Аймгийн Алдарт уяач Н.Буяндэлгэр: Аавын Тонгойдог харыг Даривынхан бүгд мэднэ дээ

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 23 -нд

Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул, Ихэс нуур нэгдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Нанжидын Буяндэлгэрийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1960 онд Баянголын хойд эхэнд улсын хошой авара малчин Нанжидын ууган хүү болон мэндэлсэн тэрээр Засгийн газрын Хүндэт жуух бичиг, МХЗЭ-ийн Хөдөлмөрийн алдар медалиар шагнагдсанаас гадна 1999 онд аймгийн сайн малчин болжээ.

-Та гурав дахь үеийн уяач байх нь ээ. Яриагаа таны өвөө Анжавмятав уяачийн амжилтаар эхэлье.
-Тиймээ, би удам залгасан уяач. Гэхдээ өвөө Мятавын талаар мэдэхгүй. Ээжийгээ амьд сэрүүн ахуйд өвөөгийн талаар асууж сурч байсангүй дээ. Сүүлд сонсохнээ Анжавмятав гэж адуутай, амьдралтай, морь мал сайн таньдаг, унаж байгаад л уралдуулдаг. Тэр нь ойр голоороо түрүүлж, айрагддаг тийм хөгшин байсан гэсэн. Нагац ах Совд маань лам байсан. Олон хурдан морьтой энэ хүн Анжавмятавын хүү байгаа юм. Харин аавын аав болохоор Бямбаа хүн байлаа. Морь мал уяж байгаагүй ээ. Сайхан малчин л хүн. Миний ээж аавын тухайд насаараа мал малласан улс. Аав Нанжид улсын хошой Аварга малчин. ЗХУ-д жуулчлал маягаар явж, Ардын их хурлын депутатаар сонгогдон ажиллаж байсан. Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медальтай. Бас морь их сайхан уяна, эмнэг адууг сайхан сургана. Эмнэг сургалтын спортын мастер хүн байсан юм.
-Ямар болзлоор спортын мастер цол авсан юм бол оо?
-Тухайн үед таван сумын спартикиад гэж болдог байж. Одоогоор “Адуучин” тэмцээн шиг юмуу даа. Тэр үед 15 адуу сургаад нэг адуу авдаг байлаа. Би хүртэл 20-ийг сургаад нэг адуу авсан юмдаг. Нэгдэл нийгэм гэж байхад бол хувьдаа нэг их мал байхгүй. Малын тоо хязгаартай. Нэгдлийн адууг сургаад нэгийг болзолд нь авдаг. Одоо ч энэ бүхэн түүх болж дээ.
Намайг цэрэгт байхад аав маань улсын Аварга малчин болсон, 1982 онд. Аавыг Аварга малчин болоход ирсэн гэрийг би айл гэр болохдоо барьж  өрх тусгаарлаж байлаа. Харин энэ жил бага хүү тусдаа гарч тэр гэрээ барьсан. Ингэж Аваргын нэрээр ирсэн гэрийг гурван үе дамжин эдлэж сууна. Харин 1987 онд хошой Аварга болсон юм. Аав Баянголын тэнд машин очдоггүй, их асгатай газар доод талд нь чулуу ивж байгаад км хэртэй зам зассан байдаг. Эцэг эхийн маань нэг нь хониндоо яваад, нэг нь тэр замаа засаад, сайхан хот зассан. Миний аав ингэж хөдөлмөрлөж байжээ гэж харахаар одоо ч бахархдаг. Зам засна гэдэг бас том буян л даа. 
-Аав тань морь уяад ямар амжилт гаргаж байв?
-Олон морь уясаан. Эднээс аавын Тонгойдог харыг Дарвийнхан бүгд мэднэ дээ. Харайхаараа тонгойгоод л явчихдаг, маш хурдан морь байсан. Тэрний ах нь болох бас нэг хүрэн морь байлаа. Өөр хоёр ч жороо бор морьтой. 
-Тонгойдог хар нь яаж давхиж байсан бэ?
-Дааганаасаа соёолон хүртлээ түрүүлсэн. Соёолондоо нэг аман хүзүүлсэн.
-Та эцэг эхээс хэдүүлээ билээ?
-Бид наймуулаа. Би айлын ууган хүү байгаа юм. Тиймдээ их багаасаа тусад орсон. Бидний багад машин тэрэг гэж байх биш. Нүүх болно өнөө дүү нараа харах үүрэг надад оногдоно. Хадны нөмөрт юмуу дээлэнд нь хулдаад л харна. Тэмээ ачааллаад дээр суухаар толгой эргээд дотор муухайраад их хэцүү байдагсан. Намар отор хийж их ойрхон ойрхон хугацаатай хол нүүнэ. Өвөл хавартаа бол яах вэ, баруун уулнаас Дарвийн ар луу давчихна. Зундаа баруун талаас гараад энд ирэх жишээний. Ингээд ярьсан бид наймын хүүхэд нас тэр чигээрээ нүднээ зураглагдаж байх чинь ээ. Өдгөө дөрвөн эрэгтэй нь дөрвүүлээ эндээ мал маллаж байна. Харин дөрвөн эмэгтэйгээс гурав нь Улаанбаатарт, нэг нь аймагт мал малладаг. 
-Дунд сургуулиа төгсөөд илгээлтийн эзэн болсон гэсэн байх аа?
-Тиймээ, би чинь багадаа хаана л морь, тэмээ байна тэнд явж байдаг хүүхэд явлаа. Хичээлээ дутуу хагас хийчихээд цүнхээ оруулж тавьчихаад л мал дагаад явчихна. Ингээд 16 хүрээд илгээлтээр гарахаар шийдэж, аав, ээж хоёр дээрээ очсон. Ингэж ажлын гараагаа эхэлсэн намайг төр засгаас үнэлээд Ховд руу анхны илгээлтийн эздийн чуулга уулзалтанд явууллаа. Манай аймгаас гурван хүн явсан юм. Тэнд очоод ЗГ-ын хүндэт жуух бичиг авч, улсын баяр үзэх урилга авдаг байгаа. Тэгсэн цэргийн зарлан ирчихлээ. Аав ээж ч явуулахгүй л гэнэ. Тэгсэн аймагт яваад очсон тэнцээд явах болчих нь тэр. Одоо шиг утас шөрмөс гэж байсангүй. Аймгийн холбоон дээрээс яриад “би тэнцлээ шүү” л гэлээ. Аав хоёр мотоцикльтой хүнтэй намайг гаргаж өгөхөөр ирэв. Тэнд байсан дэд хурандаа нөхөрт “улсын баяр наадамд явна” гэдгээ хэлбэл “тэр хамаагүй. Бид эндээс нь зохицуулна” л гэв. Би чинь машин тэргэнд ойртдоггүй. Мотоциклийн ард сууж яваад бөөлжинө, бензин үнэртээд бөөлжинө. Тэгтэл 013-р ангид хуваарилагдчихдаг юм даа. Сар гаруй хугацаанд жолооныхоо сургуульд явалгүй тасалчихсан. Нэг өдөр багш мэдээд хоёр хусч өгөөд л жолооч болсон. Малд л дуртай хүн чинь ингэж хүчээр жолооч болж байлаа. 
-Өнөө улсын наадам үзэх урилгаа яасан бэ?
-Хөөрхий чадаагүй ээ. Цэрэгт намайг юу гэж ганцааранг нь улсын наадам үзүүлэхэв. 
-Танд харамсалтай байсан уу?
-Тэр бол яахав дээ. Ингээд цэргээс халагдаж ирээд аав, ээж дээрээ гурван жил мал малласан. Удсан ч үгүй айл гэр болж, сумын төв дээр цэгийн мал дээр ажиллах болсон.
  Цэгийн мал нь яадаг юм бэ?
-Өвчтэй малыг нэг цэг дээр авчирч төвлөрүүлээд эмчилдэг байсан юм. Би чинь ардчилал гартал жолооч хийсэн. Ёстой л амьдрахын эрхэнд жолооч хийж, малаас хөндийрөөд 1987 оноос дахин мал маллах болсон. 
-Морь уяж сойх болсон нь хэзээнээс юм?
-Цэргээс ирсэн жилээ Тонгойдог харын ах хүрэн соёолон үрээ авчирч уяад, аман хүзүүдүүлж байлаа. Ер нь тэрнээс хойш морь уях болсон гэж болно. Өөрийнхөө хоёр хээр үрээг уяж олонтаа айрагдуулсан нь бий. Дараа нь 2001 онд Ховдын Цэцэгээс мөнгө хатуу байхад 500 мянган төгрөгөөр шар халтар морь худалдаж аваад, 2005 онд нэг айрагдуулсан.
-2006 онд Дарив суманд хээр азарга аман хүзүүдэж, хүрэн соёолон айрагдсан байна?
-Тиймээ, тэр хээр азаргыг хавчиг соёолонд нь Сүхбаатар аймгийн Асгатын Засаг дарга асан Дамдиндоржийн нагац ахаас авсан юм. Бас нэг хүрэн үрээ Цагаанцоожоос авсан нь айрагдсан. Өмнө жил нь сумынхаа ойд бэлдэж очиж наймаа хийсэн нь тэр. Манай сум чинь 1996 оныхоо ойгоор азарга, дааганы нэг нэг л айраг авсан. Тэр их сургамж болсон л доо. Адууныхаа үүлдэр угсааг сайжруулж цусыг нь сэлбэх цаг болсныг харуулсан гэх үү дээ. Дарив сумандаа хамгийн анхны адууг гаднаас Авирмэд бид хоёр авчирч байлаа. 2005 онд хориод адуу авчирсан. Тэрнээс хонгор халзан үрээ, Ганболдын хонгор халзан, Буриад аажаагийн хонгор морь, хээр азарга гээд л. Би ер нь азаргаар адууныхаа цусыг сэлбэе гэж боддог. Гэхдээ сая бас хоёр, гурван гүү авчирлаа. 
-2005 онд авчирсан адуунаас дараа жилийн наадамд хэд нь орсон бэ?
-Авчирсан адуунаас миний хээр азарга аман хүзүүдэж, Ганболд гэж найздаа өгсөн соёолон үрээ  түрүүлсэн билүү аман хүзүүдсэн байхаа. Буриад аажаагийн авсан хонгор морь айрагдсан. 
-2006 онд танай сумынхан хэдэн айраг, түрүү авав?
-Сумын хэмжээнд бол нэлээн хэд айраг авсан. Гэхдээ тоог нь санахгүй байна. 
-Хээр азарга өөр ямар амжилт гаргаж байв?
-Ахиад сумандаа хоёр айрагдаад, бага наадмуудад нэлээн хэд орсон. Тэгээд хөл жоохон асуудалтай болоод уяхгүй байгаа. Харин төлүүдээс нь нэг хар үрээ сумандаа айрагдсан. 
-2011 онд шарга соёолон Ховд аймгийн Цэцэг суманд оржээ. Нэргүйбаатар гуайн бэлэглэсэн  адуу юу?
-Тиймээ, намайг олон удаа баярлуулсан буянтай амьтан. 2008 онд аймагт анх удаа болсон “Алтайн бахархал” наадамд Нэргүйбаатар хэд хэдэн морьтойгоо ирсэн. Тэгээд надад “нутаг орныхоо нэрийг гаргаж яваарай” гээд шарга үрээ бэлэглэсэн юм. Тэр жилээ намар хязаалан үрээ ирж, өвлөөс тэжээж байгаад соёолонд тавьсан  явахаа байгаад, азарганд тавиад гуравласан. Бас  Түшээтийн уурхайн 10 жилийн ойгоор тасархай түрүүлж, хоёр хоноод сумынхаа наадамд явуулсан хөтөлж яваад Элсэн богц дээр хадуураад зургаалсан. Түүнээс арваад хоногийн дараа Ховдын 80 жил, АХ-ын 90 жилээр очоод түрүүлэхэд нь магнай хагартлаа баярлаж билээ. Энэ миний оролцсон хамгийн том наадам. 170,80-аад соёолон мордсон. Бас ноднин  Ховдын Чандманийн 90 жилээр гуравласан. 
-Өөр шарга азарга хаана уралдаж байв?
-Ховдын Дарвийн ойгоор хэсэг зарлуулж яваад гурван км даялж гараад айрагдаж чадаагүй. 
-Өөр хаанаас адуу авч байв?
-Хээр азаргыг авахаас өмнө бас нэг хээр азаргатай байлаа. Манай Дарвийнхан мэднэ дээ. Бас хадуурдаг энэ азарга хэд хэд айрагдсан. Завханы Дөрвөлжингөөс авч байсан юм. Одоо төлүүд нь их сайн байна. Өөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын угшилтай хүрэн халзан морь 2011 онд авсан. Наадах чинь Ховдын Манханы 90 жилд дөрөвлөж ирээд, Ховд аймгийн Зэрэг сумын 90 жилээр гуравласан. Жижиг наадмуудад олонтаа айрагдсан.
-Одоо аймгийн чанартай наадмын хичнээн айраг, түрүүтэй болсон бэ?
-Барагцаагаар 20-иод айрагтай болж байна уу даа. Харин сумын баяр наадмаас 50-иад байна. 
-Та анхны Дэлгэрийн даншгийг зорьж наадагсдын нэг. Энэ талаараа дэлгэрүүлж яриач?
-Эндээс Ховдын Цэцэгээс авсан шар халтартайгаа, Авирмэд гэдэг хүн бортойгоо, Буриад аажаа хээр үрээтэйгээ очсон. Амрах газраа амраад, хонох газраа хоноод л явсан. Тэгсэн морь ядраад сэлдий нь унжаад, уралдах ямар ч үндэсгүй юм шиг санагдаад болдоггүй. Завсар нь мориндоо ажил хийчихмээр байдаг. Гэтэл өнөө  ядарчихсан морийг харахаар хиймээргүй болчихно. Гэсэн ч нэгэнт зориод очсоных жоохон ажил хийж байгаад явуулаад дундуур ирсэн.
-Аймгийн төв хүртэл танайх хэдэн км зайтай вэ?
-310 км, цаашаа Дэлгэр рүү 100 км болно.
-310 км-ыг ямар хугацаанд туулж очиж байв?
-Долоо хоноод очсон. Өмнө нь морьдоо тэгж хол хөтөлж явж байгаагүй болохоор хэцүү санагдсан. Анхных болохоор тооцоо алдсан тал бий. Хамгийн хэцүү нь улгүй болчихдог юм байна лээ. Арга ядаад бид хаймараар тах маягийг юм хийгээд углаад явахав. Одоо ч цаг сайхан болчихлоо. Машинаар л ачаад гарч байна. 
-2010, 2016 онд Говь-Алтай аймагт баруун бүсийн наадам боллоо. Энд оролцож байв уу?
-Явсан ч морьд базаатай уралдаагүй ээ. Би сумынхаа ойгоор ч шальсангүй. Уг нь дөрвөн насны морь уралдуулсан. Түүнээс 10-н хэдэн хоногийн өмнө Уяачдын холбооны уралдаан болсон юм. Тэрэнд дөрвөн морь мордуулж гурав нь айрагдаж, нэг нь долоогоор орсон. Тэр үед отгон хүүгийн хурим таараад аймгийн төв дээр гурав хоноод ирсэн. Эзгүй хойгуур уяаны ажил алдагдчихсан. 
-“Ихэс нуур” багийнхаа хурдан хурц хүлгэдээс сонирхуулаач?
-Манай “Ихэс нуур” баг чинь залуу уяач олонтой. Алтангэрэлийн алаг буюу Даншиг алаг, Насын хүрэн үрээ, Осорнямын хүрэн халзан, Нэргүйбаатарын хүрэн халзан гээд  хурд байна. Манай дүү Александрийн морьд ч сайн давхиж байгаа. Харин нутгийн адууны хувьд манай багт Тонгойдог хар, Хоохойн Даваагийн хээр азарга их хурдан байлаа. 
-Таны хүүхдүүд удам залган уяа эвлүүлж байна уу?
-Би дөрвөн бандитай. Дөрвүүлээ л морь сонирхоно. Гэхдээ одоохондоо ажил амьдрал гээд шамдацгаахгүй байна. Яваандаа амьдралд хөлөө олоод ирэхээрээ уяна байхаа. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ажлын амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна