АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.МӨНХБАЯР: БИ Ч МОРИНЫ ТӨЛӨӨ УЙГАГҮЙ ЗҮТГЭЖ ЯВАА ХҮН ДЭЭ

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 23 -нд

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, Мандал хайрхан нэгдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Мижимаагийн Мөнхбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр сумын мянгат малчин бөгөөд 1973 оны хавар төржээ.

-Нутгийн олон таныг дааган Мөнхбаяр гэлцэх юм. Даагаар одтой нааддаг байх нь ээ?
-“Тод магнай” сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би аймагт хоёр гурван даага, суманд нэлээн  даага түрүүлгэснээс үүдээд ийм нэртэй болсон юм болов уу. Морь уяад аймагт даага түрүүлгэж, шинэхэн уяач би анхны түрүүгээ авч байлаа. Түүнээс өмнө хадам талын ханх Равжаа гэж хүнээс нэг хурдан хээр морь авсан юм. Доржсүрэнгийн шар хээр морины төрсөн дүү хээрээ уядаггүй унадаг байлаа. Тэгсэн тэр жил аймагт Эрээнсүрэнгийн морь аймагт түрүүлэхэд, халтар бор азаргатай шуугиж очоод нэг юм бодсон л доо. Түрүүлсэн морь миний хээртэй адилхан ч гэж жигтэйхэн. Тэр үед л ерөөсөө хээр морио уяхаар шийдэж, суманд 20 гаргаж давхиулж явлаа.
-Даага түрүүлгэсэн нь хэдэн он юм бэ?
-1997 онд халтар даага сул түрүүлгэсэн. Үргэлжлүүлээд дөрөв уралдуулж, дөрөв түрүүлгэсэн. Тэр жил манай сумын ойноос гадна Эрдэнэцогтын сургууль, Хөгжимт драмын театрын ой тус тус болсон юм. Ингэж даагандаа дөрөв түрүүлээд, шүдлэн таргадаад уяж чадаагүй. Харин соёолондоо аймагт наймаар давхисан бол нийлсэн хойноо ганц, нэг давхисан. Түүнчлэн Баянхонгор аймгийн хаврын анхны “Хонгорын хурд”-д нэг айрагдсан.
-Эндхийн унаган адуу юу?
-Тиймээ, манай унаган адуу болох шарга азарганы төл байсан. Одоо 20 хүрчихсэн хөгшин адуу байна.
-1997 онд аймагт даага түрүүлгэснээс хойш хэдэн даага түрүүлгэж айрагдуулсан бэ?
-2000 онд аймгийн наадамд халтрынхаа дүү хүрэн даагыг түрүүлгэж байлаа. Эх нь алтан савтай, буянтай гүү байсан юм. Надад дандаа хурдан эр унага төрүүлж өгсөн. Гэхдээ дүү нараас нь уяж чадаагүй ээ.
-Халтар, хүрэн даагануудаас өөр ямар адуугаар ямар амжилт гаргаж байв?
-Баянхонгор аймгийн 70 жилээр Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга асан Жанцан Хүрэлбаатарын хар даагыг түрүүлгэж байлаа. Тэр даагыг Сүхбаатарын Онгуу Манлайгаас би өөр нэг даагатай нь хамтад нь авчирсан юм.  Хоёулаа их хурдан байсан.
-Аймаг, сумын наадмаас дааганы хичнээн айраг, түрүүг авсан байна вэ?
-Аймаг, сумын наадмаас арав гаруйг авсан болов уу.
-Бага насны адууны уяанд юуг онцгой анхаарах ёстой вэ?
-Даага жоохон тамиртайдуу байвал давхичихаад байдаг. Би ч голдуу хусран буюу сүүтэй  даага уядаг байлаа. Харин сүүлдээ сүүгүй тэжээлтэй даага ч уясаан.Ер нь хавар их бэлдэх хэрэгтэй л дээ. Гэхдээ өнөөдөр ч  тэжээлгүй адуугаар уралдахаа байлаа  даа, тиймээ.
-Та хавартаа яаж бэлдэх үү?
-Хавар сайхан сургаад тэжээнэ дээ. Би чинь дээхнэ хусран дааганууд л уяж байсан юм чинь. Харин тэжээл гарснаас хойш хусран гэлтгүй тэжээлгүй дааганууд ч давхиулж л байна. Гэхдээ би олон сараар тэжээж чаддаггүй юм аа. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 28, 29-ний хавьцаа барьж уяад, ногоо гартал тэжээдэг.
-Ногоонд шууд гаргах уу. Эсвэл дасгах уу?
-Тухайн жилийн ногооны гарцаас хамаарна. Хатсан жил бол тэжээлтэй явна. Эсрэгээрээ зуншлага сайхан бол ногоонд гаргачихдаг.
-Ногоонд гарсан хойно нь ганц нэг барьж авч унаж эдлэх үү?
-Тэгэлгүй яахав. Бас л мориныхоо байдлыг харж байгаад ажлыг нь тааруулж хийнэ. Ер нь ногоо сайтай жил  7-10 хоногийн зайтай унаж эдлэхэд яг таардаг.
-Дааганд хэд хоногийн уяа орох уу?
-Зургаан сарын 20-д гаргаад барина даа. Миний хувьд алсын эдэлгээтэйг нь бодож 10 гаруй хоногийн уяа хийдэг.
-Дааган Цэндээ, дааган Ганаа нартай уулзаж байхад “амыг нь зөв мэдүүлж зөв сургасан бол уяаны 50 хувийг хийчихэж байгаа тэр” гэлцэх юм билээ. Та даагаа сургахдаа  юун дээр илүү анхаардаг вэ?
-Би чинь багын л моринд хорхойтой нэгэн явлаа. Тиймдээ ч том том уяачдын яриа, тэдний морины тухай ярьсан сонин сэтгүүл, телевизийн нэвтрүүлгийг алгасалгүй үзэхийг боддог. Эндээс сонссон дуулснаа л амьдралдаа хэрэгжүүлж яваа хүн гэж болно. Дээр нь нутгийнхаа сайхан уяачдаас зөвлөгөө авна. Тэрнээс миний хувьд янз бүрийн юм яриад байхаар сүрхий уяач бишээ.
Бага адууг ч аргаар л сургах хэрэгтэй юм билээ. 1997 онд нэг хусран хондон даагыг барьж аваад нэг банди мордуулсан чинь булгиад шидчихсэн. Тэрнээс хойш дандаа булгидаг болчихсон.  Яагаад ч аргалж чадаагүй шүү. Гараан дээр л эвгүйтвэл булгичихдаг байлаа.
-Адуунд урам оруулна гэдэг үгийг Тод манлай уяач Д.Онон гуай их хэрэглэдэг. Магадгүй бага насны адуунд энэ илүү ойр үг болов уу?
-Их зөв юм шиг байна лээ. Ажиглахад тар сунгаанаар морьтой хүүхэд дагуулж уралдуулаад, татуулж хоцроохоор их урам орох юм билээ. Өөрөөр хэлбэл  өөрөө хоцроод нөгөө даагаа албаар түрүүлгэхгүй юу.
-Бага насандаа уясан дааганууд том болоод хэр давхиж байна вэ?
-Халтар морио ид үед нь даанч хөлийг нь авчихсан. Харин сүүлийн даагандаа давхиж байсан хоёр адуу одоо ч сайн давхиж байна. Ноднин халзан азарга аймгийнхаа өвөл, зуны бүсэд хоёуланд нь айрагдсан. Гэхдээ сүүлийн үед тэжээл гэж гараад цаг үеэ дагахаас өөр аргагүй байна. Ноднин өвлөөс хоёр даага тэжээсэн ч буруудчих шиг боллоо. Хүсч байсан шиг  амжилт гаргаж чадаагүй. Ажлаа арай бага хийчихсэн юм байлгүй дээ.
-Ямар ч байсан жилдээ хоёроос гурван даага уядаг юм байна, тийм ээ?
-Тийм ээ. Нас бага байхдаа бараг эр болгоныг нь барьж аваад уячихдаг  байлаа. Харин одоо бол эцэг эхийг нь харж байгаад ганц нэгийг шилж уядаг ухаантай.
-Уяа эвлүүлсэн энэ он жилүүдээс хамгийн одтой наадсан нь хэзээ вэ?
-2011 онд Баянхонгор аймгийн 70 жил болсон юм. Тэр жил хар даагаа түрүүлгэж, халзан даага хоёрлуулсан. Бас Жанцын Хүрэлбаатар гэж багшдаа зарсан Сэргэлэн бор гэж даага аймагт айрагдсан. Мөн шүдлэн түрүүлж, ах Мөнхжаргалынхаа бүүдэн үрээг, их насанд Хүрлээ багшийн Шувуун бор морийг тус тус айрагдуулсан. Тэгээд Цагаанцахирын наадамд Шувуун бор морио түрүүлгэж, хоёр даагаа дараагаар нь оруулж, Бөмбөгөр суманд ахиад дараагаар оруулсан. Мөн шүдлэнд бор үрээгээ түрүүлгээд, бүүдэн үрээгээ айрагдуулж, бор морио түрүүлгэсэн. Бас шүүхийн ойгоор хоёр үрээтэй очоод хоёр айраг авсан. Тэр жил ханатал сайхан наадсан.
2011 оны урд жилийн намар орой сайхан бороо орж, ахиж ногоо хэнзлээд өвөл адуу тамиртай онд орсон. Тэгээд дараа зун нь ногоо эрт идсэн болохоор морьд хурдан байлаа. Ер нь морь хурдлахад тэр жилийн онд оролт, цагийн байдал, ногоо цагааны гарц их нөлөөлдөг юм.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болсон билээ?
-2008 онд аймгийн Алдарт уяач болсон. Ямар ч байсан болзол хангасан болоод л өгсөн гэж боддог. Би ч морины төлөө өөрийнхөө хэмжээгээр уйгагүй зүтгэж яваа хүн дээ.
-Баянхонгор аймагт болсон Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаануудад оролцож байв уу?
-Оролцолгүй яахав. 1999 онд бага халтар маань эхний хэдэн моринд явж байгаад суугаад 20 гаргаж, их алаг морь 110 дээр, том халтар морь 58-аар хурдалсан. Харин  2009 онд бас л олон морьтой оролцсон ч базаагаагүй. Сая 2014 онд халзан азаргаа соёолонд нь уралдуулж 11-ээр давхисан.
 Би чинь 1999 онд адууныхаа чанарыг сайжруулах зорилгоор хэдэн адуу авсан. Зүүнтээгээс адуу ирээгүй байхад Бөмбөгөрт Дашбалжирын авгай Галшарын 70 гаруй үрээ зарсан юм. Эндээс нэг бор адуу авч азарга тавьж адуугаа сайжруулж байлаа. Бас 2006 онд Соносбал, Дүгэрсүрэн ах нартай Сүхбаатар явж адуу авчирсан. Манай Баян-Овоогийнхон чинь Баянхонгортоо эхэлж адуунд хөдөлцгөөсөн улс шүү. Нэг үе Баянхонгор аймгийн баяр наадмын амжилтын 50-иас илүү хувийг нь Баян-Овоочууд авдаг байлаа. Анх Дамдинсүрэн Арслангийн хүүхдүүд болох Дүгэрсүрэн, Жаргалсайхан нар нутгийнхаа уяачдыг авч явж хурдан удмын адуу сайн зөөсөн. Тиймдээ ч энд зүүн талын азаргагүй айл байхгүй болсон. Би ч тэдэнтэй цуг явж, Асгатын их Зоригт гэж хүнээс хээр үрээ авчирсан нь шүдлэндээ сумын 60 жилээр гуравласан. Хойтон жил нь аймагт аман хүзүүдсэнээс хойш бага жижиг наадмуудад сайн давхисан. Гэхдээ үүнээс ч илүү амжилт гаргахаар байсан л даа. Би ид үед нь хөлийг нь эвгүй болгочихсон юм. Одоо сайхан азарга бий. 70 жилээр түрүүлдэг даага энэ азарганы төл байгаа юм.
-Аймагтаа л наадаад байна уу?
-Тийм ээ. Гэхдээ ойрноос гарч уралдах бодол байна. Ноднин өвөл Өвөрхангай явж уралдаж үзсэн. Энэ жил Хайрхандулааны бүсэд очиж уралдлаа. Өвөрхангайчуудаас сурах юм их байна шүү.
-Таны нэрийг олонтаа гарсан хурдан хүлгэдээсээ аль нэгийг нь онцлон сонирхуулаач?
-Миний уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь халзан азарга маань байна. Энэ жил долоон настай энэ азарга  Сүхбаатарын Асгат сумын Ихзоригт гэж хүний унаган адуу юм. Сүүлд Говь-Алтайн даншигт очоод хөлийг нь эвгүйтүүлснээс хойш дахин уяагүй. Харин төлүүдээс нь өдгөө уяж байна. Халзан азаргаа 2011 онд авахдаа Онгуу Манлайгаас хоёр даага, Зоригоо ахаасаа нэг даага авчирсан. Үүнээс хар даагыг нь Хүрлээ багшид өгсөнийг азарга тавьчихсан байгаа. Миний халзан бас уралдсан болгондоо л айргаас мултраагүй. Тун  цөөхөн мултарсан байдаг юм. Даагандаа надад ирээд, хавар таван сард гурван сум нийлсэн бага насны уралдаанаар гуравласан. Үргэлжлүүлээд Бөмбөгөр суманд очиж  түрүүлээд, Цагаанцахирт түрүүлсэн. Шүдлэндээ болохоор аймагт тавлаж, Баянговийн сургуулийн 90 жилд айргийн таваар давхисан. Харин хязаалан уягдалгүй өнжөөд, соёолондоо суманд айрагдаж, Баацагааны 9 жилээр мөн айрагдсан. Өвөл нь Шавь зээрд төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдээд, зун нь сумынхаа баяр наадамд айрагдаад, Бөмбөгөрийн төвийн бүсэд дөрөвлөж, Шигшмэл хурдад зургаагаар ирсэн. Мөн даншигт 11-ээр давхих шив.
-Халзан азарга хэзээнээс гүү хураасан бэ?
-Соёолондоо ганц гүүтэй байлгаад нэг эр унага гарсан. Өнгөрсөн жил бас ганц гүү хураалгасан. Ер нь бол хоёр гүү хураалгаад нэг нь хээлтээд нөгөө нь хусарчихсан.
-Өөр уралддаг ямар морь байна вэ?
-Миний унаган адуу болох нэг бор морь байна. Хэнтийн Галшар угшилтай бор азарга, эх нь энэ нутгийн сайн угшилтай адууны гүү байгаа юм. Бүдээ Доржсүрэнгийн Аварга шар хээр морь Баянхонгор аймагт олонтаа түрүүлж айрагдсан. Тэр адууны удамтай бор гүү байсан. Бор морь даагандаа гурав түрүүлж, хоёр айрагдсан.  Мөн даагандаа даншгаар 30 гаргаж ирсэн. Харин шүдлэндээ аймгийн баяр наадам, Баянцагааны 90 жил, сургуулийн ойд тус тус тасархай түрүүлсэн. Хязааландаа 70 жилээр наймаар давхиад, соёолондоо Баянговийн сургуулийн 90 жилээр халзан шүдлэнг тавлахад, гурваар давхиж байсан юм. Аймагт халзангаа тавлахад бас гурваар давхиж байсан. Тэгээд соёолондоо Баянговийн сургуулийн ойд очиж дөрөвлөөд, хавчиг өнжөөд, ноднин өвлийн нэг жижиг наадамд аман хүзүүдсэн. Түүнээс хойш жоохон тэжээлийн асуудлаас болоод уясангүй.
-Ярианы эхэнд дурдагдсан ягаан морь тань хаанахын адуу юм бэ?
-Бас л Хэнтийн бор азарганы төл байгаа юм. Ягаан морь даага, шүдлэндээ аймагт зургаагаар давхиад, хязаалан аман хүзүүдэж, соёолон сумандаа айрагдсан. Нийлсэнээс нь хойш хөл нь эвгүйтээд нэг хэсэг уяагүй. Харин энэ жилээс оролдоно доо.
-2016 он гарсаар хаагуур яаж наадав?
-Өнгөрсөн өвөл хоёр соёолон тэжээсэн. Тэгээд Өвөрхангайн баруун бүс Хайрхандулаанд очиж мордуулсан хойхнуур л ирлээ.
-Өнөө жил Баян-Овоо сумын 70 жилийн ой тохиож байгаа. Хэрхэн бэлдэж байна даа?
-Нутгийн бүх уяач дор бүрнээ л бэлтгэж байгаа болов уу. Би ч зургаан нас уянаа. Гурав дахь сумынхаа түүхэн ойд оролцох гэж байгаа болохоор догдолж байна шүү.
-60 жилээр яаж уралдаж байв?
-60 жилээр шүдлэн /хээр азарга/ аман хүзүүдэж, даага /ягаан морь/ долоогоор давхиж, өөр нэг даага /дааган халтар/ арваар давхисан. Харин түүний өмнөх 50 жилд уяа эхлүүлсэн хээр морио уяж 30 гаргаад ирүүлж байлаа.
-Уулзсан уяачдын маань олонх удам дамжсан уяачид байх юм. Та ч бас удам залгасан уяач уу?
-Манай удам сударт  уяа сойлго тааруулсан уяачид байсан л гэдэг юм. Гэхдээ би сайн мэдэхгүй ээ. Ойроос гэвэл манай ах Мөнхжаргал гэж аймгийн Алдарт уяач бий.
-Уяаны эрдэм заасан ямар улс байна вэ?
-Анх уяа эвлүүлэх гээд шон зоочихоод байхад хондон мориороо алдартай Цэдэвсүрэн гуай яваад ирсэн. Тэгээд “морь уях нь уу” гэхэд нь тийм гэвэл “наадам ч тулчихсан байна даа” гэж хэлсэн. Тэндээс морины хөлс авахаас эхлээд олон юмыг хэлж өгч билээ. Тиймдээ ч би уяаны эрдмийн анхны багш гэж Цэдэвсүрэн гуайг хүндэлдэг. Мөн том ах Дэлгэрдалай маань сэтгэл харамгүй тусласан. Би багадаа энэ ахынхаа морийг унаж хурдлуулдаг байлаа. Харин сүүлийн үеэс гэвэл Балх, Дүгэрээ ах нар болон нутгийнхаа залуучуудтай зөвлөөд л уяж байна. Тогтох ахынхаа амьд сэрүүнд бас олон юм заалгасан.
-Таны уяаны эрдмийг залгаж хүүхдүүд морь уяж байна уу?
-Би чинь хоёр охинтой хүн. Миний уясан морьдыг охин маань унаж хурдлуулдаг юм. Манай Баянхонгорынхон андахгүй дээ. Хар багаасаа л морь унасан охиноо уяач болж мэдэх юм гэж боддог шүү.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сум орон нутагтаа одтой сайхан наадаж, айраг түрүү олныг хүртээрэй.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна