Аймгийн Алдарт уяач С.Доной: МИНИЙ УЯСАН МОРЬД ШӨВГИЙН ТАВААС ХОЙШ БАРАГ ДАВХИЖ ҮЗЭЭГҮЙ ЭЭ

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 13 -нд

Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, нэгдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Самбуугийн Доной гуайтай ярилцсанаа хүргэж байна. 1930 оны өвлийн адаг сард Нарийн хамар хэмээх газар төрсөн тэрээр Заг сумын 90 жилийн ой, АХ-ын 80 жилийн ойн медалиудаар шагнагдаж байжээ.

-Буурал Алдартын амрыг айлтгая. Нас хэд хүрч байна вэ?
-За би 1930 оны өвлийн адаг сард Бумбатын Нарийн хамар хэмээх газар төрсөн юм гэнэ лээ. Энэ жил нас сүүдэр 86 хүрч байна. Миний аав Самбуу гэж хүн байсан. Би тэр хүний ууган хүү. Бид эцэг эхээс 11-үүлээ. Хорвоогийн жамаар одоо хоёр нь л үлдээд байна. 
-Таны аав хурдан морь уядаг байв уу?
-Үгүй ээ. Харин нэг ах маань морь уядаг байсан. Би тэр хүний морийг унаж байгаад сүүлдээ морь уядаг болсон юм. Тэр ахынхаа хурдан хээр морийг унаж гурван жил түрүүлгэж байлаа. Тэгээд цэрэгт явж ирээд өөрөө морь уясан. Яахав хөөрхий миний уясан морьд шөвгийн таваас хойш бараг давхиж үзээгүй ээ. Голдуу л тав дотор ирдэг. Тэр нь миний авьяастай холбоотой юм уу, эсвэл морь хорхой дагаж хурдалдаг юм уу. Ямар ч байсан тэтгэвэрт гартлаа морь уяхдаа ганзага хоосон буцаж байгаагүй ээ. Хамгийн сүүлд нэг цавьдар морь уяж дөрвөн жил Заг сумын наадмыг авсан. Түүнээс хойш морио уяагүй ээ. Харин нутгийн залуучуудад хэлж зөвлөж байна. Болдоо, Бандихүү нарыг уяач болгосон гэж боддог. 
-Таны цавьдар морь хэдэн оны үед уралдаж байсан юм бэ?
-Оныг нь мартчихаж ээ. Ямар ч байсан Ядамсүрэн гуайн хоёр бор морины дараа залгаж уралдсан адуу. 
-Таны өөрийн адуу юу?
-Жанжаа гэж энэ нутгийн хүний адуу. Гэхдээ уг гарал нь Говь-Алтайнх юм гэнэ лээ. Тууварчинаас авсан гүүний төл гэдэг. Жанжаа гэж хүн айлын хүргэн болчихоод айлчилж очиход нь Пүрэвдаваа гуай найман унаганаас дуртайгаа шилээд ав гээд өгч байсан юм байна лээ. Тэгээд Жанжаа цавьдарыг нь сонгож дааган цагаас нь хурдлуулсан. Цавьдар морь чинь дааганаасаа эхлээд хязаалан болтлоо суманд завсаргүй түрүүлсэн. Тэгээд соёолон өнжөөд нийлэх жил нь би авсан юм.
-Тэр үед тодорчихсон хурдан адуу ямар ханштай байсан бэ?
-Төгрөг ховор 800 цаасаар авч байсан. Жанжаагаас би гурав, дөрвөн ч удаа гуйгаад очсон өгөөгүй. Тав дахь удаагаа очоод хоночихсон. Өглөө нь нөгөөх чинь босоод адуундаа явчихсан хойгуур авгай нь надад “цаадах чинь өнөөдөр л чамд өгмөөр юм яриад явсан даа” гэдэг юм. Удаа ч үгүй нөгөөх чинь адуугаа хураагаад ирлээ. Тэгснээ цавьдар морио бариад өглөө дөө. Тэгэхээр нь “оронд юу авах юм” гэсэн. “Идэш авна” гэнэ. Тэгэхээр нь Сүүл гэдэг хүнээс 800 төгрөгөөр сайхан сувай үнээ аваад өгсөн дөө.
-Цавьдар морь танд ирснээсээ хойш яаж давхилаа?
-Авсан жилээ би муухан уясан. Тэгтэл сум ч наадам хийсэнгүй. Байдрагт аваачиж тавьсан Жалцан гэдэг хүний халиун алаг морьтой түрүү  булаалдаад үзүүрт ирлээ. Тэрнээс хойш уяад л байсан. Шөвгийн тав, гурав, дөрөвт л давхиад байлаа. Сүүлдээ уяаг нь мэддэг болоод харин дөрвөн жил дараалан түрүүлгэсэн. Мориныхоо уяаг олох гэж бас хөөрхөн хугацаа зарцуулна шүү.
-Ямархан хэлбэр хийцтэй адуу байсан бэ?
-Цээж өндөр, сүүл шингэн, мөч шөрмөслөг, бүдэрхий сайтай, нарийхан гэдэстэй нартай өдөр сайн, бүрхэг өдөр тааруухан давхидаг морь байсан. Нэг их сайн таргалахгүй. Гэхдээ ташааны ясыг нь  гозойтол уяхад давхидаг.
-Цавьдар мориноос гадна өөр ямар хурдан хүлгүүдээр наадаж байсан бэ?
-Миний өөрийн  унаган нэг хээр морь байсан. Даага, шүдлэн,  хязааландаа түрүүлээд байхад нь Яаруу Дэмбэрэл гэж хүний хүү Пэлжээ  гэж хүн хоргоогоод болдоггүй. Тэгээд зарчихсан. Очоод хоёр жил сайн давхисан байна лээ. Өөр миний уяж байсан гэвэл хээр, халтар, хондон, улаан бор морьдууд байлаа. Бүгд л айрагдаж байсан. Хамгийн гол нь эд цөм миний эцгээс ирсэн унаган адуунууд.
-Нэгдэл нийгмийн адуунаас уяж байв уу?
-Уяагүй ээ. Тийм зав ч болоогүй. Харин эмнэгийг бол сургаж байсаан. 
-Та Өртөөний хээр, нэгдлийн хүрэн  гэдэг морьдын тухай дуулж байв уу?
-Өртөөний хээр бол багийн дарга байсан Ажаа гуайн адуу. Ер нь тэдний адуу хурдтай. Наад хүрэн нь  болохоор нэгдлийн адуу. Гуравдугаар  бригадын Самбуу гэж хүн уяж байсан. Сумын наадамд хоёр, гурав ч түрүүлсэн байх шүү. 
-Хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдсэн гэсэн. Үнэн болов уу?
-Үнэн байхаа. Хурдан л морь байсан юм. 
-Таныг бага залуу байхад энэ нутагт морь сайн уядаг ямар уяачид байсан бэ?
-Хөгшнөөс Сүрэн гуай байсан. Хуучин цагийн сайн уяач даа. Суманд ер нь Сүрэн гуайн адуу л орно. Дөрөвдүгээр багийн хүн шүү дээ. Эцэг нь Мөнх, ах нь Санжид гавж гэж байсан. За тэгээд Бэгз гуай, Хас гуай, Ядамсүрэн гуай, Намхай гуай, мөн манай тэр ах орох байх. 
-Морь танихдаа хэн нь илүү вэ?
-Сүрэн гуай. Галсан гуайг морь сайн таньдаг л гэдэг байсан. Минийхээр хамгийн сайн морь таньдаг  нь Сүрэн гуай. Жаргалант суманд Даваа гэж морь сайн таньдаг хүн байлаа. Бас Мягмар, Жаргал гэж уяачид байсан.
-Дээхнэ үед хурдалж байсан энэ сумын хурдан азаргануудыг нэрлээч?
-Дашдаваа гэж хүний борлог азарга суманд их олон жил түрүүлсээн. Тэрний дараа Дагдангийн хар гэж цуутай азарга байлаа. Жаргалант руу Гомбоо гэж хүнд зарагдсан. Үр төлүүд нь гээд хэсэг хар азарга гарсан шүү. Тэр сайн азарга байсан. 
-Бэгзийн шарга гэдэг морины талаар таныг л сайн мэднэ гэх юм. Манай уншигчдад мэдэхээ ярьж өгөөч?
-Бэгзийн шарга бол сумынхаа наадамд 11 удаа түрүүлсэн адуу. Сүүлдээ Завхан руу зарагдсан. Очоод түрүүллээ л гэж дуулдсан. Аргагүй хурдан адуу байсан юм билээ. Их сайхан уртлаг биетэй, сэрвээ өндөртэй, сүүл нь шингэн, борви тэнүүхэн, үе мөч нь их нарийхан хүнээр бол зэгзгэр их цэвэрхэн  тийм адуу байсан. Бэгз гуай “миний шарга морь зогсоогоороо шахуу төрсөн унага” гэж ярьж байхыг Даржаа гуай сонссон гэдэг шүү. Тэгэхээр төрөлхийн онцгой адуу байсан байгаа биз.
-Шарга морины эх ямар гүү байсан юм бол оо?
-Би тэрийг мэдэхгүй ээ. Ямар ч байсан дааган цагаасаа эхлээд түрүүлж, ганцхан удаа л үзүүр булаацалдсан морь юм гэнэ лээ. Тэр нь Хүрээмарал сумын ногоон Дамбий гэдгийн буурал морьтой уралдаад. Дараа нь Бэгз гуай “миний шарга морь ингэж давхихгүй адуу даа. Би л архитай холиод муухан уячихлаа” гэж байсан гэдэг. 
-Шарга морийг 11 түрүүлэхэд хэний ямар морьд аман хүзүүддэг байсан юм бэ?
-Пүрэвдаваа гэж хүний бор морь хоёр ахиж үзүүр булаацалдсан. Бусдыг нь сайн мэдэхгүй байнаа. Сүрэн гуайн хээр гэж бас их хурдан морь байлаа. Лав тав, зургаа түрүүлсэн. Шарга морины дараа Ядамсүрэн даргын хоёр бор залгаж, түүнийг нь миний цавьдар үргэлжлүүлсэн. Ядамсүрэн гуайн их  бор нь дөрөв, бага бор нь нэг түрүүлсэн байх. Өөрийнхөө цавьдарыг дээр ярьчихсан. Түүний дараа Батхааны хээр хоёр түрүүлсэн бол гурвын бригадын Баасанжаргалын цавьдар нэг, Батхааны хонгор бас нэг түрүүлсэн. 
-Тантай хамт морь уядаг ямар сайн уяачид байв?
-Миний үеийн морь сайн уядаг Содной гэж байна. Бас Жанжаа гэж байсан. Баасан ч гайгүй морь уядаг. Лхагвасүрэн ч ялгаагүй. Одоо цөмөөрөө байхгүй болж дээ. 
-1999 онд Баянхонгорт том уралдаан болсон. Түүнд оролцож байв уу?
-Очоогүй ээ. Миний оролцож байсан хамгийн том наадам бол Загийн 90 жилийн ой л болох шив дээ. Залуудаа Гурванбулагийн наадамд цавьдар морьтойгоо нэг очиж байлаа. Ер нь миний гадагшаа гарч уралдсан наадам тэр л байх. 
-Морь сайхан унаж эдэлдэг, гоё мориор гангардаг ямар хүмүүс байв?
-Ер нь хамгийн сайхан морь унадаг, моринд их хайртай, сайн уургалдаг хүн бол өндөр Бадамсүрэн. Морио сайхан цэвэрхэн унана. Өвстэй газар аргамжина. Манай нутагт унасан морио хайрладаг улс олон байлаа. Сандагсүрэн, Бадамсүрэн, Жанчив, Лхасүрэн гээд нэрлэвэл олон л доо. 
-Жороо морины хувьд?
-Одоо ер нь жороо морь алга болоо шив дээ. Бидний үед жороо морь шиг сайхан унаа байсангүй. Баян Жүгдэр гэж олон жороо морьтой хүн байлаа. Бас Баасандаш жороо морь их унана. Би хүртэл талийгч Должингоос дөрвөн монгол эсгий, унагатай гүү, залуу мориор жороо хар морь худалдаж аваад гайхуулж л явлаа. Манай энэ хавьд хамгийн өндөр үнэ хүрсэн нь талийгч Наран гуайн жороо хар морь байх шүү. Байдрагийн Оросоо гэдэг хүнээс хоёр тэмээ, гурван залуу морь, хоёр унагатай гүүгээр авч байсан юм гэнэ лээ. Наран гэдэг панз хийдэг хүн л дээ. 
-Ахмад уяачийн хувьд заавал хариулаасай хэмээн хүсч байна. Уяач хүнд байх ёстой хамгийн чухал чанар юу вэ?
-Уяач хүн мориныхоо хоолыг маш сайн тааруулдаг байх хэрэгтэй. Адгийн наад зах нь хужиртай ус уулгачихдаггүй байх хэрэгтэй шүү дээ. Хужиртай ус морины уяа задалдаг гэмтэй. За тэгээд үнэнч шударга байх ёстой. Ер нь хүн шунаад эхэлбэл эвдэрч байгаагийн шинж шүү. 
-Баярлалаа. Алдартыг залгамжлан морь уяж залуучууд бий юу. Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би үр хүүхэдгүй хүн. Намайг цэргээс ирэхэд муу ижий минь өнгөрчихсөн, аав маань хэдэн өнчин хүүхэдтэйгээ үлдсэн байлаа. Хань ижилтэй болъё гэхээр хэдэн муу өнчин дүү нараа өрөвдөөд тэднийгээ гэсээр нас ахичихсан. Тэгээд нэг ханьтай болсон нөгөөх маань хүндээр өвдөөд эмнэлэгт сар гаруй харж байгаад алдсан даа. Түүнээс хойш дахин хүн амьтантай суугаагүй ээ. Ганцаараа ертөнцийн хоногийг барсаар 86 хүрлээ дээ. Одоо энэ миний байгаа айл бол хамгийн бага дүүгийн маань охиных. Дүү нарынхаа хүүхдүүдийнхээр л байдаг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.9.46.157

    Миний нутгийн нутгийн схн хөх харчуудын нэгэн төлөөл Би энэ ахтай зуны жил хүүхэд байлаа Балжин аваргынд очиж хонь хари уу лна 2р улирлын амралтаар хуурай далтад өвөлждөг тэгэхэд агуйд ад сувай үхэртэй байсан ХҮҮШ ЦАГААНД хонинд явна Доной гуай өдөр үхэр дээрээ ирнэ тэгээд надтай ойр зуур уучилж явлаа Би Жүүжээгийн цагаан Морийг хааяа унана нэг таараад энэ хурдан морь байжээ даанч нас нь харсан бна гэсэн сүүлд адуу эргүүлж яваад таарсан дарваан ягаан гээд Морийг их сонирхсон би Балжин ахад хэлсэн чинь Гурван булгийн адуучин 4бодоор авая гэхэд өгөөгүй юмаа гэсэн ... Тэгж л Доной гэдэг бууралттай таарч явлаа

    Reply