СУМЫН АЛДАРТ УЯАЧ Ж.ГАНЗОРИГ: Хар мориороо ОЛОН ЖИЛ САЙХАН НААДСАН

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 07 -нд

Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул, Хуримт багийн харьяат, сумын Алдарт уяач Жадамбын Ганзоригийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1976 онд төрсөн тэрээр ММСУХ-ны 20 жилийнойн медалиар шагнагдаж байжээ.

-Сая та “Миний аав аймгийн Алдарт уяач Жадамба” гэж хэлсэн. Үүнээс үзвэл та хоёр дахь үеийн уяач юм байна. Ааваас тань дээш үеийнхэн морь уяж байсан уу?
-Аавын нагац ах Даваасамбуу гэж хүн 1930 оны үед морь уяж байсан гэдэг.
-Та аавынхаа талаар танилцуулаач?
-Манай аав 1941 онд төрсөн хүний ганц хүү. Тэгээд дөрөвдүгээр ангиа төгсөөд л хөдөө амьдарч мал маллаж эхэлсэн. Түүнээс хойш бурхан болтлоо жолооч хийхийн зэрэгцээ мал малласан даа. Цэргээс ирээд долдугаар баазад жолоочоор ажиллаж эхэлсэн байдаг юм. Харин 1990-ээд оноос морь уяж эхэлсэн. 
-Анх ямар нас, зүсний морь уяж байсан юм болоо? Аавын тань нэрийг олонтаа гаргасан ямар хурдан хүлгүүд байв?
-Манай аавд нагац ах нь нэг хүрэн гүү өгсөн гэдэг. Тэр гүүний төл болох шарга халзан гүүнээс манайх олон шарга алаг адуутай болсон. Аав 1992 оны аймгийн наадамд шүдлэн халтар үрээ дөрвөөр давхиулж анхны айргаа авсан байдаг. Түүнээс хойш  морь уяж айраг, түрүү авч эхэлсэн дээ.
-Аймгийн Алдарт уяач хүн чинь тодорхой болзол хангасан байж таараа. Аймгийн баяр наадамдаа ямар амжилт үзүүлж байсан юм бол?
-1992 онд шүдлэн үрээгээ дөрвөөр давхиулснаас хойш ойр хавийн сумд болон Завхан аймгийн Цагаанчулуут, Шилүүстэйгээр наадаж олон ч айраг, түрүү авсан. Тухайн үед манай сум аймагтайгаа хамтдаа наадмаа тэмдэглэдэг байсан. 1999 оны аймгийн наадамд хээр морь гуравт давхиснаас гадна Отгонтэнгэр хайрханы тахилгад түрүүлсэн. Хээр морины эцэг нь манай Хуримт багийн адуу. Эх тал нь Завханы унаган алаг гүү байсан. 
-Хээр морь 1999 оны Отгонтэнгэрийн тахилгад түрүүлснээс хойш өөр ямар амжилт гаргасан бэ?
-Түүнээс хойш сумын наадмаас олон айраг, түрүү авсан. 2008 онд 18 нас хүрч  зодог тайлсан. Эцэг нь манай Хуримт талын азарга юм. Хээр морь 1992 оноос хойш сумдаас хэд, хэдэн айраг, түрүү авсан. 1999 онд бүдүүрээд бас нэг айраг авсан. Хээр морь Завхан аймагт нэг түрүүлж, Алтайнхаа наадамд хоёр айрагдсан. Сумын наадамд таван түрүү, есөн айрагтай. 
-Хээр морийг залгаж ямар хурдан морьд гарсан бэ?
-Түүний дараа өөрийнхөө адуунаас алаг азарга тавьсан. Тэрний төл сумдад олон түрүүлсэн. Мөн шарга алаг маань аймгийн наадамд түрүүлсэн. Алаг морь минь ч аман хүзүүдсэн. 2001 онд хээр алаг морь дөрөвт ирсэн бол 1996 онд хязаалан шар хээр үрээ аман хүзүүдсэн дээ.
-Ер нь аав тань аймгийн баяр наадмаас хичнээн түрүү, айрагтай вэ?
-Хоёр шүдлэн, нэг соёолон түрүүлүүлсэн. Зургаан айрагтай. 
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?
-1999 онд.
-Дандаа нутгийн адуугаар наадаж байсан юм байна?
-Тийм.
-Өөрийн чинь хувьд хэзээнээс эхэлж морь мал уясан бэ. Морь уясанаас хойшхи амжилтаа дурдвал?
-Аавыгаа дагаж морь уяж явсаар 2012 он хүргэсэн. Аав минь 2012 онд бурхан болсноос хойш бие дааж морь уяад эхэлсэн гэх үү дээ. Түүнээс хойш олон сумдаар явж олон айраг, түрүү авсан. Тэгээд сумын алдарт уяач болсон доо. 2013 онд Цагаанчулуутын сургуулийн ойд миний хар морь гурваар давхисан. 2014 онд Шилүүстэйд нэг түрүү, нэг айраг авсан. Мөн сумынхаа баяр наадмаас нэг түрүүтэй. Зөвхөн хар мориороо л энэ амжилтыг гаргасан. 
-Хоёр түрүү, хоёр айргаар сумын Алдарт уяач цол хүртсэн юм уу?
-Аавтай хамт морь уяж явах үеийн олон амжилт байгаа. Хар морь маань 2007, 2008 онд сумын наадамд түрүүлж байсан. Мөн 2008 онд Шилүүстэйн сургуулийн ойд аман хүзүүдсэн.
-Хар морины эцэг нь ямар азарга байв?
-Аймгийн наадамд түрүүлсэн манай өөрийн унаган алаг азарганы удам угшилтай. Би хар морио 2006 оноос хойш буюу дааганаас нь уясан. Даагандаа сумын наадамд зургаагаар давхисан. 
-Танд баярлалаа. Морь уях ажилд нь амжилт хүсье.    

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна