СУМЫН АЛДАРТ УЯАЧ Ж.НАНЖИД: ДӨРВӨН МОРЬ УРАЛДУУЛААД, ХОЁР ТҮРҮҮ, ХОЁР АЙРАГ АВЧ БАЙЛАА

А.Тэлмэн
2018 оны 6-р сарын 04 -нд

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул, Хүйсийн говь дөрөвдүгээр багийн харьяат, сумын Алдарт уяач Жамсранжавын Нанжид гуайг уншигчидтайгаа уулзуулж байна. 1942 оны өвөл нэгдүгээр багийн нутаг Баян худаг хэмээх газар айлын долоо дахь хүүхэд болон мэндэлсэн энэ ахмад уяач V, VI таван жилийн гавшгайч, сумын Аварга малчин, аймгийн хоёр удаагийн Сайн малчин аж. Мөн АХ-ын 70, 80, 90 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байжээ.

-2006 онд Говь-Алтай аймагт болсон бүсийн наадамд та хээр соёолонгоо зургаагаар давхиулсан юм байна. Тэр хээр соёолонгийн талаарх яриагаар ярилцлагаа эхлэх үү?
-Манай өөрийн унаган адуу, сумандаа нэлээн хэдэн удаа айрагдсан. Төгрөг суманд бас дээгүүр давхиж байсан.
-Та хэдийг машинд 20 морь ачиж Төгрөгийн ойд очиж уралдаад, баруун бүсийн наадам руу очсон гэж сонссон. Үнэн үү?
-Тийм. Төгрөгийн наадамд түрүүлж, нөгөө нь нэлээн доогуур ирсэн. Түрүүлсэн үрээ маань дааганаасаа сумандаа айраг алдаагүй юм. Даагандаа сумандаа түрүүлээд, Баян-Уулд очиж дөрвөөр давхиад, сумдаар дамжиж яваад Ховдын Чандманьд очоод гуравлаж байлаа. Бүдүүрсэн хойноо бага сага наадамд дээгүүр давхисан. Мөн миний сайн давхидаг хоёр хүрэн үрээ байлаа. Шүдлэндээ нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүдсэн. Хойтон жил нь соёолондоо мөн адил нэг, хоёроор ирсэн. Би нэг жилийн наадамд дөрвөн морь уралдуулж, хоёр түрүү, хоёр айраг авч байлаа. 
-Хээр соёолон Төгрөгт уралдахаасаа өмнө сумандаа уралдсан уу?
-Уралдсан. Түрүүлчихээд, Төгрөг рүү явсан. Төгрөгт түрүүлээд, аймагт зургаагаар давхисан.
-Магадгүй, нэг л уралдсан байсан бол айрагдах л байж дээ?
-Айрагдах л байсан. 
-Уг нь танай эндхийн Ганзориг гэж хүн та хэдийг аймагт очиж уралд гэсэн юм биш үү?
-Тэгж ярьж л байдаг юм. Тэгээд бололцоотой бол явна, бололцоогүй бол хүний үгээр явж чадахгүй шүү дээ. Ой далимдуулаад, жаахан гайгүй давхидаг адуугаа аваад л явж байгаа юм.
-2006 оны наадмаар хэр наадсан бэ?
-Сайхан наадам болсон. Тэр үед манайхан аймгийн нисэхийн хойд талаар тавьдаг байсан юм. Хойтон жил нь Ховдын Чандманьд очиж гурваар давхисан. Нийлсэнээсээ хойш арван хэдээс буугаагүй.
-Хоёр хээр үрээ байсан гэсэн. Нөгөө нь  хэр давхиж байсан бэ?
-Тав, зургаа хавиар л ирдэг байсан. Бүдүүрсэн хойноо Ховдын Чандманийн наадмаар Баян-Уулын хар морь түрүүлээд, манай тэр хээр аман хүзүүдсэн юм. Хамгийн сайн давхисан нь тэр. Намар нь энд таваар давхиад, түүнээс хойш айрагдаагүй. 
-Бага насандаа айрагдаж байв уу?
-Сумын наадамд соёолон болтлоо айргаас буугаагүй. Сүүлдээ булгиад болж өгөхгүй, хүүхэд унуулж байгаад тавьсан. Одоо эдэлгээгүй морь байна.
-Та хэдий үеэс хурдан морьтой холбогдсон бэ?
-Манай өвөг дээдэс морь уяж байсан гэсэн. Би ч бага байлаа. Манайх цөөн хүүхэдтэй. Аавын минь хоёр хээр морь байлаа. Соёолон болтлоо айраг, түрүүгээс буугаагүй. Манай урд говьд Гэндэнсүрэн гэж мундаг адуутай хүн байлаа. Жал гэж мундаг хүн байлаа. Жалын Нусхай гэж Баян-Уул, Хөхморьтод сайн давхидаг, алдартай хүлэг байсан. Манайхны хөгшчүүлийн морьд гэвэл нэг иймэрхүү. Би ч тэр үед морь унадаг байлаа. Сүүлийн үед хөгшчүүл мултраад байхаар хэрэгт дурлаад л морь уядаг болсон. Айрагдахыг нь айрагдуулж, түрүүлэхийг нь түрүүлгэсээр өдий хүрлээ. Хүүхдүүдээ залгамжлаад уяцгаа гэдэг юм. Морь уядаг ганц хүү Төв аймгийн Цээл суманд ажиллаж, амьдарч байна. 
-Та хамгийн анх ямар морь уясан бэ?
-Анх бор морь уяж байлаа. Даагандаа түрүүлээд, түүнээс хойш арван хэдээр давхисаар байгаад зөнөлөө. Дараа нь, дээр ярьсан хоёр хээр, тэгээд хоёр хүрнээ уясан.
-Зүс ижилсүүлээд л уяад байдаг байжээ?
-Нас чацуу болохоор нь ижилсүүлээд уячихдаг байсан юм. 
-Дандаа нутгийн унаган адуугаар нааддаг уу?
-Тийм.
-Азаргаа хаанаас сольдог байсан бэ?
-Хоёр хүрэн морины маань эцэг Завханы Яруугийн азарга байсан юм. Эндхийн Василав гэдэг хүн авч ирсэнийг нь би авч байлаа. Хээр морины эцэг нь мөн Завханы Дөрвөлжин сумын адуу байсан. 
-Хэдэн онд сумын Алдарт уяач болсон билээ?
-2002 онд. 
-Нэгдэл нийгмийн үед ямар мал маллаж байв?
-Тэмээ, хонь маллаж байлаа. 11 жил нэг настай мал малласан. Хөгшин бид хоёр хүүхдүүдээ сургуульд явуулчихаад, хоёулхнаа малтайгаа хөөцөлдсөөр байгаад л аймгийн Аварга малчин болж байлаа.
-Хоёр ч удаа аймгийн Аварга малчин болсон юм билэ,э тийм ээ?
-Тийм. 
-Нэг настай бага мал маллах бэрх үү?
-Төлтэй малыг бодоход бас ч гайгүй. Гэвч настай олон мал маллах тун эвгүй. Хоолонд нь сайн ижилсүүлэх хэрэгтэй. 
-Нэг настай малыг намар л эхээс нь салгаж авна биз дээ?
-Тэгнэ. Есдүгээр сарын 1-нд эхээс нь салгаад авдаг юм. Ус уудаггүй сүрхий мал байдаг шүү.  Нэг хэсэг барьж усладаг байлаа. Хоёр, гурав барьж услуулаад л усанд орчихдог юм. Эхийнхээ хөхнөөс гэнэт холдчихсон, нэг ёсондоо нялх хүүхэд л гэсэн үг шүү дээ, хөөрхий.
-Тийм амьтдыг өвөл онд оруулна гэдэг бас амаргүй даваа биз?
-Хэвтэр нь дулаахан, өдөр нь нөмөртэйхэн шиг газар хариулчихвал бас аргатай. Чадахгүйн зовлон байдаггүй. Бага мал жаахан идээд цадчихдаг, нэг талаараа бас амар л даа.
-Хавар болохоор яадаг юм?
-Мах бэлтгэлд өгчихнө.
-Дөнгөж төлөг болж байхад нь уу?
-Тийм. Охиныг нь амьтан хүнд тарааж өгөөд төллүүлнэ.
-V, VI таван жилийн гавшгайч болон Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байсан гэж сонссон?
-Тийм. 
-2006 оноос өмнө аймгийн наадам руу очиж байв уу?
-Үгүй. 
-Түүнээс хойш аймгийн наадамд хэдэн удаа хүлэг сойв?
-Шилмэл морьдын уралдаан гэж манай аймагт болсон. Би бор морио аваачиж уралдуулахад 22-оор ирсэн. Мөн дан айргийн таваас дээш давхиж байсан морьдыг бөөгнүүлж, уралдаан зохион байгуулсан юм. Тэр наадамд бас очиж байлаа.
-Сүүлийн үед зүүн зүгийн адуу л дээгүүр давхиж байна. Та түрүүн Завханаас азарга авч байсан тухайгаа ярьсан. Ер нь зүүн зүгээс цус сэлбэж байв уу?
-Аймгийн төвд байгаа уяачид нэлээд цус сэлбэж байх шиг байна. Хөдөөнийхөнд тэгж их цус сэлбэж байгаа юм алга. Манай суманд энэ жил зүгээс ирсэн хоёр азарга байна. Нэгийг нь аймгийн наадамд аваачиж уралдуулаад, хөлийг нь аваад хаячихсан. Уг нь Даривын 90 жилийн ойн уралдаанд хоёулаа ташраараа ирсэн юм. 
-Хүүхдүүд тань морь уяж байна уу?
-Манай нэг хүүгийн банди уяж байгаа. 10 жилийн сургуулийн сурагч л даа. Одоохондоо арваас дээгүүр давхиагүй л байна.
-Бага хүүхэд туршлага дутаж байгаа байх л даа?
-Тэгж байгаа, аргагүй. Морь уяхдаа Төв аймгийн Цээлд байгаа ахаасаа л утсаар зөвлөгөө авч байгаа бололтой байдаг юм. 
-Та өөрөө одоо морь уяхгүй байна уу?
-Хөл гишгэж чадахгүй, өрөөсөн нүд үзэхгүй, уяхаа больсоон.
-“Хүйсийн говь” багийнхныхаа тухай яриач?
-Манай бригадын Ширнэн гэдэг хүн байлаа. Түүний халтар, хүрэн хоёр морь байлаа. Мундаг хурдан. Тойрсон сумдад түрүүлээд л байсан. 
-Залуу байхад тань уяаны эрдмийн талаар асууж зөвлөж байсан,  уяаны эрдмийн багш гэж үнэлдэг хүн бий юу?
-Саяны энд байж байгаад гардаг нөхрөөс чинь л асуудаг байлаа. Түүнд нэг сайн хээр морь, бас нэг хонгор морь байсан юм. Энэ сумандаа нэгдлийн нярваар ажиллаж байсан хүн байгаа юм. Морь ч сайн уяна. Бид хоёр нас чацуу. 
-Ярилцлагаа таны хамгийн бахтай сайхан наадсан наадмын талаар дурсамжаар өндөрлөе?
-Хоёр үрээ маань сумын баяр наадмаар ташраараа ирэхэд л асар их баярлаж байсан. Бас 2006 онд билүү дээ, нэг морь түрүүлж, хоёр нь айрагдахад асар их баярлаж байлаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Баярлалаа, Ерөөл бат оршиг.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна