СУМЫН АЛДАРТ УЯАЧ Б.ЖАМСРАН: ОЛОН ХУРДАН ХҮЛГЭЭ ЧОНОНД ӨГСӨН Ч БУУЖ ӨГӨЛГҮЙ УЯЖ Л БАЙНА

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 16 -нд

Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Хөвчийн нурууны ферм хоёрдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач Бямбажавын Жамсранг уншигчдадаа танилцуулж байна. Б.Жамсран нь 1981 оны хавар төрсөн бөгөөд 2006 оны сумын аварга анчин юм.

-Хурдан морь уяж, сойх болсон үеэс тань ярилцлагаа эхэлье. Уулзсан уяачдын ихэнх нь удам дамжсан  байлаа. Харин таны түүх?
-Би удам дамжсан уяач биш ээ. 2001 оноос морь уяж эхэлсэн. Тэр жилээ шүдлэн морь уяж сумын наадамд дөрвөөр давхиулсан. 
-Анх айрагдсан шүдлэн тань хаанахын адуу байсан юм бэ?
-Манай аавын унаган адуу. Хүрэн халзан үрээ байсан. Хязааландаа найм, соёолондоо 10 гаргаад ирсэн. Түүнээс хойш бага адуунууд уяад хүрэн халзангаа уяж чадаагүй.  Би өөрийн унаган адуугаар л наадаж ирсэн. Дараа нь хээр даагаа сумын наадамд уралдуулж айрагдуулсан. Манай эндээс сумын төв ороход 70 км. Сүүлийн үед манайхан зүүн талын адуугаар наадаж байна. 2006 онд би аймгийн МСУХ-ны тэргүүн Гомбожав ахаас хул азарга авсан юм. Тэр азарга бол Төв аймгийн Баян-Өнжүүлийн адуу.  Гомбожав ахаас авсан жилээ уяж чадаагүй. Харин соёолонд нь уяж сумын наадамд 10 гаргаад давхиулсан. Хавчиг азарга  байхдаа сумын наадамд хол түрүүлсэн. Одоо үр төл нь  сайн байгаа.
-Тэр азарга нэг уралдаад л ахиж уралдаагүй юм уу?
-Хул азарга дараагийн жилдээ хэд, хэдэн бага наадамд уралдсан. Суманд уях гэхээр давчдаад байх юм. Харин энд уях гэхээр чоно, нохой элбэгтэй болохоор бас бэрхтэй юм. Гүү их хожуу унагалдаг. Эрт азаргыг нь барьж аваад уячихаж болдоггүй. Тэгээд өнгөрсөн хоёр жил уялгүй өнжсөн. Алтай сумын 90 жилд төл нь дөрвөөр давхисан. Энэ хул азарганы төл ягаан халзан даагандаа их сайн давхисан.  2008, 2009 онд бас суманд их сайн давхисан. Ер нь уралдсан болгондоо айрагдсан. Харамсалтай нь бүгд зуданд үхсэн. Зуднаас хойш төрсөн нь одоо соёолон болж байна. Манай эндхийн чоно, нохой адууны хурднаас нь, багачуудаас нь түүгээд идчихдэг аюултай. “Адуужуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Сүхбаатараас ганц, хоёр морь авчирсан. Тэр  адуунаас соёолон хонгор үрээ маань сумын наадамд дөрвөөр давхисан. Тэгээд бага наадмуудад их орж байна.  
-Ер нь морь уяснаас хойш сумын наадмаас хэдэн айраг, түрүү аваад байна вэ?
-Би 2015 онд сумын Алдарт уяач цол авсан. Сумын баяр наадам, тэгш ойн наадмаас нийт  14 айраг авсан. Хул азарга бол хол түрүүлсэн нь байдаг. Бусад нь айрагдсан. Жороо морь тав айрагдсан байдаг. Өмнө нь нэг жороо хээр морьтой байлаа. Тэр морь маань дөрөв, тав айрагдсан шүү. Алтай сумын 90 жилд шүдлэн дөрвөөр давхисан. Тэр хул бол шүдлэнгээсээ хойш ер нь айраг алдаагүй. Бугатад шүдлэн болон хязааландаа гурваар өнгөрсөн жилийн сумын наадамд 10 гаргаад ирсэн. 
-Тэгвэл шүдлэнгээсээ хойш гурав л айрагдаад байгаа юм байна?
-Тийм. Энэ жил айрагдаж чадаагүй. 
-Жороо мориныхоо тухай дэлгэрүүлж ярьж өгнө үү?
-Манай өөрийн унаган морь. Дөрөв, тав айрагдсан санагдаж байна. Хоёр жил дарааллан гурваар ирсэн. Бусдад нь дөрөв, таваар давхисан. Зарим жил нь бага зэрэг будличихдаг юм. Заримдаа гайгүй.  Одоо жороо морь ховорджээ.
-Гадагшаа явж уралдаж чадаж байна уу?
-Сумаасаа гараад Тонхил, Төгрөг явна. Тонхил, Төгрөгт морьдоо уралдуулж байсан ч айрагдуулж чадаагүй. Тэгээд орчин үеийн уяагаар буюу тэжээлээр тэжээж морьдоо уяя гэж бодож байгаа ч сайн сураагүй л байна.
-Энд хэт халуун тэгээд нутгийн өөрийн ургамал шүлтлэг учраас нэмэлт тэжээлүүд нэг их шаардлагагүй биз дээ?
-Шаардлагагүй. Гэхдээ хүмүүс тэжээгээд байгаа болохоор тэжээх л юм. Манай эндхийн адуу мах ихтэй. Зүүн талын адуу бараг махгүй. Зүүн зүгээс адуу авчраад энд гурван жил болгоход нутгийн адуу шиг мах суугаад, хөл гар нь бүдүүрээд ирдэг. Би хул азаргаа авчраад гурван жил болгоход л байгалиараа дасан зохицоод ирсэн.  Одоо хул азарганы төл цээжинд л давхидаг. 
-Төлүүдээс нь одоо уралдаж буй хэдэн үрээ байна вэ?
-Гурван үрээ уралдаж байна.Хамгийн том нь соёолон болж байна. 
-Танай сумын наадамд дунджаар хэдэн морь уралдаж байна?
-Их нас 60, 70 гаруй, соёолон морь цөөхөн 30,40 л явдаг. Даага, шүдлэн, хязаалан бол 60,70 гараад л уралдана.
-Мөн л зүүн зүгийн адуу давамгай уралдах маягтай байна уу?
-Зүүн зүгийн адуу давамгай. Манай нутгийн адуу бас сайн. Зүүн талын адуутай өгөө аваатай уралдаж байгаа шүү. Гэхдээ зүүн талын адуу хөлийн хурд арай илүү. 
-Аав тань нэгдлийн үед юу хийж байсан хүн бэ?
-Манай аав морь уядаггүй байсан. Туувар тууж байгаад нэгдлийн үед мал хариулж эхэлсэн байдаг.
-Сүүлийн үед залуус хэр идэвхитэй морь уяж байна?
-Их идэвхитэй уяж байна. Ер нь монголчууд тэр чигээрээ морь их сонирхдог болжээ.  
-Шилдэг анчин болж байсан юм байна?
-Манай энд чоно их элбэгтэй. Тэгээд адуу руу дайрч хамгийн сайныг нь сорчлоод идчихнэ. Адуугаа хамгаалахын тулд чоныг агнана. 15 настайгаасаа эхлээд чоно агнаж эхэлсэн. Нийт 60,70-аад чоно агнасан. 2006 онд би сумын онцлох Аварга анчин болж байсан. 2006 онд илүү их чоно буюу есийг агнаж байсан гэсэн үг. Би буу болон хавхаар л агнадаг.
-Чоно хоттой мал руу орж ирдэг үү?
-Ирэлгүй яах вэ. Ер нь нохой сайтай бас сайн мануухай, зээх, нуруу тавихгүй бол аюултай. Манай энэ уулын чоно сүрэглээд 15-16-уулаа явж байдаг. Сүрэглэдэг болохоор их аюултай. Бэлтрэг суйлах нь эрсдэлтэй учраас агнахаас өөр аргагүй болсон. 
-Алтай ирвэстэй. Ирвэс хурдан морьд руу дайрдаг гэж сонслоо?
-Манай хойд нуруу ирвэс ихтэй. Ирвэс ч аюултай амьтан. Өнгөрсөн жил би сумын ойд уях гээд нэг үрээгээ засчихаад байтал ирвэс ноцчихсон. Тэгээд авчраад  шархыг нь эдгээгээд байтал чоно идчихсэн юм. Тэгээд чоноо араас нь хөөж очоод алсан. 
-Танай сум ер нь хэдэн адуутай юм?
-Сайн мэдэхгүй. 2000 онд адууны тоо толгой цөөрсөн. 14, 15 азарга  адуунаас чоно идээд, бас зуданд үхээд гурав, дөрөв нь л үлдсэн. Одоо гайгүй өссөн. Би зүүн талаас адуу авчирсан ч чононд алдсан шүү. 
-Хул азаргаа чононд өгчихсөн юм уу?
-Хул азаргаа чононд алдсан. Мөн шүдлэн үрээ авчраад ахиад л чононд өгчихлөө. Зүүн аймгуудаас авчирсан хэдийг маань өнгөрсөн жил бас л чоно идсэн. Талын адуунууд чонотой дасан зохицоогүй болохоор айлгүй урдаас нь очдог. Тэгээд л... Манай энд чонын эсрэг арга хэмжээ авдаг баймаар байгаа юм. Чоно хамгийн эхэнд азаргыг нь идчихээд дараа нь бусад адууг иддэг. Тойруулж хашиж байгаад л иднэ гээч. Манай нутагт энд, тэндээс анчид ирж байгаа. Тэгээд уул хад ихтэй, хүйтэн сэрүүн учраас морь мал унаад хамар толгой дээр гараад л явж чадахгүй юм. 
-Чоно агнах гэж байгаа бол голдуу үүр шөнөөр явах уу?
-Өглөө дөрөв, тав гээд гарна. Өглөө нар тусаж байхад хамар дээр л сууж байна. 
-Яг чонотой улаан нүүрээрээ тулж үзсэн үү?
-Үзэлгүй яахав. Бүр нэг гарынхаа алгыг сэт татуулж байсан. 
-Үхчихсэн гэж бодож байтал амьд байсан юм уу?
-Тийм. Хавханд орсон чонотой алаг нуурын бэлээр хөөцөлдөөд. Бүр хол зугтаагаад болдоггүй. Хавхаа чирээд явчихсан. Би араас нь хөөж байтал надтай тулаад амаа ангайгаад л дайрсан. Тэгээд гарын алга сэт татаад хаячихсан би ч нэг гараараа цохиж аваад алсан. 
-Эрсдэлтэй л юм байна.
-Эрсдэлтэй. 
-Хурдан морь хутаг суухдаа амархан гэдэг шүү дээ. Ан, ав хийх морь уях хоёр хэр нийцтэй байдаг юм бол?
-Чоно алахаар ардаа их л хэцүү юм шиг байна. Цээлд манай аавын нэг хамаатан байдаг юм. 40 чоно алсан улсын Аварга анчин. Тэр ах маань 40 нас өнгөрөөд л өнгөрсөн.

-Ижил тэнгэртэйд нь үзэгдэж, илүү хиймортойд нь алагдана гэдэг. Тэгэхээр чононоос илүү хийморьтой байхаар морь нь дагаж хурдлах ёстой биз дээ?
-Хурдлах нь хурдлана. Гэхдээ чоно миний адууны хурдтай, гайгүйгээс нь л идчихдэг шүү дээ. Тэгэхээр надад өширхдөг юм шиг байгаа юм.
-Таны морьдоос хамгийн ихдээ гурав айрагдсан юм байна. Тийм үү?
-Жороо хээр морь тав айрагдсан. Бага насанд нь уяад сайхан давхиад ирэхээр л чоно идчихдэг юм.  
-Хамгийн сайхан наадмын дурсамжаар тань ярилцлагаа өндөрлөе. 
-2009 он манай энд багийн өдөрлөг болсон. Тэр наадмаар хээр морь минь түрүүлсэн. Үүнээс гадна чононд идүүлсэн хул азарганы төл болох шүдлэн, даага хоёр түрүүлсэн юм. Ойн өмнөх сунгаа гэдэг үүднээсээ олон газраас адуу ирж уралдахад миний морьд ийм амжилт гаргасан. Харин наадамд соёлон дөрвөөр, хязаалангаа гурваар давхиулсан. Дараахан нь буюу долдугаар сарын 25-ны өдөр “Адуучин” нэвтрүүлгийг манай эндээс бэлтгэсэн. Тэр нэвтрүүлэгт хоёр соёолонгоороо оролцоход нэг түрүүлж, нөгөө нь гурваар давхисан. 
-Жилдээ нэг, хоёр айраг авчихаад л байдаг юм байна, тийм ээ?
-Тийм ээ. Сумын наадмаас ганц, хоёр айрагтай л байдаг. Бага наадмуудад олон орсон. 
-Танай уяачид аймгийн наадамд явж байна уу?
-Манай сумаас аймгийн наадамд очиж наадсан хүн цөөн. Аймгийн төвөөс хол, зам бартаа ихтэй болохоор тэр бүр явж чаддаггүй. 
-Танай энэ хөвчийн нуруунд ямар амьтад байдаг вэ?
-Манай энд Монголын бүх амьтад бий. Ар нуруу руугаа хулан, зээрд, аргаль, янгир, чоно, хойлог, ирвэс, шилүүс гээд л байна даа.  
-Чононоос өөр амьтантай таарч байв уу?
-Ирвэстэй энд, тэнд таарч байсан. Бусадтай нь таараагүй. 
-Ирвэс хүн рүү дайрахгүй юу?
-Дайрахгүй ээ. Нүүр тулбал хэд алхаад л хадны цаагуур орчихдог. 
-Хүнээс айгаад нуугддаг гэж үү?
-Тэгдэг. Нохой руу дайрдаг юм байна лээ. Би хавар хөвчийн нуруунд ганцаараа малтай явсан. Үүр гэгээрсэн чинь нохой жаахан боргодог юм байна. Гэгээ орохоор гаръя гэж бодоод хэвтэж байсан чинь унтчихаж. Тэгээд гэгээ ороход харсан чинь нохойны урд давхиад л ирж байна. Нохой тэгж хуцаагүй бол тэгээд л...
-Баярлала. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн их хэрэгт нь амжилт хүсье.
-Баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна