АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨНХЦОГ: Нутаг, аав, шандаст хүлэг гурваараа овоглож орон даяар цоллуулахаас илүү бахархал хаана байх вэ

А.Тэлмэн
2018 оны 6-р сарын 05 -нд

Төв аймгийн Баян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Долцонгийн Мөнхцогийг хурдан морь сонирхогчид Цоглогийн Мөнхцог гэдгээр андахгүй билээ. Төв аймгийн тусгай дугаарын бэлтгэл ажлын үеэр түүнтэй дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.  

-ММСУХ-ны удирдах зөвлөлд Баян сумаас нэлээд хэдэн төлөөлөл байдаг. Танай нутгийнхан ер нь адуутай холбоотой үйл ажиллагаанд их идэвхтэй, сэтгэлтэй ханддаг бололтой?
Тийм ээ. ММСУХ-ны анхны тэргүүн Галбадрахын Пунцагбалжир агсан,  одоогийн тэргүүн  Миеэгомбын Энхболд  нар XX зууны манлай хүлэг Шийтэрийн зээрд азарганы өлгий нутаг Төв аймгийн Баян сумын уугуул хүмүүс шүү дээ. Тэд хурдан морь, уяачдын төлөө маш олон ажил хийсэн, хийж ч  байна.
Мөн манай суманд  социализмын үед  18 аймгийн агтыг  төвлөрүүлдэг байлаа. Тухайн үед Мааньт өртөө, Цантын бааз дээр адууны цусны шинжилгээ аваад, амьдаар нь ачиж ЗХУ руу  гаргадаг байсан юм. Монголын адууны сор болсон олон ч сайхан хүлэг хойшоо гарсан даа. Тэр бүхэнд  жаахан харамсдаг юм. Тухайн үед манай сумынхан илүү овсгоотой байсан бол 18 аймгийн хурдан хүлгүүдийн соруудын удам угшлыг нутагтаа аваад үлдэх боломж их байсан. Гэвч социалист нийгмийн үед төлөвлөгөө нормтой ажил ихтэй байсан учир одоогийнх шиг хурдан морь, морин спорт гэж санаснаараа явах боломж, цаг зав нь хязгаарлагдмал байлаа л даа. Шуудхан хэлэхэд, хурдан морь уяна гэдэг хэдэн хөгшчүүлийн ажил мэтээр ойлгодог байсан. Ноос, ноолуур, хялгас, хөөвөр, сүү саалийн норм өндөр, хяналт шалгалт, шаардлага ч айхтар байлаа. Гэвч энэ нь монголчуудыг нэгтгэж, илүү хөдөлмөрч болоход нөлөөлсөн давуу тал бас бий гэж боддог. 
-Таны хувьд 2001 он буюу Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмаас эхлэн морь уясан гэдэг байх аа?
Тийм ээ, Би чинь тэрнээс ч өмнө Төв аймгийн захиргаанд тухайн үеийн аймгийн дарга Ж.Гомбожав гуайтай монгол адууг алдаршуулах, ашиг шимийг нь сурталчлах зорилготой  1988-1989 оны үед олон нийтийн санаачилгад тулгуурласан анхны төрийн бус  байгууллага  “Монгол адуу” нийгэмлэгийг байгуулсан анхдагчийн нэг байгаа юм, Тэр л үеэс эхлэн адуутайгаа ойрхон явах болсон юм,  2001 онд  Тод манлай уяач Д.Даваахүү гуайгаар бор үрээгээ уяулж эхэлсэн. Тэр жилдээ улсынхаа баяр наадамд шандаст хурдан хүлгээ мордуулж, эрийн хийморио сэргээж дүүрэн, дундуур давхиулж байлаа.
-Бор үрээ хаанахын ямар угшилтай адуу вэ?
Сэргэлэн сумын Засаг даргаар ажиллаж байсан Цэдэвийн Мэндсайхан бид хоёр үе тэнгийн найзууд л даа. Мэндээ маань “Чи морь уя” гээд хязаалан үрээ бэлэглэсэн юм. Тэгээд би соёолонд нь Д.Даваахүү ахад өгч уяулсан хэрэг. 
-Бэлгэнд ирсэн морь гайгүй давхиад эхлэхээр урамшаад хурдан адуунд нэлээд гүнзгий орж байна уу?
2009 онд одоогийн ЗТХЯ-ны дэд сайд Шүхэртийн Лхамсүрэн “Би танд суманд айрагдчих хэмжээний  нэг адуу бэлэглэмээр байна” гэж билээ.  Тэдний адуу Зүүнхараад байсан юм. Тэгээд бид  Манлай уяач Д.Оюунбилэг найзыгаа дагуулаад Зүүнхараа руу очсон. Манлайгаараа шинжүүлье гэсэн боловч нөгөөдөх маань “Чи өөрөө үзээд, сонго” гэдэг юм. Ингээд сонголоо, жаахан биерхүүдүү сайхан соёолон үрээтэй боллоо. Тэндээ бас жижиг наадмаас медаль авчихсан үрээ байсан л даа.
Лхамаа маань машинд ачиж Өлзийт хороололд авч ирээд, “Агт-Эрдэнэ” галынхаа уяанд хоёр, гурав хоног уяаны ажил хийлээ. Гэвч хөлс нь олигтой гарч өгдөггүй. “Бэлгийн морины шүдийг бүү үз” гэдэг шүү дээ. Ингээд чимээгүй яваад байтал Лхамаа ч гадарлачихаж. Тэгээд нэг өдөр “Танд өгсөн нөгөө үрээ чинь жаахан оёгтой юм шиг байна аа. Би буцаагаад авлаа. Одоо Сүхбаатараас хоёр үрээ ирж байгаа, нэгийг нь аваарай” гэдэг юм байна. Арваад хоногийн дараа “Өлзийт хороололд байна. Та ирээд үзээд аваач” гэлээ. Би ч жаахан нэрэлхээд чимээгүй л яваад байв.
Гэтэл 2009 оны гуравдугаар сарын 29-нд миний төрсөн өдрөөр. “Нийслэлийн хурд  болох гэж байна. Нэг гайгүй цавьдар үрээ байгаа. Түүнийг уралдуулъя, хамт явья“ гээд эзэн нь над руу утас цохилоо. Тэгж л анх  Өлзийт хорооллын тэжээлтэй адуутай, эцэнхий цавьдар үрээгээ бид уралдуулж үзсэн чинь нөгөө үрээ маань  дөрвөөр давхив. Лхамаа ч  “Мөнхцог ахын үрээ” гээд зар тараачихаж.
Дараа нь тавдугаар сарын 1-нд Баян суманд болсон уралдаанд хол тасархай түрүүлж, улсын баяр наадамд зургаагаар давхисан юм. Хэнгэрэгийн Цогтсайханаар зарлагдаж яваад зургаалсан. Улсын наадмаас гурав хоногийн дараа Баянцогтын 80 жилийн ойн наадам болсон юм. Тэр наадамд мөн л хол  түрүүлээд, Ламын гэгээний наадам руу очиж гуравлаад, Багахангай дүүргийн 20 жилийн ойн уралдаанд бас хол түрүүлсэн. Дараа нь тэр үед Шадар сайд байсан М.Энхболд дарга улсын баяр наадамд дээгүүр давхидаг мориныхоо мялаалга наадмыг зохион байгуулсан юм. Тэр наадамд ч бас түрүүлээд, нэг жилийн дотор долоон удаа уралдаад, дөрөвт нь түрүүлчихлээ. Хоёр мотоцикль, нэг монгол гэрээр шагнуулж “од” боллоо.
Хойтон жил нь улсын баяр наадамд айрагдаад, 2011 онд зургаалсан. Мөн тэр ондоо “Их хурд”-д наймлаад, дараа жил нь Дорноговь аймагт очин бүсийн наадамд айрагдлаа, Орхон уул аймаг, Төв аймгийн Алтанбулаг гэх мэт жижиг наадмуудад түрүү, аман хүзүүнд давхилаа. Ингэж л азарга маань  нутаг усны минь нэрийг  дуудуулж эхэлсэн түүхтэй юм даа.
-2012 онд амжилтаа бататгасан байх аа?
Тийм ээ, 2012 онд Өмнөговь аймагт болсон хаврын бүсийн уралдаанд дээгүүр давхисан. Зээрд үрээг анх ирсэн цагаас нь эхлээд манай галын уяач, унаач хүүхдүүд л   “Цоглог” гэж нэр өгчихсөн байсан. Түүнээс хойш “Цоглог зээрд” нэрээрээ морддог, дуудуулдаг, цоллуулдаг болсон доо. Ийнхүү Лхамаа дүүгийн бэлэглэсэн сайхан буян намайг бүтэн овог нэр, нутаг устай минь Монгол Улс даяар дуудуулж, би энэ адуугаар л бараг аймгийн Алдарт уяач цолны болзол хангасан юм.
Ер нь 2010 онд би их од хийморьтой наадсан, Баян сумынхаа баяр наадамд бас хоёр үрээ уяж, хоёуланг нь айрагдуулсан. Энэ амжилтууд нийлээд аймгийн цолыг надад авчирсан. 
-Хүмүүс ч таныг Долцонгийн Мөнхцог гэхээсээ илүүтэй Цоглогийн Мөнхцог гэж дууддаг болчихжээ?
Тийм ээ, овог маань хоёр болчихоод байгаа юм.  Мориныхон маань Долцонгийн /Цоглогийн/ Мөнхцог  гэж дууддаг шүү. Зарим нь товчлоод аль нэгнээр нь овоглож дууддаг юм. Нутаг, аав, шандаст хүлэг гурваараа овоглож орон даяар цоллуулах юутай ч зүйрлэшгүй бахдам сайхан хувь тавилан уяач хүнд л заяадаг юм байна даа.
-Цоглогийн амжилтыг хараад байхад дандаа л наймаас урагшаа орж байжээ. Чансаа өндөртэй л адуу юм даа?
Тийм. Том, жижиг уралдаанд нийт 11 удаа уралдсан. Дандаа л 10-аас дотогшоо л ирж байсан. Ингэж тогтвортой амжилт үзүүлдэг адуу ер нь их ховор байх шүү.
-2009 оны Ламын гэгээний наадамд очихдоо “Айрагдчих болов уу” гэсэн таамаглал тээж байв уу?
Манай  азарганы онцлог гэвэл гараа жаахан тааруу. Хамгийн сүүлд нь гардаг ч араас нь хөөж уралдаад үзүүр дээр нь гараад ирдэг юм. Миний хувьд хажууд нь дагаж үзсэн хамгийн том нь Ламын гэгээний наадам.
Хурдан морины уралдааныг сайхан зохион байгуулдаг газар байна лээ. Баянхонгор аймгийн төвөөс гарч Дуурсахын хөндийгөөр уралдаж, хөдөө хээр очиж барьсан, тэр том наадамд Цоглог маань гуравласан. Улсад айрагддаг жил Цэндбаатарын Тугал ухаа гэж мундаг бяртай адуу ид гарч ирээд түүнийг түрүүлчих болов уу гэж олон хүн таамаглаж  байсан ч жаахан дутсан юм. Манай Цоглог, Тугал ухаагийн буруу талд орчихоод, үзүүр дээрээ ирээд хадуурахад дагаж хоёр удаа шахуулаад, өмнөхнүүр нь орсон юм. Хэрэв тэгж хадуурсан адуунд шахагдаагүй бол түрүүлэхээ байг гэхэд аман хүзүүдэхээр байсан санагддаг юм.
-Уяачид гэдэг аливаа зүйлийг бэлгэ дэмбэрлийн талаас нь харж, үг хэл, үйл хөдлөлөөрөө зөв хандлага руу нь чиглүүлж, түүнээсээ баяр баясал, эрч хүч авдаг. Таны хувьд том наадмын анхны айргаа Ламын гэгээний мэндэлсний 370 жилийн ойн уралдаанаас авснаа бэлгэшээдэг үү?
Тэгэлгүй яах вэ. Уяачид бүгд бэлгэшээж, хамгийн хурдан шилмэл хүлгүүдээ авч ирж, уралдуулсан байх. Би ч үнэндээ тэр наадамд тийм дээгүүр давхина гэж төсөөлөө ч үгүй. “Сайхан уралдуулчихаад ирье” гэсэн бодолтой очсон. Гэтэл айрагдаад ирэхэд нь сэтгэл өөрийн эрхгүй огшсон. Тийм сайхан бэлгэ дэмбэрэлтэй наадмын дэвжээн дээр цоллуулаад зогсож байна гэдэг уяач хүний амьдралд олон тохиохгүй, ховор сайхан хувь тавилан шүү.
-Баяраа хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?
Манай гэргий намайг дагаад бас моринд орчихсон хүн шүү дээ. Анх 2009 онд улсын баяр наадамд зургаалахад нь гэртээ үлдээд, зурагтаар харж байсан юм. Түүнээс хойш байнга хамт явдаг болсон. Түрүүлж, айрагдахаар нь надаас дутахааргүй баярлаж хөөрнө.
Ер нь зээрд азарга маань манай гэр бүлийн нэгэн гишүүн шиг л болчихсон доо. Наадам болгонд л дагаж явдаг байлаа.
-Уяачид “Наадам болгон сайхан. Гэвч төрийн наадам гэдэг өөр юм аа” гэлцдэг. Төрийн наадамд адуун сүргийн манлай азарга түрүүлэх гэж байгаад айрагдчихлаа. Тэр үед бас л хамрын самсаа шархирч байсан биз?
Тэгэлгүй яах вэ. Манай галынхны хувьд 2010 он оргил жил байсан юм. Тэр жил бид Хүйн долоон худагт ирээд, жил бүр гэрээ барьдаг дошин дээрээ эгнээд бууцгаачихсан байлаа. Гэтэл нэг галын уяанаас хоёр азарга дараалаад ороод ирнэ гэдэг ч хосгүй сайхан амжилт байлгүй яах вэ. Манай галын Тод манлай уяач Хэнгэрэгийн Цогтсайханы Сүмбэн зээрд азарга түрүүлсэн жил шүү дээ.
-Аав тань их баярласан байх даа?
Аав маань тэр наадмыг үзээгүй эрт бурхны оронд морилсон хүн дээ.  Дээрээс харж их баярласан байх аа гэдэгт итгэлтэй байдаг юм. Төрсөн ах нар маань бүгд байсан. Би ч нэгэн хэсэг юу болоод байгааг ч мэдэхгүй, шоконд орчихсон байлаа. 
-Дараа нь “Их хурд”-д наймд давхисан байх аа?
“Их хурд”-д жаахан тамир муутай мордсон юм. “Сайхан эсэн мэнд давхиад л ирээсэй дээ” гэж бодож байтал дахиад л баярлуулсан даа. Газар газрын шилмэл хүлгүүд эрх авч уралддаг наадамд арав дотор ороод ирнэ гэдэг бас л том амжилт шүү дээ.
-Адуу мэддэг хүмүүс зээрд азарганы тань талаар юу гэж ярьдаг байв?
Манай зээрд азарга Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Далантай гэдэг хүний унаган адуу юм билээ. Тэр хүн нэгэн үе аймгийн баяр наадамд зургаан насны адуу айрагдуулж байсан гэдэг.
Улсын наадамд айрагдсан жил нь би сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө зээрдийнхээ удам угшлыг хэлсэн юм. Гэтэл Далантай гуай тэр ярилцлагыг зурагтаар харчихаад “Би олон хүнд адуу мал зарж, бэлэглэж байсан. Нэг нь ч ингэж миний нэрийг дурдаж байгаагүй юм. Энэ хүүтэй л нэг уулзах юмсан” гэсэн гэдэг. Тэгээд хойтон жил нь өвгөнийг Улаанбаатарт хүүхдийндээ хөгшинтэйгөө ирээд байхад нь би очиж хүндэтгэл үзүүлж золгосон.
Тэгэхэд Далантай гуай “Манай адуу ерөнхийдөө бол бие жижиг, нимгэн, сул зөөлөн арьстай. Тэр л адуунуудын маань л нэг нь сайхан давхиж байна даа. Муу ах нь их баярлаж байна” гэж байсан. Зээрд маань биеэр том биш хэрнээ давхиж байхыг нь зурагтаар харахад  их л том биетэй харагддаг юм.
-Давхиж байхдаа гүйцэд тэнийдэг юм болов уу даа?
Тийм. Давхилын үед дөрвөн хөл нь гүйцэд тавилттай гэсэн үг л дээ. 
-Намайг Өвөрхангайд 2009, 2010 онд явж байхад Цоглог зээрдийн төл ирээд, наймаа буцаад аваад явчихлаа гэсэн яриа сонсогдож байсан. Энэ хэр үнэний ортой яриа вэ?
Манай гэргий Өвөрхангай аймгийн Өлзийт сумын хүн байгаа юм. Эгчийнх нь хүүхэд моринд их дуртай болохоор нь би Цоглогийн анхны төл болох зэгэл хонгор азаргаа өгсөн юм. Одоо ч тэндээ бий. Түүний төл нь уралдаж л байна. Харин өөрийг нь уяж сойсон боловч нэг их гавиагүй юм. Хурдан адууны төл болгон давхидаггүй гэдэг ч бас ортой л юм шиг байна лээ. Эх тал нь ч бас нөлөөлнө шүү дээ. Түүнээс биш адууны арилжаа хийгээд байсан юм байхгүй ээ.
-Цоглогийн төлүүдээс одоо танд бий юу?
-Хамгийн сүүлийн төл нь энэ жил долоотой азарга болж байна. 2017 оны цагаан сарын баяраас сарын дараа “Сэргэлэн хурд” гэж уралдаан болж, 80-аад үрээ уралдахад үзүүр дээрээ хоёр ч удаа хадуураад наймаар орчихлоо. Зун нь Багахангай дүүргийн наадамд айрагдаж, Монгол Улсын Алдарт уяач Н.Зоригтын цолны мялаалга наадамд аман хүзүүдсэн. Дараа нь зүүн бүсийн наадамд 230 соёолон уралдаж 22-т давхисан амжилтыг үзүүлээд байна. 2017 оны Монгол Улсын  Оны шилдэг залуу уяач Т.Цэрэнбямба дүү маань Баян сумандаа тэжээгээд уяж байгаа. Ер нь удам дагаад ч юм уу, зөв давхилтай юм уу даа гээд ах нь горьдож л сууна.
-Төл сайтай азарга гэж сонссон.
Төл сайтай. Анхных нь төлүүдээс Манлай уяач Д.Оюунбилэг агсанд нэг байсан, одоо дүү Д.Оюунбат нь аймгийн баяр наадамд уяж сойж байна. Бас л гайгүй давхиад байгаа. Нэг бэлэвсэн зээрд үрээ бас гайгүй давхиж байна. Төв аймгийн Баян сумын Засаг дарга Энхбаатарт бас төл нь бий. Ш.Лхамсүрэн дүүд маань хул морь байна, багадаа бага, бэсрэг наадамуудад хэд хэд орсон шүү. 
Би анхных нь төлийг төрсөн ахдаа бэлэглэсэн юм. Давхимаар л шинжтэй ч уяа нь дутаад байх шиг байна.
-Хүмүүс таныг Цоглог зээрдээр сайн мэддэг. Таны нэрийг цуурайтуулсан өөр хурдан сайхан хүлгүүд олон л байдаг биз дээ?
За, тийм олон байхгүй дээ. 2010 онд азарга маань улсад  айрагддаг жил хоёр хээр үрээ Баян сумандаа айрагдсан юм. Нэг нь манай унаган адуу, нөгөөг нь манай найз бэлэглэсэн юм. Тэр хоёр л сумын баяр наадамд айрагдаж байсан. Тэр жил ч би одтой сайхан наадаж байжээ гэж боддог.
-2004 онд хаврын уралдаанд цавьдар үрээ аман хүзүүдсэн. Тэр ахын тань адууны удмын үрээ байсан гэлүү. Л.Бадамсүрэн ахын тань цавьдар адууны удмаас одоо  бий юу?
Тийм. Би даанч тэр үрээг нь алдчихсан. Тэр үрээ надад анхны айргийг маань авчирч байлаа. Яг угшлаас нь гэвэл одоо хоёр гүү төлөө өгсөөр л байна даа.
-Та 2012 оноос хойш хэр наадаж байна?
Өвөрхангайн Өлзийт суманд хэд хэдэн битүү үрээ оролдоод л байна. Амралтаараа л тийшээ явдаг юм. Хорхойгоо дарах журмаар өөрийн төрөлх сумандаа болон Хужирт, Өлзийтөд уралдуулаад л явж байна даа.
-Та бас сумынхаа МСУХ-нд сонгуульт албатай  байх аа?
Тийм ээ, Төв аймгийн Баян сумын МСУХ-ны тэргүүлэгч гишүүн, нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байна.
-Нутгийн зөвлөлийн даргын хувьд Баян сумынхаа талаар ярих зүйл ч бас багагүй л байгаа болов уу?
Манай сум дээхнэ үеэсээ л мундаг уяачдаараа алдартай. Миний мэдэж байгаагаар Санжаабүрэг, Шийтэр, «хөндлөн» хэмээх Дугарсүрэн, Л.Бадамсүрэн, Т.Вангүн, Гэцэл, Доржваа, Пүрэв, Батнасан, Чагнаа, Шаравдорж, Гомбожав, Гомбо-Очир гэх мэт мундаг уяачид байлаа.
Цагаан эрүү Гомбо-Очир гэж сайхан уяачийн үр  хүүхдүүд нь аавынхаа уяаны эрдмийг залгамжлаад морьдоо уяж л байна. Гомбо-Очир ахын хүү Г.Ганхуяг, Н.Тулга хоёр аймгийн Алдарт уяач цолтой. Мөн аймгийн Алдарт уяач Довдонбалжирын буурал, саарал, хонгор гэж сайхан хүлгүүд байна.  Соёолон нь улсын баяр наадамд аман хүзүүдэж байлаа.
Манай сумын отгон Манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх, Манлай уяач Хэнгэрэгийн Цогтсайхан, ММСУХ-ны Ерөнхийлөгч, Манлай уяач М.Энхболд, анхны Манлай уяач Дондогийн Оюунбилэг, Энхболдын Анар маань  энэ жил Монгол улсын Алдарт уяач боллоо. Энэ бүх уяачид маань  Баян сумынхаа уул усыг баярлуулж, сумаараа дуудуулж морьдоо цоллуулсаар байна.
Манай сум ийм л сайхан хурдан хурц шандаст сайхан хүлэг морьдтой, мундаг уяачидтай, морин спортын арвин баялаг түүхтэй нутаг даа.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна