"ШАВЬ ЗЭЭРД" МСУХ-НЫ ТЭРГҮҮН, АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ С.ЦЭНД: ТҮМЭН АДУУНЫ БАЯР ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА
Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, зургадугаар багийн харьяат, "Шавь зээрд" МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач С.Цэндтэй ярилцсанаа хүргэж байна. 1951 оны намар Хужиртын булаг хэмээх газар төрсөн тэрээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, АХ-ын 60,70, 80, 90 жилийн ойн медаль, Тусгаар тогтнолын одон, ХХААЯ-ны тэргүүний ажилтан, Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан, Эвлэлийн тэргүүний ажилтан, Нутгийн удирдлагын холбооны тэргүүний ажилтан, Засгийн газрын хүндэт жуух, Нутгийн удирдлагын холбооны "Соёмбо" медалиар шагнуулжээ.
-Холбоо үүсч байгуулагдсан үеийн түүхээс яриагаа эхэлье?
-Өлзийт сумын “Шавь зээрд” гэж МСУХ 2005 онд үүсгэн байгуулагдсан. Холбоо байгуулах санаачлагыг одоо нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа, сумын Алдарт уяач Мангалжавын Зоригт, дөрөвдүгээр багийн засаг дарга Равжарын Эрдэнэбат, аймгийн Алдарт уяач Даваадоржийн Мөнхсуурь, аймгийн Алдарт уяач Дэлээгийн Равдандорж, аймгийн Алдарт уяач Даваадоржийн Батбаяр, Хүнс хөдөө аж ахуйн тасгийн дарга Очирбатын Энхболд, малын эмч Авгааны Мягмар нарын гаргаж анхны хурлаас намайг тэргүүнээр сонгосноос хойш өнөөдрийг хүртэл 11 дэх жилдээ ажиллаж байна. Манай сумын МСУХ есөн тэргүүлэгч 60 гаруй байнгын гишүүнтэй. Өөрөөр хэлбэл татвараа төлдөг 60 гаруй уяач бий.
-Хэдэн төгрөгийн татвар авдаг юм бэ?
-100 мянган төгрөг. Манай уяачид татвараа төлж байж холбооны үйл ажиллагаа идэвхжиж, сумын морин спорт хөгжинө гэдгээ ухамсарлачихсан улс. Татвараас гадна мал хандивлана. Түүнийхээ хүчээр бид өнгөрсөн жил аймгийн төвийн бүсийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан зэрэг дөрвөн аймгийн 17 сумын уяачид оролцсон том наадам болсон. Нас болгон 100 гарч мордсон. Манай аймгийн уяачдын холбооны дүрмээр бүсийн уралдаан хийхэд тойргийн сумдын холбоо нэг сая төгрөг хандивлаад уяачдаа бүртгэлийн хураамжгүй уралдуулдаг журамтай. Тэр дагуу Баацагаан, Баян-Овоо сумд нэг сая, Бөмбөгөр 500,000 төгрөг өгсөн. Бусдыг нь бид өөрсдөө гаргаж 10 гаруй сая төгрөгийн зардлаар чанартай уралдаан зохион байгуулсан. Ер нь манай сумын их идэвхтэй шүү. Холбоо байгуулагдахаас өмнө шилжин явах цом бий болгоод жил бүр хоёр гурван хүн нийлээд сумын хаврын уралдааныг хийж хэвшсэн. Аймгийн бүсийн уралдааны өмнө сумандаа гурван насаа уралдуулж, морьдынхоо чансааг мэдчихээд очдог а холбогдол өндөртэй уралдаан байгаа юм.
-Холбооны нэрийн тухайд тодруулаач?
-Манай сум чинь дээр үедээ Сайн ноён Хан аймгийн Эрдэнэбандид хутагт Ламын Гэгээний Шавь хошуу гэж нэртэй байсан юм. Одоогийн Баянлиг, Баянговь, Шинэжинстийн урд тал, Богд, Жинст, Шаргалжуут, Эрдэнэцогт гэсэн зургаа долоон сумыг хамарсан өргөн уудам нутагтай, жижгэвтэр зээрд адуутай байсан юм билээ. Түүнийг нь бэлгэдэж холбоогоо “Шавь зээрд” хэмээн нэрийдсэн юм. Манай холбоо албан ёсны туг далбаатай.
-Аймаг, сумын цолтой хичнээн уяач байна вэ?
-Аймгийн Алдарт уяач цолтой арваад хүн бий. Холбоо байгуулагдсаны дараа дээр үед сайн наадаж байсан хэд хэдэн хүнд аймгийн Алдарт уяач цолыг олгосон. Харин сумын Алдарт уяач цолтой 40 гаруй хүн бий. Энэ жил сумынхаа захиргаанд нэг өргөө гаргаад тохижуулан “Морин Эрдэнэ” танхимтай болох зорилготой байна. Тэндээс сумын морин спортыг түүхийг мэдэх боломжтой болох юм.
-Холбоо байгуулагдсанаас хойшхи 11 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа томоохныг дурдаач?
-Холбоо байгуулагдсан даруйд нэн тэргүүнд адуугаа чанаржуулах бодлогыг баримталсан. Манай нутгийн ер нь жижгэвтэр байсан. Түүн дээрээ улам бүр жижгэрээд цус холдуулж сайжруулахаас өөр аргагүй болсон юм. Тиймээс миний бие уяачдын холбооны нарийн бичгийн дарга Зоригт, лам Ганбат нарын хүмүүстэй явж Хэнтий аймгийн Галшар сумаас 22 үрээ авчирч байлаа. Одоо тэдний маань үр төлүүд 100-гаад хурдан азарга болжээ. 2013 онд дахин зохион байгуулалттайгаар явж Хэнтий аймгийн Баянмөнх сумаас долоо, найман үрээ авчирсан. Үүнээс гадна уяачид өөрсдөө Сүхбаатар, Дорнодоос ч бас адуу авчирлаа. Үүний хүчинд нутгийн адуу гайгүй цус сэлбэгдсэн. Ер нь манай жижиг зээрдүүд чинь алсаасаа тамир тэнхээ сайтай адуу. Сүүлийн үед гарч байгаа адуунуудыг харахад тамир тэнхээтэй дээр нь хурдтай болсон байна.
-Авчирсан үрээнүүд хэр давхисан бэ?
-Батбаярын хонгор азарга сумынхаа наадамд хоёр гурав түрүүлж, аймагт хоёр аман хүзүүдсэн. Өөр бусад аймаг, сумын наадамд ч гэсэн сайн давхиж байгаа. Одоо үр төлүүд нь залгаад хурдалж байна.
-Нэг дор олон адуу авахад нэлээдгүй зардал гараа байлгүй. Уяачдаасаа цуглуулсан уу?
-Занданшатар гишүүнд хандсан. Тэндээс эхний эх үүсвэрээ гаргуулаад ирсэн хойно нь уяачид маань мөнгөө төлөөд л үрээгээ авцгаасан. Тухайн үед адууны ханш ч одоотой харьцуулахааргүй бага байлаа даа. Тэгээд ч олон адуу авч байгаа болохоор бас ярьж хэлэлгүй яахав. Бид Лүндээжанцан гэдэг айлын адуунаас найман үрээ авсан. Тэдний адуу ер нь гайгүй давхисан шүү.
-Ямартаа ч адуугаа сайжруулах арга хэмжээ авч. Өөр...
-Уяачид, уралдаанч хүүхдүүдээ урамшуулахад нэлээд анхаардаг. Жил бүр сумын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүдээ шалгаруулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна.
-Сумын хэмжээнд жилдээ хичнээн уралдаан зохион байгуулагддаг юм бэ?
-Түрүүн хэлсэн уламжлалт хаврын уралдаан, за тэгээд наадам. Үүний хажуугаар овоо тахилгын уралдаан бас болно оо.
-Гарааны төхөөрөмж ашигладаг уу?
-Уяачдын холбоо байгуулагдсан цагаас эхлэн ашиглаж байгаа.Сүүлд сумын 70 жилийн ойгоор аймгийн МСУХ-ноос төмөр карказтай сүүлийн үеийн төхөөрөмж хийж өгснийг ноднин бүсийн уралдаанаар дахин шинэчилж сайжруулсан.
-Дээхнэ үед энэ нутгийн нэрийг дуурсган уясан хүлэг морьдоо урамтай сайхан хурдлуулж байсан уяачдыг нэрлээч?
-Ламын гэгээний Туулай бор гэдэг хурдан морь байсан гэдэг. Гэгээнтний яг өөрийнх нь адуу тэр хурдан хүлэг шавийнхаа хошуунд өмнөө адуу гишгүүлдэггүй байсан юм гэнэ лээ. Тэрний дараа Цэрэнсономын хондон гэж Баянзүрх, Өлзийт хавьдаа хурдан байсан адуу. Бас зэхэр Долгор буюу Нямбуугийн Долгорын хонгорууд нэг хэсэг хурдалсан. Хулгар Дагва гэж жороо зээрд морьтой хүн байлаа. Уг нь Гончигдоржийн Дагва л гэдэг юм. За тэгээд, Санги-Очирын Дорж гэж сайн уяач байлаа. Тэр хүний Шоов хүрэн, Соотон бор, Ягаан зоот гээд хурдан морьд байлаа. Энэ нутгийн нэрийг гарсан Санги гэж сайн уяач байлаа. Адилын хул, Адилын халзан, Адилын хондон гэдэг адуунууд нэгэн үе сайн давхиж байсан. Ингээд яривал олон доо. Яг тулгамдахаар бас нэр нь орж ирдэггүй юм байна шүү.
-Тэгвэл дунд үеийн төлөөллөөс дурдаач?
-Цэдэвдоржийн халзан, Дагвапунцагын ногоон, Ганболдын зээрд, хул, шарга халзан гээд аймаг суманд түрүүлж айрагддаг хүлгүүд цөөнгүй байлаа. Дэлэгдоржийн Нямын хар гайгүй давхиж байсан. Мөн Дугар ажаагийн хондон, мэнгэт Ганбаагийн зээрд, Заслаагийн хээрүүд гээд сайн сайн хурдууд байсан шүү. Манай сумаас аймгийн наадамд хамгийн олон түрүүлж, айрагдсан нь Нар буюу Батбаярын хар морь байх шүү. Тэгж санаад байна.
-1999, 2009, 2014 онд Баянхонгор аймагт Засгийн газрын тогтоолтой бүсийн наадам болсон. Энэхүү уралдаануудад Өлзийтийн уяачид ямар амжилт үзүүлсэн бэ?
-2009 оныход хар соёолон айргийн таваар давхисан. 2014 онд Батсүхийн хонгор морь 11-ээр давхиж, хамгийн дээгүүр амжилт үзүүлсэн адуу болсон байх.
-Жороо, хатирч морьдын тухайд...?
-Жороо мориороо алдартай байсан шүү. Сүүлийн үед мотоцикл гэж юм гарч ирээд жороо морийг унаж эдэлж, хөгжүүлдэг хүнгүй боллоо. Ер нь бол хариугүй л тасарчих гээд байна. Хамгийн сүүлд Даваагийн хоёр хээр, Бандийн буурал морь, Дагвапунцагийн халзан, Сүхийн буурал гээд жороо морьд байсан шүү. Ламын гэгээний Туулай бор ч гэсэн жороо адуу байсан гэдэг. Мөн хоёр Сүрэнгийн хээрүүд, Пагмын зээрд, Хулгар Дагвын зээрд гээд жороо морьд байсаан байсан.
-Албан ажлын тухайд ийм байж. Алдарт уяач Цэнд хэдий үеэс хүлгийн хурд ирлэх болсон юм бэ. Таны дээдчүүл морь уяж байв уу?
-Манайхны дээдчүүл цөм морь уядаг байсан улс. Манай өвөө Сангивандан, Цэгмид, аав Сүрэн гээд бүгдээрээ уяачид. Сангивандан гэдэг хүн бол миний аавын төрсөн эцэг. Цэгмид гэдэг нь өвөө нь юм. Өөрөөр хэлбэл аав маань өвөөгөөрөө овоглодог байсан. Сангивандан гэдэг хүн Богд, Жинст, Өлзийт, Баянлиг гээд шавийн хошуу дамжиж нутагладаг. Сайн морьдтой, дандаа нүүдэллэж явдаг байсан юм гэнэ лээ. Хүн чинь хорвоог мөнх юм шиг санадаг юм байна. Аавыгаа амьд сэрүүн байхад дээдчүүлийнхээ талаар үүнээс илүүг асууж байсангүй.
-Таны аав Сүрэн гэж хүний нэртэй ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Манай аав үндсэндээ 1950-иад оны эхэлж морь уясан хүн. Жороо морь сайтай. Олон жил сум, аймагтаа жороо морь түрүүлгэж байсан.Эрээн хамарт гээд сумандаа хоёр түрүүлсэн жороо морио намын дээд сургуульд сурахаар явахдаа Баянговийн Батдорж гэдэг хүнд зарчихсан. Нөгөөх нь очоод долоо түрүүлсэн байдаг юм.
-Нутгийнхан аавыг тань Сүрэн дарга гэх юм. Ямар алба хашиж байсан хүн бэ?
-Багийн даргаас эхлээд бригадын дарга, ардыг хянах шалгах хороон дарга, нэгдлийн орлогч дарга, ахуй үйлчилгээний дарга гээд насаараа удирдах алба хашсан хүн. Манай аавын унаган хээр морь байсан. Тэр хээр морь эндээс өглөө эрт гараад давхихад таван цагийн Богдын доод голд орчихдог байсан юм гэнэ лээ.
-Богдын гол нь хэдэн километрийн зайтай юм бэ?
-120 орчим байх шүү.Тааруухан шиг явахад шүү. Ширүүн явсан бол түүнээс хурдан очих байсан байлгүй. Тэндээс үрээний авлагатай байгаад нөгөөхөө аваад буцсан үрээ нь явдаггүй. Тэгээд замдаа айлд тавьчихаад ирж байсан гэдэн. Өдөртөө 240 км зам туулах тийм холч сайн адуу ховор шүү.
-Таны хувьд хэдий үеэс эхлээд морь уях болсон юм бэ?
-1974 оноос хойш. Дунд нь дөрвөн жил л тасарсан байх. Захиргаадалтын үед морь хэцүү байлаа шүү дээ. Сумын худалдаа бэлтгэл ангийн дарга Цамба гээд хөгшин, бид хоёр мөн ч их ад үзэгдсэн дээ. Дарга хүн байж морь уялаа гэнэ. Тэгээд арга ядаад амьтан хүний нэр дээр уралдуулна шүү дээ. Морь уяснаас хойш аймаг, сумын наадмаас 20,30-аад айраг, түрүү авч, түүгээрээ сумынхаа анхны Алдарт уяачдын нэг болсон.
-Аймгийн уу?
-Тийм. 1975 онд аймгийн наадамд хээр азаргаа түрүүлгэчихээд Санги гэдэг хүний нэр дээр цоллуулсан. Дараа нь саарал даагаа айрагдахад Дорж ахын нэр дээр цоллуулсан. Сүүлд харин соёолон айрагдуулаад өөрийнхөө нэрээр цоллуулсан. Миний уяж байсан морьдоос хамгийн их нэр гаргасан адуу бол зээрд азарга. Нарийнтээл, Өлзийт хоёрт нэг нэг түрүүлгээд Хайрхандулааны Шагдаг гэдэг хүн бэлэглэчихсэн юм. Сүүлийн үед миний унаган хүүдээ өгсөн хул шаазгай морь сайн давхиж байна. Тэрний дүү халиун шаазгай морь соёолон, хязааландаа сумын наадамд айрагдсан. Зүүн талаас авсан миний нэг хонгор морь суманд хоёр жил дараалан айрагдсан. Бас сайн давхиж байсан бор даагаа шүдлэнд Галуут руу өгчихсөн. Тэр бор үрээ нэг таван айраг авсан шүү.
-Дөрөв дэх үеийн уяачид бэлтгэгдэж байгаа бололтой. Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Хоёр хүү, хоёр охинтой. Хоёр хүү хоёулаа морь уяна. Бага нь сумын Алдарт уяач цолтой.
-Яриаг тань сонсож байхад аавын нэгэн адил удирдах ажил хийж байсан бололтой?
-Ах нь багш, нягтлан бодогчийн мэргэжилтэй. Эвлэлийн үүрийн даргаар 12, энэ сумын засаг даргаар 12 жил ажилласан. Бас намын ажил зургаан жил хийлээ. Сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргаар дөрвөн жил ажилласан. 2011 онд засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусахаар нь тэтгэвэртээ гарсан.
-Өлзийт сумыг товчхон тодорхойлооч?
-Манай Өлзийт адууныхаа тоо толгойгоор аймагтаа тэргүүлдэг. 14.000 адуутай. Бид энэ зун түмэн адууныхаа баярыг тэмдэглэх санаатай байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч, уяачдаа сайхан байгуулсан танд баярлалаа. Ажил үйлс нь бүтэж, амьдрал нь ахуй нь дэлгэрч явах болтугай.
-За баярлалаа. Манай суманд ирж уяачидтай уулзаж ярилцсан танай хамт олонд мөн баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна