УЯАЧ Л.БАТДЭЛГЭР: ИХ НАСНЫ САЙН МОРЬ ХҮНД ГАНЦ Л ЗАЯАДАГ ГЭДЭГ

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 25 -нд

Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Ламжавын Батдэлгэртэй ярилцсанаа хүргэж байна. 1957 оны хавар Төгрөг хэмээх газар айлын тав дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр АХ-ын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, байлдааны "Цагаан морь" медалиар шагнагдаж явжээ.

-Танай удамд Намсрай гэж алдартай уяач байжээ. “Хүн ахтай, дээл захтай” гэдэг монгол уламжлалаа дагаж, тэр хүний дурсамжаар ярилцлагаа эхэлье.
-Тэгье, манай аавын төрсөн дүү байгаа юм. Эцэг, эхээс дөрвүүлээ,  айлын отгон хүү. Намсрай ах 1935 онд төрсөн. Би төрсөн газрыг нь сайн мэдэхгүй юм. Ямартаа ч хавраар л төрсөн гэдэг юм. Сайхан наслаад 2015 онд бурхны орондоо одлоо. 
-Өвөө тань морь уядаг байсан юм уу?
-Манай өвөө Норовжав гэж төрийн алба хашдаг хүн байсан юм гэнэ лээ. Замын-Үүдийн Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Нялга сумын намын үүрийн нарийн бичгийн даргаар томилогдож, улмаар Баянжаргаланд ажиллах болсон гэдэг. Нялга суманд ажиллаж байх үед нь анх нэгдэл байгуулагдсан гэдэг. Түүнээс хойш ямар ажил алба хашиж байсныг нь тодорхой хэлж мэдэхгүй юм.
Гэхдээ манай өвөөгийн цагаан морийг хүмүүс анддаггүй юм билээ. Би ч сураг л дуулснаас цаашгүй. Бас нэг хурдан хул алаг морины сураг дуулддаг. Баянцагааныхан анддаггүй л юм билээ. Учир нь, манайх Баянцагааны урд талаар нутаглаж байгаад багаараа Нялга суманд шилжиж ирсэн гэдэг. 
-Аль нутгийн хүн байсан юм бэ?
-Эндхийн уугуул. Бусад аймаг, сумд руу албан томилолтоор явж ажиллаж байсан юм. Хөгшин нь “уран” Буянравжих гэж сайхан буурал байлаа. Гөлөм сайхан ширнэ, юм сайхан оёно. Их уран хүн байсан даа. 
-Хүү Намсрай нь ямар, ажил алба хашиж байсан юм бол?
-Нялгын Модонгийн сургуульд дөрөвдүгээр анги төгсөж, бага ангийн боловсрол эзэмшсэн. Нэгдэл анх байгуулагдахад Баян сум руу хуваарилагдаж, тэндээ малчин, тоо бүртгэгч, адуучин байсан. Ерөнхийдөө адуу, тэмээ хоёр л хариулж, аймгийн Аварга адуучнаар шалгарч байсан хүн дээ. 
-Тэгээд хэдий үеэс морь уяж эхэлсэн гэдэг вэ?
-Социалист нийгмийн үед морь уях хэцүү байлаа шүү дээ. Тиймээс тэр үед алдаг оног уядаг байсан гэдэг. Их насны сайн морь хүнд нэг л заяадаг гэдэг юм билээ. Харин манай өвгөн ахад хоёр, гурав заяасан юм. Хоёр ч шарга морь байлаа. Хөгшин шарга нь гойд хурдан байсан.
-Хөгшин шарга хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Дарханы Түрэгийн Жамбалын халиун азарганы төл. Эх нь манай унаган шарга гүү байсан юм.
Манай аав эрт бурхан болчихсон болохоор Намсрай ах маань бидний аав болсон хүн л дээ. Өөрөө 60 гарсан хойноо л хань ижилтэй болсон. Төрсөн үр хүүхэдгүй болохоор хэдэн малаа бидэнд өвлүүлж үлдээсэн юм. 
-Том шарга хэрхэн давхиж байв?
-1973 онд аймгийн 50 жилийн ойн наадмаар ганц удаа аваачиж уралдуулсан юм. Улмаар улсын баяр наадамд уралдаж, арван хэдээр ирсэн. Мөн сумандаа олон удаа түрүүлж, Налайхын баяр наадамд аман хүзүүдэж байлаа. Соёолонгоос нь уяж эхэлсэн юм. Тэгээд эхний жилээ сумандаа аман хүзүүдэж, түүнээс хойш айраг, түрүү огт алдаагүй. Цантын багийн хул алаг, манай шарга хоёр л өнгөнд ээлжилдэг байлаа шүү дээ.
Бас дааганаасаа соёолон хүртлээ айраг алдаж үзээгүй хээр морь бий. Сүхбаатарын цавьдар, манай хээр хоёр хойно урдаа л ирдэг сэн. Даанч тэр хээрийг Цагаандэлгэр рүү зарчихсан юм. Дараа нь Дэрэн рүү гарсан дуулдсан, тэгээд л сураг алдарсан даа.
-Том шарга хэд хүртлээ уралдсан бэ?
-17 хүртлээ уралдсан. Тэр үед Тууварчдын наадам хоёр жил дараалан болсон юм. Баянжаргалан, манай сум хоёроос л лав таван түрүү хүртсэн санагдаж байна. Тэр наадамд хол тасархай түрүүлж байлаа. Сумандаа ч бас түрүүлэхдээ их хол ирдэг байсан юм. Бид ч сумандаа гэхээсээ Баянжаргалан руу л их нааддаг улс. Тэнд ч бас түрүүлж байсан. Ер нь хамгийн холдоо Цагаандэлгэр явж наадаж байлаа.
-Ямар удам угшилтай адуунуудаар нааддаг байсан юм бол?
-Манайх дээр үеэсээ гүү сайтай айл байсан юм билээ. Миний мэдэхээр 1970 хэдэн оны үед Намсрай ах Дархан сум руу отор хийж яваад ирэхдээ Түрэгийн Жамбал гэдэг хүнээс цагаан халиун ханхар саран тамгатай азарга авчирч тавьж байсан юм. Тун зэгзгэр цэвэрхэн азарга байсан даа. Мөн Батбуянгийн адууны цус ч бий.
-Батбуянгийн адууны угшилтай нэг азаргатай гэж сонссон?
-Манай адуунд олон талын цус холилдсон. Гал гуайн хээр азарга, Дулаан угшлын адууны цус ч бий. Алдартай хүрэн морины эзэн Галын хөгшин  нь манай аавын эгч байгаа юм. 1990-ээд оны үед Галын Шагдараас улаан азарга авч цус сэлбэсэн. 
-Намсрай гуай өөр ямар, ямар хурдан буянтай байсан бэ?
-Хоёр шаргаас өмнө цагаан халиун морь байсан боловч олон уралдуулж чадалгүй алдчихсан. Тодруулбал, 1989 онд Баянжаргаланд очоод, ах “Эвгүй мордчихлоо. Асраа нэг тойруулаад буулгая” гэснээ гэнэт явуулчихсан юм. Тэгээд л уралдааны замд ойчсон. Уг нь хөгшин шаргаас ч хурдан адуу байсан даа.
-Бага шарга нь хэдий үеэс хурдалж эхэлсэн юм бэ?
-Хожуухан буюу 1995, 1996 оноос хойш хурдалж, Баянжаргаланд хоёр ч удаа айрагдсан. Хөгшин шаргын эхийнх нь дүү гүүнээс гарсан, угшил нэгтэй. Эцэг нь манай унаган хонгор азарга байсан юм.
Багад нь уяж байсан ч нэг их хурдлаагүй. Хязааландаа Баянжаргаланд арван хэдээр давхиж, соёолондоо айрагдаад, есөн настайдаа Баянжаргаланд болсон Түмэн адууны баярт мөн айрагдсан. Шарга, хээр хоёр гурав, дөрвөн ч удаа эхний хоёрт дараалан ирж байлаа. 
-Намсрай гуай морьдынхоо хэрхэн уралдахыг таамаглаж, тэр тухайгаа та нарт хэлдэг байсан уу?
-Хуучны хөгшчүүл айхтар байлаа шүү дээ. Морь гарахыг харчихаад л айргийн таван морийг нэрлэчихдэг байсан даа. Манай ах ч бас тэдний нэг явсан. 
-Морь уяхдаа юунд илүү ач холбогдол өгдөг хүн байсан бэ?
-Адуучин хүн болоод ч тэр үү, адуу малыг их гамтай унаж эдэлдэг байсан. “Өвөл нь зөв эдэлж, хорыг нь гаргавал зун уяхад дөхөм болдог” гэдэг байлаа. Барьж уяхаас 20-иод хоногийн өмнө буюу тавдугаар сарын хөх салхины өмнөхөн холхон газар унааны сэлгээнд аваад явчихна. Тэгээд замынхаа талд нь унаад, талд нь хөтлөөд ирнэ. Тэгж л биеийнх нь хөндүүрийг гаргадаг байсан даа.
-Зарим уяач хаврын хөх салхинаар уячихдаг шүү дээ?
-Манай ах бол “Хаврын салхи муу” л гэдэг байсан юм. 
-Морьдоо ер нь тарган уралдуулдаг байв уу, эсхүл...?
-Ерөнхийдөө эцэнхий талдаа. Тэгээд ч тэр үү, хүмүүс ахыг “Жаахан уяа чангатай байсан болов уу” гэлцдэг юм.
-Бага насны адуу уяа чангатай хүний гарын ая даахгүй шүү дээ. Тэгээд л их насны морьд голдуухан уядаг байж л дээ?
-Тийм, их насны морьдыг үнэхээр сайн уядаг байсан шүү.
-“Урт цагийн уяанаас уралдахын урд өдрийн хоол чухал” гэж уяачид ярьдаг. Үүнтэй санал нийлдэг үү?
-Санал нийлэлгүй яах вэ. Лэнсээ ихтэй газар морио тавьчихвал гэдэс дотор нь эвгүйтээд, хэцүү шүү дээ.
-Лэнсээ гэдэг нь...?
-Өмхий өвс, хогийн ургамал гэсэн үг л дээ. Сайхан хиагтай газар л морьдоо идэшлүүлэхийг бодно. Ах маань адууныхаа хоолыг нэг их хасдаггүй байсан юм. Ер нь л бүтэн хоолтой шахам л мордуулдаг байсан.
-Уяачид уясан хүлгээ түрүүлээд ирэхээр өөрийн эрхгүй л огшдог доо. Намсрай гуай сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг хүн байв?
-Сэтгэлийн хөдөлгөөн тун багатай хүн байсан. Оныг нь тодорхой мэдэхгүй байна. Тэр жилийн наадмаар ах маань хөгшин шарга мориныхоо уяаг ханачихлаа гэж бодож л дээ. Тэгээд багийн даргаар ажиллаж байсан Батсүхтэй хамт замын ойролцоо нэгэн толгой дээр суугаад дурандаж байж. Гэтэл унаач хүүхэд нь буруу замаар ороод, бригадын төв рүү явчихаж. Тэгээд Батсүхтэй хамт мотоцикльтой очиж, шарга морио уралдааны замд нь оруулаад “Шарга мориныхоо хурдыг мэдлээ” гэж байсан гэдэг. Тэгэхэд бас л их хол тасархай түрүүлсэн гэдэг. Тэр наадмаар ах маань бусад жилийнхээс илүү баяр хөөртэй байсан болов уу.
Бас нэгэн удаа толгод дээр гараад дурандаж байтал том шарга морь, хул халзан хоёр л гараад ирсэн байгаа юм. Тэгээд шарга морь түрүүлж. Тэгэхэд ах маань догдолсондоо ч тэр үү, хөөргөө тэндээ орхичихоод бариа руу хүрээд ирсэн гэдэг. 
-Та ахыгаа сайн адуучин байсан гэлээ. Адуу малаа хатгаж, эмнэж домночихдог байв уу?
-Ил судсуудыг бол хатгачихна аа. Надад ч бас ганц, хоёр судас зааж өгч л байлаа.
-Хурдан морь хэр шинждэг байв?
-Адууны шинжийг бүх талаас нь гадарлана шүү. Сайн ч танина. Даанч тэр болгоноо хүнд хэлэхгүй. Олон сайхан буян харж, нүдний хор нь гарсан хүн дээ.
-Улсын баяр наадамд оролцож байсан юм болов уу?
-Ардын хувьсгалын 35 жилийн ойн баяр наадмаар улсад очсон юм билээ. Тэр үед хонгор азаргаа зугтаалгаад, Алдартолгойн тэндээс барьсан гэдэг байх шүү. Ямартаа ч хул халзан азарга зургаалж байсан юм. Мөн Гал гуайн хүрэн морь хоёр дахиа түрүүлж, манай ахын хүрэн морь дөрөвлөсөн. 
-1956 онд Ардын хувьсгалын 35 жилийн ойн наадмаар Нялга Намсрайн хүрэн морь түрүүлсэн гэж тэмдэглэсэн байдаг юм билээ. Улсын баяр наадамд дахиж оролцоогүй юм уу?
-Тэр жилдээ Хэнтий рүү наадамлаад, есдүгээр сард Галшар, Баянхутагаар яваад, хүрэн морио осолдуулчихсан юм байна лээ. Түүнээс хойш улсын баяр наадамд оролцож чадаагүй.
-Ах тань их насны морьдоор голдуухан нааддаг байжээ. Уяачийн эрдмийг жинхэнэ шалгадаг л гэдэг дээ?
-Тийм. Хүмүүс ахыг их насны морь уяхдаа сайн гэлцдэг юм.
-Танай ах дүүсээс хэнийг нь онцолж, уяачийн эрдэм ухаанаа өвлүүлж үлдээхээр зааж сургамжилдаг байв?
-Манай дүү Батцэнгэл бид хоёр л хажууд нь түшиг болдог байсан юм. Дүү маань моринд нэг их хорхойсохгүй. Би ч төвд голдуухан байгаад зах зээлд шилжсэн үеэр л хөдөө гарч ирсэн юм. 1993 оноос хөдөө өвгөнөө түшиж байгаад, 2008 онд манай хөгшний бие муудаад, эмчилгээ хийлгэхээр эргээд төв бараадсан. Хөгшнөө алдсанаас хойш эргэж хөдөө гарч чадаагүй. Урин дулааны цагт л хүүхдүүдийнхээ дэргэд жижиг гэртэй буучихаад, ач зээ нараа морь унуулж сургана, морьдоо уяна.
-Таны нэртэй хүлгүүдээс гойд хурдан нь хаанахын угшилтай, ямар адуу байв?
-Манай дүү Батцэнгэлийн Цэнгэлийн хээр гэж алдаршсан сайхан хурд бий. Баянжаргалан, Багахангайн баяр наадамд уяж, айрагдуулж байлаа. Сумандаа хоёр, гурван ч удаа айрагдуулсан.
Бас нэг хүрэн морь соёолонд нь Баянжаргалангийн баяр наадамд наймлуулаад, найман настайд нь уяан дээрээсээ алдчихсан. Мөн жижиг наадмуудад нэлээд хэд айрагдсан хээр морио чөдөрлөж хоноод, гэрийнхээ гаднаас алдчихсан. 
-Энэ хавиар малын хулгай ихтэй юм аа даа?
-Уг нь гайгүй л байдаг юм. Яагаад ч юм, миний хоёр гайгүй морийг л шоглочихсон. Төв аймгаас цагдаа ирж, баахан тэмдэглэл хийж, медалийг нь аваад л явсан. Тэгээд морь ч үгүй, медаль ч үгүй, сураг ч үгүй алга болсон доо. 
-Харамсалтай юм. Ингэхэд таныг залгамжлах уяач хүүхдүүд дундаас тодорч байна уу?
-Манай хүү моринд дуртай. Гэвч би төв рүү оруулаад, жаахан буруудчихаад л байгаа юм. Мөн Намсрай ахын зээ Билэгсайхан гэж моринд дуртай хүү бий. Бас л Багахангай дүүрэгт албан ажилтай. Уг нь морь уядаг байсан ч одоо ажил алба гээд хөдөө гарч ирж амжихгүй байх шиг байна. 
-Хоёулаа ахын тань хэлж захидаг байсан сайхан сургаал үгсээр ярилцлагаа өндөрлөе?
-“Нэгэнт мал тамлаж байгаа хүн лэнсийрч болохгүй шүү” гэдэг байлаа. Архи тамхи, зугаа цэнгэлийг хатуу хорино. “Наадмын дараа жаахан буурь сэлгэж буугаад, оруулж гаргах хүмүүсээ зохицуул” гэдэг байсан юм.
-Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан,  Эрдэнэ сумдын тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна