Уяач Ж.Шаравсанги: ЗАЛАН ГЭДЭГ НЬ МАНАЙ ДЭЭДЧҮҮЛИЙН АДУУ

А.Тэлмэн
2018 оны 6-р сарын 04 -нд

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, Пионер толгой тавдугаар багийн харьяат, уяач Жавзандолгорын Шаравсангитай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1960 оны зун Уртын буюу хуучин сумын төвд төрсөн бөгөөд Сангийн яамны хүндэт жуух бичиг, ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар шагнуулснаас гадна Санхүү, банкны Тэргүүний ажилтан аж.

-Уулзсан хүмүүсийн маань ихэнх нь удам дамжсан уяачид байна. Таны хувьд?
-За бас л удам дамжсан уяачдын нэг. Миний өвөг эцэг буюу ээжийн аав Самбуу Залан гэдэг хүн Шар усны голоор нутагладаг, нэлээд баян хөрөнгөжүү жороо голдуу адуутай хүн байж. Тэгээд Хөвсгөл аймгаас ирж нутагшсан Даваадоо гэдэг хүнтэй танилцан азарга адууны солио хийж, адуугаа сайжруулсан гэдэг юм. Өөрөөр хэлбэл тэр хүнд жороо голдуу нэг азарга адуу өгөөд, хурдан голдуу нэг азарга адуу авахгүй юу. Тэр цагаас хойш манайхны адуу сайжирч, нутаг орондоо хурдан хурцаараа гайхагдан Залангийн адуу гэх бэсрэг угшил бий болсон хэмээн Ваша гуайн номонд бичсэн байдаг. Мөн тэр номонд өгүүлснээр бол өвөөгийн авдаг азарга адуу Тэсийн голын адуу байсан гэнэ лээ. Манай тэр өвөг эцэг сайн адуунд гар татдаггүй хүн байж. 10 тугалтай үнээ, 10 шар, 40 гаруй хонь өөр юу юу ч билээ дээ өгч байгаад Хүрээмаралаас нэг хүрэн морь авсан нь Даваадоо гэдэг хүний морины ард ирсэн юм билээ. Тэгээд л наймаа хийж азарга адуу авсан гэдэг юм. Самбуу Залангийн адууг төрсөн эгчийнх нь хүү Сандаг гэгч хариулдаг байсан бөгөөд гүү тавьж төл авсаар бас их хурдтай болсон байдаг. Тэр Сандаг гэдэг хүн Заг сумын наадамд очоод зургаан насны түрүүг нь авчихдаг байсан юм билээ. Сандагийн удмыг залгаад Дамий гэдэг уяачийн хоёр хээр мориор их сайхан наадаж байсан. Дамий гэдэг хүний хүүгийнх нь хүүхэд Доржням сүүлийн жилүүдэд сайхан наадаж байна. Дээр ярьсан Самбуу залангийн хүүг Чадраа гэдэг. Чадраа гэдэг хүн насаараа морь уяж сайн ч давхиулсан. За манайхны тухайд товчхондоо ийм. Миний хувьд 1991 оноос морь уяж, 2010 онд сумынхаа МСУХ-ны ажлыг аваад гурван жил тэргүүнээр ажилласан. 
-Анхны айраг түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртэж байсан бэ?
-1991 онд сартай хар морь Заг сумын наадамд айрагдуулж амжилтын гараагаа эхэлж байлаа. Түүний дараа 1994 онд манай сумын 70 жилийн ой болоход миний хүрэн азарга дөрөв дээр ирсэн. Мөн 1999 онд Ламын Гэгээний 360 жилийн ойд аман хүзүүдсэн Галсан даргын хээр морийг би дараа нь авч Загийн наадамд түрүүлгэж байлаа. Даншиг наадамд аман хүзүүдсэн тэр хээр морь 20 хүрч таалал болоод би уяачдын холбооны даргаар ажиллаж  байхдаа “Аварга хээр” хэмээн холбоогоо нэрийдэж байлаа.
-Аварга хээрийнхаа  талаар жаахан дэлгэрүүлээч?
-1990 оны хувьчлалаас өмнө адуун тасаг гэж байгуулж байсан. Тэрний адуу. Тэр адууг маллаж байсан дөрөвдүгээр багийн харьяат Дамдингийн Чулуунбатын тамгатай ч товчхондоо нэгдэл гаралтай адуу. Сүүлд эхийг нь хөгшин болсон хойно нь Галсан дарга Байдраг руу авч явсан. Дүү нар нь Ноост хүрэн, нөгөө нь юу билээ нэг хээр морь байсан. Тэд нар нь өөр шиг нь сайн хурдлаагүй ээ.
-Аварга хээрийг анх хэн уяж байсан юм бэ?
-Банзрагчийн Чинбат гэдэг залуу даага хувьчлалаар авсан юм билээ. Тэр хүнээс тоо бүртгэгч Цэрэндамбын Ойдовсамбуу агсан аваад дааганд нь тав, зургаа айрагдуулаад шүдлэнд нь Галсан даргад зарж. Тухайн үедээ нэг тэмээ, хоёр нүдний дурангаар зарагдсан гэдэг байх шүү. Би бас сайн мэдэхгүй байна. Миний хувийн амжилт гэвэл баг сумын наадмуудад морьдоо гайгүй давхиулчихна. Адууг нэлээд хайрлана. Сумынхаа гайгүй гэсэн болгоноос авсан, тав зургаан азарга адуутай.
-Танай сумыг хурдтай байсан гэлцэх юм билээ?
-Манай суманд сайн азарганууд нэлээд байсан шүү. 70 жилээр түрүүлсэн Ганаагийн хул, Пүрэвийн хүрэн, миний төрсөн ах Магсарын хээр, нэгдүгээр бригадын Бэгзсүрэнгийн хээр, аймгийн Алдарт уяач Гантулгын хүрэн гээд яривал бий бий. 
-Эдгээр хурдан азаргануудын аль алиных нь төл танд байна вэ?
-Ганаагийн хул,  Пүрэвийн хүрэнгийн удмаас бий.
-Та түрүү 1950 оноос хойшхи азарга, их морины цувааг гаргасан гэх шиг болсон. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Дээхнэ үедээ Самбуугийн Чадраагийн цэнхэр, Дамийгийн хоёр хээр, ханх Дарамбазарын хүрэн, Доржийн Годон зэрэг морьд их хурдан байж. За тэгээд Ламын Гэгээний наадамд айрагдаж байсан талийгч Эрдэнэдалайгийн хүрэн, удам залгасан хүү Гүрбазарын хүрэн, Магваагийн бор, аймгийн Алдарт уяач Тина аваргын шарга гээд нэрлэж болно. Тэр шар морь бол олон түрүүлсэн адуу. Сүүлийн үед хоёрдугаар бригадын уяач Магсарын  Мөнхбатын хув хээр морь сайн давхиж байна. Манай сумын адуу сайн байдгийн нэг шалтгаан нь Завханы отрын малтай их сэлбэгдсэнтэй холбоотой. Ер нь адууны цусыг аль болох сэлбэж байх хэрэгтэй юм билээ. 
-Энэ нутгийн мундаг уяачдыг нэрлээч?
-Зээвээ гэж хүн байна. Тэр хүний Архангайгаас авсан хурдан Доонин хэмээх морь бий. Их хурдан адуу. Түүнтэй хамт хээр, халтар морьд нь их сайн давхиж байлаа. Сүүлд нь тэдний унаган Жамбалсүрэнгийн хүрэн гэж хурдан морь гарсан. Бас нэг цагаан морь гарсан. Зээвээ бол их хурдтай сайн уяач. Тэдний зээ хүү Ганзориг хурдан хүрэн морьтой байгаад хот руу Миеэгомбо гэдэг хүнд зарсан нь сайн давхиж байгаа гэнэ лээ. За мөн манай аймгийн анхны Хөдөлмөрийн баатар Санжийн Бат-Очир гэж хүн их хурдтай, сайн ч уяач. 60-аад онуудад тэр хүний хоёр хээр морь ээлжлээд олон түрүүлсээн. Бат-Очир гуай морь сайн таньдаг. Агтны адуу авдаг байсан юм гэнэ лээ. Хүрээмаралаас нэг туранхай үрээ авчрахад нь хүмүүс “энэ давхих уу” гэж байтал хурдан хүрэн морь болсон гэдэг. Одоо хүү Дашдондов нь залгаж уяж байгаа байх. Сайн адуучин. Төв аймагт л нутагладаг сурагтай байдаг юм. Даамийгийн хоёр хээртэй Гүрбазарын хүрэн, Бат-Очирын бор  зэрэг морьд сайн уралддаг байсан. 
-Холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа хийж хэрэгжүүлсэн ажлаасаа цухас дурдаач?
-За ямар ч байсан холбоогоо нэр, ус, туг далбаатай болгосон. Өмнө нь амжилттай наадаад таалал төгссөн хүмүүст аймгийн Алдарт уяач цолыг нэхэн олгосон. Мөн сумын Алдарт уяачийн энгэрийн тэмдгийг бий болгосон. За бас өөрийнхөө зохиосон “Уяачийн жаргал” дууныхаа нэрэмжит шагналыг өгч хэвшсэн. Энэ мэтчилэн өөрийнхөө хэмжээнд багагүй ажил хийсээн.
-Найрагч байх нь ээ?
-Морины тухай дууны үг бичнээ. Манай аймгийн МСУХ-ны сүлд дүү “Хонгорын хурд”-ын үгийг би бичсэн. Мөн Сүрэнхор агсны хээр азарга, Нийгмийн хонгор, Мянгадын Чонон саарал зэрэг хурдан хүлгүүдийн тухай дууны үг бичсэн. Миний шүлгэнд хөгжмийн зохиолч СТА Норовын Баасандорж ая хийгээд, төрсөн дүү Буяндэлгэр нь дуулсан. 
-Уран сандаа олон бүтээлтэй юу?
-20 дөхчихсөн байхаа. Нондин нэг цомог гаргасан. 
-Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Уясан хүлэг морьд нь хурдан байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Цас зуд харгалзалгүй манай нутагт хүрэлцэн ирж уяачидтай уулзаж байгаа “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
-Баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна