Аймгийн Алдарт уяач Д.Тугбаатар: Цогтод унаган адуугаараа нааддаг хоёр уяачийн нэг нь би

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 07 -нд

Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул, Төгрөг багийн харьяат, аймгийн Алдарт уяач Т.Тугбаатарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1958 онд төрсөн тэрээр ҮХЯ-ны Тэргүүний ажилтан, аймгийн сайн малчин, сумын сайн малчин, Шинэ зууны шилдэг ямаачин, АХ-ын 80, 90 жилийн ойн медалиар шагнагдаж байжээ.

-Таны өвөг дээдэст морь мал уядаг хүн байсан уу? Өвөг, дээдсийнхээ талаар                 танилцуулаач?                                                                                                                           
-Би өвгөдөөсөө удам залгасан уяач хүн. Миний аав наадмаас үргэлж айраг, түрүү авдаг уяач хүн байсан. Хатиртай морь их уядаг байсан даа. Манай дүү сургуулийн захирал бас сумын Алдарт уяач Баянмөнх гэдэг хүн. Ааваасаа дээшхи үеийг морь уядаг байсан эсэхийг мэдэхгүй. 
-Аав тань хатиртай морьдтой байв уу?
-Цагаан шилт хээр гэж морьтой байсан. Сумын наадамд олон жил түрүүлж, айрагдсан. 
-Та аавынхаа уясан морьдыг унадаг байв уу?
-Би 12 настайгаасаа морь унаж эхэлсэн. Харьцангуй том хүүхэд морь унасан байгаа биз. Тэгээд 4 жил унаад л больчихсон юм. Аавын дүү Мижиддоржийн хурдан морьдыг унаж үргэлж айрагддаг байсан даа.
-Харин хэдий үеэс хурдан морины уяа сойлгыг тааруулж эхэлсэн юм бэ?
-Цэрэгт явж ирснээсээ хойш буюу 1981 оноос хойш морь уяж байгаа. Цэргээс ирээд өөрийн унаган ягаан морио уяад тэр жилээ дөрвөөр давхиулсан. Тэндээс урам аваад моринд хорхойтой болсон доо. Аав маань надад хоёр морь худалдаж авч өгсөн. Мунангийн цавьдар гэж морийг Халиун сумаас авч өгсөн бол Бигэрийн Базарсадын хээр гэж морийг бас авч өгсөн. 1984 онд аавынхаа авч өгсөн Мунангийн цавьдар морио айргийн таваар давхиулж байлаа. Түүнээс хойш аймгийн Алдарт уяач болтлоо би унаган мориор наадсан. Би гурван халтар, хоёр хээр морь уядаг юм. Сүүлийн жилүүдэд үргэлж унаган мориор л наадаж байгаа. Их насны морийг нэг жилд хоёр ч айрагдуулж байсан. Энэ бол миний гаргасан хамгийн дээд амжилт. 
-Таны уяж байсан морьдоос онцгой буюу давамгай амжилт үзүүлсэн хоёр эсвэл гурван морийг сонгоод илүү дэлгэрүүлж яриач?
-Миний халтар морь л хамгийн их олон амжилт гаргасан. Бага насандаа түрүү алдаагүй морь л доо. Гурван түрүү, хоёр айрагтай. Миний унаган морь юм. Даага, шүдлэндээ түрүүлж, хязааландаа аман хүзүүдэж, соёолондоо түрүүлсэн. Нийлсэн жилээ гуравт давхисан. Түүнээс хойш зургаа болон есөөр тус, тус давхиж байсан.  
-Харьцангуй залуу морь байна. Түүнээс хойш амжилт үзүүлээгүй юм уу, эсвэл уралдахаа больчихсон юм уу?
-Хүүхэдгүй болохоор хоёр жил уралдуулаагүй. Тэрний дүү халтар нь бага насандаа нэлээн сайн давхисан. Хязааландаа түрүүлж, бусад насандаа айрагдсан. Ахыгаа гуравт давхисан жил дөрөвлөсөн. Ах нь гурван халтар морьтой. Нөгөө халтар нь даага, шүдлэн, хязаалан, соёолон хүртлээ дөрөв айрагдсан. Түүнээс хойш аймгийн баруун бүсийн наадамд есөөр орсон. Тэгээд л уралдуулаагүй. Одоо надад их насны хоёр морь байна. Морь уядаг хүнд нэг хэцүү асуудал байна. Тэр бол унаач хүүхдийн асуудал. Ач, зээ нар жаахан байдаг. Нэг нь дөрөв, нөгөө нь зургаан нас хүрч байгаа юм. Би ач хүүдээ “Өвөө нь хүүгээ найман нас  хүрэхээр нь морь унуулна” гээд л байгаа. Манай хүү “өвөө би хэзээ морь унах уу” гээд л байнга асуудаг юм. 
-Уг нь моринд гайгүй юу?
-Хонины морь унаад намайг дагаад айл саахалтаар явдаг л юм. Нэг морь унуулаад давхиулсан чинь “Нүд харахаа больж байна” гэж хэлсэн гэдэг. Тэгэхэд нүдэнд нь нулимс гүйлгэнэчихсэн байсан гэсэн. Хурдтай морь бол нүднээс нулимс унатал давхидаг шүү дээ. Их насны морийг хятад мотоцикль гүйцдэггүй. Гурван дугуйт 70 км цаг хурдалдаг болохоороо дөнгөж шүргэдэг шүү дээ.
-Та сумын баяр наадмаас хэдэн айраг, түрүүтэй вэ?
-Ах нь сумын айраг, түрүүгээ тоолж үзээгүй. Бэсрэг жижиг наадмаас авснаа оролцуулаад 38 медальтай юм байна лээ.
-Хэдэн онд аймаг, сумын Алдарт уяач цол хүртсэн юм бэ?
-Сумын Алдарт уяач цолыг 2010 онд авсан. Харин аймгийн Алдарт уяачийг өнгөрсөн жил буюу 2015 онд авсан. 
-Аймгийн статустай наадамд морь айрагдуулаагүй ч сумын амжилтаараа аймгийн Алдарт уяач цолыг авсан юм байна.  Тийм үү?
-Тэгсэн. Суманд олон жил морио уралдуулж амжилт гаргасан гэдэг утгаараа авсан.  Тэгээд бүсийн уралдаанд хоёр оролцож, морь цулбуурт оруулсан гэж өгч байсан.
-Аймгийн баяр наадамд оролцож үзээгүй юу?
-Аймгийн баяр наадамд 2014 онд оролцсон. Морь 16-гаар орсон амжилттай.  
-Өөр айраг, түрүү авч арвин амжилттай наадсан он жилүүдээ дурсвал?
-2013 онд соёолон түрүүлүүлж, хязаалан гуравлуулж, шүдлэн дөрвөөр давхиулж байсан. Нэг дор гаргасан амжилт гэвэл энэ байна. Нэг хэсэг ах, дүү хоёр халтар морь бол дарааллаад л ороод ирдэг байлаа. Харин сүүлийн хоёр жил морь айрагдуулж чадсангүй. Нэг хүү маань Алтай сум руу явчихсан. Харин нөгөө хүү маань энэ жил цэрэгт явсан болохоор хүн бүл цөөдөөд морио уяж чадахгүй юм. Самгантайгаа хоёулаа үхэр, ямаагаа саах гэж явсаар зарим өдөр морьдоо үсэргэлгүй өнжчихдөг. Хүүхэд олдохгүй. Хүүхэд хайж яваад ирэхэд л гурав, дөрвөн цаг болчихдог. Хүмүүс адуугаа дөрвөн цагаас хойш үсэргэхгүй ээ гэдэг. Тэгээд мориныхоо хөлс, хүчийг алсаас нь сайхан живхрүүлж биеийг нь хөнгөлж чадахгүй л байх шиг. Энэ жил хүү цэргээс ирсэн. Ирэх жилээс хамтраад хоёр халтраа уяна даа.  
-Уяачидтай уулзаад явахад гайгүй сайн давхиж байгаа адуунуудаа зүүн зүгийнх гэж ярих юм?
-Би бол үргэлж унаган адуугаар нааддаг. Сумын уяачдын холбооны тэргүүн “Та өөрийн унаган морьдоо зүүн зүгээс ирсэн адуунуудтай уралдуулж амжилт гаргасан болохоор чинь аймгийн Алдартад тодорхойлсон юм” гэж ярьдаг.  Манай энд зүүн талын адуу их байна. Надаас өөр унаган адуугаараа уралдаж байгаа нэг л залуу байна. Бусад нь зүүн талын адуугаар л уралддаг.
-Нутгийн адуу зүүн зүгийн адуутай уралдахад гайгүй байна уу?
-Уяа сайн таарвал өмнө нь ирнэ үү гэхээс биш ард нь ирэхгүй. Манай эндхийн газар хатуу, чулуу ихтэй. Гэхдээ уралддаг газар нь их гоё торго шиг л замтай. Бусад сумдынхан ирээд дуу алддаг юм. Аймгаас эхлээд олон сум их чулуутай, хэцүү газарт морио уралдуулдаг шүү дээ. 
-Та нэгдлийн үед ямар алба хашиж байв?
-1991 оноос хөдөө гарсан юм. Цэргээс ирээд найман жил худалдаа бэлтгэл ангид ажилласан. Эхлээд манаач, дараа нь чанар шалгагч, нярав, агент гээд хийсэн дээ. Агент болоод л хөдөө гарсан. Түүнээс хойш 25 жил мал хариулж байна. 
-Сум, аймгийн Сайн малчин болж байсан юм байна?
-2010 онд сумын Сайн малчин болсон. Одоо таван хошуу мал өсгөж байна. Манай сумын удирдлагууд “Та олон жил мал хариулж байгаа учраас аймгийн Сайн малчинд тодорхойлж байна” гэж тодорхойлсон. Болзлыг нь ч хангасан байна гэсэн л дээ. Тэгээд өнгөрсөн жил аймгийн Сайн малчин болсон. 
-Малын тоо толгой хэд хүрч байна вэ?
-Одоо 1100 гаруй малтай байна. 
-Ямаа нь олон юм шиг байна. Тийм үү? Шинэ зууны шилдэг ямаачин гэхээр?
-Тийм. 700 гаруй ямаатай. 300 орчим хоньтой. Тэгээд 100 гаруй бод байгаа даа. 
-Хэдэн айл малжуулсан бэ?
-Зургаан айл малжуулсан. Заримыг нь цалинжуулсан. Айлуудадаа 50, 40 хамгийн багадаа 25 төл өгөөд малжуулдаг. 
-Таны малжуулсан айлууд одоо мал хуйгаа өсгөж үржүүлээд өөрсдөө бие даах чадвартай болсон уу?
-Хоёр нь малтай болчихсон. Одоо 200, 300 орчим малтай улсууд байна. Цэргээс ирсэн хүү мал хариулахгүй юм шиг байна. Тэгэхээр би өөрөө тэтгэврийн нас хүртлээ гурван жил малаа хариулаад зүтгээд үзье л гэж бодож байна. Төрөөс малчдын тэтгэврийн насыг таван насаар наашлуулсанаар эрэгтэйчүүд 60 нас хүрч тэтгэвэрт гарна. Тэгэхээр тэнгэр хангай нь ивээвэл зүтгээд л үзье. 
-Сүүлийн жилүүдэд газрын гарц хэр байв?
-Сүүлийн гурван жил сайхан байлаа. Зундаа бороо хур сайн орсноор манай эндхийн газар хангай шиг болсон байгаа. Манай нутагт бол газрын гарц сайхан. Одоо харин цас л ойрхон байх шиг байна.
-Таны үед энэ нутагт морь сайхан уяж хурдлуулж байсан ямар сайн уяачид байв? Та өөрийнхөө үеийн гайгүй сайн уяачдыг дурдаач?
-Яг миний үеийн сайн уяачид гэвэл санаанд орж ирэхгүй байна. Ер нь ховорхон байх шүү. Харин залуус 2000 оноос хойш моринд их хорхойсон уяж байна. Манай нутгийн залуус бол өөрийн биш өөр мөнгөтэй хүмүүсийн морийг уяад уралдуулж байгаа. Бизнес эрхлэгч нар энд, тэндээс үнэтэй адуу худалдаж авч ирээд нутгийн залуусаар уяулж л байна.  
-Таны үеийн болоод танаас дээдэх үе гэвэл?
-Надаас дээш гэвэл аймгийн Алдарт уяач Сандагдорж, Лодонгийн Ганхуяг, Гавилын Отгонтооройд гэж хүн бий.  Энэ хүмүүс морийг сайхан уяж байсан. Эднийг залгаад залуус орж ирж байгаа. 
-Та хэдэн хүүхэдтэй юм. Хүүхдүүд морь маланд хэр байна?
-Ах нь таван хүүхэдтэй. Хоёр охин, гурван хүүтэй. Гурав нь тусдаа айл болоод гарчихсан. Одоо хоёр хүү дэргэд минь байна. Манай нэг хүү морь, тэмээг сайн уяна. 
-Хүү тань бас унаган адуугаараа л наадах уу?
-Тэгнэ. Манайх адуу худалдаж авдаггүй. Ах нь өнгөрсөн жил нэг азарга худалдаж авсныг эс тооцвол өөр адуу байхгүй. 
-Хамгийн сайхан наадмын дурсамжаар хоёулаа ярилцлагаа өндөрлөх үү.
-2013 оны наадам ахад нь хамгийн сайхан дурсамж үлдээсэн. Зургаан насны морь уяснаас нэг морь түрүүлүүлж, гурван адуу айрагдуулсан. Соёолон түрүүлж, хязаалан, шүдлэн, даага дөрвөөр давхиулсан. Тэр хамгийн гоё наадам байсан.
-Ийм сайхан бахдалтай, уяач хүний магнай тэнийлгэсэн наадмууд олон байх болтугай гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе. Мэдээж адууны цусаа сэлбэх ёстой. Гэхдээ нутгийн адуу бол эндхийн чандмань эрдэнэ юм. Тэгэхээр нутгийнхаа адууг хайрлаж хамгаалж өсөн үржүүлж байгаа танд бас баяр хүргээд цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.
-За баярлалаа. Танай байгууллагын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Улаан залаатай малгайтай уяачдаас илүү их ярилцлага авч, улс, аймагт болж байгаа наадмын амжилтыг ард түмэнд хүргэн сурталчилж явдаг та бүхэнд ч гэсэн ах нь баярладаг юм. Адууны босоо цагаан хийморь та биднийг ивээх болтугай гэж ерөөе.
-За баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна