Аргалын ацганд ирсэн адуу хурдалсаар байна

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 26 -нд

Хэнтий аймгийн Галшар сумын ардуудаас Сүхбаатар аймгийн Хонгор сумын нутагт байсан Байшинтын долдугаар дивизэд нийлүүлэх албан журмын аргалыг 1937-1943 онд гэрээлэн нутгийн ардуудаар гүйцэтгүүлэх ажлыг миний аав С.Гочоо хийж байсан юм. Энэ ажлынхаа хөлсөнд 200 гаруй адуу, цөөн тооны үхэр авчирснаа Хонгор, Халзан, Асгат сумдын ардуудад өгч гүйцэтгүүлж байснаас Хардэл бэйс өвгөн ноён М.Пүрэвжавын бий болгосон олон тооны хурдан адуу ирж удам угшил нь одоо хүртэл үлгэр домог мэт яригдсаар байна. Энэ ажилдаа Асгат сумын Хишигнэмэх /ганган Сүхбаатарын аав/, Хонгор сумын “Салхин” хэмээх Цэвэг /пионерын удирдагч асан Ц.Дашнямын аав/ нараар туслуулж, хамт явж байсны дээр Галшар сумын “нохой” Зул гэдэг нэлээд баян хүнтэй хамтарч, нийлүүлэх аргалын хэмжээнээс ямар адууг хэдэн тэрэг аргалаар авахаа тохирч байжээ. Тэр үеийн 75 кг гурилын найман шуудай аргалыг нэг тэрэг гэж үздэг байв. Зул нь Эрээлээмятав, Сансраймятав гэдэг хоёр хүүтэй гэж байсан, түүний үр хүүхэд Галшар суманд байгаа байх.
Аргалын ацгаар ирсэн зарим адууны талаар сонирхуулахад:
Халзан сумын Г.Ванчинтовуугийнхан хонгор байдас авсанд эр унага гарч, түүгээр азарга тавьсанаар том, жижиг наадамд нийт 13 түрүүлж, 7 айрагдахдаа Сүхбаатар аймгийн 20 жилийн ойгоор түрүүлсэн байна. Г.Ванчинтовуу нь энэ азаргынхаа үр төлөөр Халзан сумандаа 1957 онд хонгор соёолон, 1954 онд хонгор даага, 1960 онд хонгор хязаалан, 1964 онд хонгор соёолон түрүүлгэжээ. Хонгор азарганы үр төл Баяндэлгэр, Сүхбаатар, Онгон, Асгат сумд болон Дорноговь, Дорнод аймгаар тархсан байна. Г.Ванчинтовуу нь 1966 онд адуугаа салхидуулж Асгат сумын нутаг Далт хүрээ шандаас авахдаа манай ах Г.Мажигаад "Танай ааваас авсан адуу олон жил биднийг баярлууллаа. Та нар хурдан адуутай болоорой" гээд хүрэн даага бэлгэнд өгсөн нь хязаалан, соёолондоо уягдсан боловч олигтой давхиагүй. Хавчигт нь 1972 оны долдугаар сарын 10-ны шөнө алдаад азарга гарч байхад олж мордуулахад хол тасархай түрүүлж, 1973 онд түрүүлж ирэхэд нь мотоцикльтой хүн өмнүүр нь орсноос хүмүүс рүү налж аман хүзүүдэн, Аавынхүүгийн хүрэн түрүүлсэн. Хүрэн азарга Асгат суманд 1972, 1975 онд түрүү, 1973 онд хоёрт, Халзан суманд 1975 онд гуравт, 1976 онд аймагт хоёрт, Сүхбаатар суманд 1977 онд түрүү, 1978 онд хоёрт, 1979, 1980 онд айрагдсан байна. Халзан сумын 50 жил 1975 оны долдугаар сарын 7, 8-нд  бүсийн хэмжээний том наадам болсон юм. Энэ наадамд Баяндэлгэр сумаас "Даргын ногоон" хэмээн алдаршсан Хөдөлмөрийн баатар Лхамжавын ногоон, Уулбаян сумандаа хэд хэд түрүүлсэн аймгийн Алдарт уяач Баазарын Хэлтэн ногоон, мөн сумандаа хоёр түрүүлсэн Балын Ядамсүрэнгийн улаан, Самбуугийн хонгор, Халзан сумын Д.Жамъяншаравын цавьдар халзан, “майга” хэмээх Самбуугийн хонгор халзан зэрэг аймаг, сум бүрээс айраг, түрүү авч байсан 100 гаруй алдартай хурдан азарга уралдахад газар дээрээсээ наадамчдын хөлд хүртэл хөтөлж байгаад айргийн гуравт хурдалсан. Энэ наадамд Самбуу гуайн хонгор халзан түрүүлж, Баазарын хэлтэн ногоон аман хүзүүнд, хүрэн азарга айргийн гуравт, Балын Ядамсүрэнгийн улаан айргийн дөрөвт хурдалсан юм. Дөрөв хоногийн дараа болсон Асгат сумын 50 жилд гулсан уралдахад Халзан суманд түрүүлсэн Самбуугийн хонгор халзан, Махбуриадын хээр, Аавынхүүгийн хүрэн, Ням-Осорын хонгор зэрэг 200-гаад азарга уралдахад аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга Гомбосүрэн, сумын Намын үүрийн дарга Далайбаяр бид ганц 69 машинаар тавьж өгөхөд азарга эргэх газрын тэмдэг байхгүйгээс будилж, 24 км-ээс эргүүлэхэд хүрэн азарга газар дээрээсээ хөтөлж, азарганууд 3-4 км ханилаад гээгдэж байсан нь харахад үнэхээр бахтай, самсай шархирч байлаа. 1976 онд Ардын хувьсгалын 55, аймаг байгуулагдсаны 34 жилийн ойгоор Самбуугийн хонгор халзан түрүүлж, хүрэн азарга аман хүзүүнд, 1977 онд Сүхбаатар суманд хүрэн азарга түрүүлж, аварга Зундуйн шарга аман хүзүүнд хурдалсан. Энэ үед Сүхбаатар суманд Юндэн хонгор, Ванчинжавын шарга, аварга Зундуйн шарга, Лончигийн хар, Тогосын хүрэн зэрэг өнөө үед алдаршсан хурдан азаргануудыг орхиж уралддаг байсан. Түрүүлж ирээд бусад руу налж хурдаа сааруулдаг муу зуршилтай болоогүй бол олон түрүүлэх байсан юм. Залуу уяачдад захиж хэлэхэд, ийм адууг богино газраас маш хурдтай олны дундуур давхиулж засдаг гэж Онон Тод манлай сургасныг санаж явах хэрэгтэй. Хүрэн азарга толгой том, жижгэвтэр биетэй, хээлтэй гүү шиг том гэдэстэй, бөөрөнхий хэлбэртэй, дөрвөн мөчний булчин нь товойж харагддаг, дал том, дэл сүүл шингэвтэр, урт, уяан дээрээ ихэвчлэн сүүжилдэн хэвтэж амардаг. Их унтаахай, уяа ороод ирэхээрээ эмээл тохож байхад сэрэхгүй, түшиж байгаад мордуулахад сайварлах шахам гүйн алхална. Давхилыг нь дагаж харахад цээж нь цэгнийгээд хоёр чихээ солбиж, байнга алсын бараа харж, хааяа сүүлээ шарваж давхидаг. Ихэвчлэн адуундаа сул байж, идэш хоолоо өөрөө тохируулдаг.
Хүрэн азарганд Халзан сумын "гул" Шагдарын гурван мянгын хонгор азарганы бор даагыг Зундуйн Шагдарсүрэн багшаас авч хураалгасанд олон хурдан адуу гарсан. Хар малгай Дамдинжавт очсон хонгор морь аймаг, сумын баяр наадамд 1980, 1981 онд аман хүзүүдэж, өвөл, зуны жижиг уралдаанд 10 гаруй айраг, түрүү хүртсэн. Мөн 1987 онд халиун азаргыг Б.Лхагваа авч Асгат суманд түрүүлэхэд ах Баяраа нь тухайн үеийн ханшаар 4000 төгрөгөөр Дорнод аймгийн Матад суманд зарсан нь түүний удам угшил одоо ч хурдалж, Гөөгийн халиун гэдэг адуу бий болгожээ. Сүхбаатар сумын Алхаагийн халиун азарга аймаг, суманд айраг, түрүү авч байсан. Дүү Г.Далантай Сүхбаатар сумын өртөө адууг малладаг өөрийн найз Батноровоос “Бондого” хэмээх Намсрайн адууны угшилтай харагч гүү авч, хүрэн азарганд хураалгаснаас эр хар унага төрсөн нь Асгат сумын хурдан адууны угшлуудын нэг болсон юм. Ах Мажигаа хүүгээ цэрэгт явсны дараа сургаж чадалгүй ардаг үрээг шүдлэнд нь бусдад зарах гэсэн ч хүн аваагүй учир Цэвэгсүрэнгийн Пүрэвжавт цөөхөн төгрөгийн өрөнд өгснийг Батын Лхамсүрэн шүдлэн үхрээр сольж авчээ. Батын Лхамсүрэнгийн хар азарга сумынхаа наадамд 1978 онд түрүүлж, гурван удаа айрагт хурдалж, түүнээс 22 эр төл гарсны хоёроос бусад нь сум, аймаг, бүсийн наадмаас айраг, түрүү авсан. Хар азарганы төлөөр Асгат сумын Т.Дугар, Д.Баяраа, Д.Чулуунбаатар, Д.Чадарбал, Г.Лхам, Ж.Балдан, Дарьганга сумын Тавхайн Дугарсүрэн нарын олон хүн авч азарга тавьсанаар адууных нь хурд илт сайжирч, аймаг, сумын Алдарт уяач болжээ. Асгат сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Дугарын хар азарга 2000 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлж, олон удаа айрагдаж байсны дээр энэ азарганы угшил хүрэн азарга сумандаа сүүлийн гурван жил дараалан түрүүлээд байна. Аймгийн Алдарт уяач В.Чулуунбаатарын Сүхбаатар, Хэнтий аймгуудын бүсийн наадамд магнайлж, эзэндээ УАЗ-469 машин хоёр удаа авч өгсөн хүрэн морь, мөн түүний сумандаа дөрвөн удаа аман хүзүүнд хурдалсан хонгор азарга, Тод манлай уяач Д.Хишигжаргалд 15 саяар зарсан хээр морь эцэг талдаа Лхамсүрэнгийн хар азарганы угшилтай. Монгол Улсын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн улсын баяр наадам, шигшмэл морьдын уралдаанд гурав түрүүлж, хоёр айрагдсан Монголын түүхнээ мөнхөрсөн саарал азарганы эх тал нь Лхамсүрэнгийн хар азарганых. Улсын сайн малчин, аймгийн Алдарч уяач Л.Дуламрагчаагийн бүсийн наадамд гурав орж, сумандаа тав түрүүлсэн хонгор морь Лхамсүрэнгийн хар азарганы гал төл юм.
Аргалын ацгаар авчирсан өөр нэг шаргал даагыг эхтэй нь 1938 онд Халзан сумын "Олныхон" хэмээн алдаршсан Батын Шагдар тэр үедээ зүгээр ч үгүй нэлээд үнээр авсан юм билээ. Б.Шагдар нь аавын дүүгийн охин Ичинхорлоо гэгчтэй суусан хүргэн нь байсан юм. 1947 оны гахай жилд Асгатын талд отроор ирэхэд шаргал азаргыг би унаж, өндөр Дэндэвийн хар азарга түрүүлж, айргийн гуравт хурдлуулж байсан. Манлай уяач Ухна хэлэхдээ, "Дарьгангын жижиг зээрд, Тайж олныхны шарга буюу Галшар угшлаар адуугаа сайжруулснаар 200 гаруй айраг, түрүү авсан" гэж байлаа. Шаргал азарганы удам, угшил Сүхбаатар төдийгүй улс орон даяар тархаж 70 жил болоход ааш араншин нь өөрчлөгдөөгүй өнөөг хүрсэн талаар Ч.Хурц /сайд асан/ Шарын Ганхуягийн "Унаган хурд" номонд бичсэн байдаг. Шаргал азарганы угшил шаргал хязаалан 1976 онд улсын баяр наадамд хол тасархай түрүүлсэн. Энэ адууны удам, угшил Булган, Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар зэрэг аймагт тархаж, улс, аймаг, сум, бүсийн наадмуудад түрүүлж, айрагдсаар байна. Аргалын ацганд ирсэн өөр нэг нэрд гарсан хурдан хүлэг бол Дуужаа Доржийн Далиу ногоон азарга юм. Дорж Галшар сумаас аргалын ацганд ирсэн адуунаас зөв талын чих мөлүү ногоон азарга авч, 1939 онд Байшинтын дивизийн наадамд уралдахад Хүүхэн шүүлэнгийн хээр түрүүлж, аман хүзүүнд хурдалсанд Уулбаян сумын Галдан гэгч 1800 төгрөгөөр авснаар Шарын ногоон, Жамсранжавын хээр, Дамдингаагийн хээр, Шагдарын хээр, Мишигийн Хэлтэн ногоон зэрэг хурдан адуу төржээ. Халзан суманд Далиу ногооны гурван эр төл үлдсэнд азарга тавьсанаар ихэд хурдалж, үр төл нь өнөөг хүртэл удам дамжин хурдалсаар байна. Далиу ногооны төл Их ногоон, Ноорог ногоон гэсэн азарганууд нь 1944 онд Байшинтад, 1942 онд аймаг байгуулагдсаны баяраар, 1952 онд Халзан сумын наадмуудад янз бүрийн насандаа алтан жолоо өргүүлж, айраг, түрүү авч байжээ. Мөн Халзан сум, аймгийн баяр наадамд 1967, 1968, 1969 онд түрүүлсэн Гунгаагийн халиун азарга нь Далиу ногоон, Олны шарга азарганы хоёр талын угшилтай болох талаар аймгийн Алдарт уяач С.Шагдарсүрэн бичсэн байдаг. Тод манлай уяач А.Ухна гуайн алдарт халиун азарга нь Гунгаагийн халиун азарганы төл болно. Аргалын ацгаар ирсэн адуунаас Асгат сумын Ч.Цэрэндаш, Ш.Жамбал, Хонгор сумын Г.Дашзэв, А.Балбар, М.Дамчаа нар авч, тухайн үедээ ихэд хурдлуулж байжээ. Одоо ч хурдалсаар байна. 1943 онд манайхыг Бөөрийн хөндийд байхад сумаас  паспортын байцаагч Үрчгэр гэдэг хүн аавд зарлан дуудах ирүүлэхэд айл хотлоороо сандарч, аавын дээлийн заханд шар тостой хуурай цай, дотоод энгэрт нь тамхи зэргийг нууцлан оёж, зарим нь уйлж гаргаж өгч байсан нь санаанаас гардаггүй юм. Одоо бодоход энэ нь 1930, 40 оны их хэлмэгдэл хүний сэтгэл зүрхэнд хүчтэй нөлөөлснийх биз ээ. "Аймаг, сум алгасч дамын наймаа хийхээ зогсоо" гэж анхааруулснаар Галшараас адуу авчрахаа больсон юм. Тэгэхэд аав "Галшарын Зул гуайд дах, хөнжил хийх хонь, ямааны элдсэн 10 арьс өгөх байснаа чадахгүй муухай юм боллоо" гэж санаа нь зовсон байдалтай ярьж байлаа.
Манай аймаг, сумын адуу улс орон даяар тархаж хурдан адууны өлгий нутаг болсонд миний аав "Хар үхэрт" овогт Самбуугийн Гочоогийн гавъяа бий гэдэгт би итгэдэг.
Асгат сум эртнээс удам дамжсан хурдтай, адуу нь ген сайтай болохоор гаднаас ирсэн адуугаар цус сэлбэхэд хурд нь илт сайжирдаг. Манай суманд нутгийн жижиг зээрдээс гадна Галшар угшилтай Мажигаагийн хүрэн азарганы төл, Батын Лхамсүрэнгийн хар, Ёст бэйс буюу Тонгоон Жамъянгийн адууны угшилтай В.Махбуриадын улаан, Орлой буюу Уулбаян угшилтай Сүх-Очирын хүрэн азарганы угшил онцгой хурдан байна. 1940-өөд оны үед “Зургаадай” хэмээх Цэнд Хэнтийгээс боргоч гүү авчирч өөрийн хурдан азарганд хураалгасанд таван цагаан, нэг хүрэн эр төл гарсан нь бүгд аймаг, сумдад айраг, түрүү авч байжээ. Ж.Гомбодорж Цэнд гуайгаас нэг цагааныг нь унаганд нь бүдүүн морь, гүү хоёр өгч авсан нь 1952 онд аймаг байгуулагдсаны 20 жилийн ойгоор Асгатын таван хязаалан дараалан ороход Ж.Гомбодоржийн улаан нэгд, В.Арилдийн бор хоёрт, Ц.Дашнямын хар гуравт, Ө.Цэндийн бор дөрөвт, С.Лувсаншаравын бор тавд тус тус хурдалсан байна. Ж.Гомбодорж хөгшин цагаан азаргаа нэгдэлд нийгэмчлэхэд Жигмэд гуай авч гүү хураалгаснаар олон хурдан төл авсан байдаг. Хоёрт хурдалсан улаан хязаалангийн эзэн В.Арилдий сайн уяач байсан гэдэг. Тэрээр Халзан суманд улаан морио уяж очиход "Манайхны их нас хурдан байгаа, таны морь яаж давхих бол" гэхэд "Халзан суманд хамраар дутна гэхээс хурдаар дутахгүй" гэж хэлээд 1964 оны сумын наадамд түрүүлгэж байжээ. Арилдий гуай нахиу хамартай хүн байсан юм.
Бас нэг удаа "Таны улаан морь хөгширч. Одоо яаж айрагдахав" гэхэд "Аралтай хурдан айрагддаг бол миний улаан айрагдана" гэж ам гарч байгаад аман хүзүүнд хурдлуулсан гэдэг. Улаан морь нь торгон таранд явахгүй байсанд худгийн хүйтэн усаар нэвширтэл шавшиж байгаад ганц ч хазуулалгүй түгжээ байсныг шөнөд нь засч хурдлуулжээ.
1946 онд Халзан сумын Монгоцой тэргүүтэй уяачид ирж "Асгат сумын морь, бөхийг нь авч, довыг нь үлдээнэ" гэсэн яриа гарахад өндөр Дэндэв тэргүүтэй хашир уяачид зөвлөлдөөд Баяндэлгэрийн баруун чигээс авчирсан “шомбон” хэмээх Намбарын хүрэн соёолонг азарганд уралдуулахад хол тасархай түрүүлж, дараагийн азарганууд нь Халзангийнх байсан гэдэг. Энэ наадамд Халзан ганц дааганы түрүү авчээ.
Цаашид монгол адууныхаа цусыг сэлбэхийн зэрэгцээ шинэ монгол адуу бий болгоход залуу уяачид анхаарах нь зүйтэй болов уу.
Гочоогийн Наянтай. 2015 оны 4 сарын 24 өдөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.126.88.181

    Шинэ Монгол адуу гэж байгаа нь таалагдсангүй. Зөв вм яриад буруу дүгнэлт хийжээ...

    Reply