Аймгийн Алдарт уяач Ц.Дашням: МОРЬ УЯНА ГЭДЭГ ХАТУУ СЭТГЭЛТЭЙ ХҮНИЙ АЖИЛ

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 09 -нд

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэцэгийн Дашнямын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Олноо даргар хэмээн алдаршсан нэрт уяач Дашзэвэг гуайн талаар мэдэхээ манай уншигчдад хуучлаач?
-Мижидийн Дашзэвэг буюу олноо даргар Дашзэвэг хэмээн алдаршсан энэ хүн бол миний хадам аав юм. Говь-Алтай аймгийн Тайшир сумын хуучнаар Наран багийн нутаг Биндэръяагийн Хөхнуур буюу Хантайшир уулын үргэлжлэл Жонгийн нурууны ар өвөр бэлээр нутаглаж байсан хүн. Энэ нутгаас дээхнэ үедээ Ажийн Очирхүү, улсын Алдарт уяач Бэгзийн Жамсранжав нарын сайн уяачид төрөн гарсан байдаг бол эдүгээ тэднийг залгамжлан аймгийн Алдарт уяач Мянганы Жадамба, Доржийн Сүрэнжав, Сундуйн Дагва, Цэцэгийн Дашням, Түдэвийн Дорж, Буянтогтохын Баянтөр, Лонжидын Мөнхжаргал, Батчулууны Алтанхуяг нарын сайн уяачид тодроод байна. 
-Мижидийн Дашзэвэг гэж хүн ямар хурдан хүлгүүдээр наадаж байсан юм бол?
-1960-аад оноос морь уясан гэдэг. Энэ хүний бор морь аймгийн наадамд хоёр түрүүлж, хоёр, гурван удаа аман хүзүүдээд аймгийн Заан Бантаг гэдэг хүнд очиж бас нэг түрүүлж, нэг айрагдсан байдаг. Ер нь олон сайхан хүлгүүдээрээ амжилттай наадаж явсан эр ээ. Одоотой адил алдар цол олгодог байсан бол эрэмбэтэй л уяач байх байсан биз. Алдар цол олгодоггүй байхад буюу их эрт 1969 онд  бурхан болчихсон юм. Бид 2006 онд нэрэмжит наадмыг нь хийсэн. Тэгэхэд улсын Алдарт уяач Жамсранжав ирээд “би энэ хүний шавь. Энэ хүний наадмыг хийсний дараа л би өөрийн нэрэмжит наадмаа хийх учиртай юм. Яагаад гэхээр энэ хүний ач буянаар улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртэж, алтан тууртын эзэн болж явна” гээд бидэнд баярласан сэтгэгдлээ илэрхийлж байсан. Одоо энэ хүний уяаны эрдмийг зээ Буянтогтохын Баянтөр нь залгамжлан морь уяж байна Миний хувьд бас хадам эцгээ өөрийн уяаны эрдмийн багшаа хэмээн хүндэтгэж явдаг. Юм гэдэг сонин шүү. Би багадаа энэ айлын морийг унадаг байлаа. Бор мориноос бусдыг нь бүгдийг унасан даа. Авгайн эгчийн нэртнй халтар морийг аймагт хоёр удаа аман хүзүүдүүлж байсан. Мөн эхнэрийнхээ нэртэй Олонбаярын ягаан гэж саарал морийг дааганаас нь хойш хязаалан хүртэл нь унаж байлаа. Тэр саарал морь миний мэдэхийн аймагт хоёр түрүүлж, хоёр айрагдсан.Сүүлд Бавайбаатар гэж хүнд очоод бас нэг айрагдсан. Ер нь манай хадмын адуу хурдан л даа. 
-Ингэхэд танайханд морь уядаг хүн байв уу. Та хэд дэх үеийн уяач вэ?
-Манай өвөг эцэг Дагважанцан гэж хүн Долоон хошуу даншиг наадмын цолтой бөх. Намайг бага 13,14-тэй жаахан хүүхэд байхад нас барсан учраас сайн мэддэггүй юм. Ямар ч байсан их том биетэй, хөл муутай хүн байсан. Яагаад хөлгүй болчихсон юм бэ гээд нэг хүн асуусан “хаях ёсгүй бөхийг хаяад” гэж билээ. Миний ойлгосноор бол ноёны бөхийг хаячихсан юм уу даа. Манай өвөө их том биетэй хүн байсан. 1973 онд нас барахад нь агшаагаад тэмээнд ачааллахад хом шаттай л чацуу байсан юм шүү дээ. Дээр үеийн улс шагай их тоглодог. Өвөө 25,26-н шагай атгадаг хүн байсан. Мөн өвдгөө нугалаад суучихсан байхад нь би долоо, наймтай хүүхэд зүүгдэж тоглодог байсан гэхээр биерхүү хүн байгаа биз.
-Тийм байна. Өвөөг тань дуурайсан бие хаа сайтай барилдаж ноцолддог залуус байна уу?
-Би өөрөө гурван охинтой. Зээ нараас маань бөх төрөх болов уу гээд горьддог л юм. 
-Та өөрөө барилдаж байв уу?
-Дунд сургуульд байхдаа чөлөөт бөхөөр барилддаг л байсан. Талийгч улсын Заан Даваанямтай барилдаад тийм ч амархан даруулчихдаггүй л байлаа.Тэгээд техникумд яваад дахин барилдаагүй. Бөхийн спорт чинь хэцүү л дээ. Жаахан халширсан юм. 
-Хэдий үеэс морь уях болсон юм бэ?
-1995 оноос. Улсын Алдарт уяач Жамсрангаас авсан буурал мориороо аймгийн Алдарт уяач цолны болзол хангасан даа. Түүний дараа халтар азаргаараа наадлаа. Миний халтар азарга  аймагт гурав айрагдаж, суманд нэг түрүүлж, хоёр аман хүзүүдсэн. Угшил нь болохоор эх талаасаа манай хадам аавын адууных. Охинхоо өмчинд өгсөн хар гүүний төл. Эцэг нь аймгийн Алдарт уяач Сэнгийн Батмөнхийн халтар азарга. Дааганаас нь хойш уяаг нь олохгүй хайрлаад явсан байна лээ. Шүдлэн, хязаалан, соёолондоо ер эвлэхгүй байхаар нь махыг нь барж байгаад уралдуулсан явдаг байгаа. Азарганыхаа уяаг олохгүй иртэй үеийг нь ч мэдэхгүй аймагт айрагдаад, Халиун суманд хоёр аман хүзүүдээд, Тайшир суманд нэг түрүүлж, нэг дөрөвлөсөн. 
-Үр төлүүд нь бас уралдаж байгаа байлгүй?
-Халиун сумын уяач Гончиг гэж хүний шарга халзан үрээ аймагт даага, шүдлэндээ гайхуулж байсан. Тэрний ах сартай хар үрээ сумандаа бол айраг алддаггүй адуу. Халтар азарганы төлүүдээс өөрт байгаагаас илүү хүнд очсон нь  давхидаг.  Халтар азарга, буурал морь хоёрынхоо буянаар 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор аймгийн Алдарт уяач цол хүртсэн. 
-Говь-Алтай аймагт Засгийн Газрын тогтоолтой дөрвөн удаагийн бүсийн уралдаан болсон байгаа.  Та оролцсон уу?
-Энхбаяр гишүүний санаачлагаар зохион байгуулагдсан “Алтайн шигшмэл хурд” уралдаанд 16 настай халтар азаргаа 19-өөр давхиулсан. Миний халтар гараа муутай. Тэгээд хойноос нэхэж уралддаг адуу. Би ганц хүүтэй. Хүүгээ том болчихсон хойно мордуулаад гараатай болгох гэж байгаа нь энэ гээд хэсэг үзсэн, дэмий юм билээ. Адуу болгон өөр. Гараа сайтай адуу байхад араас нэхэж уралддаг нь ч байна. Тэр болгонд нь хүч тамирыг нь тохируулж уях хэрэгтэй юм билээ. 
-Уяач хүний гол эрдэм адуугаа мэдэрч, тохирсон ажлыг хийх. Сэтгэл зүйг нь хүртэл тооцох ёстой юм билээ?
-Тэгэлгүй яахав. Манай хадам аав бол их хатуу уяатай хүн байсан. Тэрэндээ ч тэгдэг байсан уу,  “Уяач хүн малыг алж чаддаг зүрхтэй байх хэрэгтэй” гэж ярьдагсан. Өөрөөр хэлбэл хайртай адуугаа ясанд нь тултал тураах  зоригтой байх хэрэгтэй гэсэн үг л дээ. Би ч гэсэн боддог юм. Морь уяна гэдэг хатуу сэтгэлтэй хүний ажил гэж. 
-Айхтар үг байна шүү?
-Нэг талаараа үнэн шүү дээ. Ахынх нь зорилго бол адуугаа сайжруулах. Тайшир сумын уяач Чилхаасүрэнгээр дамжуулан авсан Сүхбаатар аймгийн Асгат сумын өндөр Даваагийн  харлаг азарганд халтар азарганыхаа охин төлөөс хураалгасан. Нутгийн адууны цусыг сэлбэхгүй бол болохгүй байна. 
-Тэгэлгүй яахав. Та бас олон жил хурдан морины комисст ажилласан гэсэн байх аа?
-1997-2012 оныг хүртэл хурдан морины комисст ажиллаж шүдлэхээс эхлээд олон ажил хийж явлаа. Энэ он жилүүдээс хамгийн их сэтгэлд үлдсэн наадам бол 2000 оны аймгийн 60 жилийн ой. Хэд хэдэн аймгаас морьд ирж их өтгөн наадам болсон юм. Миний оролцож байсан дараагийн том наадам бол “Алтай аймгийн шигшмэл хурд-1” уралдаан байна. Уяачдын дунд хүлээлт үүсгэсэн нүсэр наадам болж байлаа.  
-Та Есөнбулаг сумын Наран багийнхаа талаар товч танилцуулаач?
-Дэлхийд ганцхан байдаг Хантайшир уулын үргэлжлэл Жонгийн нурууны ард нь гарч хаварждаг, зусдаг, өвөрт нь орж өвөлждөг малчин түмний үр сад билээ. Манай Наран багийн морьд мундаг давхиж байсан түүхтэй. Ажийн Очирхүүгийн хүрэн морь аймагт хоёр түрүүлж айрагдсан. Хадам аавынхаа бор морины тухай бол дээр хэлчихсэн. Өндөр ах Түвшин гэж хүний Ангир алаг, хар халтар зэрэг морьд мөн аймагт айрагдаж байсан гэдэг. Хөгшчүүл Хөх нуураа тойрч төрсөн адуу хурдан гэлцдэг юм. Өнөөдрийг хүртэл Нарангийн хурд тасрахгүй байгааг би тэр үгтэй холбож ойлгодог. 
-Говь-Алтай аймаг жороо морьдоороо алдартай. Наран багийн хувьд...?
-Мундаг жороо морьд байсаан байсан. Намайг морь унаж байхад Батсайханы жороо саарал гэж мундаг морь байлаа. Сүүлдээ бараа баазын Жаргал гэж хүн аваад аймагт хэд хэдэн удаа түрүүлгэсэн. Гэхдээ манай баг жороотой ч жороо морины өлгий болсон Цээлийг яаж гүйцэхэв. 
-Бидний ярилцлага энэ хүрээд жаргаж байна. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-2005 оны наадам их дурсгалтай сайхан санагддаг юм. Халтар азарга айргийн таваар ирээд хөлсийг нь хусаж байтал аймгийн уяачдын холбооны дарга Гомбожав гуай ирээд “за миний хүү баяр хүргэе. Чи өнөөдөр халтар азаргаа түрүүлсэн гэж бодоорой” гэж хэлээд үнсчихээд яваад өгсөн. Сүүлд нь Гомбожав гуайгаас яагаад тэгснийг нь асуусан “урд талын дөрвөн азарга нь зүүн зүгийн адуунууд байсан. Айрагт ганц багтсан нутгийн адуу нь чиний халтар” гэж байсан. Тэр үг одоо ч миний санаанаас гардаггүй. Сэтгэлд өег байдаг. Хүнд сайхан үгийг харамгүй хэлж байх хэрэгтэй юм шүү.
-Санал нэг байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай. 

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна