АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Т.ТӨРТОГТОХ: МАНАЙ УДМААС АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ НАЙМ ТӨРЛӨӨ
Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Төртогтохын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны аав нутаг усандаа алдартай, сайн уяачдын нэг байсан. Аавынхаа тухай сайхан дурсамжуудаасаа хуваалцаач?
-Манай аав Балжиннямын Тавхнаг 1965 оноос морь уяж эхэлсэн юм билээ. 40-өөд жил морь уясан. Удам угшил сайтай адуугаараа нутаг усандаа алдартай. Эхний 20 жил сумандаа ганц ч уралдалгүй, дандаа аймгийн наадамд морьдоо сойсон гэдэг. Гурван морь уралдуулахад гурвуулаа л айрагддаг. Дөрвөн морь уралдуулахад дөрвүүлээ л айрагддаг байсан гэдэг юм. Би 1970-аад оны сүүлээр хурдны морь унаж эхэлсэн. Аавын маань ах Бадарч бас аймгийн Алдарт уяач. Аав, тэр хоёр морио хамтдаа уяна. Хоёулаа таван морьтой явбал тавуулаа л айрагддаг байлаа.
-Өвөө тань морь уядаг байсан юм болов уу?
-Буурал аав маань морь уядаггүй байсан. Манай аав эцэг, эхээс наймуулаа. Долоо нь эрэгтэй. Тэдний дөрөв нь аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Аавын тань уяаны морьдоос илт давамгай амжилт үзүүлсэн нь ямар морьд байв?
-Би 1970 оны сүүлчээс өмнөхийг сайн мэдэхгүй. Халиун, хонгор хоёр морийг л сайн мэднэ. Шүдлэнгээс соёолон нас хүртлээ аймгийн баяр наадмын түрүү болон аман хүзүүг ээлжлэн авсан сайхан хүлгүүд байсан юм.
-Халиун сумын унаган хүлгүүд үү?
-Тиймээ. 1970-аад оны сүүлээр нэг хул азарга бас сайн давхиж байсан. Бага наснаасаа л аймагт аман хүзүү, айргийн тавд хурдалсан даа. Би 1980 оны үед хурдны морь унаж эхэлсэн. Тэр үед аав маань нэг даага, нэг хязаалан, нэг азарга аймагт уралдуулаад гурвуулаа дээгүүр давхисан юм. 1981 онд манай таван морь аймгийн баяр наадамд айрагдаж, Ардын хувьсгалын 60 жилийн ойн анхны медалийг хүртэж байлаа.
-Тэр үеийн медаль ч сүртэй эд байсан байх даа?
-Ланжгар том алтан медаль байсан. Одоогийн одон медалиудтай харьцуулшгүй. Одоо хүртэл өнгөлгөөрөө байдаг юм.
-Аймагт таван морь айрагдуулна гэдэг тухайн уяачийн чансааг харуулсан сонин түүх байна?
-Тэр их сонин түүхтэй. Таван насны морь айрагдсан юм шүү дээ. Дөрвөн даага холбож ирэхэд, манай даага түрүүлсэн юм. Тэдний нэг нь манай авга ахын даага байсан. Би өөрийнхөө даагыг, манай дүү авгын даагыг унаж уралдсан. Тэр үед дааганы уралдаанд будилаан орж, аав морины комисстой очиж уулзаж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Тэгээд тэр өдрөө даага цоллосонгүй. Маргааш нь цоллох болж, аймгийн цагдаагийн дарга Баатарын жолооч аавыг аймгийн төвөөр нэг хайсан юм. Гэвч аав маань даагаа цоллуулчихаад медалийг нь аваагүй. Хэд хэдэн морь айрагдчихсан бас жаахан юм балгачихсан байсныг ч хэлэх үү, аав “Би гуйж авахгүй, гуядаж авна. Та нар намайг хойтон намар харж байгаарай” гэж хэлээд цэнгэлдэх хүрээлэнгээс даагаа хөтлөөд гарсан. Би тухайн үед медаль гэдгийг анх удаа л үзэж байсан учир их шохоорхож байж билээ. Хойтон жил нь яг л аавын хэлсэнээр манай саарал даага шүдлэндээ хол тасархай түрүүлсэн дээ.
-Аймгийн баяр наадамд таван нас айрагдуулчихаад дааганыхаа бай шагналыг аваагүй хэрэг үү?
-Тэгсэн. Манай дүүгийн унасан даага хоёрт ирсэн учир алтан медалийг түүнд өгсөн. Тэр үед эхний гурван моринд л медаль өгдөг байсан юм. Манайх авгынхтай нийлээд хоёр медаль авсан л даа. Эрээн шилт маань соёолондоо дөрвөлж, хүрэн морь маань түрүүлсэн юм. Хүрэн морь их том хэрэгслүүр дээгүүр харайж гарсан юм гэнэ лээ.
-Хэрэгслүүр дээгүүр харайсан гэдгээ жаахан тодруулж болох уу?
-Хүрэн морь маань соёолондоо Цогтын аманд болсон толгой бригадын морины үсэргээний үеэр хэрэгслүүр дээгүүр харайсан юм.
-Хэрэгслүүр нь хэр өндөр вэ?
-Бага гэрийн чинээ л эд байсан. Тойрог нь нэлээд том. Түүнээс хойш манай хүрэн морийг Дүүгүүр хүрэн, Салхин зээрд гэж нэрлэдэг болсон юм.
-Дүүгүүр хүрэн аймагт олон удаа түрүүлж, айрагдсан уу?
-Шүдлэнгээсээ л аймагт түрүүлсэн. Их насандаа долоод давхисан. Түүнээс хойшхийг нь би сайн мэдэхгүй.
-Тавхнаг гуай ямар арга барилаар морьдоо уядаг хүн байсан бэ?
-Их л алсаас нь уяна даа. Манай энд тавдугаар сарын 15-д гээд л ногоо ургадаг юм. Аав маань тэр үеэс их насны морьдоо ногоонд дутуу цатгаад л, барьж тавиад л, хөлслөөд л эхэлнэ. Тэгсээр байгаад улсын наадам хүргэдэг байлаа.
-Морь уяхдаа эрхэмлэдэг болон цээрлэдэг зүйл нь юу байв?
-Хулгай хийх, худлаа хэлэх, архи уухыг тэвчиж яваарай гэж захидаг байлаа. Уяач хүнд цээртэй юм олон шүү дээ. Бас морь уяж байгаа хүн ямар ч нөхцөлд цустай хавх, хөлстэй тохом авч болдоггүй гэдэг байлаа. Энэ мэт захиж сургадаг зүйл олон бий.
-Нэгдэл нийгмийн үед ч бас адуутай л “ноцолдож” явсан болов уу?
-Аав маань нэгдлийн үед Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдэлд адуу хариулж байсан гэдэг юм. 1982 оноос адуугаа өгөөд, хонь хариулж эхэлсэн.
-Тавхнаг гуай хэдэн хүүхэдтэй вэ?
-Бид эхээс есүүлээ. Таван банди, дөрвөн охинтой.
-Хэд нь морь уяж байна?
-Баянмөнх, Гансүх бид гурав морь уяж байна. Баянмөнх маань аймгийн Алдарт уяач цолтой.
-Саарал даага шүдлэндээ аймгийн наадамд түрүүлсэн юм байна. Тэгвэл 1983 онд хэрхэн наадсан бэ?
-Хүрэн их нас, хээр азарга, саарал маань хязаалан насанд уралдсан. Бас нэг даагатай, дөрвөн нас уралдуулж, азарга, хязаалан, даага гурвуулаа гуравласан юм. Аав маань 1985 оноос хойш аймаг руу явж наадаагүй. Бага ягаан гэж бас их хурдан хүлэг байлаа. Манай унаган цагаан гүү, бага хул азарга хоёрын дундаас гарсан төл л дөө. Даагандаа сумандаа зургаалаад, шүдлэн насандаа хол түрүүлсэн. Бүдүүрсэн хойноо сумандаа нэг айрагдсан. Бигэр суманд нэг түрүүлсэн. Бага шиг наадмуудад ч нэлээд хэд түрүүлсэн.
-Аав тань аймгийн баяр наадмаас их олон айраг, түрүү авсан байх аа?
-Барагцаалбал, 40 гаруй айраг, түрүү авсан юм билээ.
-Нэгэн үе аймгийн баяр наадмын амжилтаар улсын цол олгож байсан. Аав тань тэр үед яагаад улсын цолонд тодорхойлогдоогүй юм бол?
-2001 онд Баниа дарга “Материалыг нь бүрдүүл, морины үнэмлэх аваад ир” гэсэн юм. Даанч аав маань өвөл нь бурхан болчихсон. Уг нь улсын Алдарт уяачийн болзол хангачихсан байсан л даа.
-Та хэдэн наснаасаа бие даан морь уяж эхэлсэн бэ?
-Би 1991 онд тусдаа гарсанаасаа хойш морь уяж эхэлсэн. Эхэндээ ч аавыгаа дагаад, заавар зөвлөгөө аваад л явдаг байлаа. Аавыгаа өөд болсноос хойш л өөрөө гардаж уясан. Намайг тусдаа гарахад миний өмчинд ирсэн гүүнээс гарсан хээр морь байсан юм. Аймгийн Алдарт цолыг надад авч ирэхэд хамгийн их буянаа өгсөн ажнай даа. Дааганаасаа л сумын баяр наадмын айраг, түрүүг авч эхэлсэн. Цогт сумын баяр наадамд дөрвөлж, Бигэрийн 70 жилийн ойн наадамд хол тасархай түрүүлж байлаа. Бас аавын адуунаас миний өмчинд ирсэн хонгор азарга маань шүдлэндээ суманд зургаалж, хязааландаа тав, соёолондоо дөрвөөр давхиж, хавчиг азарга Цогтод түрүүлж байлаа. Мөн хээр морь маань 1994 онд Бигэрийн ойд түрүүлж, хойтон жил нь аймгийн баяр наадамд уралдсан юм. Тэр үед бороо ихтэй, зам хальтиргаатай байлаа. Отгон дүү маань миний хээр морийг унаж явсан. “За, миний дүү дарж явна шүү. Өмнө нь гаргаж болохгүй” гэж захисан. Луультад морь барьж байлаа. Манай хээр Луульт руу дөрвөөр орж ирсэн юм. Гэтэл урд талд нь явж байсан морь шалбааган дээр хальтираад уначихлаа. Хээр морь маань үргэж харайгаад, Луультын урд, хойд хамраар давхичихсан юм. Тэгээд есөөр ирж байлаа. Аймгийн Уяачдын холбооны тэргүүлэгч Баниа гуай тэр үед “Говь-Алтай аймагт ингэж ирж байсан соёолонг үзсэнгүй ээ. Энэ хүлэг та нарыг олон баярлуулна аа. Түрүүлсэн л гэж бодоорой” гэж билээ.
-Ванчиг гуайн хэлсэнээр хээр морь тань таныг олон удаа баярлуулсан биз дээ?
-Тиймээ. Манай энд хавчиг морийг өнжөөдөг юм. 1997 онд аймгийн Алдарт уяач Чулуунбаатарын аймагт долоон удаа дарааллан түрүүлсэн хээр азарга болон Наран одоогийнхоор бол Есөнбулагийн Наран баг, Халиун сумын Гүү бариач баг багийн хамтарсан баяр болсон юм. Аав бага Ягаанаа, би хээр морио авч очлоо. Бага Ягаан гурваар, миний хээр дөрвөөр ирсэн. Анх Дэлгэр суманд даншиг болоход аав маань хаширлаад, хээр морио авч яваагүй. Тэгээд Ягаан болон хонгор азаргатайгаа очиж уралдсан боловч бас л будилаан үүссэн. 1998 онд Буман ямааны баярт Ягаан түрүүлж, хээр морь аман хүзүүдсэн. Хожим 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадамд Говь-Алтай аймагт ёстой хол түрүүлсэн. Хөлсийг нь хусаад, бүүр амарчихсан хойно аман хүзүүний морь ирж билээ.
-Далд түрүүлнэ гэдэг нь л болж дээ?
-Хэлээд яах вэ. Мөн 2002 онд Алтай хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баяр наадамд айргийн тавд давхисан. Харин хойтон жил нь миний буруугаас болоод, аймгийн баяр наадамд аравт ирсэн юм. Тэр үед Цээлийн Баатар Начин цолны баяраа хийж байлаа. Түрүүлсэн моринд мотоцикль өгнө гээд зарлачихсан байсан. Тэгэхээр нь хорхойсоод Цээл рүү авч очоод хөлийг нь хугалчихсан юм л даа.
-Уралдааны замд хөл нь хугарчихсан юм уу?
-Тиймээ. Араас нь би халтар морио уралдуулж эхэлсэн. 2007 онд аймгийн баяр наадамд шүдлэн үрээ түрүүлж байлаа. Хязааландаа Цогт сумын баяр наадамд түрүүлж, соёолондоо аман хүзүүдлээ. Бүсийн наадамд хоёр удаа уралдаж, 16 болон 19 дээр ирсэн. Бигэрийн наадамд дүүтэйгээ хамт хоёр морьтой очиж, нэг, хоёроор давхиулж байлаа. Түүнээс хойш хөл нь жаахан бэртчих гээд нэг л сайн уяж чадахгүй л байна. Харин манай дүү Баянмөнхийн жороо морь аймгийн наадмаас олон жил айраг, түрүү авсан. Мөн жижиг хээр нь хязааландаа аймагт 10-аар ирж, их насандаа Бигэрт аман хүзүүдэж, Халиуны баяр наадамд гурав, таваар давхисан.
-Та ч бас аймагтаа сайхан наадчихдаг юм байна?
-Нэгэн үе сайхан наадсан. Бид ер нь унаган адуугаараа уралддаг юм. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, улсын Сайн малчин Гантуяагийнхаас халиун азарга, дүү маань Сүхбаатар аймгийн Онгон сумаас халзан азарга, Дорнодын Хөлөнбуйраас шарга азарга авч ирж, цус сэлбэсэн.
-Танай адуу аргагүй хурдны угшилтай юм. Тавхнаг гуай болон таны хүнд худалдсан морьдоос авсан эзнийхээ нэрийг өндөрт өргөж яваа нь цөөнгүй биз?
-Тэгэлгүй яах вэ. 18, 19 нас хүртлээ сумын наадамд айргийн таваас бууж үзээгүй Түгжийн хул бол манай аавын унаган адуу байгаа юм. Манай аавын хүр дүү аймгийн Алдарт уяач Жамсран Бигэр суманд амьдарч байгаа. Түүнд өгсөн хээр морь 16 нас хүртлээ сумандаа айраг, түрүүгээс мултраагүй. Манай хонгор азарганы дүү хээр үрээг Халиуны Галбадрахын Ганбатад өгсөн. Сумандаа олон удаа түрүүлж, айрагдсан. 1980-аад оны үед аймгийн гал командад ажиллаж байсан Дамдинхорол гэдэг хүнд эмнэг халтар үрээ өгсөн нь бас л аймгийн баяр наадамд түрүүлж байлаа. Манай удмаас аймгийн Алдарт уяач найм төрсөн юм. Энэ бас ховорхон л тохиол байх даа.
-Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ. Бас л моринд нүдтэй биз?
-Ах нь ганц охинтой. Охин маань моринд хорхойтой гэж арга үгүй.
-Багаасаа таныг дагаж наадсаар тэр байх даа?
-Явна л гэдэг юм. Охин хүүхэд болохоор нь би хурдны морь ч унуулдаггүй юм аа. Гэр зуур л надтай хамт адуунд давхивал давхина. Нэлээд эршүүд л дээ.
-Таны амьдралын хамгийн сайхан дурсамжийн хуудсыг сөхмөөр санагдлаа?
-Аймгийн баяр наадамд их насны морь түрүүлгэнэ гэдэг уяач хүн бүрт тохиогоод байдаг баяр биш л дээ. Тэр л хамгийн сайхан дурсамж юм даа.
-Тэгэлгүй яах вэ. Тэгээд ч баруун зүгийнхэн аливаа наадмын өнгийг их насны түрүүгээр л хэмждэг биз дээ?
-Тэгдэг юм. Миний хээр морийг аймагт түрүүлсэн жил “Ентүм” компанийн захирал Т.Гантөмөр Аж үйлдвэрийн Гавьяат цол хүртсэн юм. Аав бид хэд аймгийн наахна Шаварын голын дэргэд майхан бариад хоноглож байлаа. Наадмын өмнөх орой манай гадаа нэг жижиг тэрэг хүрч ирээд зогсчихдог юм байна. Ганаа дарга аавыг цайллагандаа урьжээ. Орой нь аав машинаар хүргүүлж ирлээ. Аавыг цайллаганд очсон хэрнээ эв эрүүл ирсэнд нь их л гайхаж байлаа. Хожим учрыг нь мэдэх нь ээ, Ганаа захирал цайллагынхаа үеэр “Маргааш Говь-Алтай аймгийн баяр наадмын их насанд түрүүлсэн моринд аавынхаа нэрэмжит шагнал болгож, 500 мянган төгрөг өгнө” гэж зарласан юм билээ.
-Аавын нэрэмжит гэдэг нь?
-Гантөмөр захирлын аав Туваанжав Улсын Алдарт уяач хүн. Маргааш нь их насанд хээр морь маань түрүүлж, аав бид хоёр улсын баярын бай шагнал 200 мянган төгрөгийг, Туваанжавын нэрэмжит шагнал 500 мянган төгрөгтэй хамт гардсан даа.
-Аавынх нь нэрэмжит шагналыг нутгийн уяач хүртсэн нь Т.Гантөмөр гуайд ч бас сайхан л санагдсан байлгүй?
-Мэдээж. Бас л сонин тохиолдол шүү. Мөн Бигэрт дүү бид хоёр хос морьтой очоод, түрүү болон аман хүзүүг нь авахад хүмүүс гайхаж байлаа. 2008 онд дүү бид хоёр Цогтод зургаан морьтой очсоноос тав нь айраг, түрүү авч байсан. Нэг бодлын бахархмаар боловч цаагуураа бас айдас төрдөг л юм билээ.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны хуучилсан шиг бахархалт сайхан наадмууд шил шилээ даран тохиох болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна