АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.СОНОМБАЛ: ЯМАР Ч НАСНЫ АДУУГ ҮЗҮҮР ДЭЭР НЬ ДАЙРУУЛЖ СУРГАЖ БОЛДОГ
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, Мандал хайрхан нэгдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Готовын Сономбал гуайг уншигчдадаа танилцуулж байна. Тэрээр 1953 оны хавар Үүд хэмээх газар төржээ.
-Таны өвөг дээдэс морь мал уядаг байв уу?
-Манай аав лам хүн байсан. Уг гарал нь Баян-Овоогийн хүн. Эрдэнэцогтод шавилан сууж байгаад 30-аад оны үед лам нар баригдахад хөдөө гарч ээжтэй нийлсэн гэдэг юм. Сүүлд 90-ээд он гараад манай аав эргэж хийдэд сууж байгаад өөд болсон.
-Тэгээд ямар учир ерөөлөөр хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болов?
-Манай ээжийн талд ч морь уядаг хүн байгаагүй ээ. Ер нь надаас эхэлж морь уясан байх. Манайх Дэлжээ гуайнхтай айл саахалт байсан, тэдний хангал даагыг нь сургаж, морь мал уяхад нь харж дагаж явсаар морь уяж сурсан. Тэгээд 1968 оноос бага адуу уях гэж ноцолдож эхэлсэн. Манай аавын ах Цэдэнхүү моринд хорхойтой хүн байсан юм. Тэр авга л адуу хураагаад ирэхээр адуун дотор орж зогсчихоод энийгээ бариад уячих, тэрийг барьчих гэнэ. Хэлснээр нь олон юм бариад уячихаар аав “олон юм уялаа, морь зовоолоо” гээд хангинаад байна. Тэгсэн мөртлөө ахдаа юм хэлж чадахгүй. “Цэдэн ах уя” гэсэн юм гэхээр “хөгшин зөнөсөн хүний үгэнд орж хамаг морио барьчихлаа. Хагасыг нь тавь” гэж аашилна. Аавын үгээр хагас хугасыг нь тавиад хоёр гуравтай хоцордог байсан.
-Авгын “зөнөглөл”, өөрийн дуртай ажлын дэмий зүйл байсан, үгүйг аавдаа хэзээ харуулсан бэ?
-1971 онд АХ-ын тэгш ойгоор Баян-Овоонд хязаалан, шүдлэндээ очиж хоёуланг нь түрүүлгэчихдэг юм. Тэгээд аймгийн наадамд бас хоёуланг нь түрүүлчихнэ шахуу юм бодоод очсон. Бага ч байж дээ. Баян-Овооны наадамд Цэдэвсүрэнгийн хоёр хонгор ирж байсан юм. Тэгтэл аймагт Цэдэвсүрэнгийн хонгор морь хоёулаа түрүүлээд, минийх нэг нь аман хүзүүнд, нөгөө нь гурваар ирсэн юмдаг. Мэдээж бага байсан болохоор алдаа гаргасан байлгүй. Гэхдээ юун дээр яаж алдсанаа мэдэх нь битгий хэл алдаа гаргалаа гэж бодож ч байгаагүй биз.
-Тэр хоёр үрээ хэр олон удаа эзнийхээ магнайг тэнийлгэсэн бэ?
-Нэг нь соёолондоо аймагт таваар орсон. Жижигхэн, номхон ч морь байсныг хэлэх үү манай дүү нар унаад, нэг их уяагүй. Хээр нь бол аймагт түрүүлээгүй ч нэлээн айрагдсан шүү. 1976 онд Бавгар Рагчаагийн хээр морь түрүүлж байхад лав аман хүзүүдсэн. Аймагт гурав, дөрөв ахиж айрагдсан юм байна. Хээрийн дүү хул морь даагандаа Баян-Овооны ойд аман хүзүүдээд, шүдлэндээ аймагт түрүүлж, хязааландаа гурваар, соёолондоо дөрвөөр ирж байсан. Нас нийлснээсээ хойш аймагт олон айрагдсан ч түрүүлээгүй юм. Суманд бол олон түрүүлсэн. Давхар уяанд их сайн байсан. Тэгэхэд аймгийн наадам түрүүлж болдог байлаа. Аймгийн наадамд аваачаад тавихаар айрагдчихаад, энд тэнд сумын наадамд очихоороо дархан түрүүлдэг байсан. Эхний наадамд айрагддаг, дараагийн наадамд түрүүлдэг тийм л морь байлаа.
-Хурдан удамтай ах дүү хоёр байжээ?
-Тиймээ. Тэрний дүү бас нэг хул морь их сайн давхисан. Баян-Овоонд нэг түрүүлж, аймагт хоёр айрагдсан юм. Тэр хулын угшлаас эхнэрийнхээ дүү Бямбажавыг цэргээс ирэхэд нь шүдлэн үрээ өгсөн. Шүдлэнд нь би уяж Баян-Овоонд аман хүзүүдээд, соёолондоо аймагт гурваар давхисан. Нас нийлснээсээ хойш аймагт хэд хэд айрагдаж, 1997 онд аймагт түрүүлж байсан. Тэгээд анхны Их хурдад хөлөөр нь аваачиж, тавиад 36-д ирж байлаа.
-Шигшмэл хүлгэд чуулдаг Их хурдад 36-д ирнэ гэдэг чинь чамлахааргүй амжилт байна?
-Аймгаас очсон морьдоосоо хоёр дээр ирсэн гэсэн үг л дээ. Хүрээмаралын Хүрэлбатын ягаан морь 32 дээр ирж байсан юм.
-Хул морь 1999 оны Ламын гэгээний ойд уралдаж байсан уу?
-Уралдсаан. 40-н хэдээр ирсэн. Тэр жил гандуу, морь ч туранхай, уяа муутай байсан.
-Ах дүү хул морьд чинь хаанахын адуу юм бэ?
-Манай унаган, яг л Гучингийн голын адуу даа.
-Танай адуунд Өндөрийнхний адуу сүлэлдэх үү?
-Сүлэлдэнэ. Манай аав дээр үед азаргаа засаж тавьчихаад аянд явчихсан юм байна лээ. Тэгээд хүрээд ирсэн чинь Шууман Гомбосүрэн гуайн тамгатай хонгор буурал үрээ орчихсон байж. Тэгэхээр нь Шууман гуайд танай тамгатай үрээ манай гүүг хураачихаж, та зарахгүй биз гэсэн чинь “ав ав. Миний нөгөө саян ягаануудын угшилтай юм шүү наадах чинь. Чи олон эрэгтэй хүүхэдтэй, тэдний амны хишиг гэж байгаа. Харин чи надад нэг номхон юм өгөөрэй” гэсэн байдаг.
-Хул морь түүний удам уу?
-Дандаа тэрний удам. Ээж нь ч тэрний удам. 1959 онд малаа нийгэмчлээд манайх хоёр охин цоохор даагатай л үлдэж байсан. Тэр хоёр бас л нөгөө хонгор буурал азарганы төл. Тэрний үр удам өсөж, уясан болгон давхиж байсан даа.
-Хул мориноос өөр таныг олон баярлуулж байсан нь?
-Би чинь дандаа хүний морь уяж байсан. Жанчив гэж хүргэнийхээ морийг нэлээн хэдэн жил уяж, аймагт хоёр аман хүзүүдүүлж, нэг түрүүлгэсэн. Баян-Овоонд хэд хэд түрүүлгэсэн.
-Таны нэрийг дуудуулсан өөрийн амжилтыг тооцвол хэр хэмжээний тоо гарах вэ?
-Хул морь шүдлэндээ аймагт нэг түрүүлж, хоёр айрагдаж, нас нийлээд дөрөв айрагдсан. Ингээд аймагт зургаа айраг, нэг түрүүтэй гэсэн үг. Энд тэндхийн сумын ойнуудад их түрүүлсээн. Баян-Овоо суманд гурав түрүүлж, Галуутад нэг түрүүлэн, сумын дөрвөн түрүүтэй. Тавжийн отрын наадамд ч түрүүлж л байсан. Тэрний ах хээр морь гурав айрагдсан. Сүүлд 2008 онд миний нэг хязаалан түрүүлж байлаа. Тэр хязаалан Сайхансамбуугийн наадамд айрагдаж, Ховдын бүсэд очиж бас айрагдсан.
-Та “Алтай -2008” гэж баруун бүсийн наадмыг ярьж байна уу?
-Тийм. Тэгэхэд манайхнаас 20-иод адуу явж цөм 10-аас дотогш орж байлаа. Цэрэндашийн морийг манай том банди бид хоёр уяж очиж байсан юм.
-Сайхан дурсамж гэдэг хичнээн он цагийг туулсан ч элж хорогдолгүй тодоос тод дурайж байдаг. Тийм сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Сайхан дурсамж зөндөө зөндөө. 1986 онд Баян-Овоогийн 40 жилийн ой болсон юм. Эрдэнэцогт сумын Содоон эрээн хамарт, хул хоёр чацуу, дааганаасаа авахуулаад байнга цуг уралдаж байсан. Тэр ойд манай хул морь хоёр дээр явж байгаад барианы доохно талд ирээд эрээн хамартыг элээд түрүүлчихэж байлаа. Түүний хойтон жил нь билүү, хойтны хойтон жил ч билүү Содоо бид хоёр морь дурандаад сууж байсан чинь эрээн хамарт тав дээр гараад ирдэг, манай хул байдаггүй ээ. Тоолоод байсан чинь Холбоо толгой өнгөрөөд 20-иодоор гараад ирлээ. Тэгснээ хул морь бариа хараад зүтгэчихдэг юм. Зүтгэсээр байгаад бүр 10 руу ороод ирлээ. Зурхайн яг доохно талд хүрээд ирсэн чинь эрээн хамартыг элээд л таваар орж, эрээн хамарт зургаалж байлаа. Тэгсэн Сод гуай ухасхийж босоод доороо нэг дэвхэрснээ “ээ миний энэ зээрд морь хулын өмнө гишгэх түүх алгаа” гэж билээ.
-Хултай ана мана давхиж байсан тэр эрээн хамарт аймагт хэр давхиж байсан бэ?
-Миний мэдэхийн аймагт хоёр айрагдсан.
-Таны хул үзүүр дээрээ дайрдаг шандастай адуу байжээ. Угаасаа тийм адуу юмуу, аль эсвэл хашир уяачийн суулгасан олдмол “рефлекс” үү?
-Сургасан юмаа. Морио урамшуулах маягаар сургадаг. Уургын морь шиг л сургана гэсэн үг. Дааганаас нь л давхиад ирж байхад нь урд талд нь олон морьтой улсууд зогсоож байгаад дундуур дайраад өнгөрөнгүүт нь шалавхан хүүхдээ буулгаж морио амрааж хөтөлдөг юм. Морио амраагаад байхаар сүүлдээ хүүхдээ буулгах гэдэг юм уу, яадаг юм хүн хараад л ухасхийж дайрдаг болчихдог. Ер нь хоногийн олноор л тийм болгоно доо.
-Адууг багад нь ингэж сургавал илүү сурцтай байх уу. Та бүдүүн морийг сургаж байсан уу?
-Ер нь бүгдээрээ л сурчихдаг юм байна лээ. Би хулыг бол дааганд нь сургаж байсан.
Миний доголон хүрэн гэж Сүхбаатар зүгийн хүрэн азарга байсан. Тэрийг бол хязааланд нь сургахад яг л үзүүртээ дайрчихдаг болсон.
-Үзүүртээ дайрдаг морьдын гараа хэр байдаг юм бэ?
-Миний морьд гараа их муутай. Би морийг дандаа дарж гаргадаг.
-Зарим уяачид гараа сайтай морьд тэр чигээрээ тасарч явдаг гэдэг юм билээ?
-Хүн хүний арга барил өөр өөр. Миний хувьд дарж гаргах нь л зөв. Ухасхийж гаргаад эхний 10-аад адуун дотор оруулаад дарж явах хэрэгтэй. Ер нь их хүчээрээ гарчихсан адуу үзүүртээ муудаж суучих гээд байдаг юм. -Таны ярианаас хүрэн азаргыг зүүн талаас авсан гэж ойлголоо. Ганц хүрэнээр тогтоогүй болов уу гэж бодож байна?
-Тэр ийм учиртай. Дүгэрсүрэн бид хоёр Сүхбаатар руу яваад 40 гаруй адуу авчирсан юм. Би гурван хүүхдэдээ нэг нэг адуутай л ирсэн, бусад нь Дүгэрсүрэнгийнх. Дүгэрээгийн адуу зарагдаж, хүнд өгсөөр сүүлд нь гурван зээрд үрээ үлдчихгүй юу. Нэгийг нь замдаа машин дээрээс унагаад доголчихсон байсан. Тэгээд Дүгэрсүрэн “та олон сайхан хурдан адуу авалцаж өглөө. Би нэг адуу бэлгэнд өгье. Энэ гурвын аль дуртайгаа ав” гэсэн юм. Тэгэхээр нь “хүн амьтан аваг, сүүлд үлдсэнийг нь л авъя” гэсэн. Үнэхээр ч тэр доголон хүрэн нь үлдэж, би авсан. Тэр их хурдан байсан даа.
-Хөлийнх нь доголыг яаж зассан юм?
-Нэгэнт өөрийн болчихоор хөлийг нь аргалахаас ч өөр яахав, хатгаж бариад л янзалсан. Хойтон жил нь соёолон үрээ аймгийн өвлийн уралдаанд уяж долоо, наймаар явсаар байгаад үзүүр дээрээ дайрч аман хүзүүдсэн. Соёолондоо Мондулааны наадамд тасархай хол түрүүлсэн. Нас нийлснээсээ хойш хаврын бооцоотой уралдаанд түрүүлж байсан. Сүүлд нь Цэрэндаш авсан. Түүнд очсон хойноо аймагт нэг түрүүлж, нэг аман хүзүүдээд байгаа.
-Та олон хүний морь уяж байсан гэсэн. Хэн хэн гэж хүний морийг уяж байсан бэ?
-90-ээд оноос эхлээд хүний морь уяж эхэлсэн. 2000 оноос хойш бүр олон хүний морь уясан. Дүгэрсүрэнгийн шар хээрийг уяж нэлээн айраг, түрүү авсан. Аймагт хоёр түрүү авч, Их хурдад ч явж байсан. Бас Цэрэндаш, Мөнхжаргалын морийг уяж байлаа. Манай хүүхдүүдээр уяулъя гээд орхичихоод явчихдаг. Хүний морь уяна гэдэг хөл гарыг нь авчихвий гэж зовохоос эхлээд хэцүү шүү дээ. Тэгээд л би хажуугаас нь орно доо. Сүүлийн хоёр, гурван жил л хүний морь уяагүй.
-Дүгэрсүрэнгийн шар хээрийг Баянхонгорт төдийгүй морь сонирхдог хүмүүс эчнээ таньдаг адуу л даа. Та түрүүн яг энэ өвөрт төрсөн адуу байгаа юм гэж байсан. Ямар удам угшилтай адуу юм бэ?
-Шар хээрийн аав нь Нанзад гэж айлын угшилтай хонгор азарга. Нанзадын адуу болохоор бас тэр Өндөрийнхний адуу. Нанзад гуайнх өндөрийн Готов гэж айлын бор гүүнээс гарсан хонгор азаргаар азарга тавиад, хонгор гүү гарсны хүүхэд нь Галын хонгор азарга байсан. Харин шар хээр бол Галын хонгорын төл байгаа юм. Эх нь ч бас Өндөрийнхний угшилтай. Ер нь Нанзад гуайн хөгшин ч бас Өндөрийнхний хүн л дээ. Энэ угшил тав зургаа дамжсан хойноо эргээд хоёр талаасаа цусандаа орсон учраас Галын адуу гарсан болгон нь хурдан байгаа юм.
-Шар хээрийг та хэдэн наснаас нь уясан юм бэ?
-Би соёолон цагаас нь авахуулж уясан. Соёолон хүртлээ ерөөсөө уягдаагүй морь. Анх Баян-Овооны ойд уягдаад өнгөлж яваад хүүхдээ унагаж орж чадаагүй. Тэгэхэд Баян-Овоод Архангайн Чойдоржийн зээрд түрүүлж байсан. Хойтон жил нь их насандаа Баян-Овоонд түрүүлсэн. Ер нь тэнд их олон түрүүлсэн л дээ. Аймагт хоёр түрүүлж, хоёр удаа гурваар орж байсан. Өлзийтийн 80 жилийн ойд түрүүлж, Загийн 80 жилийн ойд түрүүлсэн. 1-р 10 жилийн 80 жилийн ойд бас түрүүлсэн.
-Ер нь ямар хэлбэр хийцтэй, хурдан моринд байдаг ямар сайн шинжүүдтэй адуу байсан бэ?
-Их л жижигхэн морь. Гэхдээ дөрвөн хөл, толгой сайтай. Биендээ томдсон толгойтой, миний бүсэлхийгээр татна. Би зогсож байгаад л цаад талынх нь хаа гуяыг зөв талаас нь хусчихдаг байсан. Их том чихтэй. Бие нь жижигхэн учраас хамгийн түрүүн чих нь нүдэнд тусна. Хөнгөндүү уяатай, давхил хурдан орно. Хоёр хөл нь газраас хөндийрөөд байдаг байсан. Өвөрхангайд аваачаад тавьсан чинь Үнэнбүрэн танай шар хээр чинь нисдэг юм байна шүү дээ гээд зургийг нь үзүүлсэн чинь дөрвөн хөл нь газраас хөндий байсан.
-Хэдэн оны "Их хурд"-д уралдсан юм бэ?
-2004 оны Их хурдад уралдуулсан. Тэгэхэд Загт түрүүлгэчихээд орой нь ачаад шөнөжингөө давхиад Архангайн Чулуутад шөнийн хоёр цаг болж байхад очиж байгаа юм. Идүүлж хонуулчихаад маргааш нь ачиж давхиад Хархоринд бас л орой нь очлоо. Тэгээд ямар ч амралт байхгүй маргааш өглөө нь мордуулсан. Хүний адуу болохоор хэцүү байсан. Эзэн нь тавих гээд байдаг, би тавимааргүй байдаг. Дүгэрсүрэн яадаг юм тавья гээд болдоггүй. Морио харахаар өрөвдөөд тавимааргүй. Тэгээд яая гэхэв дээ мордуулсан. Газрын тэг дунд орж ирэхэд л тав дээр ороод ирсэн байсан. Эрдэнэгэрэлийн бага халзан дэрс тойроод эхний таван морийг өнгөлөөд гараад ирлээ. Шар хээр хойшлоод 12-оор давхиж байна. Тэгээд барианд ирэхэд халзан морь тав зургаагаар орж, шар хээр хэдэн моринд дайруулаад 20 гараад ирж байсан.
-Амралтгүй олон уралдуулна гэдэг ч наанадаж амжилт, цаанадаж хүлгийн амь насанд халтай даа?
-Тэр жил Загийн наадам л илүүдсэн дээ. Эхлээд аймагт тавьчихаад, Өлзийтөд бас уралдуулаад, дараа нь Их хурдад явах гэж байсан юм. Загийн ой болж байсан, Дүгэрсүрэн өөрөө тавина гээд. Тэгээд л тэр. 2005 онд аймагт түрүүлээд, Богдод очоод аман хүзүүдсэн юм. Богдод Цандэлэг билүү нэрийг нь мартчихаж улсын нэг алдарт уяачийн хул морь гараад, шар хээр даялсаар байгаад аман хүзүүдсэн.
-Шар хээр Их хурдаас гадна өөр ямар томоохон наадамд уралдаж байсан бэ?
-Улсын наадамд Дүгэрсүрэн өөрөө авч явсан. Тогтох гээд одоо байхгүй болсон хүнээр уяулаад явж байсан юм. Хотруу авч яваад тэгээд тэр жил үхсэн. Жилийн дараа Дүгэрсүрэн бид хоёр хот ороод үхсэн газар нь очиход яс нь байж байсан. Ногоон дотроос ясыг нь нэг бүрчлэн түүж авчирсан юм. Шар хээр морь хүний хайрыг татмаар хөөрхөн жижигхэн адуу. Давхилыг нь хүртэл хараад баймаар. Гар атгаж тавиад байгаа юм шиг давхилтай. Улсын наадам ч үзсэн, Сүхбаатар ч очиж үзсэн ер нь шар хээр шиг давхилтай морь би хараагүй. Урд хоёр хөл нь хошуунаасаа өнгөрөөд давхиад байгаа морийг би үзээгүй ээ. Тэгэхэд шар хээр морины урд хоёр хөл нь хошуунаасаа өнгөрөөд, яг гараа атгаж тавиад байгаа юм шиг.
-Хотод Өлзийт хороололд байсан гэсэн. Хэний морийг уядаг байсан юм бэ?
-Дүгэрсүрэнгийн морьтой нэг жил орчим л байсан. Тэрний халтар азарга, буурал морь, манай хул морь гэсэн цөөн хэдэн морьтой байсан юм. Буурал морь Дорноговийн Дэлгэрэхийнх байгаа юм. Дааганд уяж аймагт түрүүлгээд, говь руу зарагдаад тэнд уягдаж байгаа.
-Улс, бүсийн наадамд оролцож байв уу?
-Сүүлд 2011 онд анхны Хонгорын шигшмэл хурд гэж болоход Жаргалсайханы халтар азаргыг уяж байсан юм. Тэнд халтар азарга түрүүлсэн. Шигшмэл хурдын өмнө нь аймгийн 70 жилээр аман хүзүүдсэн. Манай Баян-Овоогийн Далайбат гэж залуу байдаг юм. Тэр надаар нэг нутаг соёолон уяулаад, тэр нь бас түрүүлсэн.
-Та аль насны морийг илүү уядаг вэ?
-Их морь гэж хэлнэ. Их морь сайхан шүү дээ. Хүчийг нь тааруулчихвал гарын ая даана.
-Та нутаг усандаа ахмад уяачдын тоонд ордог хүн. Одоогийн бидний мэдэхгүй, алдар цуутай, уяаны эрдэмд хосгүй ямар ямар уяачид байв?
-Манай нутагт Пэлжээ гуай, жаахан Готов, Ядам гэж хүмүүс байсан. Манайхан Гучингийн голоор айл саахалт явдаг. Жаахан Готов их л сайн уяач байсан шүү. Архи уугаад л давхиад байдаг хэр нь морь нь хурдлаад л байна. Нэг ийм явдал санаанаас гардаггүй юм. 1965 оны аймгийн баяр наадам л даа. Готов жаахан зээрд морьтой, тэр нь Гучингийн голд сунгаан хийгээд түрүүлчихгүй юу. Гучингийн голын адуу хурдан, аймгийнхан, ойр хавийн сумд Гучингийн гол, Шар бүрдний хөндийд ямар морь өнгөлж байгааг хардаг байсан үе л дээ. Гучингийн голд жаахан зээрд түрүүлчихээд, аймгийн наадамд аваад явлаа. Нарийн гол дээр бид буугаад байтал урьд жил нь аймгийн наадмын түрүүг авсан манай сумын Нанжид гуай хүрээд ирлээ. Аймгийн наадамд тавихаар олон юм уячихсан, заримыг нь туучихаж, хонгор морио хөтөлчихөж. Тэгээд бидний адууг үзээд “за нөгөө Гучингийн голд түрүүлсэн жоохон зээрд хаана байна” гэлээ. Энэ байна гэсэн “ өө цох хорхой шиг юм шив дээ, ийм юмаар яадаг юм” гэчихээд давхиад явчихгүй юу. Хүүхэд байсан болохоор дургүй хүрнэ гэж жигтэйхэн. Жааханыг ирэхээр нь “Нанжид гуай хүрч ирчихээд цох хорхой шиг юм яаж давхих юм гэчихээд давхиад явчихлаа” гэсэн нөгөө согтуу хүн чинь дуулж байгаа ч шинж алга. Наадмын урд орой Жаахан хар гуятай, хар цоохор жороо морьтой давхиж ирснээ “За та нар тэр гялаан одыг голлоод ирэхээр морио бариад уячихаарай” гэчихээд буцаад давхичихлаа. Хэлснээр нь гялаан од голлоод ирэхээр нь зээрд морио барьж уячихаад унтаад өгсөн. Маргааш нь манай дүүг унуулаад тавьчихлаа. Манай ах аваачиж тавьсан юм. Ахыг харж байтал Холбоо толгойн хоорондоос цагаан цамц дэрвээд жаахан зээрд өнгөлөөд л гараад ирж. Тэгээд тасарч давхиж байснаа буцаад ах дээр хүрээд ирж л дээ.
-Бариагаа мэдэхгүй байсан хэрэг үү?
-Тийм. Чи чинь яаваа, яагаад буцаад давхиад ирж байгаа юм гэвэл “Би ганцаараа яваад байх юм, хаашаа явах юм бэ” гэж. Яг энэ чигт л яваад байхаар цаана нь олон морь малтай улсууд харагдаж байгаа тийшээ яв гээд явуулж. Жаахан зээрд ахиад л урд талынхаа морьдыг элж идсээр их тасархай түрүүлсэн. Тэгээд хөлсийг нь хусаад зогсож байсан Жаахан бас л халамцуу ирж байна. Хүн болгон л ирж баяр хүргээд сүйд. Нанжид гуай ч бас хүрч ирээд баяр хүргэсэн чинь Жаахан “За тэгээд морь байна уу? хорхой байна уу?” гэж амыг асууж байж билээ.
-Сонсохоор барах уу, эргээд амыг нь асууж дээ?
-Тийм. Бүгдийг нь сонсож мэдсэн байгаа юм. Би хүүхэд байсан болоод энэ хүн юм хэлж байхад сонссонгүй гээд чамлаад байхгүй юу. Тэгтэл Нанжид гуай “Морь юм, морь юм. Мориндоо хүлэг юм хө” гэчихээд давхиад явчихаж байсан юм. Уг нь би юм сурвал сурахаар олон сайхан уяач нарыг дагадаг байлаа. Даанч олигтой юм сурсангүй дээ.
-Гэхдээ алтны дэргэдэх гууль шарлана гэдэг дээ. Таныг өөр суманд очиж хичээл заадаг дуулдсан.
-Яах вэ, нас дээр гарчихаар хийснээсээ дуулсан үзсэн нь их болдог юм байна. Түүнээсээ л асууж сурсантай нь хуваалцдаг ухаантай.
-Сүүлийн үеийн залуучууд олноороо морь уях болсон. Ахмад уяачийн хувьд залуучуудынхаа алдаа оноог харж, дүгнэлт хийж суудаг болов уу?
-Энэ залуучууд морь уях идэвх сайтай, морь уях гээд зүтгээд л байна. Бид нарын уяж байсан үеэс тэжээл энэ тэр гээд юм юм нь өөр болж. Морь уяна гэдэг чинь мэргэжлийн хэмжээнд оччихсон. Миний анзаарснаар байнгын тэжээлтэй байж морио дутуу хөнгөлөөд хөл гарыг нь их авах юм. Морио уралдуулчихаад л тавьчих юм, хариу уяа гэж байхгүй. Өвөл тэжээлд оруулахдаа морио эдлэхгүйгээр шууд л тэжээчихнэ. Ер нь эдэлгээ чухал шүү дээ. Залуу байхад хурдан морийг улам л хурдан болгох гээд алдаад байдаг талтай. Одоо наадам олон болсон. Гол нь морио бодох хэрэгтэй. За миний морь өнөөдөр энэ наадамд уралдчихлаа, одоо 7-10 хоног морио сайхан амраана, сэргээнэ гэж тооцохын хажуугаар бас тэвчээртэй байх хэрэгтэй. Ердөө тав хоногийн дотор хоёр гурван наадамд тавиад л морио дуусгаад хаячихна. Аймгийн наадам болохоос өмнө энд тэндэхийн жижиг наадамд тавьсаар байгаад нөгөө сайн байсан морь нь байхгүй болчихсон байна.
-Одоо ч хашир уяач залгамж халаагаа бэлдэж, зааж зураад сууна уу?
-За даа ер нь ч хүн чинь морь уяж сурдаггүй юм шиг байна. Одоо ч гэсэн наадам бүрийн дараа “өө тэгэх ёстой юм байна шүү дээ” гэж бодогдох юм. Тэгэхээр морь уяж сурч бардаггүй юм шиг байна даа. Би найман хүүхэдтэй. Би гурван бандитай. Гурван банди гурвуулаа морь уяна. Хоёр нь аймгийн алдарт уяач, нэг нь сумын Алдарт уяач.
-Бидний урилгын хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна