Аймгийн Алдарт уяач Д.Довдондорж: Заамарын адууны үнийг би анх хагалсан

Сэтгүүлч
2018 оны 7-р сарын 24 -нд

- Заамар сумаас төрийн наадамд морь айрагдуулсан цөөхөн хүмүүсийн нэг бол та. Төрийнхөө наадмаас нэг айраг, нэг түрүүтэй байх аа?

-Би чинь анх 1980 онд төрийн наадмыг зорьж, хул даагаа аман хүзүүнд хурдлуулсан. Тэр жил дөрвөн насны морьтой очсон юм.  Энэ айрагддаг хул даага бол миний унаган адуу. Гэхдээ эцэг нь Заамарын Далай Батсүх гэж сайн азаргатай нөхрийн адуутай холбогдоно. Айхтар догшин, хүүхэд мордуулдаггүй. Хүчээр шахуу аргалж байж мордуулна, их сонин. Улсын наадамд бараг л түрүүлээд шахуу ирсэн адуу. Наадамд Баасан, Лхагвасүрэн бид хамтдаа явсан юм. Энэ хоёр өнөө даагыг маань чихдээд зогсож байхад хойноос нь хүн ирээд “Яасан сайхан буян бэ” гэхэд нь тээр хол тангараад унагаачихаж байсан. Тийм л иртэй.

-Анх удаа төрийн наадамд мордуулсан юм байна, тийм ээ. Наадмын өмнөх сунгаануудад хэр байсан бэ?

-Манай эндэхийн уяачид “Ийм догшин даага болж байгаа юм уу” л гэдэг байлаа. Сунгаанууд үгүй яах вэ, дажгүй. Гэхдээ наадамд үүнээс гадна гайгүй хэдэн адуутай явсан. Даага, их нас, соёолон, хязаалантай явж бүгд 50 дотор давхисан. Улсын наадамд 50 дотор адуу чинь сумын наадмын айраг, түрүү  алддаггүй л юм билээ. Дөрвүүлээ олон жил сайн хурдалсан.  

-Тэр жил даага хэд хүрч уралдсан бэ?

-270 гаруй даага мордсон. Батсүмбэрийн Зэвэгээ гэдгийн даага түрүүлсэн ч шүдлэн байсан. Тэгээд хасах гэсэн чинь зургаад орсон Сэргэлэн сумын зээрд дааганы эзэн нь олддоггүй. Захиргаадалтын үед чинь “Гурван цагт цагт стадион дээр бэлэн байна. Цэдэнбал дарга ирнэ” гэчихээр яах билээ. Цаг алдахгүй тулд аргагүйн эрхэнд явсан. Тэрнээс түрүү ч болж магадгүй л байлаа.

-Хул даага наадмаас хойш яаж давхисан бэ?

-Хойтон жил нь би төв дээр ажилтай. Манай дүү, Баасан хоёр хөдөө морьд уясан чинь надтай адил аргадахгүй. Өнөөхийн  аашийг нь засаж байна гээд шонгийн модонд бугуйлдаж хоолойг нь ороогоод, хоржигнуулдаг болгочихсон. Тэрнээс хойш уяхаа байсан. Үгүй бол тэр хул нэлээн юм дуулгах байсан гэж харамсдаг л юм. Хоолойг нь тасдаад хаячихгүй юу. Улсын наадамд түрүүлж ирчихээд хусуулахгүй адуу чинь ямар шийртэй нь харагдаж байгаа биз. Сүүлд өөрийн нь аргаар хийгээд ойр зуур унадаг л морь болсон.

-Азарга тавиагүй морь болгочихсон юм уу?

-Би бас буруу л юм хийсэн. Тийм болчихсон ч азарга тавьдаг байгаа даа. Удмыг нь хойш нь хөөе гэсэн санаа байсангүй. Тэр үед би залуу ч байж. 30-тай л байлаа.

-Дараагийн наадам ... ?

-Манай дүү “Лүнгээс нэг зээрд халзан хязаалан байна аа. Та авах уу. Баянжаргалангийн Донойдон Галын удмын адуу юм байна” гэнэ. “Тэгье“ гээд давхиад очсон жоохон татанхай хонготой халзан үрээ байна аа, авлаа. Тугалтай үнээ, 500 цаас өг гэнэ. Ингэж наадмаас хойш намар аваад дараа жил нь 1983 онд түрүүлсэн.

-Танд ирэхээсээ өмнө уралдаж байсан юм болов уу?

-Уралдах байтугай хүүхэд ноолсон номхон адуу байсан. Сургах нь сургачихсан. Гэхдээ битүү адуу байгаад уясан. Тэр жилийн хавар туранхай байсаан, хөөрхий. Баасан бид хэд чинь нэг гал уяаныхан. Нэг өдөр үсэргээ хийлээ. Арваад морь үсэрдэг юм. Би холхон ч хөдөлгөж үзээгүй л адуу байлаа. Тэгсэн үсэргэсэн чинь хомоолоос босгож үргээд, хүүхдээ унагахаа шахсан. Тийм сийрэг байхаар нь энэ ч аятайхан адуу болох нь гэж бодоод уясан юм даа. Улсад түрүүлдэг жилээ онцгой хурдан байсан. Бид Айдасын даваан дээр Даваахүү, Данзанням нарын морьдтой сунгахад ганцаараа л ирсэн. Бушуухан л аваад явсан.  Тухайн цаг нь тийм байж дээ. Хэл ам ихтэй, бие биеээ дарамталдаг гээд янз бүрийн юм их байлаа, төвөгтэй. Бид чинь маргааш нь сунгааны хор авдаг юм. Тэгээд өөрөө хүнддэнэ гэж бодоод хөлстэй чигээр нь хүүхдээ явуулсан ирдэггүй. Эцчихэж л гэж бодоод Айдасын давааны овоон дээр давхиад гараад ирсэн жигтэйхэн хөлөрчихсөн ирж байна шүү. Ингээд өнгөрч л гэж бодсон маргааш нь хамаагүй хол түрүүлсэн, хөөрхий. Тэр жил чинь  670 соёолон уралдсан. Их нас гэхэд 1024 уралдсан гэдэг байх шүү. Их өтгөн наадам болж байсан юм.

-Соёолон түрүүлгэнэ гэдэг чинь бөөн баяр биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Үнэхээр сайхан. Тэр үед цоллогоог нь аймагтаа хийсэн . Ингэж аймгийн 60 жилийг улсын наадам болгон тооцож байлаа. Наадмаас өмнө бүх суманд урилга тараагаад, сумын наадам болоогүй.

-Төрийн наадамд морь цоллуулаад зогсож байхад юу бодогддог юм байна?

-Одоо  шиг  үнэлдэггүй байсан цаг шүү дээ. Аятайхан юм аваад явж байвал баярхлаа шахуу юм ярина. Хоёр, гурав түрүүлгэчихвэл ад үзэх талын юм гарна. Гэхдээ аливаа юм хоёр талтай хойно доо. Сайхан юм байна шүү дээ. Би таних хүн байхгүй. Намайг танихгүй хүн үгүй болчихсон. Алтан тууртын буянд олонтой л болдог юм билээ.  Тэр наадмаар аав минь хамт явсан. Баасан ч байлаа. Мэдээж аавыгаа баярлуулж чадсан шүү. Баасан бид хоёр насаараа л хамт морь уяж явна. Энийгээ би 1969 онд цэрэгт явахын нь өмнөх хавар нэг бага адуу авъя, чамайг сургахаар нэр дээр чинь уралдуулъя гэсэн. Тухайн үед чинь есдүгээр сарын 1-нд түрүүлсэн даагыг нь эзэнд нь өгдөг байлаа. Хүсч байсанчлан даага ч түрүүлж, Баасан нэг сайн бор морьтой болсон. Түүнээс хойш л салаагүй хоёр оо, бид.

-Дараа нь халзан соёолон яаж давхисан бэ?

-Морин соёолон л доо. Олон айрагдсан. Би сайн морийг найр наадамд уралдуулахгүй гээд гамнах маягтай.  Гэхдээ мордсон уралдаан бүртээ түрүүлээд, дөрөв, таван ч адуу авч өгсөн юм. Бас л онцлогтой адуу шүү дээ.

-Ямар...?

-18 км газарт машин, мотоциклиос өөр ямар ч мал уралдахгүй дээ. Зуу ч байсан, зургаа ч байсан ялгаагүй.  Одоо 60 милл-тэй давхиж байгаа адуу улсын наадамд ч ховор байгаа. Тэгэхэд 80 миллтэй таван километр явна. Тэрнээс хойш 60 милл-тэйгээр хурдаа алдахгүй явдаг тийм хөлийн хурдтай адуу байлаа. Одоо тийм адууг монголд олж харахгүй ээ. Сонин байгаа биз.

-Суманд хэд түрүүлсэн юм бэ?

-Суманд хоёр түрүүлсэн ч энд тэндээс олон түрүүтэй. Сум чинь 25 км давхина. Өнөөх чинь 18-аас дээш гарчихсан болохоор бариан дээрээ гурав, дөрвөн ч удаа дайруулчихна аа. Тэгээд зургаа айрагдсан.

-Заамар сумаас таван удаа л төрийн наадамд морь айрагдуулаад байна. Түүнээс хоёр нь таны амжилт гэхээр олон хүнд тохиохгүй амжилт шүү, тийм ээ?

-Тийм ээ. Морь уясан он жилүүдэд одтой сайхан наадсан нь олон.  Бахдууштай бас нэг түүх бий. Хүрэлбаатар гэж манай дунд эгчийн хүүхэд бий. Энэ дүүдээ би нэг гүү өгсөн юм. Түүнийг цэрэгт явсан хойгуур өнөөхийг нь би малладаг байлаа. Тэгээд гүүнээс нь нэг унага гарч, хязаалан жил нь уяад түрүүлгэсэн. Тэрнээс хойш суманд долоо түрүүлж, нэг аман хүзүүлж Заамартаа рекорд тогтоож байлаа. Хожмоо азарга болсон л доо.

-Өөр хаагуур наадаж байв?

-Том наадамд зөндөө явдаг байлаа. Үүнээс онцолбол “1986 оны наймдугаар сарын 21-нд Эрдэнэтэд ГОК-ын бүх ард түмний фестиваль болж  зургаан нас уралдана” гэлцээд л байна. Би ч явахаар шийдээд, 16,17 хоногийн өмнө Эрдэнэт рүү гарлаа. Эндээс 230 км зайтай шүү дээ. Явсаар гурав хоногийн өмнө очвол наадмын тов нь гардаггүй. Морь уралдах эсэх нь ч тодорхойгүй байна. Ингээд фестивалиасаа өмнө тов гарсан ганцхан их нас уралдахаар болчихдог юм. Надад тэр их нас нь байхгүй  ээ. Тэгээд бодлоо. Найзын соёолон надад байна. Хязаалан суманд түрүүлээд, соёолон 14-өөр давхисан. Тэр үед нь найздаа “Айрагдуулахгүй байх даа яадаг юм” гэж үг хаяж л байлаа. Ингээд их насгүй хүн яах вэ. Өнөөхийг нь бэлдлээ. Товын тухай дуулсан шөнөө буюу хоёр хоногийн өмнөөс өнөөхөө бариад уяж хонолоо. Ингээд наадмын өглөө ч боллоо. Их насанд явууллаа. Медаль нь багтахгүй Эрдэнэтийн цуутай, цуутай  160 гарсан азарга, их нас гарч байна аа. Айлаа гээд буцалтай биш. Соёолонгоо гаргаад тавьчихлаа. Удсан ч үгүй машины хэртэй морьд гараад ирдэг юм. Өнөө хүрэн соёолон чинь хөтлөөд гараад ирлээ. Дуугарч чаддаггүй, хоолой зангираад, нулимс цийлэгнээд болохоо байсан. Тэгээд Заамарын Зуунчулууны хул, Батцагааны хул гэж хоёр алдартай их морь туган дээр дайраад гуравлаж байлаа. Дараа нь бид хэд 100 татсан шиг суусан Булган аймгийн Бүрэгхангай сумын Алдарт уяач Зуунчулуун “Би хул мориныхоо урд соёолон үрээ байтугай морь гаргаж байгаагүй шүү. Довдоон чи ёстой алах юм аа” гэж хөхөрч байлаа. Бахархалтай л наадсан даа. Залуу байхад санаснаараа  уядаг байж. Одоо ч нас яваад өнгөрч байх шиг байна даа, хөөрхий. Ингээд бодоход би чанга уяаны хүн байж. Адуу нь залуу тулдаа даадаг байжээ. Би олон соёолон айрагдуулсан. Ноднин гэхэд нэг соёолон түрүүлээд, нэг соёолон гуравласан. Тэрний урд талын жил соёолон түрүүлгэсэн. Энэ жил ч түмэн адууны баяртаа соёолон бэлдээд л байна.

-Та  хурдан хүлгийн уяа сойлго тааруулаад хэдэн жил болж байгаа юм бэ?

- 49 жил боллоо шүү дээ. Хойтон морь уясан 50 жилийнхээ ойг тэмдэглэвэл сайхан байх даа гэж бодоод л байна.

-Уяаны эрдмийг хэнээс өвлөж байв?

-Аав ч уяж байгаагүй ээ. Аавын дүү Нацагдоржийн Жамсранжавын хулгар саарал гэж мундаг хурдан адуутай байсан гэнэ лээ. Үр хүүхдүүд нь хадганд боолттой толгойг нь хадгалаад явдаг. Тэр сайхан буянаа өнөөг хүртэл хадгалж, дээдэлж яваа болохоор төрөл төрөгсөд бидэнд ч ивээлээ хайрладаг гэж сүсэглэн боддог. Би чинь анх Дамбий ахын хадам хөгшнийг дагаж морь уяж байлаа.  Тэр үед тоотой хэдэн мундаг уяач байсан юм. Сэтэв, Лувсандорж, араас нь залгаад Дамбий гээд л. Миний өмнө үе гэвэл Хулгар Надмид гэж байлаа.

-Багадаа хурдан морь унаж байсан л болов уу?

- Сандаг гэж нэг өвгөний морийг унаж,  нэг айрагдуулсан. Тэр нь 1965 онд байгаа юм. 15-тай атлаа жоохон биетэй хүү явлаа. Тэрнээс хоёр жилийн дараанаас морь уясан. Тухайн үедээ Баасангийн хадам ах Мөнхдорж бид хоёр энэ нэгдлийн адууг зунжингаа хариулчихдаг байсан юм. Одоо хөөрхий бурхан болсон л доо. Тэр ах нь нэг улаан даага Баасанд авч өгсөнөөр миний уяачийн гараа эхэлсэн гэж боддог юм. Харин өөрийн нэр дээр эцгээс үлдсэн  Элбэг хээр гэж номхоон хээр морио уралдуулж байлаа. Тэрийгээ би 16-тай өөрөө уяж, унаад наймаар давхиулж байсан. Тэр ч хөгшин, би ч хөгшин. Гэхдээ хоёр хөгшний амжилт чамлахааргүй ээ. Тэрнээс хойш ойр зууртаа юм уяж байгаад 1970 онд цэрэгт явсан. Гурван жилийн дараа ирсэнээс хойш 1990 он хүртэл миний амжилтууд мундаг л байлаа.

-Сумын баяр наадмаас хэчнээн айраг түрүүтэй вэ?

-55 айраг, 37 түрүүгээр  аймгийн Алдарт болсон. Тэрнээс хойш нэмэгдээд 50,60-аад түрүү,  70,80-аад айрагтай болсон болов уу.

-Аймагтаа наадаж байв уу?

-1980,1983 онд очсон. Эрдэнэтэд бас очиж наадсан. 2000 онд Есөнзүйлийн даншиг руу очлоо. “Их хурд” руу хамаатны Миеэсүрэн гэж нөхөртэй хамт морь уялцаж очоод сайхан хүрэн морь 18-аар давхиуллаа. Энэчлэн их л явлаа. Өнгөрсөн хугацаад морь, тэмээн тэрэгтэй явсан километрээ тооцвол 2000  км гарсан байх шүү.  Хот Заамар хоёрын хооронд хоёр, аймагт нэг явлаа.

-Улсын наадамд гурав явсан байх нь ээ. Дараагийнх нь хэзээ юм бэ?

-1987 онд гурван насны морьтой очоод халзан морь 17-оор, соёлон 21-ээр, шүдлэн 53-аар давхисан үнэмлэх бий.

-Та ер нь адуу малны наймаа хийж байв уу?

-Намайг цэргээс ирэхийн өмнөх хавар аав Монхор Гэндэн гэж хурдтай айлаас нэг хар азарга надад авч тавьсан байлаа. Ирээд өнөөхийг нь уясан ч айрагдуулж үзээгүй ээ. Бас 1974 онд Дамбий өвгөний саарал морийг хоёр шүдлэн үхэр,  хоёр хязаалан үхэр,  хазаарын морь, 1000 цаастай өгч авсан. Мундаг үнэ байгаа биз. Заамарын адууны үнийг би л тэгж анх хагалсан болов уу. Тэр саарал надад ирээд айргаас ерөөсөө салаагүй. Сумын наадамд хоёр түрүүлсэн. Жижиг наадмуудын түрүү бол бишгүй олоон.

-Танд шавь байна уу?

-Асууж сураад ирсэн хүүхдүүдэд өөрийн мэддэгээ харамгүй л хэлдэг юм. Нуух хаах юу ч байх билээ. Би уралдаж байгаа биш, морь уралдаж байгаа шүү дээ. Харж байхад энэ улсууд дунд чинь үнэнээ хэлж байсан нь байдаггүй юм. Би бол эсрэгээр боддог. Үнэнээ л хэлнэ. Тэрнээс энд хэлчихвэл морь нь амжилт гаргачихна. Миний морины урд орчихно гэж боддоггүй. Адилхан алтан туурайтууд уралдаж л байг л дээ. Зөв, шударга  уралдаж байвал л сайн байна. Би ч одоо морио уяхаа больсон. Амнаас цаашгүй болж байна. Тэгээд ч өөрөө нойр хоолоо хасаж зүтгэхгүй бол морь давхихгүй байна.

-Хүүхдүүд тань морь уяж байна уу?

-Би гурван хүү, нэг охинтой.Багадаа бүгдээрээ л хурдан морь унадаг байлаа. Гэхдээ одоо уяхгүй ээ. Толгой нь томроод хотын хүн болчихсон.

-Ямар ажил алба хашиж байв?

-Улсын байгууллагад 43 жил ажиллалаа. Техник мэргэжлийн дунд сургуульд 43 жил цахилгаан сантехник, аж ахуйн дарга, туслах нягтлан хийж байсан. Ажлынхаа хажуугаар морио уяна.

-Энэ цагт Заамарт морьдоо сайн уяач байгаа ямар улс байна вэ?

-Сүүлийн үеийн уяачдыг магтах ч хэцүү, байх ч хэцүү болж дээ. Ур чадвартай нь биш хөрөнгөтэй нь морь уядаг цаг болж. Бидний үед авьяасаараа уралдуулдаг байлаа. Одоо ч дээ, шинжлэх ухаанаар уралдуулаад байна. Адуу нь ч эрлийзжээд шинжлэх ухааны адуу болчихлоо. Монголын маань өв уламжлал ингээд эрлийзжих вий дээ. Аймаар шүү.

            Уяач хүнд элдэв атаа жөтөө хэрэггүй ээ. Адуу нь тайван, хүн нь ч тайван бол хүссэн амжилтандаа  төвөггүй л хүрдэг байхгүй юу.

-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе?

-Наадам болгон л сайхан. Мэдээж морь айраг, түрүүгээр хурдлах бүүр ч сайхан. Гэхдээ муудлаа гээд яах юм. Хүүхэд, морь бүтэн уралдаад ирэхэд л хамгийн сайхан наадам болно шүү дээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна