СУМЫН АЛДАРТ УЯАЧ Н.НЭРГҮЙ: Уяач хүн хэлэх үгээ МЭДЭЖ БАЙМААР ЮМ БИЛЭЭ

А.Тэлмэн
2018 оны 5-р сарын 17 -нд

Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул, сумын Алдарт уяач Нэргүйн Нэргүй 1964 оны хавар Налайх дүүргийн эмнэлэгт төржээ. Тэрээр сумын 90, МАН-ын 90, Төв аймгийн 90 жилийн ойн медалиуд, МАН-ын хүндэт тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар шагнуулснаас гадна 2011 онд сумын Тэргүүний үхэрчин, 2014 онд аймгийн Сайн малчин болж байжээ. Түүнтэй ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.

-Таныг удам дамжсан сайн уяачдын нэг хэмээн тодорхойлсон. Таны дээдчүүл хэдэн үеэрээ хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байсан бэ?
Миний аав Нэргүй болон ээжийн ах Дэндэвийн Ганжуур нар хурдан морь уяж, би унаж уралддаг байлаа. Энэ нутгийнхан андахгүй. Нэргүйн шарга, Нэргүйн хүрэн алаг гэж алдартай хүлгүүд байсан. Хоёр ч хүрэн алаг адуу  байсны нэг нь сумын баяр наадамд хоёр түрүүлсэн санагдана. Түүний дараа уясан халзан адуу болгон нь түрүүлж, айрагдсан. 
-Дандаа л нутгийн адуу юу?
Тийм. Миний аав Булган аймгийн Сайхан сумын хүн. Энэ нутагт зургаан настайдаа ирсэн юм гэнэ лээ. Аавын аав нь болохоор Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хүн. Даншиг наадамд зодоглож Заан цолны болзол хангасан  бөх хүн байсан гэдэг. 
-Танай аав барилддаг байсан уу?
Үгүй. Нэгдлийн үед үхрийн суурийн ахлагч, аж ахуйн даргаар ажиллаж байсан. Хадлангаа ямагт нормоос нь давуулан биелүүлдэг хичээнгүй хүн байж билээ.
  Хэдий үеэс эхэлж морь уясан гэдэг вэ?
Эхэндээ алдаг, оног уядаг байсан юм билээ. Тэгээд 1978, 1979 оноос идэвхтэй уяж, унаган морьдоороо урамтай сайхан наадах болсон. 1980 онд шарга морь нь хязааландаа улсын баяр наадамд 29-өөр давхиж, хойтон жил нь  соёолондоо сумын баяр наадамд түрүүлсэн. Хүрэн алаг нь 1985-1988 онд сумын баяр наадамд тасралтгүй түрүүлж, айрагдсан. Аав маань хүний, өөрийн адууны амжилт нийлсэн 20-иод айраг, түрүүтэй.
-Хэний ямар  морьдыг уядаг байсан бэ?
Голдуу дүү нарынхаа морьдыг уяна. Аюурзаны сартай хүрэн морь, цоохор үрээ хоёр нь суманд түрүүлэхдээ түрүүлж, айрагдахдаа айрагддаг байлаа.
-Ганжуур ахынхаа тухай дэлгэрүүлээч. Андуураагүй бол нэг жилийн наадмаар зургаан насны морь айрагдуулж байсан гэх юм билээ?
Тийм ээ. Би оныг нь сайн санахгүй байна, 1976-1979 оны хавьцаа л юм даг. Азарга, соёолон хоёр гуравлаж, их морь дөрөвлөөд, хязаалан тавлаж, шүдлэн, даага хоёр нь түрүүлж байсан.  
-Унаган адуугаараа тэгж сайхан наадаж байгаа юм уу?
Тийм. Хүрэн, хулгар хар хоёр азарганых нь төлүүд маш сайн давхисан. Аавын ярьсанаар хулгар хар азарга нь Ардын хувьсгалын 35 жилийн ойгоор 35, 36-аар давхиж байсан  гэнэ лээ. Энэ хар азарганы үр төлүүдээс  Ганжуурын халзан морь, хул морь, хар азарга гэж тогтмол айргийн тавд багтдаг хүлгүүд төрсөн.
  Их сайн адуутай хүн байж. Энд тэндээс адуу авчирч, цус сэлбэж байсан юм болов уу?
Ахын найз “арзгай” Бадрах гэж дөрвөд хүн байсан. Тэр хүний найз нөхдөөр дамжуулж Хэнтийгээс ганц, хоёр үрээ авчирч, цус сэлбэсэн гэдэг. Мөн Үүлэн угшлын адуу авчирч, нутгийнхаа нэг хүнд зараад Үүлэн бор гэдэг адуу гарч ирсэн. Миний мэдэхийн Бадрахын халтар, хонгор гэж хурдан морьд байсан. Тухайн үед манай энүүгээр Хийлийн хонгор, Цогтжаргалын хонгор, Дашийн хонгор, “хүнхэр” Эрдэнээгийн хонгор гэсэн  бүгээн адуунууд ид хурдалж байлаа. Тэднээс Бадрахын халтар морь илт давамгай хурдалсан. Мөн нэгэн үе Ганжуур ахын халтар, хул хоёр морь сайн, айргаас мултардаггүй байж билээ. 
-Томоохон наадмын амжилтаас нь санаж байна уу? 
Сумын 70 жилийн ой юм уу даа. Тэр жил морь будилаад, манай ахын хоёр морь дараагаараа орж  ирсэн, тооцоогүй. 
-Наадам будилах ч хэцүү шүү?
Уяачийн хөдөлмөрийг үрэн таран хийж, баярлах гэж ирсэн тэр олон хүний сэтгэл рүү ус цацаж байгаа хэрэг шүү дээ. 1986 онд байх аа, Александрын шарга азарга түрүүлээд, манай ахын халзан азарга аман хүзүүдлээ. Тэгэхэд нь би ахын халзанг барьж аваад, дахин уралдуулах гэтэл ах “Миний дүү морь ганцхан. Наадам олон шүү” гээд хориглосон. Тэр наадмаар шарга азарга түрүүлж яваад замдаа осолдсон доо. 
-Та ээжийнхээ талд өссөн хүүхэд үү. Ганжуур гэдэг хүнийг ааваасаа илүү мэдээд байх чинь?
Тийм. Ганжуур ах бол намайг анх моринд сургасан хүн.
-Хэдэн жил хурдан морь унасан бэ. Яагаад ч юм их шартай хүү байсан мэт төсөөлөгдөөд байна?
Би таван настайгаасаа 13 хүртлээ хурдан морь унасан. Түүнээс хойш аав, ах хоёрыг дагаж морь уядаг болсон. Аав, ах хоёр маань надад унаган адуунаасаа тасалж өгч, би ч тэднийг нь уяж, уралдуулан өдийг хүртэл уяачийн удмаа залгамжлаад явж байна. Цэргийн гурван жил алба хаахдаа хүртэл нэг жил нь морь уясан шүү. /инээв/
-Та хаана цэргийн алба хаасан юм бэ?
Дорноговь аймгийн  Эрдэнэ суманд цэргийн алба хаасан. Улаан-Уулын Рашаантын заставын 50 жилийн ойгоор гурван морь уяж уралдуулснаас нэг нь түрүүлж, хоёр нь айрагдаж, тэрүүхэндээ тоогдож л байлаа. 
-Анхны айргаа цэрэгт байхдаа хүртжээ дээ.
Анхны айраг, түрүү гэвэл түүнээс эрт. Хамгийн анх 1979 онд зургаан насны морь айрагдуулсан. Тэр үед ах хааяа нэг уяан дээр очиж зааварлахаас биш, гардан уясан нь би. Дараа нь 1981 онд шарга морио соёолонд нь сумын баяр наадамд түрүүлгэж, Зурман хүрэн үрээгээ айрагдуулж байлаа. Тэгээд хойтон жил нь цэрэгт явсан. 
-Гурван жилийн цэрэг үү?
Тийм. 1985 онд халагдаж ирээд, ахын халзан даагыг уяж сум болон Налайхын баяр наадамд түрүүлгэсэн. Дараа жил нь морь уясан ч айрагдуулж чадаагүй. Морь гэдэг байнга айрагдаж, түрүүлээд байдаггүй шүү дээ. Харин тэр жил аавын халтар үрээ айрагдсан. 
-1987 онд яаж наадсан бэ?
1987 онд миний халзан даага түрүүлсэн. Хойтон жил нь халзан үрээгээ зургаагаар давхиулж, аавын хүрэн алагийг түрүүлгэж, шарга морийг нь зургаалуулж байлаа. 1989 онд хүрэн алаг нь түрүүлж, шарга морь  найм, есөөр давхисан. Тэрний хойтон жил нь хүрэн алаг нь айрагдсан. 
-1991 онд...
Халзан даага түрүүлсэн. 1992 онд шарга даага аман хүзүүдсэн. Түүний хойтон жил айраг амсаж чадаагүй. Учир нь, шарга, халзан хоёр үрээгээ хангайд өргөчихсөн. 1994 онд манай сумын 70 жилийн ой тохиосон юм. Тэгэхэд хээр даагаа 14-өөр давхиулсан. Тэрний хойтон жилийн өвөл цавьдар азарга, хүрэн морь хоёр маань сумандаа түрүүлж ирсэн ч миний буруугаас хоёр, гурваар баригдсан юм. Түүний дараа Гачууртад нэг наадам болоод тийшээ явсан, хоёулаа айрагдсан. 
-Айраг алдахгүй л наадаад байж...
Бас ч тийм биш. Моринд гутаг сууна гэж нэг юм байна. Уясан адуу болгон ямар нэгэн шалтгаанаар хойшлоод байдаг юм билээ. 1996 онд тэгсэн.
1997 оны улсын наадамд нутгийн дүү Баатарын Ганболдыгоо дагуулаад явлаа. Налайхад сунгахад дүүгийн хонгор азарга их хурдан байсан. Миний хээр азарга соёолон байсан юм. Гэтэл манай нэг найз “Хөөе, чиний азарганы  хув цагаан нь гарчихсан байна. Яваад хэрэггүй” гэдэг юм байна. Тэгэхээр нь би “Чиний мэддэг гэж юу байсан юм” гэж хэлээд, яваад өглөө. Тэгсэн нээрэн миний хээр хув цагаан нь гарчихсан байна гээд хасагдчихлаа. Дүүгийн хонгор азарга болохоор шороо идээд уначих шахсан.
-Тэр өдрийн аз өм шийддэг гэдэг ч оргүй үг биш шүү?
Тийм юм билээ. Налайхын сунгаанд гурав, дөрөв, таваар орсон азарганууд бүгд айрагдсан. Тэгж бодохоор айрагдчих байсан санагддаг юм. Дараа жил нь 1998 онд нутгийнхан улсын баяр наадамд явъя гэхэд нь “Та нарыг явсан хойгуур би хэдэн боорцог түүдэг юм уу” гэж хэлээд амны алдаа гаргаж билээ. Тэгэхэд миний хээр азарга аман хүзүүдэж, их насны морь тавлаад, халтар үрээ аман хүзүүдсэн. Түүнээс хойш 1999-2006 он хүртэл бараг морь айрагдуулаагүй.Уяач хүн үг хэлээ мэдэж баймаар юм билээ. Тэгээд 2006 онд нутгийнхаа нэг найзаас Дулаан угшилтай хүрэн үрээ авч айраг амссан шүү. Тэр хүрэн азарга энэ хавийн уралдаануудаас нэлээд хэдэн айраг, түрүү авч, сумын баяр наадамд түрүүлж, аймгийн баяр наадамд тархины тавд ирсэн.
  Хэдэн онд суманд түрүүлсэн юм бэ?
2008 онд миний хүрэн түрүүлж, Тодоогийн хүрэн аман хүзүүдсэн. Дараа жил нь 2009 онд хүрэн азарга суманд зургаалаад, аймагт 22-оор давхисан. Тэгээд Булганд уралдуулах гэж байснаа сэтгэл нэг л сонин болоод хамт явах гэж байсан уяачдадаа “Та нар баруун талаа зохицуулаарай. Би зүүн талыг зохицуулна аа” гэж хэлээд үлдсэн. 
-Зүүн тал аа...
Тийм. Баяндэлгэрт наадна гэдгээ хэлж байхгүй юу. Тэнд миний хүрэн азарга түрүүлэнгээ алдаад аман хүзүүдсэн. Миний буруугаас болсон юм. Аймгийн наадамд унасан хүүхдээ солиод мордуулсан буруудсан байна лээ. Дараа жил нь сумандаа аман хүзүүдээд, Баяндэлгэрт очсон. Тэнд аман хүзүү, гурав, дөрөв, тав, зургаагийн азаргууд зэрэг шахуу орсон. Миний хүрэн төв талдаа, хүүхдийн дөрөө нь илүү. Наадуулын  нэгнийх нь  толгой илүү гарсан бол гарсан, гараагүй бол гараагүй. Тиймээс дор хаяхад минийх гурваар орсон гэж бодтол зургаад ч байхгүй, хасагдчихсан. Тэгээд бичлэгийг нь үзье гэсэн ч үзүүлээгүй. Харин 2010 онд аймагт очиж модтой давхисан.
-2012 онд сумандаа түрүүлсэн юм биш үү?
Тэр биш. Хадган зээрд гэж унаган хүрэн соёолон сумын баяр наадамд түрүүлсэн. Давхар уяагаар “Макс” группын ойд 25-аар давхиад, төвийн бүсийн уралдаанд 23-т ирж, Мөнгөнморьтод гуравласан. Мөнгөнморьтод уг нь түрүүлчих л байсан юм. Км хэртэй газар хадан дундуур давхидаг юм билээ. Манай хүү хаширлаад амыг нь татчихсан чинь 100 гаруйхан метр яваад барианд орчихдог юм. Дараа жил нь хавчиг морь Баяндэлгэрийн 90 жилийн ойн наадамд зургаалсан. Би яг цагаан шугаман дээр тугны хажууд зогсож байсан юм. Тэгсэн арынхаа морьдтой их ойрхон таваар давхиж яваад намайг урдаас нь гүйгээд очтол дайруулаад зургаалсан. Түүний дараа долоотой морь уяад эндүүлчихсэн дээ. 
-Таны уясан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь...
Хадагт нэг жил их мундаг наадсан. Мөн хүрэн, хээр хоёр азаргаараа тус бүр хоёр, гурван айраг авч байлаа.  1991 онд халзан даарга гурваар давхихад бас их баярлаж байсан. 
-2008 онд Баяндэлгэр явахдаа сумын Алдарт болчихсон байсан. Бас аймгийн Алдарт уяач цол хүртчих юм сан гэсэн бодол байв уу?
Тийм юм огт бодоогүй. Би 1990 онд сумын Алдарт уяач цол хүртсэн гэж боддог. Бас сумын Аварга уяач гэдэг шагнал өгсөн юм. Үүнийгээ би хоёр цолны дайтай боддог. 
-Тэгэхэд Баяр наадмын тухай хууль батлагдаагүй байсан шүү дээ?
Цол тэмдэг өгөөгүй ч би тэгж боддог юм. Сумын Алдарт уяач цолыг албан ёсоор 2006 онд авсан. 
-Сэтгэлээ огштол баярласан, хамгийн сайхан наадам хэзээ, хаана тохиов?
Би 13, 14-тэй байсан даа. Ах зургаан насны морины айраг, түрүү авсан. Тэгээд намайг “Морьдоо цоллуулчихаад араас хүрээд ирээрэй” гэсэн юм. Тэгэхэд асар их бахархах сэтгэл төрсөн. Тухайн үед орос хүрэн чемодан бэлгэнд өгдөг байлаа. Би хоёрыг бариад л гарч ирж байснаа одоо ч мартдаггүй. Уяачаар бахархах сэтгэл тэр үеэс л ундарсан даа. /инээв/
-Таны үр хүүхдүүдээс уяачийн хөдөлмөрөөр бахархах хүмүүс тодорч байна уу?
Би гурван хүү, ганц охинтой. Нэг нь миний дэргэд байна. Хоёр нь тусдаа гарчихсан. Нэг нь Улаанбаатарт амьдардаг.Бас Ганжуур ахын хүү Ганхуяг тэнд бий. Түүнд нэг азарга, хоёр гурван үрээ, даага өгч уяулж байна. Ганцаараа 10 гаруй морь уяна гэдэг чанга шүү дээ. Би хоёр хүүтэйгээ хамт уядаг юм. Одоо ч миний уях гэж юу байх вэ, хоёр хүү надаас заавар зөвлөгөө аваад уяцгааж байна.
-2011 онд сумын Тэргүүний үхэрчин болсон юм байна. Тэр талаараа дэлгэрүүлээч?
Ах нь социализмын үед үхэр тэрэгний хөсөгчин хийж байлаа. 1985 оны зургадугаар сард цэргээс халагдаж ирээд л энэ ажлыг хийж, үхэр тэргээр айл нүүлгэж эхэлсэн. Найз Тогтохбаатартайгаа нийлээд 20-иод үхэр тэрэгтэй л үзэж тардаг байлаа шүү дээ. Тэгээд сүүлдээ хонь голдуухан маллах болсон. 2009-2010 онд үхрийнхээ тоо толгойг 100 нэлээн гаргасан. Харин дараа жил нь үхрээ цөөлөөд, 100 дотор багтаачихсан байхад тэр шагналыг өгсөн юм. Яг ямар шалгуур, болзлоор өгснийг ах нь сайн мэдэхгүй. 2014 онд хонин сүргээ 1000 шахаж өсгөөд аймгийн Сайн малчин болсон.
-Та намын идэвхтэй гишүүдийн нэг үү?
Би 2000 онд намд элссэн. Хоёргүй сэтгэлээр л явдаг. 2012 онд намын Хөдөлмөрийн хүндэт гишүүн гэсэн том жуух бичиг өгсөн. 
-1990-ээд оны дундуур хүмүүс адууны удам угсааг хөөж, наймаа арилжаа нэлээд хийсэн. Тэр үеэр та адуугаа ийш тийш нь тараав уу?
Ах нь адуугаа зардаггүй, хангайдаа өргөчихдөг. Өөрөөр хэлбэл, миний хурдан болгоныг хангай авдаг юм. Би ч хангай авах ёстой юм аа л аваа биз гэж боддог. Хэзээ нэгэн цагт хариуг нь өгөх биз ээ гэж залбирдаг. 
-Таны нэг азарга их өндөр үнэд хүрч байсан гэж дуулсан. Тэр тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч?
Миний хүрэн азарга 17 сая хүрсэн юм байна лээ. Гарамжав агсны хүү, Сундуйжав Тод манлайн дүү Улсын Алдарт уяач Ганбат ирээд “Хүрэн азаргыг чинь авъя” гээд шалаад болдоггүй. Тэгэхээр нь би “Чиний аав, ах дүү нар бүгд моринд дуртай. Түүнтэй адил би болон миний хүүхдүүд ч моринд дуртай. Ах нь зарахгүй ээ” гэсэн юм. Бүр шалаад байхаар нь “Миний дүү, улсын наадмаас айраг хүртсэн адуу тэгээд ямар үнэтэй байдаг юм бэ” гэсэн чинь “Сая” гэж байна. Би ч жаахан дургүй хүрээд “Чи чаддаг юм бол тэр саяа өгөөд авахгүй юу” гэчихээд босоод явчихсан. Тэгсэн чинь араас “17 саяыг өгье” л гэсэн юм гэнэ лээ. Би тэр үгийг нь сонссон байсан ч өгөхгүй л дээ. Яагаад гэвэл адилхан моринд дуртай үр хүүхдэдээ үлдээе гэж бодож байсан.
-Даанч тэр жилдээ эндчихсэн биз дээ?
Тийм. Өвөл нь эндчихсэн. Гэхдээ би тэрэнд нэг их хар буудаггүй юм. Хангайн юм хангай нь л аваа биз.
-Уяач хүнд байх эрхэм чанарын нэг нь уужуу ухаан. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнхөд ивээгдэж яваарай.

"Тод магнай"сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна