АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ И.БУЯНДАЛАЙ: ГАНЦ АЗАРГАТАЙ ГАРААД БАЯН-ӨЛГИЙН БАРУУН БҮСИЙН ТҮРҮҮГ АВЧ БАЙЛАА

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 19 -нд

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Чандмань хайрхан багийн харьяат, аймгийн Алдарт уяач И.Буяндалай нь 1979 оны өвөл сумын эмнэлэгт айлын зургаа дахь хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр сумын хүндэт иргэн бөгөөд Баян-Уул сумын90 жилийн ойн медалиар шагнуулж байжээ. Түүний яриаг хүргэе.

-2012 оны Баян-Өлгийн баруун бүсийн наадмын азарганы түрүү таных болж байлаа. Тэр бол таны амьдралын баяр жаргалтай мөчүүдийн нэг биз?
-Тэгэлгүй яахав. Ярих тоолонд баяр бахдал төрүүлдэг юм. Тэр үед 95 азарга уралдсан. Манай эндээс аймгийн Алдарт уяач Мөнх ахлагчтай Засаг дарга асан Алтангэрэл, залуу уяач Шоогий, Галбаатар нарын арваад хүн явсан юм. Би ганц л азаргатай нутгаасаа гарсан. 
-Танай сумаас хэдэн азарга мордсон бэ?
-Галаагийн хар, Дашхүүгийн улаан, миний хээр азарга гурав л мордсон. Эндээ уяачдын баярт түрүүлээд, аймгийнхаа баярт очиж түрүүлээд, явж байгаа нь тэр.
-Уяачдын баяр нь хэдэн сард болсон юм бэ?
-Манай уяачдын баяр зургаадугаар сарын 1-нд болдог.
-Баян-Өлгий аймгийн даншиг ямар онцлогтой болсон бол оо?
-Сайхан л наадацгаасан. Би ч том наадамд цөөхөн явсан хүн дээ. 
-Хээр азарга таны унаган адуу юу?
-Үгүй ээ, зүүн талын адуу байгаа юм. Хэнтий аймгийн Батноров сумын Ганболд гээч хүний унаган адуу. 2008 онд хязаалан үрээ авч байлаа. Авсан жилээ нэг багийн наадамд түрүүлээд, Ховдын даншигт зургаалж байлаа. Тэндээс ирээд аймагт болсон Алтайн бахархал наадамд тавласан Дараа жил нь соёолон жоохон хүч тамир муутай уягдаагүй. Гэхдээ суманд болсон Максын баяраар явуулаад 10 гаргаж орсон. Ер нь хавчигаас нь нэлээд оролдсон л доо. Тэгээд хавчигтаа аймагт болсон өвлийн бооцоот уралдаанд түрүүлээд, зуны наадамд уралдсан. Харин 2010 онд аймагтаа наймаар орж, 2011 онд сумынхаа уяачдын наадамд түрүүлээд, аймагтаа аман хүзүүдээд, 2012 онд Баян-Өлгийд очиж түрүүлсэн. 2013 онд болохоор аймагт түрүүлээд залгаад Завханы даншигт явсан ч хөл нь эвгүйтээд түүнээс хойш оролдоогүй.
-2016 онд Говь-Алтайд Засгийн газрын тогтоолтой бүсийн наадам зохиогдлоо. Та оролцов уу?
-Оролцлоо. Гэхдээ жоохон хойгуур ирлээ. 
-Хээр азарганы тань үр төлүүд яаж давхиж байна?
-Төлөөс нь одоо соёолон үрээ байна. Шүдлэндээ Уяачдын баяраар түрүүлсэн. Багийн наадмаас бол хэд хэдэн айраг түрүүтэй. Бас ахын нэг хээр даага бий. Тэр гайгүй давхиад л байна. 
-Хээр азаргаа тухайн үед үнэ ханшаар авч байсан бэ?
-1.5 саяд авсан. Манай сумын Ундрах гээд уяач битүү үрээ авчраад би авсан юм.
-Өөр Буяндалай уяачийн нэрийг гаргасан ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Миний саарал азарга бол Сүхбаатар аймгийн Асгат сумын адуу. 2009 онд шүдлэн үрээ авч байлаа. Тэр жилээ сумын баярт түрүүлээд, багийн наадамд аман хүзүүдсэн. Харин 2010 онд аймагт болсон хаврын уралдаанд түрүүлж, 2011 онд аймагт гурваар давхиж. сум орондоо хоёр гурав түрүүлж, хэд хэд айрагдсан. Ер нь энэ хоёр азарганыхаа үр төлөөр наадаж байх шив дээ.
-Та удам дамжсан уяач гэсэн байхаа. Хэд дэх үеийн уяач болж байна даа?
-Миний өвөө Раднаа малчин хүн бөгөөд залуудаа морь мал уядаг, олон бор адуутай хүн байсан гэдэг. Миний аав том хүү нь байгаа юм. Гэхдээ аав морь мал уяж байгаагүй. Нэгдлийн үед ямаа голцуу мал маллаж ирсэн. Манай бүл болох аймгийн Алдарт уяач Б.Алтангэрэл гэж “Ажнай халтар” галын уяач бий. 15 алтан медальтай хурдан улаан морьтой. Хурдан улаан морь нь хавчиг зургаан насандаа гурван удаа түрүүлж байсан юм.  
-Та ээж ааваасаа хэдүүлээ юм бэ?
-Аав, ээж хоёр маань дөрвөн хүү, дөрвөн охинтой. Би зургаа дахь хүүхэд нь. Биднээс өнөөдөр гурав нь морь уяж байна. Батбаяр, Буяннэмэх гээд хоёр ах маань уяа сойлго эвлүүлдэг. Багадаа Буяннэмэх ахынхаа уясан морьдыг унадаг байсан. Гурав, дөрвөн жил хэртэй уралдаанч явсан байхаа. 
-Ямархан амжилттай уралдаанч байв?
-Ахын их насны хар морийг нь унаж Төлийн баяраар гуравлуулж байлаа. Түүнээс өөр багийн наадамд бол олон оруулсаан. 
-Бие дааж морь уясан нь хэзээнээс юм?
-Гардаж морь уяад долоо дахь жилдээ орж явна. Хээр азаргаа худалдаж аваад л уяаны ажил эхэлсэн дээ. Тэрнээс өмнө ах нар уяж, би туслах уяач хийгээд л явдаг байлаа. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он


 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.