МАЛЫН ИХ ЭМЧ А.НАРАНБААТАР: МОНГОЛ ОРНЫ ХУВЬД ХУРДАН МОРИНЫ ТЭЖЭЭЛИЙН ТУХАЙ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСТЭЙ ОЙЛГОЛТ БАЙДАГГҮЙ

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 14 -нд

А.Наранбаатар эмчээс адууны эрлийзжүүлгийн талаар зөвлөгөө авахаар очсон юм. Тэр бол энэ чиглэлээр Ирландын болон Арабын шейх Мухаммед Хамдеймийн нэр хүндтэй үржүүлгийн газруудад дадлага хийгээд, Монголдоо сурснаа хэрэгжүүлж яваа чадварлаг эмч нарын нэг. Тэр утгаараа цэвэр цусны адууг арчлах, маллах, эрлийз адууны эрүүл ахуйн нөхцлийг бүрдүүлэх, хамгийн боломжит тооны унага авч болох “аргыг” мэддэг нэгэн гэж болно.
ОРШИЛ
Өнөөдөр Төрийн наадамд монгол зургаан насан дээр эрлийз гурван ангиллаар уралддаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэр утгаараа адуугаа эрлийзжүүлж айраг, түрүүгээ нэмэх сонирхолтой уяач олон болсон. Үүний тулд адууныхаа үүлдэр угсааг сайжруулахаар уяачид дор бүрнээ л хичээн ажиллаж байгаа юм. Мэргэжлийнхэн бол эрлийзжүүлэг бол хавтгайрсан гэдэг юм билээ. Гэхдээ энэ нь өнөөдөр хийж байгаа ажил биш. Тухайлбал, 1994 онд хэвлэгдсэн Галшарын Д.Цэгмид гуайн номонд “1927 оны VII сард монгол адууны үндсийг сайжруулах, эрдмийг шалгах газраас Иппедром хэмээх морин уралдааны газрыг нээсэн” гэж Жаргалант Морин заводын тухай жижигхэн хэсэг гардаг байна. Эндээс адууныхаа хурдлах чадварыг дээшлүүлэхийн тулд үржил селекцийн ажлыг байнга хийсээр ирснийг харж болох аж. Гэхдээ тухайн он жилүүдэд төр засгаас зохион байгуулалттайгаар энэ ажилд анхаарч ирсэн бол өнөөдөр байдал өөр. Зохион байгуулалт муутайгаас хувь хүн азарга оруулж ирээд хэдэн гүү өгчихдөг. Дараа хавар нь нэг юм уу, хоёр унага гардаг. Эсвэл нөгөө азарга нь гүүгээ гишгэчихээд зундаа үхчихдэг. Муугаар бодоход шинжилгээ оношлогоог явуулаагүйгээс адуундаа халдварт өвчин тараах асуудал гардаг гээд малчид “хал үзэж, халуун чулуу долоосоор” өнөөдрийг хүрлээ. Иймээс ч мэргэжлийн хүнээс үг дуулах нь цаг хугацааг хэмнэсэн ажил болдгийг ойрноос ярих болсон юм. Мал эмнэлгийн зүгээс зөвлөмж, зөвлөгөө, үйлчилгээ гээд юу эсийг хүсэхэв. Үүний нэг нь “Морьтон” адуу үржүүлгийн газар юм. Энд Ирланд, Англиас цэвэр цусны англи адууг оруулж ирж, мөн үржүүлж байна. Хүсвэл үржүүлгийн ажлыг нь ч хийдэг байна. Тухайлбал, Дорж “Морьтон”-гийн халтар азарганд 10 гүүгээ хураалгаад багаар бодоход найман унага авмаар байгаагаа хэлнэ. Яг энэ ажлыг эдний баг хийсээр хэдэн жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд алдаж онох зүйл бишгүй таарч байсан ч жилээс жилд сайжирч байгаа тэд дурдаж байна. Өөрөөр хэлбэл, анх оруулж ирсэн азарганы төлүүдээс улс, бүсийн наадамд нэрээ дуудуулах болсон нь тэдний ажлын үр дүн юм. Мэдээж шинэ тутам ажил учраас Монголд нэвтрүүлэх шаардлагатай, ажил их байгааг ч хэлэх юм билээ. Өнгөрсөн хугацааны туршлагаас харахад адууны үржүүлгээр дамждаг өвчин бол санаа зовоосон асуудлын нэг. Хоёрт, гаднаас орж ирсэн цэвэр азаргануудын арчилгаа маллагааны асуудал жагсаж байгаа аж. Учир нь уяачид, малчид сайн чанарын тэжээлийг тогтмол тасралтгүй өгч чаддаггүй. Импортоор оруулж ирдэг ч нэг, хоёр сар өгөөд тасрах тохиолдол зөндөө гардаг байна. Тиймээс “Үржүүлгийн ажил гэдэг бол эрсдэлтэй учраас бэлчээрт гарч байгаагүй гаднаас ирсэн адууны байгалийн чадвар нь алдагдсан байдаг. Тэр утгаараа эзэн хүнээс анхаарал, халамж шаарддаг юм” хэмээн эмч нар онцолж байна.
ҮРЖҮҮЛГИЙН АЖИЛ ЭХЛЭХИЙН ӨМНӨ
Гадны орнуудад бол азарга гүүний нийлүүлгийг хүн гардаж хийдэг. Өөрөөр хэлбэл, азарга, гүүний хээлтүүлэг, оношлогоо бүгд малын эмчийн хяналтан дор явагддаг. Тэнд хамгийн хямд азарганд гишгүүлэхэд манай монгол төгрөгөөр арваад сая төгрөг. Ханш мэдээж үүнээс дээш л яригддаг. Харин Монголын тухайд байдал өөр. Эрлийз адуутай хүмүүсийн 90-ээд хувь нь азаргаа гүүтэй нь бэлчээрт сул гаргачихдаг. Үүнээс болоод азарга өвчин авах, ороо нь орохгүйгээс гүүгээ гишгэхгүй байх нь олонтаа. Эрүүл унага авъя гэвэл азарга эрүүл байх ёстой. Өөрөөр хэлбэл, янз бүрийн өвчин авч байгаагүй эрүүл, тарга тэвээрэгтэй, орооны идэвхтэй байлгахын тулд өдөр бүр нэг хүн маллана аа л гэсэн үг юм. Ганц үгээр хэлэхэд азаргатайгаа тулж ажиллана.
Үржүүлгийн ажлаас өмнө тодорхой дасгал сургуулилтыг хийж, шаардлагатай витамин, тэжээлийг өгнө. Харин гүүний тухайд өнөөдрийн нөхцөлд ихэнх нь монгол гүү байдаг. Тэр дотор манайхны ярьдгаар 25, 50 хувьтай цөөн тооны эрлийз гүү багтана. Мэдээж цэвэр үржүүлэг хийх гүү ч цөөн тоотой багтдаг. Мэдээж азарганы адил гүү эрүүл байх ёстой. Уушги, цээжний өвчингүй, янз бүрийн хорхой, паразитгүй, бэлгийн замаар дамжиж болох өвчин эмгэггүй байхаас гадна номхон, тарган байна. Өвс тэжээл иддэг гүү номхон байх нь олон давуу талтай. Догшин гүүний тухайд их стресстэй байдгаас хээл авахгүй тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, адууны стресс ороо оролттой шууд хамааралтай. Жишээлбэл, Сүхбаатарын их өвсөнд байсан гүүг Төв аймгийн зарим бэлчээр талхлагдсан газар авчрахад дараагийн ороо оролт нь тодорхой хугацаагаар хойшилдог. Мөн туранхай гүү ороо оролт нь тогтмол биш, ороо нь ордоггүй.
ГҮҮНИЙ ОРООНЫ МӨЧЛӨГ 16-22 ХОНОГ ҮРГЭЛЖИЛДЭГ
“Морьтон”-ы хувьд азарга, гүүгээ “бэлтгэсэн”-ий дараа цусны шинжилгээнд оруулна. Тэнцсэнийг нь нэг сүрэг болгож, хариуцсан ажилтанд даатгана. Эдний хувьд нэг азарганд 3-4 цагийн зайтайгаар өдөрт дээд тал нь 4-5 гүү гишгүүлдэг байна. Гэхдээ азарганы идэвхжлээс хамааран цагийн давтамж, өгөх гүүний тоог гаргана. Энд бас ороо илрүүлэгч азарга “ажилладаг”. Өөрөөр хэлбэл, ороо илрүүлэгчийг гүүний сүрэгт оруулж, илрүүлснийг нь үржүүлгийн газрынхан эхогоор шалгадаг байна. Гүүний орооны мөчлөг нь 16-22 хоног байх бөгөөд тарган туранхайгаас хамааран бага зэргийн хэлбэлзэл гардаг. Тодруулбал, гүүний ороо оролт нарны гэрэлтэй байх хугацаатай шууд хамааралтай. Өдрийн нарны гэрэл уртсах тусам гүүний ороо орох магадлал ихэсдэг. Монгол орны хувьд сэрүүн уур амьсгалтай, адууны тарга хүч орой авдаг учраас III сараас хойш орно. Харин түүнээс хойш гүүний ороо оролт жигдэрч, V, VI сард өндөр байгаад, VII сарын 20-доос хойш удааширдаг. Энэ үеэс гүүний хээл авах магадлал ч буурдаг. Мэдээж бас онд оролт, гүүний таргаас гээд маш олон зүйлээс хамаарна. Хашаанд тэжээж байгаа тохиолдолд барууны орнууд шиг бид төсөөлж болохгүй л дээ. Барууны оронд бол I сард, зарим газартаа бүүр XII сард орно.Тэд бол байнгын байрны маллагаатай, зохиомол гэрэл дор байгаа гүүний тухайд яригддаг юм.
Гүүний эрүүл мэнд хэвийн бол 16-22 хоног дотор дараагийн ороо оролтын шинж тэмдэг илэрч, өндгөн эс нь боловсордог. Харин азарга гишгэснээс хойш 10-14 хоногт хээл авсан, үгүй нь мэднэ. Хээл аваагүй тохиолдолд дараагийн ороо оролтыг эхогоор хянасны үндсэн дээр эмч нар зохицуулдаг юм. Ер нь өндгөн эс нь ялгарч байх яг зөв цагт гишгүүлчихвэл хээл авах нь тодорхой. Гэхдээ Монголын нөхцөлд баталгаатай гэдэг үүднээс нэг гүүг 2-3 удаа гишгүүлдэг байна.
Байдас ороо оролт нь илүү ч “Морьтон”-гийнхон хэд унагалсан бүдүүн гүү гишгүүлэх сонирхолтой. Энэ нь 2-3 шалтгаантай гэнэ. Анх удаа унагалах учраас байдсан гүү гишгүүлэх тийм ч зөв биш. Эх нь нас бага учраас унагаа халамжлах тал дээр дутагдалтай. Харин эсрэгээрээ 2-3 удаа унагалчихсан бүдүүн гүү бол унагаа арчилж чаддаг, унага нь ч сайн махалдаг. Тэгэхээр гүү нь сайн сүүтэй байх хэрэгтэй. Энэ мэт дараагийн эрсдлүүдийг тооцоогүйгээс эзэн хүн эдийн засгийн, цаг хугацааны хувьд алддаг. Тийм учраас эндхийн эмч, мэргэжилтнүүд 2-3 унагалчихсан, тарган, номхон, унага нь сайхан махалдаг, хөх дэлэн, сүү сайтай гүүг авчрахыг уяач нарт зөвлөдөг аж.
ХЭЭЛ АВСАН БОЛ...
Хээл авсан тохиолдолд хужир, бэлчээр сайтай газрыг сонгож, гүүгээ тарга авахуулахыг зорьдог. Гүүний хээл эхний 60 хоногтоо маш эмзэг байдаг. Яг тэр үед өөр азарга гишгэчихвэл хээл хаяна. Халуун өдөр маш их хөлөргөөд хүйтэн усаар усалчихвал мөн л хаяна. Өөрөөр хэлбэл, стрессээс үүдэн саванд агшилт явагддаг. Бас хужир шүү муу бол хээл хаяна. Шалтгаан их олон янз.
Ер нь гүүний хээл бол бусад малынхаас маш эмзэг учраас анхаарал, болгоомж тун хэрэгтэй. Нэг сартай хээл хаяхад жижигхэн уйланхай шиг юм гаргаад өнгөрөх учраас хүмүүс анзаардаггүй. Хоёроос доош сартай хээлийг ч ажиглахгүй алдах нь бий. Тиймээс гүүнийхээ хээлийг хамгаалах ажилд ач холбогдол өгөх хэрэгтэй юм.
Гүүгээ хээл авсны дараа болж өгвөл бэлчээрээр нь явуулаад, тэжээлийг нь өгч байгаад унагалуулах нь тустай. Гэхдээ өвөлжөө муу, гүү туранхай бол хашаанд оруулахаас өөр аргагүй. Ялангуяа, эрлийз гүү жаахан даарахаараа хээл хаях гээд байдаг учраас заавал хашаанд оруулна.
Хээл тээх хугацааны сүүлийн 3-4 сар тарган сайхан байвал том сайхан унага гарна. Хөхөө амлах нь ч хурдан байна. Хурдан амласан унага биеийн дархлаа нь сайжирна. Ирээдүйн амжилтыг авчирна. Улс халзан, Магнай халиуны биеийн хөгжил бусдаас илүү шүү дээ. Энэ бол эх нь сүүтэй, дээрээс нь бэлчээр сайтай газар төрснийх байж таараа. Яагаад Сүхбаатарын унаганууд том байдаг вэ. Тэнд бэлчээр нь талхлагдаагүй байна. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр адууны бага насны бойжилт эхийн гэдсэн дэх үеийн хоол тэжээлтэй шууд хамааралтай юм.
ХЭЭЛТЭЙ ГҮҮНИЙ ТЭЖЭЭЛ
Их хэмжээгээр хүчит тэжээлийг яаруу өгөх хэрэггүй. Тэжээлийн орчныг нь солих, тодруулбал цагаан өвстэй, цастай бэлчээрт байсан гүүг ногоон боочихсон өвстэй, эсхүл хивэгтэй хашаанд оруулахдаа дасгах хэрэгтэй. Өнөөдөр хөдөөнөөс ачиж авчраад хашаандаа буулгалаа. Шууд орой нь өвс, хивэг, ногоон тэжээлээ тавьж өгвөл буруудна. Тал өдөр нь цагаан өвс, тал өдөр нь ногоон өвс, тэжээл тал шанагаар байснаа маргааш нь бүтэн гэхчилэн ахиулж дасгана. Тэгэхгүй огцом солихоор хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямардаг юм. Ялангуяа, энэ жилийн хувьд тариа ургаагүйгээс маш их хэмжээний боосон овъёосны толгойтой, улаан буудайн ногоон тэжээл гарсан. Сая л гэхэд толгойтой ногоон тэжээл өгөөд хурдан азаргаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэчлэн гэнэт тэжээлийн орчныг солих нь уралдааны адуу, хээлтэй гүү, цэвэр цусны адуу ялгаагүй аюултай. Тэгэхээр хээлтэй гүүг болж өгвөл өдрийн 24 цаг өвстэй байлгана. Хажуугаар нь нэмэлт хивэг, тэжээл, кальци, фосфорын бэлдмэл өгнө. Сүүлийн гурван сард нь Калформин гэж бэлдмэлийг өгөхийг зөвлөдөг. Энэ бэлдмэлийг өгснөөр унаганы ясны бэхжилт, бойжилт, хөгжил сайн төрдөг. Өөрөөр хэлбэл, хазгай мурий хөл гартай төрөхгүй гэнэ.
Харин унаганы тухайд монгол гүүнээс гарсан бол бэлчээрийн маллагаанд явчихдаг. Харин эх нь муу тэжээлтэй, гэмтэж бэртсэнээс болоод дорой төрсөн унагыг мэдээж хашаанд оруулна. Тэрнээс унагыг нялхад нь тэжээхгүй. Харин төрөөд гурван сарын дараагаас өвс тэжээл иддэг болоход эхтэй нь цуг тэжээж болно. Бага адуунд царгасны холимог, цагаан арвайн тэжээл гэхчилэн уураглаг тэжээлийг өгнө.
УНАГА БҮХЭН ХУРДЛАХ УУ?
Уралдуулах эрлийз адууны тухайд хөлийн асуудал яригддаг. Энэ тухай эмч ингэж зөвлөж байна. Эрлийз гэдэг үгийн цаана хэврэг гэсэн үг бас хамрагддаг. Үнэндээ монгол адуу шиг бөх бат нь дэлхийн хаана ч байхгүй. Эрлийзжүүлнэ гэдэг нь хэдийгээр хурд, уралдах чадварыг нь сайжруулж байгаа ч нөгөө талдаа бөх бат чанарыг алдаж байгаа юм. Бас дасан зохицох чадвар буурдаг. Өнөөдөр цэвэр англи адууны эрлийзжүүлгийг хүмүүс их сонирхдог болсон. Цэвэр англи адуу бол тойрог замын уралдаанд уралдах зориулалтаар хүн төрөлхтний гаргаж авсан хурдны адуу юм. Богино зайнд хамгийн өндөр хурд гаргах зориулалттай үүлдэр. Үүнийг гаргаж авахдаа тэсвэр тэвчээр, дасан зохицох байдлыг орхигдуулж, зөвхөн хурдлуулах гэсээр биеийг нь томсгож, ясыг нь их хөнгөн болгочихсон. Монгол адуутай эрлийзээд хурдан адуу гарч байна. Учир нь англи адууны хурдлах чадвараа үр төлдөө дамжуулах магадлал бусад үүлдрийн адуунаас маш өндөр байдаг. Монголын морин уралдааны нөхцөлд тэр том бие, нарийхан хөл, их хурд гурав нь зохицдоггүй. Манайхан хэзээ ч морь уралдах замаа засдаггүй нь энэ адуу хөлөө авах эхний шалтгаан болдог. Ийм нөхцөлд хөл бэртэхгүй байх нөхцлийг асууна гэдэг ойлгомжгүй. Эрлийз адууны дийлэнх хувь нь 2-3 жил уралдаад хөлийн тодорхой гэмтэл авдаг. Ихэнх нь нэг жил уралдаад гэмтэл авдаг. Яагаад гэвэл маш өндөр хурд гаргадаг. Тэр хэрээр эрсдэл дагуулдаг. Машины миллээр бол 55 км/цаг, зарим нь 57-58 км/цаг, бүр 60 км/цаг хүртэл давхидаг. Тэгэхэд монгол адууны хурд 45, 50 км/цаг байх жишээний. Тэгэхээр км/цагийн энэ зөрүүгээс шөрмөс шандас, зөөлөн эд, үенд маш их ачаалал ирдэг юм. Дээрээс нь энэ хатуу гадаргуу үенд маш их гэмтэл өгдөг. Болж өгвөл эрлийз адууг дааганд нь уралдуулахгүй байх хэрэгтэй. Даагандаа адууны ясжилт бүрэн явагдаагүй байдаг юм. Тэр үед уралдуулаад гэмтэл авахад хүний нүдэнд харагдахгүй цууралтууд үүссэн байхыг зөвхөн рентгенээр харж болно. Маш жижиг хэмжээний цууралттай байсныг мэдэхгүй уралдуулаад хөл нь хугардаг. Эсвэл хугарсан нь мэдэгдэхгүй доголж явсаар сүүлдээ уралдах боломжгүй болсон нь рентгенээр харагддаг. Өөр нэг гэмтэл бол өнчин ясны гэмтэл байна. Өнчин яс бол бага насны адуунд цусны судсаар тэжээгдэж байдаг. Гэтэл дааганд нь уралдуулаад цусны судасны ховил үүсч, хязаалан, соёолондоо өнчин яс ховилоороо хугардаг. Монгол адууны хувьд мөч богино учраас гэмтэл авах нь бага. Хэрвээ үнэхээр уралдуулах шаардлагатай бол нэг, хоёр удаагаас хэтрүүлж болохгүй.
УЯАЧ ЭЗНЭЭС ОЛОН ЮМ ШАЛТГААЛНА
“Морьтон” адуу үржүүлгийн газрын адуу нь Англи, Ирландаас ирдэг. Биднийг очиход хоёр азарга байсан бөгөөд хоёулаа Умардын бүжигчдийн удамтай. Нэг нь 2012 оноос хойш Англид уралдаж, гурван удаа түрүүлээд, 14 удаа аман хүзүүджээ. Эдний төлүүд нь англи гэдэг утгаараа арьс нь нимгэн, үс нь тачир, их номхон, хүнд дотно байдаг гэнэ. Харин эрлийзжээд ирэхээрээ хагас зэрлэг болж булгидаг, хаздаг, өшиглөдөг “шидийг” сурдаг байна.
Цэвэр цусны адуу бол эмзэг болохыг дээр дурдсан. Халуун хүйтнийг тааруулахаас эхлээд тэжээлийг зөв өгөх ёстой. Монгол орны хувьд адууны тэжээлийн тухай шинжлэх ухааны үндэстэй ойлголт байдаггүй. Овъёос, хивэг өгч байгаагаа тэжээлээ гэдэг. Уг нь адууны биеийн жинг, хийж байгаа ажилтай харьцуулаад шаардлагатай тэжээлийг өгнө. Үржүүлгийн азарганд бол бас өөр. Цаашлаад зун, өвлийн тэжээл ч өөр байдаг аж. Азарганы тухайд «Омега-6»-гийн бэлдмэлүүдийг нэмэлтээр заавал өгч байх ёстой. Ингэвэл азарганы арьсны уян хатан чанар нэмэгдэхийн сацуу үржлийн идэвх дээшилж, биеийн эсэргүүцэл сайжирна. Үржүүлгийн үед нь Е витамины бэлдмэлийг өгнө. Мэдээж зааврын дагуу өгнө. Зуны үржүүлгийн үед азарганы тэжээлийг ерөөсөө дутуудуулж болохгүй. Тодорхой хэмжээний эрдэс витамин дутагдаад ирэхэд л ороо багасдаг. Энэчлэн эзэн хүнээс шалтгаалах юм их бий. Үнэтэй авсан адуугаа урт удаан амьд байлгах уу, цаашдаа төл авах уу гэдэг эзэнтэй шууд хамааралтай.
“Морьтон”-д хандаад хурдан удмын адуутай болж болно. Харин үнэ ханшийн хувьд харилцан адилгүй аж. Тухайлбал, өнгөрсөн жилийн тухайд 3-5 саяын хооронд төлбөртэй гүү гишгүүлж байгаа 2-3 азаргыг “ажиллуулжээ”. Эдний хувьд дээд зэргийн хариуцлагатай, аюулгүй, эрүүл ажиллагааг эрхэмлэн ажилладаг байна. Мэдээж амаргүй ажил учраас гарч болох эрсдлийг тооцож эзэнтэй нь тохиролцдог аж. Энэ мэт гадны таньдаг атлаа таньдаггүй адууны тухай олныг ярьж болох байсан ч дуусгасан юм. Учир нь цаг 23:54 минут болсон ч «МОРЬТОН»-д ажил өрнөсөөр л байлаа.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна