"ЦОМБОН ТУУРАЙТ" МСУХ-НЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.МӨНГӨНТУЛГА: УЯАЧИД “АДУУНЫ ДАЛЛАГА” НААДАМ НЬ СҮЛД ХИЙМОРИЙГ ӨРГӨДӨГ ГЭЖ ИХЭД БЭЛГЭШЭЭДЭГ

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 27 -нд

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын уугуул, "Цомбон туурайт" МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнтулгатай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1978 онд төрсөн бөгөөд 2000 онд сумын заан, 2013 онд аймгийн гоц мэргэн болжээ.

-Шинэжинст сумын МСУХ-ны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Шинэжинст сумын МСУХ бол Монголын анхны салбар холбоодын нэг. 1995 оноос хойш 20 жил үйл ажиллагаа явуулж байгаа холбооны нэр нь Цомбон туурайт. Энэ нутгийн бэсрэг угшлаар ийн нэрийдсэн юм. Харин уяачдын холбооны даргаар аймгийн Алдарт уяач, хуучин манай сумын тамгын газрын дарга асан Цэдэнсодном өнөөг хүртэл үйл ажиллаж байна. МСУХ тэргүүн, нарийн бичиг, таван тэргүүлэгчтэй, 60 гаруй уяачийн гишүүнчлэлтэй. Би холбооны дөрөв дэх нарийн бичгээр өнөө жилээс ажиллаж байна. Надаас өмнө Чойжилжав гуайн хүү Дорж, иргэний бүртгэлийн ажилтан Баатаржав нар ажиллаж байсныг мэднэ. 
-Шинэжист сум хичнээн уяачтай вэ?
-Морь уядаггүй монгол хүн гэж юу байхав. Манай малчин болгон л морь уяж байгаа гэхээр нэлээн тоо гарна шүү. 
-Холбооноос жилдээ хичнээн уралдаан зохион байгуулж байна. Уяачдаа хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Сумын хэмжээнд улсын баяраас гадна сар шинийн дараа хаврын уралдааныг хийдэг уламжлалтай. Анх Чойжилжав ах санаачлаад, шилжин явах цомтой хаврын бүсийн уралдааныг эхлүүлснээс хойш энэ хавар 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Айл болгонд шилжин явах цом очих бөгөөд таарсан айл нь их насаа ивээн тэтгэдэг. Харин азарга, соёолонгийн уралдаанаа бооцоотой явчихдаг юм. Залгаад долдугаар  сарын 1-нд наадмын өмнөх их сунгаан маягаар Адууны даллага наадам буюу Гүү үрсийн баярыг зохион байгуулж ирлээ. Энэ маань монгол зан үйлтэй холбоотой наадам л даа. Сонирхуулахад гүү барих ёс, ууган унага, гүү үрсийн баяр гэж тэмдэглэдэг. Үүгээрээ дамжуулан хүүхэд залуучуудыг моринд дуртай болгох, морин спортыг хөгжүүлэх, мориныхоо удам угшлыг сайжруулах зорилготой. Үүний тулд манай уяачид нийлээд Сүхбаатар Дорнод руу явж адуугаа ч сайжруулах ажлыг идэвхитэй хийж байна.
-Гүү барьдаг гэсэн. Бүх уяачид адуугаа авчраад гүүгээ барьдаг юм уу. Эсвэл тодорхой хүмүүс авчирч барих уу?
-Зохион байгуулж байгаа айл нь адуугаа тууж ирээд анхны зэлээ татаад гүүгээ барих ёслолоо хийдэг. Аймгийн юмуу сумын Алдарт уяачид цом дамжуулж зохион байгуулдаг юм. Оролцож байгаа бүх хүмүүс адуугаа тууж ирээд адууны хурайлга хийнэ. Энэ нь  адууны болон уяачдынхаа сүлд хийморийг сэргээх зорилготой юм. Уяачид маань сүлд хийморь дээшилдэг гэж ихэд бэлгэшээдэг. Өөрөөр хэлбэл  тодорхой хэмжээний шашны үйл явагдана гэсэн үг л дээ. Манай “Амарбуянт” хүрээний лам нар ирж ном уншиж, адууны даллага авдаг. Хажуугаар нь морь булгиулах, уургалах, ташуур шүүрэх тэмцээнийг залуучуудын явуулдаг нь үзэгч олонтой, өрсөлдөөнтэй болдог. 
-Харин тэрний дараагийн уралдаан нь хэзээ үү?
-Тэгээд улсын баяр болж, залгаад багуудын наадам найман сарын 1 хүртэл болно. Манай сум дөрвөн багтай. 
-Эдгээр уралдаануудын амжилт сумын Алдарт уяачийн болзолд хамрагдах уу?
-Засаг даргын тогтоолтой долдугаар сарын 1-ний наадам нь хамрагддаг юм. Бид энэ жилээс хаврын уралдааныг цолны болзолд оруулах тухай тэргүүлэгчидтэй ярилцаж байна. Бүсийн хэмжээнд болдог хаврын уралдаанд маань тойргийн таван сум Баянцагаан, Баян-Өндөр, Баянговь, Баянлиг, Шинэжинстийн уяачид ирж оролцдог. Өргөн дэлгэр болдог наадам байгаа юм. 
-Уяачийнхаа ажил хөдөлмөрийг үнэлсэн ямар ажлуудыг хийж байна вэ?
-Баянхонгор аймгийн МСУХ-ны Мөнх-Эрдэнэ дарга сумд руугаа чиглэсэн олон ажлыг хийж байгаа нь өгөөжөө өгч байгаа. Аймагт Манлай, Тод манлай, Алдарт уяач нарыг авчирч уяачдад зөвлөгөө өгүүлсэн. Бид сумаасаа төлөөлөгч явуулж, туршлага солилцсон. Энд шинэ цагийн уяаны талаар мэдэхийг хүссэн олон асуултанд хариулт авсандаа уяачид сэтгэл хангалуун байгаа. Харин сумын хувьд он солигдохын өмнө уяачдын шинэ жилээ зохион байгуулдаг. Үүнд тухайн жилийн дээд гурван насны шилдэг морьд, сумын шилдгийн шилдэг, шилдэг гэсэн таван морийг шалгаруулна. Мэдээж таван уяач, унаачийг бас шалгаруулна. Тухайн болзлынхоо дагуу тэргүүлэгчдээрээ хэлэлцэж байгаад шилдгүүдээ тодруулдаг. Уяачид маань ч идэвхи зүтгэлтэй болсон. Энэ жил манай сумын 60 жилийн ой тохиож байна. Уяачдын тоо, морьдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа болохоор ойн баяр өргөн дэлгэр болох болов уу.
-Сум орон нутгийн ой гэдэг утгаараа уяачдын хувьд хариуцлагатай жил болох нь ээ. Бэлтгэл ажил эхэлсэн үү?
-Сумын маань уугуул, суугуул улс бүгд хамтран ажиллаж байна. Сумын уяачдын холбооноос нэгдсэн журмаар шинэ жилээс эхлэн бэлтгэл ажилдаа орсон. Баг багаар нь дөрвөн гал байгуулж уяачид хамтдаа морио уяж байна. Хэсэг уяачид зүүн талаас нэлээн адуу авчирлаа. Түүнээс гадна хүүхдийн аюулгүй байдал, уралдааны зам дээр анхааран ажиллаж байна. Манай уралдааны зам харьцангуй сайхан л даа. Дандаа өгсүүр, ерөөсөө 500 м газар л уруудана. Манайхан гурав, дөрвөн жилийн өмнөөс гарааны төхөөрөмж ашиглаж эхэлсэн. Орон нутгийн хөгжлийн сангаас энд мөнгө гаргаж, сумын Алдарт уяач Болдбаатар  12 метр өргөнтэй гарааны төхөөрөмж хийснийг ашиглаж байгаа.
Урьд нь морь уралдахад мотоцикль дагадаг байсан бол энэ жил ганц ч мотоцикль дагахгүй. Уяачдын холбооноос гаргасан нэг,хоёр машин, дээр нь чиглүүлэгч машин, эмнэлгийн машин л явна. Машин морь хоёр нь ялгарахгүй уралдаан болохгүй. 
-Хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэглэж байна уу?
-Одоохондоо хамгаалалтын хувцас хэрэглэж хэвшээгүй байна. Гэхдээ том том наадмуудад бид хамгаалалтын хувцас өмссөн байхыг шаардаж байгаа. Харин хүүхдийн даатгалын тал дээр сургуулийн болон сумын нийгмийн ажилтнууд хяналт тавьж ажилладаг.
-Албаны яриагаа үүгээр хойш тавъя. Таны хувьд хэдэн оноос морь уяж байгаа вэ? Дээдчүүлд тань уяачид байв уу?
-Өвөө Шарав гэж хүн бага сага наадамд морь уядаг. Сумын наадамдаа нэг морь мордуулчихдаг нэгэн байсан юм. Миний аав чинь бригад, багийн дарга олон жил хийсэн хүн. Бид нар эхээс долуулаа. Ер нь гэр бүлээрээ үндэсний спортын төрлийг бүгдийг нь оролддог улс. Долуулаа сумын заан цолтой. Үеийнхээ хүүхдүүдийн адил багаасаа хурдан морь унасан. Сумын заан цолтой аав маань 1978 онд суманд түрүүлээд хүрэн даага авч, өнөөхөө надад зүсэлж өгсөн. Би тэр даагаараа олон жил уралдсан. Хэдийгээр суманд олон түрүү, айраг аваагүй ч бага сага наадамд олон баярлуулсан. Ингээд 1996 он хүртэл хөдөө мал дээр байж байгаад цэрэгт явж, дараа нь оюутан болж, ажил дээр гараад морь хөөцөлдөх завгүй 10 жил явлаа. Гэхдээ багын моринд хорхойтой байсан болохоор сэтгэл өөрийн эрхгүй татагдах юм билээ. Улмаар 2006 оноос морь уяж эхэлсэн.  Тухайн үедээ том ах Тулгаасаа адуу авч уяаны ажлаа эхлүүлсэн. Ах зүүн талаас Төв аймаг, Хэнтийгээс нэлээн адуу авчирч, адууныхаа үүлдэр угсааг сайжруулаад авсан хүн байгаа юм. 
-Одоогоор асартай наадам буюу АХ-ын ойн баяр наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байна?
-Сумын наадмаас 10-аад айраг, түрүүтэй болоод  байгаа. Ажлын зав цаг, ган гачиг зэргээс болоод тогтмол амжилт гаргаж чадахгүй юм. 
-Найман сумын заан нэг гэрт байна гэдэг сонин тохиолдол байна шүү?
-Тийм шүү. Бас бүгдээрээ шагай харвана. Миний доод талын дүү Бүрэнтулга шагайн харвааны МУ-ын мэргэн, хамгийн том ах бид хоёр аймгийн Гоц мэргэн цолтой. 
-Энэ олон заан хоорондоо таарч барилдаж байв уу?
-Зөндөө гарна шүү дээ. Сумын наадмын үзүүр, түрүүнд ч үлдэж байлаа. Ах дүү гэж харж үзэхгүй л дээ.  Яс үзээд гарна. Бид тойргийн сумууддаа очиж их барилддаг байсан юм. 
-Ааваас тань дээшээ бөх бий юу?
-Аавын талын улсууд мундаг бяртай байсан гэдэг. Одоо манай өвөлжөөний доохнотоо буурал аавын өргөж авчирсан чулуу бий. Бид бол хамжиж л өргөхгүй бол барахгүй юм билээ.
-Ер нь морь уралдуулах, барилдах, шагай харвахаас аль нь илүү санагдах уу?
-Би 2003 оноос биеийн тамирын багш хийж байна. Хажуугаар нь бөхийн секц ажиллуулна. Дээр нь морь уралдуулж, шагай харваж, өөрөө бас барилдана. Болоогүй бүгдээс нь кайф авна гээч.
-Шагай харвадаг хүмүүс их төвлөрч сурдаг, дотоод хүнээ чагнаж сурдаг гэлцдэг. Таны үүнийг биеэрээ мэдэрч яваа болов уу?
-Үнэн шүү. Хүүхэд залуучууд маань шагай харваад сурчихвал нэгдүгээрт тэвчээртэй болно. За тэгээд харааны орон зайн баримжаа сайжирна, өөрийгөө дүгнэх, цэгнэнэ, олон хүмүүсийн дунд төвлөрч чадна. Энд хүн янз бүрээр орилж хашгирч байсан ч шагайгаа харваж сууна шүү дээ. Өөрийгөө мөн цэгнэж чаддаг болно. Мундаг спорт л доо. 
-Өнөөдөр Баянхонгор аймагт шагайн харваа хэр хөгжиж байна?
-Баянхонгор аймагт шагайн харваа маш эрчимтэй хөгжиж байна. Тэр дундаа манай сумын баг баруун аймгууддаа “дархан” аварга баг шүү дээ. Говь-Алтайд болдог баруун таван аймгийн бүсийн тэмцээнд хоёр түрүүлсэн. Бас Завхан аймгийн 90 жилийн наадамд очиж түрүүлсэн. 2004 онд Баянхонгорт Ламын гэгээний ойгоор түрүүлээд, бүх ард түмний спартикиадад дахин түрүүлж, Жинстийн Бодийн тойром, Заг Байдрагийн тойромд очиж мөнгөн медаль авсан. Ер нь оролцсон тэмцээн болгондоо амжилттай оролцдог. 
-Улсын баяр наадамд очиж байв уу?
-Улсын баяр наадамд хоёр жил очиж, дундуурхан наадсан. Манай дүү Бүрэнтулга улсын аварга шалгаруулах бүх ард түмний спартикиадын цуваа харваанд 34 алдалгүйгээр онож түрүүлсэн. Тэгээд улсын дэд мэргэн авч байлаа. Тавдугаар их наадмаар Баянхонгорын баг шагайн харваанд гуравдугаар байранд орж МУ-ын мэргэн авсан юм. 
-Хүүхдүүддээ шагай харвахыг зааж байна уу?
-Сургууль дээр үндэсний шагайн харвааны клуб хичээллэж, аймгийн гоц мэргэн, МУ-ын хүндэт харваач Халтар гэж хүн багшилж байна. 
-Бидний урилыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийн хамт олон бөглүү захын сумын бидэн дээр ирж, өчүүхэн амжилтыг маань Монгол орон даяар түгээж байгаад талархлаа. Та бүхний ажилд сайн сайхныг хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна