Сумын Алдарт уяач Г.Доржпалам: Баян-Уулын хүлэг удахгүй дэлхийд уралдана гэдэгт итгэлтэй байна

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 18 -нд

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, сумын Алдарт уяач Гомбын Доржпаламтай ярилцсанаа хүргэж байна.
-Таны аав Гомбо гуай сайн уяач байсан. Аавын тань талаарх дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?
-Тэгье ээ. Миний аав удмаараа л хурдан морь сонирхдог, уяач хүн байсан юм. Аавын маань нагац ах Шилийн сайн эр байсан гэдэг. Одоогийн Архангай, Өвөрхангайгаас хошуу ноёдын адуу малыг Говь-Алтай руу хөөж, ядарч зүдэрсэн ардуудад хүргэж өгдөг байсан юм гэнэ лээ. Жинхэнэ нэрийг нь Цагаан гэдэг боловч манайхан Гялаан гэж авгайлдаг юм. Гялаан ахын үеэс л адуун сүргээ дээдэлж, аж амьдралдаа өргөнөөр хэрэглэдэг болсон. Миний аав тун нямбай уяач байсан. Би уясан морьдыг нь унадаг байлаа. Аавын маань морьд аймгийн баяр наадамд айргийн таваас буудаггүй байлаа. Өндөр хүрнийг дөрөв, таван настайд нь би унадаг байсан юм. Хүрэн маань Баян-Уул сумаас анх удаа аймгийн наадамд айрагдаж байсан түүхтэй. Аавын маань “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нарт сургаж өгсөн ногоон морь их хурдан. Манай эгчийн унадаг байсан морь л доо. Манай том ах Доржсүрэн ч бас уяач. Том ахын хүү Атарбаян гэж Баян-Уул сумын уяачдын холбооны тэргүүн, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Монгол Улсын шилдэг морь цоллооч, аймгийн Алдарт уяач залуу бий. Манай бага хүргэн Батжаргал бас аймгийн Алдарт уяач. Бүсийн уралдаан болон сумын наадмын олон айраг, түрүүтэй. “Тулга Алтай” компанийн захирал Батжаргал гэхээр хүмүүс сайн мэднэ. Бид ийм л өвөг дээдсээсээ улбаатай уяач хүмүүс дээ.
-Таны хурдан морьтой холбогдсон үүх түүхийг сонирхвол?
-Багаасаа л хурдан морь унаж өссөн. Анх сайхан бор үрээгээ өөрөө уяж, өөрөө унаж сургуулийн наадамд айрагдаж байлаа. Хоёрдугаар ангид орохын өмнөхөн шиг санагдаж байна. Бай шагналд нь том цагаан түмпэн авч, ээжийгээ их баярлуулсан даа. Тэр цагаас л моринд улам хорхойсож эхэлсэн. Бас сумынхаа хамгийн алдартай хүлгүүдийг унаж, уралдаж байлаа.
-Эмнэг сургахдаа ч бас гарамгай байж мэдэх юм?
-Тийм ээ. Тухайн үед бүх мал нэгдлийн өмч байлаа шүү дээ. Манай том ахын том охины сэвлэгний найр болдог юм байна. Манай “Хамтын бүс” бригадын Боршоол гэдэг хүнээс азарга адуу авч айраг исгэж байлаа. Би ч дүүгийнхээ адууг өөр хүнээр хураалгахгүй гээд бүтэн сарын турш өглөө, оройгүй өөрөө хураасан юм. Тэр адуун дотор байсан 15 даагыг анх сургасан. Адуугаа эргүүлэх замдаа л нэг даага сургачихдаг байлаа. 15 даага сургасны минь шагналд нэгдлээс нэгийг нь бэлгэнд өгсөн юм. Би тэр даагаа 50 төгрөгөөр зараад, монхор хамартай сайхан хатираатай халтар охин даага авч байлаа. Түүнээс олон хурдан адуу гарсан даа.
-Адуучин хүн адууныхаа захад л жаргалтай гэдэг. Та ч адуучны жаргалыг багаасаа эдэлж эхэлжээ?
-Тэгэлгүй яах вэ. Өглөө адуугаа туугаад ирэх ч хамгийн сайхан жаргал шү дээ. Би тэгэхэд арван хэдтэй л хүүхэд байсан. Өглөө айлууд дөнгөж босоод, галаа түлж байхад би адуугаа хураагаад  ирдэг байлаа. Нар битүү байхад л босоод адуундаа явдаг хэрэг шүү дээ. Манай Баян-Уул сумын ганган Шанд гайхалтай сайхан айрагтай. Ургах өвс, цаг агаарын дулаан хүйтний хэмнэл хүртэл айрагны исэлтэнд нөлөөлнө.
-Хурдан морь унасаар байгаад л уядаг болчихсон юм уу?
-Тэгж хэлж болно. Миний хурдан халиун гэж сайхан морь байлаа. Догшин гэж жигтэйхэн, надаас өөр хүн унадаггүй байсан юм. Уралдахад уяа нь орчихвол ааштай гэж жигтэйхэн. Гэвч намайг унахаар огт булгихгүй. Соёолондоо түрүүлж, их насандаа есөөр давхиж байлаа. Түүнээс хойш надад адуутай холбоотой нэг сонин түүх тохиосон юм. Ганган шандад байж байтал манай дээд хяраас ахынд өгсөн сайн дурын адуу унагалсан.
-Сайн дурын гэдгээ тодруулаач?
-Бэлгэнд гэсэн үг л дээ. Унагалсныхаа дараахан эх нь амьсгал хураачихсан юм. Гэтэл бас унага нь муудаад болдоггүй. Угжих гээд бүр ядаад, урагшаа арван хэдэн км-т оршдог Хоёр худаг газарт аваачиж Дамдинбазарын Пүрэвдорж гэдэг айл руу аваачсан юм. Учир нь, тэдний хул гүүний унага нь үхчихсэн байсан хэрэг. Би тэр үед долдугаар ангийн хүүхэд байлаа. Мотоцикл унадаг байлаа. Аав дургүйцэж байсан ч би тоолгүй тэр унагыг мотоцикл дээр аваад явсан юм. Зээрд халзан эр унага байсан юм. Бүх л шандас нь дуусч байгаа бололтой. Арав гаруй км явж, хоёр худагийн Халзан толгойн өвөр гэдэг газар очоод өнөөх гүүний өмнө нь аваачаад тавьчихлаа. Гэтэл нөгөө гүү нь шууд хөхүүлчихсэн. 
-Гүү ч уг нь барагтай бол өөр гүүний унага хөхүүлэхгүй шүү дээ?
-Тийм шүү. Хүний зорьсон юм гэдэг бас сонин юм билээ. Би тэгээд л хичээлдээ явчихсан юм. Дараа нь ааваас асуусан чинь “тэр унага чинь амьдарчихсан шүү” гэж билээ. Манайх оронд нь нэг адуу өгч, халзан унагаа буцааж авч байсан юм. Мордоход номхон, уралдахад хурдан, хөнгөн хөлтэй сайхан морь болсон. Тэгж өнчирсөн хоёр амьтныг учруулж, нэг сайхан морьтой болсон түүхтэй. Унагаа алдсан гүү чинь бүүр дэл нь чинэрээд, хөшчихсөн байдаг юм билээ.
-Сонин түүх байна?
-Сонин түүх үүгээр дуусахгүй ээ. Би чамд бас нэгэн сонин түүх ярьж өгье. Намайг оюутан болсон жил манай нутагт айхтар зуд болсон юм. Манай адуу шуурганд уруудаад, дээшээ давхичихаж. Хавар нь иртэл, манайхан адуугаа алдаад, гаднаа ганц хоёрхон морьтой л үлдчихэж. Адуу дээшээ Үен өндөр гээд жинхэнэ Асгат хайрханы нутаг руу алга болчихсон байна. Ойдов ахаас сураг гаргаж явсаар адуугаа олж очтол нэлээд нь амьсгал хураачихаж. Манай адуун дотор нэг танихгүй даага нийлчихэж. Орхиод явалтай биш, хамт туугаад л явлаа. Би ч адуугаа гэртээ авч ирчихээд, хичээлдээ буцаад явчихсан юм. Хойтон жил нь иртэл нөгөө даага манай адуун дотор байж байна. Аав маань “Энэ хол газрын цас байна. Миний хүү азарга тавьчих” гэдэг юм байна. Тэгээд л би азарга тавьсан. Миний хурдан хээр азарга ч сумандаа олон айрагдсан даа. Бас Халзан аниа гэж миний газар ээжийн хурдан хээр морь байсан. Манай нутаг их хурдтай. 
-Миний газар ээж гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Авсан ээж гэсэн үг. Газар ээж маань хот руу шилжихдээ хурдан хээр морио манайд өгсөн юм. Хурдан хээр маань сумандаа олон түрүүлсэн. Улсын наадамд ч давхих л адуу байсан юм. Түүнээс хойш алба ажил гээд хурдан морь уях ажил бага зэрэг завсарласан. 
-Та ер нь наадам гэхээр л Баян-Уул руугаа “давхичихдаг” юм аа даа?
-Тийм ээ. Баян-Уул руугаа л очиж нааддаг юм.
-“Макс”-ын хурдан хүлгүүдээс танд бэлгэнд ирсэн адуу бий юу?
-Бий бий. Ганбаа, Цэнжээ бид хэдийн өвөг дээдэс чинь нэг голын улс шүү дээ. Би тэдний өвөө Огол Ааяа хочтой Аюуш гуайг сайн мэднэ. Надад олон хурдан адуу бэлэглэсэн, сайхан ч давхиж байгаа. Ер нь “Макс”-ын гэсэн нэг угшил бий болчихлоо шүү дээ. 
-Баян-Уул сумын нутгийн зөвлөлийн даргын хувьд сум орон нутагтаа хурдан морины өв соёлыг бэхжүүлэх талаар ямар, ямар ажил санаачлан хэрэгжүүлэв?
-Манай сум хурдан хүлгүүдээрээ Говь-Алтайдаа дээгүүрт ордог. Уяачид нь мундаг. Энэ ч утгаараа өрсөлдөөн ихтэй. Бас нэгэн онцлог нь манай сум ах дүү хоёр Тод манлайтай. Тэднийхээ нэрийг ч бодсон, хурдтай байхгүй бол болохгүй. “Макс”-ынхан маань өнгөрсөн жил сумандаа сайхан азарга бэлэглэлээ. Тэр сайхан хурдан удмын азарганд нь зургаан багаасаа хоёр, хоёр гүү тавилаа. Мөн “Макс”-ын ах дүү хоёрыг авч ирж, уяачдадаа туршлага судлуулах, заавар зөвлөгөө өгөх ажил зохион байгуулдаг. Түүнчлэн хурдан хүлгүүдээрээ алдартай Сүхбаатар аймгаас хурдан удмын азарга, гүү авч ирж, цус сайжруулах ажил хийж байна.Манай сумын адууны угшил ч сайжирч байгаа. Ирэх жилээс аймаг, бүсийн наадмуудад цахиур хагалж эхэлнэ байх. Мөн сумандаа уяачдын өргөө байгууллаа. Нутгийн зөвлөлийнхөн болон хоёр Тод манлай маань их тусалсан. 
-Цаашид хийхээр төлөвлөсөн ажил олон бий юу?
-Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг. Баян-Уулчуудаа Монголдоо төдийгүй дэлхийд алдартай хурдтай болгохоор зорьж байна. “Макс” Ганбаатар маань бидэнд цоо шинэ замыг нээж өглөө. Өөрөөр хэлбэл, “Mongolian Saturday” нь дэлхийн уралдаанд түрүүлж, монгол адуу дэлхийд хурдалдгийг баталлаа шүү дээ. Энэ нь Баян-Уулчууд биднийг их огшоосон. Баян-Уулын хүлэг, Монголын хүлэг нэг л өдөр дэлхийд уралдана аа гэж мөрөөдөөд л явж байна. Гэвч бид ганц ганцаараа гүйгээд ямар ч ажил бүтээж чадахгүй л дээ. Сум орон нутгаараа нэгдэн, нийлж байж зорилгодоо хүрнэ.  Энэ мэдээж их мөнгө санхүү шаардагдах ажил. Бид өөрсдийн чадах чинээгээр мөнгө хандив цуглуулаад, дэлхийд алдартай хүлгүүдээс нэгийг нь дуудлага худалдаанаас худалдаж авч яагаад болохгүй гэж. 
-Сажилж явбал хүрнэ, санаж явбал хүрнэ гэдэг. Хүн сэтгэснийхээ хэрээр л хүртдэг шүү дээ. Сайхан мөрөөдөл байна. Биелэх болтугай.
-Баярлалаа. Биелнэ гэдэгт итгэж байна.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна