АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ О.ГАНБААТАР: 1995 ОНД СОЁОЛОН, ШҮДЛЭН ТУС ТУС ДӨРӨВЛҮҮЛЭН АНХНЫ АЙРГАА ХҮРТЭЖ ЯВЛАА

Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул, Хужирт хоёрдугаар багийн харьяат, аймгийн Алдарт уяач Осорхүүгийн Ганбаатарыг уншигчдадаа танилцуулж байна. ХХААЯ-ны Тэргүүний ажилтан, 2010 оны сумын Хөдөлмөрийн аварга, 2015 оны сумын Шилдгийн шилдэг уяач тэрээр 1970 оны намар айлын тав дахь хүүхэд болон мэндэлжээ.

-Хүлгийн хийморт сүсэглэх болсон нь таны өвөг дээдсээс улбаатай юу?
-Тиймээ, дээдчүүл маань хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг байлаа. Манай ээжийн аав чинь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Бааст гэж хүн байгаа юм. Түүний дүү Арслан гэж нэлээн сайн уяач явсан бөгөөд халтар морь нь Баян-Уул суманд олонтаа түрүүлсэн бол аймагт очиж айрагдсан удаатай. Түүнчлэн дүү нь болох МУ-ын Хөдөлмөрийн баатар Дүйнхэр гэж хүн ч сайн адуутай. Нагац ах Арслангийн халтар Баян-Уулд олон түрүүлсэн. Дүйнхэр баатрын халтар морь ч олон жил хурдалсан. Ахын адууны угшлаас сүүлийнх нь Баян-Уул сумын аймгийн Алдарт уяач Ундрахын халтар гэж зартай хурдан хүлэг болж байх шиг байна. Ээжийн өмчинд ирснээс нэг бор морь байсан нь суманд нэлээн хэд айрагдсан. Би дааганд нь унаж байлаа. Тэр жил морь барьдагийн энд ганцаараа хөтөлж явтал миний өрөөсөн гутал сугарчих гээд сандаргаад. Гуталтайгаа ноцолдож яваад аман хүзүүдүүлсэн удаатай. Харин миний аав бол Дарив сумын Ундрах нэгдлийн адууг 20 гаруй жил хариулсан, МУ-ын Сайн малчин Осорхүү гэж байсан. Аав маань морь уяхаасаа илүү тарган ганган адуунд дуртай болохоор нутгийн олон Урианханы /Урианхай/ ганган Осор л гэлцдэг. Олон ч жил адуу хариулсан даа. Морь их сайхан уургална, жороо морь их сонирхоно. Аавын голомтоос улсын Сайн малчин, аймгийн Алдарт уяач төрсөн нь миний ах Гансүх юм. Ах бид хоёр чинь энэ хүмүүсийн ачаар, адууны хийморьт сүслэн, хоёулаа аймгийн цолтой уяачид болжээ. 
-Аав тань хаанахын жороо морьдоор гангарч байв?
-Аавын улаан шарга, хээр, алаг, том цэнхэр гээд л олон морь байсан. Лав Ороо бор гэж хашаанд ордоггүй, их хур дэлтэй том морь байсныг би тод санаж байна. Саяхныг хүртэл манайд байгаад 1990 онд намайг цэргээс ирэхэд хүнд өгчихсөн байсан. Өөр жороо гэвэл хул, халтар, хар гэсэн хоёр гурван жороогоо их унана. Сумын жороо морины уралдаанд уралдуулаад айрагдаж байсан түүхтэй. Ер нь үнэ хайрлалгүй авчихна шүү. Тонхилоос улсын Сайн малчин Ёндонгийн Бямбацогт гэж хүнээс бор морийг нь 3000 төгрөгөөр, Баян-Уулаас Батбаяр гэж нөхрөөс хул морь мөн л энэ ханзааны ханшаар авч байсан. 
-Таны хүүхэд ахуйд энэ нутаг орондоо цуутай ямар жороонууд байсан бол оо?
-Манай сумын хамгийн зартай морь бол Таравын хээр гэж байлаа. Бас Зэдрагчаа гэж хөгшний хар, Чойжилжавын хээр, Жамсранчимэд гэж хөгшний хурдан хул, Бадамчулууны шарга, Ягаан Нямаагийн хээрийн тухай сонсож л явлаа. Намайг морь унадаг байхад эдний дараагийн үе гарчихсан байсан. 
-Аав тань жороо мориороо хичнээн айраг, түрүү авсан байдаг вэ?
-Хоёр жороогоороо дөрөв, таван айрагтай. Түрүү авч байгаагүй ээ. Моринд хорхойтой аав маань олон ч сайн морь худалдаж авсан. Түүний нэг нь миний хул морь байна. 40-өөд айраг түрүү авч өгсөн энэ буянтай амьтан сумандаа бол 10 гаруй удаа түрүүлсэн. Сүүлд 2016 он Говь-Алтай аймгийн даншигт очиж дөрөвлөсөн. 
-Бас гарын ур дүйтэй хүн байсан гэдэг байх аа?
-Тиймээ, аав уурга засахдаа энэ сумандаа алдартай. Энэ тухай ахмадуудаас асуухад захын хүн хэлнэ дээ. Чөдөр ногт, эмээл хазаарыг үнэхээр чамин хийнэ. Рэнцэнхүү гэж хөгшин бас их сайхан хийдэгсэн. Ер нь морины эдлэл хэрэглэлийг хийхдээ хэнийг ч дагуулахгүй шүү. Манайхан нанжин гахайн гөлөм гэж ярьдаг даа. Аав маань бор гөлөмтэй, сайхан монгол эмээл тохно. Тэр нь одоо ахад бий. Өөр гурав давхарласан эмээл төхөөрсөн нь бидэнд хадгалагдан үлдсэн байна.  Намайг айл болоход хийж өгсөн мөнгөн хазаар, эмээл нь ч бий. 
-Хэдэн алдын уурга барих уу?
-Тийм ч урт уурга барьж байгаагүй ээ. Уурганы морийг бас л сайн сургана шүү дээ. Богино уурганы морь уран, дээр нь маш их эвсэлтэй гэдэг. Ах бид хоёр ч аавыгаа дуурайж сайн уургалж сурсан л даа. 
-Дээхнэ үедээ жороо мориор зүс ижилсүүлэн гоёдог байсан, тийм ээ?
-Тиймээ зүс ижилсүүлэн гоёно. Аав хонгор, хул, хар зүсмийн адуугаар азарга тавина. Хар адуугаар нэлээн олон жил азарга тавьсан. Тэр хар азарганаас хээр голдуу бараан морьд төрж, бид ч унаж айрагдуулж явлаа. Нэгдэл нийгмийн үед чинь хангай зүгээс манай энд адуу мал ирэхгүй. Аймагт  бол Хөхморьт, Баян-Уулын адуу чанартайд яригдана. Аав Хөхморьтын улсын Аварга адуучин Аюуш гэдэг байхаа. Тэр хүнээс лав дөрөв, таван үрээ авч, азарга  тавьж байлаа. Тэгээд сумын Аваргаар хоёр, гурван ч удаа шалгарсан. Бүх ажил төлөвлөгөө нормын дагуу явдаг байсан тэр цагт хичнээн гүүнээс төчнөөн унага авна гээд заачихна. Ямартаа ч 120 гүүнээс 120 унага авч, сумын Хөдөлмөрийн Аварга болж байсан юм. Харин 1995 онд МУ-ын Сайн малчин болж байлаа.
-Та багадаа аавынхаа уясан морьдыг унадаг байв уу?
-Би чинь зургаатай морь унаж сураад зургадугаар ангид ороод хасагдсан. Анх өөрийнхөө Соотон хээрийг унаж эхэлсэн. Бас Шарга суманд насаараа амьдарсан. Манай хамаатны хүн болох сумын Заан Намхайдорж гэж моринд дуртай сайхан хүн байв. Би түүний халиун морийг унадаг байлаа. Харин мориноос хасагдаад аавдаа туслаж морь уях болсон. 
-Анх ямар удам угшилтай морь уяж байсан бэ. Анхны айраг, түрүүгээ хэдэн оны наадмаас хүртэв?
-1995 онд анхны айргаа амссан. Авах авахдаа бүүр соёолон, шүдлэн тус тус дөрөвлүүлсэн. Тодруулбал цагаан өсгийтэй шарга морь, цагаан өсгийтэй халтар  морь нэг нь аман хүзүүдэж, нөгөөх нь дөрөвлөсөн. Манай өөрийн унаган адуунууд л даа. Тун ч одтой эхлүүлсэн байгаа биз.  Өөр нэг улаан хээр даага байсан нь суманд аман хүзүүдэж, намар нь Хөдөлмөрийн алдар тэмдэглэх наадамд дөрөвлөсөн. Даанч уяа сойлгыг нь буруудуулаад ахиад амжилт гаргаж базаагаагүй. 
-Таны уясан хүлгэдээс давамгай амжилт үзүүлсэн нь гэвэл...?
-Наймаг аймгийн Алдарт цолыг авахад жин дарж амжилт гаргасан нь миний шарга морь, халтар үрээ  хоёр байна. Дааган цагаасаа хурдалсан шарга морь дөрөв айрагдсан бол халтар нь дааганаасаа хойш соёолон хүртлээ тасралтгүй айрагдсан. Би чинь нэг хүүтэй. Түүнийгээ морь унуулж сургах гээд Монгол улсын Алдарт уяач Дамдинбазарын хүү Хадын хээр морийг нэг сая төгрөгөөр авч байлаа. Одоо Булганы Баяннуурт морь уяж байгаа түүний энэ хээр морь суманд нэг түрүүлчихсэн байсан юм.  Манайд ирээд мөн суманд нэг түрүүлж, нэг аман хүзүүдээд, нэг айрагдсан. Тэгээд зэргэлдээ сумдад очиж 10 дотор хоёр, гурван удаа давхисан.  Тэр жил хаврын уралдаан гэж хийж эхлэхэд уралдаад нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Бас л миний алдар нэрийг олонтаа өргөсөн буянтай амьтан. 
-Нэргүйбаатар ахаас өөрийн эрдэм чадлаар нэг гүү авсан  гэсэн байх аа?
-Тийм ээ, нэг сайхан хул гүү өгсөн. Тэр үед уяачдын хуралд аймгийн Алдарт уяач Буяндэлгэр ахтай би явсан. Сум бүрээс хоёр уяач оролцсон л доо. Энэ хурлыг Нэргүйбаатар уяач зохион байгуулж, хоёр өдрийн семинар зөвлөгөөн хийсэн. Тэгээд МУ-ын Тод манлай уяач Максын Ганбаатар, Цэрэнжигмэд, Билэгдэмбэрэлийн уяагаар оруулж, адууны жүчээг нь хүртэл үзсэн. Болоогүй зөвлөгөөн дээр багадаа хурдан морь цуг унаж байсан найз маань ирж, нэг саарал адуу бэлэглэсэн юм.  Дараа нь намар есөн сард би хотод оччихсон байлаа. Тэгсэн найз  “тамганы баярт явна. Чи надтай цуг яв л даа” гэнэ. Ингээд нийслэлийн Алдарт уяач Дашдорж гэж залуугийн аав Баатархүү гэж хүнийд очсон. Баганхангайд тэр л дээ. Би очоод бугуйлаа авлаа. Тэгсэн  Нэргүй хурандаа “за энэ хонгор морийг бугуйлдаадах” гэнэ.  Тэгсэн цаанаас нь нэг хүн бугуйл шидээд, наанаас нь солгой гар талаараа тэр хонгор морь дайраад бугуйлдсан. Хажууд Мичигээ гэж залуу унага уургалж байнаа. Тэгэхээр нь “ах нь жоохон уургалаадахъя. Гайгүй морь өгчих. Уурга байна уу” гэлээ. Намайг бугуйл оруулсаны дараа тэнд байсан залуус зэлний наагуур, цаагуур гарчихсан уургалаад л. Сүүлдээ бүр “Ганаа ахын урдуур гарга, Ганаа ахын урдуур гарга л” гэнэ. Тэгж би тэнд баахан унага барьсан. Нэргүй хурандаа ч сайхан бугуйлдаж байна гэж бахархаж байна гэж жигтэйхэн. Сэтгэл нь хөдлөөд “за энэ хязаалан байдсыг бугуйлдаад бариад авдаг юм бол шууд бэлэглэнээ“ гэх нь тэр.  Би ч бугуйлаа эвхэж байгаад Мөнхбаярыг “чи цаагуур нь яваад шахаж өгнө шүү” гээд бугуйлдаа оруулж, татаад эргүүлсэн. Их ч том байдас байсан. Тэгээд хойтон хавар нь гурван сард намайг дуудаад “ирж адуугаа ав” гэхээр нь Осорнямтайгаа явах боллоо. Манай сумаас арваад хүн явсан л даа. Хотод очсон Нэргүйбаатар хурандаа машиндаа биднийг суулгаад Дорнодын Цагаан-Овоод Монгол Улсын Тод манлай уяач Бандгаан Ганхуягийнд очлоо.  Тэднийд нэг хонож, маргааш нь өнжөөд, адуу мал нэлээн үзэж харлаа. 1500-гаад адуун  дотор биднийг оруулсан. Эхэндээ алийг нь ч олж харж чадахгүй толгой эргэчихсэн. Дараа нь цаашаа явсаар Нэргүй хурандаагийн адуунд очлоо. Тэнд улсын Алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийнх байгаад тэдний ч адуугаар орсон юм. Нэргүйбаатар хурандаа Осорням нар бүлүүд. Түүнд нэг адуу, ах Очирдорж нь мөн нэг адуу бэлэглэлээ. Бас МУ-ын Гавьяат эдийн засагч Авирмэд гэж аймгийн Алдарт уяач манай суманд амьдардаг. Түүнд нэг бэлэгний байдас дайлаа.  Надад бас хоёр адуу бэлэглэчихэж байгаа юм. Буяндэлгэр гуайд нэг адуу бэлэглэсэн. Ингэж Нэргүйбаатар хурандаагийн бэлэгний голдуу адуугаар машин дүүрсэн. Тэндээсээ зарим уяачдаа явуулаад, Нэргүй хурандаа, манай ах, Нямдаваа багш бид хэд Бандгаа Тод манлайнх руу буцлаа. Тэнд очоод Тод манлайтай сайхан яриа хөөрөө дэлгэсэн. Би ч “үнэндээ морь танихгүй ээ. Гэхдээ морь уях дуртай. Та надад ямар ч байсан аймагт уралдах адуу өгчих” гээд үнэн учраа хэллээ. Би тэр үедээ их насны моринд нэлээн шимтэнгүй байсан юм. Тод манлай нэг хүрэн морь заагаад “энэ манай бор морины дүү байдсаас гарсан унага. Хөлөнбуйрын адуу. Улсад уралдах морь доо. Авбал ав” гэнэ. Цааш нь би нэг халтар үрээ харснаа асуувал “манай хадмын адууны угсааны юмаа. Энийг би зарахгүй ээ” гэлээ. Нэргүй хурандаа ч “энэ нэг саарал даагыг ав. Хурдан болно шүү” гэхээр нь эргүүлээд харвал нэг тал нь шар, нэг тал нь цагаан даага байна. Би эргэлзсэнгүй шууд авъя л гэсэн. Удам угсааг нь асуувал улсад эрлийзтэй уралдаад түрүүлсэн Улаанаагийн хул азарганы төл байсан бол эх нь нэг боролзон гүү гэнэ. Үнийг нь асуувал “ хоёр саяд аваа л” гэсэн. Нэмээд хүрэн морины үнийг асуувал зургаан сая гэсэн. “Таныг сая төгрөг татвал авъя” гэв. Тэгсэн чамд нэг үрээ санал болгоноо гээд цааш явбал хониных нь суурь дээр дөчөөд үрээ тэжээгдэж байлаа. Тэрэн дотроос “энэ хар үрээг ав, дөрвөн саяд” гэхээр нь авсан. Адуугаа аваад гаднаас нь яг хөдлөх гэж байтал Бандгаа “хөөе дарга хүрэн морь чинь ирчихлээ. Авахгүй юмуу” гэнэ. Би авбал таван саяд авна гэвэл Нэргүй хурандаа цаанаас нь сая төгрөгийг нь уртын зээлээр авчихгүй гээд инээж байна. Тод манлай ч тэгэхгүй юу гэж зөвшөөрлөө. Ингээд би  зургаан саяд хүрэн морь, дөрвөн саяд нэг үрээ, хоёр саяд нэг даага авсан. Авчраад тэжээж байгаад тавьсан хүрэн морь долоо дээр ирсэн бол хар үрээ суманд нэг түрүүлсэн. Зэргэлдээ сумдаар очсон газар бүртээ айрагдсан. Даанч хар хязаалан аймагт уяаны алдаа гараад, хөтлөж явсаар 15–аар орсон. Арай л тарган уяад байсан байна лээ. Соёолондоо ч зарлагдаж яваад  наашаа даваад 21-ээр ирсэн. Маргааш нь хар үрээгээ унтуулж аваад, Яруу саарлаа мордуулах уу байх уу гэж эргэлзэж байгаад тавьсан. Тэгсэн аймгийн наадмын түрүүгээр хурдлах нь тэр. Манай сумын улсын Алдарт уяач Жигжид гэж хүн бий. Түүний морь аймагт түрүүлснээс 30 жилийн дараа сумаасаа аймгийн наадмын түрүү авсан нь тэр. 
-Яруу саарал аймагт хэд орсон юм?
-Яруу аймагт түрүүлгэчихээд сумандаа ирж  түрүүлсэн. Тэгээд энэ жилийн 2016 оны Говь-Алтайн баруун бүсэд дөрөвлөөд, сумынхаа 90 жилийн ойд ахиад айрагдсан. Увс аймгийн даншигт очиж 11-ээр ирсэн бол хар хязаалан Ховдын баруун бүсэд 16-гаар ирсэн. 
-2016 оны соёолон юм байна, тийм ээ?
-Дэлийг авчихаад байгаа. Азарган соёолон болоод байна. Дүнжингараваар очиж 44-өөр ирээд, Өвөрхангайн бүсэд 28-аар давхисан. Бас хөөрхөн түүхтэй ээ. Тэр үед Нэргүй хурандаа тосч аваад Өлзийт хороололд байрлаад байтал Тод манлай уяач Бандгаа ирсэн. Тэгээд харснаа “үнэхээр сайхан хувирсан байна. Сайхан ч тэжээжээ” гэснээ намайгаа бас явуулаад “морь тэжээдэг аргаасаа зааж өгөөрэй” гэж инээдэм болсон. Урам хайрласан гурван сайхан үгийг бас хэлж билээ. Саарал үрээ сайхан хувирсан байна гээд араас нь үнэхээр сайн тэжээжээ гэсэн. Гэхдээ хоёр наадамд амжилт гаргахгүй ээ. Гурав дахь наадамдаа холхон давхина даа гэж хэлсэн юм. Үнэхээр ч  Дүнжингараваар 44-өөр ирээд, Өвөрхангайд 28-аар давхихдаа нэлээн зарлагдсан юм шүү. Дараа нь Ховд аймгийн бүс Цэцэг суманд болохоос нэг өдрийн өмнө гэртээ иртэл ах хамт явахаар хүлээж байна. Ингээд хоёулаа замдаа гарсан шөнө цасанд суугаад, дүүгийндээ очиж хоносон юм. Маргааш өглөө нь ч боллоо. Уг бүсэд 140 гаруй соёолон мордож, холхон түрүүлсэн.  Тод манлайн яг л хэлснээр болсон  гээч. Түүнээс долоо хоногийн дараа манай аймгийн хаврын бүс болж, мордуулаад ахиад хол түрүүлгэсэн.  Дараа нь сумынхаа 90 жилийн ойд айрагдаж, 30-нд даншигт очиж, 147 соёолонтой уралдсан. Тэгэхэд бас хоолны л алдаа гаргачихсан болов уу. Хар үзүүр дээр ирэхэд нэг сууж 12 дээр ороод, дахиад барианаас дөрвөн км дутуу байхад бас нэг хөтөлж үзээд дөрөвлөсөн. Тэнд үнэхээр манай аймагт зартай хурдууд цугласан байж билээ. 
-Яруу саарал гэж ямар учиртай нэр вэ?
-Харайлт нь сайхан яруу л даа. Ямар гоё гээч. Манай хүүгийн өгсөн нэр байгаа юм.
-Нөгөө зургаан саяд авсан хүрэн морь яасан бэ?
-Тэр сумандаа долоогоор ирсэн. Бандгаа ерөөсөө нэг л уралдуулаарай, сайн тордоорой гэж захисан юм. Даанч би тэвчилгүй аймгийн баруун бүс, компанийн 20 жилийн ойгоор мордуулчихсан. Тэнд 30 гаргаад ирсэн. Багийн өдөрлөгт бас тавьсан. Ингээд намар нь ижилдээ явж байгаад гэнэт л  энэ хойно хэвтчихсэн юм даа.
  Яруу саарлаа баруун бүсэд айрагдуулаад Бандгаад хэлсэн үү?
-Хэлэлгүй яахав. Тэгсэн “та ч тэндээ морийг баллаж тавьдаг хүн байна шүү” гээд инээж байна лээ.
  Яриагаа таны жороо морьдын амжилтаар үргэлжлүүлье. Удмаа дагаад жороо мориор нааддаг гэсэн байхаа.
-Тиймээ, сайхан нааддаг байлаа. Би чинь жороо морины өвчтэй хүн. Нэг хэсэг өөрийнхөө болон хань ижлийнхээ олсон таван цаасыг моринд их ч зарсан. Янз янзын адуу авснаас шальсан нь ч бий, шалихгүй нь ч бий. Миний жороо хул морь чинь Ховд аймгийн Алтай сумын Батнасан гэж хүний унаган адуу байгаа юм. Тэр хүн их олон жороо морьтой. Тэр жил манай сумын 80 жилийн ой болох гэж байлаа. Тэгсэн Ховдын Алтай сумын Мананхүү гэж найз маань ирээд Тонхилд хоёр сайхан жороо морь нэг залуу авчраад орхичихлоо. Очиж сонирхооч гэнэ. Бид ч  хамтдаа Тонхилд очвол хоёр хул морь уячихсан залуу байна. Харвал нэг нь хөгшин, өнөөх нь соёолон үрээ байнаа. Залуу нь жороолж байгаад алдаад л явна. Харин наадах хөгшин нь мордоод л жороолж байсан. Үнэ өртгийг нь асуувал бүдүүн хул морио 800,000 төгрөгт ав  гэнэ.  Нөгөөхөө 1,5 сая гэж байна. Мөнгө хатуу л байсан үе ш дээ.Буулгачих санаатай ярьж хөөрсөөр үүрийн дөрвөн цаг хүргэсэн. Сүүлдээ ч  “1,5 саяд авбал ав, авахгүй бол зарахаа болъё” гэнэ. Ингээд 1,5 саяар нь аваад, тэр жилээ долоо дээр ирсэн. Харин хойтон жилээс нь завсаргүй түрүүлж, энэ жил аймгийн даншигт бараг л түрүүлсэн. Манай сумын 90 жилийн ой чинь аймгийн наадмаас том болсон. Сумандаа гурав, дөрвөн ч айрагтай наадлаа. Дүүгийнхээ нэг бор даагыг аман хүзүүдүүлсэн.  Яруу саарал дөрвөөр ирж, хул маань гуравлалаа.
-Та багийн Засаг даргын албыг хэзээнээс хашиж байна вэ. Хужирт багт хичнээн уяач байна?
-Манай Хужирт багийнхан чинь эрийн гурван наадмаараа одтой нааддаг улс. Манай багаас МУ-ын нэг заан, нэг начин төрсөн бол сумын заан 22 бий. Хүчтнүүдийн өлгий байгаа биз. Бас олон сайхан уяачтай. Чогдонбаавайн ягаан морь бол яг л энэ Хужиртын унаган адуу. Мөн сумандаа олон ч удаа түрүүгээр хурдалсан бор морь байна. Аймгийн Алдарт уяач дөрөв байна. Монгол улсын Сайн малчин Дүйлзэнсүрэн, Баатарсайхан, Гансүх, Лхагвасүрэн, Осорхүү, Гүрноров нарын зургаан хүн байна. Сумын Аварга малчин Баяржаргал гэж бас одтой нааддаг уяач байна. Миний ах бас багтана. Унаган адуугаараа наадаж буй ах маань сумын ойгоороо уясан хүлгээ аман хүзүүгээр хурдлууллаа. Манай баг чинь сумандаа хурдаараа дээгүүрт бичигдэнэ шүү. 
-Багийнхаа гурван үеийн төлөөлөл болсон уяачдаас нэрлээч?
-Зэгзжавын бор манай багийн нэрийг олонтаа гаргасан. Тэгээд Баасан баавай, Жамсранчимэд, манай аав, Сосор нарын мундаг буурлуудыг нэрлэж болно. Харин дунд үеэс Бямбадорж, манай ах Лхүндэнсүрэн, Лхагвасүрэн гээд явна. Залуусаас Нэргүйбаатар хурандаа, Баяржаргал, Баатарсайхан, сүүлийн үеийнхээс Элбэгдорж гэж үнэхээр сайн залуу уяач орж ирсэн. Даанч энэ хавар бурхан болсон, хөөрхий. 
-Сумын баяр наадмаар дээгүүр бичигдэх ямар хурдан хүлгүүд байна?
-Манай багийн Жигжидийн Бямбадорж гэж аймгийн ХАА-н тэргүүний ажилтан хүний бий. Түүний бор морь энэ сумандаа гурав түрүүлсэн. Тэр нэг жил манай багийн Бямбадоржийн бор морь түрүүлж, манай багийн бөх түрүүлж байлаа. Сумын Заан Цогтбаатар гэж хоёр жил дарааллан түрүүлсэн миний үеийн бөх бий. Тэрний ард Сосорын борлог гэж хоёр аман хүзүүдсэн ийм цуутай хурдан хүлэг байна. Сосор гэж хүн манай суманд олонтаа түрүүлсэн Лодончулууны шарга морины унаач байгаа юм. Одоо настай буурал бий. Энэ борлог, шарга хоёр олон жил сайн давхисан. Залгаад манай ахын хул азарга ч олон түрүүлсэн. Дараа нь Баяржаргалын халтар азарга, улсын сайн малчин Лхагвасүрэнгийн хээр морь, шарга даага, миний хээр морь олонтаа дээгүүрт давхисан. Сүүлийн үед миний Яруу саарал бас сайн байгаа юм. 
-Та хэдэн хүүхэдтэй юм бэ. Хүүхдүүд морь уяж байна уу?
-Би хүү, охин хоёртой. Хүү морь уянаа. Сумын Алдарт уяачийн болзлыг хангачихаад байгаа. Хүү МУИС-ийн биеийн тамирын ангид, охин эдийн засгийн ангид сурцгаадаг. 
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүхний ажил үйлс өөдрөг байг. Хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна