Монгол Улсын Алдарт уяач Ч.Зуунчулуун: Уяач хүнд хор шар, атаа жөтөө, цээж өвчин гурав л огт хэрэггүй

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 09 -нд

Булган аймгийн Бүрэгхангай сумаас Монгол Улсын Алдарт уяаx цолтон хоёр төрөн гарсны нэг нь эзэн Чойдогийн Зуунчулуун юм. Хул зүсмийн адуугаар одтой сайхан наадагч түүнийг морь сонирхогчид төрийн наадамд наймд хурдалсан хурдан хул мориор нь эчнээ таних билээ. Ингээд 2017 оны зун Бүрэгхангай сумыг зорьж, Алдартын гэрт айлчлан хуучилсан ярилцлагаа сийрүүлэн хүргэж байна. 
-Наашаа ирэх замд нэрт яруу найрагч Цэндийн Чимэддоржийн
Зул эргэх морьдын луу унасан мэт их тоосноос
Зугтаж гардаг, зугтаж ирдэг
Зуунчулууны амны хишигт мандал хүлэг
Зураад л өнгөрөх ажнай, хул зэв... гэсэн мөртүүд санаанд орж байлаа. Таныг  Монгол даяар таниулсан хурдан хулын тань талаар ярицлагаа эхлэх нь зүйтэй байх?
-Манай сумын Нямаажав гэдэг хүн Төв аймгийн Заамар луу уургын буурал морио зарж, оронд нь солионы таван адуу авсан. Тэр таван үрээний нэг нь миний хул морь. Нямаажав хул морийг дааганд нь Лхагважав гэдэг хүнд бэлэглэсэн юм билээ. Би хөх шагай морь тэр үедээ л өндөр өртгөөр худалдан авч байлаа.
-Хөх шагай гэдэг нь зургаан настай гэсэн үг үү?
-Дүнсэр долоо. Хавчигийн дараагийн нас.
-Танд ирэхээсээ өмнө ямар амжилт гаргаад байсан бэ?
-Шүдлэндээ хүүхдээ булгиад чулуудчихсан юм гэнэ лээ. Харин хязаалан, соёолондоо Бүрэгхангай сум болон Булган аймгийн баяр наадамд тус тус түрүүлсэн. Хавчигтаа ч мөн аймгийн баяр наадамд түрүүлсэн.
-Аймагт хоёр түрүүлчихсэн адуу үнэтэй байхаас яахав. Тухайн үеийн өндөр өртөг гэдэг нь...
-1983 онд 6000 төгрөг буюу мотоциклийн өртөг дээр гайгүй давхидаг нэг морь нэмж өгөөд авч байлаа. Миний өгсөн морь даагандаа Бүрэгхангайд түрүүлж, хязааландаа Булганы Баян-Агтад аман хүзүүдэн, соёолондоо Бүрэгхангайд гурваар давхисан.
-Хазаарын морь хурдан адуу байжээ. Хул морь танд ирээд айраг алдаагүй байх шүү?
-Булган аймгийн наадамд гурван жил дараалан түрүүлсэн. Завсарт нь том, жижиг уралдаануудад дөрөв, таван удаа түрүүлчихсэн. Эрдэнэт хотод  болсон Монгол-Зөвлөлтийн найрамдлын их наадам болон сумдын ой гээд уралдсан болгондоо шахуу түрүүлж байсан даа.  
-Хэд хүртлээ уралдаж, хэдэн медаль хүртсэн бэ?
-Тухайн үед сумын ой болон наадмаар л медаль өгдөг байлаа. Хул морины айраг, түрүү нийлсэн 20 гаруй медаль бий.
-Улсын баяр наадамд ирж уралдахдаа Айдасын даваа хүртэл өнгөлж яваад, наймд баригдсан байдаг. Тэр нь хэдэн он бэ?
-Би хул морьтойгоо 1986, 1995 онд улсад явж наадсан.1986 онд Айдасын даваан дээр гарч иртлээ зарлагдаад, наймаар давхисан. Их гантай жил байсан болохоор өлдүүлчихсэн юм болов уу гэж боддог юм. Сүүлд 1995 онд нэлээд харьчихсан хойно нь очиж уралдуулахад 20 гаргаж давхисан. Ер нь ясны хурдан адуу байсан шүү. 
-Анх улсын баяр наадамд очиход таны хул морийг хүмүүс хэр таньж байв?
-Данзанням гуай, Даваахүү хоёртой Айдасын давааны цаана буусан юм. Тэр үед  Гүррагчаа баатар Батлан хамгаалахын даргаар ажиллаж байлаа. Баатар маань “Манай нутгийн улс ирсэн байна” гээд Данзанням гуай, Даваахүү нартай хамт хүрч ирсэн. Данзанням гуай хул морийг босож нэг хараад, гэдрэгээ хэвтэж нэг хараад байсан хэр нь юу ч хэлээгүй.
-Даваахүү Тод манлай юм хэлсэн үү?
-Орхон сумын 30 жилийн ойгоор Даваахүү гурван их насны морьтой ирж, миний хул морь түрүүлсэн учраас ерөнхийдөө мэдэж байсан л даа. Даваахүү миний хул морийг хурдан адуу л гэдэг юм. Мөн адуу судлаач Баярмагнай гуай Жаргалант угшилтай гээд биччихсэн байдаг юм билээ. Их өндөр гоёмсог, бие хаа сайхантай адуу л даа.
-Хурд хүчээ гайхуулаад эхлэхээр нь дээд удам угшлыг нь судалж үзэв үү?
-Заамар сум нийгэмчилгээ явуулаад, баахан үрээ, даага суурилахад тэдэн дунд ирсэн юм гэнэ лээ. Цоохор Дамба гэдэг хүн л удам угшлыг нь мэддэг сурагтай байсан ч асуухаар олигтой зүйл хэлж өгдөггүй юм. Уяачид цавийг нь ажиглаад Жаргалант угшилтай л гээд байдаг юм.
-1986, 1995 онд төрийн наадамд их насны олон морьд мордож байв уу?
-1986 онд 200 орчим, 1995 онд 400 гаруй их насны морьд мордсон. Төрийн наадамд анх очихдоо хүн танихгүй, аавтайгаа хамт хоёр морин тэрэг хөтлөөд л Алтанбулагт очиж уяж байлаа. Төвийнх нь урдхан талын худагтай газар майхнаа бариад сар гаруй болчихоод Түргэний голд очиж сунгасан юм.
-Хул морь ямар уяатай адуу вэ?
-Хөх шагай, дүнсэрт нь би өнжөөлгүй уясан. Нарийхан, хээл багатай, нэг их таргалдаггүй адуу. Тиймээс өвөл хааяа барьж ганц нэг цантуулна уу гэхээс унаа уналганд эдэлдэгггүй. Их хямсгар аа. Хүний дуу авчихвал сэрвэлзээд өвс идэхгүй, ус уухгүй. Тиймээс азарга мордтол идүүлнэ. Хүнээр мануулаад үлдээчихдэг байсан юм. Тэгээд азаргаа гаргаж өгчихөөд эргэж ирээд барьдаг. Газрын хол, ойроос айдаггүй, огт суудаггүй. Уяаны багахан алдаа ч нөлөөлдөггүй, ерөөсөө л уралдах гэж төрсөн адуу даа. Дүнсэр долоотойдоо арынхаа морьдоос 4-5 км шахам зайтай тасарч ирсэн.
-Сүүлд өөрийгөө сойгоод наадам болохоор давхиад ирдэг байсан гэдэг. Хэд хүртлээ уралдсан юм бэ?
-19 хүртлээ уягдсан. 26 хүрээд Дулааны өвөрт уруу газар хайлсан цасан дээр халтирч унаад талийчихсан байсан, хөөрхий.
-Тэргүүнийг нь овоонд залсан уу, та өөрөө хадгалж байгаа юу?
-Биднийг очиход сүүлийг нь хүн аваад явчихсан байсан. Харин тэргүүнийг нь авч овоонд залсаан. Түрүүн чи хул моринд зориулсан Цэндийн Чимэддоржийн шүлгээс уншлаа шүү дээ. Тэр шүлэг дуу болсон. Манай нутгийн залуу дуучин Алтангэрэлийн Анхбаяр ая зохиож, өөрөө  дуулаад дүрсжүүлчихсэн байна лээ. Тэр шүлэг хэрхэн бүтсэн түүхийг сонсох уу?
-Сонсъё?
-Нэгэн удаа олон зохиолч Булган аймгаар ороод Бүрэгхангайд ирсэн юм билээ. Тэгээд нэгдлийн адуутай айлд айраг уучихаад манайхыг заалгасан байгаа юм. Би ямар тэр хүнийг таних биш дээ, гэзэгтэй нөхөр машинтай давхиж ирээд “Хул моринд чинь зориулсан шүлэг бичих гэсэн юм. Барааг нь харъя” гэсэн. Тэгээд барааг нь харж сууж байгаад л явсан юм. Хожим шүлэг биччихсэн байсан. Шүлгэнд нь ая хийх гэхээр хатуудаад байна гэх юм билээ. Тэгсэн тэр хүү шүлэгнээс нь ганц нэг мөр танаад богинохон дуу хийчихсэн байна лээ.
-Клипэнд нь хул морьтой төстэй хул адуу тоглуулсан юм уу?
-Тийм ээ, сартай хязаалан хул үрээгээр орлуулж тоглуулсан юм. Миний хул морь том толин сартай л даа.
-“Сайн адуу хүнд олон заяадаггүй. Тэр дундаа их насны сайн морь нэг насанд ганц л заяадаг юм” гэж уяачид ярьдаг. Танд бас ингэж бодогддог уу?
-Хул мориноос хойш санаанд хүрэх адуу таарахгүй л байна. Уг нь Шарын Ганхуяг цоохор унагатай цоохор гүү авчирч өгсөн юм. Их хөөрхөн давхилтай, жижигдүүхэн биетэй. Даага, шүдлэндээ сайхан давхиад, бүдүүрснээсээ хойш санаанд хүртэл давхихгүй л байна. Өнгөрсөн жил найм хүрсэн, гантай байсан болохоор би энэ жил морь мал уясангүй.
-Та ингэхэд хэдэн наснаасаа морины уяа эвлүүлж эхэлсэн бэ?
-Цэрэгт явахаасаа өмнө Майн нэгний баяраар анх бие даан морь уяж байлаа. Тэр үед хаврын цагт их насны морь л уралдуулдаг байсан юм. Эхний жил их насны морь аман хүзүүдүүлээд, хойтон жил нь айргийн таваар давхиулж байлаа. Тэгээд  1970 онд цэрэгт татагдаж, барилгын цэргийн 073 дугаар ангид гурван жил алба хаасан. 1974 онд цэргээс халагдаж ирснээсээ хойш тасралтгүй морь  уяж байна.
-Барилгын цэргийн ангид алба хааж байхдаа ямар, ямар бүтээн байгуулалтанд гар бие оролцов?
-Бага дарга, салаан туслахаар томилогдож хоёр жил ажилласан. Алба хаах хугацаандаа Мод боловсруулах комбинат, Үйлдвэр комбинатын өргөтгөлийг барихад гар бие оролцсон.
-Цэргээс халагдаж ирээд ямар адуугаар уяачийн замналаа үргэлжлүүлсэн бэ?
-Тэр үед манай сум Куба улстай шифийн харилцаатай байлаа. Наадмын дараа Кубын баяр гэж болно. Цэрэгт явахаасаа өмнө тэр баярт бор халзан морио түрүүлгэн, улаан хээр даагаар байлуулсан юм. Түүнийгээ Кубын хээр гээд нэрлэчихсэн. Кубын хээр маань шүдлэндээ тавлаад, хязаалан, соёолондоо аман хүзүүдсэн. Тэгээд тэр жил нь би цэрэгт явлаа. Цэргээс халагдаад ирсэн аав хүнээр уяулаад хоёр морийг маань туулгачихаж.
-Хоёр морио...
-Нөгөө түрүүлдэг бор халзан. Намайг цэрэгт явахад хавчиг морь үлдсэн юм. Булган аймгийн Халиун суманд Санжийн Дорлиг гэж морь сайн хатгадаг өвгөн байдаг байсан. Тэр хүн дээр хоёр морио авч очоод хатгуулсан. Кубын хээр маань хөл ороод сумандаа хоёр ч айрагдаж, овоо хэдэн жил уралдсан. Хээр мориноосоо гадна бага насны хэдэн үрээ уясан, дур дагаад тэр үү, цөм л гайгүй давхисан. Түүндээ урамшаад Гүррагчаа баатарыг сансарт ниссэн жил буюу 1981 онд анх аймгийн наадмыг зорин очиж байлаа.
-Нөгөө олон түрүү, айраг авдаг наадам байх. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Тэгвэл эхлээд халиун азарганыхаа тухай ярих нь зөв байх. Хишиг-Өндөр сумын Цэнд-Аюуш гэдэг хүн жижигхэн биетэй, их зузаан, хөөрхөн халиун азаргатай байлаа. Хүмүүс “Энэ золиг уяж чадахгүй байгаа юм. Үүнийг авбал хурдлана даа” гэлцээд л байсан. Тэгсэн манай сумын 40 жилийн ойгоор Цэнд-Аюуш нөгөө халиун азаргаа уяад иржээ, жигтэйхэн тарган юм аа. Тэр наадамд 20 гаргаж давхисан. Тэгэхээр нь би очиж уулзаад мал оролцуулан 5000 төгрөгөөр авахаар болж, “Одоо уяан дээрээс чинь авахгүй ээ. Намар гэрээс чинь очиж авъя” гэж тохирсон юм. Тэгээд аравдугаар сард очиж аваад хойтон жил нь сумынхаа наадамд арван хэдээр давхиулсан. Түүний дараа жил айрагдуулсан. Бас Хишиг-Өндөр суманд болсон  үйлдвэрийн 20 жилийн ойд түрүүлгэсэн. Тэгээд 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор аймагт очиж түрүүлсэн. Тэгэхэд миний уясан соёолон, даага, шүдлэн түрүүлж, хязаалан аман хүзүүдэн, их насны морь зургаагаар давхиж байлаа.
-Аймгийн баяр наадмаас дөрвөн насны түрүү хүртчихжээ?
-Тийм. Халиун азарга өвгөрсний дараа сайн хул азарга залгасан юм шүү дээ.
-Хул азарга хаанахын ямар угшилтай адуу байсан бэ?
-Төв аймгийн Заамар сумын Дагвадоржийн Баасан гэдэг хүний адуу. Баасан өөрөө сайн хүрэн азаргатай л даа. Баасангийн хүрэн гэхээр уяачид андахгүй.
Хул азаргыг шүдлэнд миний нэг танил хүүд бэлэглэсэн юм билээ. Тэр хүү хавар эмнэг үрээ авчирч сургаад, зун сумын баяр наадмаар 14-т давхиулсан. Дараа жил нь хязаалан үрээ таваар давхиулаад, 1985 онд соёолонд нь азарга тавьчихаад өөрөө хот руу явчихсан. Тэгээд би уяж, хавчиг азарга Булган аймгийн наадамд гурваар давхиулаад, хөх шагайнд нь Бүрэгхангайд түрүүлгэсэн. Мөн Эрдэнэтэд хоёр удаа очихдоо хоёуланд нь түрүүлсэн. Ер нь олон түрүүлсэн дээ. Амжилтаараа хул мориноос нэг их дутахгүй байх.
-Сонсоод байх нь ээ, та авмал адуугаар сайхан наадчихдаг юм аа даа?
-Тийм шүү. Эрдэнэт, Булганыхан Зуугийн хулууд гэхээр андахгүй ээ. Би хул азарганыхаа үр төлийг ийш тийш нь их зарсан. Авсан хүмүүс ам сайтай л байдаг юм. Жишээ нь, Булганы Халиун сумын Содоод хар ногоон үрээ, Эрдэнэтийн Баасан багшид сартай хул шүдлэн үрээ бэлэглэсэн. Содоогийн хар азарга Булганд болсон том уралдаанд аман хүзүүдэн, Эрдэнэтдээ хэд хэдэн удаа түрүүлж, айрагдсан гэнэ лээ. Төлүүд нь бас л сайн давхиж байгаа дуулддаг.
-Хул зүсмийн адуу ээлтэй бололтой.
-Манай энд Ониогийн хар гэж хурдан азарга байлаа. Би хүнээс эр үхрийн авлагандаа Ониогийн хар азарганы төл хар даагыг авч, шүдлэнд нь Бүрэгхангайд зургаа, Могодод зургаа, аймгийн баяр наадамд зургаагаар давхиулсан. Хул азарга маань тэр хараас нэг дүү юм.
Малын эмч Нацаг гэдэг өвгөн байсан юм. Нацаг гуай манай хар азаргыг авъя гээд болдоггүй. Тэр үед надад нас чацуу дөрвөн сайхан үрээ байлаа л даа. Хул азарга, хонгор үрээ, бор халиун үрээ, хар үрээ гээд. Тэгээд би халиуныг Намжил гэдэг хүнд, хонгорыг нь Шагдарсүрэн найздаа, харыг нь Нацаг ахад зарсан юм. Нацаг ах дамжуулаад Эрдэнэбатад зарсан юм билээ. Тэгээд Эрдэнэбатын хар гэж цуутай азарга болсон. Үр төлүүд нь ч бас сайн давхиж байгаа.
-Дөрвөн сайхан үрээнээсээ та хулыг нь л аваад үлдчихжээ?
-Хул мориныхоо зүс дагуу адуунууд нэг хэсэг цуглуулсаан. Хул азарганы төл хул үрээгээр азарга тавьсан нь их хурдалсан шүү. Эрдэнэтийн 25 жилийн ойд хоёр хул азарга, хул морь, халиун азарганы төл болох  шарга морьтойгоо очоод том хул азаргаа түрүүлгэж, жижиг хулаа таваар давхиулж байлаа. Морь уясан хугацаандаа авсан хамгийн том бай маань хоёр Чингис хивс, нэг шар зурагт юм байна. Хоёр хул азарганы байнд ирж байсан юм.
-Нас насны хул адуунууд уячихсан байхад ч бас сайхан харагдана биз?
-Тэгэлгүй яах вэ. Хул азарганы төл жижигхэн сартай цагаан хонгор үрээ, улаан хонгор үрээ хоёр аймгийн наадамд нэг нь аман хүзүүдэж, нөгөө нь тавлаж байлаа. Эрдэнэтийн наадмуудад ч бас олон хул адуутай очдог юм. Одоо хул азарганы маань тав дахь үеийн төлүүд уягдаж байна.
-Хул азарганы төл Бүрэгхангайд нэлээд тархсан юм байна. Өөр аймаг, сумд руу тараасан уу?
-Эрдэнэтийн Жигжидсүрэнд нэг хул даага өгсөн. Хоёр хул даага зааж өгөөд өөрөөр нь сонгуулсан юм. Жийгээ маань “Би Зуунчулуун ахын дааганаас хойш л адуужсан” гэж ярьдаг гэнэ лээ.
-Та 1991 онд Монгол Улсын Алдарт уяач цол хүртжээ. Хэдэн айраг, түрүүгээр энэ цолны болзлыг хангаж байв?
-Барагцаагаар бодоход дор хаяж арав гаруй түрүү, арав гаруй айрагтай байсан байх аа. Нас насны морьд бүгд л сайн давхиж байсан юм чинь.
-1995 оноос хойш улсын баяр наадмыг зорьж очоогүй юм уу?
-Тийм ээ.
-Ямар шалтгаанаар төрийн баяр наадмаасаа “хойш суух” болов?
-Хэд хэдэн шалтгаан байна. Өнөө цагт уралдаанч хүүхэд гэдэг нэг том асуудал байна. Нөгөөтэйгүүр, нас ахихаар зүрх үхчихдэг бололтой юм. Хэдэн сайхан хүлгийг минь хүүхэд ширүүхэн ороолгохоор л нулимс гараад, хоолой зангираад явчихна. Бас унаж байгаа хүүхдээ өрөвдөнө. /инээв/ Одоо нэг алаг азарга байна. Сумын баяр наадмаас нэг айраг, нэг түрүүтэй. Өнгөрсөн жил уясан боловч хөл нь мэжигнээд байхаар нь тавьчихсан юм. Бандгаагийн унаган адуу л даа. Эрдэнэтийн Эрүүлийг хамгаалахын жолооч Бат-Очир гээд миний хуурай дүү өгсөн юм.
-Одоо морьдоо айлын хүүхдүүдээр унуулж байна уу. Морины ажилдаа ач,  зээ нараасаа туслуулдаг уу, эсхүл өөрөө хийчихдэг үү?
-Айлын хүүхдээр л унуулж байна. Морины ажлаа ч өөрөө хийнэ. Гэхдээ хөл муудчихаад мордож чадахгүй л болчихоод байна.
-Та нэгдэл нийгмийн үед ямар ажил алба эрхэлж байсан билээ?
-Би үхэр, хонь хариулж байлаа. Дараа нь гурван жил адуу малласан.
-Уяачид болон уясан хүлгүүдийнх нь чансааг жинхэнэ утгаар нь шалгадаг “Их хурд” уралдаанд оролцож байсан л байлгүй. Ямаршуухан амжилттай наадаж байв?
-Хоёр хул азарга маань анхны “Их хурд”-д оролцох эрх авч байлаа. Эцэг, хүү хоёр гэсэн үг л дээ. Эцэг хул нь Бүрэгхангайд түрүүлээд, хүү хул нь тавласан юм. Булган аймгийн наадамд эцэг нь аман хүзүүдээд, хүү нь зургаалсан. Эрдэнэтийн Даншиг наадамд очсон боловч би том хул азарганыхаа уяаг давуулчихсан юм. Тэгээд том хул 34, бага хул зургаагаар давхисан. Ингээд гурван газрын давхар эрхтэй анхны “Их хурд”-д оролцож, жижиг хулаа 17-д, том хулаа 30 хэдэд давхиулсан.
Хоёр дахь “Их хурд”-д оролцох эрх ч бас авсан. Гэвч том хулын маань уяа жигтэйхэн давчихаад цөмөрчихсөн учир өөр азарга аваад очсон. 100 гаргаад ирнэ лээ. Түүнээс хойш “Их хурд”-д очоогүй.
-Уяачид ихэвчлэн удам дамжсан байдаг даа. Та ингэхэд хэд дэх үеийн уяач вэ?
-Очирын Дамбий, Очирын Жанцан гэж ах дүү хоёр уяач манай ээжийн талд байсан юм. Дамбий нь сайн хонгор морьтой. Булган аймгийн наадамд очих тоолондоо л түрүүлдэг байсан юм гэнэ лээ. Нэгэн удаа хурдан хонгор морио Заамарт уралдуулахаар авч яваад эцээчихэж. Тэгээд зүлгэн дээр аргамжаад хоночихсон чинь алдчихжээ. Тэгсэн Заамарынхан бүр “Дамбийг хонгор морио олохоор морьдоо мордуулна” гээд наадмаа хойшлуулж байсан гэдэг. Тэгээд олж мордуулаад түрүүг нь авсан юм гэдэг.
Манай аав бас морь уяна, сур харвана. Сумандаа олон түрүүлсэн сайн бор халзан морьтой байсан. Бүрэгхангайгаасаа гараад Хишиг-Өндөр, аймгийн наадамд ч хааяа очдог л байсан.
-Та айлын ууган хүү. Аавынхаа бор халзанг унаж байв уу?
-Би өвгөрсөн хойно нь унасан. Гэхдээ л хурдан байсан шүү.
-Морины уяа эвлүүлж байгаа хүн танайхан дунд танаас өөр бий юу?
-Би нэг эмэгтэй, хоёр эрэгтэй дүүтэй. Манай дүү Ганбат малчин, морь уяна. Аймгийн Алдарт уяач цолтой. Сайн саарал азаргатай байсан юм. Одоо өвгөрөөд уяхаа больж. Нөгөө дүү маань тракторын жолооч, газар тариалангийн л ажил хийдэг юм.
-Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд тань моринд хэр хорхойсч байна?
-Би хоёр охин, хоёр хүүтэй. Нэг хүү маань өргөмөл. Энэ хүүтэй учирсан түүх бас их сонин шүү.
-Бидэнд ярьж өгөөч?
-Гүндхоролын Цогоо гэдэг хүү таван настайдаа манайд хурдан морь унах гэж ирлээ. Аав нь нягтлан бодогч хүн байсан болохоор Баяннуурын тэжээлийн сангийн аж ахуй руу шилжихээр болж яваад  өглөө. Тэр үед Цогоо маань долдугаар ангид сурч байсан юм. Тэгсэн Цогоо буцаад гүйгээд ирсэн. /инээв/ Ингээд төвд манай аав, ээж хоёр дээр сургуульд сууж байгаад тэндээсээ цэрэгт явж, халагдсаныхаа дараа бас гэртээ очилгүй, манайд хүрээд ирсэн. Ингээд би гэр барьж, мал тасдаж өгөөд тусад нь гаргасан юм. Ингэж л би хоёр хүүтэй болсон хүн дээ.
-Хоёр хүү нь морь уядаг уу?
-Цогоо аймгийн Алдарт, бага хүү сумын Алдарт уяач цолтой.
-Та ч хөвгүүддээ удам угшил сайтай адууг нь бэлтгээд, уяач болох замыг засаад өгчихөж. Одоо танай адуунд хаанахын ямар угшилтай адуу зонхилж байна вэ?
-Хул азарганы төлөөс азарга тавиад өгчихсөн. Их хурдан ч байсан. Цогоодоо сүүлд хүрэн алаг азаргатай адуу тасдаж өгсөн.
-1990-ээд оны сүүлч 2000 оны эхээр амжилттай яваа бизнесмэнүүд сайн адуунд үнэ хайрлаагүй. Танайхаар олон хүн ирж байв уу?
-Томчууд ч зүүн тийшээ л голдуухан явчихдаг юм билээ. Манайхаар  ирээгүй ээ. Харин би “Монгол алт” корпорацийн орлогч захирал Дашзэвэгт хул азарганы төл өсгий цагаан хүрэн үрээ өгсөн. Их хурдан байсан гэнэ лээ. Дүү нь соёолонд нь Өвөрхангайд аваачиж давхиулаад өлдүүлчихсэн гэсэн.
-Уяач болсныхоо баяр бахдалыг бүрэн утгаар нь мэдэрсэн наадам олон тохиож байв уу?
-Олоон, тэр дундаа Булган аймгийн наадмаас дөрвөн насны адуугаар түрүү хүртэж, нэг насны адуугаар айраг хүртсэн нь хамгийн том баяр бахдал байлаа. Мөн Эрдэнэтэд том хул азарга түрүүлж, хүү хул нь тавлахад ёстой л магнайгаа хагартал баярласан даа.
-Одоо ч адууны дөртэй хүн бүр л морь уях гэж оролдож байна. Энэ нь сайн, муу хоёр талтай л байх. Та олон жил морины уяа эвлүүлж, арвин туршлага хуримтлуулсан хүний хувьд морь сонирхож, уяж эхэлж байгаа залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Уяач хүн их даруухан, жудагтай байх ёстой. Зарим залуус хоёр, гурван жил дараалж айраг, түрүү хүртчихээрээ цээжээ дэлдэх маягтай болж байгаа харагдах юм. Тэгж болохгүй шүү. Уяач хүнд хор шар, атаа жөтөө, цээж өвчин гурав л хэрэггүй юм болов уу гэж санадаг.
-Ярилцсанд баярлалаа. Урт насалж, удаан жаргаарай.

А.Тэлмэн

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна