АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Б.ЛХАГВАСҮРЭН: БИ ГЭСЭРВААНЬ ГУАЙГ ДАГАЖ УЯАЧ БОЛСОН ХҮН

А.Тэлмэн
2018 оны 6-р сарын 07 -нд

Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул, аймгийн Алдарт уяач Балбарын Лхагвасүрэнг уншигчидтайгаа уулзуулж байна. 1957 оны зун Дунд ботгонот хэмээх газар төрсэн тэрээр 1992 оны сумын тэргүүний Шилдэг уяач аж.

-Эхлээд аавын тань тухайд ярилцъя?
Манай аав Балбар Архангай аймгийн Тарагт сумын уугуул. Энд 10 хэдтэй ирээд бараг 90 насласан даа. Сумандаа олон жил морь уяж, нэгдэлд олон жил ажилласан. Нэгдэлд сувай үхэр малладаг байсан юм. 
-Та аавыгаа дагаад морь уяж эхлэв үү. Ер нь хэдий үеэс хурдан морь уяж эхэлсэн бэ?
Манай аав нэг хурдан хээр морь, бас саарал азаргатай байлаа. Миний хувьд С.Гэсэрваань гуай, аав хоёрыг дагаж морь уядаг болсон.  
-Аавын тань хээр морь хэр хурдалж байв?
Аав маань наадамд айраг, түрүү хүртчихдэг уяач явлаа. Хээр морь сумандаа Майн баярын уралдаан, зун, өвлийн наадамд түрүүлж, айрагддаг байсан гэдэг. Харин саарал азарга эндхийн адуу. Энд айрагдаж л байсан гэсэн. Тэр үед дандаа л нутгийн хэдэн адуутай байсан юм.
-Тэр үед хавар уралддаг байсан юм уу?
Цагаан сараар, бас Майн баярын наадам хийдэг байлаа л даа. 
-Наадам болох гэж байна гээд л ажлын хажуугаар завчилж морь уядаг байв уу. Ер нь тэр үеийн наадам хэр өргөн дэлгэр болдог байсан бэ?
Тийм шүү. Наадам их гоё болдог байлаа шүү дээ. Ганц гоё юм чинь хөдөөнийхөнд наадам, цагаан сар хоёр л байна. 
-Та хэдэн жил хурдан морь унасан бэ?
Би найман настайгаасаа 10 хэд хүртлээ хурдан морь унасан.
-Айлын хэд дэх хүүхэд билээ?
Би доороосоо хоёр дахь, дээрээсээ зургаа дахь нь. Манай дүү бас хурдан морь унадаг. Би моринд хүнддээд сургуульд явж, дүү хурдан морь унадаг болсон л доо. Дүү маань Дэндэвийн  Ганжуур гэдэг хүний зургаан насыг айрагдуулж байсан. Амгаланбаатар гэхээр энэ хавийнхан андахгүй. Харин би ганц нэг айраг л авч байсан. Тэр үед медаль ч ховор байж. Ер нь би олон жил хурдан морь унаагүй. 
-Хурдан морины хүүхдийг толгойноос нь өргөж үзээд нэг их удаан унахгүй гэдгийг мэдчихдэг гэлцдэг?
Тэгдэг. Сууринд ээж маань үнээ саана, аав үхэр хариулна. Тухайн үед хадлан, бордооны ажил хийдэг бүх юм мориор л бүтдэг байсан .
-Аавын тань үеийн ямар уяачид байв?
С.Гэсэрваань гуай л байна. Тэднийх Сэрүүн булагт  манайхтай айл байсан. Энд Урт цагаан гээд 10 гаруй айл байдаг байв. Урт цагаан гэдэг нь үхрийн суурь л даа. 
-Гэсэрваань гуай бас үхэр малладаг байсан уу?
Ойн цагдаа хийдэг байсан. Мөн бригадын дарга олон жил хийсэн хүн.  Аав бид хоёр С.Гэсэрваань гуайн хамт 1980 хэдэн онд таван жил улсын наадамд явсан юм. Бас аймгийн 60 жилд ч явж байлаа. Манай аав, С.Гэсэрваань гуай хоёр хамууд л даа. 
-Насны хувьд ойролцоо юм уу?
Ойролцоо. Би аав, С.Гэсэрваань гуай хоёрыг дагаад хийх ажлыг нь хийлцээд л явна. Тэднийхээ заавраар л явдаг байсан. 
-Гэсэрваань гуай таны бодлоор хэр  уяач байсан бэ?
Мундаг хүн байсан. С.Гэсэрваань шиг хүн Монголд цөөхөн дөө. Ганцхан азарга аваад л түүнийнхээ гуравхан азаргаар Манлай уяач болчихсон хүн. Азарганд бол аатай хүн байсан. Ёстой бор зүрхээрээ л хүн. Гэхдээ бидэнд зөвлөлгүй яах вэ.
-Ямар зөвлөгөө өгөх үү?
Морины хоолыг нь их өгч тарган уядаг хүн байсан.  Тэр үед тэжээл өгөхгүй шүү дээ. Тарганаар нь алсаас нь хөнгөлөөд л, зөөлөн аргаар шогшуулж, хөлсийг нь хамаагүй авахгүй. Хөлсийг нь их олон янзаар авна. Хүүхдүүдийг тэнд хүрээд ир гэж зааварчилна. 
-Өөрөө хөлсөлчихдөг байсан юм уу?
Үгүй, зааж өгнө. Ганбаа гэж бас унаач байлаа. Бидэнд зааж өгөөд хөлсийг нь гарахаар юм хэлдэг хүн байсан.
-Таван жил улсын наадамд хамт явсан гэсэн. Хэд хэдэн онд аль хүрэн азарга хурдалж байх үед вэ?
Хулгар хүрэн азарга дөрөвт давхиж байхад Маарын хээр тавлаж, Данзанням гуайн хүрэн зургаалж байсан үе. Хулгар улсад хоёр айрагдсан. Аймгийн 60 жилээр хязаалан бас тавлаж байсан юм. Түүнээс хойш ер нь 10-аас хойш ороогүй дээ. Хавчиг долоотой есөд давхиж байлаа. Бид наадам дөхүүлж байгаад л тэмээ, эсхүл морин тэрэгтэй явдаг байлаа. Налайхад сунгаа хийнэ. 
-10-аад хоногийн өмнө гарах уу?
Тэгнэ. Сайхан тааваараа явна. Заримдаа аймгаа, Богд уулаа тойрч явдаг байсан. Тэр үед удаан хол явдаггүй байлаа. Жаахан явж байгаад буудаллаж, морьдоо амраагаад зөөлөн хөтөлж явна. 
-Хэтэрхий халуун, эсхүл хүйтэн бороо ороход морины уяа алдрах тал бий. Тэр бүрт уяач хүн тооцож урьдчилан арга хэмжээ авах ёстой. С.Гэсэрваань гуай тэр тал дээр ямар байсан бол?
Мундаг нарийн ухаантай хүн байсан. Ер нь хашир, ямар ч юмыг хийгүй хийнэ. Гоц нямбай, азарганд ёстой л аатай. Данзанням гуай Хулгараа харуулчих гээд ирдэг байсан шүү. 
-Тэгээд үзүүлэх үү?
Үзүүлнэ ээ. “Туранхай даа, миний энэ туранхай” гэж байгаад л айрагдуулчихна. 
-Тухайн үед та ямар морь уяж байв?
Би нэг азарга, бас даагатай. Улсад 10 хэдээр л давхидаг байсан.
-Та Гэсэрваань гуайтай цуг морь уяхдаа гурван хүрнийх нь гурвуулангийнх нь төлийг авсан гэдэг?
Тийм. Надад л ганц ориг нь үлдсэн шүү дээ. Түүний л буян даа.
-Их хүрнийх нь төл байдаг уу?
Эх талаас нь надад өгсөн. Одоо болтол тасраагүй. Тэр их хүрний яг өөрийнх нь төл бий, бий. 
-Та эх хүрний төлөөс азарган үрээ авсан юм уу, гүү авсан уу?
Би тэр азарганд нь хээр гүү тавьсан. Манай аав ч гүү тавьдаг байсан. С.Гэсэрваань гуай манай том ахын худ л даа. 
-Гүү тавьчихъя гэхээр өвгөн тавь л гэх үү?
Тэгнэ. Манай Эрдэнэд сүүлдээ өвгөний адуу дүүрсэн л дээ. Бараг 20-иод азарга гарсан. Бараг цус ойртох шахсан байх шүү.
-Дунд хүрэн хамгийн олон түрүүлж, айрагдсан. Түүний төл бий юу?
Ер нь тэрнийх л дамжаад яваад байна. Би бас хүрэн азаргатай. Налайхын сунгаанд хол түрүүлж, манай энэ том хүү унадаг байсан. Хотод долоо, наймд давхина. Би гэдсийг нь сайн тааруулж чаддаггүй байсан юм. С.Гэсэрваань гуай хараад л сууна, хоолыг нь их өг л гэдэг хүн байсан. Тэр үед хүүхдүүдээ Айдасын даваа давуулж газрыг нь үзүүлнэ. Айдасын давааны уруу ингэж татаж явна гээд өөрөө биеэрээ явж үзүүлдэг хүн байсан. Энд нь яв, энд нь тат гээд л. Би дагаад л явдаг. 
-Таныг азаргаа уяхад зөвлөгөө өгөх үү?
Би юугаа мэдэх вэ, ерөнхийдөө хоёр өвгөнийг л  дуурайна. Хамгийн дээгүүр соёолон 15-д оруулж байсан. Тэр үед миний хүрэн азарга хурдан байсан даа. Би залуу байхдаа зөрүүд байжээ. Өвгөн “Битгий сунгаарай” гэхэд нь Налайхад сунгачихсан. Тэгэхэд  их хол түрүүлж байлаа. Тухайн үед залуу хүн чинь улам л явуулмаар санагдсан. Тэгээд  алдсан даа. Дараа нь хэлж л байсан. Айхтар ухаантай хүн. Манай өвгөн засгийн юм аваагүй, ёстой мөнчгөрөөрөө хүн. Гурван азаргаар л хийчихсэн.
-Та сумандаа анхны айраг, түрүүгээ хэзээ авсан бэ?
Суманд анх хүрэн хязаалан аман хүзүүдүүлсэн.
-Гэсэрваань гуайн удмын уу?
Тийм. Пунцагбалжирын өвлийн наадамд хүрэн морь тавд орж байсан. Сүүлд нь 1992 онд хоёр соёолон сумандаа дараагаараа ирж байсан. Хар азарга бас тэр угшлынх. Манай хоёр хүү уяад, суманд нэг өдөр азарга, их морь, шүдлэн гурав түрүүлж байсан. Хоёр хүү минь их сайн уядаг. Одоо би хонь л хариулж байна даа. 
-Таны үеийн уяаны арга барил орчин цагт нийцэхгүй байгаа биз?
Шал өөр. Одоо бол мэргэжлийн болчихож. Тэжээл, тариа гээд л. С.Гэсэрваань гуай 14 хоног л сөнгө даагыг тэжээдэг байсан. Үндэс идүүлэхгүй гээд л.
-Юугаар тэжээдэг байсан юм бэ?
Овъёос, ногоон өвс. Жаахан өгнө. 14 хоног үндэс идүүлэхгүй. Тэгээд л тавьчихдаг. Одоотой адил тэжээхгүй. Одоо ч ногооны шим их муу болсон байна. Манай энд ийм байгаагүй. Хадлан хаддаг, худалч хүнд бараг өвдөг дайны ургадаг байлаа. Одоо байгаль маань ерөнхийдөө гандаад цаагуураа л ургахаа байж.
-Танайд Гэсэрваань гуайн угшлаас гадна ямар адуунууд байна?
“Торгон” Тойвын хээр гэж мундаг азарга бий. Түүний төлийн төл их сайн давхиж байна. Миний тэр хар азарга Багануур, Налайх, Эрдэнэд түрүүлсэн. Соёолондоо энэ хавиар олон түрүүлсэн. Аймгийн 90 жилийн ойн наадмаар 19-д орсон. Ер нь 20 дотор л давхидаг юм. Хүүхдүүд л уядаг. Эх тал нь өвгөнийх. Энэ хул  ч бас өвгөний адууных. Ганцхан гүүнээс л гардаг байсан. Бид тэрийгээ “Эмээ” гэдэг юм. Эмээгийн төл надад одоо хүртэл байдаг. Хулгар хүрний эхийг нь надад өгсөн юм. Хонгор гүү байсан. Одоо түүний төлүүд л сайн давхиад байна.  
-1992 онд Тэргүүний уяач болж байсан гэсэн. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаач?
Тэр жил хоёр соёолон нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүдсэн. Урьд нь бас айрагдаж байсан юм. Нэг бор үрээ гуравласан. Сумын 70 жилээр аман хүзүүдсэн нэг хязаалан бага насандаа сайн давхисан. Аавыгаа морин тэргэн дээр суулгачихаад, өөрөө хөтлөөд л сумын наадамд очно. Хоёр өвгөн улсын наадамд явна гэвэл хоёуланг нь дагаад л тэмээн тэрэгтэй явчихна Машинд ачихгүй, хэд хоногийн өмнө гараад хонио туугаад л явна шүү дээ.
-Идэшний хонио тууж явах уу?
Тэгнэ. Олон хүн явбал нэлээн хэдтэй явна. Морио амраагаад л, машин, мотоцикль ч ховорхон байлаа. Хонио шөнөд аргамжина. Гэрээсээ усалчихна. Гэхдээ амрах өдрөө аргамжиж тавьчихаад холоос харна л даа. Манайхан Яармагт хонио алдаж байсан. Тэгсэн чинь биднийг бараадаад байж байсан шүү.  Тэр үед сайхан байжээ. 
-Энэ нутаг  уснаас олон сайхан хурдан хүлэг төрсөн гэж танай хүү ярьсан. Танаас дээд үеийн, таны хүүхэд ахуй, залуу цагт Сэрүүн булагт ямар, ямар сайн уяачид, хурдан буянгууд байв?
Дунд хүрэн азарга чинь энэ Эрдэнэ ууланд гарсан. Арзгай Бадрах гэж мундаг морь уядаг хүн байсан. Увсынх. Мөн Жамбаа гэж байсан. Хүү нь Алтангэрэл гээд.
Улсад 61 жилээр Равжирын хул морь таваар айрагдсан. Тэр манай унаган морь л доо. 
-Эцэг, эх аль аль нь уу?
Эцэг нь. Хоролын Дэмбэрэл гэж мундаг хүн байсан. Равжир морийг мундаг уядаг байлаа. Түмбээгийн халиун гэж байсан. 
-Тэгвэл таны үеийн уяачдаас?
Миний үеэс Мийгаа, Цогоо, Бат-Эрдэнэ гээд байна. Гэхдээ одоо чинь залуучууд их өөр болчихоод байна. Юм ч сайхан болчихож. Хүүхдүүд ч сайн уяж байна. Морь уях одоо мэргэжил болчихжээ. Хүүхдүүдээс Батаа, Батсүх даргын хүү Отгонсүх их сайн уяад байх шиг. Туваан сайдын морийг уяад байгаа Н.Золзаяа бас мундаг уяж байна. Залуучууд моринд ч их орж байна.
-Морийг сайхан хайрлаж, унаж эдэлнэ гэдэг бас л ухаан биз?
Би дугуй унаж үзээгүй хүн шүү дээ. Морь л унана. Мотоцикль унахгүй. Дөрөөтэй дөрвөн модтой л насыг барчих юм байна. 
-Дөрвөн мод гэж?
Эмээлээ хэлж байхгүй юу. Одооны залуучууд дандаа мотоцикль болчихсон байна. 
-Та эмнэг хэр сургадаг байв?
Би тааруу. Шогшоод л яваад байна. 
-Хамгийн сайхан наадмын дурсамжаар ярилцлагаа жаргаая?
Цэргээс ирсний дараах наадам их сайхан санагддаг. Наадам үзэхгүй, морь унахгүй гурван жил болоод сая нэг наадам үзэх шиг сайхан юм байдаггүй билээ. Тэгэхэд С.Гэсэрваань гуайн Дунд хүрэн хамгийн сүүлд 1979 онд суманд түрүүлж байсан. Аман хүзүүнд явж байхад нь Хоролын Дэмбэрэл гэж хүний хүрэн азарга түрүүлж ирээд тугнаас үргээд, тэгээд хажуу талаар нь хөлгүй азарга түрүүлж байлаа. Надад тэр л их гоё санагддаг.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар.

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.