Аймгийн Алдарт уяач Д.БАЯРСАЙХАН: Хээр азарганы маань 12 ЭР УНАГА БҮГД ХУРДАЛСАН

Сэтгүүлч
2018 оны 8-р сарын 03 -нд

Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Должингийн Баярсайхантай ярилцсанаа хүргэж байна. Онц тээвэрчин, Осолгүй манлай жолооч, ММСУХ-ны "Уяачийн алдар" одон, 20 жилийн ойн медальтан тэрээр 1958 оны зун Баян сумын нутаг Бөөрөлжүүт рашаанд төржээ.

-Нутаг орон, удам судраа мэдэлцэж танилцдаг монгол сайхан заншлаараа таны тухай ярихын тулд эхлээд аав, ээжийн тань ажил, амьдралын хуудсыг сөхөх нь зүйтэй болов уу?
-Миний аав Чойжин гэдэг хүний хоёр дахь хүү. Ах Бажий нь Төв аймгийн Баянжаргалан суманд адуу маллаж, морь уядаг байсан. Харин миний аав Должин бол хуурчин хүн. Залуудаа мал маллаж, тракторын жолооч хийж байсан. 
Өвөө маань Айраг нуурыг дүүргэсэн олон адуутай хүн байсан юм гэнэ лээ. Жанчивланд бас манай удмын Чимэддорж гэдэг адуучин бий. Өвөө болон аавынхаа үүх түүхийг судалж байгаад би Г.Пунцагбалжир агсантай нэгэн дор тоглож өссөн гэдгээ бас мэдэж авсан. Тэгээд 1988 онд Г.Пунцагбалжир маань “Чи бригадын даргаа болиод, адуу хөөцөлд” гэж зөвлөж байлаа.
-Пунцагбалжир агсан өөрөө тэр үед ямар ажил алба хашиж байсан юм бол?
-Гадаадад сургууль төгсөөд ирчихсэн, Үйлдвэрчний төв зөвлөлд жолоочоор ажиллаж байсан юм. Тэгээд Архустын сумын Алдарт уяач Лхагвадорж бид хоёрт “За, би мөдхөн адуутай болж баяжина шүү” гэсэн. 
Тэгж байтал хувьчлал тараад би Багануурт хэдэн гүү бариад Хэрлэнгийн урд айргаа зараад байж байтал УАЗ-469 машин дотроос нэг хүн “Хөөе, айраг зарж байгаа хүн гуай, айраг чинь ямар үнэтэй вэ?” гэдэг юм байна. Лавлаад хартал Пунцагбалжир. Машиныхаа ард доод тал нь гуравтын, тэгээд дандаа 50-т, 100-тын дэвсгэрт дүүртэл хийчихсэн. Ёстой нөгөө ярьж байснаараа баяжчихаад хүрээд ирсэн. 
Тэгээд эхнэр бид хоёрт “Хэнтий аймгийн хойд талаар машин, мотоцикль зараад ирлээ. Мал ч зөндөө ирсэн. Одоо би малжиж, компани байгуулна. Чи ч бас морины ажилдаа ор” гэсэн юм. Тэгэхэд Баянжаргалан суманд бригадын даргаар ажиллаж байсан ч найзынхаа үгэнд ороод морь руу орсон доо. 
-Тэгээд Пунцагбалжир агсан танд адуу мал худалдаж авах мөнгө өгсөн юм уу?
-Тийм. Пунцагбалжир манай эхнэрт боодол гуравтын дэвсгэрт, надад боодол тавтын дэвсгэрт өгсөн. Нэг боодолдоо 100 ширхэгтэй, 10 боодол мөнгө. Тэгээд “За, миний хоёр найз айраг зарж суухаар хурдан морьтой бол. Морь уявал мөнгө их амархан олно шүү” гэсэн юм. 
Тэгэхэд би ажлаа хийгээд, эхнэр маань Багануурт хоёр хүүхэдтэйгээ гүүгээ барьдаг байлаа. Би хааяа ганц, хоёр морь уядаг ч айрагдах нь цөөн. Тиймээс зориг шулуудан найзынхаа үгийг дагаж 1995 онд Архустын тэжээлийн аж ахуйд шилжиж очоод хоёр адуу авлаа. Дээр нь ахаас минь үлдсэн зээрд үрээг идэшний үхрээр сольж аваад азарга тавьсан. Үүн дээр бригадын даргаар ажиллаж байхдаа Оохоны Жамсранжав гуайн хүү Чинбаатар гэдэг найзаасаа Дамдинжав гуайн адууны угшилтай эр даага бэлгэнд авч, нэмж охин даага худалдаж авч байлаа. Бас Нямаалан /Нямдорж/ гэдэг хүний буурал азарганы төл нэг гүү авсан.
-Уях адуугаа бэлтгээд л байсан юм аа даа...
-Тэгэлгүй яах вэ. 1998 онд манай энд зуд болж, айхтар шуурганаар нь айлын адуунууд бутарсан юм. Тэгээд би хавар нь адуутайгаа хөөцөлдөөд давхиж явтал Гурвалжингийн Бямбадорж гэдэг хүний дүү Бөөрөлжүүтэд ирчихсэн, адууг нь малладаг байсан Сэргэлэнгийн Лхагваа хээр азаргыг нь уначихсан таардаг юм. Би мотоцикльтой. Морьтой, мотортой хоёр хүн тэр хавиар 20-30 км хөндлөн гулд давхилаа. Цуцахаа мэдэхгүй явдаг амьтан юм аа. Тэгэхээр нь “Хэний адуу вэ” гэсэн “Гурвалжингийн Бямбадорж гуайн адуу. Гэсэрваань гуайн хүрэнгүүдийн цустай юм гэнэ лээ. Шүдлэнд нь Пунцагбалжир мотоциклиор сольж аваад, Бямбадорж гуайд зарсан юм билээ” гэж байна. 
Тийм сураг дуулчихаад би Бямбадорж гуайн дүүгийнд давхиад очлоо. Хэсэг ярилцаж суугаад “Тэр хээр азарга ч мундаг юм аа. Мотоцикль л гэсэн үг” гээд хэлчихлээ. Тэдний эхнэр нь манай гэргийтэй эгч дүүсийн хүүхдүүд л дээ. Тэгээд амьхандаа санаагаа цухалзуулж байгаа юм. 
Тэр явдлаас хойш сар гаруйн дараа таван сард Лхагваа хээр азаргаа хүүхдэдээ унуулаад, эхнэрээ дагуулаад манайд хүрээд ирдэг юм байна. Тэгээд “Бямбадорж ах Мөнгөн бөгст, зээрд азаргаа олчихсон. Тэгээд хээр азаргаа надад өглөө. Та дурлаад байсан юм чинь, би танд бэлэглэе” гэдэг юм байна. Хүний хурдан хурц юмыг яаж хоосон авах вэ дээ. Би оронд нь нэг морь, нэг унагатай гүү өгсөн. 
Ингээд зургадугаар сарын 20-доор морьдоо барих гээд давхиад очтол азаргатай ноцолдчихсон юм уу, хөлөө хугалчихсан байдаг юм. Аргалах гэсэн биш бүүр эвгүйтүүлчихээд, Бөөрөлжүүтийн рашааны урд зусаж байсан Хэнмэдэх гуайнд давхиад очлоо. Учраа хэлсэн чинь “Алтан гагнуур, тогооны хөө өгөх нь яах вэ, өгч болно. Гэхдээ тарваганы элэг ясанд их сайн байдаг юм шүү. Тэжээл иддэг адуу бол идчих л байх” гэсэн. Би ч хэлсэнийх нь дагуу л хийлээ.
-Хээр азарга тань 2000 оны зуднаар доголон орсон юм уу?
-Тийм. Тэр намар нь манай гэргий хүнд бэртээд, би  тэр өвөл гэмтлийн эмнэлэгт л өнжлөө.. Мал ч нэлээд хорогдсон. Адуу 400 дөхчихөөд байсан чинь хавар нь 100-гаадхан нь үлдэж. Гэтэл хээр азарга маань Дэлгэрхангайн Дэлийн булагт хойшоо гишгэчихсэн доголоод явж байна лээ гэсэн сураг дуулддаг юм. Очиж авчраад Нялгын цагаан бумбат адууны угшилтай хөгшин буурал гүү хураалгачихсан чинь дараа хавар нь эр унага гардаг юм. Өвөл нь тэжээнэ дээ гэж бодож байтал шуурганд алдчихлаа. 
-Ахиад уу?
-Харин тийм. Хавар нь Баян сумын хар Мөнхөө, Баянжаргалангийн Болд хоёр хүрч ирээд “Хээр азарга чинь амьд шүү. Бид тууж явсан Баянмөнхөөс наашаа Дэлгэрхааны адаг, Дархан хоёрын дундаас алга болчихлоо. Хөлөө чирчихсэн л явж байна лээ” гэдэг юм байна. Тэгээд сураглаад байсан чинь сураг нь гардаггүй ээ. Зун нь рашаанд буучихаад морьдоо ёслох гэж байтал өглөө эрт урдаас нэг бараан адуу гараад ирдэг юм. Харсан миний хээр азарга. Баярласан гэж.
-Гүү, даага хоёр нь...?
-Тэр хөгшин гүүг эрээд байсан чинь хайрханы урд талын жалганд бурхан болчихсон байсан. Харин даага нь яасныг мэдээгүй. Би ч хээр азаргаа хараад баярласан гэж жигтэйхэн. Одоо ч гэсэн бодохоор л хоёр нүдний нулимс асгараад байдаг юм. Тэр өвлийн зуднаас гүү голдуухан адуутай үлдсэн байсан тул хээр азаргандаа 13 гүү хураалгалаа. Тэгсэн хойтон жил нь 12 охин, ганцхан эр унага гардаг юм. Түүний дараагийн жил нь 11 эр, хоёр охин унага гарсан. Хээр азарганы 12 эр төл нь цөмөөрөө хурдалсан. Тэдний нэг нь Саранхүүгийн хээр халзан, манай гадаа байгаа хөгшин халтар хоёр байна даа. 
-Өөрөө  уралдаж чадаагүй болохоос биш, буянаа ч харамгүй хайрлажээ?
-Тийм ээ. Хожим Намхайноров гэдэг өвгөн харчихаад “Энэ ямар сайхан амьтан бэ. Номхон гэж таатай. Жаахан суунгадуухан л болохоос их гоё алхдаг юм. Ийм адуунаас төл гаралгүй яах вэ” гэж билээ. Сүүлдээ хөөрхий хөгшрөхөөр нь бага гэрт оруулж байгаад хавартай золгуулсан даа. Өвс идэх ч шүдгүй болчихдог юм билээ. Хавар морь уячихаад байтал нөгөөх маань дүүхэлзчихсэн л байж байсан. Гэтэл орой нь их бороо ороод, бид ч санаанд орсонгүй. Гэтэл жалганд унаад талийчихсан байсан даа, хөөрхий.
-Эр төлүүд нь бүгд хурдан заяасан гэсэн. Ямар амжилтууд үзүүлсэн бэ?
-Одоо ч сайхан л давхиж байна. Төлүүдээс нь Ховд, Завханд ч байна. Төлийн төлүүд нь хүртэл адууны цус сэлбээд л явж байна. 
-Хээр азарганы дараа та адуу худалдаж авсан уу?
-Санаандгүй явж байгаад, 2007 онд билүү дээ, Хэнтий аймгийн Мөрөн сумын Мэндээ гэдэг залуутай танилцсан юм. “Ах аа, манайхаар очооч” гэхээр нь яваад очтол надад нэг адуу бэлэглэсэн. Тэгэхээр нь “Ахдаа ганц сайн гүү олж өгөөч” гэлээ. Дүү ч удалгүй “олчихлоо” гэдэг юм байна. Тэгээд авчирч өгсөн цагаан гүүнээс нь хээр унага гарч, түүгээр нь азарга тавьтал өөр шиг нь хөөрхөн эр хээр унага гарсан юм. Харамсалтай нь дааганд нь Архустад уралдуулчихаад Гачууртын наадамд явах гэж байхдаа хөлийг нь шалбалчихсан байсан. 
-Түүнээсээ болоод дахин уралдаж чадаагүй юм уу?
-Гачууртдаа уралдаж чадаагүй. Дараа нь Дундговь аймгийн 80 жилийн ойд гурваар давхисан ч эрлийз гэсэн шалтгаанаар хасчихсан. Одоо үр төлүүд нь гайгүй сайн давхиж байна. 
-Ингэхэд хэн танд уяаны эрдэм заасан бэ?
-Намайг моринд оруулсан хоёр буянтан бий. Би тэднийгээ багш хэмээн хүндэтгэж явдаг юм.
Анх би адуугүй байлаа. 1985 оны тавдугаар сарын 6-нд Баянжаргалан суманд бригадын өдөрлөг болох гээд хадмын хоёр гүү, гурван морь, нэг азаргыг сумын төв дээр туугаад очлоо. Гэтэл Сандагжав гэдэг өвгөн хүрч ирээд “Адууг чинь 500 хүргэх ном уншиж өгнө өө” гээд гурван өглөө дараалан ном уншиж өгсөн. Түүнээс хойш манай адууны удам огт тасраагүй дээ. 
Мөн морины уяаны багш маань Наваан-Осорын Дагвадорж гэдэг хүн бий. Тэр хүн намайг тракторын жолооч байхад л морины хөлсийг хэрхэн гаргадаг хийгээд өвөл хорыг нь яаж гаргадаг зэргийг биетээр нь үзүүлэн зааж өгсөн юм. 
-Та ярианыхаа эхэнд “Өвөө маань их олон адуутай хүн байсан” гэж ярьсан даа. Өвөөгийн тань адуунаас танд өвлөгдөөгүй юм уу?
-Өвлөж авсан эд хөрөнгө надад байхгүй ээ. Сайхан багш нар, сайхан түмний минь буян л надад байна. Намайг дөрвөн настай, хамгийн бага дүүг маань найман сартай байхад миний ээж 120 хоньтойгоо хамт тэнгэрт ниргүүлчихсэн юм. Ингээд гурван өнчин хүүхэд гурван тийшээ өргөгдөж, хамгийн бага дүү маань бидний хойд эцэг дээр үлдсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл “Хүний дайтай л амьдаръя” гэж бодсоор явна. 
-Анхны айраг, түрүүгээ хаанахын наадмаас хүртэж байв?
-1986 онд Баянжаргалан суманд шүдлэн айрагдаж, Архустын тэжээлийн аж ахуйд нэг шүдлэн, нэг даага, хоёр хязаалан айрагдаж байлаа. Түүнээс өмнө дандаа л зургаа, долоогоор давхиад байсан юм.
-Улсын наадамд морь мордуулж байв уу?
-Таван жил ганцаараа явж байна. Цаг нь болоогүй юм байгаа биз дээ, 30, 50 хэдээр л давхиад байна. 
-Та сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүү хүртсэн бэ? 
-Сумын баяр наадмын 17, 18 түрүү, 40 гаруй айрагтай. 2015 онд Багануурын бүсийн уралдаанд хул морь айрагдуулсан. Жижиг наадмын айраг, түрүү ч нэлээд хэд бий. Томоохон наадмууд гэвэл Дундговийн 90 жил, Нүүрэнтэйн хурд, Төв аймаг, Эрдэнэтэд очиж, айрагдуулж байлаа.
-2008 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн юм байна. Хэдэн онд хамгийн одтой сайхан наадаж, олон айраг, түрүү хүртэж байв?
-2007 онд юм даг уу даа. Би Бичээрэйн Далай, Жаал Дорж, Даваасүрэн нартай гал болж Баянжаргалан сум руугаа яваад дөрвөн түрүү, 11 айраг хүртэж байлаа. 
-Хоёр хүү тань хоёулаа морь уядаг юм уу?
-Бага нь л уяна. Том нь номын ажил хийгээд явчихдаг юм. 
-Та Пунцагбалжир агсны зөвлөснөөр адуугаа өсгөж үржүүлээд, одоо бол шинэ цагийн адуутай болчихоод байгаа юм байна, тийм үү?
-Би энэ хавьдаа хамгийн түрүүнд эрлийз адуутай болсон хүн нь байх шүү. Одоо ер нь шинэ цагийн адуугүй хүн үгүй л боллоо. Энэ жил Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Бадам-Очир, Оюунбилэг гэдэг хоёр залуу манайхаас адуу авсан. Мөн Баянхонгор аймгийн Шинэжинст сум руу хоёр адуу гарсан. 
-Унаган хүлгүүд нь урамтай сайхан хурдлах болтугай. Тун удахгүй төрийн зарлигт наадмаас хишиг хүртэх биз ээ. Амжилт хүсье. 
-Баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна