Аймгийн Алдарт уяач Ш.Ерөөлт: Тавдугаар ангийн сурагч байхдаа эмнэг сургалтаар Спортын мастер болж байлаа

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 27 -нд

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул, Цагаан-Уул багийн харьяат, спортын мастер, аймгийн Алдарт уяач Шангайн Ерөөлтийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.1969 онд төрсөн тэрээр Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан, аймгийн шилдэг зохицуулагч, гар бөмбөгийн II зэргийн тамирчин аж.

-Багадаа хурдан морь унаж байв уу. Ямар амжилт үзүүлж байв?
-Би долоон настайгаасаа долдугаар анги төгстлөө хурдны морь унасан. Айлын ууган хүүхэд учраас жаахан дураараа, эрх танхи байсан шиг байгаа юм. Зун сумын баяр наадамд түрүүлсэн морийг намрын наадамд булаагаад уначихна. Намар түрүүлсэн морийг нь хойтон жил нь “Би унана” гэж хэлээд  бас л уначихдаг байсан. Тэгсэн хэрнээ түрүүлсэн морийг булааж уначихаад түрүүлүүлж чаддаггүй нөхөр байлаа. Дөрөв, тав, долоо, наймаар л ирдэг байсан байх. Тухайн үед нэгдлийн адууг л унадаг байсан.
-Сүүлдээ дадлагажиж айраг, түрүү аваагүй юу?
-Сүүлдээ дадлагажаад аавынхаа уясан морьдыг сумын баяр наадамд түрүүлүүлж, айрагдуулдаг болсон. 
-Та тавдугаар ангидаа эмнэг сургалтаар спортын мастер болж байжээ. Жаахан хүүхэд эмнэг сургахад хэцүү байгаагүй юу?
-Би жаахан хүүхэд учраас үрээг хүчирдэггүй. Тиймдээ ч дандаа даага л сургадаг байлаа. 1983 оны зун 52 даага сургаад спортын мастер болж байсан. Тавдугаар ангийн хүүхэд шүү дээ. Тухайн үедээ миний энэ амжилтын талаар сум, орон нутагт их ярьж байсан. 
-Одоо бодоход даагыг яаж сургадаг байв?
-Даагыг хоёр хоног унаад амыг нь зүгшрүүлчихдэг л байсан. Учиргүй номхон болгохгүй ч унахад булгихгүй л болгодог байлаа. 
-Тавдугаар ангийнхаа зун нь 52 даага сургасан юм байна. Түүнээс өмнө нийт хэдэн даага сургасан байв?
-Нэг жилд 15 даага сургадаг байсан. Тэгэхээр нийт 150-160 даагыг сургасан байх. 
-Одоо улсын хэмжээний тэмцээнээр эмнэг сургалтын мастерыг тодруулдаг болсон байна.  “Адуучин” тэмцээнд оролцож байсан уу?
-Есдүгээр ангийн сурагч байхдаа адуу булгиулах тэмцээнд оролцож байсан. Түүнээс өөр тэмцээнд оролцоогүй ээ. Сүүлд “Монгол адуу” нийгэмлэг байгуулагдсанаас хойш уран уургач, уран бугуйлч гээд олон тэмцээн зохион байгуулдаг болсон. Даанч би аймагт очиж оролцож чадаагүй. 
-Уяач Ерөөлтийн түүх хэдий үеэс эхэлсэн бол?
-Би наймдугаар анги төгсөөд л морь уяж эхэлсэн дээ. Аавыгаа дагаж морины сүүл боох, үсэргэх гэх мэт ажлыг эхлээд сурсан. 
-Уях морио өөрөө сонгох уу, ааваараа сонгуулах уу?
-Ихэнхдээ аав сонгож өгнө. Авга ахтайгаа Чандмань руу хамт явж Аюуш гэдэг хүний адуунаас шинжиж бор морь авсан. Энэ морь маань намайг олон жил баярлуулсан. Миний бор морь сумын баяр наадамд нэг түрүүлж, найм айрагдсан. Мөн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын АХ-ын баяр наадамд бор морь олон жил аман хүзүүдсэн. Бор морины дараа Сүмбэ шагай гэж Дэлгэрийн угшилтай сартай хээр мориороо мөн л олон жил сайхан наадсан. Даагандаа аман хүзүүдээд түүнээс хойш соёолон хүртлээ түрүүлсэн.  Бүр сүүлд Мөнгөн ус гэж хүрэн азарга сумын баяр наадамд хоёр түрүү авсан. Бүдүүрэхээр нь азарга тавьсан л даа.  Мөнгөн ус Бөгөн азарганы төл юм. Сайн азарга, гүүний дундаас гарсан эр унагыг Мөнгөн ус гэж нэрлэдэг байсан учраас ийм нэр өгсөн л дөө. 
-Өөр ямар мориор наадаж байв?
-Хар морь байлаа. Тэр морины амжилт гэвэл хязааланд нь Баян-Өндөр сумын баяр наадамд түрүүлгэчихээд, Баянговь сумын даншиг наадамд түрүүлүүлж байсан. Их насандаа сумын баяр наадамд аман хүзүүдсэн. 
-Та хэдэн онд аймгийн Алдарт уяач болсон юм бэ?
-Би 2006 оны Алтайн шигшмэл хурдаар авсан. 
-Та морь уяснаасаа хойш сум аймгийн хичнээн айраг, түрүү авсан бол?
-
Аймгийн баяр наадмаас айраг, түрүү авч чадаагүй ээ. Сумын баяр наадам, даншиг наадмуудаас олон айраг, түрүү авсан. Надад нэг хонгор морь байлаа. Соёлондоо Баян-Өндөр сумын наадамд түрүүлсэн. Баянговийн даншигт айрагдсан. Тухайн үед даншиг наадамд хоёр аймгийн арав гаруй сумын морьд уралдсан юм. Сүүлийн үед даншиг наадамд морио түрүүлж, айрагдуулбал аймгийн наадамтай дүйцэхүйц амжилт гаргаж байна гэж үнэлдэг болсон. Тэр утгаараа олон уяач даншигт морьдоо түрүүлүүлж, айрагдуулж Алдарт уяач болсон. Намайг аймгийн Алдарт уяач болоход даншигт морьдоо айрагдуулсан амжилт маань бас нөлөөлсөн. 
-Дараагийн үеийн уяачид болох таны үр хүүхдүүд морь маланд хэр сонирхолтой байна вэ?
-Манай хоёр хүү сургууль соёл гэж гадаад, дотоод яваад морь уяж чадахгүй байна. Харин миний хоёр дүүгийн хүүхэд Сундуй, Гантогтох хоёр хоёулаа морь уядаг.  Өвөөгийнхөө морь уях эрдмийг жинхэнэ өвлөсөн хоёр уяач юм.  Удам залгасан уяачид гэх үү дээ. 
-Таны дүү мөн сайн уяач гэсэн. Дүүгийнхээ талаар яривал?
-Манай дүү аймгийн Алдарт уяач Ш.Даваахүү. Буурал мориороо сумын баяр наадам, морин Эрдэнийн даншиг наадмын айраг, түрүүг авч байсан. Зандан хүрэн морь нь хязаалан, соёолондоо сумын баяр, даншиг наадамд түрүүлж, аман хүзүүдсэн. Манай дүү Дорнодын Баянтүмэнгээс тахийн ес дэх удамтай нэг даага авчирч байсан. Тахь халзан нэртэй. Тэр морь бага насандаа сумандаа түрүүлж, айрагдаж яваад азаргандаа хоёр түрүүлээд байгаа. Дүү маань сүүлийн үед энэ мориороо их сайн наадаж байгаа.  2009 онд аймгийн Алдарт уяач болсон. 
-Танай аав найман жил сумын баяр наадмын их морины түрүүг авч байсан гэсэн. Ах, дүү хоёрт ийм бахдам түүх байна уу?
-Аав шигээ сумын наадмын найман жилийн түрүүг арай л авч чадсангүй. Бид хоёрын хувьд сумын наадмын азарганы дөрвөн жилийн түрүүг авч байсан. Миний Мөнгөн ус азарга, дүүгийн Тахь халзан хоёр азарганы түрүүг дөрвөн жил дарааллан авсан. 
-Танай суманд их олон давтагдахааргүй амжилт уу?
-Одоогоор тэр амжилт давтагдаагүй байна.
-Миний асуулт энд хүрээд жаргаж байна. Таны ярихыг хүссэн зүйл байвал ярьж болно.
-Би түүхийн товчооныг их судалдаг хүн. 1970-2016 оныг хүртэлх сумын баяр наадамд түрүүлсэн их насны морьдыг би цээжээрээ мэддэг. 
-Хэний ямар морь хамгийн олон түрүүлсэн байдаг вэ?
-1970, 1971 онд аймгийн Алдарт уяач Норовдаваагийн хув хүрэн дарааллан түрүүлсэн байдаг юм. Харин 1972 онд Оросын бор морь түрүүлсэн. 1973, 1974, 1975 онд Манхины алаг морь завсаргүй гурван удаа түрүүлсэн байдаг бол 1976, 1977 онд нэгдлийн цагаан шийрт түрүүлсэн. Харин 1978 онд аавын хулгар хээр морь түрүүлж, хошуу цагаан зээрд аман хүзүү, нэгдлийн борлог нь айргийн дөрвөөр давхиж байсан. 1979 онд Самдангийн буурал морь түрүүлж, аавын ухаа хондон морь аман хүзүүдэж, нэгдлийн борлог дөрөвлөсөн, 1980 онд нэгдлийн борлог түрүүлсэн бол сургуулийн хонгор аман хүзүү, хулгар хээр айргийн гурваар давхиж аавын уясан гурван морь гурвуулаа дарааллан ирсэн. /Аав өөрөө олимпод явсан хойгуур нь туслах уяачид нв уясан/, 1981 онд Даваажаргал гэж эмэгтэй уяачийн хээр морь нь түрүүлсэн. 1982 онд М.Базаржав гэж хүний хээр морь сумын баяр наадамд анх удаа түрүүлж байсан. 1983 онд Н.Гомбо гуайн мундаг халиун, 1984 онд Ц.Түмэнжаргал гэж хүний харлаг морьд түрүүлсэн. 1984 онд морьдод анх удаа медаль олгосон жил юм. Харин 1985 онд Товчинжамцын харлаг морь, 1986 онд МУ-ын Алдарт уяач Лувсанцэрэн гуайн шар хээр морь түрүүлсэн. 1987, 1988, 1989 онд Цагаан-Уул бригадын Нацагдорж гэж малын эмч хүний борлог морь завсаргүй гурван удаа түрүүлж, Манхины алаг морины амжилтанд хүрсэн. Нацагдоржийн борлог морь 1989 онд зохиогдсон гурван наадамд түрүүлсэн. Улс хувьсгалын ой, түмэн төлийн баяр, сургуулийн ой гээд гурван наадамд түрүүлсэн юм. Энэ морь 1990 онд аймгийн 50 жилийн ойн баяр наадамд уралдаж байгаад нас барсан. 1990 онд Баттөмөрийн хүрэн гэж дааганаасаа соёолон хүртлээ түрүүлсэн морь сумын баяр наадамд түрүүлсэн. Гэхдээ их хурдан хүлгүүд нь аймаг руу уралдахаар явсан байсан л даа. Тэдний эзгүйд уралдаж түрүүлсэн гэсэн үг. 
-Харин 1991 оноос хойш хэний, ямар морь амжилт гаргав?
-1991 оны АХ-ын 70 жилийн ойд манай авга ах аймгийн Алдарт уяач, спортын мастер Өлзийсайханы халиун морь түрүүлж, миний бор морь аман хүзүүдсэн. 1992, 1993 онд Гомбодоржийн цагаан өсгийт хээр морь түрүүлсэн. 1994 онд манай сум байгуулагдсаныхаа ойг улсын баяртайгаа анх удаа хамтатгаж 70 жилийн ойгоо тэмдэглэсэн. Тэр наадамд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат Хөдөлмөрийн баатар Төмөр гэж хүний Говь-Алтайн Цээл угшилтай хээр морь түрүүлж байсан. Харин 1994, 1995, 1996 онд Бээжингийн хонгор морь  сумын баяр наадамд дарааллан түрүүлсэн. Тэр морь улсын баяр наадамд очиж 70 хавьцаа давхиж байсан санагдана. 
-Эрдэнэ сумаас анх удаа улсын наадамд очиж уралдсан морь. Тийм үү?
-Тийм. 1997 онд Цагаан-Уул бригадын залуу уяач Ц.Энхбаатар гэж залуугийн битүү хээр морь, 1998 онд Бээжингийн хонгор морь дахиад түрүүлсэн. Тэгээд 1999 онд Цэцэгнуурын Түдэвдагвын хээр морийг Базаржавын Авирмэд гэж залуу уяж түрүүлүүлж байлаа.  2000 онд Далантайн хар морь түрүүлж миний уясан хар морь аман хүзүүдсэн. 2001 онд АХ-ын 80 жилийн ойгоор тэр үеийн Өлзийт багийн уяач Жаргалын Галбадрахын халзан морь түрүүлсэн. 2002 онд Чинбат гэж залуу уяач бор морио түрүүлгэж, 2003 онд манай дүүгийн буурал морь түрүүлсэн. 2004 онд манай сумын 80 жилийн ойн баяр болоход аймгийн Алдарт уяач Ж.Дагвадоржийн хээр морь түрүүлсэн. 2005 онд сумын Алдарт уяач Ц.Энхболдын хонгор морь түрүүлсэн. Харин 2006 онд аймгийн алдарт уяач Ганбаатарын харлаг морь, 2007 онд аймгийн Алдарт уяач Пэрэнлэйхүүгийн шар хээр морь, 2008 онд мөн аймгийн Алдарт уяач Л.Золжаргал гэж залуугийн хонгор морь түрүүлсэн. 2009, 2010 онд аймгийн Алдарт уяач Мухарын хүрэн морь дарааллан түрүүлсэн. 2011 онд Золжаргалын хонгор морь хоёр дахь удаагаа түрүүлсэн. 2012 онд эрчим хүчний Мягмаржавын хонгор гэж Дорнодын угшилтай их сайхан зэгзгэр хонгор морь түрүүлсэн. 2013 онд Баасансүрэнгийн Асгат саарал гэж Сүхбаатарын Асгатаас авчирсан зургаан настай морь түрүүлж байсан. 2014 онд Эрдэнэ сумын 90 жилийн ой болж аймгийн алдарт уяач Б.Цогийн хонгор морь түрүүлсэн. 2015 онд Бямбадонойн бор морь, 2016 онд манай уяачдын холбооны тэргүүн Авирмэд гуайн хавчиг хээр морь түрүүлж байсан. Ийм морьд 1970 оноос хойш түрүүлж тод магнай болж байсан юм даа.
-Сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүхнийг хурдан морьдын босоо цагаан хийморь мөнхөд ивээж яваг. Монголчуудын хийморь өөдөө байх болтугай гэж хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна