдарт, Манлай уяач нэг, нэгийг төрүүлчихсэн хүн. Тэднийгээ цолоо гардахад нь өөрсдөөс нь дутахааргүй л баярлаж, бахдаж байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Намдагийн Хүрлээ ах маань Монгол Улсын Манлай уяач цол хүртсэнээсээ хойш хөдөө рүүгээ, адуу мал руугаа улам л тэмүүлдэг болсон байна лээ. Одоо ч бараг л хөдөөний хүн болж байгаа сурагтай.
Бид хоёр чинь нэгэн зэрэг Ерөнхийлөгчөөсөө төрийн хишгээ хүртэж байлаа шүү дээ. Цолоо гардахдаа төрүүлж өсгөн, ажил, амьдралын минь замыг чиглүүлж өгсөн аав ээж, хаа ч явсан буян хишиг нь ивээж байдаг нутгийн уул ус, зон олноороо л бахдаж зогссон доо.
-Омогшихдоо хүртэл өөрийгөө бус, өрөөлийг түрүүлж боддог нь дэлхийд ганцхан монгол хүний л онцлог юм даа. Гэхдээ хааяа ч боловч өөрөөрөө омогшиж, бардамнадаг биз дээ?
-Дорнод аймгийн хэмжээнд албан ёсны цол авсан хүн нь Батзориг бид хоёр. Өмнө нь дүйцүүлэх маягаар цол хүртсэн сайхан буурлууд бол олон бий. Гэхдээ төрийн баяр наадмаас айраг, түрүү хүртсэн амжилтаараа улсын цол хүртсэн нь бид хоёр л юм билээ.
Заримдаа ч омогшиж, огшмоор санагддаг шүү. Хаана хамгийн шилдэг хурдан хүлгүүд цугласан байна, тэнд очоод наадчихмаар л санагдана шүү дээ.
-Омогшил нь хүртэл ийм сайхан. Уяачид гэдэг яалт ч үгүй л өвөг дээдсийнхээ ёс журам, дэг жаягт “хүлээтэй” явдаг хүмүүс гэдэг нь иймэрхүү зөв үйлдлүүдээс нь л илэрхий харагдах юм даа?
-Тийм ээ, хүн зөв явах хэрэгтэй. Зөв омогших хэрэгтэй. Морь гэдэг ч бас хэл ам ихтэй, яг л нялх хүүхэд шиг эмзэг шүү дээ. Ард түмнээс ирж байгаа хүндлэл, адайр олноос нь ирж байгаа атаархал хоёрыг дааж явах ноён нуруутай байх хэрэгтэй.
-Уул шугамандаа та уяачийн ёс жудагийн талаар л яриад байна аа даа?
-Тийм ээ, Монгол уяач ариун цагаан сэтгэлтэй байх ёстой. Хор шаргүй, атаа жөтөөгүй, бусдыгаа хайрлаж, хүндэтгэдэг байх учиртай.
Гал гэдэг бол уяачдын эвийн гагнаас гэж ойлгодог. Бид галаараа нэгдсэнээрээ илүү өндөр амжилт үзүүлж, биe биeнээсээ суралцан хөгжиж байна.
-Хүн бүрт шантрах үе тохиолддог. Ялангуяа уяачид бол бүр илүү шантарч халширмаар нөхцөлд ажилладаг шүү дээ. Гэвч “шантарч байсан” гэсэн үгийг ганц ч уяачийн амнаас сонсож байсангүй?
-Тийм ээ, насаараа морины уяа эвлүүлсэн хэрнээ улс байтугай бүсийн уралдаанаас ч айраг хүртэж үзээгүй хөх өвгөчүүд маань шантралгүй, морио уясаар л байна. Тэднийг моринд хайртай сэтгэл, гeн л мориноос холдуулахгүй байна шүү дээ. Тэр хүмүүсийг харахаар үнэхээр хайр хүрдэг. Нөгөөтэйгүүр, уяачид бол их хүлээцтэй хүмүүс. “Юм гэдэг ээлж дугараатай даа” гээд өөрийн морины айраг, түрүү хүртэх ээлжийг насаараа ч хүлээж чаддаг. Eр нь уяач хүнд цол, айраг, түрүү тийм ч чухал биш шүү дээ. Хурдан буянтайгаа ойр байж, түүнийгээ уралдахыг харж сэтгэлийн таашаал эдлэх нь л дээдийн жаргал. Хурдан морь гэдэг айхтар эрсдэлтэй ажил. Тиймээс түрүүлгэхсэн гэсэн хүслээс илүү морь, хүүхэд хоёр минь эсэн мэнд уралдаад ирээсэй гэсэн хүсэл нь давамгайлж байдаг юм. Монгол уяачид морь шигээ хат тэвчээртэй, сайхан сэтгэлтэй, ухаантай хүмүүс дээ.
-Хэдийгээр хот суурин газар ажил төрөлтэй ч морь сонирхдог, уях сонирхолтой залуучууд олон байдаг. Та тэдэнд юу гэж зөвлөх вэ?
-Сайхан бодолтой залуус олон байна аа. Даанч цаг зав, хөрөнгө мөнгөний асуудлаас болоод санасан бүхнээ гүйцэлдүүлж амжихгүй л явах шиг байна. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэгчээр би тэдэнд “сайн адуутай бол” л гэж хэлдэг юм. Сайн адуутай болчихвол тэртээ тэргүй хүссэн, хүсээгүй л уралдаж эхэлнэ. Муу адуутай хүн бол хаана ч уралдсан адилхан шүү дээ. Адууныхаа хурдны чиглэлд анхаарч, удам угшлыг нь сайжруулах л хэрэгтэй.
-Тэгэхээр хөрөнгө мөнгөний асуудал л яригдана шүү дээ. Мөнгөгүйдээд ирэхээрээ “Бэлтэй хүн л морь уядаг гэдэг үг ёстой үнэн юм даа” гэсэн бодол л толгойных нь орой руу бууж, цөхрөх тийшээ ханддаг биз?
-Бэлтэй, бэлгүйдээ гол биш ээ. Сэтгэл л хэрэгтэй байгаа юм. Нэг гүү хөтөлж очоод “Ах аа, азарганд чинь ганц гүү тавьчихъя” гэхэд манай уяачдын хэн нь ч “цаашаа” гэхгүй дээ. Хэрэв ганц гүү хөтлөөд очиж чадахгүй бол тэр хүний сэтгэл л дутаж байна гэсэн үг. Иймэрхүү байдлаар явж байгаад хурд заяагаад эхэлвэл ивээн тэтгэх хүн ч захаасаа л олдоно шүү дээ. Хэн нэгэн “миний нэр дээр уралдуулчих. Би зардлыг нь даая” гэхэд битгий цааргалж бай. Энэ бол хүний амьдралд байх л асуудал. Тэр морь хүний нэр дээр айрагдаж, түрүүллээ гэхэд бай шагнал нь өндөр шүү дээ. Бай шагналыг нь тэр хүн авахгүй ээ, чамд л үлдэнэ. Ингээд эхэлвэл ч сайн адууны буян хишиг ямар байдгийг мэдрээд, улам л урамшаад зүтгэнэ дээ. Уяачдын дийлэнх нь ингэж л эхэлдэг шүү дээ.
ГЭРГИЙДЭЭ СЭТГЭЛИЙН ҮГЭЭ Л ХАРАМГҮЙ ХЭЛДЭГ ДЭЭ
-Та гурван хүүхэдтэй билүү?
-Тийм ээ, хоёр охин, нэг хүүтэй. Хүү маань одоо найман настай.
-Хурдны морь унаж байгаа юу?
-Өнгөрсөн зун олон сунгаанд давхиулсан, дажгүй шүү. Ирэх жилээс уралдаанд унуулна л гэж бодож айгаа. Моринд их дуртай. Тоглож байгаа тоглоом нь бүгд морь. Жижигхэн жижигхэн морьдоо машин дээр ачаад л тоглодог юм. Аавтайгаа нийлж морь ярина. Сонирхлыг нь дагуулаад, сургуулиа төгсөхөөр нь малчин л болгоё гэж бодож байна даа.
-Ингэхэд өөрийн хүүхдээс гадна түмний хүүхдүүдийн аав, ээж нь болж байна уу. Уяачдын гэр бүл унаач хүүхдүүдээ хар багаас нь хайрлан хүмүүжүүлж, өрх тусгаарлатал нь л халамжлах үүрэг хүлээдэг шүү дээ. Та олон залуусыг амьдралынх нь зам руу хөтөлсөн биз?
-Намайг дагаад хориод жил болчихсон нь ч байна. Дөнгөж саяхнаас дагаж байгаа нь ч байна. Унаач хүүхдүүдээ хайрлаж халамжилж, тэдэндээ санаа тавих нь бидний үүрэг шүү дээ. Би чинь зургаан сард гэрээсээ гараад л наймдугаар сард очдог хүн. Энэ жил л гэхэд Увс аймагт очиж, хамгийн холын наадамдаа хурдан хүлгүүдийнхээ тоосыг өргөчихөөд ирлээ. Аль болох хол явж уралдъя л гэж боддог юм. Үүний цаана газар үзэж, хүн зоны амьдрал ахуйтай танилцах гээд танин мэдэхүй, хүний хөгжил явагдаж байгаа юм шүү дээ.
Ер нь надтай ойр байсан хүн уяач, адуучин, малчин л болдог юм даа. Тэр л жамаар бүгд адууныхаа захад аж төрцгөөж байна. Гантогоо маань л гэхэд 1992 онд есөн настайдаа анх манайд ирж байлаа. Би Гантогоогоо гайгүй сайн уяач болно гэж боддог юм. Жаахан хөнгөн сэтгэлтэй л дээ. Гэхдээ залуу хүн түүнийгээ жаахан дарчихвал амжилт үзүүлнэ ээ.
-Уяач хүний амжилтанд хань ижил яалт ч үгүй чухал үүрэгтэй. Даанч бид уяачдынхаа ар талыг дааж явдаг гэргий нарын талаар бага ярих юм даа?
-Миний ханийг Цэндсүрэнгийн Сарантуяа гэдэг. Бид ханилаад 21 жил болж байна. Миний хань бүхий л цаг хугацаанд намайг дэмжсээр ирсэн. Дуртай зүйлийг минь ганц ч удаа хориглож байсангүй. Ар гэрийнхээ бүх асуудлыг өөрөө даагаад л, зохицуулаад явж байдаг, сайхан бүсгүй бий.
-Гэргийдээ баярлаж талархсанаа хэрхэн илэрхийлдэг вэ. Зарим нь морь зүсэлж өгдөг л юм билээ?
-Би гэргийдээ морь зүсэлж өгч байгаагүй ээ. Хөдөөний хүнд адуу мал бэлэглэх сонин биш шүү дээ. Хамгийн гол нь, чин сэтгэлийн үгээ л харамгүй хэлдэг. Үг гэдэг их хүчтэй шүү дээ, сэтгэлээс гарч байгаа учраас. Хань маань ч надаар бахархдаг. Бахархах сэтгэлийг нь улам дэврээж, итгэлийг нь алдахгүй, улам өндөр амжилт үзүүлэхийг хичээдэг.
-Бидний урилгыг хүлээн авч, илэн далангүй яриа өрнүүлсэн танд баярлалаа. Алтан туурайт аргамаг хүлгүүд нь уралдсан наадам бүртээ торгон жолоо өргүүлж, Тод магнай төрүүлсэн уяач таны аз хийморь эгнэгт дээшээ байх болтугай.
-Eрөөл бат оршиг ээ. Амжилт бүтээлээр дүүрэн нэгэн он улиран одож, зорилго тэмүүллээр дүүрэн шинэ он айлчлан ирэх гэж байгаа энэ мөчид уяачид бидний “оюуны үнэт талх” болсон “Тод магнай” сэтгүүлээр дамжуулан моринд хайртай түмэнтэйгээ учран золгосондоо баяртай байна. Монголын нийт уяачдын уясан хүлэг нь хурдан, унасан хүүхэд нь золбоолог, уяач эздийнх нь хийморь лундаа босоо байг ээ.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 93. 2017 он
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.126.89.216
Цэндбаатар сайн уяач хүн, Гэхдээ уяа сойлго, цол авах гэдэг ганц хүний хөдөлмөрөар бүтчихдэг эд биш, маш олон хүний хөдөлмөр шингэдэг шүү. Уяач, туслахууд, унаач хүүхдүүд, гэх мэт, Үүнээс гадна санхүү эдийн засгийн үүсгэвэр хэрэгтэй, жишээ нь: уяач, туслахууд, унаачдын цалин, адууны өвс тэжээл, эм тариа, хоол хүнс, хашаа саравч, адуу услахад моторын түлш гэх мэт маш их зардлууд гардаг даа, энэ бүгдийг шийдэх гэх мэт олон асуудлууд уяачдад хэрэгтэй болдог. Эдгээрийг шийдсэнээр морио сайн уях нөхцөл бүрдэнэ, Тийм учраас цолтон төрүүлсэн гэж ярих жаахан сонин юмаа. .
Reply