Сумын Алдарт уяач А.Бямбажав: Адууг хайрласны буянд эргээд хурдан туурт заяадаг
Булган аймгийн Могод сум хэмээх адуутай, айрагтай, найр наадмын өлгий нутгийн алдарт уяач А.Бямбажавтай хурдан ажнайнуудынх нь талаар хөөрөлдлөө. Тэрбээр хот суурингийн хүн ч гэлээ адуугаа харахаар байнга нутаг руугаа давхиж, зундаа хурдан буянуудынхаа хөлстэй ноцолдож явдаг нэгэн. Бас адууныхаа цусыг сэлбэхэд нэлээд эртнээс анхаарч ирсэн ясны уяач юм билээ.
-Манай сэтгүүлийнхэн хөдөө орон нутгаар явахдаа удам дамжсан уяачидтай гол төлөв уулздаг. Тиймд уламжлал ёсоор танай өвөг дээдэс морь уяж байв уу, та хэд дэх үеийн уяач вэ гэж асуумаар байна?
-Баярлалаа. Миний эцэг Дамдинсүрэнгийн Алтангэрэл гэж хүн байсан. Айлын ганц хүү. Нэгдэл нийгмийн үед адуу хариулж байсан хүн. Бүр сүүлд намайг жаахан байхад морь уяж байсан удаатай. Морьд нь ч сум, орон нутагтаа сайхан давхидаг байсан.
-Харин өвөө тань уяж байгаагүй бололтой?
-Миний өвөө Мөнхийн Дамдинсүрэн дээр үед Хатанбаатар Магсаржавын бичээч байсан хүн л дээ. Ганц хүү өргөж авсан нь манай аав. Аав маань нэгдлийн адуу хариулж байгаад сүүлдээ энэ багийн тооцоо тооллогыг эрхэлж байсан. Тоо бүртгэгч. Тэр завсраа морь уяж байсан. Гэхдээ алдар цол байхгүй ээ. Манайд сайхан хээр азарга байлаа. Тэр нь суманд 3-4 удаа шөвгөрсөн байх аа. Тэрийг л унаж байлаа даа. Айхтар түрүүлээгүй ч гэсэн 10 дотор олон давхиулдаг байсан. Аавыгаа адуунд дуртай болохоор тэр юм уу, жолооч хийж байсан ч адуу сонирхдог хэвээрээ байсан. Би чинь мориноос хөндий, 22 настай тээврийн жолооч болсон хүн шүү дээ.
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Долуулаа. Би айлын хоёр дахь нь. Гурван хүү, дөрвөн охинтой. Миний доод дүү А.Доржсамбуу гэж 50 хүрсэн нөхөр бий. Тэр морь уяна. Гэхдээ ойрын жилд уяагүй.
-Багадаа хурдан морь унаж байв уу?
-Аавынхаа морийг унаж байсан. Морь сайн унадаг хүүхэд гэж ярьдаг шүү дээ. Түүн шиг моринд сайн хүүхэд байсан. Сумынхаа төвд гурван удаа соёолон морь түрүүлгэсэн байдаг юм.
-Өөрийнхөө морьдыг уу?
-Хүний морьд л доо. Сайн хүүхдээр түрүүлгэх морио унуулдаг байлаа шүү дээ.
-Нутгаасаа ямар уяачдын морийг унаж байв?
-Хөхөө Цэрэндорж гэдэг хүн байлаа, тэр үед. Тэр хүний Гүү халтар гэдгийг унаж түрүүлж байлаа. Дараа нь бор Дэмчиг гэдэг хөгшний морийг унаж түрүүлгэж байлаа. Бас нэлээн бага байхдаа нэг хүний соёолонг унаж түрүүлж байсан юм. Даанч нэрийг нь мартчихжээ.
-Мэдээж адуучин аавын хүүхэд адуунд эрэмгий л байсан биз. Өнөөдөр ч гэсэн гэр орноосоо хол, ганцаараа гэр барьчихаад зунжингаа адуун дээр байдаг гэхээр цаанаасаа морины хүн гэдэг нь харагдаж байна. Ер нь адуунд хэр иртэй хүүхэд байв аа?
-Миний багад 10 эмнэг үрээ сургаад нэг үрээ авдаг байсан. Би тэгж сургаж байгаагүй л дээ. Гэхдээ өөрийнхөө адууг бол сургачихна аа.
-Танай энэ нутгаар уургаас илүү бугуйл ашигладаг бололтой?
-Уг нь бугуйл бараг ашигладаггүй, дан уурга байсан. Сүүлийн үед л бугуйлыг үргээлгийн зориулалтаар хэрэглэж байна. Ингэхэд манай аав энэ нутгийн хамгийн гарамгай, мундаг уургач байсан шүү. Уургын хэдэн морьтой. Миний хувьд аавынхаа энд хүрч уургалж чадахгүй. Харин аав маань 68, 69-тэй байхдаа хажуу талаар нь догшин адуу гарахад уургалаад дөрвөн хөлийг нь дээш нь хартал татаж байх жишээтэй. Уургач хүн гэдэг чинь морины хийг олж татдаг, барилдахтай адил мэхтэй шүү дээ.
-Ингэхэд та хэдий үеэс морь уясан юм бэ?
-Би чинь засгийн ажил хийж байлаа. 15-16 жил тээврийн жолооч хийсэн. Улаанбаатар хотод Автокомбинат гэж тэжээл тээврийн бааз, хот хооронд явдаг. Харин би баруун аймгуудаар явдаг.
1995 онд энэ нутагтаа азарга адуу авчирсан юм. Ер нь би хүмүүсийг морь уядаггүй байхад л сонирхож эхэлсэн дээ. 1995 он гэдэг чинь том уяачид энд тэндээс адуу авч байгаагүй үе. Миний хувьд Увсын Тэсийн голын унага гэж ярьдаг болохоор тэндхийн азарга адуу авчирч билээ. Гэхдээ ажилтай болохоор өөрөө уяж байгаагүй. Харин 50 хүрээд уяна даа гэж дотроо бодож, нутагтаа дүү нартаа байлгаж байсан. Ингээд л 50 хүрч, сүүлийн 5-6 жил адуун дээр байна даа.
-Хамгийн анх хэдийд уясан бэ?
-1996 оноос эхэлсэн байх аа. 1993-1994 онд морь үнэд ороогүй байхад 300 мянган төгрөгөөр Зоригийн Баяраагийн хүрэн морийг худалдан авч байлаа. Тэр үедээ хамгийн үнэтэйгээр морь авч байна гэж ярьж байсан. Тухайн үед чинь “Иж планета-5” 250 мянган төгрөг байсан.
-Мэдээж үнэтэй авсан болохоор онцгой л морь байж дээ. Хүрэн морь танд ирэхээсээ өмнө амжилт гаргаж байсан уу?
-Гаргасан. Сумынхаа наадамд 3-4 удаа шөвгөрчихсөн долоон настай морь. Надад ирээд сумын наадамд дөрвөн удаа зургаагаар давхисан даа.
-Айрагдуулж чадаагүй бололтой?
-Тэгсэн, чадаагүй.
-Одоо эргээд бодоход юун дээр нь алдсан байна вэ. Ер нь мориных нь чансаа байсан уу, эсвэл та уяаг нь олдоггүй байсан юм уу?
-Морь ч ойгүй хурдан байсан. Даанч би өөрөө ажилтай байсан болохоор наадам тулгаж ирээд л уясан болоод давхиулдаг байлаа. Уг нь сунгаанд хол тасархай морь байсан юм. Одоо байсан бол олон түрүүлэх байх.
-Хүрэн морины дараа ямар морьд авав?
-Ер нь би их олон морь авсан. Давхиулсан нь цөөхөн. Яагаад гэхээр би “Цайз” зах дээр ноолуурын ченж, Да хүрээ зах дээр УАЗ-469-ийн ченж хийж байлаа. Энэ ажлаасаа болоод адуутай ноцолдох зав байгаагүй гэхэд болно. Адууг ч үнэ хайрлахгүй авч, сунгаанд түрүүлчихээр л сэтгэл ханаад явчихдаг байв. Харин одоо бие биеэ дэмжээд, сүүлийн 3-4 жил уяж байна даа.
-Сүүлийн 3-4 жилд хэчнээн айраг, түрүү авав. Энэ жил гэхэд та сумандаа хоёр их морь оруулсан гэсэн?
-Энэ хоёр буурал морь гурав, дөрвөөр ирсэн.
-Хаанахын адуунууд вэ?
-Нэг нь манай Булганы Орхон сумынх. Харин хээр соёолон үрээ манай унаган адуу. Өөрийн унаган адуу хоёр жилээс гайгүй давхиж байна. Харин хонгорын доорх хүрэн морь долоон настай, энэ жил уяагүй. 1994 оны Ардын хувьсгалын ойгоор сумандаа соёолон түрүүлээд, аймагт гуравлаж ирсэн. Яг манай унаган адуу. Хээр үрээ маань 1994 онд айргийн дөрвөөр давхисан, бас л унаган адуу. Ер нь унаган адуугаа давхиулъя гэж бодоод байгаа. Ганц нэг даага ч гэсэн сайн байгаа. Бас хүн амьтанд өгч байна.
-Олон газрын хурд цуглуулсан гэж байна. Тэр талаар дэлгэрэнгүй яриач. Адууны удам угшил цуглуулах нь уяачийн бас нэг баяр бахдал мөн шүү дээ?
-Би халзан азаргаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас авчирсан. Батбаяр гэдэг хүний адуу. Эцэг нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын наадамд таван удаа түрүүлсэн Хаянхярваа гэдэг хүний халзан азарганы төлийн төл.
-Энд авчраад ямар удамтай гүүнүүд хураалгасан бэ. Нутгийн гүү юу, энд тэндээс авснаа юу?
-Нутгийн гүү. Миний адуунд Хан Хөхийн нурууны адуу байна. Жинхэнэ Тэсийн голын адууны угшилтай гүүнүүд бий. Би сая морьдынхоо мялаалгыг хийхээр шийдэж, амьтан хүн цайлж, айраг уулгасан. Ингээд хэдэн даага уралдуулаад халзангийнхаа охин төлийг өгсөн. Охин төл гэдэг нь хожим сайхан гүүтэй болоод, олон болгож, сайхан хурдан удам гаргахад тустай гэсэн санаа.
Харин том буурал морийг Булган аймгийн Орхон сумын Бааска гэдэг залуугаас таван саяар худалдаж авсан. Миний морь нэг их сайн давхиж өгөхгүй, голдуу зургаагаар давхиад л байсан. Үүнийг авснаас хойш л морьд сайн давхисан даа. Том буурал маань сумандаа гурван удаа шөвгөрлөө. Их морь өм нээдэг л гэдэг. Энэ морь тавласан жил хүрэн үрээ соёолон түрүүлээд, аймагт очиж гуравласан.
Сая “Булганхангайн шигшмэл хурд” болоход миний хоёр морь урилгаар очиж уралдсан. Нэг нь бариан дээр ирээд цааш ухасхийсэн бол бага буурал нь даваа давтал барианд 7-8 км дутуу байхад эхний морьтой явж байгаад тахандаа буруу гишгээд хөл нь жаахан доголчихсон. Ингээд долоо, наймд орсон. Урьд орой нь тахалчихсан нь буруудсан. Эрдэнэт хотын Гурван замын Лхагваа гэж зүүн аймгаас адуу зардаг нөхрөөс 14 саяар авсан морь юм. Даанч хөл нь муудчихлаа. Ер нь морьдыг хамаагүй тулгаж тахалдаггүй гэнэ. 7-8 хоногийн өмнөөс тахалж сургахгүй бол болдоггүй юм байна. Тэгээд уруу газар дутуу гишгээд хөлөө жаахан гэмтээчихсэн. Намар усанд зогсоож байгаад арга хэмжээ авна аа.
-Та сүүлийн 4-5 жилийн яг гардаж уяж байгаа гэхээр ер нь саяхны уяач юм байна шүү дээ?
-Тийм ээ. Адуу цуглуулсан нь аль эртнийх. Харин яг уяад таван жил болж байна.
-Харин хэзээ сумын Алдарт болсон бэ?
-Өнгөрсөн жил.
-Өнгөрсөн жил сумын Алдарт болоход хэчнээн айраг, түрүүтэй гэж байв?
-Сумын наадмаас хоёр түрүү, 10 гаруй айрагтай байсан. Аймгийн наадмаас нэг шөвөгтэй.
-Аймгийн наадамд хэзээ ийм том амжилт үзүүлэв ээ?
-2015 онд.
-Булганд 2015 онд бүсийн уралдаан болсон шүү дээ. Тэнд очсон уу?
-Бүсийн уралдаантай жил миний хүрэн үрээ аймагт гуравлачихаад ирсэн. Сумандаа түрүүлчихээд, аймгийн баяр наадмаар гуравласан. Гэхдээ би арай болоогүй гээд бүсийн уралдаанд очоогүй юм. Одоо бодоход очих л ёстой байсан юм билээ. Түүнээс гадна нэг яваагүй шалтгаан нь эрлийз морьд ганц нэг явснаас болсон. Тэгээд больсон доо.
-Уг нь эрлийзээ тусад нь уралдуулна гээд л байсан?
-Тэгээд яах вэ дээ, явуулахаа явуулаад л, зарим нь хасагдсан шүү дээ.
-Та бол дан монгол адуутай юм шиг байна?
-Дан монгол адуутай.
-Надад таны айраг түрүү, амжилт гэхээс илүүтэй төв суурин газрын хүн хөдөө ирээд гэр бариад айраг цагаа уугаад, адуу малаа хараад, ганцаараа ч гэсэн байгаа нь сонирхолтой санагдлаа. Төв сууринд олон жил болчихоор муу зан сурна гэж ярьдаг шүү дээ. Танд эхлээд хэцүү байв уу?
-Тээврийн жолооч гэдэг чинь хээрээр гэр хийдэг болохоор ялгаа байхгүй ээ. Жилийн 365 хоногийн ганц сар нь гэртээ байвал их юм. Тэгэхээр тээвэрт явж байсан, гэрт байсан хоёр ялгаагүй.
Миний хувьд мундаг уяач болох нь ч яах вэ, сайхан хурдан адуу бий болгоё гэж боддог юм. Гэхдээ эрлийзжүүлээгүй байна. Өөрөөр цусыг бол чөлөөтэй хангасан. Эрлийзжүүлье гэж ч нэг их яарахгүй байгаа. Тэртээ тэргүй Монгол Улсын адуу тэр чигээрээ эрлийз болно. Содномын Манлайбаатар хэмээх нэг сайхан дүү маань эрлийз азарган үрээ өгсөн л дөө. Би бас С.Манлайбаатараасаа даага авч байсан юм байна. Сумандаа найм, есөөр 2-3 удаа давхичихсан, одоо хавчиг морь байна. Би ер нь л гайгүй улсын адуу цуглуулсан.
Их морь бол надад олон бий. Хоёр буурлаас гадна хүрэн морь гээд л ер нь адуун дотор хэдэн морь бий.
-Зундаа морь уяж байгаад гэртээ харихаар нэг хэсэг бүгчимдэж байна уу?
-Би ингэж байгаад маргааш юм уу, нөгөөдөр харьчихаад 3-4 хоночихоод л хүрээд ирнэ. Нэг их удахгүй. Ер нь эзэнгүй мал хэцүү шүү дээ. Хүн малтай байя гэвэл өөрөө л маллахгүй бол мянган ах дүү байсан ч нэмэргүй. Хүний юм бол хүний л юм. Би тэгж боддог. Ялангуяа адуу чинь урт хөлийн мал. Яая даа гэтэл өсгөе гэж боддоггүй. Гэхдээ бололцооны адуутай.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд нь моринд хэр эвтэй байна вэ?
-Би хоёр охин, нэг хүүтэй хүн. Хүү моринд сайн. Гэхдээ миний хүү ээжийгээ дагаж эмч болж байгаа. Тэр чиглэлээр нь сургаж байна.
-Могодын айраг Монголын брэнд гээд л ярьдаг. Могодын айраг сайхан, тэр дундаа Хулжийн гол, Баавайн голын айраг илүү сайхан гэдэг юм билээ. Та энэ нутгийн хүний хувьд юу гэж үздэг вэ?
-Нэгдүгээрт, өвөг дээдсээс уламжилж ирсэн олон жилийн арвин сайхан туршлага байна. Хоёрдугаарт, энэ сайхан хангайд өөр газар байхгүй өвс ургамал их бий гэж боддог. Бас айргийг хүндлэх дэг соёл мундаг шүү дээ.
Айраг, цагаан идээндээ бараг хиртэй гараар хүрэхгүй байж л сайхан исдэг эд. Жишээлбэл, тарваганы мах идсэн гараар айраг бүлэхэд л исдэггүй тал бий. Тарвага, адууны махнаас хол байлга гэсэн ном бий шүү дээ.
Нэг тарнийг хэдэн мянган удаа уншихад улс чичирч байна гэж нотолсон байдаг. Үүнтэй ижилхэн айргийг исгэхэд уламжилж ирсэн нарийн дэг журмыг нь баримталбал сайн исгэх магадлал нь өндөр. Үүнээс гадна манай энд сэрүүхэн байдаг. Сэрүүн газар хөрөнгө нь зөв иссэн айраг муудахгүй. Хөрөнгө болохгүй бол бараг тав, арав хоног нухаж засаж авдаг. Одоо л айрагны үнэр орж байна, амт нь тийм болж байна гэж ярьдаг шүү дээ.
-Ер нь аливаа юмны ид хавыг нь гайхуулаад, төгс сайхан хийх шиг сайхан зүйл үгүй. Танай нутгаар айраг сайхан уудаг, сайхан шингээчихдэг, дэмбээ хуруунд сайн хүмүүс хэр олон бэ?
-Манай хүргэн Аюурзаны Болд гэж нөхөр айлын найранд очоод гурван литрийн шаазангаар долоо уучихаад “За за, долоогоор яах вэ, найм уучихъя” гэж байсан юм гэнэ лээ. Морио туших гэхэд нь амаар нь гарчих гээд байсан гэдэг. Түүнээс илүү уух хүн гэж байхгүй байх аа.
-Айраг цагаа ийм дэлгэр байгаа юм чинь найрын дэг ёс гэж мундаг байдаг биз ээ?
-Дээр үед бүр мундаг байсан. Та нар өнөөдөр энэ хүмүүсийг цуглуулаад, зураг авч байгаа ч гэсэн хүмүүст нэг юм хэлж байна шүү дээ. Нэгтгээд, мартагдчихсан байсан бугуйлыг нь гаргаж ирээд бугуйлдаж, уургалуулах гээд байна. Энэ чинь бас л нэг юм хэлээд байна.
-Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе?
-Миний хамгийн сайхан баярласан наадам гэвэл энэ хүрэн үрээгээ даага байхад нь дүүгээсээ автал даага, шүдлэндээ нэг их харайгаагүй юм. Харин хязааландаа гэнэт харайгаад л сумын наадамд тавлаж билээ. Манай малчин Зоригоо гэдэг залуу “Морь цоллуулъя гэж байна” гэхэд нь би энэ жил цоллуулахгүй, ирэх жил түрүүлэхээр нь цоллуулна гэсэн юм. Тэгээд ирэх жил нь түрүүлээд цоллуулсан даа.
-Монгол хүн амны билгээр гэдэг дээ?
-Тийм ээ. Тэгэхэд би их уйлсан. Ер нь би моринд нулимс ойрхон хүн. Хүний өөрийн гэхгүй, зурагтаар харсан ч гэсэн нулимс гарна шүү дээ. Ер нь адууг их хайрладаг. Адуу хайрласны буянд эргээд хурдан туурт заяадаг юм байна гэж боддог.
-Ийм баяр бахдалт наадам танд олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнхөд ивээгдэж яваарай. Удахгүй аймгийн, цаашлаад төрдөө үнэлэгдэх уяач болоорой. Морины өв соёлыг хойч үедээ сайн түгээн дэлгэрүүлж, адууныхаа чанар чансааг улам төгөлдөржүүлж яваарай гэж хүсэн ерөөе.
-Уяачдын унших дуртай “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан миний морьдыг унаж хурдлуулдаг унаач хүү Ганзоригийн Дагвадорж болон Булган аймгийн Орхон сумын харьяат Сонингийн Баярсайхан дүүдээ талархаж явдгаа хэлье.
"Тод магнай" сэтгүүл №97 2018 он
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
103.26.194.247