АХМАД УЯАЧ А.ЖАНЦАН: ГАНЦ ЦАГААН МОРЬ УЯАД, ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН ТҮРҮҮ АВЧ БАЙЛАА

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 02 -нд

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн харьяат, ахмад уяач Амалжийн Жанцан гуайтай ярилцсанаа хүргэж байна. 1921 онд Сондуулт багийн Далан ээвийн аралын эх хэмээх газар айлын долоо дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр АХ-ын 50,60, 80 жилийн ойн медалиар шагнагдаж байжээ.

-Бага насны дурсамжаар тань яриагаа эхэлье?
-Би аавыгаа мэддэггүй юм. Ээж маань хэдэн хүүхдээ өсгөх гэж өвөл, зун, хүйтэн, халуун гэхгүй л хэдэн малтайгаа ноцолддог байлаа. Тариа тарина. Гэвч бас тариа тарих газар нь олдоход бэрх. Манай нагац Шунлай гэдэг хүн ээжид жаахан газар гаргаж өгөөд, түүнийг нь манай ах нар засаж янзлаад тариа тарих газартай болсон. Тариа тариад, тариагаа мал хуйгаар сольдог байлаа. Гэвч ерөнхийдөө зээрийн махаар л амьдардаг байлаа. 
-Аав тань лам хүн байсан гэдэг биз дээ?
-Тийм. Тэр тухай хамаагүй ярьж болохгүй.  
-Та эхээс хэдүүлээ вэ. Багадаа хийдэд шавилж байсан гэж сонссон. Хэдэн настайдаа шавилж байв?
-Би эхээс арвуулаа. Морины нуруун дээр дөнгөж суудаг болмогцоо л хийдэд шавилж, хэнгэрэг цохиж, балин авдаг байсан юм.
-Ганц, хоёр ном уншиж сурсан биз дээ?
-Тийм ээ. “Сана лай жүсэн жав, Сана лай жүсэн жав” гээд л эхэлж байсан. Одоо ч хүмүүс янз бүрээр л уншдаг болж дээ.
-Хийдэд хэр удаан шавилсан юм бэ?
-Удалгүй хар болж санаа амарсан. Ном заалгах ч их хэцүү шүү дээ. 
-Та бичиг үсэг хэрхэн тайлагдсан бэ?
-Шинэ үсгийн багш Магсарын бүлгэмд сууж, шинэ үсэг заалгасан боловч заримыг нь хоолтойгоо холиод идчихсэн. Нэг бүлгэмд найм, есөн хүн суудаг байлаа. Сүүлдээ ч би гэрээ санаад, хоёр гутлаа тайлж сугавчилчихаад хөл нүцгэн харьж байлаа.
-Та нэгдэл нийгмийн үед ямар ажил алба эрхэлж байв?
-Багадаа аминыхаа үхэр хариулдаг байлаа. Үхрээр анжис чирээд газар хагалж, үхрээ унаж малаа хариулдаг байсан. Нэгдлийн үед бол “Говийн хөгжил” нэгдэлд олон жил хонь хариулсан. Бас тэмээн жин тээж Хатгал руу нэлээд хэд явсан. Мөнгө олохын тулд айлд их зарагдана. Хатгал руу явбал 40-60 мөнгө өгдөг байсан юм. Хавар, намар гээд жилд хоёр удаа явдаг байлаа.
-Тэр үед ямар бараа тэмээн жингээр зөөдөг байсан бэ?
-Манай нутаг тэмээ олонтой. Тэмээ хомноод эндээс Хөвсгөлийн Хатгал руу түүхий эдээ авч явдаг байсан. Нэг тэмээнд гурван сав гурил ачна. Нэг сав гурил нь 70 кг. Хоёр сав гурилаа хоёр талд нь, нэгийг нь голд нь тэгнэх маягаар хүнсний бүтээгдэхүүнүүд тээвэрлэдэг байлаа. Энэ мэтээр арав гаруй жил явсан даа. Амьдрахын тулд хүний хий гэсэн бүхнийг л хийдэг байлаа шүү дээ.
-Жин тээсэн хүний бие хаа сайхан задардаг гэдэг. Залуудаа хэр бяртай байв. Барилдаж байсан уу?
-Барилдаад сүйд болоогүй ээ.
-Хэдэн жил нэгдлийн хонь хариулсан бэ, та?
-Шарга сумын эм хонийг таван жил хариулсан. Залгуулаад 30-аад жил хонь хариулсан. Шарга сумын захиргаанаас надад 50 жилийн медаль өгсөн. “Чи овоо л юм хийлээ. Их л өгмөөр байх юм, даанч болж өгөхгүй байна аа” л гэж байсан.  
-Хэдэн оны үеэс морь уяж эхэлсэн бэ?
-1956, 1957 оноос хойш морь уясан. 
-Таны уясан морьдоос хамгийн сайн давхиж байсан нь ямар, ямар адуу байв?
-Би ганцхан цагаан морьтой байсан юм. Цагаан морь маань Хасагт суманд түрүүлсэн. Мөн Овоот суманд 25 морь очих үед миний цагаан морь туранхай байсан юм. Хүмүүс их туранхай юм гэж байсан ч түрүүлээд л ирсэн. Араас нь сумын дарга Довдонгийн цагаан, Бадарч аадъяагийн цэхэр халзан хүрэн, түүний араас манай бригадын Чонон зээрд, “Хамтын хүч” багийн Дансрангийн хээртэй хамт ирж байлаа.
-Таны цагаан морь гурван жил дарааллан түрүүлсэн гэсэн байх аа?
-Тийм, дараа нь аймаг болон сумын баяр наадамд дарааллан гурван жил түрүүлсэн.
-Хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Тэр манай бригадын Аюуш ахаас манай ах Ванчиг бор даагаар сольж авсан юм. Бор даага маань сайхан цагаан гүү болоод, хэд хэдэн унага төрүүлсэн л дээ.
Манай ах бас их янзын хүн байсан юм. Сүүлдээ өөрөө дур мэдэж наймаа хийдэг болсон. Аюушжав гэдэг хүнээс охин борлог даага аваад, түүнээс гарсан морьд нь нэлээд давхиж байсан. 
-Цагаан морь уралдах хугацаандаа нийт хэдэн айраг, түрүү авсан бэ?
-1958 онд Хасагт сумын наадамд түрүүлж, хойтон жил нь Овоот сум, дараа жил нь Шарга сумандаа түрүүлсэн. Түүнээс хойш өнжөөд л үсэргэдэг байлаа. Дунд хавьд явж байгаад барианд дөхөж ирээд нэг, хоёроор нь барж ахиад л байдаг байсан. Ах маань цагаан морийг унаад, үнэг хөөж алдаг байлаа.
-Таныг Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор аймгийн төвд морьтойгоо хамт уригдаж очсон гэлцэх юм. Үнэн үү?
-Би цагаан морио хөдөө өгөөд явуулчихсан чинь нэлээн таргалчихсан байсан. Манай Сод ахын Согоо хээр их сайн морь байсан юм. Тэгээд тэр хоёрыг авч очоод, аймагт уралдуулахад миний цагаан морины мах нь чангадаад наймаар л ирсэн.
-Та цагаанаас өөр морь уяагүй юм уу?
-Тийм. Манай ах нарын даага, соёолон л зөндөө уягдаж байсан. 
-Таны хүүхдүүд морь уядаг уу?
-Ах нь есөн хүүхэдтэй. Давааням л уясан. Одоо ч хөдөө мал маллаж байгаа. Ууган хүү бас хэсэгхэн зуур уяж байсан. 
-Та сумынхаа хамгийн өндөр настан уу?
-Тийм.
-Сар шинэ, баяр ёслолоор танайд олон хүн ирдэг үү?
-Ирнэ, ирнэ. Хөлөө өвдтөл л олон хүнтэй золгодог юм.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна