Аймгийн Алдарт уяач С.Дашлхүмбэ: МИНИЙ ХАЛЗАН МОРЬ ШИГ ДӨРВӨН МОТОЦИКЛЬ АВСАН АДУУ ЭНЭ ХАВЬД БАЙХГҮЙ ЭЭ

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 22 -нд

Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сүхцэрэнгийн Дашлхүмбэтэй ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1974 онд сумын төвд төрсөн бөгөөд 1999 оны сумын сайн малчин, аймгийн начин цолтой.

-Таны аавыг хүлгийн сайнаар гангарсан сайхан монгол эрсийн нэг хэмээсэн. Бидэнд аавынхаа талаар ярьж өгөөч?
-Миний аав адуу сайн таньдаг, морийг маш сайхан унаж эдэлдэг хүн байсан. Сар унаад тавьсан морь нь адуунаасаа барьсан мэт зүдэргээгүй. Дэлгэр цагт ч гэсэн шөнийн 12 цаг болсон бол эмээлийг нь авдаггүй. Есөн сард говь нутаг дулаахан шүү дээ. Тэгэхэд л мичид нэлээн дээр хөөрлөө  морины эмээл авалтгүй боллоо шүү гэнэ. Тэгээд өглөө эрт нар халахаас өмнө услана. Тийм байдалтай сар унаад тавьсан морь адуунаас өглөө барьсан юм шиг янзаараа байдагсан. Миний аав морийг сайхан унаж эдлэхээс гадна, уяж сойно. Бас жороо морь сонирхоно. Баянлиг сумын 20 жилийн ойгоор жороо халиун морь түрүүлгэж байсан гэдэг. Миний мэдэхийн сүүлд жороо хар морьтой байсан.
-Баянлигийн хүн юм уу?
-Тиймээ, 1988 онд Богд суманд шилжиж ирсэн юм. Ноднин Баянлиг сумын 90 жилийн ойд очиж жороо хар морио түрүүлгэсэн. Үндсэндээ Баянлигийн хоёр том ойд жороо морь түрүүлгэж байгаа хүн.
-Морь сайхан унадаг хүн таньц сайтай байх шиг санагддаг?
-Манай аав морь сайн танина шүү. Намайг багахан байхад Мөнхжаргал гээд нэгдлийн адуучнаас нэг хурдан шаазгай морь авч байсан. Тэр тухай нь Мөнхжаргал ах нэгдлийн адуу үзчихээд “за хүүхээ энэ шаазгай морио надад өгчих. Хүүхэд  өсч өндийгөөд морь сонирхоод болдоггүй” гэсэн. Тухайн үед би та энүүгээр яах юм бэ. Нэгд долгиун /догшин/ морь. Та унаж дийлэх үү. Хүүхдүүд чинь морь маланд сайн болсон юм уу” гэсэн “өө хамаагүй, хамаагүй авъя” гээд байсан. Тэгсэн харин нөгөөх чинь 1992, 1993 онд Богд суманд дарааллан дөрвөөр давхидаг байгаа. Танай аав тийм л таньц сайтай хүн шүү дээ. Би түүнийг нь мэдэхгүй хямдхан өгснийг яана гээд инээдэгсэн.
-Тэр үед нэгдлийн адуу тогтсон үнэлгээтэй байсан биз?
-Тийм л дээ. Гэхдээ тэр нэгдэл адууных биш байсан юм шиг байна лээ. Нэгдлийн адуучны хувийн мал байхгүй юу. Манай сумын Цэдэндорж гэдэг хүний унаган адуу. Хоёр жил дарааллан айрагдаад, наймаар нэг давхисан. 
-Баянлигийн ойд түрүүлдэг жороо морьд хаанахын адуунууд вэ?
-20 жилийн ойд түрүүлж байсан хул нь Богдын морь байсан гэнэ лээ. Намайг багад Жаажаагийн халиун гэж хөгшин морь байдаг байсан. Дараа нь аав Батмөнхийн жороо хүрэн гэдэг морийг авсан. Тэгээд сүүлд уут гурил 70 төгрөг, мотоцикль 6000 төгрөгний үнэтэй байхад 7000 төгрөгөөр жороо хар морь авч байлаа.
-Жороо морь гэдэг тухайн үеийн “жийп” юм даа?
-Тийм шүү. Хоёр жилийн дараа Баруунбаян-Улааны долоон хүзүү Отгоо гэж хүн ирээд манайд хоёр хоног гуйж байгаад нөгөө хар морийг аваад явсан. Тэгэхэд ээж маань надад “миний хүү битгий уйлаарай” гээд захиж байсныг санадаг юм.
-Өгөх дургүй л байж?
-Би ч юм хэлээгүй л дээ. Аав л тэр үед хүн ингэж хоргоогоод байгаа юмыг өгчихье гэж байсан. 
-Ямар үнэтэй зарахав?
-70 төгрөгний үнэтэй байсан гурил 140 төгрөг болчихсон байсан үе л дээ. Отгоо гэж хүн 14000 төгрөгөөр авсан гэдэг. Тухайн үедээ өндөр үнэтэй адуу шүү дээ.
-Тэгэлгүй яахав. Баруунбаян-Улаанд очоод яаж давхисан бэ?
-Түрүүлсэн. Миний аав ер нь адууны дэргэдээс холдоогүй хүн. Би ч ялгаагүй чөдрийнх нь морийг ойртуулж өгөөд аавынхаа хажуугаас холдоогүй. Тиймдээ ч өнөөдөр ингээд түмэн олноо баярлуулан сайхан наадаж яваа байх. Дан ганц өөрөө гэлтгүй найзынхаа хоёр сайхан морийг уяж энэ жил аймгийн Алдарт уяач болголоо. 
-Багшдаа багшлахуйц уяач болжээ. Хэдий үеэс бие даан морь уяж байгаа юм бэ?
-1995 онд цэргээс халагдаж ирээд л хул шаазгай морио уясан. Гэхдээ амьдрал ахуй, зуд турхан гээд нэг хэсэг завсарласаан. Тэгж байгаад 2005 оноос эрчимтэй морь уясан. Зудны дараа адуу цөөрчихсөн болохоор хойшоо яваад Баацагааны Батболд гээд аймгийн Алдарт уяач найзаасаа хул соёолон авсан. Хул азарга маань одоо сум, аймаг нийлсэн 17 медальтай.
-Найз хурдан буян хайрлажээ?
-Тэгсээн. Богдод түрүүлэх азарга л авна гэж зорьж очсон юм. Учир нь тэр жил манай сумын 80 жилийн ой болж байсан юм. Тэгээд хавар нь очиж харж байгаад хул азаргаа хагас сая төгрөгөөр авсан. 
-Сумын ойд хэдээр давхисан бэ?
-Соёолон үрээ 80 жилд 14-өөр ирээд, хавчиг азарга зургаалж, 2007 онд аман хүзүүдсэн. Тэрнээс хойш 2012 он хүртэл түрүү, айргаас салаагүй ээ. 2010 онд Баянхонгорын аймгийн наадамд очиж таваар давхиад, сумынхаа наадамд түрүүлж байлаа. Тэр жил үнэндээ хурдан байсан л даа. Баян-Өндөр сумын Амарбуянт хийдийг ахин сэргээсний 350 жилийн ойд зориулсан даншиг наадамд түрүүлээд, Баянцагааны сургуулийн ойд аман хүзүүдэж, Баацагааны сургуулийн ойд гурваар давхисан. Амарбуянт хийдийн наадамд миний халзан морь бас түрүүлсэн.
-Хаанахын адуу билээ?
-Монгол улсын Алдарт уяач Цэдэв гуайн унаган адуу. Халзан морь бас их түүхтэй ирсэн. Тухайн үед би Цэдэв ахтай наймаа хийхээр ярьчихсан, мөнгийг нь хараахан өгөөгүй байсан юм. Тэгсэн морь ачсан хүн нь Баацагаанаар дамжаад манай найзынхаар дайраад явахдаа “энэ халзан морь Баянхонгор аймгийн Богд сумын Дашлхүмбэ гэдэг хүний адуу” гэж ярьж байсан гэдэг. Өөрөө Баянцагааны хүн л дээ. Тэгээд Баянцагаанд очингуутаа миний  морийг Ганболд гэдэг хүнд зарчихсан байсан. Нөгөөх нь хашаандаа уячихаад улсуудад үзүүлэхэд ”энэ хөгшин морь байна, давхих болов уу” гээд байсан юм билээ. Төвийн хүн байсан юмуу, муухан уяад халзан морь нь алдуураад явчихаж. Тэгээд Баянцагаанаас нааш уруудаад Богд явдаг зам руу гүйхээр нь болиод хул үрээ авсан юм билээ. 2010 онд Баянцагааны сургуулийн ойд очиход Норов гэж хүн энэ тухай надад яриад “үнэхээр эзэн рүүгээ, чам руу л явж байсан адуу юм” гэсэн. Тэгэхээр нь би Цэдэв ах руу яриад “миний морь хаачив” гэсэн “Баянцагаан орчихсон байна. Одоохон авчраад өгнө” гэсэн. Тэгээд нээрэн удалгүй ачаад ирсэн дээ. Тэгэхдээ бас болоогүй ээ “ахын халзан морийг тэнд хүн авах гээд болдоггүй. Бараг бүтээж байж авчирлаа” гэсэн. /инээв/ Ийм л түүхтэй адуу даа, миний халзан морь.
-Эзнээ эрэн байж ирсэн хүлэг ямархан амжилт үзүүлсэн бол оо?
-10 медалийнх нь долоо нь алт. Говийн сумдын ихэнхид нь түрүүлсэн. Баянлиг суманд МУ-ын Алдарт уяач Олонбаярын мялаалга наадам болоход түрүүлсэн. Баянговьд говийн бүсээр наймласан. Баян-Өндөрт хийдийн мялаалгад түрүүлсэн. Баянцагаан, Баацагааны сургуулийн ойд түрүүлсэн. Шинэжинстэд л уралдаж үзээгүй байгаа юм. Нэг жил гурав түрүүлж, гурван мотоциклиор шагнуулж байлаа. Манай суманд анх удаа говийн бүсийн уралдаан хийхэд бас түрүүлж мотоцикль авсан. Манай Богдын морьд сайн. Гэхдээ миний халзан морь шиг дөрвөн мотоцикль авсан адуу байхгүй ээ. 
-Одоо хэдтэй билээ?
-Энэ жил 16 хүрч байна. Гэхдээ би сүүлийн гурван жил уралдуулаагүй ээ. Яс нь хүнддээд ирэх шиг болохоор нь дахиж уралдуулаагүй юм. Хийдгээ хийж, хурдан гэдгээ нотолчихсон амьтныг дахиж зовоогоод яахав гэж бодсон. 
 -Хул азарга уралдаж байгаа юу?
-Хоёуланг нь тавьсаан. Айргаар мялаагаад “одоо та хоёрыгоо дахиж зовоохгүй ээ” гэж хэлсэн. 
-Адуу хүний хэлийг ойлгодог гэдэгт би ер эргэлздэггүй.
-Би ч ялгаагүй.
-Хул азарганы төлүүд ямар байх уу?
-Хул азарганы төлүүд сум, аймгийн наадмаас 30-аад медаль авсан байдаг. 2007 онд миний хул азарга энд аман  хүзүүдэхэд хоёр даага нь нэг нь аман хүзүүдэж, нөгөө нь дөрвөлсөн. Даагандаа дөрөвлөдөг хонгор нь, шүдлэндээ дөрөвлөөд, хязаалан үрээ сумын баяр наадамд түрүүлсэн. Наад жижиг наадмуудыг бол яриагүй шүү. Тэгээд Жинстийн наадамд очоод аман хүзүүдсэн. Соёолон үрээ энэ сумандаа аман хүзүүдээд, Баянговийн Бодиогийн 20 жилийн ойд гурваар давхисан. Тэгээд долоо, билүү найман медальтай онжав Баянлиг сумын харьяат Мөнхбат гэдэг найздаа өгсөн дөө. Хойтон жил нь Баянлиг сумын наадамд дөрвөөр давхиад, өнгөрсөн жил Баянлиг сумын 90 жилийн ой говийн бүсийн уралдаанд тавласан. Баянлигтээ эхний хэдэд яригддаг юм билээ. Би соёолон хүртэл  нь уясан шаазгай морь бас Баянлиг рүү гарсан. Энэ жил хавчиг байх. Надад байхдаа Жинст, Богдын наадамд  тус тус таваар давхиад, Баацагааны хийморийн овооны наадамд очиж айрагдаад зарагдсан адуу байгаа юм. Баянлигт очсон хойноо лав гурван удаа айрагдсан гэсэн.
-Аймаг сумын чанартай наадмаас айраг алддаггүй бололтой. Улс, бүсийн чанартай наадамд ямар амжилт үзүүлж байсан бэ?
-2014 оны Ламын Гэгээний ойд халзан морь 11, хээр шүдлэн 30 гаргаж давхисан. Түүнээс өмнө 2009 оны 370 жилийн ойд халзан морь маань 42 дээр давхиж байлаа. 
-Түрүүн найзуудынхаа морийг уядаг гэж байсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Би ганцхан хүний морь л уядаг. Тэр бол миний найз Гансүх. Найз маань энэ жил аймгийн Алдарт  уяач цолны болзол хангасан. Бүл, зав муутай болохоор олон хүний морь уяж амждаггүй юмаа. Зарим нэг нь гомддог л байх. Зарим нь ч ойлгодог юм. 
-Адуугаа сайжруулах аян хаа сайгүй өрнөж байна. Алдарт бас энэ тал дээр санаа тавьдаг л байх?
-Тавинаа, тавихгүй бол болохгүй шүү дээ. Би өөрөө зүүн талаар нэлээд явсан. Дорнодын  Халхгол хүртэл орсон. Ер нь голдуу гүү авдаг хүн байгаа юм. Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Дундговь тэр бүү хэл Увсын Тэсээс хүртэл гүү авсан. Сүхбаатараас МУ-ын Алдарт уяач Усны-Эх гэж хүний хүү  Соронзонболд гэж залуугаас бор даага авч азарга тавьсан. Их-Уулын Баяраа гэдэг хүнээс гүү, азарга авсан. Сая яриад байгаа Оодон хээр бол тэдний адуу. Дорнодоос авсан найман адуун дунд МУ-ын Алдарт уяач “мод”  хэмээх Хүрлээ гуайн адууны гүү бий. Би тэднийд очсон. Монгол нутагтаа малаа маллаж эзэн суух үр хүүхдэдээ эцэг хүний хувьд сайн адуу үлдээчих юмсан гэж зорьж явдаг. Өөрийнхөө хэмжээнд нэлээд төгрөг зарсан. Одоо эргээд морь уях гэж байгаа залуус надад ханддаг болсон байна. Танай адуунаас авъя гээд. Баянговь, Баянлиг, Шинэжинст, Баянцагаан гээд говийн сумд руу бараг бүгд рүү нь миний хул азарга, хар азарганы төлүүд  гарсан. Манай “Хонгорын хурд” сэтгүүл дээр миний зарсан адуунуудыг зураг зөндөө л гардаг юм.
-Говийн уяачид морь, тэмээг хослуулан уях аж. Таны хувьд?
-Тэмээ уянаа. Ноднин манай нэг  тором гурав түрүүлсэн. Тэмээчдийн баяр, Богд, Жинст сумын оны Аваргын уралдаанд тус тус түрүүлсэн. Өнөө жил манай сум 500 тэмээ уралдуулна гээд баахан пижигнэсэн. Тэрний бага насны ангилалд миний нэг тайлаг түрүүлсэн. 
-Тэгээд 500 тэмээ уралдсан уу?
-Уралдсан. Гэхдээ нэг насны 500 тэмээ биш. Гурван нас нийлсэн тэмээ уралдсан. 
-Морь, тэмээ хоёрын уяаны арга барилын ялгааг хэлж өгөөч. Зарим нь нэг их ялгаагүй л гэх юм?
-Адуу  ч бай, тэмээ ч бай гол нь эдэлгээ. Манай Баянлиг, Баянговь руу тэмээгээ тэжээж уралддаг  болоод байна. Би бол тэгдэггүй. Тэмээгээ байгалийнх нь идшээр уядаг. Мэдээж адууг бодвол тэмээ илүү боргил. Гарын ая даана. Ялангуяа хоол ундны тал дээр.    
-Нээрэн л тийм байх шүү. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе гэж бодож байна?
-За тэгье. Нэг үе миний морь түрүүлэх дургүй байлаа. Айрагдаад л байдаг, түрүүлдэггүй. Тэгээд сүүлдээ  “миний морь түрүүлэхгүй юм байна” гээд бодчихсон байсан юм. Тэр жил анх удаа говийн сумдын дунд бүсийн уралдааныг зохион байгуулахаар болсон тухай зар түгж, би халзан морио 6 сарын 3-нд бариад ганц  хоног тавилгүй 8 сарын 5-нд уралдууллаа. Хоёр сарын хугацаанд дэргэдээс нь холдоогүй. Өглөө адуу хурааж ирээд л бариад уячихдаг байсан. Тэгсэн говийн бүсийн уралдаанд манай сумын харьяат халтар халзан морины эзэн Дэлгэрдалай Багануурт түрүүлсэн гээд нэг хээр морь аваад ирдэг юмаа. Хүн болгон л тэр хээр морийг түрүүлнэ гээд. Би ч гэсэн тэгэх л байх гэж бодож байлаа. Хамгийн гол нь тэр уралдаанд бүртгүүлсэн 60 гаруй мориноос медальгүй адуу нэг ч байгаагүй. Би тэгэхэд багийн дарга хийдэг байсан юм. Хамгийн муудаа л суманд түрүүлж, айрагдсан байх жишээтэй. Ёстой шилмэл морьд цугларсан байсан л даа. Тэгтэл миний халзан морь гараад л хээртэй хоёулаа тасарчихсан. Барианд орохоос км дутуу байхад нь би хүүхдээ шах гээд орилсон юм. Тэгсэн ганцхан гуядаад ухасгээд түрүүлчихсэн. Тэр л миний хамгийн бахдалтай наадам даа.
-Сонсоход л мэдрэгдэж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлаа. Уясан хүлэг нь хурдан, унасан хүүхэд нь  золбоолог байж түрүү, айрагт багтан түмэн олноо баясгах болтугай.
-Баярлалаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье. Их сайхан ажил хийдэг хүмүүс  юмаа.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна