ММСУХ-ны дэд тэргүүн, аймгийн Алдарт уяач Ц.ТУВААН: МОНГОЛ МОРИНЫ УРАЛДААН, МОРЬ УЯХ ӨВ СОЁЛЫГ БИД ЯМАР Ч ЦАГ ҮЕД МӨХӨӨЖ БОЛОХГҮЙ

А.Тэлмэн
2018 оны 6-р сарын 04 -нд

Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн Алдарт уяач Цэвэгдоржийн Тувааны ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Бидний урилгыг хүлээн авч, сум орон нутгийнхнаа зохион байгуулан оролцож буй танд баярлалаа. Ярилцлагаа удам судар, өвөг дээдсийн тань түүхээр эхэлье.
Манай аавыг Цэвэгдорж гэдэг.Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул. Дээхнэ үед одоогийн Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдыг Нялга хэмээн нэрийддэг байсан шүү дээ. Аав минь өөрийгөө Нялгын хүн гэж ярих дуртай. Нутгийн зон олон нь ч “хурандаа Цэвэгдорж” хэмээн хүндэлдэг юм. Нутгийн зөвлөлд олон жил ажиллаж, нутаг орны гэсэн зүйлд сэтгэл гарган оролцдог болохоор мэдэхгүй хүнгүй л дээ. Харин ээж маань Төв аймгийн Мөнгөнморьт сумын уугуул Доржханд гэж хүн бий. Баян, Баянжаргалан, Мөнгөнморьт бол Төв аймгийн зүүн энгэрийн зургаан суманд тооцогддог.Өөрөөр хэлбэл аав, ээж минь Төв аймгийн зүүн энгэрийн улс. 
-Таныг Эрдэнэ сумынх гэж боддог байлаа...
Эрдэнэ сум бол манай эмээ, өвөөгийн амьдардаг нутаг. Миний бага нас энд өнгөрсөн. Энэ нутагт адуу малтай ноцолдож, хүүхэд насаа өнгөрөөсөн юм. Бас энд анх морь унаж сурч байлаа. Мөн өвөөгөө даган морь уях эхний алхмаа хийж байлаа. Энэ утгаараа Эрдэнэ сум миний хувьд төрснөөс дутуугүй эрхэм нутаг. Ний нуугүй хэлэхэд Мөнгөнморьт, Баянжаргалангийнхнаа бүгдийг нь сайн танихгүй хэрнээ Эрдэнэ сумынхнаа бол ихэнхийг нь танина. Ялангуяа хөгшчүүлийг нь бол толгой дараалан мэднэ шүү. 
-Аль нь чиг ялгаагүй хурдтай нутаг. Танай дээдчүүл морь уяж байв уу?
Манай өвөг дээдэс морь уядаг байсаан. Уялгүй яах вэ. Миний элэнц эцэг болох Мөнгөний Дорж гэдэг хүн Доржсүрэн, Гомбо гэж хоёр хүүтэй байж. Гомбо гэдэг нь миний өвөг эцэг. Харамсалтай нь аавыг багад бурхан болчихсон юм билээ. Харин ах нь буюу Мөнгөний Доржсүрэн гэдэг хүн морь их уядаг. Сайн ч адуутай хүн байж. Баянцагаан чиг руу гарсан Толбот бор гэдэг адууны дээд угшлыг хөөж үзвэл манай өвөг дээдсийнх болдог гэж ярьдаг юм. Ээжийн талд ч гэсэн уяачид байсан. Манай эмээ Их, Дунд, Хар гээд олон ахтай. Тэднийх нь нэг нутагтаа сайн уяачид тооцогддог байсан гэдэг юм. Ээж минь дүү Болдынхоо хамт Төв аймгийн Эрдэнэ суманд айлд өргөгдсөн. Өргөж авсан аав нь морийг маш сайхан цэвэрхэн унаж эдэлдэг. Морины дэлийг хачин сайхан засдаг. Ер нь унасан морь нь өнгө зүсээ гээдэггүй хүн байсан. Тийм болоод ч тэр үү, бүтэн жилийн турш хоёр морь л унадаг байсан. Ээжийн дүү Болд ч ялгаагүй адуу малд эвтэй, намайг адуутай ойр байхад их нөлөөлсөн хүн. Эрдэнэ сумынхан хурдан алаг мориор нь андахгүй дээ.
-Хоёр талаасаа уяачийн удамтай хүн байх нь дээ?
Тийм ээ. Манай өвөг дээдэс, ах дүү нар бүгд морь уядаг, морио дээдэлдэг хүмүүс. Ийм хүмүүсийн үр сад болсон би генээ дагаад адуу гэдэг сайхан амьтантай салшгүй холбогдсон доо. 
-Хүүхэд насны дурсамж тод бөгөөд гэгээн байдаг. Тэр үеэ дурсаач?
Өвөөг маань Лхагвасүрэн, эмээг маань Сумъяа гэдэг. Эмээ одоо 90 шахсан сайхан буурай амьд сэрүүн байна. Өвөө, эмээ хоёр маань Нагалхаан уулынхаа өврөөр нутагладаг. Ээж, аав хоёр маань ажил алба гээд завгүй тул бид өвөө, эмээдээ туслан Нагалхаан уулынхаа өвөр бэлд тоглож өслөө дөө. Хожим сургууль соёлын мөр хөөн Улаанбаатарт ирснийхээ дараа ч гэсэн зуны амралт эхлэв үү, үгүй юу хөдөө яваад найман сарын 30 юм уу, 31-нд ирдэг хүүхдүүд байлаа. Тэрнээс эрт очиж авах гэвэл ирэхгүй. Ер нь зуны амралт ч гэхгүй өвөл, хаврын бүх л амралтын хугацаагаа хөдөө өнгөрөөдөг. Тэгээд бүр заримдаа “Хотод ханиад гарч хорио тогтоогоосой” гэж хүсч байх вэ. Зарим үед хорио тогтоосон гэвэл бөөн баяр болно. Тийм л хөдөө амьтай хүүхэд байлаа. /инээв/
-Хөдөө ч сайхан л даа...
Өглөө адуунд давхина. Өдөржин хонь хариулна. Завсар зайгаар нь эмнэг сургана. Морь мал уяхад туслана гээд хөдөөгийн ажил мундахгүй. Ёстой уйдахын завгүй өдөр өнгөрнө шүү дээ. Тийнхүү мал ахуйтай ойр байсан маань сүүлд ХАА-н дэд сайд гэдэг албыг хашихад ихээхэн дэм болсон. Тэр үед нутгийн хөгшдийн хэлж зааж байсан сургаал их хэрэг болдог юм билээ.
-Хэзээ ч билээ, таны хэлсэн “Сумын наадам хамгийн сайхан нь” гэсэн өгүүлбэр санаанд орж байх чинь.
Одоо ч ялгаагүй миний хувьд хамгийн сайхан наадам бол сумын наадам. Яагаад гэхээр бүх уяачдаа танина, уралдах морьдоо танина. Сунгаан дээрээс хэний ямар морьд сайн байгааг мэдчихнэ. Түүн дээрээ түшиглээд айрагдах морьдоо зураглачихна. Тэгээд морьд ирэхтэй зэрэгцээд өөрийгөө бас шалгачихна. Хүүхэд насны хамгийн тод дурсамжтай сумын наадам бол 1984 оных. Сумын 60 жилийн ой болж байсан шиг санаж байна. Тэр жил улсад очиж уралддаг нөгөө алдарт Гэсэрвааний хүрэн азарга сумандаа уралдаж хол түрүүлж байлаа. 
-Аль хүрэн нь вэ?
Гэсэрвааний өвгөн хүрний төл Дунд хүрэн гэж улсад нэг түрүүлж, тав айрагдсан азарга бий. Түүний төл Мөлүү хүрэн азарга сумын 60 жилийн ойгоор их хол түрүүлж байлаа. Улсад хоёр айрагдчихсан азаргаа сумандаа уралдуулж, нутгийн олноо баясуулна гэдэг бас л сайхан жудаг шүү. Мөн тэр үед Даваасүрэнгийн хонгор уралдаж байсан санагдана. Энэ азарганы үр төл маш их тарсан. Миний сонссоноор зөвхөн энэ удмын адуу улс, бүсийн уралдаанаас 20 гаруй айраг, түрүү хүртсэн гэнэ лээ. Эрдэнэ сумын аргагүй хурдан хүлгүүдийн нэг. Мөн тэр жил халзан Даш гэдэг хүний халзан морьд их хурдан байлаа. Сумын нэрт адуучин Хийл ахын маань бор азарга, цавьдар халзан азарга ид хурдалж байлаа. Ингээд яриад байвал олон доо.
-Би Эрдэнийг азарга сайтай юм уу гэж хардаг. Ингэхэд таны хувьд хэзээнээс бие даан морь уях болсон юм бэ?
Дунд сургуулиа төгсөөд Чехийн анагаах ухааны их сургуульд суралцахаар явсан. Эргэн ирээд амьдрал ахуйгаа босгох гээд нэг хэсэг адуу мал руу дөхөж чадаагүй ээ. Гэхдээ өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн өөрийн цөөвтөр адуу бол байсан. Ингээд 2004 оны үеэс өвөг дээдсийнхээ үлдээсэн хэдэн адууг өсгөе, үржүүлье, үйл хэргийг нь үргэлжлүүлж морь уяя хэмээн сэтгэл шулуудсан. Түүнээс хойшхи 13,14 жилийн хугацаанд газар газрын олон сайхан хурдан угшлын адууг цуглуулж, түүнийхээ үр шимийг хүртэн улс, бүсийн уралдаанаас хэд хэдэн айраг, түрүү авлаа. 
-Анхны айраг түрүүгээ удаан хүлээсэн үү?
Анхандаа сумын наадмаас айраг хүртэнэ гэдэг амаргүй санагдаж байлаа. Гэхдээ шантралгүй хөдөлмөрлөсөн. Хамгийн анх 2006 онд Дорнод аймгийн Матад сумаас хонгор азарга, хээр халзан даага авчраад шууд улсад уралдуулсан. Тэгсэн Долоон худагийн эхний сунгаанд азарга нь өнгөлж байна аа. Энэ чигээрээ яваад орчих юм шиг санаж байтал улсад соёолон азарга 63-аар давхисан. Хамт ирсэн хээр халзан даага нь их сунгаанд зургаалсан ч наадмаар мөн л хойхнуур давхисан. Үүнээс дүгнэлт хийгээд сайн адуутай болтлоо сумын наадамд уралдуулах нь зүйтэй юм байна. Сумын наадамд хол түрүүлж байгаа адуутай л улсад ирэхгүй бол айрагдахгүй юм байна гэдэг тооцоо хийгээд буцсан. Өөрөөр хэлбэл, адуугаа илүү сайжруулж, уяаны арга барилаа өөрчлөх ёстой юм байна гэдгийг ойлгосон л доо. 
-Морьдыг тань хэн уяж байсан юм бэ?
Тод манлай уяач Д.Мөнхбатаа, миний хуурай дүү Гэрэлт-Од, Эрдэнэ сумын Ганаа гээд хэд хэдэн хүн уяж байсан. Одоо бол аймгийн Алдарт уяач Золзаяа уяж байна. Миний хувьд хамгийн анхны том наадмын айргаа 2010 онд Багануур дүүргийн 35 жилийн ойгоос хүртсэн. 
-Ямар насны морь айрагдуулж байлаа.
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Гэрэлт-Од гэж залуугаас авсан бор морио 270 гаруй хүлгээс айрагдуулсан. 
-2014 онд төрийн наадмын анхны айргаа хүртсэн?
Тийм. 2014 оны улсын баяр наадамд хул шүдлэнгээ айргийн гуравт хурдлуулж төрийн наадмын анхны айргаа хүртэж байлаа. Энэ бол хэзээ ч мартагдашгүй сайхан агшин байсан. Төрийн наадмын анхны айргийг авчирсан хул үрээ маань Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын адуу. 20 жил нөхөрлөж байгаа Матад сумын Намдаа гэж найз маань хул үрээг санал болгосон юм.
-Батзориг Манлайн адуу гэдэг билүү?
Тэдний баз Жаргаа гэдэг хүний унаган адуу. Батзориг найз маань холбож авч өгсөн юм. Хул үрээ улсад гурваар давхичихаад давхар уяагаар Дундговьд болсон төвийн бүсийн уралдааны эрлийз дунд ангилалд уралдаж айрагдсан. Дараа жил нь хязааландаа Булган аймгийн бүсийн уралдаанд айрагдаад, ММСУХ-ны 20 жилийн ойн бүсийн уралдааны эрлийз дунд ангилалд дөрвөөр давхисан. 2016 онд соёолондоо Говь-Алтайн аймагт болсон бүсийн уралдаанд айрагдсан ч хасагдсан. 
-2017 оны хаврын бүсийн уралдаанд айрагдсан санагдах юм?
Эрлийз дээд ангилалд айргийн дөрөвт давхисан. Хул азарга маань одоогийн байдлаар улс, бүсийн уралдаанаас таван айраг авчихаад байна. Үүнээс гадна бас нэг халтар морь бий. Дорнод аймгийн Матад сумын харьяат, манай найз Монхооройгийн унаган адуу. Бас л миний найз Намдаа маань шинжиж авч өгсөн юм. Халтар морь соёолондоо Дундговьд болсон төвийн бүсийн уралдаанд таваар, дараа жил нь хавчиг морь Дорноговь аймагт болсон “Хутагтын хурд” хаврын бүсийн уралдаанд дөрвөөр давхисан.
-Улс, бүсийн уралдааны долоон айрагтай билүү?
Найман айрагтай. Хул азаргатай эцэг нэгтэй цагаан азарга маань 2016 онд Говь-Алтай аймагт болсон зуны бүсийн уралдаанд дөрвөөр давхиж, 2017 оны хаврын бүсэд нь зургаад орсон. 
-Аймаг, сум гээд орон нутгийн чанартай наадмуудаас бол олон айраг, түрүүтэй юу?
2014 онд Архуст сумын 55 жилийн ойгоор даага, шүдлэн түрүүлгэж, азарга болон хоёр бага нас айрагдуулсан. Тэнд шүдлэн, даага хоёр маань хол түрүүлэхээр нь улсын наадамд зориглон ирж, хул үрээгээ айрагдуулж байлаа. Түүний урд жил Баянжаргалан, Мөнгөнморьт сумдын 90 жилийн ой болоход нэг түрүү, нэг айраг авсан. Мөнгөнморьтод хонгор шүдлэн түрүүлж, их морь зургаагаар давхиад, Баянжаргаланд даага айрагдсан. Мөн тэр жилээ Эрдэнэ сумынхаа наадамд хоёр даагаа түрүү, аман хүзүүнд хурдлуулж байлаа. 2010 онд Багануур дүүргийн 35 жилийн ойгоор соёолон түрүүлгэж, их морь, даага айрагдуулсан. 
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?
2014 онд Төв аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн. 
-Эрдэнэ сумын “Гурван хүрэн” МСУХ-ны тэргүүнээр ажиллаж байсан. Хэдэн жил сумынхаа МСУХ-г удирдсан бэ?
2014 онд Эрдэнэ сумын уяачид “Гурван хүрэн” МСУХ-ны тэргүүнээр ажиллаач гэсэн хүсэлтийг тавьсан. Миний өсч торнисон нутаг учраас энэхүү саналыг дуртай хүлээж авч, гурван жил гаруй тэргүүнээр ажилласан. Эрдэнэ сумын морьд 1960, 70, 80-аад оны үед ид хурдалж, төрийн наадмын түрүү, айргийг хүртдэг байлаа. Энэ сайхан түүхийг сэргээж, нутгийн удамт хурдан хүлгүүдээ улс, бүсийн наадамд уралдуулдаг болъё, адууныхаа чанар чансааг сайжруулъя, уяачдаа дэмжиж тусалъя гэсэн зорилгоор энэ ажлыг авсан. Тэр зорилтын хүрээнд Эрдэнэ сумын уяач Намсрайн Золзаяа 2016 оны баруун бүсийн уралдаанд даага айрагдуулж нутаг орныхоо нэрийг гаргалаа. Цаашдаа олон уяач энэ зам жимээр явж, улс, бүсийн уралдаанд уясан морьдоо түрүүлгэж, айрагдуулах биз ээ. Мөн “Тод магнай” сэтгүүлийн хамт  олонтой хамтран нутгийнхаа уяачдыг алдаршуулах, хурдан хүлгүүдийнхээ удам угшлыг сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Энэ мэтчилэн залуучуудынхаа идэвхийг нэмэгдүүлэх, урам зоригийг нь сэргээх ажлуудыг эхний ээлжинд зохион байгуулсан. Мөн наадмын дараа уяачдын баярыг, 12 сард шинэ жилийн цэнгүүнийг хийж хэвшээд байна. 
-ММСУХ-ны дэд тэргүүнээр ажилладаг. Хэзээнээс энэ албыг хашиж байгаа билээ?
2013 онд болсон ММСУХ-ны VI их хурлаас дэд тэргүүнээр сонгогдсон. Энэ албыг хүлээж авснаасаа хойш сүүлийн жилүүдэд тулгамдаад байгаа эрлийз, монгол морьдын ялгалтын асуудалд нэлээд анхаарал хандуулсан. Жишээлбэл, ХХААЯ-ны дэд сайдаар ажиллаж байхдаа адууны талаар судалдаг эрдэмтдийг цуглуулж дөрвөн багт хуваан судалгаанд явуулж, монгол адууны стандартыг шинэчлэн баталсан. 
-Тухайн үедээ нэлээд маргаан дагуулж байсан л даа. Сэрвээний өндрийг нэмэхдээ юун дээр үндэслэсэн юм бэ?
Сүүлийн үеийн арчилгаа маллагаа, үржил селекцийн бодлоготой уялдаад монгол адууны дундаж стандарт өөрчлөгдсөн гэдэг нь олон уралдаанд харагддаг байсан л даа. Тиймээс энэ асуудлыг таслан зогсоох зорилгоор сэрвээний өндрийн хэмжилт хийлгэж үзэхэд уралдааны монгол морьд жирийн цэвэр монгол адуунаасаа яах аргагүй өндөр байсан. Өөрөөр хэлбэл, эртнээс монголчууд адууныхаа хурдлах чадварыг дээшлүүлэхэд анхаарч, Төв аймагт гэхэд л Жаргалант, Тойруулга зэрэг хурдны чиглэлийн адууг бий болгосон. Мөн Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд чигээр буриад адуу түгээмэл байдаг. Энэ бүхнийг харгалзан үзээд уралдааны монгол морины стандартыг бага хэмжээгээр өсгөх нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч сэрвээний өндрийг хоёр см-ээр нэмэгдүүлсэн. Гэхдээ их морийг 140 байсныг 141 болгосон. Энэ бол харьцангуй амьдралд ойртсон зөв стандарт хэмжээ болж чадсан.
Яг үнэндээ уяачид хөдөө орон нутаг, аймаг, сумдын түвшинд ч адууныхаа хурдлах чадварыг дээшлүүлэхэд анхаарч, адуугаа эрлийзжүүлж байна. Үүнийг нь дагаад сум, багийн наадамд хүртэл маргаан мэтгээн тасрахаа байсан шүү дээ. Тэгэхээр ингэж нэг талд нь гаргах нь зүйтэй. 
-Олон уралдааны зохион байгуулах комисст орж ажилласан учраас асуудлыг хамгийн ойроос мэдэж байгаа байх л даа.
Би монгол морины уралдаан, морь уях өв соёлыг хэзээ ч, ямар ч цаг үед мөхөөж болохгүй гэж бодож явдаг хүн. Энэ том өв соёл, монгол ахуйг тээж явж байгаа хамгийн гол төлөөлөгчид бол манай уяачид. Хэрвээ уяачид морио уяхгүй, наадамдаа оролцохгүй бол энэ соёл мөхнө. Та бүхэн хөдөө орон нутгаар их явдаг хүмүүс мэдэж байгаа байх. Сүүлийн жилүүдэд морь унадаг хүн байхаа байсан. Малаа машин, мотоциклиор хариулдаг болж байна. Ингээд ирэхээр адуу гэдэг амьтны үүрэг роль багасч, уяж сойн хурдлуулахад л ашиглаж байна. Тэгэхээр морин уралдаан үгүй болчихвол морьтой холбоотой өв соёл, уламжлал тэр чигтээ бүдгэрнэ. Монголын ард түмэн энэ том агуулгаар нь морин уралдааныг харж байгаасай гэж хүсдэг. Уяачийн хөдөлмөр бол хүнд. Жилийн дөрвөн улирлын турш тэрхүү хүнд хөдөлмөрөө эрхэлж байгаа ч энэ том соёлоосоо нүүр буруулахгүй байгаа уяачдаараа би бахархдаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Даваахүү ахтай уулзахад “Хүн насаараа сурдаг л юм байна. Би Наран хонгор азаргаа Их хурдад тавихдаа гэдэснийх нь хийг гаргаж чадахгүй алдсан байна” гэж ярихыг сонсоод би гайхсан. Насаараа морь уясан, дээрээс нь азаргыг хамгийн сайн уядаг гэгддэг Даваахүү ах ингэж ярихыг сонсоод “Аргагүй хүнд хөдөлмөр юм даа” гэж бодож байлаа. 
-Нүүдэлчин ахуйн том соёлыг тээн, өвлүүлэгчид нь уяачид юм гэж та хэллээ. Үр хүүхдүүдээ энэ соёлд сургаж байна уу?
Өвөө маань нэгдлийн адуу малладаг. Өглөө тэр олон азарга адуу туугаад явж байхдаа хожмоо өөрийн гэсэн 1000 адуутай болоод ингээд тууж явахсан хэмээн мөрөөддөг байлаа.
-Мөрөөдөл биелэх дөхөж байна уу?
600 дөхөж байна. Адуугаа олон болгоод зогсохгүй сумынхаа баяр наадмын зургаан түрүүг аваад цоллуулж байгаагаар төсөөлдөг байлаа. Энэхүү мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг гүйцэлдүүлж, сайн адуу цуглуулсаан. Одоо үүнийгээ хүүхдүүддээ, нутаг орныхондоо, ах дүүстэйгээ хуваана. Хурд хувааж түмэн олноо баярлуулах хэрэгтэй шүү дээ. Манайх дөрвөн хүүхэдтэй. Хоёр хүү маань моринд дуртай. Бага нь энэ жил найман настай, морь унуулна гэж бодоод эмээлийг нь зэхчихсэн. Өвлийн хүйтнээр дагуулж яваад адуун дээр 4-5 цаг болоход даарсан шинжгүй гүйж явдаг юм. Бас болоогүй энэ тэрнийх, энэ минийх гээд заачихсан./инээв/ Тэгэхээр хоёр хүү маань морь уях байх аа. 
-Эргэлзэхгүй байна. Адуугаа түм хүргэж, өөрөө төрийн хишигт уяач болоорой. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
Алтан тууртын буян ивээвэл улсын цол авах биз ээ. Хамгийн гол нь энэ том өв соёлоо өөрөө тээн хөгжүүлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх явдал юм. Мэдээж өвөг дээдсийнхээ, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөн, унаган тамгатай адуугаа улс, бүсийн наадамд айрагдуулах. Миний энэхүү хүсэл зорилгыг манай гэр бүлийнхэн, ах дүүс, найз нөхөд маань их дэмждэг. Тэдэндээ танай сэтгүүлээр дамжуулан баярлаж явдгаа илэрхийлэхийг хүсч байна. Монголыг дэлхийн талыг эзэлсэн түүхгүйгээр нь, морьгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Монголын адуу гурван сая гаруй болсон. Энэ сайхан алтан тууртын буян хишиг нийт монголчуудын маань аз хийморийг өргөж, улс орныг маань өөдлөн дэвжихэд нөлөөлнө гэдэгт эргэлздэггүй. Ингээд Баянжаргалан, Эрдэнэ, Мөнгөнморьт сумдын уяачдадаа болон нийт монголчууддаа унага бүхэн нь босоо төрж, унаган адуу нь улс, бүсийн наадмын айраг, түрүү олныг хүртэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье ээ. 
-Тэр ерөөл бат сайхан оршиж, мөнх сайхан тогтох болтугай.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна