Аймгийн Алдарт уяач Г.БАТ-ОЧИР: УЯАНЫ ОЙРОЛЦОО ШУВУУ ҮҮРЭЭ ЗАСЧИХСАН ЖИЛ МАНАЙ АДУУ САЙН ДАВХИДАГ ЮМ

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 18 -нд

Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гүрийн Бат-Очирын ярилцлагыг уншигч танаа  хүргэж байна. Тэрээр 1969 оны хавар Баянжаргалан сумандаа төрсөн бөгөөд 2008 онд аймгийн Алдарт уяач, 2010 онд сумын Аварга малчин болж байжээ.

-Том наадмаас анхны айргаа хүртэж, уяачийн замналаа эхлүүлж байсан гэж сонслоо. Тэрхүү наадмын дурсамжаар ярилцлагаа эхэлбэл ямар вэ?
Би 1990 онд цэргээс халагдаж ирээд аавыгаа дагаж, морь уяж эхэлсэн юм. Ингээд 1991 онд Говьсүмбэр аймагт болсон анхны Боржигон наадамд том бор морио айргийн гуравт хурдлуулж, уяачийн гараагаа эхлүүлж байлаа. Түүний дараа 1998 оны зун Баянцагаан суманд болсон хоёр түмэн адууны баярт хээр азаргаа дөрвөөр давхиулж, 1999 оны өвөл болсон Пунцагбалжир агсны нэрэмжит уралдаанд жижиг бор морио гуравт оруулсан. Тухайн үед хамгийн өндөр бай шагналтайд тооцогдсон энэ уралдаанд Баттөмөр ахын зээрд морь түрүүлж, Гарамжавын Ганбатын Гоё хүрэн аман хүзүүдэн, миний бор морь гуравлаж, Лхүндэвийн хонгор морь дөрөвлөж, Онон гуайн хээр морь таваар давхиж байсан.
Үүнээс хойш зургаан жилийн дараа 2005 онд хээр азарганыхаа төл хул даагыг улсын наадамд таваар давхиулаад, давхар уяагаар Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 370 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд гуравт оруулсан. Улс, бүсийн чанартай уралдаануудад гэвэл иймэрхүү л амжилт үзүүлсэн хүн дээ, би.
-Аймгийн чанартай наадмуудаас бас олон айраг, түрүү хүртсэн үү?
-Энд тэндхийн наадмуудаас зөндөө л айраг хүртсэн. Харин Төв аймгийнхаа баяр наадамд л зорьж очиж уралдаж амждаггүй юм. 
-Төв аймгийн наадам улсын баярын өмнөх сунгаа болдог гэж зарим уяач ярьдаг. Энэ ч утгаарааа нэлээд чамбай, босго өндөр болдог юм болов уу гэж боддог. Та ингэхэд яагаад аймагтаа очиж нааддаггүй юм бэ?
-Морьд сайн байвал шууд улсын баяр наадамд л уралдуулчихдаг юм. Харин байгаль цаг агаарын хувьд гантай, өвс ургамлын гарц муу, морьд маань ч тиймэрхүү байвал орон нутгийнхаа наадмуудад л мордуулдаг. Миний хувьд Төв аймгийн 90 жилийн ойн наадмаар хул азаргаа 30 хэдээр давхиулж байсан.
-Бүсийн наадмаас анхны айраг авчирсан бор морь танай унаган адуу юу?
-Тийм. Манай хадам аав алдарт хүрэн морины эзэн Гал гуайн хүргэн, аймгийн Алдарт уяач Чимэд-Очир гэдэг хүн бий. Том бор морь маань биднийг анх айл гэр болоход эхнэрийн маань өмчинд ирсэн адуу. 
-Танд ирэхээсээ өмнө уралдаж байсан юм болов уу?
-Уралдаж байгаагүй юм билээ. Хадам аав маань надад өгөхдөө “Миний хүү уяарай” гэж захисан юм.
-Тэгвэл 1998 онд Түмэн адууны баярт айрагдсан хээр азарга хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Манай хээр азарга Даваанэрэн гуайн халзан азарганы дөрөв, тав дахь үеийн адуу. Манай аав 1980 онд Даваанэрэн гуайн хүү Санжаагаас Магнай халзан азарганых нь төл болох саарал даага худалдан авч азарга тавьсан юм билээ. Хээр азарга тэр саарал азарганы төл. 
-Хээр азарга хэд хүртлээ уралдаж ямар амжилт үзүүлсэн бэ?
-Түмэн адууны баярт оролцохдоо естэй байсан юм. Ер нь дааганаасаа эхлээд л орон нутгийн наадамд айрагдаж, түрүүлсэн адуу. Түмэн адууны баяраас хойш сумын баяр наадамд хоёр жил дараалан түрүүлж, нэлээд хэдэн удаа айрагдсан. Төл хул азарга нь даагандаа улсын баяр наадамд айрагдсан.
-Аваргуудтай уралдаж айрагдсан бор морины тухайд...
-Пунцагбалжир агсны нэрэмжит өвлийн уралдаанд айрагдсан бор морь их саарал азарганы төл. Соёолондоо сумын баяр наадамд түрүүлж, нийлсэн жилээ айрагдсан. Бас Бүлтэн цагаан гэдэг морь уядаг байлаа. Эх нь манай хадам аавын адууны угшилтай, эцэг нь манай унаган саарал азарга байсан юм. Цагаан морь маань орон нутгийн наадамд олон удаа айрагдаж, түрүүлсэн. За, мөн манай охины нэртэй Памбий саарал гэдэг азарганы төл болгон нь сайн давхисан.
-Та 2008 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Тэгэхэд хичнээн айраг, түрүү хүртээд байсан бэ?
-Улс, бүсийн наадмаас таван айрагтай. Орон нутгийн наадмаас 100-гаад айраг, түрүүтэй болсон байх аа. 2002 онд байх аа, сумын баяр наадмаас хоёр түрүү, зургаан айраг авч байлаа. Ер нь морьд сайн байгаа жил бол хоёр, гурваараа айрагдчихдаг юм.
-Улсад даагандаа айрагдсан хул азарганы эх нь ямар угшилтай гүү байдаг юм бэ?
-Манай хадам аав 1980 хэдэн онд Хэнтий аймгийн Галшараас ирсэн агтны адуунаас саарал байдас авсан юм билээ. Түүнээс гарсан охин хул даагыг надад өгсөн юм. Хул азарганы эх нь тэр хул гүү, эцэг нь хээр азарга.
Хоёр талаасаа угшил сайтай болохоор хул азаргыг дааганаас нь уяхад сумын наадамд Баттөмөр ахын хонгор халзантай хол ирж байлаа. Тэгээд маргааш нь улсын баяр наадамд авч очоод мордуулахад айрагдсан. Түүнээс хойш хязаалан болтлоо сумын баяр наадамд завсаргүй түрүүлсэн. Хязааландаа сумынхаа баяр наадамд түрүүлснийх нь дараа Говьсүмбэрт болсон Боржигон наадамд 20 хэдээр давхиж байсан. Тэгээд дараа жил нь соёолон азарга уягдалгүй өнжөөд хавчигтаа сумынхаа 90 жилийн ойд аман хүзүүдсэн. 
-Та бүсийн чанартай наадмуудаас нэлээд хэдэн айраг хүртчихсэн. Уг нь төрийн хишиг хүртэх дөхөж л байгаа юм байна?
-Бүсийн чанартай уралдаанаас дөрвөн түрүү юм уу, найман айраг хүртсэн хүнд улсын Алдарт уяач цол олгодог. Би одоогоор таван айраг хүртээд байна. Нэгэн үе дан аймгийн наадмын статусаар улсын цол олгож байсан. Би тэр үед тодорхойлуулаагүй юм. 
-Одоо ч морьдоо өөрөө уяж байгаа юу?
-Тийм ээ, өөрөө л уяна. Би ганц хүүтэй. Хүү маань зуны амралтаараа ирж уяаны ажилд тусалдаг юм.
-Мэдсэн сурснаа харамгүй хуваалцдаг ахмад үеийн уяачдаас нэрлээч?
-Манай ажаа л байна даа. 1993 оны зун манай сумын 70 жилийн ойн наадам болсон юм. Тэгэхэд эмнэлэгт хэвтэж байсан аав минь наадмын өмнөхөн гарч ирээд, хүнээр түшүүлэн уяан дээр ирж, морьдыг маань харчихаад “Чам шиг ингэж морь уядаг хүн байдаг юм уу” гээд зэмлэж билээ. Уг нь миний хувьд хэрэндээ л сайн уясан байдаг. Гэтэл аавд дутуу санагдаж. Нээрэн л наадам болоход миний уясан морьдоос хамгийн дээд тал нь есөд, бусад нь 10, 11 хавьцаа давхисан. Наймдугаар сарын эхээр Баянцагааны наадам болно гээд дуулчихсан байсан учир морьдоо тавьсангүй. Нэг өдөр аав дуудаад “Чи одоо наадамд яв. Наад морьд чинь ч явах болсон байна” гэж байна. Тэгээд Баянцагааны наадамд очоод гурван айраг авсан даа. Ажаа маань морь хатгах, засахдаа гаргуун. Түүнийгээ надад зааж өгсөн.
Ажаагаас минь гадна энэ нутгийн сайн уяач Шаатар болон хадам аав маань бас их зааж зөвлөдөг байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй байх. 
-Уяач болгонд өөрийн гэсэн цээрлэдэг, бэлгэшээдэг зүйлс байдаг. Таны хувьд?
-Уяагаа зоох үед талын бор шувууд хаа хамаагүй үүрээ засчихсан байдаг даа. Хэрэв тийм зүйл тааралдвал миний морьд тэр жилдээ их сайн давхидаг юм. Жишээ нь, Түмэн адууны баяр болдог жил шиг санагдаж байна, манайх Улаан худагийн зүүнтээ нутаглаж байсан. Тэгэхэд хоёр тогоруу л гадуур эргэлдээд байсан юм. Гэтэл тэр тогоруу манай уяаны ойролцоо өндөглөчихсөн байсан юм билээ. Миний морьд ч тэр жил сайхан давхисан. Бэлгэшээлтэй сайхан санагддаг.
-Олон жил хурдан морьтой нөхөрлөсөн хүмүүст өөрийн гэсэн арга барил тогтчихдог. Та ингэхэд уяаны ямар арга барилтай хүн бэ?
-Манай адуу гэдсээр нь буюу хоолоор нь оролдож болдоггүй онцлогтой. Гэдэс нь л дүүрэн байвал сайн давхидаг. Би өглөө нар тээр дээр гарсан хойно морьдоо барьж авдаг юм. Үүнийг харсан зарим нь “Яасан их идүүлдэг юм бэ” л гэдэг. Зарим нь ч “Чиний морьд ч санаа амар юм аа” гэдэг.
-Одоо бол нэмэлт тэжээлээр бордчихдог болсон. Дээхнэ үед бол нэмэлт тэжээл гэх зүйл байгаагүй шүү дээ. Аав тань жаахан тамир дутуу адуундаа юу хэрэглэж, тэнхрүүлдэг байсан бэ?
-Саам л өгдөг байсан даа. 2001 онд манай нутагт зуд болсон юм. Тэр үед би хурдан хээр азаргаа зүүн урагш нь адуутай нь уруудуулж алдаад, хавар олж ирсэн. Адуунууд маань бүгд эцэнхий, тамир муутай буцаж ирсэн. Тэгэхээр нь саам уулгаж сургаад, 20-иод хоног өгч тэнхрүүлж байлаа. 
-Бүдүүрчихсэн адууг хэрхэн саам уулгаж сургах вэ?
-Цангааж байгаад, устай хольж өгөөд л сургана даа. Сурчихдаг л юм билээ. Арга ч үгүй биз, угаасаа саам хөхөж өссөн амьтан юм болохоор амтыг нь авахаараа учиргүй дуртай уудаг. Манай адуу тэр жилдээ сайн давхисан. Сумын баяр наадамд түрүүлээд, “Их хурд”-д очоод хөл нь жаахан доголчихсон. Тэгэхээр нь азаргаа хөлгүй болгочихож магад гэж хаширлаад би өөрөө мордуулаагүй юм.
-Та одоо ч гэсэн саамладаг уу?
-Зав гараад чадал хүрч байвал бага адуунд өгдөг л юм. 
-Дааган Цэндээ “Саамыг хязаалангаас дээш насны адуунд их өгч болдоггүй юм байна лээ” гэж ярьж байсан?
-Би тэр жил азарганд өгсөн. Дорхноо өнгө нь гялтайгаад, янзын гоё л болдог юм билээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа ивээгдэж яваарай.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна