АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ч.СОДНОМ: ХУРДАН ТУУРТЫНХАА БУЯНААР ОЛОН Ч САЙХАН ХҮНТЭЙ ТАНИЛЦСАН

Булган аймаг Баяннуур сумын харьяат аймгийн Алдарт уяач Чойдоржийн Содном гуайг уншигчтайгаа уулзуулж байна. 1955 оны өвөл Дашинчилэн сумын Доргонтын Зүрхийн хөндлөн хэмээх газар айлын ууган хүү болж мэндэлсэн.
Төрсөн нутаг, төрөл садангуудынхаа талаарх сайхан дурсамжаар яриагаа эхэлье?
-Манай өвөг дээдэс хэдэн үеэрээ энэ нутагт идээшин амьдарч байсан. Хойд талын уулыг Баян-Улаан гэдэг юм. Манай хойгуур явсан зам бий. Уг нь жингийн зам юм билээ. Тэр замын хойгуур нутагладаг хүмүүсийг Ноёныхон, баруун тийшээ нутагладаг улсыг нь Эрдэнэ хамбынхан гэдэг юм. Бид аавыгаа ажаа гэж дууддаг. Миний ажаа Аюушийн Чойдорж гэж сайхан буурал байлаа. Айлын ганц хүү юм билээ.
Өвөөгийнхөө талаар хэр сайн мэдэх вэ?
-Би өвөөгийнхөө талаар сайн мэдэхгүй, малчин хүн байсан гэдэг юм. Ганц хүүтэй, тэр нь манай ажаа. Үүнээс цаашхийг даанч мэдэхгүй л дээ.
Өвөг дээдсийнхээ талаар томчуудаас асууж сурагладаггүй байв уу?
-Бидний үеийн багачууд ямар айлд ороод удаан суух биш, тавган дээрээс боорцог авч өгчихөөд л хөөгөөд гаргачихдаг байлаа. Томчуудтай зэрэгцэж суугаад ярианд оролцох нь бүү хэл, сонсох нь ч буруу гэсэн хүмүүжлээр өссөн улс шүү дээ, бид.
Аавыг тань адуучин хүн байсан гэх юм билээ. Олон жил адуу малласан уу?
-Манай ажаа 1935 онд төрсөн гэдэг байх аа. Есөн жилийн өмнө бурхан болоход 70 нас арай хүрсэнгүй гэлцэж байсан юм даг. 1960-н хэдэн оны үед цэрэгт татагдахад нь би бага хүүхэд үлдсэн гэдэг. 1968 онд цэргээс халагдаж ирээд 1973 он хүртэл сумынхаа “Туяа” нэгдлийн адууг хариулсан. Дараа нь нэгдлийн хонь хариулж байгаад тэтгэвэрт гарсан. Адуунд эв дүйтэй хүн байсан юм билээ. Эмнэг хангал дээр өөр хүн мордуулдаггүй, өөрөө л уначихдаг байсан гэж хүмүүс ярьдаг. Эмнэг догшин морь их унадаг байсныг нь би бүүр түүр санадаг юм.
Хурдан морины уяа эвлүүлдэг байв уу?
-Сонирхдог байсан ч нэгдлийн адуутай, цаг зав гардаггүй байсан биз дээ, шальтай уяагүй ээ.
Чойдорж гуай хэдэн хүүхэдтэй вэ. Та ууган хүү нь гэсэн байх аа?
-Тийм ээ, би ууган нь. Бид эцэг, эхээс 12-уулаа. Одоо 11 нь амьд сэрүүн байна. Дүү нарын маань дөрөв нь тэрсхэн хөвгүүд. Бие биенээ чирээд л хүн болгочихсон улс даа, бид.
Та нэгдлийн адууг олон жил малласан гэсэн. Аавынхаа маллаж байсан адууг авсан уу?
-Аавын маллаж байсан адууны үлдэгдэл ганц, хоёр азарганд хураалгаж тасалсан адууг 1979 оны хавар хүлээж авсан. Тухайн үед төлөвлөгөө норм өнөдөр тогтоодог, 100 гүүнээс 70, 200 гүүнээс 140 орчим унага авах нормтой. Хажуугаар нь хялгас, сааль сүүнийхээ нормыг биелүүлнэ. Энэ бүхнийг гүйцэлдүүлнэ 1991 оны хувьчлал хүртэл нэгдлийн адуу малласан.
Танай адууг нэлээд чанаржуу, Жаргалантын морин заводын зургаан эрлийз адууны эр, охин төлүүдийн төлөөр цус сэлбэгдсэн гэх юм билээ. Та ингэхэд адууныхаа үүлдэр угсааг сайжруулах ажлыг хэзээнээс эхэлсэн юм бэ?
-1990 оноос өмнө ах дүүсээсээ азарга авч тавьдаг байлаа. Манай нутагт хурдтай, буянтай хөгшчүүд олон байлаа. Тэднээсээ азарга авч тавьсан. Өмч хувьчлалаас хойш Жаргалантын морин заводын болон тойруулга угшилтай азарганууд тавьсан. Тэр хоёр азарганаас олон хурдан төлүүд гарсан.
Тэр үеэс адуу чанаржсан гэж боддог уу?
-1970-аад оны үеэс манай адуу чанаржиж эхэлсэн шиг байна лээ. Сум орон нутагтаа унаган хүлгүүд маань түрүүлж, айрагдаж л байлаа. Улмаар Хэнтий,Дорнод, Сүхбаатар аймаг, Англи, Араб азарга гээд хурдан гэсэн адууны угшил бүрээр л цус сэлбэлээ. Өөрт байгаа маань ч, өрөөлд өгсөн маань ч айрагдаж, түрүүлээд байна. Энэ бүхнийг хараад адуу маань өшөө гайгүй болоо юм болов уу гэж боддог юм.
Хэдий үеэс морь уях болсон юм бэ?
-Би 1977 оноос морь уяж эхэлсэн. Анх аавынхаа унаган бор морийг уяж анхны айраг түрүүг хүртэж байлаа. Тэр үед ямар одоогийнхтой адил олон уралдаан болох биш дээ. Цагаан сар, Майн нэгэн, наадмаар л уралдана. Дээхнэ үед хэн хүнгүй л голдуу их насны мориор уралддаг байж. Бор мориноос хойш мөн унаган хээр мориор сум орноосоо олон айраг, түрүү хүртсээн. Эргээд бодоход 40 жил морины сүүл боожээ.
Таныг хүмүүс хар азаргаар тань илүү мэднэ дээ?
-Тэгэлгүй яах вэ. Тэр сайхан буяныхаа ачаар би амьтан хүнтэй мэнд устай яваа юм шүү дээ.
Хар азарга тань англи азарганы төл байх аа. Удам угшлыг нь арай дэлгэрэнгүй хэлж өгөөч?
-Дорнодын Зоригоо гэдэг сайхан дүүгийн Матрик гэж англи азарганы төл байгаа юм. Би тэр сайхан азарганд гүү тавиад гарсан төл нь. Харамсалтай нь 2010 оны хавар Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд айхтар шуурга болоод эх нь үхчихсэн. Тэгээд өнчин унага үлдэхээр нь Зоригоо өөр гүүнд авахуулж тэжээж байгаад намар нь явуулсан байсан.
Та хар азаргаа хэдэн наснаас нь эхэлж уясан бэ?
-Дааганаас нь уяж эхэлсэн. Даагандаа хойд хайрханы тахилга болон сумын баяр наадамд түрүүлсэн. Тэр үед улсын наадамд ялгадаггүй байсан цаг. Хязааландаа Завхан аймгийн 70 жилийн ойн наадамд эрлийз дунд насанд наймаар хурдалсан. Соёолонд нь өнжөөгөөд, хавчигаас нь томоохон уралдаануудад эрлийз дээд насны ангилалд мордуулж эхэлсэн дээ.
Хавчигтаа ямар, ямар амжилт үзүүлсэн билээ?
-2015 онд хавчиг азарга “Дүнжингаравын хурд”-д тав, Булганы бүсийн уралдаанд дөрвөөр давхиж, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдаанд аман хүзүүдсэн. Хойтон жил нь уяж байгаад уяа нь эвлэж өгөхгүй болохоор нь тавьчихсан юм. 2017 оны тухайд “Дүнжингаравын хурд”, төвийн бүсийн’ Хангарьд’ уралдаанд айрагдсан. Ингээд улс, бүсийн чанартай уралдаанаас нийт таван айраг хүртчихээд байгаа юм.
Та Монгол Улсын Алдарт уяач цолны болзол бараг хангачихжээ?
-ММСУХ-ны 20 жилийн ойн уралдаанд морин тойруулга сартын эхтэй, зээрд даага айрагдсан юм. Хээр азарганы маань төл л дөө. Зээрд даага тэр жилээ Булган аймагт зохиогдсон’ Хангайн бүсийн’ уралдаанд бас айрагдсан. Говь-Алтай аймагт зохиогдсон’ Баруун бүсийн’ уралдааны эрлийз дээд насанд ‘Өлгөр хээр’ гэж морь маань аман хүзүүлсэн .Улс бүсийн чанартай наадмаас найман айраг хүртсэн юм уу даа .Ах нь цол чимэг гэдэг юмны хойноос хөөцөлдөх дургүй хүн.
Орон нутагт шинэ цагийн адуу үржүүлэхэд хэр дөхөм байна вэ. Эрс тэс уур амьсгалтай Монголын хөдөө хөдөө нутагт зохицохгүй адуу л гэлцэх юм?
-Манай нутагт бол сайхан зохицоод,бэлчээрээр үр төлөө өгөөд л явж байна.
Хар азарганы төлүүд хурдан уу?
-Хар азаргаа уядаг болохоор цөөхөн гүү хураалгадаг юм. Гарч байгаа нь охин голдуухан юм. Өмнөх хоёр, гурван жил манай энд хатуухан өвөл болж, гүүнүүд нь хээл хаяад байлаа. Өнгөрсөн жил л хоёр, гурван унага гарсны нэг нь эр.
Нутгийнхнаас гүү тавъя гэсэн санал ирдэг үү?
-Тийм санал ирээгүй л байна.
Та хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн билээ?
-Би 2008 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
Хар азарганаас өмнө юм байна шүү дээ?
-Өмнөө өмнө Жаргалант азарганы төл хул азарга хэд хэд түрүүлсэн байх. Бүрэгхангай сумын бүсчилсэн уралдаанд хээр хязаалан үрээ, хүрэн морь хоёр айрагдсан зэрэг өөр ,өөр адууны айраг түрүү тооцогдно оо. Аймгийн Алдарт уяач цол хүртэхэд нэг адууны давамгай амжилт байгаагүй. Ерөнхийдөө сумын ой, аймгийн наадмын айраг, түрүүгээр л болзол хангасан. Сумын ойн уралдаануудыг аймгийн статусаар тооцдог учир 10 гаруй айраг түрүүг нэмж тооцсон гэж Булган аймгийн Булганхангай МСУХолбооныхон хэлж байсан.
Содном Алдартыг сум орон нутагтаа сайхан нааддаг гэж боддог. Миний таамаг зөв биз?
-Сумаасаа болон,зэргэлдээх сумдаасаа зургаан насны адуу мордуулаад 3-4 түрүү цаана нь 7-8 айрагтай нь авч л байлаа. Гурван жил дараалан азарганы түрүүг ч авч байсан. Тэдний дунд унаган нь ч байсан, авмал нь ч байсан. Нэг дор нэг наадмын 30 айргийн талыг нь нэг хүн авчихаад байхаар наадамчид уйдах биз гэж бодоод сүүлийн хэдэн жил сумын наадамд уралдаагүй ээ. Манай ‘Хандгай хүрэн’ гэж сайхан азарга бий. Намайг олон ч сайхан хүнтэй танилцуулсан.
Унаган адуу юу?
- Авуул адуу Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цэрэн гэдэг хүнээс би авсан. Цэрэн Шүдгүй гэх хүнээс авсан гэдгийн нэр нь юм уу хоч нь юм уу бүү мэд. Шүдгүй нь Лхамсүрэн гэдэг хүнээс авсан гэдэг юм. Ингээд цааш нь хөөгөөд байхаар Галшар адуу болдог.
Танай сум Төв аймгийн Заамар, Эрдэнэсантын залгаа юм байна. Энэ ч утгаараа наадмынхаа түрүүг алдахгүй байх том үүрэг ногддог байсан болов уу?
-Айраг, түрүү алдалгүй л нааддаг юм. Би ч сүүлийн 3-4 жил сумандаа морь мордуулсангүй дээ.
Булган аймгаас төрсөн Улсын Алдарт уяач цолтны анхдагчид Бүрэгхангай сумынх. Үүнтэй нэгэн адил Баяннуурт ч бас бахархаж омогших онцлог байж л таарна?
-Баяннуур сум Дашинчилэнгийн харьяа бригадын төв байсан юм. Сум сангийн аж ахуйгаас гарсан гадна дотны улс ирсэнээр шинэ сум бий болсон. Нутгийн унаган иргэд шилжиж ирж энэ суманд харьяалагдсан түүхтэй. Энэ ч утгаараа 1990 оноос хойш өргөн дэлгэр наадах болсон. Гэхдээ Дашинчилэндээ голдуухан уралдуулдаг юм. Одоо ч нутаг орныхоо нэрийг гаргасан сайхан уяачид маань бүгд бурхны оронд одчихлоо доо. Ардын хувьсгалын 60 жилийн ойн баяр наадмаар Дашинчилэн сумын наадмаас дөрвөн насны түрүүг нь авч байсан Лувсандагва гэж мундаг уяач байлаа. Сумын наадамд дөрвөн жил дараалан түрүүлсэн хурдан хүрэн азаргатай Бат-Аюуш гэдэг сайн уяач байлаа. За тэгээд,Ваандагийн Яндаг өвгөн, Гомбожавын Дэмбээ, Гэлэнхүүгийн Пунцаг гээд хурдан хурц хүлгүүдтэй уяач өвгөд олон байсаан.
Та олон газар очиж наадсан байх. Морины уяаны хувьд өөр газарт баримталдаггүй хэрнээ танай нутагт цээрлэдэг онцгой дэг ёс анзаарагдав уу?
-Айлын бууц дайруулдаггүй л гэдэг байсан даа. Бас гийнгоолсонгүй гэж зэмлүүлдэг байлаа. Одоо ч гийнгоолдог хүүхэд ч байхгүй болж дээ.
Хурдан хурц хүлгүүд олноороо төрөх нь нутаг орны өвс ургамал, байгаль цаг ууртай ч холбоотой хэмээн зарим ахмад ярьдаг. Тухайлбал, танай сумын хаагуур илүү хурдан хүлгүүд төрдөг вэ?
-Бригад байхад Дашинчилэн суманд очиж уралдуулахад урд цагт Туулын адууг л тамир тэнхээ сайн авдаг, бяртай гэлцдэг байлаа. Туул гол дагуу хойшоо, усандаа ойр, өвс ногоо ч сайн ургадаг байсан биз. Манай урд нуруунд ч бас сайхан ургана л даа. Тэгэхдээ ер нь хойд тал хурдаараа давамгайлдаг байсан шүү,
Нутаг орондоо ахмад уяачид тооцогддог юм байна. Залуус мэдэхгүй, чадахгүйгээ их асууна биз?
-Залуучууд маань хэн нэгнээс асуултгүй л адуугаа сайн мэддэг болчихсон шүү дээ. Би ч өөрийгөө сайн уяач гэж хэлэхгүй. Адуу сайн байж л уяач болж байгаа юм.
Сайн адуу хүнийг сайн уяач болгодог гэж үү?
-Яг тийм, адуу болгоныг уяад байдаггүй л биз дээ. Нөгөөтэйгүүр адуугаа сайжруулаагүй байж морь уяж уралдуулна гэвэл миний ой ухаанд л лав багтахгүй. Одоо шинэ цагийн адуу гээд л яриад байна аа даа. Энэ адуу Монголын аймаг, сум бүрт тарчихлаа. Нэгэнт ингээд үржчихсэн амьтныг эрлийз, хурлийз гэж гадуурхаад яах билээ. Бүгдээрээ л адуугаа сайжруулах хэрэгтэй. Түүнээс биш адуугаа сайжруулж байгаа нэгнийгээ ахиухан амжилт гаргачихаар л “Эрлийз адуугаар айраг, түрүү авчихлаа” гэж муулаад сууж болохгүй. Нэгэнт уралдуулах л гэж байгаа бол цусыг нь холтгож байж хурдыг нь сайжруулдаг номтой шүү дээ.
Сайн адуутай байлаа ч уяачийн эрдэм ухаан бас их чухал санагддаг?
-Хүлгээ хайрлаж ойлгож чадахгүй байна л даа. Хэл мэдэхгүй амьтантай харьцаж байгаагаа ухаарч мэдрэхэд гол асуудал байна.
Та морь мал уяж байхдаа юуг цээрлэж, юуг бэлгэшээдэг вэ?
-Хэрүүл маргаан хийхгүй, архи дарс хэрэглэхгүй, нойроо харамлахгүй байх хэрэгтэй. Бас хүүхдээ сайн сургах ёстой. Хол наадамд явахад нохой дагах , уяаны шон дээр элээ суух гээд ер бэлгэшээлтэй сайхан зүйл алийг тэр гэхэв.
Дөрвөн эрэгтэй дүүтэй гэсэн. Тэд морь уядаг уу?
-Үгүй. Харин манай хоёр хүү уяна. Энэ хоёр маань л одоо гол ажлыг нугалж байна.
Танайх олон адуутай юу?
Цагийн хэдэн буян бий. Тоо нь чухал биш байх аа. Сайхан нутгийн буянд бусад мал ч гэмгүй өссөөн хөөрхий. Гэхдээ олон малаар юу хийх вэ гээд зарж борлуулаад, тодорхой тоонд нь бариад байхыг боддог юм.
Уяач хүн наадам болгоноос л ухаарал тээж үлддэг гэдэг дээ. Танд хамгийн том сургамж үлдээсэн наадам хэдэн онд, хаана тохиож байв?
-Алдаа, оноогоо дүгнэж чадаад байвал алс хэтдээ хэрэг болно. Дүгнэж чадахгүй бол яаж хэрэг болох вэ. Дүгнэж чадаж байгаа хүн л дараагийн наадамд алдаа гаргахгүй байж чадна шүү дээ. Би ч бас алдаа гаргаж л байсан. Гэхдээ яг одоо тийм алдаагаа дүгнэж цэгнэж засаад, тийм амжилт гаргасан гээд хэлчихээр юм санаанд буухгүй байна.
Тэгвэл хамгийн сайхан наадам гэвэл ямар наадмыг хэлэх вэ?
-Наадам болгон л сайхан даа. Уяач хүн наадам болгонд л хийсэн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртчих юм сан гэж очдог. Хөдөлмөрийн үр шимээ хүртээд айраг, түрүү авчихвал түүнээс сайхан наадам хаана байх билээ. Нөгөөтэйгүүр, айраг, түрүү хүртээгүй ч морь, хүүхэд эсэн мэнд бол наадам сайхан л болчихож байгаа юм. Ер нь тухайн хүн сэтгэлээрээ л сайхан наадах учиртай. Хүн бүртэй инээгээд мэндэлчихдэг, нутаг орноо мэдэлцээд сайхан танилцчихдаг байх хэрэгтэй. Ер нь хаана ч явсан ямар ч наадамд очсон “Морь хүүхэд мэнд сайхан наадсан. Болоо доо” гээд яралзтал инээгээд сууж байх дайны хор нь гарсан цагтаа хүн уяач болно доо.
Тийм шүү. Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Төрийн хишиг хүртсэн Улсын Алдарт уяач болохын бэлгэтэй ерөөлийг өргөе.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
10 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
Мягмар, 20:30 минут МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
Мягмар, 17:03 минут Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
Мягмар, 16:13 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Ням, 19:13 минут Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
-
3-р сарын 23 -нд Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
3-р сарын 20 -нд Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
3-р сарын 20 -нд Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
3-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
-
3-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
3-р сарын 10 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
3-р сарын 06 -нд Уяач Г.ЛХАГВА-ОЧИР: Сумын 90 жилийн ойн наадам хам…
-
3-р сарын 05 -нд Дундговь аймгаас 24 Алдарт уяач цолтон шинээр төрл…
-
3-р сарын 05 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №109 : АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ө.ГА…
-
3-р сарын 04 -нд АХ-ын 100, 101 жилийн ойд 11-20-д хурдалсан дааган…
-
3-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ё.Төгсмандах: 2012 он миний ам…
-
3-р сарын 02 -нд Луусынхан хоёр дахь удаагаа улсын шилдгээр шалгарч…
-
3-р сарын 02 -нд Зургаан Тод манлай, хоёр Манлай, 13 Алдарт уяач цо…
-
3-р сарын 01 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №108: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ М.ЦЭРЭН…
-
2023 оны 2-р сарын 18 -нд Хэн ямар цол хүртэх вэ?
-
2023 оны 2-р сарын 16 -нд Төрийн шагнал хүртжээ
-
2023 оны 2-р сарын 15 -нд “Алдартуудаа алдаршуулъя” арга хэмжээнээс...
-
2023 оны 2-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Н.БАЯРАА: Цэргээс халагдаж ирээд…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Лхагва: Хяргас сумын ойд ган…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан их насны морьд
-
2023 оны 2-р сарын 12 -нд Хэнтий аймгийн шинэхэн Алдартуудтай танилцана уу?
-
2023 оны 2-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №107: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ц.ЭРД…
-
2023 оны 1-р сарын 30 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан шүдлэнг…
-
2023 оны 1-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №106: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Б.…
-
2023 оны 1-р сарын 30 -нд УРАЛДААНЧ Ц.ПҮРЭВБААТАР: ҮНЭНДЭЭ ТҮРҮҮЛЧИХНЭ ГЭЖ Б…
-
2023 оны 1-р сарын 23 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
2023 оны 1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №105: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЭНХ…
-
2023 оны 1-р сарын 20 -нд УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ У…
-
2023 оны 1-р сарын 12 -нд Төвийн бүсийн уралдааны нэгдсэн цуваа
-
2023 оны 1-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №104 :УЯАЧ Г.ДАВААДАЛАЙ
-
2023 оны 1-р сарын 05 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан хязаала…
-
2023 оны 1-р сарын 05 -нд ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ, МОРЬ ТАЙЛБАРЛАГЧ Л.БЯМБАЦОГТ:…
-
2023 оны 1-р сарын 05 -нд Өвөрхангайд болсон хангайн бүсийн уралдааны нэгдсэ…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Төвийн бүсийн сонгомол бага насанд эхний 10-т хурд…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол бага насны ангилалд эх…
-
2023 оны 1-р сарын 03 -нд УРАЛДААНЧ Т.ЭНГҮҮН: УЛСЫН НААДАМД МОРЬ УНАХ НЬ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 21 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан соёолон…
-
2022 оны 12-р сарын 21 -нд Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд
-
2022 оны 12-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №103: УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Д.ЭНХСҮ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд УРАЛДААНЧ А.УУГАНБААТАР: САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд Хөвсгөл аймгийн шилдэг хүлгүүд
-
2022 оны 12-р сарын 15 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд эхний 10-т хурдал…
-
2022 оны 12-р сарын 15 -нд Хөвсгөл аймгийн шилдэг уяачид тодорчээ
-
Мягмар, 20:30 минут МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
Мягмар, 16:13 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Мягмар, 17:03 минут Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
10 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
Ням, 19:13 минут Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
202.126.89.30
Би гэрт нь очиж танилцсаан сайхан яриа хөөрөөтэй хангар эр байналээ бас хар азарга хандгай хүрэнийг нь харж нүдээ баясгаж л явлаа
Reply