Уяач Д.Мөнх-Эрдэнэ: Суран бугуйл ахуйн хэрэглээнд илүү сайн тохирдог

Сэтгүүлч
2018 оны 8-р сарын 17 -нд

Төв аймгийн Заамар сумын "Түмэн эх" галын уяач Дашдоржийн Мөнх-Эрдэнэтэй уншигч та бүхнийг уулзуулж байна.  1971 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн. Уяа сойлго тааруулахаас гадна эмнэг хангалд эрэмгий, 1987 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын эмнэг сургалтын аварга. 2006 оны Заамар сумын уран бугуйлчийн тэмцээнд алтан медаль, мөн ондоо Төв аймгийн үндэсний спортын гуравдугаар их наадмын бугуйлчийн төрөлд хүрэл медаль, 2007 оны Заамар сумын уран бугуйлд алтан медаль, 2009 оны сумын сайн малчин, мөн ондоо Мянгат малчин болсон. 

- 1987 онд эмнэг сургалтын аварга болсон гэхээр та моринд иртэй эрэмгий байжээ?

- Манай аав Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нэгдлийн адуучин Дашдорж гэж хүн байсан. Аав адуучин болохоор би багаасаа морь унаж, адуутай их ч ойрхон өссөн. Тэр үед амины адуу цөөн, нэгдлийн адуутай. Би аав ээждээ туслаад адуу маллана. 1987 онд наймдугаар ангид байхдаа нэгдлийн адууны эмнэг үрээнээс сургаж аварга болсон. Төлөвлөгөөт уралдаанд норм болзол нь 35 байсан байх. Харин 1992 онд би баруун хилийн цэргийн ангид хуваарилагдан тэнд цэргийн адуу малласан. Тэрнээс хойш өдий хүртэл уяа тааруулан  сум орон нутагт уясан морьдоо айраг түрүүнд хурдлуулж байна.

- 2006, 2007, 2008 онд гурван жил дараалан “Адуучин” тэмцээний уран уурга бугуйлчийн төрөлд шалгарсан байна уу?

- Би адуунд их иртэй хүүхэд байлаа. Манай Говь-Алтай руу адуутай харьцах гол хэрэгсэл нь бугуйл учраас бугуйландаа эрдүү чадмаг байсан. Голын бургас багатай эмнэг догшин ихтэй учраас бугуйл л хэрэглэнэ. Бага байхад хонь мал бугуйлдах гээд бугуйлыг ер нь сайн эзэмшсэн. Төв аймгийн үндэсний спортын III тэмцээнийн хүрээнд зохион байгуулсан “Адуучин” тэмцээний бугуйлчийн төрөлд орох санал тавиад тэнд алтан медаль авсан. Үүгээр би аймагт очин оролцоод гуравдугаар байранд орж байлаа. Хойтон жил нь ахиад “Адуучин” тэмцээнд  бугуйлчийн төрөлд ахин алтан медаль авсан.  

- Бугуйлыг сүүлийн үед гөрж хийдэг болсон байна. Ямар бугуйл илүү тохиромжтой байдаг юм бэ?

- Суран бугуйл ахуйн хэрэглээнд илүү сайн тохирдог. Нарийн дээс, томсон дээс олсоор бугуйлдахыг хориглодог. Цэрэгт бидэнд суран бугуйл бэлдэж өгдөг байсан.  Учир нь гар шувтрах, гар түлэхээс сэргийлж байгаа юм. Бугуйл 6-7 алд байхад ямар ч адуунд шидэхэд болно. 9-10 алд болоод ирвэл шидэхэд жаахан уртдана, тэр хэмжээний хол шидэх боломж бага байдаг. Миний гарны шидэлт, зай зэрэгт зургаа, долоон алд бугуйл яг таардаг. Тэр зайнд дөхүүлээд дайруулан гаргахад бугуйлдах боломж нь илүү байдаг.

- “Адуучин” тэмцээний эмнэг сургалт, ташуур шүүрэх зэрэг бусад төрлүүдэд та хэр бэ?

- Цэрэгт байхад офицерууд хоорондоо бооцоо тавиад өөр, өөрсдийнхөө цэргийг эмнэг дээр тавихад би ямар ч цэргээс дутахгүй тогтоод бооцоогоо авдаг л байлаа. Ташуур буюу уурга шүүрэх талдаа муу. Би уургыг тийм сайн эзэмшээгүй, нэг их уурга барьж ч байгаагүй. Өөрийн хэмжээнд унаа солих энэ тэрэнд бол барина. Ташуур, уурга шүүрэхэд миний чац богино учраас тийм сайн байгаагүй. Бугуйл, эмнэг хоёрыг л сайн эзэмшсэн.  

- Танай аав ер нь хэр сайн адуучин хүн байсан бэ? Адуучин хүн ер эдгээр зүйлсийг сайн эзэмшсэн байдаг шүү дээ?

- Намайг мэдээ орсон цагаас л аав адуу хариулж байсан. Гэхдээ аав минь намайг сургуульд ордог жил буюу наймтайд өнгөрсөн. Тэрнээс өмнөх зүйлийг би бүдэг бадаг л санадаг. Сумын сайн адуучин өргөмжлөл нь байдаг. Адуугаа сайн хариулдаг, сайн ч эзэмшсэн хүн байсан болов уу.  

- Та хэдэн онд энэ нутгийн хүн болсон юм бэ?

- 2002 онд Төв аймгийн Заамар сумандаа ирж нутагшсан. Хоёр жилийн дараагаас 2004 оноос л уяа сойлго тааруулж эхэлсэн.

- Хол газар ирж байгаа юм чинь авсан адуугаар наадаж байсан байх тийм ээ? Ямар угшилтэй, хаанахын адуугаар наадаж эхэлсэн бэ?

- Төв аймгийн Заамар сумын Буурал Чимээ гэж хүний адууны гаралтай хүрэн үрээг, дүү Лхагваас нь худалдаж авсан. Ингээд би авч уяад сумын сургуулийн ойд айргийн таваар давхиулж уяачийн гараагаа эхэлсэн. Соёолон үрээ суманд аман хүзүүдэн, Сэлэнгийн Орхонтуул сумын Т.Өсөх-Ирээдүй начны мялаалга наадамд их хол түрүүлсэн. 2012 онд Сүхбаатар аймгаас саарал даага авсан нь тэр жилээ их олон айраг, түрүү авсан. Сүүлд нь хязаалан үрээ нутагтаа Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын  90 жилийн ойд  уралдуулах гэж авч очсон ч тэнд хүүхдээ унагаад уралдаж чадаагүй. Тэр жилийн намар нь Ховд аймгийн Зэрэг сумын 90 жилийн ойд гурваар давхиулсан. Соёолон хойтон жил нь сумын баяр наадамд аман хүзүүдээд, аймгийн баруун бүсийн Тонхил суманд  болсон уралдаанд  түрүүлж, гурван жил тутам болдог аймгийн шигшмэл хурд уралдаанд аман хүзүүдсэн. Тэр жилээ Наро Банчен гэгээнтний аймгийн чанартай уралдаанд бас гурваар давхисан амжилттай. Энэ саарал үрээ төрсөн нутагт минь миний нэрийг гаргасан сайхан хүлэг. Одоо найман настай морь Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд манай ах уяж миний нэр дээр давхиулж байгаа. 

- Саарал мориноос өөр хурдалж таны нэрийг гаргасан ямар морьд байна?  

- Миний хээр азарга сургуулийн баярт нэг айрагдан, бага наадмуудад хоёр, гурав айрагдсан. Тэр азарганы үр төлөөс одоо надад их бий.  Баруун тийш дүү нартаа бэлгэнд өгч, зарим нэг зарсан нь сайхан давхиж байгаа. Мөн хээр азарганы төл Ганбаатарын хээр морь Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд аймгийн хэмжээний бүсийн уралдаанд айраг, түрүү хүртсэн. Сумын өвлийн уралдаан, АХ-ын баяр наадмаар олон айрагдаж түрүүлсэн морь байдаг. УИХ-ын гишүүн М.Энхболдын сум орон нутгийн уяачдын холбоонд мориныхоо үүлдэр угсаа адуун сүргийг сайжруул гэж өгсөн азарган үрээний төл халзан үрээг хязааланд нь сумын наадамд айрагдуулсан. Ийм л амжилттай хүн дээ.

- Сумын наадмаас хэдэн айраг түрүүтэй болсон байна вэ?

- Би сумын АХ-ын баяр наадмаас гурван түрүү, гурван аман хүзүү. Аймгийн наадмын нэг түрүү, нэг аман хүзүү, нэг айраг хүртсэн амжилттай.

- Хүүхдүүд чинь морь малд хэр эвтэй вэ?

- Би гурван охинтой. Том охин Цэндцэрэн миний тэр саарал даага, хүрэн морийг их сайн унасан. Сум орон нутагт бага сага наадмуудад олон удаа айраг түрүүнд давхиулсан.  Бага охин Цэрэнжав бас саарал даагыг мөн л сум орон нутагтаа сайн давхиулсан. Манай охид адуунд их дуртай, морьдоо чадмаг ч унадаг.  

-Та өөрөө морь мал унан, эд хаваа гайхуулж байсан хүний хувьд морь унах тухайд ямар бодолтой байдаг вэ?

-Өнөө цагт морь унадаг хүүхэд байхаа болилоо. Би ийм бодлоос их салангид байдаг хүн. Адуун  дээр өссөн, адуу морийг өөрийн хөсөг хэрэглээ гэж үзэж унаж эдэлнэ. Даагаа өөрөө л сургана, чадвал охидоо суулгадаг ийм л хүн. Хүмүүс морьтой байнгын харьцахгүй байгаа учраас л тийм яриа гарсан байх. Адуутайгаа ойр байж харьцахгүй, хүүхдийнхээ урдуур орж бараг л өөрсдөө хийгээд байгаа нь тэднийг мал ахуйтай ойр байхгүй болгоод байгаа юм болов уу. Миний гурван охин аль нь ч морио унаад ухасхийн адуугаа туугаад ирнэ. Морь барилцан чөдөрлөөд, аргамжих хэмжээний сурсан хүүхдүүд. Би хүүхдэд мориноос унахгүй байх ямар арга байна, морьтойгоо яаж харьцах уу гэдгийг өөрийн чадах чинээгээрээ л зааж өгдөг.  

- Хоёр түмэн адууны баярт хүн бүр морь бэлдэж байна. Таны хувьд хэдэн насны морь уяж бэлтгэж байгаа вэ?

- Би өөрөө энэ өвлөөс хойш л хоёр морь барьчихсан байгаа. Малын хажуугаар тэр болгон адуу мал гэж гойд анхаарч чадахгүй байна. Өвлөөс хойш азарга, даага хоёр тэжээн хоёр түмэн адууны баяртаа оролцохоор бэлдсэн.

- Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна