АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Б.ГАНТӨМӨР: САЙН МОРИЙГ ЗАРАХ БОЛ ӨДӨР СУДАР ХАРЖ, ЗӨВ ТИЙШ НЬ ӨГМӨӨР ЮМ БАЙНА ЛЭЭ
Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Гантөмөрийн ярилцлагыг хүргэж байна.
-Таны өвөг дээдэст морь мал уядаг хүн олон байв уу?
-Миний аав Гончигдоржийн Бямба буюу нутаг орондоо Ондогийн Бямба гэж алдаршсан уяач хүн байлаа. Насаараа л адуу хариулсан аав маань сайхан жороотой, бас хурдтай нэгэн. Сум нэгдлийн гурван удаагийн Аварга малчин байгаа юм. Амжилтаас нь дурдахад л Өртөөний хондон, Асман хээр, Сэмнээгийн бор, Яндагийн бор морьд нь аавын нэрийг олонтаа гаргасан байдаг. Жараад оны сүүл 70-аад оны эхээр их насны морины айргийн тавд гурван морь нь багтаж явсан удаатай. Нэг нь түрүүлж, нэг гурвалж, нэг нь дөрөвлөсөн. Эндээс Асман хээр айраг түрүү алддаггүй хурдан хүлэг байсан. Ер нь уяж морьдоос нь хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Асман хээр. Дараа нь гурав түрүүлсэн Өртөөний хондон, миний мэдэхээр нэг түрүүлсэн Сэмнээгийн бор орох болов уу. Аавын үед энд тэндээс адуу авдаггүй, нутгийн адуугаар уралддаг байсан. Тэгээд ч одоо шиг олон наадах биш, жилдээ нэг л уралдана. Үүнээс гадна жороо мориороо говийн хэдэн сумандаа нэрд гарсан хүн.
-Бямба гуай хэдэн хүүхэдтэй вэ?
-11 хүүхэдтэй. Би дээрээсээ гурав дахь хүү нь.
-Мэдээж таны бага нас малын захад өссөн болов уу?
-Тэгэлгүй яахав малчин айлын хүүхдийн адилаар мэдээ орохын л малын захад хурдан морь унаж өслөө. Гэхдээ бие томтой хүүхэд байсан болохоор нэг их олон жил хурдны морь унаагүй.
-Хэний морийг унаж байв?
-Аавынхаа уясан морийг унаж хурдлуулдаг байлаа. Яахав гайгүй унаач явсан шүү.
Харин хэдий үеэс бие дааж морь уях болсон бэ?
-1983 онд илгээлтийн эзэн болж, дараа жил нь цэрэгт явж, гурван жилийн дараа буюу 1987 онд халагдаж ирсэн. Тэр жилээ эхнэр авч тусдаа гараад, морь уяж эхэлсэн.
-Ямар удам угшилтай адуугаар уяаны ажлаа эхэлж байв?
-Намайг гэр тасрахад аав Вандансангийн хээр морийг 3000 төгрөгөөр авч өгсөн юм. Бас нэгдлийн адуунаас саарал морийг сонгож уяад 1989 онд наймаар давхиулсан нь анхны амжилт. Тэгэхэд хээр морь 12-оор орсон. Хойтон жил нь Баатар, Сэрээ нарын ах нартай аймагт дөхөж буудаг юм. Аймгийн наадмаас өмнөх сунгаанд саарал морь нэг, хоёроор л давхиж байлаа. Тэгээд долдугаар сарын 8-нд сунгаанд түрүүлгэчихээд адуутайгаа наашаа гарсан юм. Тэгж явахдаа усанд алдаад олж авч чаддаггүй. Тэгсэн наадмын өглөө манай аавын адуунд нь гүйгээд оччихсон байсан. Тэгээд хаашаа явах уу гэж бодвол Богд 100-гаад км, цаашаа Нарийнтээл жоохон ойрхон болохоор тийшээ өглөө нь хөтөлж очоод гурваар давхиулсан. Харин манай жороо хээр морь түрүүлсэн. Дараа нь 1990 оны намар сургуулийн 50 жилээр саарал морио, өөр нэг хүрэн морьтойгоо уясан юм. Тэр үед бас сагсуу байжээ. Бүрхэг хэрнээ их халуун өдөр байсан юм. Хэдэн хашир уяачдыг “хэний ямар морь түрүүлэх бол” гэхээр нь “та нар юм харахгүй ээ. Миний саарал морь түрүүлнэ. Улаан цамцтай хүүхэд энэ хошуугаар өнгөрнө” гээд аваад хаячихсан.
-Шууд хэлчихэж байгаа юм уу?
-Харин тиймээ. Одоо бодоход ичмээр ч юм шиг. Тэгсэн миний саарал морь дээгүүр хэдрээд, улаан цамцтай хүүхэд цухуйж байнаа. Харин доогуур эгц замаар нэг цагаан цамцтай хүүхэдтэй морь түрүүлээд ороод ирсэн нь Даваадорж гуайн ягаан морь байлаа. Ингээд ягаан морь түрүүлж, миний саарал морь аман хүзүүлсэн. Зурхай дээр бараг л зэрэгцээд орсон болохоор түрүүлж ам гарсан энэ тэр хэл аманд өртөөгүй ээ. Тэгээд л өнгөрсөн. Гэхдээ түрүүлж ам гарч болдоггүйг сайн ойлгосон л доо.
-Саарал морь дараа нь яаж давхисан бэ?
-Хойтон жил нь суманд гурваар давхисан.
-Хаанахын морь гэлээ?
-Нутаг адуу. Би тэр үед өртөөний адуу гэж сумын дарга нарын унааны адууг хариулдаг байсан юм. Дээд талын адуучдын ялгаж өгсөн унааны моринд ааш муутайхан саарал морь ирсэн. Малд тууварт яваад жил болоод эзэн нь солиод авчихдаг. Тэгэхээр нь унаад үзлээ. Болмоор ч юм шиг санагдахаар нь уясан. Тэгсэн үндсэн эзэн нь “энэ жил саарал морь хурдан байна гэж дууллаа. Яахав мал тууврын юм жоохон эдэлгээгээрээ давхисан байлгүй дээ. Тэрнээс наадах чинь яагаад ч давхихгүй ээ” гэж хэлсэн. Тэгсэн аймгийн Алдарт уяач Батсуурь ах, манай аав, аймгийн Аварга уяач Дашдулам гуай, аавын найз Ширмэн нар “чи хүүхэд голоод яах вэ, чиний морь давхихгүй” гэж байлаа. Тэгэхээр нь “та нар морь уядаг мундаг уяач нар гэнэ лээ. Өнөөдөр үсэргээд харчихгүй юу” гэж хэлээд, тэр үсэргээнээр аман хүзүүдүүлсэн.
-Хэн унах уу?
-Манай хүний эгчийнх хүү Дэлгэрнасан унасан. Хотын хүүхэд л дээ.
-Саарал морь хэд түрүүлж, хэд айрагдсан бэ?
-Нэг аман хүзүүлээд, Нарийнтээлд гуравлаад, суманд нэг гуравласан. Би 1992,93 онд хувьчлалаар хэдэн адуутай үлдчих санаатай байсан юм. Тэгсэн Шийрэв гэж манайхны нэг ах саарал морийг чинь авъя гээд ирлээ. "Хэдэд авах юм" гэсэн чинь “би хувьцааны найман адуу авна. Найманд адуунд өгчих” гэхээр нь өгчихсөн. Түүнд очсон жилээ нэг айрагдсан. Харин би түүнээс хойш амжилт гаргаагүй. Залуу уяачдад хэлэхэд сайн морийг өдөр судар харж, зөв тийш нь өгмөөр юм байна лээ. Нэг үздэг хүнээс асуусан чинь ”хайртай морио буруу тийш нь өгчихсөн байна” гэж хэлэхэд нь тог гээд л явчихсан. Үнэнээ хэлсэн засал хийх болж “үс ноос нь байна уу” гэлээ. Тэр үед хишиг гээд сүүлнээс нь авч үлдсэн байсан л даа. Гэхдээ манайхны энд Монгол-Явуугийн загал гэж хурдан морь байгаад 2000 оны зуднаар үхчихсэн. Тэгээд хайхрахгүй толгойг нь ч нааш цааш нь тавиагүй, хаячихсан. Тэр морийг ч бас тахиулбал яах бол гэсэн нөгөө хүн суугаад л байна. Удаан сууснаа болно гэхээр нь хамтдаа мотоцикльтой давхиад толгойг нь авч тахисан. Түүний дараа манай сумын анхны аймгийн Алдарт Хүрэлсүх гэж хуурай дүү маань морь бэлэглэдэг юм. Суманд хоёр, гурав түрүүлчихсэн шарга морь надад ирээд нэг айрагдаж, хэд хэд зургаалсан. Бас нэлээн агсам морь байсан л даа. Дараа нь нийслэлийн Алдарт уяач Дэлгэрдалай гэж манай эхнэрийн төрсөн ахын хүүхэд намайг сумын сайн малчин болоход хонгор үрээ бэлэглэсэн. Түүнийг нь соёолонд нь уяж суманд аман хүзүүлгээд, хойтон хавчиг жил нь өнжөөгөөд, долоотой хаврын бооцоот уралдаанд айргийн гурваар оруулсан. Залгаад уулын тахилгат гуравлуулж, сумынхаа баяр наадамд түрүүлгээд, давхар уяагаар Баянцагааны 80 жилд аваачиж түрүүлгэсэн. Тэгээд Хонгорын шигшмэл хурдад бас түрүүлгэж уяаны өм дахин нээгдсэн юм даа. Даанч хонгор морь уяа нь сулраад сумдаар яваад Баянцагаанаас ирэхдээ нэлээн ядарсан. Ирээд гурав, дөрөв хоногийн зайтай шигшмэлд очиж түрүүлж ирээд гэдэс нь эвгүйтээд эндчихсэн.
-Харамсалтай юм болжээ. Дараа нь ямар адуугаар наадаж, ямар амжилт гаргав?
-Хонгор зүсмийн адуу зохих юм байна гэж бодсон л доо. Тэгсэн нэг өдөр аймгийн Алдарт Хүрэлсүх гэж залуу хонгор морьтой ирлээ. Хоёулаа үхэр туунгаа хонгор морийг нь сонирхоод, нэг л давхичихмаар санагдаад байдаг. Хэльюү гэтэл нөгөөдөхний чинь морин доогуур туулай гарч давхиад, болоогүй миний морин доогуур гараад өвөрт орчихдог байхгүй юу. Шууд л энэ миний морь байна гэж бодсон. Энэ хонгор морийг уявал яах бол гэсэн “таван км яваад л сууна. Аймгийн Алдарт уяач Цэрэндашийн морь“ гэнэ л дээ. Зарах болов уу гэсэн “би асуугаадахъя” гэдэг юм. Ингээд асуусан “сая таван зуу мянга” гэхээр нь шууд авъя авъя л гэсэн. Надад намар ирж байгаа юм. Өвлөөс нь тэжээгээд манай говийн бүс болж уралдуулсан өлдөөд өнгөлж яваад суучихсан. Тэгж байтал хонгор морь ч гэдсээ тавиад ер нь л тоглочихмоор санагдаад болдоггүй. Эндхийн залуучууд хавар уяан дээр ирэхэд нь хонгор морь одоо л айрагдах нь гэхгүй юу. Тэгсэн “яаж мэдэж байгаа юм” гээд инээлдээд л байна. Энэ ярианаас нэг их удалгүй Баянлигт Олонбаяр Алдартын нэрэмжит уралдаан гуравдугаар сарын 18-нд болно гэхээр нь би өөрөө ч явсангүй. Хүүхдэд өгөөд явуулчихлаа. Очоод айргийн таваар хурдалсан. Зун нь уяачдын уламжлалт наадмаар түрүүлсэн бол Гарангивийнхний ургийн суварганы наадамд хол түрүүлснээс хойш 10 түрүүлсэн. Сүүлийн гурван жилийн их насны түрүүг би хонгор мориор аваад байгаа хүн дээ. Бас Уламбаяр гэж залуу зээрд морь над дээр авчирч өгсөнийг аман хүзүүлгэсэн. Би ингэж хоёр морь дараагаар оруулсан бол аав гурвыг нь оруулсан. Аавынхаа амжилтанд хүрч гурвыг оруулчихдаг юм уу гэсэн ч арай болохгүй байна. Дөрвөн их наснаас хоёр нь 13,14-өөр орсон. Дараа нь Баянцагаанд болсон говийн бүсэд их насанд зээрд морио түрүүлгэсэн. Энэ жил Бибиш гэж залуугийн халзан морь над дээр байгаа. Сая Баянговьд болсон говийн бүсэд түрүүлгэлээ.
-Хаанаас адуу авч байв?
-Сүхбаатарын Асгат, Дорноговийн Дэлгэрэх, Дорнодын Мөлүү хүрэнгийн угшлын азарга тус тус авсан. Бас Буддённый үүлдрийн азаргатай. “Хонгорын шигшмэл хурд”-д түрүүлээд шагнуулсан юм. Энэ жил Хэнтийн Өмнөдэлгэрээс, Сүхбаатарын Халзангаас тус тус гүү авлаа. Сүхбаатар сумаас бас нэг байдас авчирсан. МУ-ын Алдарт уяач Сэргэлэнбаатарын адуунаас саарал үрээ авчирсан нь ноднин нэг түрүүлж, хоёр айрагдчихаад байна. Бас нэг гүү авчирлаа. Адуу ер нь сайжирсан шүү. Хавчигаас доош дандаа унаган адуугаараа наадаж байгаа.
-Унаган адуугаа уралдуулж айраг, түрүүнд багтана гэдэг уяачийн том бахархал гэдэг тиймээ?
-Мэдээж бахархалтай байлгүй яахав. Сэтгэл дүүрэн наадаж байгаа юм.
-Таны уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь гэвэл?
-Түрүүний хонгор морийг хэлнэ. Гэхдээ би даага, шүдлэнгийн медалийг тоолдоггүй. Ямар ч байсан айраг, түрүү нийлсэн 60,70 айраг, түрүүтэй.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болсон бэ?
-2012 онд сумын Алдарт уяач болоод 2013 онд аймгийн цол авсан.
-Аймагтаа болдог бүсийн наадмуудад оролцож байна уу?
-Оролцсон. Энэ жилийн шигшмэлд саарал үрээ, халзан морьтойгоо очсон. Суугаад 10-н хэдээр орсон.
-Тэгвэл ЗГ-ын тогтоолт бүсийн наадамд оролцож байв уу?
-Одоогоор амжаагүй л байна.
-Саяны говийн бүсдээ танайхан их сайхан наадсан байна лээ. 2000 оны зуднаас хойш адуунд зүрх сэтгэлтэй хүмүүс маш богино хугацаанд сайжруулсан бололтой?
-2000 оны зуднаар ихэнх нь унааны ганц хоёр морьтойгоо л үлдсэн. Би 100 шахуу адуунаас найман морьтой үлдсэн. Тэгээд бүхнийг дахиад шинээр эхэлж байгаа юм. Адуу зөөж эхэлсэн. Ер нь малыг энд тэндээс авч сайжруулах нь зөв юм байна лээ. Нутаг орон дотроо ч гэсэн. Адуу аваад нааш цааш сэлбэхээр адуу ч сайжирдаг. Манай залуучууд сайн ажиллаж байна. Нэг үе Баацагаан тэргүүлдэг байсан бол энэ жилээс манайхан ер нь дажгүй шүү.
-Танай хүүхдүүдээс уяа сойлго тааруулж байна уу?
-Би хоёр хүү, нэг охинтой. Охин оюутан. Том хүү Техникийн их сургууль төгссөн. Харин дунд хүү мал маллаж байна. Хөгшин бид хоёрын дэргэд байж туслах хүн хэрэгтэй гээд Техникийн их сургууль авчихаар нь хаяулаад мал дээр гаргачихсан. Би чинь ам нэмнэ үү гэхээс морь хөлслөөд явахгүй болчихоод байгаа юм. Дунд хүү Төмөрчөдөр л уяаны ажлаа хийж байна. Манайхны гурав дахь үеийн уяач болж байгаа юм. Залуу хүн газар үзэж нүдтэй танилцаг гэж бодоод Баянговь, аймаг руу явуулсан. Ер нь дажгүй шүү. Тэгэхэд арын албаа би хариуцаж үлдсэн юм.
-Хүү тань танд хэр тоогдож байна?
-Адууныхаа ажлыг зөв хийчихнээ. Гэхдээ хааяа сэтгэлд хүрэхгүй байх үе гарах л юм. Яахав онож алдаж үзэг. Буруу хийсэн үед нь хэлж залруулаад л явна.
-Та эцэг эхээс хэдүүлээ гэлээ?
-11-үүлээ.
-Танайхнаас танаас өөр морь уяж байгаа хүн бий юу?
-Нэг дүү маань сумын Алдарт уяач. Хүргэчүүлээс Дашдуламын хүү Ганболд, Рэгзээдоржийн Баяр нарын уяачид байна. Зарим нь ч төв бараадацгаасан.
-Танайд орж ирэнгүүт хоёр эмээл нүдэнд содон туслаа. Хаанахын хийцийн эмээл үү?
-Нэгийг нь манай аав намайг гэр бүл болоход өгсөн юм. Нөгөө нь би өөрөө авсан. Зүүн талын хийц л дээ. Манайхны эмээл намхан Самбуу гэж бүүрэгтэй байдаг юм.
-Морь уяад эхлэхээр эдлэл хэрэгсэл тэргүүтэнд өөрийн эрхгүй анхаарал хандуулдаг шиг байгаа юм?
-Тиймээ шаардагдаад ирэх юм байна лээ. Эмээл хазаар, хөөрөг, хувцас хунар гээд л. Тэгээд ч морь уяад айрагдаж түрүүлээд ирэхээр олон хүн таньдаг болдог юм байна. Тэрнээс энүүхэн довоо тойроод явбал хамаа алга л даа. Би хүмүүст хэлдэг. Хүүхдүүддээ морь авч өг, морь уяж уралдуул, олонд танигдаг. Танай хүүхэд морь уяхгүй бол сумын төв, гэр хоёрынхоо хооронд яваад таарна. Морь уявал ядахдаа Жинст, Баянлиг орно. Хүнтэй танилцана, морь уяулж нааш цааш нь явуулж бай гэдэг юм.
-Эндхийнхэн тэмээ, морийг хамт уях юм байна. Та тэмээ уядаг уу?
-Би тэмээ сонирхдоггүй. Тэмээ чинь бас нэлээн явдалтай. Гэхдээ олныхоо жишгийг дагаад хүүхдэд хэрэгтэй юм болов уу гэж бодоод Шинэ-Жинстээс нэг эрлийз ботготой ингэ авсан. Нэгдүгээр үеийн цустай.
-Яаж хавтгайтай эрлийзжүүлдэг юм бэ?
-Хавтгайг чинь гэрийн тэжээмэл амьтан шиг засна гэж байхгүй. Эр болгон нь л буур байна. Тэгэхээр олон буураас бүдүүн нь нөгөөдүүлээ аваад явчихдаг. Тайлган буурууд нь зөндөө явдаг болохоор улсууд санаатайгаар цаад говь руугаа аваачаад тавьчихдаг юм байна лээ.
-Онцгой хурдан байна гэсэн тиймээ?
-Тиймээ онцгой хурдан. Энэ жил манай суманд таван эрлийз явж байна лээ. Тасраад л явна лээ. Говь руу эрлийз тэмээ аймаар.
-Эдэлгээ уналгаа нь ямар байх уу?
-Миний авсан ингэн тэмээ энд байхад захлаад л байна. Тэмээтэй нийлэхгүй шүү. Орой яалт ч үгүй хотонд хонож байгаа юм. Харин бэлчээрт жоохон хөндийдүү алсыг хараад л явна. Тэгсэн хэрнээ бас салаад явчихгүй. Эдэлгээ уналгын хувьд эвтэйхэн оролдохгүй бол ярдаг, хэцүү, сурдаггүй юм гэсэн.
-Ярилцлага маань өндөрлөх тийшээ хандаж байна. Таны хамгийн баяр бахдал төрүүлсэн наадмын дурсамжаар яриагаа өндөрлөе.
-Баянцагааны 80 жилээр хонгор морио аваачиж түрүүлгэчихээд, Хонгорын шигшмэл хурдад дахин түрүүлгэх бахдалтай сайхан байсан шүү. Тэр үед орчлонгоос тасарчихсан шиг байгаа юм. Бас аав минь амьд сэрүүн байсан бол гэсэн харуусал төрдөг юм билээ. Түрүүн ярьсан даа. Хэдэн жил морь давхиагүй гэж. Тэрний дараа соёолон үрээгээ аман хүзүүлгэчихээд хадам аавдаа хамгийн түрүүнд очиж үнсүүлж билээ. Удаан хугацаанд айраг, түрүү тасарсны дараа айраг авчихаад нулимс сул асгараад л ирсэн.
-Урилгыг маань хүлээн авч, бидний ажилд тусалж дэмжсэнд баярлалаа. Таныг болон таны үр хүүхдүүдийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна