Нэг түрүү, хоёр айргийн эзэн Сүрэнжавын халзан

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 22 -нд

Энэхүү халзан үрээний тухай ярихын өмнө эхлээд дээд удмынх нь талаар цухас дурдах нь зүйтэй байх. Баян сумын нэрт уяачдын нэг Наваанмөрийн Падынд хурд тарьсан хээр азарганы талаар хурдан морь сонирхогчид дуулсан байх.
Харин Н.Пад уяач хээр азаргаа хэрхэн таньж уясан тухай  дуулж байв уу. Ийм явдал болжээ.
Падын эцэг Наваанмөр олон адуутай атлаа морь уядаггүй хүн байж. Наваанмөр нэгэн намар найз Баттулгыгаа эсгий татах унааны тус гуйсанд өвөл унадаг хээр азаргаа барьж өгч. Баттулга хээр азаргаар гурван өдөр эсгий татаад хүү Падад нь авчирч өгөхдөө:
-Чи морь уях санаатай байдаг бол энэ хээр азаргыг уяарай гэжээ. Пад:
-Та юунд нь үүнийг онцлоо вэ гэж асуухад Баттулга:
-Би уржигдар эсгий татаж дуусаад хээр азаргыг чинь услахаар Үнэгтийн шинэ усан дээр очтол худгийн дэргэдээс нэг том шар үнэг босоод ухасхийхээр нь түүнийг хөөв. Үнэг чадлынхаа хэрээр бултаж, хээр азарга ч бараг л дөрөө газар шүргэтэл эргэж гарав. Сүүлдээ ч бараг л миний толгой эргэж болимоор санагдсан боловч ам нь дийлдэхгүй байлаа. Тэр чигтээ хөөсөөр байгаад үнэгийг бүр бахардуулж унагав. Тэгэхэд нь би буугаад цохиж алсан. Ямар хурдангүй адуу ийм байх вэ. Чи заавал үүнийг уяарай гэж гэнэ.
Өвөл нь Пад нутгийн нэгэн өвгөнөөс “Морь яаж уядаг юм бэ” гэж асуухад тоглоом тохуунд дуртай өвгөн уяач “Анх барьсан өдрөө хоёр туурайг нь сэтэртэл хөлсөлдөг юм” гэжээ. Гэнэн залуу үүнийг үнэмшив. Хойтон зун нь Пад Үнэгтийн шинэ усны баруун дэнждээ уяагаа зоон хээр азарга тэргүүтэй арван хэдэн морь барьж тоглоомтой өвгөний хэлснээр уяхад хээр азарганаас бусад нь зогсож чадахаа больжээ. Ганц хээр азаргаа даншгийн наадамд уралдуултал тэр нь гуравт давхижээ. Тэр хээр азарганы үр удам хурдан хар азарга, зээрд халзан морь, бас хүрэн халзан морь /энэ морь 1944 оны улсын наадамд айрагдсан/ байжээ. Мөн Их хүрэн азарга нь том жижиг наадамд зургаа түрүүлж, дөрөв айрагдсан бол түүний дүү Янзган, Хөх хүрэн гэдэг азарганууд нь мөн улсын наадамд айрагдаж байжээ.
Улсад  нэг түрүүлж, хоёр айрагдсан Сүрэнжавын халзан үрээ бол 1934 онд хязааландаа улсын баяр наадамд дөрөвт давхисан  Янзаган хүрний төл  бөгөөд сөнгө даага Сүрэнжав гэгч авч байжээ. Тэр жил Янзган хүрэний төл дөрвөн хусран эр даага Падын Цэдэвийнд байсны нэгийг Чогдон гэгч адуу хариулсны хөлсөнд авсан бөгөөд зун нь Чогдон, Сүрэнжав нар Аман шанд хэмээх газар хоёр халзан даагаа цуг уяад сумынхаа наадамд очжээ. Наадамд Сүрэнжавын халзан түрүүлж, Чогдонгийн халзан доогуур давхисан байна. Хойтон жил нь Сүрэнжав халзан шүдлэнгээ Ардын хувьсгалын 35 жилийн ойн их наадамд түрүүлгэж, хязаалан, соёолонд нь аман хүзүүнд хурдлуулсан байна. Ийн гурван жил дараалан төрийн наадамд цулбуур өргүүлсэн хурдан халзан харамсалтай нь цэл залуугаараа хөл муутай болж уягдахаа байсан гэдэг юм билээ.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна