МОРЬТНЫ СОЁЛД ОРУУЛАХ БИДНИЙ ХУВЬ НЭМЭР
Манай сэтгүүл ийм булантай байсныг байнгын уншигчид маань санаж байгаа байх. Бид энэ буландаа Монголын морин спортын холбогдолтой хурцадмал асуудлуудыг хөндөн бичдэг байсныг ч мартаагүй болов уу. Харамсалтай нь, хэдхэн дугаарт гаргаад л завсарлуулчихсан юм. Сэтгүүлч миний шантрамтгай зангаас л болсон хэрэг. Бүр тодруулбал, гарсан нийтлэлүүдтэй холбоотой ганц хоёр хатуу үг сонсоод “төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр надтай, надгүй болох л биз. Нэг хүсэл, зорилгын төлөө явж байж хүнтэй муудалцаад яах вэ” хэмээн өөрийгөө цагаатгаж, бодлоо цаламдан, үгээ залгих болсных. Харин цаашид тийн алмайрахгүй ээ. Яагаад гэвэл би моринд дуртай, монгол өв соёлдоо хүндэтгэлтэй. Монголын гэсэн юм бүхэнд сэтгэлийн гүнээс хайртай. Хурдан морь сурвалжлах нь миний хувьд зөвхөн амьжиргаа залгуулах ядруухан арга бус, харин монгол хүн болж төрсний, морийг дээдэлдэг сэтгэлийн гүнээс улбаатай учраас сайн санааны үзүүрт сүү болон цалгиж буй санал бодлоо хуваалцаж байх болно. Товчхондоо Монголын морин спорт цаашлаад монгол адууны өв соёлд нэмэр хандив болох болов уу гэсний үүднээс өөрийн бодлоо энэхүү булангаараа дамжуулан хуваалцаж байхаар шийдлээ. Эрхэм уншигч, уяачид та бүхэн ч бас үзэл бодлоо эрээлж цээрлэлгүй хуваалцаж байгаарай. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг дээ. “Олны санаа оломгүй далай” ч гэдэг. Та бидний санал санаачилга хэрэгжиж хожмын өдөр сайн сайхан, хөгжил дэвшлийг дагуулахыг үгүйсгэх аргагүй.
Монголын хурдан морины уралдааныг түүхэн хөгжил хийгээд цаг хугацааных нь хувьд хэд хэдэн үе шатанд хуваан үзэж болох ч ММСУХ үүсгэн байгуулагдсан 1995 оноос хойш өнөөдрийг хүртэлх 23 жилийг орчин цаг хэмээн тодорхойлж болох байх. Яагаад гэвэл энэ үеэс Монголын морин уралдаан шинэ бодлого төлөвлөлттэйгөөр хөгжиж ирсэн юм. Түүнээс өмнө ийн олноор хэлэлцэж, хөгжлийн бодлогоо тодорхойлж байсан удаа үгүй байх.
Адуугаа дээдэлдэг, монгол наадам, морин уралдаан тусгаар улсын бэлгэ тэмдэг, тулгын гурван чулууны нэг гэдэгт итгэдэг халуун сэтгэлтэй харчууд 20 гаруй жилийн тэртээ ММСУХ-г санаачлан бий болгож, тэр халуунаараа Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос нэгэн зорилгот эрхмүүдийг урин залж, уяачдын анхдугаар хурлыг зарлан, цаашид баримтлах бодлого, мөрдөх дүрэм журам хийгээд хэтийн төлөвлөгөөгөө гаргасан байдаг. Түүний дагуу хийж хэрэгжүүлсэн ажил ч олон бий. Үүнтэй маргах хүн байхгүй. Үүнээс хамгийн чухал нь Баяр наадмын тухай хуулийг санаачлан батлуулж, уяачдын цол хэргэм хийгээд, уралдааны товыг төрийн оролцоотойгоор шийддэг болсон явдал байх. Би хувьдаа ингэж хардаг юм. Өөрөөр хэлбэл, уяачийн хөдөлмөрийг төрийн хэмжээнд хүртэл үнэлүүлж, уралдаан наадамд төр ямар нэг хэмжээгээр оролцдог болсон явдал. Энэ мэтчилэн хийж хэрэгжүүлсэн хэн бүхний мэдэх, хүн бүрийн нүдэн дээр ил өнгөрснийг энэ удаа ярихгүй, ярихын ч хэрэггүй. Амтай болгон ярьсаар байгаад бараг цээжлэгдчихсэн зүйл шүү дээ.
Харин өнөөдөр хийгээд маргааш, өнө холын тухай ярилцъя. Удахгүй болох их хуралд нэмэрлэх үг, санаагаа дайя.
“Тод магнай” сэтгүүл 2012 оноос эхлэн уяачидтайгаа уулзахаар аймаг, сумдаар тойрч байгааг уншигчид гадарлах байх. Зөвхөн энэ ажлаар ч бус, уралдаан, наадам сурвалжлахаар олон аймагт очиж байлаа. Энэ үеэр ажиглагддаг сэтгэл эмзэглүүлсэн, засч залруулах ёстой юм байна гэж бодогдсон зүйлс байхын сацуу уяачидтай ярилцаж суухад хэлж дайсан санал санаачилга ч цөөнгүй бий. Түүнийгээ уншигч тантай хуваалцан хэлэлцэхийг хүсч байна.
Энэ удаа адууны өв соёлын тухай ярилцъя.
Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдааныг тойрсон олон асуудал хөндөгдөж буйн нэг нь хүүхэд хамгаалал, аюулгүй байдал. Нийгэм цаг үеэ дагаад гарцаагүй яригдах ёстой асуудал. Харин жин бан нь таарсан эсэх тухайд эргэлзэхүйц. Хүүхдийн асуудал хөндөгдөхөд уяачдын болон холбооны зүгээс байр сууриа илэрхийлэхдээ “Морин уралдаан бол монгол үндэсний өв соёл. Өв соёлдоо ингэж хандаж болохгүй” гэдэг үгээр л бамбай хийдэг. Үнэхээр ч нүүдэлчин монголчуудын олон зуун жилийн түүхтэй өв соёлын нэгээхэн хэсэг нь эрийн гурван наадам, тэр дундаа үндэсний морин уралдаан юм. Гэвч морин уралдаан бол адуун өв соёлын нэгээхэн хэсэг. Үүний цаана адуугаа маллах, унаж эдлэх, өсгөн үржүүлэх, чанар чансааг нь дээшлүүлэхээс эхлээд эдлэл хэрэгсэл, ахуй соёлын болон хувь хүний төлөвшлийн гээд олон зүйлийг нэрлэж болно. Эдгээр нь өөр хоорондоо салшгүй холбоотой бөгөөд нэг нь нөгөөгөө тодотгож байдаг, зүйрлэвэл гинжин хэлхээс юм. Энэхүү гинжин хэлхээг бүхэлд нь Монголчуудын адууны өв соёл хэмээн нэрийдэх учиртай. Гэтэл бид 20 гаруй жилийн турш зөвхөн нэг хэсгийг нь товойлгон авч үзээд бусдыг нь орхигдуулчихсан хэрнээ өв соёл гэх том агуулгаар нь нэрлэх нь учир дутагдалтай санагдах болж.
Миний хэлэх гээд байгаа санаа бол холбоо хөгжлийн бодлогоо шинээр тодорхойлж байх тэр цаг үе өөрчлөгджээ. Морь уядаг, сонирхдог, морин уралдаан үздэг хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. Морин уралдаан ч олширсон байна /Магадгүй хэт олон ч болсон байж мэдэх/. Тиймээс энэ чиглэл рүү хүмүүсийн анхаарлыг татах гэж мэрийх хэрэггүй болж. Хүссэн, хүсээгүй энэ салбар хүмүүсийн анхаарлыг нэгэнт татсан. Өөрөөр хэлбэл, морин уралдааны цар хүрээг тэлж, монгол хүнийг морьтой нь ойртуулах гэсэн та бүхний 20 жилийн өмнөх зорилго хэдийнэ биелчихсэн.
Харин одоо бид цаашдын бодлогоо илүү өргөн цар хүрээтэй тодорхойлж, уралдаан төвтэй бодлогоос зайлсхийж, даяаршлын шуурганаас монгол адуун өв соёлоо бүрэн авч үлдэхэд анхаарах хэрэгтэй болжээ. Хамгийн наад зах нь Монгол хүн бүрийг морио унадаг, унах юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй болгомоор байна. Үүний тулд морь унахын давуу талыг сурталчлан таниулж, хотын ойролцоо морин сургалтын төвүүдийг байгуулах. Ийм санаачилга өрнүүлвэл хотын захирагч л /одоогийн Сундуй Манлайн хүү Батболд/ лав газар өгөхдөө гар татахгүй болов уу. Уяачид ч гэсэн эрвийх дэрвийхээрээ дэмжээд нэг нь нэг, хоёр нь хоёр уналгын морь хандивлах болов уу. Бүр болдоггүй юм аа гэхэд хуучин морин тойруулга буюу Морин сургалтын төвийг түшиглэж болно шүү дээ.
Өөр нэгэн хувилбар бол хотын ойролцоо морин аялал зохион байгуулдаг хүмүүсийг дэмжиж, урам хайрлан, цаашлаад материаллаг баазаар /уналгын морь, эмээл хазаар/ ханган хамтран ажиллаж болно. Энэ мэтчилэн хийе, болгоё гээд зоривол гарц олон бий. Зорьж хэрэгжүүлээд адуу малаас ангид, энэ талын ойлголтгүй иргэдээ адууны соёлд татан суралцуулчихвал нийгэм дэх хэт нэг талыг барьсан ташаа ойлголт бага ч гэсэн засрах л байх, адуу монгол хүний цусанд байдаг юм хойно. Ийм бодлого баримталж, аян өрнүүлвэл нийслэлийнхэн маань төд удалгүй л морь унаж сурчихаад амралтын өдрүүдээр утаат Улаанбаатараасаа холдож, хотын захаар морь унан агаарын цэнгэгт шунан, байгалийн сайхнаар нүд хужирлан зугаацна шүү дээ. Хотын ойролцоо аж төрдөг уяачид, малчид ч үүнийг хэрэгжүүлж амьжиргаагаа дээшлүүлэнгээ морьтны соёлд хувь нэмрээ оруулж болох юм. Үүнийг хүн санаагүй биш санаж, бодоогүй биш бодож л яваа. Гол нь дэмжлэг, удирдлага л дутаад байгаа байх.
Морь унах асуудал зөвхөн төвийнхөнд л хамаатай хэмээн ойлгож болохгүй. Хөдөөд ч ялгаагүй морь унахаа больсон гэдгийг уулзсан уяач болгон ярьдаг. Ярьсан, яриагүй ажиглагддаг. Тэр бүү хэл, адуу нь морьтой хүн туухаар явдаггүй, мотоцикльтой хүн туухаар сая нэг болж байгаа мэт урагшилдаг болсон байна. Морио унахгүй болохоор адуу нь зэрлэгшиж, аргаа барахдаа агтанд өгч санаа амардаг гэх. Тэгсэн хэр нь “Адууг амьдаар нь экспортлолоо”, “Эмээлтэд адууны цусан гол урсаж байна” гээд шуугидаг. Бидний адууг албадаж аваад алж, талаад байгаа хэрэг биш шүү дээ. Бид өөрсдөө л өгч тийн төрийн сүлдэндээ дээдэлсэн адууныхаа мууг үзэж байна. Энэ чигээрээ морио унахгүй, адуугаа эдлэхгүй байвал ирээдүйд илүү ч таагүй зүйл болж мэднэ. Түүнээс гадна хөдөөд морио унахаа байснаас болоод бөөр, нурууны хийгээд түрүү булчирхайн өвчлөл ихэсч байна хэмээн эмч нар зовних болж. Үүнийг батлах мэт хөдөөгүүр явж байхад насаараа адуу маллаж, морь унасан гэх хөгшид хамрын ханиад ч хүрэлгүй өдий хүрлээ хэмээн сэмбийнэ. Өнөө бидний даган дуурайх дуртай өндөр хөгжилтэй орны дээдсийн хүрээнийхэн гэхэд л морь унаж давхихыг хамгийн сайхан амралтанд тооцон, түүгээр ч зогсохгүй адууны энергийг саажилт хийгээд олон өвчинд эерэгээр нөлөөлдөг болохыг нотолж, шинжлэх ухааны үүднээс ч хүлээн зөвшөөрсөн байна. Гэтэл морьтон түмний үр сад бид эсрэгээрээ шинэ баян цээж өвчтэй гэгчээр машин техникт дурлаж, үндсэн ахуйгаасаа алсарсаар л байх юм. Хөдөөгүүр явахдаа уяачдын морь унасан зургийг авах гэж хөөрхөн хошин шог үзнэ шүү дээ. Дэмнүүлнэ, түшүүлнэ, өргүүлнэ, хөтлүүлнэ. Эрх биш нэг мордохоор нь унахаас нь урьтаж зургийг нь дарах гэж сандарна аа. Инээдтэй юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг. 2013 онд Дорноговь аймгийн тусгай дугаарыг бэлтгэх гээд Сайхандулаан суманд очсон юм. Ярилцлагын дараа уламжлал ёсоор зураг авах ажиллагаа эхэллээ. 1985 онд төрсөн эмнэг сургалтын спортын мастер залуугийн ээлж болов оо. Монгол эр хүний ид хавыг харуулсан ганц сайхан зураг үлдэх байх хэмээн хүлээж суусан би машинаас зориуд буугаад харлаа. Тэгсэн өнөөх маань хүнээр морио бариулж, өргүүлж байгаад морддог юм. Гонсойсон гэж.
Энэ мэт дүр зургийг явсан газар бүртээ хардаг болохоор ядаж хөдөө өсч өндийж, аж төрж буй малчид минь морио унаасай хэмээн чин сэтгэлээс хүсдэг болж.
Үүнийг мэдэхгүй биш, дээр доргүй мэдээд л байгаа. Зарим нэг сумын удирдлагууд наадмаа мотоцикльгүй хийх журам гаргаж, төрийн тэргүүн хүртэл морио уная хэмээн уриалж байсан шүү дээ. Гэхдээ нэг удаа хэлж, уриалах бус, нэгдсэн бодлого зангидаж, хөшүүрэг тавих хэрэгтэй байна. Үүнийг ММСУХ, түүний салбарууд хэрэгжүүлэх боломжтой мэт санагдах юм.
Баяр наадмаараа сайхан морьтой хос шалгаруулдаг сум, аймаг цөөнгүй. Эхний ээлжинд үүнийг дэлгэрүүлж, бай шагналыг нь нэмэгдүүлэх /болж өгвөл эмээл, хазаар тэргүүтнээр шагнах/, шалгарагсдыг сурталчлан таниулах зэргээр дэмжиж болмоор. Монголчууд бид биесээ дагах, суралцах дуртай ард түмэн шүү дээ. Хэдхэн жилийн дараа л сум, аймаг, улсын наадмыг хараа булаасан сайхан морьтой үздэг мода дэлгэрчихнэ. Жилдээ ганц болдог монгол наадмыг минь үзэх гэж тэр холоос ирсэн гадна дотныхон наанадаж нүдээ хужирлаг, цаанадаж Чингисийн монголчууд чинь одоо хүртэл мориноосоо буугаагүй юм байна хэмээн дэлхийн зүрхэнд шар ус хуруулаг л дээ. “Монголыг мориноос нь буулгаж байж л ялна” гэдэг гээ биз дээ.
Олон зүйлийг тайлбарлах гээд үндсэн сэдвээсээ хэт хазайчихаж. Товчхондоо дан морин уралдааны амжилтаар бус, морь унахыг хөхиүлэн дэмжиж, Монгол хүнийг ахуй соёлын анхдагчтай нь нэгтгэн, цаашлаад бие махбод болоод оюун санааны хувьд эрүүлжин монголжиход түлхэц үзүүлсэн хувь хүн, аж ахуйн нэгжийг олшруулахад анхаарцгаая, тийм гарцыг хайя.
Адууныхаа чанар чансааг дээшлүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах ажлыг мориныхон хэнээр ч хэлүүлэлтгүй хэтэрхий сайн хийж байгаа /Зарим талаараа сайн сайн гэхээр сахлаа будав гээч болчихоод байгааг эс тооцвол шүү дээ/. Гэхдээ шинжлэх ухааны ул үндэстэй эсэх тухайд бол ярихаас аргагүй. Уяачдын холбоо болон бусад чиглэлийн байгууллагууд энэ тухайд нь сургалт семинар зохион байгуулах, сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, арга туршлагаас хуваалцах зэргээр зааж чиглүүлэн улам бүр мэргэшүүлж байвал зохилтой санагддаг. Ний нуугүй хэлэхэд, манай төв холбоо уралдаан зохион байгуулах, уяачдыг цолонд тодорхойлох, гаргасан амжилтаар нь эрэмбэлэхээс өөр гойд ажил хийхгүй л байгаа санагддаг. Магадгүй тогоонд нь орж дотор нь хутгалддаггүй учраас хийсэн бүтээснийг нь мэдэлгүй дутуу үнэлж байж магад. Гэвч уяачид, морины зүтгэлтнүүдэд хийсэн хэмээн ил мэдэгдэж байгаа нь тэр л шүү дээ. Уяачдаа боловсруулах, мэргэшүүлэх санаачилга гаргаж туршлага хуваалцуулах ажлыг зохион байгуулдаг байхад гэмгүй л байх. Энэ сэдэвтэй холбогдуулан хэлэхэд шилдэг уяачийг тодруулдаг шигээ шилдэг үржүүлэгч фермерүүдийг тодруулдаг болж яагаад болохгүй гэж? Адуугаа шинжлэх ухаанчаар чанаржуулж, элдэв эмгэггүй эрүүл саруул өсгөн үржүүлж, хурд тараасан шилдэг үржүүлэгчийн нэр хүндийг өсгөвөл түүнийг дагаад адуугаа сайжруулах хүсэлтэн олширно. Магадгүй амжилтын төлөө улайрч, хүний уясан бэлэн адууг наадам тулган үнэ цохиж авч уралдуулчихаад цол авчихдаг “хэлбэрийн” уяачид цөөрч, тэр хэрээр баячуудын зугаа цэнгэл гэсэн ойлголт бага боловч эерэх ч юм билүү.
Морь унадаг хүн цөөрөхөөр эдлэл хэрэгсэлдээ ач холбогдол өгөх нь ч багасаад л ирдэг юм байна. Ажлын шугамаар олон л газраар явлаа, хараа булаасан сайхан эмээл хазаартай морь унасан хүнтэй хуруу дарам таарсан хэрнээ хариугүй муу янгиа тохчихсон хүмүүстэй хаа сайгүй л таарч байлаа. Дээхнэ үед бол амьтны амны зугаа болж гол усаар нэг шуугих л байсан байх. Харин одоо бол морь унаж байгаа нь нүдний гэм болчихоод тохсон эмээл, хазаарласан хазаарыг нь анзаарахаа ч больсон бололтой. “Түүхэн номонд орох зураг авах юм аа, аль өнгөтэй өөдтэйгөө аваад ирээрэй. Хүн бүр эмээл, хазаараа авчраад морь унавал сайн байна” хэмээн хэлээ хаттал хэлээд нэмэр байхгүй. Бүхэл бүтэн сумын төлөөлөл 20-30 уяач цуглачихаад, дундаа таван эмээлтэй хэнэг ч үгүй сууж байна /Арай дөнгүүр эмээлээ авчирч байгаа нь тэр байх/. Хазаар, ногтны ур хийцийн тухайд ярих ч юм биш. За, ташуурыг бол барагтай барихгүй дээ. Хэнтий аймгаар явж байхдаа харин хэд хэдэн дөнгүүр эмээл, эдлэлтэй таарсан нь нутгийн нэрт дархан Тожил агсантай холбоотой биз ээ. Уг нь бид “хүү төрлөө” хэмээн эмээл зэхдэг морьтон дээдсийн үр сад шүү дээ. Хүү төрөх тоолонд биш юм аа гэхэд айл болгон ганц сайхан эмээл хазаартай болчихоод Цагаан сар, наадмаараа гангарчихаж байвал хичнээн сайхан бэ? Улс, аймаг, сумын чанартай уралдааны үеэр сайн морь, сайхан эмээл хазаар тэргүүтнийг шалгаруулж гайгүй томхон бай шагнал өгчихвөл дороо л сэргээд ирнэ дээ. Үгүй ядаж хэдэн жилдээ улсын бүсийн уралдааны бай шагналд машин, мотоцикль бус, иж бүрэн эмээл хазаартай морь бэлэглэдэг журам гаргачихад л энэ асуудал шийдэгдчихмээр. Бүр болдогсон бол эмээл, гөлөм, хазаар, ногт хийх сургалтанд гарын дүйтэй, ажил хийх сонирхолтой залуусыг сургаад багахан хөрөнгө оруулалт хийчихвэл нэг хэсэг айлын амьжиргаа дээшилж, нийтээрээ сайхан эмээл тохдог болчихмоор санагдах юм.
Хурдан морь хувь хүний ёс зүй, төлөвшилд хэрхэн нөлөөлдөг тухай буюу уяачийн ёс зүй, жудгийн асуудал бол морьтны соёлын хамгийн чухал, гээж үл болох соёл юм. Шүүлтийн шударга гарц олддогсон бол уяачийг амжилтаар нь бус, ёс зүй, жудаг, хүнлэг чанараар нь шалгаруулдаг болcон ч буруудамгүй санагддаг. Аливаа зүйл сайн, муу хоёр талтай. Уяачдад төрийн нэрийн өмнөөс цол олгож, хөдөлмөр бүтээлийг нь үнэлдэг болсон нь нэг талаараа талархууштай боловч морины соёлд суралцаагүй, цол хэргэмд улайран нэр хүндэд дурлагсад олшрох өөр нэгэн сөрөг талыг бий болгож, тэр хэрээр уяачдын нэр хүнд унаж, нийгэмд морин уралдаан, морины соёлыг хэт нэг талаас нь харсан ташаа өрөөсгөл ойлголтыг төрүүлж байгаа нь харамсалтай. Хуулийн энэ цоорхойг нөхөх амаргүй ч бид уяачийн жудгаар илүүрхэж, эргэн тойрондоо хүндлэгдсэн морины өв соёл тээгчдийг хөхиүлэн дэмжиж, нийгэмд, нийтэд сурталчлан таниулан алдаршуулж болно шүү дээ. ММСУХ ийм номинаци гаргаад жил бүр шилдгүүдийг тодруулж, морь уяж амжилт гаргахаас илүүтэй морьтны соёлыг түгээн дэлгэрүүлэхийн ач тусыг таниулж болох юм.
Хожмын өдөр бидний үр сад гаргасан амжилт, айраг түрүүний тухайд гэхээсээ илүү энэ соёлыг өвлүүлж, хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тань тоймлон ярих нь дамжиггүй тул эрхэм уяачид та бүхэн яг энэ мөчөөс эхлэн өөрийгөө соёлын өвийг тээгч хэмээн ухамсарлаж, үүгээрээ бусдад үлгэрлэхийг хичээх хэрэгтэй биз ээ.
Уяачийн ёс зүй, жудгийн талаар дараа дэлгэрүүлэн өгүүлэх тул энэ удаа ингэсгээд өндөрлөе. Зөвхөн ёс зүй ч бус, адуун өв соёл, түүнийг дэлгэрүүлэх тухайд бодож явдаг зүйлсээ хураангуйлан өгүүлэхэд ийм байна. Дараагийн удаа та бүхний ирүүлэх санал санаачилгаар улам бүр баяжин уяачдын VIII их хурал болоход төгсөрсөн байх биз ээ.
Эрхэм уншигч та бүхэн Монголын уяачдын VIII их хуралд хүргэх өөрийн санаа бодлоо манай редакциар дамжуулан уламжлуулахыг хүсвэл todmagnai@ymail.com гэсэн хаягаар захидал илгээгээрэй.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна