АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Б.ЛУВСАНДАШ: АДУУНЫ ДЭЛ СҮҮЛЭНД ХИЙМОРЬ СүЛД НЬ ЯВДАГ ЮМ

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 05 -нд

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Лувсандашийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1941 онд Улаан сайрын бригадад төрсөн тэрээр АХ-ын 80 жилийн ойн медаль, аймгийн 70 жилийн ойн медалиар шагнагдаж байжээ.

-Таны өвөг дээдэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байв уу?
-Манай өвөг дээдэст уяачид байхгүй ээ. Ээжийн ахын хүү Хайдав гэж хүн гурван хар морьтой байгаад аймагт нэг түрүүлгэж, нэгийг нь айрагдуулсан байдаг юм. Аймгаас нэг хар морь нь соёолонгийн түрүүг, суманд том хар нь  хязаалангийн түрүүг авч байсан удаатай.  Мөн хэд хэд айрагдсан. Том хараа нэлээн хөгширсөн хойно нь уяж байсан. Тэгээд сүүлд эхнэр нь өвдөөд хотруу эмнэлэг бараадах гээд зараад явсан. Хар морийг Санж гэж хүн аваад суманд олон түрүүлгэсэн.
-Тэгвэл та хэдий үеэс морь уяж байгаа юм бэ?
-Би чинь нэлээн эртнээс морь уясан хүн. Бүүр 17,18-тай уяж эхэлсэн. Түүнээс өмнө бол мэдээж хурдны морь унадаг байлаа. 1957, 1958 оны үед Хайдавын хар шүдлэн үрээ ч унаж аймагт тавлуулсан. Тэр үед 180-аад шүдлэн уралдсан юмдаг.
-Анх хэний ямар морийг уяж байв?
-Өөрийнхаа унаган адуунаас цагаан цоохор шүдлэнгээ уяж, сумандаа түрүүлгэсэн. Залгаад хязаалан, соёолонд нь айргийн гурваар давхиулсан. Сүүлдээ ч баригдахаа байгаад уяхаа больсон. Би ч төв орж, 1990 онд хүртэл уяаны ажлаас жоохон хөндийдүү явлаа. Тэр хугацаанд сумын захиргаанд нарийн бичгийн даргаар хоёр жил ажилласан.  Дараа нь нэгдүгээр бригадын дарга хийж байгаад сумандаа ирж үйлдвэрт  туслах мужаанаар орсон. Би чинь мужааны дөрөвдүгээр зэрэгтэй хүн байгаа юм. Нэгдэл тартал 20 жил мужаан хийсэн байх шүү. Энэчлэн юм юм л хийж явлаа. Тэгж байтал хувьчлал ч болж мал маллах болсон. Харин сүүлийн дөрвөн жил төвд амьдарч байгаа болохоор морь уяхгүй байна. 
-1990 оны хувьчлалаар авсан адуугаа уядаг байв уу?
-Би ч унаган адуугаа л уядаг байлаа. Манай азарга гайгүй хурдтай л даа. Хээр, юүлэн халтар азаргаар нэг хэсэг сайхан наадсан. Гэхдээ аймагт очоогүй. Загийн 80 жил, Бууцагаан болон сумын наадамд олон түрүүлгэсэн. Медаль өгдөг болсоноос хойш 10 гаруй медалийг авсан байна лээ. Өөрөөр хэлбэл 2008 оноос хойш гаргасан амжилт л даа. Өнөөдөр харж байхад залуучууд зүүн талаас адуу авчраад уяад байх юм. Нутгийн морь уяхаа байжээ. Би бол үүнд өөр бодолтой явдаг. Тиймдээ ч нутгийн адуу болох хүрэн алаг, хондон хоёр морио, эндэхийн хоёр гүүний хамтаар банди нартаа нэг нэгээр нь өгсөн. Хөвгүүдийн адууны түрүүчийн төлүүд нь хязаалан, соёолон болж байна. Нэгийг нь уяад дааганд зургаалуулсан. Манай нутгийн адуу чинь хөлийн хурд удаан ч гараагаараа ирдэг байхгүй юу. Өөрөөр хэлбэл хол замд хурд нь саардаггүй. 
-Та гаднаас адуу авч байсан уу?
-Авсаан авсан. Гэхдээ гаднаас авахад өөрөө л газар дээр нь очихгүй бол хэцүү дээ. Зүгээр амьтны авчирсан юм их үнээр аваад хэрэггүй санагддаг.
-Таны мэдэхээс энэ нутгийн нэрийг гаргаж хурдалсан ямар, ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Санжийн хар, Шаравдоогийн хүрэн морийг би мэдэх юм. Шаравдоогийн хүрэн суманд хоёр түрүүлсэн ч Санж өвгөн аваад дахин уралдуулаагүй. Мөнгө мөнгө байхад 2000 төгрөгөөр авч байсан. Тэр адуунд их сонирхолтой хүн л дээ. Улсын ярих нь хүрэн морины сүүлийг нь тайрчихсанаас болоод давхиагүй гэлцдэг. Хурдан морины сүүлэнд хайч хүргэж болдоггүй гэдэг шүү дээ. Адууны дэл сүүлэнд хийморь сүлд нь явдаг юм.
-Таны уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Халтар азарга дөрөв түрүүлж, хоёр аман хүзүүдэж, найм айрагдсан. Нийт 14 медальтай. Энэ нутгийн адуу байгаа юм. Би Насанхүүгээс авч байсан. Тэр жил Насанхүүгийн хэдэн мал зуданд үрэгдээд, ганц үлдсэн халтар азаргаа заръя гэнэ. Тэгээд би 17 ямаа өгөөд авч байлаа.
Удам угшлыг нь хөөхөөр эх нь Бууцагаанаас гаралтай тун сайхан гүү байсан гэдэг. Эцэг нь энэ нутгийн Баатар гэж хүний халтар азарга. Уягдаггүй зэлний халтар нэртэй азарга байсан юм билээ. Хөөрхий дандаа зэлэнд  уяатай, номхон ч гэж жигтэйхэн амьтан байж.
Надад соёолон үрээ ирж байлаа. Түүнээс өмнө даага уягдаагүй байгаад шүдлэн сумандаа аман хүзүүлсэн. Харин хязаалан гуравлаад, ирсэний хойтон жил нь буюу хавчигт нь зуд болоод уяагүй. Дараа жил нь есөөр нэг ирсэн. Залгаад гурав, дөрөв, таваар гэхчилэн айрагдаж эхэлсэн. Медаль өгдөггүй байхад авсан нь ч бий.
-Хэд хүртлээ уралдсан юм бэ?
-Аравтайдаа Загийн наадамд түрүүлж байлаа. Хамгийн сүүлд эндээ хоёрлуулсан. Аймагт очоод шалиагүй ээ, 20-иор ирсэн. Тэрнээс хойш дөрөв, таван жил уралдаагүй байгаад ноднин 19-тэй үхсэн. Нэгэн үе халтар азаргаа байхад түрүү азарга харахааргүй л явлаа. Холхон тавьбал янзтай давхина. Харин ойртуулчихвал шальдаггүй адуу байсан юм. 
-Хэд хоногийн уяатай байв?
-Би ч сар гаруй уяад, цаана нь бас хэд хоног уяна. Мах нь барагдахгүй. Сүүлдээ ч аяндаа өөрөө гялтганаж өнгө ороод ирдэг болсон. Бүүр угаачихсан юм шиг болно гээч. 
-Морины уяа сойлго тааруулахад тухайн жилийн оролтоос эхлээд маш олон зүйл шалтгаалдаг, тийм ээ?
-Тиймээ, малын байдал л мэднэ. Би ч морь уяад эхэндээ дандаа таргадуулаад байсан байна лээ.  Сүүлд л учрыг нь олдог болоод айраг түрүүтэй нааддаг болсон. Гэхдээ би одооны тэжээлийн морийг уяж үзээгүй. Дээр үед чинь хонины моринд нь ч тэжээл өгдөггүй байлаа. Тэгэхэд өнөөдөр хамгийн сайн мориндоо л энэ айхтар юмыг чинь өгөх юм. Яаж өегийг нь гаргаж аргалдаг юм мэдэхгүй ээ. Мань мэт учрыг нь олохгүй л байна. 
-Халтар азаргатайгаа наадсан сайхан наадмын нэгээс ярьж өгөөч?
-Тэр жил их гантай байсан юм. Би халтар азаргаа алдчихаад, нугаас олж ирээд ердөө 12 хоног
л уясан юм. Хүчийг нь жоохон буулгах төдий болоод хөлс аваад тарлаад тавьсан. Тийм байхад айргийн гурваар ороод ирэхэд нь үнэхээр их баярласан. Яахав сурсан юм айрагдах байх гэж бодсон байсан ч жоохон итгэл муу байсан л даа. 
-Төл олонтой байв уу?
-Олон төлтэй. Гэхдээ сайн гүүнээс сайн төл гарна уу гэхээс тааруу гүүнээс хурд гардаггүй юм байна лээ. Одоо надад халтар азарганы хоёр охин төл бий. Өөр нэг гүү бий. Гурван хүүхдэдээ нэг нэгээр нь өгсөн.
-Өөр таныг олонтаа баярлуулсан ямар адуу байна даа?
-Нэлээн дээхнэ цоохор хязаалангаа түрүүлгэж, соёолонд нь гуравлуулсан. Сүүлдээ ч баригдахаа больчихсон юм. Би ч залуу байж. Анх уяа эхлүүлж байсан. Халтар азарганы наана бас хоёр гурван морь байсан. Гэхдээ
уралдаж шалиагүй ээ. Айргаас хойгуур атлаа арав дотор л давхисан. 
-Хичнээн айраг, түрүүний амжилтаар аймгийн Алдарт уяач болсон бэ?
-27 айраг, найман түрүүгээр аймгийн Алдарт уяач болсон. Дээрх амжилтууд дээр жижиг адууны амжилтыг нэмэгддэг. 
-Таны явж оролцсон хамгийн чансаа өндөр том наадам аль нь вэ?
-Хамгийн том наадам Загийн 80 жил, Маруу эмчийн ээжийн 100 насны ой, Бүрдийн сургуулийн 50 жил байсан юмуу. Эндээс Маруу эмчийн наадамд азарга, соёолонгийн түрүүг авсан. Мөн Баян-Овоогийн сургуулийн 60, сумын 60 жилтэй хамт болж нэг айраг авч байлаа. Харин жижиг сумын наадмуудад бол айраг алдаж үзээгүй ээ. 
-Та хэдэн хүүтэй юм бэ?
-Манайх таван хүүтэй. Нэг нь аймагт амьдарч байна. Өнөө дөрөв нь орон нутагтаа морь уянаа. Манай нэг хүү аймгийн Алдарт уяач Ганхүлэг гэж хүн бий. Өвөрхангайд болсон наадамд азарга түрүүлгэсэн. Энэ жил бас Улсын шилдэг уяач болсон. 
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Ярианыхаа төгсгөлд энэ нутгийн адууны холч чанар, тэсвэр тэвчээрийг харуулсан сонирхолтой түүхийг ярьж өгөөч?
-Манай нутгийн Сандагийн зээрд морь Цэнд-Аюуш гэж хүнд очоод сайн хурдалсан. Аймагт хоёр түрүүлж, суманд гурав, дөрөв түрүүлсэн. Ахаас авсан Санчигийн хар, Баасангийн бор, Шагдарын хүрэн, Дагиранз зээрд гээд л хурдан хүлгүүд олон байсан. Дагиранз гэж ямаа хариулдаг хүн ардын Цэгмид гэж хүнээс зээр морийг аваад унаад л явдаг байсан юм гэнэ лээ. Заримдаа үсэргээд ч байгаа юм шиг харагддаг байгаад наадмын өглөө эмээлээ аваад зээрд морио явуулсан нь түрүүлсэн.  Аймагт хоёр, гурав ч түрүүлсэн байх шүү. Дагиранз, Шаравдоо хоёр чинь бор малгай Дүгэржавын хөвгүүд байгаа юм. Бор малгай Дүгэржавт хоёр бор морь байж Өвөрхангайн наадамд явсан юм гэнэ лээ. Нэгийг нь унаад нөгөөг нь хөтлөөд. Бас Шаравдоо гуайн эгч Халтарыг дагуулаад гарч. Халтар багадаа хурдан морь унадаг байсан.  Тэгээд очоод хоёрлож, нөгөө бор морь. Тэгсэн наадам тарсны хойно Алтай талын хэдэн хөгшчүүл “өнөөдрийн хоёр бор морийг эрэгтэй хүүхэд унасан бол гүйцэгдэхгүйгээр шүү. Даанч охин хүүхэд унаад түрүүлсэнгүй” гэж. Санаатай ч хэлсэн юм билүү хэн мэдэхэв. Харин хойтон жил нь Шаравдоогоо тавиад Өвөрхангайд түрүүлгэж байсан гэдэг.  Аргагүй  Дүгэржавын бор морь илүү байсан байгаа биз. Ховд талын гаралтай хүн байсан юмаа. 
-Тэгвэл тэдний адуунууд Ховдынх байх нь ээ?
-Үгүй байхаа. Гэхдээ хэсэг сайхан гүү, адуутай байгаад сүүлд нь хээр болоод, дараа нь ахиад зээрд болоод л байгаа юм. Одоо ч нутгийн адуу байхгүй шахуу болчихжээ. Аймгийн Алдарт Эрдэнэбат гэж залуу бий. Шаравдоогийн дүүгийнх нь хүү. Тэрэнд нэг хээр морь байдаг юм. Дааганаасаа соёолон хүртэл түрүүлсэн хээр морь уржнан Галуутад соёолон түрүүлж, аймагт хоёрлосон.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна